Сумын Алдарт уяач Д.Лхагваа: Баянцагаан сумынхан Ажаагийн зэгэл азарганд асар өндөр үнэ амлаж байлаа

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 16 -нд

Төв аймгийн Баян сумын харьяат, сумын Алдарт уяач Доржваагийн Лхагва өнөөдрийн зочноор оролцож байна. 1953 оны зун Баянжаргалан сумын нутаг Жаргалант хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр нагац ахаа даган морь уяхын зэрэгцээ мал маллаж, сумын Аварга малчнаар шалгарч байжээ. 
-Энэ нутгийн нэрт уяачдын нэг, нагац ах Шагдарсүрэнгийн Доржваагийн тань талаарх дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Тэгье. Ах маань 1920-иод оны үед төрсөн хүн. Дөрвөн хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь. Нэг эгч, хоёр охин дүүтэй, айлын ганц хүү. Би Ажаа гэж дууддаг байсан юм. Ажаа маань  хотод цагдаагаар ажиллаж, Ю.Цэдэнбал даргын хамгаалалтанд хүртэл гарч байсан гэдэг. Тэгээд нутагтаа ирээд, миний эмээ Рэнцэнмядаг гэдэг хүнтэй хамт нэгдлийн үхэр олон жил маллаж, Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан удаатай.
-Миний эмээ гэсэн үү?
-Тиймээ. Хоёр хөгшин хүүхэд гаргаагүй учир ээж маань намайг төрөнгүүт нь өргүүлсэн юм гэнэ лээ. Би одоо тэднийхээ голомтыг сахиж явна.
-Тийм учиртай байх нь. Ажааг тань адууг дээдэлдэг хүн байсан гэх юм билээ?
-Огт уядаггүй байхдаа Баянжаргалангийн Намсрай багш гэдгээс хонгор азарга авсан юм билээ. Мөнгө хатуу байх үед 2000 төгрөгөөр авсан гэдэг  байх шүү. Тэр нь  Ардын хувьсгалын 35 жилийн ойд шиг л санагдаж байна. Улсын баяр наадамд зургаалаад, Баянжаргаландаа ч бас уралдсан юм билээ. Түүнээс хойш л хурдан морь сонирхон уядаг болсон байх.
-Улсад зургаалсан гэхээр хурдан азарга байжээ.
-Харамсалтай нь үхчихсэн юм. Харин хурааж байсан арваад гүүнийх нь үр төл дотроос Гунгаагийн хонгор гэдэг сайхан хурд  гарсан даа. Би хүүхэд байхдаа хонгор азарганы төл хязаалан үрээг унаж, Төв аймгийн 40 жилийн ойн наадмаар аман хүзүүнд хурдлуулж байлаа. Мөн 1973 онд зэгэл хонгор азарга маань Төв аймгийн 50 жилийн ойн баяр наадмаар долоод давхисан.
-Ажаа тань сумын баяр наадмын хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Тоог нь яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан одоогийн болзлоор бол сумын Алдарт уяачийг давсан. Үгүй дээ, аймгийн Алдарт уяач болчихсон л байгаа.
-Хамгийн гол амжилтыг нь авч ирсэн хурдан хүлгийг нь танилцуулаач?
-Бага хонгор гэдэг азарга соёолондоо болон долоо, наймтайдаа сумын баяр наадамд түрүүлсэн. Манай дүү Сүндэръяа унадаг байсан юм. Айргийнх нь тоог сайн хэлж мэдэхгүй байна. Мөн нэг түрүүлж, нэг айрагдсан зэгэл  азарга байсан. Хүрэн азарга нь болохоор шүдлэн, хязаалан, бүдүүрсэн хойноо тус тус түрүүлж, соёолондоо аман хүзүүдэж байлаа. Зэгэл азарганы ах зэгэл морь бас сумын баяр наадамд хоёр ч удаа түрүүлсэн.
-Зэгэл азарга нь анх уясан хонгор азарганы төл үү?
-Хоорондоо холбоо сүлбээтэй л байх. Бас Гунгаагийн хонгор азарга гэж алдартай хүлэг байлаа. Гунгаа гэдэг нь манай ажаагийн найз байгаа юм. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадамд шүдлэндээ таваар давхисных нь дараа авчирч цус сэлбэсэн дээ.
-Танайд ирснээсээ хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-Нэг их сайн давхиагүй. Харин олон сайхан төл өгсөөн. Төлүүд нь сайн давхиж байна. Манай дүү Нямхишигийн хонгор гэж сайхан хурдан морь байна.
-Ажаа тань улсын баяр наадамд явдаггүй байсан юм уу?
-Улсын баяр наадамд анх удаа очиж уралдаад, зургаалсан азарга нь нутагтаа ирээд унаснаас хойш сонирхол нь буураа биз, дахин яваагүй.
-Ажаагийнхаа морь уях арга туршлагаас хуваалцаач?
-Ажаа маань морийг өвөл барьж унаж, хөнгөрөөгөөд өвөл, зунд нь уралдуулна. Наадмаас хойш уралдуулахгүй, тэжээл энэ тэр хэрэглэхгүй. Нас насанд давхар уяна. Түүнийгээ “Морь хоорондоо ханьтай, онгойход хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарладаг байлаа.
-Хурдан морь шинжихдээ хэр байсан бэ?
-Мэдэх юмаа мэднэ ээ. Арга туршлагаасаа надад зааж өгдөг байлаа. Даанч би айлын эрх хүүхэд байсан болохоор нэг их шамддаггүй байсан юм. Уг нь би зургаан наснаасаа эхлээд ажаагийнхаа хурдан хүлгүүдийг унасан хүн шүү дээ. Манай энд гуравдугаар сарын 1-нд хаврын, наймдугаар сард намрын уралдаан болдог байсан. Ажаа маань намрын уралдаанд бараг оролцохгүй. Төв аймгийн Баянцагаан суманд 1000 төлийн баяр болоход нэг удаа оролцсон. Тэр наадамд Данзаннямын Даваахүү гуай оччихсон ажааг маань “Түрүүлэх азарганыхаа амыг нь татаад түрүүлгэсэнгүй” гэж байсан юм.
-Морь шинжиж таних, зөв эвлүүлж хурдлуулах, эмгэг согогийг нь засах зэрэг сайн уяачид байх ёстой хэд хэдэн чанар бий. Ажаад тань эдгээрийн аль нь илүү заяасан гэж боддог вэ?
-Ажаа маань зөөлхөн, цэвэрхэн уяж, мориныхоо хөлийг гамнадаг байсан. Одоо бол уяачид мориныхоо хөлийг их авч байна. Морийг гамнаж уяад, сунгааг нь аятайхан хийчихээр өөрөө уяагаа авчихдаг шүү дээ. Гэтэл өнөөгийн залуус мотоциклиор элдэж хөөгөөд л байх юм. Би хувьдаа үүнийг сайшаадаггүй юм. Хатгаж домнохын хувьд ажаа маань Бадамсүрэн гэдэг өвгөнөөр хатгуулдаг байсан юм. Маягтай ч хатгадаг өвгөн байлаа.
-Та ажаагийнхаа үеийн мундаг уяачдыг хэр сайн мэдэх вэ?
-Дийлэнх нь бурхан болчихлоо доо. Манай Доржсүрэнгийн аав мундаг уяач байсан юм. Нэг үрээ нь Улаанбаатарт Адуу сангийн ойд зориулсан уралдаанд аман хүзүүдэж байсан. Мөн Чагнаадорж гэж байсан. Хүү Ганхуяг нь Өгөөмөрт бий. Ажаа маань бас Цогтсайханы аав Хэнгэрэг агсантай хамт морь уядаг, Цогтсайхан бид хэд морийг нь унадаг байлаа.
-Та ажаатайгаа хамт энд тэндхийн олон л наадамд явсан байлгүй. Хамгийн сайхан наадмын дурсамжаа бидэнтэй хуваалцаач?
-Бид Баянцагаан, Баяндэлгэр, Баянжаргалангаар л нааддаг байлаа. Миний хувьд Данзаннямын Даваахүү ах орж ирээд ажаад минь зөвлөгөө өгөхийг харж суусан тэр наадам л хамгийн сайхан санагддаг даа. Ажаа маань хариуд нь юу ч хэлээгүй юм.
-Адуу малын наймаа арилжаа их хийдэг байсан уу?
-Зэгэл азаргыг Баянцагаан сумаас  авна гээд мөнгөний хатууд 15 мянган төгрөг амлаж байх вэ дээ. Ажаа маань тэгэхэд өгөөгүй юм. Үрээг нь хүн мотоциклиор авъя гэхэд ч бас өгөөгүй.
-Уг нь татгалзахааргүй л үнэ хэлж...
-Тийм. Хүн адууг нь сонирхвол “Уралдаад ирэг. Айргийн тавд ирвэл чи нэр дээрээ цоллуулаарай” гэдэг байсан юм.
-Та сумын Алдарт уяач цолтой хүн. Хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Би ажаагаа бурхан болсноос хойш уяж байна. Анхны жил их насны зээрд, хээр хоёр морь долоогоор давхиулсан. Ингээд бодохоор бас муу л уяж байсан байгаа биз. Дараа нь хээр азаргаа сумандаа айрагдуулсан. Тэр хээр азаргыг дааганд нь ажаа маань Баяндэлгэрт аваачиж уяж байсан юм. Түүнээс хойш би уяж, шүдлэн болон хязааланд нь сумын баяр наадамд түрүүлгэж, соёолонд нь гурваар давхиулж байлаа. Одоо ч нас 60 гарчихлаа. Хүүхдүүд залгаад уяна биз гэж бодож сууна даа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хэд нь морь уяж байна вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү маань морь уяж байна.
-Та морь уяж байхдаа юу, юуг цээрлэдэг вэ?
-Би эхээс долуулаа. Бид долуулаа ажаагийн хурдан морьдыг унаж өссөн. Энэ ч утгаараа багаасаа морь малтай ойр байж, ёс журмыг нь  мэддэг болсон улс. Морь уяж байгаа хүн бага унтаж, бага иднэ. Мөрийтэй тоглоом, архи дарсыг цээрлэнэ.
-Ажаа тань таныг багаас нь л моринд дуртай болгох гээд үзээд байжээ дээ?
-Ажаа маань намайг “Сонирхол муутай, залхуу юм” гэдэг байсан. Нутгийнхан маань ч бас “Лхагваа адуу сайтай, даанч залхуу юм” гэлцдэг юм.
-1990-ээд оны үед уяачид адууныхаа чанарыг сайжруулахын тулд сайн адуутай гэсэн газар бүрээс л адуу цуглууллаа шүү дээ. Уяачид танайхаас адуу хэр авч байв?
-Манай адуу ч сумаараа л сайн тарсан даа. Чагнаа, Шагдар, том Дашням гээд манай ажаагийн адууны угшилтай сайн адуутай хүмүүс олон байна. Доржоогийн зэгэлийн хөлгүй зэгэл гэж нэг хурдан адуу байлаа. Түүний төлийг сайн тараасан.
-Таны хээр азарга ажаагийн тань унаган адуу юу?
-Тийм. Хүрэн азарганы төл байгаа юм. Эх нь их догшин гүү. Манай эхнэрийн дүү Дашдондог гэдэг залуу хээрийг хусран даага байхад нь сургасан юм. Мундаг том биетэй болохоор барагтай хүн сургаж хүчрэхгүй байсан. Сургуулсныхаа дараа Баяндэлгэрийн 60 жилийн ойд уралдуулсан чинь ул нь цөмрөөд, уралдаагүй юм. Шүдлэндээ сумын баяр наадамд аман хүзүүдэж, хязаалан, соёолондоо айрагдаад, нас гүйцсэн хойноо 10-ын дотор л ирээд байсан.
-Бие дааж уяад, эхний хэдэн жилдээ ч ажаагаа үгүйлсэн л байлгүй. Ажаагийнхаа сургамж захиасыг хэр сахидаг вэ?
-Үгүйлэлгүй яах вэ. Би зөрүүд хүн шүү дээ, хүнээс асууна гэж үгүй, хүн дагаж явах ч үгүй. Өөрийн зоргоороо явбал явна, явахгүй бол явахгүй. Ажаа маань ч “Хүн дагаж, морь битгий уяарай” гэж захидаг байсан юм.
-Алдсан ч, оносон ч өөрийнхөөрөө гээд л үү?
-Тийм. Буруу, зөв нь хамаагүй, өөрийн санаа өөртөө л зөв.
-Баян сумын хамгийн мундаг уяачдыг нэрлээч гэвэл та хэн, хэнийг нэрлэх вэ?
-Падын Хэнгэрэг, манай ажаа хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Ганхуягийн аав Чагнаагийн хонгор гэж алдартай сайхан азарга байлаа. Сумын баяр наадмаас айраг, түрүү олноор нь авч байсан уяачид ч бас зөндөө, зөндөө.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна