МУ-ын Алдарт уяач О.Жамъяндорж: Буурал духт ааш муутай, хачин адуу байж билээ
Өнөөдрийн зочин хойморт Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Одсэрийн Жамъяндорж уригдан оролцож байна. Уншигч та бүхэн энэ хүнийг улс, бүсийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын "Их хурд-1" уралдаанд аман хүзүүдсэн Буурал духтаар нь эчнээ таних бизээ.
-Лүнгийн Жааяаг морь сонирхогчид хурдан Буурал духт азаргаар тань андахгүй ээ. Олны танил Буурал духт таных болсон түүхээс яриагаа эхлэх үү?
-1983 онд толин сартай халтар үрээ азарга тавихаар Даваахүүгээс авлаа. Бид дээхний найзууд л даа. Тэгсэн өнөөх маань өөдтэй азарга боломгүй санагдаад болдоггүй. Тэгж байтал Төв аймгийн 60 жилийн ойгоор Содномпил гуайтай танилцах сайхан завшаан таарлаа. Ингээд ярилцах далимдаа “Ах аа танаас нэг адуу авмаар байна” гэвэл “авъя гэдэг хүн зөндөө, гэхдээ авдаг нь цөөхөн л байдаг юм даа” гэнэ. Тэгсэнээ нутагт уяж байгаад Баян-Өнжүүлээс буцаагаад алдчихсан нэг хавчиг үрээ бий. “За яахав, чи оч” гэхээр нь уухай тас хүлээж авсан юм. Ингээд 1983 оны намар Буурал духтын эцгийг очиж авч байлаа. Манлай Дорноговь аймгийн Иххэтийн хоёр хөгшнөөс Батбуян гуайн адууны угшилтай эмнэг үрээ нанжин гахай гөлмөө, юутайгаа ч билээ өгч авсан гэж ярьдаг. Даваахүү Тод манлай болохоор шууд л Батбуян өвгөний адуу гэдэг юм билээ. Гэхдээ би судалж үзээгүй ээ.
Түүнээс жилийн дараа хавар нь Авирмэд гуайн талын угшилтай гүү өгч, 1985 оноос төлийг нь авах болсон юм. Хөөрхий минь, тэр азарганы эр болгон нь хурдалсан. Шарга морь, хүрэн морь гээд л. Лүнгийн Авирмэд гэж хээр азаргатай сайн уяач байлаа. Түүнээс би 1975 онд нэг үрээ авч азарга тавьсан нь сумдад олон айрагдаж, түрүүлсэн. Тэгэхээр эцэг нь Содномпил гуайнх, эх тал нь Авирмэд гуайн талын угшилтай адуу байгаа юм. Буурал духт Лүнгийн унаган адуу. Дааган цагаасаа хурдалж, 15-16 удаа түрүүлж, арван хэдэн удаа айрагдсан. Даагандаа сумынхаа баяр наадамд хоёр, шүдлэндээ Атар, Лүнгийн наадамд хоёр түрүүлээд, хязааланд нь азаргатай ноцолдуулаад уяж чадаагүй. Харин соёолонд нь Төв аймгийн 70 жилийн ойд, хавчиг азарга сумандаа тус тус түрүүлгээд, 1995 онд долоотой азарга Есөн зүйлийн даншигт айргийн гурваар давхисан. Энэ даншигт миний хүрэн азарганы төл соёолон үрээ түрүү магнай болж байлаа. 1997 онд байна уу даа, Булганы Баяннуур суманд болсон өвлийн улсын бүсэд гуравлаж, 1998 оны анхны “Их хурд”-д аман хүзүүдэн, найман сард нь давхар уяагаар Баянцагааны даншигт түрүүлсэн юм. Дараа жил нь улсын наадамд тавлаад, 2000, 2001 онд эндээ түрүүлснээс хойш уяагүй. Нийт 18 медальтай. Одоо үр төлүүд нь сайн давхиж байгаа. Буурал духтын охин талаасаа гарсан төлүүд их хурдан байгаа л даа. Би нэг шинэ цагийн хоёр дахь үеийн азаргатай юм. Түүндээ охин төлүүдээс нь хураалгасан аюулын сайн юм гараад байгаа шүү.
-Өвгөн хүрэн азарганы эр төл болгон нь хурдалсан гэж ярилаа. Гэхдээ Буурал духтын чинээнд хүрээгүй юмаа даа?
-Захиргаадалтын үе байлаа шүү дээ. Гадагшаа, дотогшоо наадамд явах боломжгүй. Дээр нь би чинь намын гишүүн ухаантай, бас аймаг, сумын депутат. Намын гишүүн хөдөө гарч, морь мал уябал ажил алдууллаа гэж шүүмжлүүлж, загнуулна. Би ч банга хүртэж, нэг жилээр машин барих эрхээ хасуулж л явлаа. Дундговийн Эрдэнэдалайд ачаа буулгачихаад Цагаан-Овоо руу Содномпилийнхээс унагатай гүүтэй, азарга ачаад ирсэн юм. 40 хэдхэн км газар л даа. Тэгсэн албаны машинаар адуу ачсан гээд донгодуулах нь тэр. Моринд дуртай юм болохоор зүгээр сууж чадахгүй ээ. Морины сунгаа хийж байсан аймгийн төлөөлөгч ирдэг юм байна. Тэгэхээр нь морины хөлс хусчихаарай гэж хусуураа өлгөчихөөд холоо очоод суудаг тийм л үе байлаа. Энэ мэт асуудлаас болоод хүрэн азарганыхаа үед ийш тийшээ явж наадаж чадаагүй. Хоёр жил уяад сумандаа нэг түрүүлгэж, Заамарт нэг айрагдуулаад хөлийг нь болиулчихсан юм.
-Хүрэнтэй хамт бас унагатай гүү авч байсан юм уу?
-Бид аймгийн 60 жилээр уулзахдаа үрээ авна гэж ярьсан юм. Тэднийд яваад очсон нүд унагасан соёолон хавчиг үрээ хэдэн гүү хураачихсан жигтэйхэн байнаа. Бариад авсан цамнаж, дүүлээд хангинаж унгалдаад байхаар нь “ганцааранг нь хангинуулаад яахав. Энэ унагатай халзан байдсыг нь авъя” гэвэл мянган цаас өгчихөөд ав гэсэн юм.
-Хүрэн азаргаа хэдээр авч байсан юм бэ?
-Дөрвөн мянгаар авч байлаа. Тэгэхэд хүн болгон ямар үнэтэй юм хэмээн толгой сэгсэрч байсан даа. Авъя л гэж авсан болохоор ганц ч цаас дутаалгүй өгсөн.
-Есөн зүйлийн даншиг бас л сэтгэлд үлдсэн сайхан наадмуудын нэг биз?
-Энд манай Лүнгийн уяачид сайхан үнэхээр сайхан наадсан л даа. Миний азарга айрагдаж, их насанд Базаррагчаагийн хар аман хүзүүдэн, миний соёолон хээр түрүүлсэн. Базаррагчаа бид ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Бас нэг дүүгийн хонгор шүдлэнг цоохор Чулуунбат гэж уяж түрүүлгэж байлаа. Түүнээс хойш манай Туулын Лүнгийн адуу сайн гэсэн яриа гарсан. Ер нь манай Лүнгийн адуу нэг хэсэг сайн байсан л даа. Даанч уяачид маань нэгдлийн ажлын дороос гарч чаддаггүй байлаа. Тэрнээс манай эндхийн моринд дуртай хөгшчүүд агт тууж зүүнтэйгээс цус их сэлбэсэн болохоор адуу нь сайн. Бас нутгийн эрдэм чадал төгс сайн уяачид ч олон байлаа. Санжаасүрэн гуай, Авирмэд гуай, Шоовдор гуай, Чойжил гуай, улаан Балжаа, хоёр Балжинням, адууны Баасанжав гуай, Хасбазар гуай гээд л. Одоо ч хорвоогийн жамаар тоотой хэд нь л үлдэж дээ. Гэхдээ удам залгаж буй залуус олон байна.
Буурал духтыг ид хурдалж байхад нэгэн үеийн зургаан азарга “мандаж” байсансан. Манай Засаг дарга асан Нямдаваагийн зээрд азарга, Рагчаагийн бор хээр, Хүрэлсүхийн зэгэл, Намдагийн хул, бор Даваасүрэнгийн халтар гэж байлаа.
-Анхны “Их хурд” ч аатай наадмуудын нэг дээ, тийм ээ?
-Тэгэлгүй яахав. Есөнзүйлд шүдлэн түрүүлгэж, “Их хурд”-ын урилга авч байлаа. Өнөөх хавчиг азаргаа хавчуулж аваад Лхүндэв, сахал Нямдорж хэдүүлээ нийлээд гарсан. Би эндээ нэлээн бэлтгэл хийчихээд очсон л доо. Тэгээд Хөтөлөөс урагш нь тонгойлгочихоод холдсон юм. Тэрнээс цаашаа ойртох ч эрхгүй юм билээ. Моломын хүрэн азарга, Жинст, миний хүрэн, Батхүүгийн хул, Сандагдоржийн хар, Даваахүүгийн хонгор гээд бөөн азарга явсан юм. Тэгээд барианд Жинст хонгортой ташаа дэрлээд л орсон доо. Айлынхаа охин хүүхдээр унуулдаг байлаа. Ер нь охид сэргэлэн, үг сайн авна гээд давуу талтай санагддаг. Буурал духтыг унаж байсан охин нэг нь хотод бий. Нөгөөх нь айлын хүн болсон байна.Тэр үеэр Содномпил Манлай Дундговь, Өмнөговийнхонтой ирчихсэн байхтай нь таарч билээ. Бид хүрнээсээ хойш сайхан харилцаатай өнөөг хүрлээ.
-Буурал духт уяа, давхил хурд, хэлбэр хийцийн хувьд ямар онцлогтой адуу вэ?
-Хэлбэр хийцийн хувьд их зузаан өргөн, мундаг том биш. Гэхдээ бага биш, булчин шөрмөс нь зангирчихсан, ааш муутай адуу л даа. Эвгүйдвэл өшиглөөд, хазаад л авна. Харин давхил нь их өвөрмөц. Гараад л явна, суухын зовлон байхгүй. Их хортой, айхтар. Бие хаанд эвгүй, муу ажил хийвэл манийг ч хавьтуулахгүй шүү. Тэгсэн атлаа бие нь хямралтай ч юм уу, тавгүй үедээ надаас өөр хүн хавьтуулахгүй. Би чинь аманд нь ганц шанага овъёос хийж үзээгүй. Ямарсайндаа Онон, “Жамиа ахад ганц шанага овъёос олдохгүй байсан юм байх даа. Шанага овъёос идчих юм бол үүнтэй юу нийлэхэв дээ” гэж байсан. Шанага бариад өөдөөс нь очвол цавчина, дайрна. Өвс ногоогоороо л явна. Баргийн хүн хөлсийг нь авахгүй дээ. Ер нь гэмтэй. Уралдаж яваад зэрэгцэж ирсэн адууг тап хийгээд хүзүүнээс нь үмхээд авна, их л хачин адуу байлаа.
-Зарим адуу хурд орохоороо ааштай болдог гэлцдэг?
-Эсрэгээрээ жинхэнэ гоё болоод ирэхээрээ зөөлөрчихнө. Баргийн алдааг тоохгүй. Ганцааранг нь давхил хийсэн ч хүлээц байхгүй, өөрийгөө дайчилчихна. Юмтай нийлсэн, нийлээгүй яг адилхан. Адуу юмтай нийлбэл нэг өөр, нийлүүлэхгүй бол бас нэг өөр байдаг даа. Уралдаж байхдаа эмгэг согог сууж, хөлөө авч байгаагүй. Тэжээл өгч байгаагүйтэй холбоотой байх. Одоо чинь хөлийн хурд, тэжээлийн чадал хоёр нь доошоо орчихоод байна уу даа гэж боддог. Даанч хөөрхий гар дээрээ үхүүлж чадаагүй дээ.
-Харамсалтай алдсан гэлцдэг юм билээ?
-Манай дүү хурандаа Эрдэнэбаяр, Билэгдэмбэрэл хоёр тэжээнэ гэж аваачсан юм. Тэгээд яахав жүчээнд орохоороо идэхгүй хаачихав. Мэдээж харамсалтай байлгүй яахав. Торонд орооцолдоод шанааныхаа арьсыг хуулчихсан. Тэгэхээр нь унагааж байгаад эмчээр оёулах гэсэн тэлчлээд харьтаа хугалаад цааш нь харуулчихсан юм гэнэ лээ.
-Та толгойг нь авч хадгалсан уу?
-Үгүй ээ, Дэмбээгийнд байдаг болов уу. Бид хамаатны улс л даа. Би асуугаа ч үгүй. Ерөнхийдөө надаас бусад нь эмээгээд ярьдаггүй юм. Тэгэхэд хөөрхий 18-тай л байсан, 1988 оны унага шүү дээ. Уралддаггүй юмаа гэхэд хоёр жил төлөө өгчих байсан байхаа. Эцгийг нь 20-той өнгөрүүлж байлаа.
-Эцгээс нь хичнээн эр төл гарсан юм бэ?
-Соёолон түрүүлсэн үрээ Авирмэд гуайгаас авсан нь миний хээр азарга байгаа юм. Энэ хээр азарганыхаа охин төлүүдээс өвгөн хүрэндээ таван гүү л өгдөг байлаа. Есөнзүйлд түрүүлдэг хүрэн соёолон чинь Буурал духттай эцэг нэг, эх өөртэй. Энэ соёолонгийн дүүг Дашинчилэнд ахдаа өгсөн нь Дашинчилэн, Гурванбулагт олон түрүүлсээн. Дашинчилэнгийн Дашбямбын хээр азарга гэж нэртэй хурдан адуу байлаа. Төлүүдээс нь энэчлэн шарга морь, хоёр, гурван ч хүрэн морь байсан. Бас унаач хүүдээ өгсөн хүрэн үрээ Заамарт хурдан азарга болсон. Мөн Засаг дарга Нямдаваад Буурал духттай чацуу эр унагатай гүү зарж байлаа.
Харин Буурал духтын маань төл нэг сайхан хээр азарга одоо бий. 15 хүрч байна. Даага, шүдлэндээ жигтэйхэн хурдан байсан. Даанч би хязаалан үрээ уурга зүүж хулжааж алдаад хад руу нисгэж, хамрыг нь цөмөлчихсөн юм. Хоёр хоног ирэхгүй байсан чинь хамрынхаа арьсыг хуулчихсан, яс нь цөмрөөд өтчихсөн ирсэн. Түүнээс хойш давхихаараа хамар нь тачигнадаг болчихсон. Одоо төлийг нь аваад л байж байна.
-Буурал духтын нэр улсад гарснаас хойш таныг зорих хүмүүс олширсон уу?
-Ирсээн ирсэн. Гэхдээ би гадагш нь нэг их тараагаагүй. Энд суманд манай дүү нарт голдуу бий. Ер нь би нэг их үрдэггүй, байж байг. Би чинь бас хоёр хүүтэй хүн.
-Ер нь адууны наймаа хийдэггүй юм уу?
-Тийм ээ хийдэггүй. Буурал духтаа таваас илүү гүүтэй байлгаж ч байсангүй дээ. Нэгд, тэжээлгүй. Хоёрдоод ирэхэд урьдны улс уралдах азарганд олон гүү хийдэггүй гэдэг дээ. Би хязаалан үрээ сумандаа уралдуулж чадаагүй. Уралдахын урьд азаргатай ноцолдуулаад хөлийг нь хазуулчихсан. Бас л нүгэлтэй азаргасана шүү дээ. Багадаа юм элдээд байдаг байсан. Тэгээд хязаалангийнх нь намар гүү хураалгаад, дөрвөн гүүтэй соёолон үрээ аймагт түрүүлгэсэн юм.
-Та “Буурал духтаа ид хурдалж байх үед нь улсын наадамд шандас сорьсон бол Манлай уяач цол авчих байлаа” гэж ярьсан байсан. Харамсдаг уу?
-Би чинь Буурал духтынхаа амжилтаар МУ-ын Алдарт уяач цолыг 1999 оны цагаан сараар авч байлаа. Яахав соёолон болохоос нь өмнө улсад хөтлөөд очсон бол Манлайд дөхөх байсан байх л даа. Захиргаадалтын үе гэдэг хэцүү. Нэгдлийн адуунаас уяхгүй бол амралт олдохгүй ш дээ. Нэгдлийн гурван суурь адуу байна, сонгоод уя. Үгүй бол амралтыг чинь өгөхгүй, амьтан хүн барьцаад байна гэнэ. Тэгээд 1981 онд нэгдлийн адуунаас бор халзан хязаалан үрээ уясан нь суманд түрүүллээ. Энэ үеэс нэгдлийн болон өөрийнхөө морийг уях зөвшөөрөлтэй болж, амралтыг нь зургаан сард өгч байх сум нэгдлийн даргын тушаал гарч билээ. Одоо ч сайхан болж. Даанч нас яваад өглөө дөө. Миний зээ хүү адуунд их дуртай болохоор уяаны ажлыг маань залгах болов уу гэж харах юм.
-Шинэ залуу уяачид зөвлөгөө авахаар их ирэх үү?
-Одоо ч хүүхдүүд сайн уяж байна шүү. Жамиа ахаа яахав гээд ирдэг л юм. Ирсэнд нь мэддэгээ сэтгэл харамгүй хэлээд л явуулдаг. Би ч залуусыг ажлаа зохицуулж байгаад гарч уралд л гэж их зөвлөдөг юм. Бас заримыг нь дагуулаад явна. Бидний үед арван хэд хоног хөлөөр нь туугаад гардаг байлаа. Одоо өглөөд нь яваад оройд нь ирдэг сайхан болчихоод байна. Тэгэхээр боломжийг алдаж болохгүй л гэж боддог.
-Та 1990 оноос хойш яагаад гарч наадаагүй юм бэ?
-Нэг л тохироо бүрдэж өгөөгүй юм даа. Сумын наадам бол сумын наадам, том наадам бол том наадам шүү дээ. Үнэндээ зарим нь ч санаанд таарахгүй юм. Нөгөө талдаа унаач хүүхэд бас олдохгүйн зовлон байна. Суманд бол морь унуулах хүүхэд захаасаа аваад олдож байна. Гэхдээ том наадамд аваад явъя гэхээр эцэг эх нь “манай энэ ч явж үзээгүй” гээд татгалзах юм.
-Сүүлийн жилүүдэд ямар, ямар хурдан адуунууд уяж хурдлуулж байна вэ?
-Манай Билэгдэмбэрэл хоёрдугаар үеийн шинэ цагийн цустай хонгор алаг үрээ өгсөн. Тэрийгээ хязаалан жил нь улсад очиж арваар давхиулаад, 2009 оны Ламын гэгээний наадамд очиж 11-т оруулж, соёолонд нь эндээ түрүүлгэчихээд байгаа юм. Тэр улсын наадмаар дүүгийнхээ шүдлэнг уяж 30-аар давхиуллаа. Хойтон жил нь соёолон, хязаалан эндээ түрүүлгэчихээд, Өвөрхангайн Баян-Өндөрт болсон бүсэд уралдуулах гээд аваад очсон шинэ цагийн адуу гээд хасчихдаг юм байна. Тэгэхээр нь Хэнтий аймаг руу “Сэцэн ханы хурд”-д очсон дахиад л хасчихлаа. Ингээд улсад эрлийз ангилалд хавчиг азарга зээ хүүгээ унуулаад мордууллаа. Тэгсэн хоёр Англитай гурвуулханаа тасарч явснаа хадуураад цанын бааз руу алга болоод өгдөг юм даа. Түүнээс хойш улсад очоогүй ээ. Эндээ найм түрүүлж, дөрөв аман хүзүүдчихээд байсан ч ноднин хөл нь эвгүйтчихсэн. Одоо төлүүдээс нь уяж байна.
-Ярилцлагаа Алдартын моринд орсон түүхээр үргэлжлүүлмээр байна. Ихэнх уяачид удам дамжсан байдаг даа?
-Миний ээж эндэхийн, аав Заамар хүн байгаа юм. Би чинь дунд сургуулийн долоодугаар анги л төгссөн хүн. Тэгээд 1962 онд жолооч болж, 1965 оноос гурван жилийн цэргийн алба хааж ирээд л жолоо мушгилаа. Манай хөгшин ч эндхийн хүн. Бид дөрвөн охин, хоёр нь хүүтэй.
Аав маань Заамартаа л морьдоо уяж, нааддаг байлаа. Холдоо Дашинчилэн, Бүрэгхангайгаар наадахад нь би унаачаар явдагсан. Олон ч жил унаач явлаа. 18-19-тэйгээсээ жолооч хийгээд нэг хэсэг адуу малаас хөндийрсөн л дөө. Тэгж байтал аав маань “нас ахилаа, би чадахаа байлаа. Хэдэн адуугаа чи ав” гэж үглэх болсон юм. Ингээд 1977 онд Авирмэд гэж хүнээс соёолон үрээ энд түрүүлэхэд нь авч азарга тавиад л эхэлсэн дээ. Үүнээс жилийн дараа хээр азаргаа соёолон түрүүлгэж, 1979 онд Угтаалын фестивальд тавлуулаад, намар нь Заамарт түрүүлгэсэн. Ингэж байгаад дээр ярьсанаар 1981 оноос морь уях нүүртэй болж билээ.
-Морь уях төрийн хэрэгт шимтсэн Алдартын хөдөлмөрийг үнэлсэн медалиуд олон байх нь ээ?
-Би ч жолооч л хийж явсан хүн. Энэ хугацаанд долоо, найман удаа Хөдөлмөрийн аварга боллоо. Бас аймаг, сумын депутат хийж явлаа. Хөгширсөн ч засаг мартдаггүй бололтой. Гурав, дөрвөн жилийн өмнө Хөдөлмөрийн хүндэт медалийг, ноднин аймгийн 90 жилийн ойгоор Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.
-Эрлийз, монголоор нь ялгаж уралдуулах талаар маргаан тасрахгүй л байна. Та энд ямар бодолтой явдаг вэ?
-Би I-IY их хуралд төлөөлөгчөөр дараалан суулаа. Өнөөдөр шинэ цагийн адууг болиулж чадахгүй шүү дээ. Адилхан адуу ч бие хаа, давхилын хувьд ч шал өөр. Жийп, 69 хоёр шиг л гэх үү дээ. Энийг манайхны уяачид, холбооны тэргүүн, тэргүүлэгчид бүгд мэдэж байгаа. Гол ялгаж салгаж чадахгүй байгаа юм. Энэ тухай хоёр жилийн өмнө би хурал дээр хэлж л байсан. Ялгах нь зөв. Гэхдээ муу ялгаж байна. Муу ялгаснаас болж монгол цустай адуу нь хөлгүй болоод байна шүү дээ. Энэ нь хуучин цагийнхаа адууг чирч, үрж байгаа шахуу болоод байна.
Жишээ нь, Дамбын Хишгээгийн шаргыг аман хүзүүдэхэд барьж л байгаа юм. Уг нь гуравт билүү, дөрөвт ирсэн хүрэн үрээ жинхэнэ монгол байсан. Тэгэхээр баян таргандаа байна уу, эсвэл эрхтэй дархтай байна уу. Яс шалгаж чадахгүй л байгаа юм даа.
-Түүнчлэн хаврын уралдаан ч багагүй хэл ам дагуулаад байгаа шүү дээ?
-Их хүйтэнгүй, айхтар зуд турхангүй энэ өвөл шиг байхад болохгүй юм хаа байхав. Тэрнээс зудтай үед малдаа ч, хүүхдэдээ ч, маньдаа ч хэцүү л дээ. Гэхдээ бүр больчихож болохгүй. Тамирчин хүн өвөл, зунгүй л олимп, наадмын бэлтгэлээ хийдэг. Тэгэхэд энэ хэдэн адуугаа өвөлдөө хаячих юм бол хойтон жил нь гахай шиг л болно, нядлахаас өөр аргагүй.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай.
У.Энхмаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.9.43.55
Нутагийн минь сайхан уяач ахдаа. Таньдаа эрүүл энх сайн сайханыг хүсэе.
Reply