МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэл: Манлай саарал азарга маань харамлахаас аргагүй хурдан ажнай

Тэлмэн
2014 оны 6-р сарын 09 -нд

Айргаараа алдартай Булган нутгийн ууган Манлай энэ удаагийн маань зочны хойморт уригдлаа. Булган аймгийн Могод сумын уугуул Цэгмидийн Цэнгэлийг морь сонирхогч монгол түмэн минь домогт саарал азарга, алдарт хээр морины  эзэн гэдгээр нь андахгүй мэдэх биз ээ. Төр түшилцэж, түмэн олноо төлөөлж явсан энэ эрхмийг сэтгүүлийнхээ зочны хойморт урьж, хууч дэлгэлээ. Та бүхэн минь таалан соёрхоно уу.
-Манлайн аав нутаг хошуундаа “Шонхор” Цэгмид гэж алдаршсан барилддаг, уралддаг хүн байсан гэх юм билээ. Тэр хүний дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо? 
-Миний аав нутаг нугынхандаа “Шонхор” Цэгмид гэж алдаршсан адуунд иртэй, гартаа дүйтэй сайхан монгол эр байсан. “Шонхор” хэмээн нэрийдэх болсон нь аав Говь-Алтай аймгийн Тонхил суманд таван жилийн цэргийн алба хааж байхдаа цэргүүдийн барилдаанд түрүүлж авсан цол нь юм билээ. Тэр цагаас нутаг нугынхан нь “Шонхор” Цэгмид гэж дуудах болсон гэдэг. Аав маань нутаг орондоо нэр хүндтэй, бариач, уран дархан хүн байсан. Модоор монгол гэр, тавилга хийхээс гадна төмөр эдлэлийг гагнаж засдаг. Айлын домбо хагарч цуурчихлаа гэхэд аав түүнийг нь гагначихдаг. Дээр нь төвд, монгол хэл бичигт гаргуун. Түүгээр ч зогсохгүй тэр үед гарч байсан Жуль Верн гэх мэт классик зохиолуудыг их уншдаг. Номноос салдаггүй, киноноос уйддаггүй хүн байсан гэдэг. Ээж маань ярьдаг юм. “Аав чинь нэг киногоо 30 дахин үзээд уйддаггүй хүн шүү дээ” гэж.
-Нэг кино тэгж олон гарах уу?
-Сумын төвийн клубт нэг кино нь нэг сар гардаг байсан юм байгаа биз дээ. Тэр болгонд аав уйдахгүй дахин дахин үздэг байсан гэнэ лээ. Бас болоогүй адуунд их эрэмгий. Нэгдлийн адуу хариулж байсан шүү дээ.
-Барилдана, уралдана, урлана, уншина гээд юм юмны захтай хүн байж дээ?
-Тийм шүү. Хатуу цагийн эрхээр хэлмэгдэх шахсан хүн.Түүнээсээ болоод үг хэлээ цэнэдэг болсон байх л даа.
-Хэлсэн үгнээсээ болоод хэлмэгдэж байсан гэж үү?
-Аавын аав Сэрээтэр гэдэг нь тайж хүн байж л дээ. Тэгээд цэрэгт байхдаа хамт алба хааж байсан найздаа түүнийгээ санаандгүй хэлчихэж. Тэгсэн нэг өдөр “феодал, ноёд лам нарыг илчилсэн хүмүүст нэг сарын чөлөө өгнө” гэсэн шийдвэр гарч, нөгөө найз нь хэлчихсэн юм билээ. Тэгээд аавыг Дотоод яамнаас дуудаж, Тонхилоос сар шахуу явж хотод ирээд хоёр жил шахуу ирэн очин байцаагдсан гэдэг юм.
-Эд хөрөнгийг нь хураахаас эхлээд ар гэрийнхэнд нь хүртэл халгаатай байсан гэлцдэг?
-Сүйд болохоор юм байгаагүй байхаа. Эцэг нь багад нь өнгөрсөн юм билээ. Миний аав хоёр гараараа л хоолоо олж иддэг байсан хүн. Хүнээс гуйж үзээгүй. Гуйх ч шаардлага байгаагүй байх. Хэт хутга хийгээд гүүнээс өгчихнө. Гэр хийгээд тугалтай үнээнээс өгчихнө. Ер нь зүгээр суудаггүй хүн байсан. Намайг гуравдугаар ангид байхад манайх хотод ирж, аав маань алх дөш нийлүүлээд хэдэн хүүхдээ талх, цувдайгаар тасалдаггүй байсан. Ямар сайндаа л невдинка буюу эмэгтэй хүний үсний хатгуурыг гараар хийж байхав. Төмрөөр невдинка хийж, хар лакаар будаад Арслантай гүүрэн дээр зардаг. Зараад л мөнгө нь 25, 50 болонгуут цагдаа ирж бариад мөнгийг нь хураачихдаг. Наймаа хийлгэдэггүй байсан үе шүү дээ. Тэгэхдээ л хөөрхий минь, ямар ч байсан талх, цувдайныхаа мөнгийг олоод л байдаг байсан.
-Аавын тань урласан бүтээлүүдээс хадгалагдаж  үзсэн нь цөөнгүй биз?
-Байлгүй яахав. Манай нутгаар бол зөндөө. Хэт хутга, авдар сав, данх, гэр гээд л. Нутагтаа очихоор “аавын чинь хийсэн зуух, аавын чинь хийсэн гэр” гээд л зааж байдаг юм. Хазаарын амгаа хүртэл үзүүлнэ гээч.
-Ингэхэд та эцэг эхээсээ хэдүүлээ юм бэ?
-Манай ээж 14 хүүхэд гаргаснаас долоо нь хүн болж, хэдэн жилийн өмнө хамгийн том ах маань бурхан болсон. Одоо зургаа нь байна.
-Манлай багаасаа адуу малд эрэмгий, моринд алхаа оруулдаг хүүхэд байсан гэдэг. Адуу эдлэх тэрхүү соёлыг ааваасаа өвлөж авсан уу?
-Аав цэргээс ирэнгүүтээ нэг хэсэг сургуулийн комендант, багийн дарга хийж байгаад удалгүй нэгдлийн адуу авч маллах болсон гэдэг. Намайг багад манайх нэгдлийн олон гүү барьдаг,  нэгдлийн айраг хийдэг айл байлаа. Гүүтэй айлын хүүхэд яахав, сургуульд ороогүй  байхаасаа л унагатай ноцолдож, өглөө нар мандмагц адуундаа давхидаг. Өдөржин унага татаад, орой адуу залах гэдэг “мундаг” албыг хашдаг байлаа. Адуу хэрхэн залахаас маргааш өглөө эрт гүүгээ барих эсэх нь шалтгаална шүү дээ. Тиймээс зөв зүгт нь зөөлөн тууж гаргах хэрэгтэй болно. Адуугаа гаргачихаад орж ирээд айргаа бүлнэ. Ингэж  хар багаасаа адуутай ноцолдсон хүн чинь моринд сайн байлгүй яахав. Бурхан болооч том ах маань бас адуунд их эрэмгий. Морь сайхан уургалдаг. Хурдан морь уядаг хүн байсан.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Уяна аа. Хурдан хар, хээр морьдтой байсан. Би нэг удаа уясан морийг нь унаж сумынхаа наадамд айрагдаж байлаа. Аавын уясан морьд сонгуулийн болон багийн өдөрлөгт дандаа л түрүүлдэг байсан. Морин алхаа оруулахын тухайд манай нутагт Балдангончиг гэж мундаг хүн байлаа. Бүр илт моринд явдал оруулдаг. Хэлтгий суугаад л, дөрөө жийгээд л. Тэрийг нь дуурайгаад адуунд ганцаараа явж байхдаа унаж яваа мориныхоо амыг халааж байгаад алхаа оруулах дасгал хийнэ шүү дээ /инээв/. Тэгсээр байгаад би чинь арваад үрээнд сайвар, жороо, хатираа, арилжаа оруулчихсан. Тэр хавийнхаа айлуудын адуу энд тэнд харагдвал гэр лүү нь дөхүүлчихдэг байсан болохоор намайг “Малч удамтай, ёстой сайн малчин хүүхэд гарлаа” гээд л магтана. Түүнд нь хөөрөөд хүмүүс “том болоод чи ямар хүн болох вэ” гэхээр “мянган адуу хураачихаад уулын орой дээр гарч том гаанстай тамхи татангаа хараад сууж байна” гэж хэлээд инээлгэдэг байсан. Нөгөө мянган адуутай, том гаанс зуух хүн нь одоо юу ч хийж байгаа юм /инээв/.
-Гэхдээ л ажлаа завчилж адуун дээрээ очоод сууж байхад мөрөөдөл биелсэн юм шиг санагдана биз?
-Тэгэлгүй яахав. Мянга нь хаа юм, гэхдээ 200-гаад адуу бий. УИХ-ын гишүүн байхдаа тойргийнхондоо үрээ, байдаснаасаа харамгүй өгч байсан. Түүнээс яг гардан өсгөж үржүүлсэн бол овоо хэдэн юм байх байсан биз.
 
-Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхэд тань Пунцагбалжир агсны нөлөө их байжээ. Тэр хүн таныг хурдан моринд шимтэхэд хүргэсэн гэдэг?
-Пунцагбалжир бид хэд гэр бүлийн сайхан найзууд. Нэг зун амралтаараа эхнэр хүүхэдтэйгээ тэдний уяан дээр долоо хоног амарсан юм. Тэгсэн хоёрдугаар ангид байхдаа ухаа халзан даага сургаж унаад сумынхаа наадамд түрүүлгэж байсан маань санаанд ороод морь уямаар санагдаад явчихсан. Пунцагбалжир ч намайг “морь уя” гэдэг байсан юм.
-Анхны “Их хурд” уралдаанд хонгор морио түрүүлгэсэн Лхүндэвээс хонгор мориных нь дүү шарга азарга, хурдан хар морийг нь авч уяачийн гараагаа эхэлж байсан гэдэг байхаа?
-Тиймээ. Лхүндэвийн эхнэр манай эхнэр хоёр нэг ангийн хүүхдүүд. Их сургуулийн холбооны ангийг хамт төгссөн юм. Лхүндэв бас манай үйлдвэр комбинатын хүүхэд. Би чинь 120 мянгатад өссөн хүн байхгүй юу. Тэгээд эхнэрээрээ дамжуулж анх танилцаад сайхан нөхөрлөх болсон юм. Намайг морь сонирхож эхэлж байх үед Лхүндэвийн хонгор чинь наадам болгонд түрүүлдэг зартай хурдан морь байлаа. Хонгор мориноос нь дутахааргүй хурдан бас нэг хар морьтой. Тэр нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Цэрэндондов гэдэг хүний унаган адуу гэж байсан санагдана.
-Та азарга, морь хоёроо “Их хурд”-ын өмнө авсан юм уу, дараа нь авсан юм уу?
-Дараа нь.
-Хонгор морь түрүүлчихсэн байсан болохоор шарга азаргаа нэлээдгүй үнэтэй авсан уу?
-Хонгор морины дүү хэдий түрүүлж, айрагдаагүй битүү адуу байсан болохоор тийм айхтар үнэтэй байгаагүй ээ. Дээр нь Лхүндэв бид хоёр найзууд болохоор тэгтлээ үнэрхээгүй, ганц хоёр сая төгрөгөөр л наймаалцсан санагдаж байна.
-Тэр шарга азаргатай андуурдаг юм уу, хонгор морины дүү шарга гүү авсан гэж бас ярих нь бий?
-Авсан, авсан. Тэр гүүний төлүүд сайн адуу болох шинжтэй байгаа.
-1999 оны Улсын наадамд хар морь түрүүлсэн ч тооцогдоогүй. Юунаас болоод тэр вэ?
-1999 оны Улсын наадамд хар морь түрүүлсэн ч будилсан гээд хасчихсан. Тэр үед УИХ-ын гишүүн байсан Буд даамлаар ажиллаж байлаа. Тугтай машинаа дага гэхээр нь дагаад явж байсан, жаахан давхиж байснаа буц болоод явчихсан гэдэг. Тэр үед манай морийг “Тоодон” Нямдорж /МУ-ын Манлай уяач / уядаг байсан юм. Бид хоёр хар морь түрүүллээ гээд хөөрч байсан чинь тооцохгүй болоод явчихлаа. За яахав, тэгдэг юм байж гэж бодтол маргааш нь Лхүндэвийн хонгор морь түрүүлсэн, бас тооцоогүй. Гадуурхсан юм уу, яасан юм. Эсвэл үнэхээр тийм будилаантай уралдаан болсон юм уу, бүү мэд. Ямартаа ч тооцоогүй. Гэсэн хэдий ч би морь түрүүлсэн гээд сэтгэл өндөр л байгаа юм чинь. Хар мориндоо хадгаа зүүчихлээ. Бөөн л баярласан амьтан л байгаад байдаг. Тэгсэн Нямдорж хэлж байна, “Ерөөсөө хар морио аваад Ламын гэгээний  даншигт явъя. Тэнд очиж Цэнгэлийн энэ хар морийг түрүүлгэнэ” гээд л. Үгүй мөн бэлэн юм ярьж байна аа.
-“Их хурд”-д тэгж хэлээд хонгор морийг түрүүлгэсэн гэдэг биз дээ?
-Тэгсэн, тэгсэн. “Энэ юун 69 /УАЗ-469/ юм” гэхээр нь “байнд өгөх гэж байгаа юм”  гэж. Тэгсэн манай хүн “наадахаа одоо манай майхны гадаа аваачаад тавьчих. Маргааш манай хонгор морь шувуутай л уралдана. Өөр юм гүйцэхгүй” гэж хэлээд түүгээр нь болсон. Тэгсэн “би өчигдөр хэлээ биз дээ, наадах дөрвөлжин амбаараа манай майхны гадаа аваачаад тавьчих гээд” гэж л байсан хүн дээ. Ламын гэгээний даншигт явахдаа бас л тэгж ам гарсан. Танихгүй залуу дагуулчихсан байхаар нь асуусан чинь “түрүү моринд 69 өгнө гээ биз дээ. Барих жолооч нь байгаа юм” гэж байсан хүн дээ /инээв/.
-Харамсалтай нь тэгэхэд билгээр нь болоогүй?
-Хэлээд юу гэхэв, хар морь маань замдаа эндчихсэн.
-Юунаас болсон юм бэ?
-Машинаас уначихсан юм. Тэр үед морьд ачиж сураагүй, бараг л анхны тохиолдол нь байсан байх. Машиндаа өндөрлөгөө энэ тэр хийгээгүй, дээр нь цулбуурыг нь сул уячихгүй юу. Тэгсэн нэг донсолгоон дээр үсрээд ногт нь тасрахгүй чирэгдчихсэн юм шиг байгаа юм. Тэрийг дуулаад Даваахүү гуай надад саарал азаргыг авч өгсөн юм.
-Ламын гэгээний наадамд шарга азаргаа авч яваагүй байсан юм уу?
-Ганцхан хар морьтойгоо л явсан юм. Шарга азарга Улсын наадмын өмнөх сунгаануудад их сайн байлаа. “Их хурд”-д аман хүзүүддэг Жамъяндоржийн Буурал духтын ард л яваад байдаг. Тэгсэн наадмын өмнөх сунгаан дээр алдаад арай гэж олсон, азарганд бариулаад нүд халтирам болчихож. Тэгээд азаргаа барьж аваад Даваахүү гуай дээр очлоо. Шарга азаргыг харчихаад “за миний хүү, муу л байна даа. Нэг хазахад нэг морины ард ирдэг гэдэг юм” гэлээ. Тэр үедээ ойлгохгүй, “юу гэж байгаа юм бол доо” гэж бодчихоод ирээд Нямдоржтойгоо ярилаа. “Явуулах уу, яахав” гээд. Тэгсэн манай хүн “кальци хлорид шахаж өвчнийг нь намдааж байгаад явуулчихъя” гэж байна. Тэгээд л хэлснээр нь явуулчихлаа.
-Хэд хазуулсан байсан юм бэ. Шархыг нь тоолсон уу?
-Тоолсоон. 51-52 болж байсан. Тэгээд азарга ирсэн, манай шарга 51-д давхидаг юм. Тэгэхэд л  Даваахүү гуайн хэлсэн үгний учрыг ойлгож, шархтаагүй байсан бол түрүүлэх байж гэдгийг мэдсэн. Дараа жил нь Булганы Хишиг-Өндөр суманд хангайн бүсийн уралдаан болж, тэнд гурваар давхихаар нь Могодод байдаг дүүдээ бэлэглэчихээд ирсэн.
-2000 он таны амьдралын мартагдашгүй он жилүүдийн нэг байх. Тэр жил та домогт саарал азаргатайгаа учирсан шүү дээ?
-Ламын гэгээний даншигт явж байгаад хар морио эндээчихсэнийг Даваахүү ах дуулахгүй юу. Тэгээд моринд дуртай энэ хүүхдийг жаахан дэмжье гэж бодож байсан юм билээ. Тэгээд 2000 оны Өвгөн ноёны даншигт очиход нь гүү шиг цүдгэр гэдэстэй саарал үрээ хойно нь пог пог шогшоод байхыг харж, нүдэнд нь тусаж л дээ. Тэгээд хязаалан эргэж, нөгөөхөө явах нь уу, үгүй юу гээд хартал 200 үрээнээс хойноосоо 40-50-д л явж байна гэнэ. Урагшаа давхиад өөрийнхөө хэдэн үрээг харж байтал нөгөө саарал чинь юу юугүй ороод ирж. Тэгээд энийг харъя гээд дагатал саахалтын зайтай тасарч түрүүлж. Уралдааны дараа тохирчих санаатай эзэнтэй нь уулзсан наймаа ярьдаггүй гэнэ. Тэгэхээр нь Даваахүү гуай айхтар хүн болохоороо Туяа гээд малчин залууд захичихаад явсан юм билээ. Тэгээд над дээр ирээд “дүү хүү мөнгө хайрлахгүй бол нэг сайхан үрээ байна. Ээ дээ, олон жил төрийн наадмын довон дээр уралдана шүү” гэсэн. Би ч уухайн тас зөвшөөрөлгүй яахав. Хар морь маань эндэж, шаргыгаа бэлэглэчихээд уячихмаар юмгүй байсан хүн чинь. Тэгэхдээ бас “та өөрөө уяна шүү” гээд амыг нь авчихаж байгаа юм.
-Саарал азаргыг санасанчлан амар авч чадаагүй дуулддаг?
-Өө, их олон явсан. 10 сая төгрөг, авдар архи, ачих машинтай нь явуулдаг. Долоо хоноод хоосон хүрээд ирнэ. Тэр үед чинь хязаалан үрээнд10 сая төгрөг гэдэг ханасан үнэ байхгүй юу. Нэг явуулаад байдаггүй, хоёр явууллаа байдаггүй. 2001 оны хавар цагаан сарын дараахан гурав дахиа явуулж байж арай гэж авсан. Тэр үед мөнгөний хэрэг болсон юм байлгүй, өгөөд явуулсан байсан. Уралдсан болгондоо түрүүлдэг харамлахаас аргагүй төрчихсөн адуу л даа. Надад ирэхээсээ өмнө даагандаа сумандаа түрүүлээд, шүдлэндээ аймагтаа түрүүлээд, хязааландаа зүүн бүсэд түрүүлсэн.
-Саарал азаргыг Галшарын Банзрагчийн саарлуудын  угшилтай адуу гэлцэх юм билээ. Үнэн болов уу?
-Дээд удмыг нь хөөвөл Галшарын Шилбэ харын угсааны адуу. 1951 онд АХ-ын 30 жилийн ойд түрүүлсэн Цэгмид Алдартын Бөгөн хулын удамтай ч гэлцдэг. Удам угшил талын нарийн ширийнийг надаас илүү Хэнтийн уяачдын холбооны тэргүүн байсан Санжаадорж л сайн мэддэг юм.
-Танд ирсэн жилээ Улсын наадамд дөрвөлж, төрийн наадмын анхны айргийг амсуулсан шүү дээ?
-Саарал соёолонгийнхоо давхилыг үзэх гээд Ерөнхий сайд байсан Батболд эхнэртэйгээ. Эхнэр нь жирэмсэн. Даваахүү гуай, би эхнэртэйгээ бүгдээрээ нэг машинд суучихсан. Морь эргэхээс эхлээд л дагалаа. Айцын даваан дээр гарахад 20 хэдээр явж байхаар нь, би өрөвдөөд уруудаад “татуулчих уу” гэлээ. Нутаг солигдоод нэлээн тамирдуу байсан юм. Тэгсэн Даваахүү гуай “зүгээр, зүгээр” гэж байна. Алдар толгой ороож, наашаа зам салаад Дарга толгой дээр ирэхэд долоо билүү, найм дээр ороод ирсэн  байдаг юм. Тэндээс бариа хүрэх хооронд урд талын гурван морио гүйцээд дөрвөлсөн. Тэр үед манай нутгийн Энэбиш агсан жигтэйхэн их баярлаад “нутгийн нэр гаргалаа” гээд баяр хүргэж билээ. Булган аймгийн Могод сумын харьяат Цэгмидийн Цэнгэлийн саарал соёолон дөрөвлөлөө гээд зарласан наадам үзэж байсан өвгөчүүд морьтойгоо орилж давхиад эгээтэй гэмтээгүй гэнэ лээ. Нутаг усныхан хүртэл тэгж баярладаг юм билээ. Морь айрагдах сайхан шүү. Хамрын самсаа шархираад, итгэмээргүй санагдаад л байдаг юм билээ. 

-Дараа жил нь саарал азарга  түрүүлж, моринд хайртай монгол түмнээ цэнгүүлсэн шүү дээ. Тэр үеийн бахдам дурсамжаасаа хуваалцаач?
-Би тэр жил баяр наадмын сурын комиссын даргаар томилогдоод яг түрүүлж ирэхийг нь харж чадаагүй. Төв цэнгэлдэхэд байсан Буд “чиний саарал азарга түрүүллээ шүү” гэдэг юм байна. Дараа нь Шийлэгдамба “дарга аа, таны морь түрүүлчихлээ” л гэсэн. Тэр үед Шийлэгдамба манай газрын дарга байсан юм. Тэгэхээр нь сурын комиссынхоо дэд даргадаа захиж үлдээчихээд эхнэртэйгээ хоёулаа гараад давхичихсан. Хүмүүс азарга үзчихээд наашилж байхад бид хоёр сөрөөд давхиж байгаа нь тэр /инээв/. Алтан тууртын буян гэдэг сайхаан, сайхан. Миний саарал азарга чинь улс, бүсийн наадамд тав түрүүлж, нэг айрагдсан адуу.
-Та нэгэн ярилцлагандаа “миний саарал азарга хурд нь орохоороо сум шиг л нисдэг” гэж байсныг санаж байна?
-2006 онд Багануурт болсон нэг наадам дээр саарал азарга барианд 45 миллтэй орж ирсэн. Гарч байгаа юм шиг л орсон байгаа биз. Тэр бичлэг нь одоо ч надад бий. Энхболдын шарга азаргыг дөхөөд ирэхээр нь зайлчихаад, аажуухан явсаар байж бариа дөхөөд ирсэн тарлаад орж ирж байгаа юм. Цагаандалай “аргагүй л Цэгмид Алдартын 1951 оны Улсын наадамд түрүүлж байсан хул азарганы удмын адуу мөн дөө. Галшар угшил гэж энэ дээ” гээд л шагшиж байдаг юм. Улсад түрүүлдэг жилээ ч гэсэн Алтангэрэлийн хүрэн энэ хоёр чинь хол тасраад л орж ирсэн шүү дээ. Үзүүр дээрээ тарлаад орж ирэх мөн ч урамтай шүү.
-Тийм шүү. Ёстой нөгөө торгон мөч чинь тэр дээ?
-Хэлээд юу гэхэв. Самсаа шархирна гэдэг чинь тэр үед л болно шүү дээ /инээв/.
-Саарал азарганы төлүүдээс эцгийн шийрийг хатаах хүлэг төрөх нь үү?
-Хамгийн анхны төлийг нь гавьяат барилгачин Мэндээд өгсөн.
-Манлай уяач Мэндбаяр уу?
-Тийм, тийм. Хүрэн халзан морь бий. Сунгаануудад дандаа дээгүүр давхиад наадамд л уяж чаддаггүй юм. Юундаа байдаг юм мэдэхгүй л дээ. Түүний дараа гарсан 2-3 байдас бий. Нэг хар үрээг нь сумандаа байдаг ахдаа өгсөн. Тэр хавийнхаа наадмуудад гурав түрүүлчихээд байгаа дуулдана лээ. Түүний дараах нь миний хул үрээ байна. Энэ жил соёолон болж байгаа. Өлзийт хороололд 200-гаад үрээ уралдсан, 20 хэдэд давхиж байна лээ. За тэгээд, нэг саарал шүдлэн бий. Ханиадтай, жаахан эцэнхий байхаар нь давхиулаагүй л байна даа.  Манлай саарал азаргаа уралддаг байх үед нь ороог нь гаргах зорилгоор 3-4-хөн гүү л өгдөг байсан. Харин сүүлийн хоёр жил л Сүхбаатар, Хэнтий чиглэлийн 17-18 гүү хураалгаж, овоо төл авч байна. Гэхдээ энд тэнд мэр сэр төл нь байдаг юм билээ. Тамгыг нь харахад андашгүй л дээ.
-Саарал азарга одоо хаана байгаа вэ?
-Манай нутаг Баяннуурт байгаа.
-Ер нь хамгийн сүүлд хэзээ уралдсан юм бэ?
-2006 онд. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гэсэн үг. Тэр жил саарал азарга мундаг байлаа шүү дээ. Сунгаанууд дээр дандаа өнгөнд. Өнгөлөхдөө бүр хол, ганцаараа  тасарч ирээд л. Хүмүүс энэ наадмын түрүү азарга тодорхой юм байна л гэлцэж байсан. Тэгсэн харин их сунгаан дээр холхио цохиод, уралдаж чадахаа байсан.
-Түүнээс хойш дахиж уралдаагүй юм уу?
-Холхио нь тэгсгээд гайгүй болсон л доо. Тэгэхээр нь нутагтаа сайхан байлгая гэж бодоод аваачтал саарал азарганы маань өвдгийг зүсчихсэн байсан. Яг хөдөлдөг өвдгөн дээр нь зүсчихээр эдгэдэггүй юм билээ. Хөдлөх тоолонд хөндөгдсөөр байгаад сүүлдээ идээлээд бүрэн эдгэж чадахгүй байсаар уралдах боломжгүй болсон. Түүнээс биш яг ч холхионоос болоогүй л дээ.

-Магадгүй энэ бүхнээс болоод “морь уяна гэдэг хатуу тоглоом” хэмээн онцлоод байсан байж мэдэх юм. Тантай хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн байхад тань уулзахад тэгж хэлж байснаа санаж байна уу?
-Санаж байна аа. Аливаа юм сайн муу, сайхан муухай сүлэлдэж байдаг шиг, морь уяхад ч гэсэн баяр гунигтай мөч олон. Уясан морь түрүүлэх нь урамтай сайхан ч, гэмтэж, бэртэх, эрсдэх гээд сэтгэл эмзэглүүлсэн мөч бас бий.1999 онд хар морио эндээчихээд, 2000 онд Жаргалант угшилтай сайхан хээр морио хулгайд алдчихсан. Нэг их сайн морь байж билээ. Түүний дараа хүрэн алаг морио бас хулгайд алдчихсан. Тэр алаг морь Эрдэнэчулууны том шаргатай уралдаад сунгаан дээр хол хаядаг үнэхээр хурдан адуу байсан юм. Миний хоншоор дутсан байх. Сайн адуу юм чинь хавчигт нь өнжөөчихье гэж бодоод 11 сард тэжээлд оруулах гэж авч яваад замдаа айлын хашаанаас алдчихсан юм.
-Мэддэг хүмүүс л авч дээ?
-Би харин өөрөөр хардаг. Мал мэдэхгүй хүмүүс л маханд авчихаад байсан байх гэж боддог. Үгүй бол ямар нэг сураг гарна шүү дээ. Түүний дараа жил нэг хүн надад сайхан хул морь бэлэглэсэн нь бас эндчихсэн. Одоогийн ММСУХ-ны тэргүүн Энхболд тэр үед Ерөнхий сайд байсан юм. Тэгээд Дарга толгой дээрээс харахад миний хул морь долоод давхиж явсан гэнэ лээ. Тэгээд л гэнэт өнхрөөд ойччихсон. Ингээд  жил дараалан сайхан хүлэг морьд маань эндээд байхаар хүн үнэндээ халширдаг юм билээ. Морь уях их хатуу юм байна, хэр баргийн хүний тоглох тоглоом биш юм гээд. Энэ зовлон ганц надад биш, бүх л уяачдад тохиож байгаа. Гэсэн хэдий ч үндэсний уламжлалт спорт гэдгээр нь л ийнхүү хатуугаас халшралгүй зүтгэж байгаа юм шүү дээ. Сайн муу юм их үзээд ирэхээр, морь түрүүлээд ирэхээр “ээ, бурхан минь, номыг нь сайн уншуулахгүй бол” гэж хүртэл бодогдоно.
-2006 онд саарал азаргаа санасанчлан түрүүлгэж чадаагүй ч хээр соёолон мөн ч урамтай түрүүлсэн дээ?
-Тэгсээн. Хээр соёолон бас л Хэнтий зүгийн адуу. Дээр ярьж байсан Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн байсан Санжаадоржийн адуу байгаа юм. Хээр үрээний эх нь Санжаадоржийнх, харин эцэг нь хуучин Чандганы сангийн аж ахуй буюу одоогийн Мөрөн суманд байдаг Цэвээн гэж хүний адуу юм билээ. Ямар учиртай надад ирсэн бэ гэхээр Санжаадорж намайг алаг морио алдсаныг  дуулаад нутгаасаа гаргахгүй гээд хадгалж байсан хээр шүдлэнгээ надад өгсөн юм. Гарцаагүй хурдална гэдгийг мэдээд хадгалж байсан юм билээ, хөөрхий. Надад шүдлэн үрээ ирээд тэр жил нь өнжөөж, хязааланд нь Ононг уя гэсэн уяагүй. Тэгээд соёолондоо анх уягдаад жил бүрийн хавар болдог төмөр замын уралдаанд түрүүлээд, дараа нь Улсын наадамд тэгж түрүүлж байгаа юм.
-Тэр жилээ мөн Хэнтийн Хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн санагдаж байна?
-Тэгсэн. Дараа нь 2008 онд Булган аймгийн 70 жилийн ойд бас түрүүлсэн. 2011 онд дөрвөн их ой давхацсан жил ганцаараа түрүүлж яваад ханиаднаасаа болоод таван км шахуу газар алхахад 30 хэдэд орж байсан юм. Таван км газар алхаад 35-д орно гэдэг ер нь баргийн адуунд давтагдах амжилт биш шүү. Ханиаднаасаа болоод үхэхээ шахсан. Ханиад чинь айхтар юм билээ. Туурай нь мултраад, хэвтээгээрээ байж арайхийн эдгээсэн шүү.
-Задгай хээр гэдэг юм уу, Босоо хээр гэдэг юм уу?
-Задгай хээр ч гэнэ, Босоо хээр ч гэнэ. Задгай гэдэг нэрийг Их аварга Асашёорюү өгсөн юм. Түрүүлдэг жил нь Японд оччихоод зургийг нь үзүүлтэл “наадах чинь ёстой задгай явдаг амьтан байна даа. Мэнгэт буюу Задгай хээр гэж нэрлэвэл яасан юм бэ” гээд. Хээр морь тэрүүхэндээ мэнгэтэй л дээ. Тэгээд сүүлд СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хээр моринд “Босоо хээрийн дууль” гээд сайхан бүтээл хийж, тэр цагаас хойш Босоо хээр хэмээн нэрлэж байгаа.
-Аль ч газрын наадамд Сүхбаатарын адуу ноёлж, амьтан бүхэн жанжны нутгийн адуунд саймширч байна. Харин та Хэнтий зүгийн адуугаар л наадсан байх юм?
-Дандаа Хэнтийн адуугаар наадсан. Хэнтийн гаралтай бас нэг халзан морь байлаа. Сумынхаа наадамд соёолондоо дөрөвлөөд, Булганы 70 жилийн ойд долоод давхисан. Харамсалтай нь бас л хулгайд алдчихсан гэдэг юм. Бүсийн наадамд 4-5-аар давхиж байсан Өвөрхангайн гаралтай бас нэг сайхан халзан морь байсныг Ажнайгийн “Молор эрдэнэ”-ийн мялаалга наадамд уралдуулаад эндүүлчихсэн байсан. Ер нь тэгээд хэдэн сайхан даалуу морьд маань тэгээд  дууссан даа /санаа алдав/.
-Гэхдээ танай адуу их чанарлаг юм биш үү. Тайж, Банди, Галшар, тойруулга гээд ер нь л аль хурдан хурц гэсэн угшлын адуунаас бүгдээс нь авсан байна лээ?
-Тийм шүү. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, МУ-ын Манлай уяач агсан Дамба гуайн хүрэн, буурлуудын удмаас аль алинаас нь авсан. Дээр нь Даваахүү гуайн Цолмон халтар, Өндөр зул, Батхүүгийн Толин хул, Онон, Максын ах дүү Тод манлайгуудын адуунаас ч авсаан, авсан. Ноднин гэхэд Сандуйжав Тод манлай Дүү зээрдийнхээ төл хязаалан үрээ бэлэглэсэн. Манай Батхүү Толин хулынхаа төл байдсыг манай эхнэрт, харин дүү үрээг нь надад өгч байсан юм. Тэр үрээ нь их сайхан хурдан байхад нь нутагтаа аваачаад баллаад хаячихсан.
-Уяа нь алдарчихсан юм уу?
-Манай адуу руу чоно ороод, 7-8 чонотой ноцолдож гурвыг нь хөнөөгөөд, азарга нь өөрөө бариулчихсан байсан. Тэр үнэхээр мундаг сайн азарга байсан шүү.
-Сайхан хүлгүүд тань дараалан осолдож эндээд байхаар ном сонин уншуулах зэргээр домнож үзээгүй хэрэг үү?
-Би ер нь мангардуухан хүн юм шиг ээ. Даатгасан улсдаа итгээд л явдаг байсан юм. Ер нь хүнд их итгэмтгий хүн дээ. Тэгж явсаар өдий хүрлээ. 
-Англи хүрэн азарганы тань төлүүд хурдан байна уу?
-Хурдалж байна аа. Зарим нэг нь хэлэхгүй л юм. Хэлмээргүй байдаг юм байлгүй дээ.
-Хүрэн азаргаа Онон Тод манлайгаас авсан гэдэг үү?
-Тэгсэн. Даваахүү гуай Зууны манлай цолныхоо мялаалга уралдааныг Төв аймгийн Хөшигтийн хөндийд хийгээд, шүдлэн, хязаалан, соёолон нийлсэн эрлийзүүд уралдаж, хүрэн үрээ хол түрүүлсэн юм. Түүнийх нь дараа “та авбал ав” гээд, тэгээд л авсан. Оросоос орж ирсэн англи адуу л даа. Одоо нээрэн бодоод үзсэн, хүрэн азарганы маань нас овоо явчихаж байгаа юм байна шүү. Хүрэн азарга маань одоо Хишигжаргал Манлайд байгаа. Хишгээ энэ жил сайхан онд оруулаад хэдэн гүү хураалгачихья гэхээр нь “тэг, тэг” гэсэн юм.
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайдаас бэлгэнд ирдэг чинь юу билээ?
-Гүү. Би 2006 онд Засгийн газар хоорондын Оросын талын комиссын даргаар ажиллаж байхад ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Гордеев манай улсад ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын төгсгөлд би Гордеевыг адуун дээрээ аваачин, монгол ахуйтай танилцуулсан юм. Тэгсэн Орост очсон хойноо намайг урьж, хүмүүстээ Дон үүлдрийн нэг сайн гүү өгөх үүрэг өгсөн юм билээ. Тэгж авсан нэг сайхан гүү бий. Охин голдуу төл гаргадаг юм. Нээрэн тэгж очихдоо Москвагийн Морин тойруулгыг сонирхож, бүр болоогүй тус тойруулгын гишүүнчлэлийн тэмдэгтэй болсон. Бас нэг сонирхолтой нь Москвагийн тойруулгад Босоо хээрийнхээ түрүүлж байх үеийн зургийг бэлгэнд өгсөн чинь төд түрүүлсэн, тийм морь гэсэн тайлбартайгаар музейдээ байрлуулсан байна лээ.
-2008 онд хээр морь айрагдсанаас хойш томоохон наадмуудаас хишиг хүртсэнгүй юу?
-Тийм. 2011 оны “Дүнжингаравын хурд”-д халзан морь дөрвөөр давхиагүй юу. Түүнээс хойш аймаг, сумын наадмуудад л айрагдаж байх шиг байна.
-Онон Тод манлайгаар морьдоо уяулж байгаа хэвээрээ юу?
-Саарал азарга, хээр морь хоёр байсныг нутаг руугаа аваачсан. Энэ жил Онон хажууд ирээд морио уя л гэсэн л дээ. Тэгэхдээ олон адуу уяж байгаа хүн чинь самгардаад тэр бүрт хүрэлцдэггүй юм.
-Цэнгэл Манлай хилийн чанадад морь түрүүлгэсэн анхны монгол уяач гэдгээрээ мөн ялгардаг. Хэзээнээс АНУ-д морь уях болсон юм бэ?
-АНУ-ын Вашингтон хотын Чарльз таунд байдаг Цэнгэлийн Манлай дуудлагат хүрэн халзан морь маань 2011 онд түрүүлж, Монголоос анх удаа гадаадад морь түрүүлгэсэн уяач боллоо доо. Хүрэн халзан морио би 2009 онд дааганд нь авч  байсан юм. Эцэг нь Кентаки Дербид гурван удаа түрүүлж байсан мундаг азарга гэнэ лээ. Даваахүү ах бид хоёр харж байгаад дааганд нь 50 мянган доллараар авч байсан юм. Тэгээд түүнийгээ бэлгэдэн Даваахүү ахын цолны Манлай, өөрийнхөө нэрний Цэнгэлийг оролцуулаад хүрэн халзан үрээгээ Цэнгэлийн Манлай хэмээн нэрлэсэн юм. Хүрэн үрээ маань одоогийн байдлаар хоёр удаа түрүүлж, гурван удаа хоёрт, дөрвөн удаа гуравт, хоёр удаа дөрөвт, нэг удаа зургаад  хурдлаад байна. Сүүлд түрүүлэхдээ гэмтэл аваад одоо эмчлэгдэж байгаа.
-Гадаадад морь уяулах зардал өндөртэй юу?
-Сайн адуу авч чадвал харин ч ашигтай юм шиг ээ. Миний хүрэн халзан үрээ уралдаануудад амжилт гаргаад авсан зардлаа нөхөөд, дээр нь тэнд уягдаж байгаа зардлаа өөрөө л олчихоод байдаг юм. Надаас нэг ч төгрөг гаргахгүй л байгаа адуу.
-Уяачаа хэрхэн урамшуулдаг юм байна?
-Бүх юм хуульчлагдчихсан. Түрүүлээд 70 мянган долларын шагнал авлаа гэхэд 40 хувь нь л эзэнд нь ирнэ. 60 хувийг нь уяач, унаач, уралдааныг зохион байгуулагч байгууллага болон эмийн зардал, малчны хөлс зэрэгт тооцоод авчихдаг.
-Зардлаа нөхөж чадаж байвал улс орныхоо нэрийг гаргаад зүгээр ч юм уу?
-Харин тийм. Бололцоо гарвал ирэх жилээс ганц сайхан даага аваад тэндээ уячих бодол байна. Цэнгэлийн Манлай маань түрүүлсний дараа “Макс”-ын хоёрын Хөх тэнгэр дуудлагат үрээ бас түрүүлсэн. Халзан үрээ маань булган сүүлтэй байсан юм шиг байгаа юм. Түүнээс тэр хоёр чинь надаас өмнө АНУ-д морь уралдуулж байгаа хүмүүс байхгүй юу. Нээрэн бас ММСУХ дэлхийн морины холбоонд гишүүнээр элсэхэд  миний морины амжилт нөлөөлсөн гэнэ лээ. Нарийн бичгийн дарга Сэргэлэн өөрөө надад тэгж хэлсэн.
-Яаж тэр вэ?
-Дэлхийн морины холбоонд элсэх эсэх асуудалд Франц, Герман, Америк, Австрали, Итали, Япон гэсэн зургаан том орны төлөөлөгчид татгалзвал боломжгүй болдог юм байна. Тэгсэн манай асуудал дээр япончууд дэмжээд, Итали дундаж байр сууриас, нөгөө гурав нь эсэргүүцээд  байж л дээ. Тэгэхээр нь Сэргэлэн “Монгол хүний морь Америкийн Вашингтон хотын Чарльз тауны уралдаанд түрүүлсэн” гээд мэдээллийг нь үзүүлсэн чинь америкчууд нь юм хэлэхээ байсан гэсэн /инээв/. Миний морины гаргасан амжилт тийнхүү том хэлэлцээрт нөлөөлсөн гэхийг сонсоод би ч гэсэн их баярласан.
-Манай мориныхон ажил хэрэг, аялал зугаалгаар явахдаа хамгийн түрүүнд тухайн орны тойруулгад очиж үздэг юм шиг байгаа юм. Манлайг ч мөн адил тэгдэг болов уу хэмээн таамаглаж байна?
-Тэгнэ ээ. Бас болоогүй нүдэнд туссан мориндоо бооцоо тавиад голдуу хожно. Ямар сайндаа манай нэг найз “мөнгийг нь бид гаргаад чамаар морь таалгаж байя” гэж байхав. Нэг удаа Солонгосын морин тойруулгад очоод эхний гурван морийг таачихсан чинь 10 хэдэн мянган доллар хожчихсон. Ер нь 10 доллар тавилаа гэхэд 1000, 2000 болгоод л авчихна шүү.
-Хийморьтой л байна. Ингэхэд та шууд Манлай уяач цолоо авсан билүү?
-Тэгсэн. Аргагүй амжилт нь биелсэн юм чинь тэгэхээс ч яахав. Тухайн үед улс, бүсийн наадмын зургаан түрүү, хоёр айрагтай байсан. Цол авснаас хойш хоёр айраг, гурван түрүү нэмэгдсэн. Үүнийгээ тооцуулвал уг нь Тод манлай ч болох боломжтой. Гэхдээ өөрөө гардаж уях биш гээд нэг их шимтэхгүй байгаа.
-Цагтаа адуунд алхаа оруулж явсан хүн. Хурдан хурцаас гадна сайхан моринд хэр ач холбогдол өгдөг вэ?
-Жороо морьд бий. Усан тэлмэн жороо морь ч бий. Даваахүү гуай Тува яваад надад нэг жороо морь авчирч өгсөн юм. Янзын сайхан жороо адуу. Таны хэлдгээр улсынхаа баяр наадамд тийм сайхан морьдоосоо уная гэж бодож байгаа.
-Сайхан хүлгийг сайн эд, эдлэл эрхгүй чимдэг?
-Манай аав, ах нар нэг их үнэтэй биш ч донж нь таарсан эмээл хазаар хэрэглэдэг. Тэгээд харин олом, жирмийг нь жимбийтэл татаад унадаг байсан. Ер нь морь сайхан унана гэдэг чинь их том соёл байж шүү дээ.
-Далай Чойнхор вангийн эдэлж хэрэглэж байсан эмээл хазаар тэргүүтэн танд байдаг гэдэг байхаа?
-Далай Чойнхор вангийн бага хатны шүрэн тоноглолтой эмээлийг би 20-иод жилийн өмнө авч байсан. Будаг нь халцраад, янгиа мод нь эвдэрчихсэн байсан болохоор хуучин янзыг хадгалж, сайхан янзалсан. Хааяа тохдог юмаа.
-Хөөргөнд хэр ач холбогдол өгдөг вэ. Манайхны зарим нь бүр цуглуулгатай болчихсон шүү дээ?
-Бага байхдаа манай эгч бид хэд гэрт байсан хөөрөгнүүдээ чулуун дээр тавьж байгаад мэргэнээ үзнэ гээд хага цохидог байсан. Тэгэхэд үлдсэн хоёр хөөрөг одоо ч надад бий. Нэгийг нь манай ээж “та нар үүнийг хагалж болохгүй. Өвчин хууч эдгээдэг юм” гээд болиулж байсан. Нээрэн тэгээд, өвчин хууч болохоор шар тос шингээд харласан марльд нөгөө хөөргийг боогоод өвдсөн газарт тавьж өгдөг. Санаа дагаад тэр үү, зүгээр болчихдог байсан. Нэг тийм хөөрөг бий. Мөн Хан вангийн барьж байсан чүнчиг гартаам хөөрөг бий. Бас Богд хаан, түүний хатан хоёрын барьж байсан хос шүрэн хөөрөг бий. Богд хаан Дугаржав бэйсийг сайн байлдсан хэмээн шагнасан гэдэг. Нутгаас нь бэр буулгасан гээд Богд хаан Дугаржав бэйст илүү дотно байсан гэдэг юм билээ. Тэрхүү хос хөөргийг би IX Богдын амьд сэрүүн ахуйд үзүүлсэн юм. Тэгсэн нүцгэн бие дээрээ тавьж үзээд л сүйд болж байсан.
-Урьд насандаа эдэлж хэрэглэж байсан гэдэг утгаараа тэгсэн юм байлгүй дээ?
-Тийм байх. Баянхонгорын гаралтай “Хөөрөг” Дагва гээд нэг нөхөр байдаг даа, Яармагт. Тэр хүн надад нэг том манан хөөрөг үзүүлээд “үүнийг чи л авах ёстой. Уг нь би хүүдээ пургон авч өгье гэж бодож байсан юм. Тэгэхдээ яахав, чи машины тал өртөг өгөөд хамаагүй ав. Чамд байх ёстой эд байгаа юм” гээд өгсөн. Яагаад тэгсэн юм бүү мэд. Юм үзэж  хардаг болохоороо тэгсэн юм байлгүй дээ. За ийм түүхтэй хэдэн хөөрөг надад бий дээ. 
-Нэг зүйл нэмж асуух гээд яриаг тань тасалж төвдсөнгүй. Багадаа тоглосон тэр олон  хөөрөг хаанаас гарсан эдүүд вэ?
-Дээр ярьсан шүү дээ. Манай өвөө Сэрээтэр гэж тайж хүн байсан гэж. Тэдний л юм байсан байх даа. Манай ээж ч бас тэр хавийн том баян айлын ганц өргөмөл охин байсан юм билээ. Мөнгө хүнддээд байхаар нь Цагаан хааны мөнгөөр сольчихсон чинь 1921 оны хувьсгал болоод нөгөөх нь хэрэггүй болоод хоёр, гурван хаврын салхинд хийсээд алга болсон гэдэг юм. Тийм баян, юмтай айлын охин авахдаа аав маань“танай охиныг л авна, инж авахгүй. Би өөрөө болгоно” гэж байсан юм гэнэ лээ. Тэгээд ёстой хэлснээрээ хэт хутга, авдар сав, гэр бараа хийгээд хэдэн хүүхдээ хэнээс ч дутаахааргүй өсгөсөн хүн. Дутаж өсөөгүй болохоороо бид тэгж юмны үнэ цэнийг мэдэхгүй эвдэж байхгүй юу. Лав л миний мэдэхийн 4-5 хөөрөг хагалсан. Их гоё өнгөтэй, хаш хөөрөг байсан санагддаг юм. Бас ээжийнхээ толгойн боолтыг сахилгагүйтээд нэг хүн гуйгаад байхаар нь авдарнаас хэлэлгүй аваад өгчихөж байсан юм. Эхнэр хүний гоёл, шүр гэдгийг ямар үнэтэйг мэдэхгүй. Одоо бодоход дайсны цэрэг шүү, нээрэн би. Тэр үнэтэй юмыг нь хүнд өгчихөөд 25 билүү, 50 төгрөг авсан санагддаг. Тэр нь арван жилийн хүүхдэд их мөнгө байхгүй юу. Бас нэг тохой хэрийн гоё бурхан байхаар нь хүнд өгчихсөн. Бурхан шашин шүтдэггүй нь төдий чинээ байсан байх даа.
-Хүүхэд насны томоогүй үйл алийг тэр гэхэв. Ингэхэд танай хүүхдүүдээс морь мал сонирхож уяа эвлүүлэх хүн байна уу?
-Би хүү, охин хоёртой. Хүү маань Сүхбаатарын хүргэн болсон юм. Уг нь овоо сонирхоод байх шиг байдаг байсан. Гадаадаар голдуу сургууль соёл гэж явсаар байгаад жаахан төсөөрч байх шиг байна. Гэхдээ цусанд нь байгаа юм байна. Эргээд орох байлгүй дээ.
-Бидний яриа өндөрлөх дөхөж байна. Хамгийн сүүлд монгол наадам, тэр дундаа хаврын уралдаануудтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын тухайд таны байр суурийг сонирхмоор байна.
-Өвгөн ноёноос эхлээд манайхан чинь хавар баяр наадмыг хийсээр ирсэн юм байна лээ. Ялангуяа хаврын цагт азаргаар их нааддаг байж. Уламжлал талаасаа ийм. Орчин цаг үе талаасаа гэвэл манайхаас бусад морин тойруулгатай улс орнуудад жилийн дөрвөн улирал уралдаж байна. Манайд хууль эрх зүйн орчин нь бүрдэж өгөхгүй өнөөдрийг хүртэл тойруулга баригдахгүй байгаа болохоос биш энэ бол дэлхий нийтийн жишиг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, энэ бол Монголыг мориноос салгаж, монгол хүнийг мориноос буулгах гэсэн улс орнуудын явуулга явагдаж байхыг үгүйсгэхгүй. Монголчуудыг малаас нь, үндэсний соёлоос нь салгачихвал эзлэхэд ядах юмгүй гэсэн тооцоо ч байж болно шүү дээ. Энэ том хоёр гүрэн Монголыг эзэлж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь нүүдэлчин ахуй, уужим саруул нутаг, мал ахуй нь. Ямар ч халдлага ирэхэд аль нэг уулынхаа мухарт нуугдчихна. Хэдэн малтайгаа байхад өлсөхгүй. Хятадууд гэхэд л бодлогоор өвөрмонголчуудыгаа малаас нь салгаж байна шүү дээ. Малтай улсын газар нутгийг нь аваад, хэрвээ малаа хашаанаасаа гаргах юм бол торгууль төл гэж шаардаж байна. Тэгсэн хэрнээ тариачдаа болохоор хөхиүлэн шагнаж байна. Төв хотод нь өвөрмонголчууд өөрсдөө амьдардаг байсан бол одоо мөнгөтэй хятадууд худалдаж аваад, өвөрмонголчууд нь хотынхоо зах руу түрэгдсэн. Том гүрнүүд ийм айхтар алсын хараатай бодлого баримталж байхад манай улс төрчид даарин дээр нь давс нэмээд байх юм. Уяачид хүүхдэд хайргүйдээ морь унуулаад байгаа юм биш. Харин ч илүү хайртай байж мэднэ. Яагаад гэхээр тэр хүүхдүүдийг чинь  бие бялдрын хийгээд амьдралын ухаанд сургаж байна. Ер нь морь унадаг хүүхэд үеийнхнээсээ илүү адтай, сэргэлэн байдгийг захын хүн хэлэх байх.  Даваахүү гуай гэхэд л морь унах гэж ирсэн хүүхдээс “ямар сурдаг вэ” гэж асуугаад “сайн, онц” гэвэл морь унуулах дуртай байдаг. Одоо ид сайн морь уяж байгаа залуучууд гэхэд л багадаа сайн унаачид байсан хүүхдүүд. Тиймээс товчхондоо юу гэх гээд байна вэ гэхээр морь унаснаар хүн мууддаг юм биш. Харин ч амьдралын арга ухаанд суралцдаг гэсэн үг. Тиймдээ ч би хөдөө очоод ах дүү нараа хүүхдүүдээ бүгдийг нь морь унуулж сурга гээд зэмлэдэг хүн. Монгол хүн морио унаж чадахаа болино гэдэг том эмгэнэл шүү.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явахын өлзийтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Ерөөл бат оршиг. Миний дүүгийн ажил үйлс бүтэж, олон сайхан мэдээ мэдээллээр Монголынхоо ард түмний оюуныг мялааж явахыг ерөөе.
-Баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна