Нийслэлийн Алдарт уяач Г. ЧУЛУУНБАТ: Эхний удаад 13-тайдаа, дараа нь 45-тайдаа стадионд орж билээ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 23 -нд

“Хөндлөн” хэмээх Б.Дугарсүрэнгийн төрсөн дүүгийн ач Гэндэндондовын Чулуунбатад  буурлуудын үлгэр домог мэт ярианаас эхлээд уяачийнх нь эрдэм чадал, хүнлэг сайхан сэтгэл, ажилч хичээнгүй чанар нь бүгд өвлөгджээ. Түүний ярилцлагаас уяач хүнд байх ёстой чанар гээд сонирхолтой олон зүйлийг мэдэх боломжтой. Г.Чулуунбат нь Төв аймгийн Баян сумын уугуул, Налайх дүүргийн харьяат бөгөөд 1956 оны хавар Зуунмод хотод төржээ. Тэрээр:
-Алтангадас одон
-ММСУХ-ны "Эрдэнийн очир" одон
-Нийтийн аж ахуйн салбарын тэргүүний ажилтан
-Улаанбаатар хотын хүндэт тэмдэг
-Налайх дүүргийн хүндэт тэмдэг
-VI, VII, VIII таван жилийн гавгайч
-Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
-МХЗЭ-ийн "Тэргүүний сэхээтэн залуу" алтан медалиар шагнагджээ.

-Та бол “хөндлөн” хэмээх Б.Дугарсүрэнгийн төрсөн дүү Б.Юмчины ач. Алдартай нэртэй энэ хоёр хүнийг харж, яриа сургаалыг нь сонсож өссөн хүн юм байна?
-Намайг 22-той байхад манай өвөө,17-тойд Дугарсүрэн өвөө өнгөрсөн юм. Бас ч гэж ухаан орчихсон, тэр хоёр өвгөнийхөө сайн адууны хамгийн сүүлчийнхийг унаж байсан хүн шүү, би. Тэднийхээ морьдоор суманд түрүүлж, айрагдана. Хоёр өвгөн маань 80 гараад уяхаа байсан. Манай өвөө гурван хүүтэй. Дунд хүү нь манай аав, төвд жолооч хийдэг. Том хүү нь Дорнодод байдаг. Эд нар нь залгамжилж морь уяж чадаагүй. Харин би оюутан болж, сургуульд сурч, алба хашихын хажуугаар өвөг дээдсийнхээ морь уях үйлсийг залгамжлах гэж оролдож л явдаг юм. Гэхдээ тэдэн шигээ төгс төгөлдөр уяна гэж хаа байх вэ. Тэднээсээ их ч юм сурсан, их юм заалгасан, бас их гоё ярина. Дээр үеийн өвгөчүүд хууч яриа яриад л, адуу малын тухай ярихад гоё болоод сонирхолтой шүү дээ. Одооных шиг бичлэг хийж авна гэх биш. Юм ярьж байхад нь сонсохоор тугал, бяруугаа хар, гар ор гэнэ. Тэр хооронд зарим юм нь яригдаад өнгөрдөг байсан байлгүй. Манай Дугарсүрэн өвөө сайхан цагаан сэтгэлтэй, аманцардуухан хүн байсан. Өөрийн төрсөн хүүхэд байхгүй. Тэгээд ах бид хоёрыг өөрийн хүүхэд шиг хайрлана, бид ч гэсэн өвөө гээд амиа тавина. 
-Бага байхад өвгөчүүл тань сайхан дурсамж ярьдаг байсан гэлээ. Санаанд үлдсэн ямар тод дурсамж байна вэ?
-Сайхан морины тухай, хурдан гүйдэг хүний тухай, хүчтэй бөхийн тухай ярина. Төвд ном их уншина. Хөгшчүүд орж ирээд чамаас авсан номоо уншаад дууслаа гэнэ. Тэр үед ном уншсан хүн нэг баринтаг нэмдэг. Одоо Жадамбыг нь чинь авна аа ч гэж байх шиг. Тэр үеийн улс лам биш, хар байсан ч төвд дээр судруудыг уншдаг байсан. Багшийн адууг харлаа гэж ярьдаг байсан. Тэгэхээр тухайн үед номын багш байсан юм шиг байгаа юм. Түүнээс нэгдсэн сургууль гэж байсан биш. Би нэг хээр шүдлэн сургатал “Энэ Хүүхэний хээртэй ижил хийцтэй адуу байгаа юм. Их хурдан шүү” гэх мэтчилэн ярина. Одоогийнх шиг айхтар морь худалдаж авахгүй. “Танай азарганд нэг гүү тавьчихъя. Манай азарганд нэг байдас тавьчих” гэнэ. Тэгээд сайхан төллүүлээд, унага болоод бойжсон хойно нь гүүгээ аваарай гэж адууныхаа цусыг сайхан сольдог байжээ. Сумын наадамд түрүүлж, айрагдахад “Манай хүрэн азарганы төл байгаа юм” гэж байх жишээтэй. Тэгэхээр урьдын уяачид адууныхаа цусыг холдуулахын тулд их сэтгэл гаргадаг, бие биедээ харамгүй тусалдаг байжээ.
-Танай өвөөгийн адуунууд хаагуур тарсан, тэдгээр нь яаж яаж давхисан байдаг вэ?
-Манай өвөөгийн адууг Баян сумынхан их сайн адуу гэдэг юм. Манай өвөө адууг бүр багаас нь харгүй сайхан номхон сургаж эдэлнэ. Дааганд нь гурав зогсоочихсон адуу ахиж зогсдоггүй, шантардаггүй гэнэ шүү дээ. Аав намайг төрөхөөс өмнө Баян суманд сургуулийн захирал хийж байсан юм билээ. Манайх Баян сумаас цааш 40-өөд км-т Бөөрөлжүүт гэдэг газар байдаг. Энд манайх нутаглаж, зундаа гүүгээ барьж, аав маань намар наймдугаар сарын 20-доор аймагт болох захирлуудын семинарт дуудагддаг байлаа. Долоо хоногийн семинар хийхэд манай аав өглөө унагаа чагталчихаад 110-аад км хол газар давхичихдаг байсан. Тэгээд есөн цаг гэхэд аймаг дээр байж байдаг. Аймгийн семинар хийж байгаа байшингийн гадна морио машинаас үргэчихнэ гээд чөдөрлөчихдөг. Орой нь семинар дуусахад буцаад давхиад очиход гүүгээ тавиагүй, нар шингээгүй байдаг байлаа. Өдөртөө 200 гаруй км явдаг морь манайд олон байсан. Хамгийн сүүлийнх нь Амгалан хээр гэж хурдан морь байсан. Нэлээд өвгөрсөн хойно нь өдөржин цогиод, орой нь бодож үзэхэд 60-70-аад км газар 5-6 цаг явчихсан байдаг юм. Манай аавын унаж байсан Их зандан хүрэн, Бага зандан хүрэн морьд уналганд их сайн. Хотоос эм залъя гэхээрээ манайхаас унаа гуйдаг байлаа. Хоёр хүрэн морины нэг юм уу, Унаган дуут гэгч сайхан хээр мориныхоо нэгийг бариад өгчихдөг. Тэгээд Баян сумаас давхиж, Улаанбаатараас эм авчихаад оройдоо буцаад оччихдог. Адууг багаас нь эдлээд л ийм сайн болгочихдог байсан. Ер нь Баян суманд манай адуу нэлээн тарсан даа. Юмчин гуайнхаас азарга авч тавья, гүү авъя, унага, даага тавья гэсэн хүн зөндөө байдаг юм.
-Танай адуунаас улсын чанартай том наадмуудад орсон уу?
-Багаа Доржваа гэж манай хамаатан өвгөн байсан юм. Төв аймгийн 40 жилийн ойгоор буюу 1963 онд Багаагийн хүрэн үрээ соёолонд бил үү, орсон байдаг. Тэр бол яг манай адууных. Дээр үед 1960-аад онд нэгдэл нийгэм байгуулагдаж, зуны ажлын төлөвлөгөөгөөр их шахдаг байсан. Сүү, махны төлөвлөгөөтэй, хонины ноосоо хяргана. Ерөнхийдөө наадамд явахыг хорино. Манай сум чинь “Үхэр”, “Хонь” гэсэн хоёр бригадтай. “Үхэр” бригадын нутагт хоньтой айл бараг байлгахгүй. “Хонь” бригадын нутагт бас үхэртэй айл байлгахгүй. Адуу ч тоотой. Жишээ нь, манайх чинь говийн бүсдээ ордог. 75 толгой малтай байх ёстой. 75 толгой малаас 50 хонь байж болно. Тэгээд 12 үхэр, 12 адуу, нэг тэмээ. Тэгэхээр чинь 10 хэдхэн адуунаас хэдийг нь уях вэ, бас учиртай. Гэхдээ л манайх сумандаа айраг, түрүү алдахгүй ордог байсан.
-Б.Дугарсүрэн гуайн алдарт бага хар морь хэд хүртлээ уралдсан юм бэ. Улсад гурван удаа л орсон байдаг. Харин сум, орон нутгаараа олон түрүүлж, айрагдсан байлгүй?
-Дундговийн Дэлгэрцогтын наадам гэж овоо тахилгын мундаг наадам хийдэг байсан юм билээ. Тэр наадамд манай өвгөн аав явдаг. Намардуухан, наадмын дараа хийдэг байсан. Хүн хүчээ зохицуулдаг юм уу, нэг дор бөөнөөрөө явчихаж болохгүй байдаг ч байсан юм уу, өвгөн аав маань наашаа л явдаг. Намайг анх морь унаж эхэлсэн 1963 онд тухайн үед АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан Жамсран гуайн шийдвэрээр Төв аймгийн 40 жилийн ойг тохиолдуулан улсын наадмын морин уралдааныг Төв аймагт хийсэн юм. Тэр жил их насны морьд мянга гаруй мордсон. Би анх унаж байгаа, долоон настай хүүхэд. Манай ах эргүүлж тавьж өгсөн. Тэр үед номер байхгүй, би ч их морьтойгоо 168-д орсон юм. Тэгэхэд л маш дээгүүр, сайн орлоо гэж байсан. Тэгэхээр мянган мориноос 300-г нь барьсан юм уу, 400-г нь барьсан юм уу, бүү мэд. Мянган адуу уралдаж байгаа гэж айхтар тоос босч байсан гэсэн.
Манайх нэг сайн сүүтэй даагатай. Намайг унуулах гэснээ “Ээ дээ, даага юм байна. Арай том хүүхдээр унуулъя” гээд манай уяанд явсан Багаагийн охин Нямхишигээр унуулсан юм. Нөгөөдөх чинь айрагт ирж байтал яг барианд орохын үед салхи болоод ширүүн бороо орохгүй юу. Тэгээд жаахан хулгаад зургаалчихсан. Манай өвгөн “Мэдсээр байж хүүгээрээ унуулчихсан бол айрагдчихгүй юу” гэж байсан. Урьд нь би унаж байсан юм. Хүүхэд солих, хүүхдийг гомдоох, уйлуулахгүй байх ёстой гэж өвгөчүүд их ярьдаг. Учиртай л юм билээ. 
-Бага хар морь хэд хүрснийг нь та мэдэх үү?
-Мэдэхгүй. Лав л хурдан морьдынхоо толгойг нь хадгалж байгаад овоон дээр тавьсан гэж ярьдаг. Ямар овоон дээр тавьсныг нь мэдэхгүй л дээ.
-Уяачдын холбоо үүсгэн байгуулагдаад сүүлд Дугарсүрэн гуайд Алдарт цол өгсөн биз дээ?
-Өгөөгүй. ММСУХ-ноос гурав түрүүлсэн, дөрөв айрагдуулсан ч билүү, тийм хүмүүст Мөнгөн судар өглөө гэж байсан. Тэгээд би “Манай өвгөнд юм олддоггүй юм болов уу” гэж Буяндэлгэрээс асуутал түрүү, амжилт нь хүрэхгүй гэсэн. Хоёр түрүү, хэдхэн айраг байдаг учраас хүрээгүй биз.
-Таны өвөө Б.Юмчин ахаасаа илүү сайн уяач байсан гэж та ярьсан. Тэр хүн морь мал уяхдаа юун дээр илүү анхаардаг байсан бэ. Ахаасаа юугаараа давамгайлсан хүн байсан бол?
-Манай өвөө өвөл адуугаа их сайхан онд оруулдаг. Харин 1967 онд 46 жилийн ойгоор адуу онд муу орсон, тамиргүй болохоор уяхгүй гээд уяагүй. Тэр жилээ Налайхад байдаг манай нэг хүргэн ах намайг морь унаж өгөөч гээд улсын наадамд морь унаж, аман хүзүүдэж байсан. 45 жилийн ойгоор анх медаль гарсан юм билээ. 46 жилийн ойгоор медаль гэдгийг анх үзэж, төв стадионд орж, Ю.Цэдэнбал, Самбуу дарга нараас бэлэг авсан. Тэрийгээ очоод хөдөөний хүүхдүүдэд ярьж байлаа. Медаль гэдгийг хөдөөний хүүхдүүд мэдэхгүй. Ямар юмыг медаль гээд байгаа юм бэ гэнэ. Дээр үеийн аяганы амсар шиг их том байсан. Аяганы амсар шиг, улаан даавуун дээр хадчихсан морины магнай дээр зүүдэг юм байдаг юм гэж ярьж өгч билээ. Өвгөн аавын тухайд адуугаа тамир муутай орох юм бол уядаггүй. Тамиртай орсон адуунуудаа сайн уяна. Хавар уяан дээр уячихна, тэгээд хөтөлж, худгийн хүйтэн усаар усалчихаад л байгаад байна. Тэгээд салхины өөд харуулаад зогсоочихно. Хавар салхиар онгойлгочихлоо гээд л тавьчихна. Хэд хоног хүйтэн усаар услаад хөнгөрүүлж, гэдсийг нь солиод, салхины өөдөө онгойлгочихсон адуу наадам болтол гөлчийгөөд, тамир гоё авчихна. Тэр үед нь хөнгөхөн уяагаар, айхтар тарлалгүй харайлгаж цогиулаад л байдаг. Мотоцикль, машин гэж байх биш, “Салхиа сөрөөд миний хүү цогиорой. Магнайн хөлс нь бөнжигнөөд ирэхээр нь эргээд цогиод ирээрэй” л гэнэ. Ер нь дандаа чөдөрлөж уяна. Дээр үед өвс их гардаг болохоор чөдөрлөж уяхаар адууны хоолыг тааруулдаг юм. Өглөө адуу хумьж ирэхээр бүгдийг нь барина шүү дээ. Бэлчээртээ сайн идэж байна уу, муу идэж байна уу, идэш нь ямар байна вэ гээд харна. Хоол нь болсон адуугаа түрүүлж авчирч уячихаад л биднийг өглөөний долоо болж байхад дуудна. Тэгээд босоход аль хэдийнэ морьд уягдчихсан, шаврыг нь буулгачихсан байна. Орой морьд тавихад хэрэх морийг нь хэрээд, дан чөдөрлөхийг нь чөдөрлөөд, багачуудыг нь хөл гарыг нь халаачихгүй гээд сулдуухан тавина. Чийгэнд норсон олон чөдрийг маргааш нь сайхан тослож, мушгиад, чагт нь унасан бол сайхан янзлаад, чангалаад боочихно. Өлөн чийгтэй. Орой нөгөөдөхөө хэрэглэнэ. Чөдрөөр уях чинь их сайн гэдэг юм. Бороотой шөнө нэмнэчихнэ.
Харин одоо бол адууны бие махбод ч өөр болчихож. Тэр хэрээр уяаны технологи ч огт өөр болсон. Урьд бол тэжээнэ гэж байхгүй, хоолыг нь сайхан тааруулна, өвс ногоо ч сайхан гарна. Тэгээд сайхан услаад л болчихно. Борооны нэмнээ, нарны нэмнээ ч гэж байгаагүй шүү дээ. Яах вэ, дэвшилттэй л юм даа. Зун бол уяатай л байна, цагаан даавуу ямар юм байх вэ дээ. Өвлийн уналга, хаврын эдэлгээ гээд байнга зөөлөн эдлээд онгойлгочихдог. Адуунд гурван хөндүүрийг авна гэж ярьдаг байхгүй юу. Уяад онгойлгоод байгаа чинь гэдэсний хөндүүрийг авч байгаа хэрэг. Хавар цас ханзраад, бүр хайлчихаагүй мөстсөн үед унадаг юм. Тэр нь тавагны хөндүүрийг арилгаж буй хэрэг. Мөн зөөлөн унаж биеийн хөндүүрийг авна. Энэ гурван хөндүүрийг зөв авчихсан байхад адуу асуудал байхгүй, сайхан гэдэг байсан. 
-Их уяачийн залгамж халаа болоод морь уях эрдмийг шамдан хөөсөн танаас өөр ямар хүмүүс байна вэ?
-Манай Дугарсүрэн өвөө өөрийн хүүхэдгүй, сүүлд Шарав эгчийг өргөж авсан юм.
Шарав эгчээс бол олон сайхан хүүхэд төрсөн ч тэд айхтар морь уяхгүй. Өөртэй нь сууж байсан Дагдан гэж хөгшний дүү нь Багаа гэж яриад байгаа Доржваа. Тэр хүнд адуунаасаа тасалж өгч айл болгосон. Тэдний адуу Баян суманд их хурдан байсан. “Доржваагийн олон хонгорууд” гээд дандаа хонгор, зээрд адуутай. Уяан дээрээ уячихсан нь зээр, буга уячихсан юм шиг наранд гоё харагддаг байсан. 
-Харин танайхаас бол?
-Би дээрээ нэг ахтай. Манай ах бага насандаа надтай хамт морь унаж байгаад 1969 онд аравдугаар анги төгсөөд цэргийн байгууллагад орсон. Надаас долоо ах. Ахыгаа явсан хойно би хоёр өвгөнтэйгөө адуу мал дээрээ байгаад сургууль соёлд орж, таван жил бүр хөндийрчихсөн. Сургуулиа төгсөөд Налайхад гэр бүл, амьдралаа төвхнүүлэх гэж бас таван жил болсон. Түүний дараа л адуугаа залгамжилж авсан даа. Хөдөө байдаг манай аавын дүүгийн хүүхдүүд уядаггүй ээ.
Харин миний хүү Сарангэрэл гэж моринд их дуртай хүү бий. Сургууль соёлд явтлаа адуу малдаа явна, гүү малаа барина, хоёр дүү нь гүүгээ саана, сүү цагаан идээгээ боловсруулна. Зун хааяа нэг очиж, юм бас хэлнэ ээ. Уяачдын холбоонд ажиллаж байсан юм болохоор адууны шинжийг нүгэлтэй мэднэ. “Энэ чинь л болж байна даа, аав аа” гэнэ. Тэр нь тэр жилдээ айрагдчихдаг юм. Тухайн үед хүүгээ хэлэхээр тоохгүй маягийн байдаг хүн үйл явдал өнгөрсний дараа энэ чинь гадарлах маягтай болоод байгаа юм байна шүү гэж боддог болчихоод байгаа юм.
-Таны морь уясан гэдэг нь цаг хугацаагаар яривал хэдэн он болох юм?
-Би 1971 онд 17-тойдоо буюу есдүгээр ангиасаа эхэлж уясан. Баян сумандаа даагаа аман хүзүүдүүлсэн. Нөгөө даага маань 1973 онд хязааландаа Баянжаргалан сумын 50 жилийн ойд уяж очоод үхчихсэн. Манай өвгөн аав өндөр настай, бидний араас явсан юм. Би түрүүлээд явчихсан байсан. Өглөө мордоход нь хараагүй байхгүй юу. Морио үхүүлчихсэн хүн чинь өвгөн аавыгаа ирэхээр айлгүй яах вэ. Тэгтэл манай өвгөн аав загнаагүй, “Аав нь явсаар байгаад хоцроод ирчихлээ. Өглөө мордоход нь харсан бол явуулах, явуулахгүйг нь хэлэх байхгүй юу. Миний хүү яах вэ, яах вэ” гэж байсан. Би тэр үгэнд нь их урам орж билээ. Тэгээд сургууль соёл, амьдрал гээд тасарч байгаад 1985 оноос ахиад гардаж эхэлсэн. Гарамжав гуай чинь манай сумын хүн. Хүү нь Алдарт уяач Ганбат цэргээс ирээд, манай байгууллага адуучнаар авсан юм. Байгууллагадаа ч нэлээн адуу цуглуулсан. Би ч өөрөө адуугаа авчирч нийлүүлээд Ганбат малладаг. Гарамжав гуайтай 1996 он хүртэл цуг явж, их юм сурсан. Сүүлийн үеийн эрлийз, Тогоруу адууг яаж уях, саамлах, овъёос тэжээл өгөхийг манай Гарамжав гуай л эхэлсэн хүн шүү дээ. Бага Тогоруугаас Өсгий цагаан хар гээд хурдан хурдан адуунууд гарсан. Байгууллагын адууг ч уяулна. Гарамжав гуай өөд болсноос хойш ерөнхийдөө өөрөө бие даасан. Миний хувьд хүнээр ч уяулдаггүй, хүний юм ч уядаггүй. 
-Та 1971 онд анх даага айрагдуулж байсан гэлээ. Түүнээс хойш хэчнээн айраг, түрүү авсан бэ. Саяхан Нийслэлийн Алдарт уяач болсон байх аа?
-Сум, Налайхад олон айраг, түрүү авсан. 20 гаруй айраг, түрүү байдаг юм. Улсад бор морь айрагдуулсан. 2001 онд улс хувьсгалын 80 жилийн ойгоор шүү дээ. 
-Тэр наадамд Налайх гэж бичигдсэн байна?
-Баян сум гэж бичүүлээгүй гээд манай сумынхан их гомддог юм.
-Энэ цагаан морь хаанахын адуу байсан бэ?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын “ягш” хэмээх Цэрэн гэдэг хүний адууны гаралтай. Баянхутагийн “чөтгөр” Цэрэн гэдгээр дамжаад надад ирсэн. Энэ бас их түүхтэй. 1999 онд биз дээ, Архуст сумын бил үү, Архуст сангийн аж ахуйн бил үү, 30 жилийн ой болсон юм. Тэнд би морь уяж очоод, маргааш наадмын уралдаан эхэлнэ гээд мориныхоо ажлыг хийчихээд байж байтал мотоцикльтой залуухан хүн давхиад ирлээ. Мэнд мэдээд, цай цүү ууцгаалаа. Нөгөө залуу чинь “Би туувар тууж байгаа хүн байгаа юм аа. Намайг Баянхутаг сумын Цэрэн гэдэг. Багахангайн махны үйлдвэрт мал тушаах гэж яваа юм. Туувар тууж явахдаа азарга, их нас хоёр уяж яваа. Төмөр замын шонгоос уяатай байгаа. Маргааш өглөө танай уяан дээрээс мордуулчих уу, ах аа” гэлээ. “Тэг ээ, тэг” гэсэн чинь өглөө цагаан азарга, цагаан морь хоёр хөтлөөд ирлээ. Хачин гоё адуунууд юм аа. Цагаан азарга нь тавд, цагаан морь нь зургааллаа. Тэгээд нөгөө хүн чинь явахдаа “Танд нэг юм хэлэх үү. Та их нас дутмаг хүн байна. Миний цагаан морийг ав” гэлээ. Манайх Бөөрөлжүүтэд буучихсан байсан юм. “Тэгье, тэгье” гэв. Наадмаас хойш Баянжаргаланд 23-нд бил үү, түмэн адууны баяр болсон юм. Чи буцахдаа энэ түмэн адууны баярт уя, манайх Бөөрөлжүүтэд юм чинь хоёулаа өгөлцөж авалцъя гээд. Тэгээд би хазаарын залуу морь, сая төгрөг бэлэн өгсөн. “Манай охин ХААДС-д сурдаг. Төлбөр нь 300-гаад мянган төгрөг байдаг юм. Та тэрийг намар өгчихөөрэй” гэсэн. Нөгөө цагаан морь чинь Баянжаргалангийн түмэн адууны баярт тавд орчихлоо. Ингээд хурдан морьтой боллоо гээд тэжээгээд, өвөл 2-3 наадам болоход айрагдаад л байлаа. Их холч морь байсан юм. 15 км-ээс дотогш цээж рүү гарч ирэхгүй, дунд хавьд л байна. Уяа нь зөв, хөдөлгөөн нь зүгээр. Тэгээд цааш 20 км өнгөрөөд 22-23 болоод явчихвал ганцаараа л явдаг. 2000 онд улсын наадамд нөгөөдөхөө уяад ортол 65-д ирлээ. Сунгаанд түрүүлээд байсан юм. Налайхын сунгаа чинь тэр үед улсын наадмын өнгө, мундаг сунгаа байсан юм чинь. Тэр жил анх шаар хөөргөж, цаагуур нь эргэхээр туршсан юм. Тэгсэн нөгөөдөх чинь шааран дээр нь түрүүлээд яваад оччихож, бусад нь шаарнаас наагуур эргэчихсэн шүү дээ гэдэг юм. Тэгээд хойноос нь хөөсөөр байгаад 65-д ирчихсэн. Одоо яах вэ, ингэж л наадах ёстой юм байлгүй гээд орхисон. Нөгөө бага сага адуунууд нь 17-гоор явчихаж байна. Тэгэхээр ерөнхийдөө уяа зөв байгаа юм байна гэдэг ойлгоцтой болоод тэр жилдээ цагаан морио сайхан арчилж уяад 2001 онд уралдуулсан чинь айргийн дөрөвт давхисан. Тэгэхэд Ононгийн хээр түрүүлсэн шүү дээ. Буянт-Ухаад Ононгийн үзэж байсан газар миний цагаан морь долоод өнгөрөхгүй юу. “Жаахан зайтай бол энэ чинь л баллаж мэдэх юм явчихлаа даа, хэнийх юм бол оо” гэж байсан гэсэн. Алтангэрэлийн буурал, Батхүүгийн юу ч билээ, ар дээр нь явж очоод бариачийн дотор шурдхийгээд л дөрөвт орчихсон юм. Хойтон жил нь долоод давхисан. Бас хүүхэд солиод, буруутчихсан даа.
-Та ер нь хүүхэд сольж алддаг хүн бололтой?
-Би солиогүй юм. Өвөл миний морийг хүн авъя гээд байсан. Сарангэрэл ч Украинд сурч байсан. Хэд гурван төгрөг явуулах шаардлага гараад хүнд өгчихсөн. Тэгсэн чинь өөрөө уяад өг гэлээ. Өөрөө ч уясан, гоё ч байсан. Борко гээд хөөрхөн хүүхэд унаж байсан юм. Яг наадмын өглөө эзэн нь энэ хүүхдээр унуулна аа, энэ их сайн хүүхэд гээд аваад ирдэг юм байна. Нэр дээр нь бичүүлчихсэн, эзэн нь болохоор яах вэ дээ. Унуулахгүй үлдсэн хүүхэд нь уйлаад, би уначихъя л даа гээд байсан. Тэгсэн эзэн нь нөгөө хүүхдийг зайдан мордуулаад явуулчихсан. Тэгээд хойтон жил нь долоод орсон юм. Хүүхэд солиогүй, Боркотойгоо явсан бол ахиад айрагдах байсан. Тэр 65-д давхидаг жил шаар хөөргөнө, далан дээгүүр гарна гээгүй бол баригдах л байсан юм билээ. Ерөнхийдөө би их насыг уяж болох юм байна гэж ойлгодог болсон. 
-2003 онд дараа жил нь та өөрөө уяагүй юм уу?
-Уяагүй. Тэр хүн дээр очоод өвөл Налайхаас урагшхан томоохон наадам болсон. Нөгөөдөр уралдана гэж байхад нь би очиж харсан. Хоргой Батсүх гэдэг хүнээр уяулж байсан юм. Очоод хартал үнгэгдчихсэн юм шиг хачин болчихож. Их давхиулахгүйгээр нэмнээтэй нь хонуулж амраамаар ч юм уу гэж хоёулаа ярьж байгаад орхисон. Батсүх гуай тэр заавраар хийж, тэр өвлийн наадамд түрүүлж мотоцикль авсан. Батсүх гуай чинь мундаг уяач. “Чи бас айхтар мэддэг хүн байна шүү, би яг чиний хэлснээр болгосон шүү. Тэгж байж түрүүллээ шүү” гэж билээ. 
-Цагаан мориноос өөр таныг олон удаа баярлуулсан өөр морьд бий юу?
-Налайхад байхад манай нэг малчин байсан юм. Тэднийхээр очтол хонины хашаан дотор туранхай цавьдар үрээ уяатай байна. “Энэ юун адуу юм” гэсэн чинь “Маханд өгөх гэж байсан тууврын адуунаас хэдэн төгрөгөөр аваад үлдчихсэн юм” гэж байна. Хэдээр гэсэн чинь “100 мянгаар” гэнэ. Энийг чинь би авъя гэсэн чинь 300 мянгаар өгнө гэж байна. Тэгэхээр нь би Пунцагбалжир дээр очоод нэг мотоцикль өгчих, би нэг адуу худалдаж аваадахъя гэсэн чинь тэг л гэлээ. Тэгээд эргэж очоод нэг мотоцикль өгөөд авъя гэтэл “Үгүй, 300 мянгыг өгөөд ав, мотоцикль бидэнд хэрэггүй” гэж байна. Маргааш өгье гэж хэлээд өнөө адуугаа хөтлөөд хүрээд ирлээ. Тэгсэн чинь Гарамжав гуай гайхаж байна аа, “Чи ямар юм хаанаас хөтлөөд ирэв” гэж. “Рааш гуайн хашаанд байхаар нь аваад ирлээ” гэсэн чинь наадах чинь ер нь зүгээр юм байна шүү гэж байна. Туранхай гэж жигтэйхэн. Тэр чигээр нь саам өгөөд үргэлжлүүлээд уячихсан. Зургадугаар сарын 3-ны үе байсан байх аа. Хөлөрнө гэж жигтэйхэн, цав цагаан хөлс л гарна. Гарамжав гуай “Зүгээр ээ, хөхтэй адуу цагаан хөлстэй байдаг юм” гэж байна. Тэгээд нөгөөдөхөө уралдуулсан чинь улсын наадамд 17-д орсон шүү дээ. Дараа нь Баян суманд нэг түрүүлж, Чойрт тавлаад, өөр жижиг наадмуудад надад зурагт, хивс олон авч өгсөн дөө. Тэр үед хаана уралдаан болно, “Монел” зурагт, “Эрдэнэт” хивс, “Улаанбаатар” хивсээр байлдаг байлаа. Сүүлд нь сонсоод байх нь, Хэнтий аймгийн Мөрөн сумын цэргийн Ядам гэж хүний адууны гэж сонссон.
-Тэгэхээр таны нүд хоосонгүй байна шүү?
-Яах вэ, хоёр өвгөнийх. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хамбын Чунаг гэж улсын 50 жилийн ойд их морь тавд оруулсан нэг өвгөн бий дээ.
-Байдаггүй дээ. Дэлгэрхааны Санжаа л гэж байна. Зээрд морь дөрөвт орсон байна?
-Байхгүй байна гэж үү. Байх л ёстой доо. Нээрээ, Даваагийн Санжаагийн нэр дээр явуулсан гэдэг. Өөр номон дээр Чунаг гэж явдаг юм шүү. Даваанэрэн начны хүү Санжаа гэж Дэлгэрхааны хүргэн байсан юм билээ. Цуг даалуу тоглодог. Одоо Дэлгэрхаанд Чунагийн хүрэн морины хөшөө бий. Тэр Чунаг өвгөн надад эр бор даага өгсөн юм. Түүгээр азарга тавьсан. Тэр ч хурдалсан, төл нь ч хурдан. Одоо ч манайд төлүүд нь бий. Сундуйжав хөтөлж ирсэн юм. “Чи их хурдан адуутай болж байгаа юм байна аа, сайхан даага байна шүү” гээд л. 
-Одоо та дээдчүүлийнхээ унаган адууны суурьтайгаар л үржүүлж байна уу?
-Угшил дагасан гурван гүү бий. Гарсныг нь гүүг нь тасалчихгүйхэн шиг явж байна. Тэгээд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Тува адуу, эрлийз эр, охин сүвтэй юм аваад хооронд нь сольж сэлж тавиад л, хүнд өгөхийг нь өгөөд л байж байна. 
-Одоо бол Налайхаараа л уралдаж байна уу?
-Энэ жил адуу нэлээн сайн байсан, сайн ч орсон. Долдугаар сарын 7-нд манай Налайхад наадам болно гэж байсан чинь Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт давхцаад наадам маань бүр 22-нд болж хойшилсон. Адуугаа тавьж болдоггүй, үргэлжлүүлээд байж болдоггүй. Эхлээд долоонд болно гээд гурван сунгаагаа хийчихсэн байсан чинь дараа нь наадмаар хэд хоног зурагтаа үзэж цалгардаад, түүнээс хойш ахиад давхил хийгээд бүр замруулчихаж байгаа юм. Гэхдээ яах вэ, 10 дотор орсон. Тэгээд хамгийн гол нь хүүхэд байна. Манайх зургаан зээ, ачтай. Ганц хүү байгаа юм, тэр л унана. Хүмүүс ч  ганц эрх хүүхдээ морь унуулаад, ямар сонин юм бэ гэж гайхна. Цаана нь ген нь байгаа болохоор би өөрийнхөө морийг унана аа гээд л унадаг. Түүнээс албадсан юм байхгүй. Өөрийнхөө морийг унаж байгаа өөрийн хүүхэд гэдэг чинь аштай байх уу. Тэрийгээ хайрлана, энхрийлнэ гэж жигтэйхэн. Хүний хүүхэд ч байсан ялгаагүй. Ер нь манай хоёр өвгөн хүүхэд загнана гэж байхгүй. Уурга хугалчихсан байна, ховооны иш хугалчихсан байна, хүүхэд юм чинь морь барьж байгаад ганзага ч тасардаг юм уу, эсвэл муу ч уядаг юм уу, чөдөр хаячихна.
Айлын хүмүүс хүүхдээ загнаад л байгаа харагддаг. Манай хоёр ер загнахгүй. “Хаягдаа л биз, гарах л ёстой юм гараа биз” гэдэг байсан. 
-Хүүхэд гэснээс унаач хүүхдүүдийн эрхийн асуудал сүүлийн үед их яригдах болсон?
-Ноднин байна уу, уржнан байна уу, надаас нэг сурвалжлагч “Та хүүхдийг яадаг вэ. Хүүхдээр морь унуулах нь зөв үү, буруу юу” гэж асууж байсан. Одоо чинь гадаад, дотоодын улсад тэгж ойлгуулаад байдаг болчихож. Түүнээс бидний үед чинь үндсэн уламжлалт хөдөлмөр байхгүй юу. Манай тэнд худгаас дандаа ус авна. Тэмээгээ хөтлөөд, дээр нь модон ган тавьчихаад л усандаа явна. Худаг дээр очоод тэмээгээ хэвтүүлчихнэ, ховоогоо татаж арвын бидонд хийж, тэрийгээ өргөөд гандаа хийнэ. Усаа авсныхаа дараа шарваараа шууж чулуун дээр сууж байгаад хөлөө угаана. Тэгээд л хурга, ишиг, тугалд давхина. Мордоход байнга сануулна, миний хүү зөөлөн яваарай, үлий харж яваарай, олмоо чангалсан уу гээд л. Малд яваад чангарчихсан хүүхдүүд чинь мориноос айхгүй, харьцаад сурчихсан байдаг байлаа.
Одоо чинь хүний хүүхдээр морь унуулах гэж авчирчихаад морь барьж өгөхгүй байна шүү дээ. Муу бакалаа чирээд л халуунд явган нүцгэнээр морь тойруулна. Хөлсөлж ирчихээд тойруул гэнэ. Морины хөлд цус буулгахгүй гэж нэлээн сайхан алхуулах ёстой байхгүй юу. Хажуугаар нь машинтай давхиад “Чи урагшгүй, татсангүй, гуядсангүй” гээд л байнга загначих юм. Ирсэн хойно нь дал руу нь нударч ч байх шиг. Болох болохгүй үгээр загнаад л. Морь унуулахгүй, уячихсан морин дээр тавьчихаар чинь айхгүй яах юм бэ. Хөтлүүлэхгүй байна. Сайхан хөтлөөд тавиулж өгөх нь чухал шүү дээ. Тавина гэдэг чинь тэр хүүхдийг маш найдвартай хангаж өгч байгаа юм. Гараа руу явахдаа морио агсчуулахгүй, хүүхэд сэтгэл амгалан явна. Морь нь дугтчиж байгаад хүүхэд аваад явчихвал яана. Бас дээр үед дээсэн жолоо, суран жолоотой байсан бол одоо Хятадын мяндас ашиглаж, хүүхдийн гар зулгарч, цэврүүтэж байна. Тэрийг нь харсан ээж аав арай хэтэрхий байна аа гэхээс өөр яах юм бэ. Хүүхдийг өрөвдөж, энхрийлээд, өвөр түрийдээ оруулж унтуулдаггүй юм аа гэхэд хөнжлөөр хучаад, шөнө тийчээд хаячихвал лаагаа асааж байгаад хучиж, үсийг нь засч, толгойг нь угаагаад, арчлах ёстой шүү дээ. Нийтдээ биш л дээ, тийм уяачид харагдаж байдаг юм. Нэр усыг нь хэлээд яах вэ, зарим алдартай мундаг уяачид хүүхдээ жинлэж ч байх шиг. Дөрвөн кг, 35 кг-ийн ялгаа юу байсан юм. Өөрийг нь машинтай авч давхиад байх биш, энгийн үед морь унуулж малд явуулдаг, өнөөдөр чи тэр хүрчихээд ир гээд янз янзын морь унуулж дасгах юм бол моринд адтай болно. Сүүлдээ уяач, малчин болохыг хүснэ. Би сая хөдөөгүүр явлаа. Бүр сургууль соёлгүй, оргуулчихсан нь ч байна. Нэг танихгүй хүүхэд дөрөвдүгээр ангид орох ёстой ч нэг ч удаа сургуульд суугаагүй гэнэ. Өрөвдөөд, нулимс гарч байгаа юм чинь. Манай жаахан хүү пицца авч явснаасаа нэг хэрчмийг өгтөл халаасалчихаад уяан дээр очиж цаашаа харж нэг хазчихаад л буцаад халаасандаа хийж байна билээ. Хүний хүүхдийг  хайрлахгүй байгаа биз. Тэгэхээр яаж морь нь давхих вэ. Хүнд тэгж хандаж байгаа улс зохисгүй шүү дээ.
-Үнэхээр үнэтэй сургамж байж чадлаа. Ярилцлагынхаа төгсгөлд хоёулаа та болон таны үр хүүхдүүд уншихад сэтгэлд дотно байх сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-1967 онд Ардын хувьсгалын 46 жилийн ойгоор наадамд даага унаж аман хүзүүдсэн юм. Мандаа гэж манай хүргэн ахын даага. Стадион гэдэгт анх орж үзэж, цоллуулж, Самбуу даргад үнсүүлж билээ.  Том цагаан боодолтой юман дээр торго тавиад бэлэг өгсөн чинь хүүхэд юм хойно даахгүй алдахгүй юу. Нимгэвтэр торго байсан. Эмэг ээж маань тэр торгоор надад өмц, цамц хийн өгч, есдүгээр сарын нэгэнд хичээл эхлэхэд нөгөө торгон өмд, цамцаа хүрэн формныхоо дотуур өмсөөд сургууль дээрээ ирлээ дээ. Гэтэл баахан улс орж ирээд ариун цэвэр шалгадаг юм байна. Тэгсэн торгон цамц гараад ирэхгүй юу. Нэг багш “Чи яагаад ийм хачин юм өмсөв. Бас өмдийг хар даа, торгоор хийгээд өмчихөж. Наадахаа маргааш битгий өмсөөрэй” гэж байсан. Хожим бодох нь ээ, тэр үед нийтлэг оёчихсон цамц өмсдөг, сорочка ч байгаагүй. Нийгмийн хөгжил гэдэг чинь тийм байж дээ. Дараа нь 2001 онд дахин стадионд орж Энхболдоосоо шагнал, бэлэг авч, цагаан морио цоллуулсан хоёр сайхан дурсамж байдаг даа. Эхний удаа 13 настайдаа, хоёр дахь нь 45-тайдаа стадионд орж, хоёуланд нь мориороо орсондоо их баярлаж явдаг. Адуу бол сайхан амьтан. 
-Бидний урилгыг хүлээн авч, манай редакцид ирж сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны ярьсан шиг ийм нандин, баяр бахдалтай дурсамжуудыг үр хүүхдүүд, ач гуч тань өнө мөнх үе удмаараа эдэлж явах болтугай. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж явах болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна