МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр: Аавынхаа захиасыг биелүүлж, бор адууных нь голомтыг таслаагүй л явна
Тэлмэн
2014 оны 11-р сарын 05 -нд
Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Донойдоо түүний үр сад морьтон түмний бахархал билээ. 1933 онд АХ-ын 12 жилийн ой үндэсний их баяр наадамд Нялга сумын уяач Нэрюүн Донойдоо Балданжанцангийн улаан хээр шүдлэнг түрүүлгэж, өөрийн бор шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулсан байдаг бол түүний хүү Гал унаган хүрэн морио төрийнхөө наадамд гурав түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлэн 20-р зууны шилдэг хүлгүүдийн нэг болгосон билээ.Харин түүний хүү ММСУХ-г үүсгэн байгуулагч, МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр АХ-ын 80 жилийн ой буюу 2001 онд хүрэн хязаалангаа айргийн гуравт хурдлуулж, 2008 онд Д.Галын зээ хүү Мэндбаярын Мөнхбаясгалан "Бүлтэн" халтар морио айргийн тавд хурдлуулан төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан анхны уяачид болсон билээ. “Тод магнай” сэтгүүлийн 57 дахь дугаарын зочин хойморт дөрвөн үеийн эрдэмт уяачдын төлөөлөл шинэхэн Манлай Галын Баттөмөр уригдан оролцож, сонирхолтой хууч дэлгэснийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Намрын налгар сайхан өдөр сэтгүүлийн маань зочин хойморт саатсан танд талархал илэрхийлж, аавынхаа цолонд эрэмбэлэгдсэнд баяр хүргэе. Морин жилд сайхан наадав уу?
-Баярлалаа.Сайхан наадлаа.Өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Баянжаргалан сумандаа ах дүү нартайгаа морио уяж, уралдуулсан. Архустын сангийн аж ахуй байгуулагдсаны ой болж соёолон түрүүлгэн, их нас гуравт давхиуллаа. Мөн Баян сумын 90 жилийн ойд их насны морь айрагдуулж, дүүгийн шүдлэн түрүүлсэн. Томоохон наадам гэвэл Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд азарга, их морьтой очиж хорин хэдээр давхиулсан. Энэ жил иймэрхүү маягтай л наадлаа даа.
-Уяачдад цол гардуулах үеэр эзгүй байсан.Цол олгох гэж байгаа талаар дуулаагүй байсан хэрэг үү?
-Уг нь 2008 онд баяр наадмын тухай хуулиараа Манлай уяач цолны болзол биелүүллээ гэж яригдаж байсан.Нэг түрүүг хоёр айрагтай дүйцүүлж тооцдог дүрэм журамтай байхад шүү дээ.Тэгээд яасан ч юм болоогүй.Тэгсэн энэ жил дахиад тодорхойлогдож байна гэж дуулдсан.
-Ерөнхийлөгчийн зарлиг уншиж байх тэр торгон мөчид хилийн чанадад байгаа дуулдсан?
-Цол гардуулах үеэр Швейцарьт байсан. Өвөл нь хүүхдүүд дээрээ очдог юм. Манай хүүхдүүд Англи, Швейцарьт ажиллаж, амьдардаг.
-Утаанаас дайжих маягтай?
-Утаа ч биш ээ, хүүхэд шуухад харах ажилтай л явна шүү дээ. Холбооноос Манлай уяачид тодорхойлж байна гэж сонссон л доо. Шийдийг нь гартал хүлээе гэж байтал яг Цагаан сарын урьд өдөр зарлиг гарсныг нь мэдсэн. Тэгээд яаж ирэхэв. Амжаагүй. Гэхдээ тэндээ үр хүүхдүүдтэйгээ баярлаж, гэр бүлээрээ тэмдэглэсээн.
-Төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Донойдоон удмын хоёр дахь Манлай уяач болохдоо хэр догдлов доо?
-Аав маань сайн уяач байсан. Өвөө ч ялгаагүй сайн уяач гэгддэг.Би бол нүүдэлчин монголчуудын заншлаар дөрөв, таван настайгаасаа эхлээд 13-14 хүртлээ морь унасан хүн. Дараа нь манай дүү нар унасан. Аавын тэр хурдан хүрэн морийг чинь би анх унаж суманд түрүүлгэж байлаа. Яахав, цолны хувьд би нэг их айхтар сайн уяач биш гэж өөрийгөө дүгнэдэг.Цол гэдэг юмыг эрт хөөцөлдөөгүй. Байдгаараа л байя, тэрийг нь дутуу хагас авахгүй юмсан гэж бодож түүнд нэг их яараагүй ээ.Олон түмэн ч бас мэдэх байх.
-Ер нь хэдий үеэс уяа эвлүүлэх болсон бэ?
-Манай аав хүүхдүүддээ хурдан адуунаасаа өгдөг байсан л даа.Надад нэг саарал даага өгөөд, би түүнийг нь 1962-63 оны үед МУИС-д оюутан байхдаа уяад, шүдлэнд нь аймгийн ойгоор түрүүлгэж байлаа.Дараа нь саарал үрээ маань 1968 онд билүү дээ азарга болсон хойноо улсад гуравт орсон. Аавын нэр дээр уралддаг ч нарийндаа миний өмчийн адуу байхгүй юу. Дараа нь Говьсүмбэрээс нэг хүрэн морь авч 1995 оны хавар Хэрлэнгийн Хөдөө аралд болсон манай холбооны анхны том уралдаанд түрүүлгэсэн. Анх өөрөө уяж хурдлуулсан нь тэр л дээ.
-Хаврын анхны уралдаан төдийгүй анхны хамгийн өндөр бай шагналтай уралдаан байсан гэдэг шүү дээ?
-Сая төгрөгийн шагнал гэдэг тэр үедээ өндөр ханш байлгүй яахав. Азарга, их насны морь уралдуулж, будилаангүй сайхан наадам болж байлаа.Их нас 542, азарга 350-иад мордож байсан юмдаг.Хаврын уралдаанд тийм олон адуу уралдсаныг би өөр мэдэхгүй.Тэгэхээр олон түмний хувьд хүсэн хүлээсэн наадам байсан байгаа биз.Тэндээс л бид нийт монголчуудаа хамарсан том уралдаан хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо.
-“Их хурд”-ын санаачлага тэр үеэс гарсан гэж үү?
-Тэгэлгүй яахав. Гурван жилийн дараа 1998 онд анхны “Их хурд” уралдааныг эртний нийслэл Хар хоринд хийсэн шүү дээ.
-Хэрлэнгийн Хөдөө аралын хаврын уралдаанаас хойш улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Гурван түрүү, есөн айраг юм уу даа.
-Бидний хөөрөлдөн суугаа энэ мөчид таны өвөг дээдсийн талаар дурсахгүй өнгөрөх учир үгүй. Адуунд угшил, хүнд удам гэж дээдчүүл ярьдаг. Таны өвөө Донойдоо гуайн талаар ярилцъя?
-Манай өвөө Нэрюүн Донойдоо гэж хүн байсан гэдэг.Намайг төрөхөөс өмнө буюу 1930 хэдэн онд нас барчихсан юм гэнэ лээ. Би чинь 1942 онд төрсөн хүн шүү дээ. Морь уядаг, барилддаг байсан гэлцдэг юм. Дээр үеийн хүн учраас зураг хөрөг нь байдаггүй юм. Өвөөгийн хоёр ахын нэг нь улсын начин, нөгөө нь зүүн Чойрт лам байсан юм гэнэ лээ. Дүйз харахад Нэрюүн Данзан гээд нэр устайгаа бий.Аав ч бас удмаа дагаад барилддаг байсан. Аав болоод нутгийн настай улсын ярих нь манай дээдчүүл цагаан бор голдуу адуутай.Тэдгээр нь Жамсран хиа, Дамдин хиагийн үед их хурдалж Боржигон хошууны даншиг наадмаас их олон айраг, түрүү авч байсан гэх юм билээ. Манай аав “энэ бор адуу 6-7 үеийн юм шүү, та нар их сайн авч явах ёстой. Удмыг нь тасалж болохгүй шүү” гэж захидаг байсан.Түүндээ ч өөрөө хүрч улсын наадмаас таван түрүү, зургаан айраг авч дээдсийнхээ удмын адууны угшлыг их сайн авч явсан даа. Тэр үед чинь одоотой адил олон наадамгүй. Жилдээ нэг л удаа нааддаг. Гантай зарим жил ирж чаддаггүй тийм л байлаа шүү дээ.
-Бор адуут Донойдоон удмыг өндөрт өргөсөн аавынхаа талаар арай дэлгэрэнгүй хууч дэлгэх байх?
-Манай аав эцэг эхээс долуулаа. Дээр ганц эгчтэй, айлын ууган хүү. Доороо гурван эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Айлын ууган хүү юм чинь эрт тусад орно шүү дээ. 14-тэй байхдаа адууны оторт явж байсан гэдэг юм.Аав ээж нь төрийн хар хүн болгоно гээд лам болгоогүй багаас нь адуу малтай ноцолдуулсан юм билээ.Багадаа аавдаа туслаад морь уяж л байсан байлгүй дээ. Хошуу наадамд манайхаас зөндөө л айрагдаж, түрүүлж байсан юм гэнэ лээ. Тэгээд 1930 хэдэн онд цэрэгт яваад халагдаж ирсэнийхээ дараа манай ээжтэй суусан юм шиг байгаа юм.
-Ээж тань Баянжаргалангийн хүн үү?
-Тиймээ. Яг төрсөн газар нь одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутаг болдог. 1930 хэдэн онд багаараа манай суманд нүүгээд ирсэн юм гэнэ лээ. Тэгээд л манай ээж, аав хоёр суусан юм байлгүй дээ.
-Хэдий үеэс морь уяж эхэлсэн гэдэг вэ?
-Сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан намайг таван настайд анх морь унуулж байсан гэдэг чинь 1947 онд морь уяж байсан гэсэн үг болж байгаа юм. Бид эцэг эхээс тавуулаа. Би айлын том нь. Миний дараагийн дүү Мөнхбаясгалангийн ээж Хэнчбиш шүү дээ. Одоо манай хамгийн бага эмэгтэй дүү 60-тай хөгшин бий.
-Монгол түмэн аавыг тань алдарт хүрэн мориор нь андахгүй. Сайн хүлэгтэйгээ учирсан сонин түүхийг манай уншигчдад дуулгаач?
-Сонин л түүхтэй юм билээ.Төв аймгийн Баянжаргалангаас урагшаа Нялга уулын талд арван мянган адуу оторлодог, хужир устай Сайн хөөт гэж сайхан тал бий. Тэр жил манайх түүгээр нутаглаж байж л дээ. Анхны хүү нь гарчихсан муу аав, ээж хоёр минь хөл хөөрцөг болж байсан юм байлгүй дээ.Манай хөгшин ээж Цэнджав гэдэг хүн байсан юм. /Аавын ээж/ Боржигон хошуу ноёны хамаатан садны хүн байсан шиг байгаа юм. Авхай л гэж нэрлэдэг байсан.Тэр жил газрын гарц муу байсан уу бүү мэд манайхны адуу отроор Хэнтий аймгийн Дархан сумын нутагт ирчихсэн байсан юм гэнэ лээ. Манай аавын хамгийн бага дүү Цэрэндагва гэж багаасаа адуу малд иртэй хүн байсан юм.Тэр ахыг идэшний хоёр адуу авчир гээд явуултал нэг нь шүдлэн гэдэг билүү хязаалан гэдэг билүү хээр байдас авчирсан юм билээ. Тэрийг нь харчихаад манай хөгшин ижий, “чи ийм эцэнхий амьтан муулаад хэрэггүй. Хүү чинь халуураад байна. Буцаагаад хөтөлгөөд явуул. Амийг нь гуйгаад тавьчих” гэсэн юм гэнэ лээ.Тэр хээр гүүг би муухан мэднэ л дээ. Бөгтрөгтэй хээр гүү байсан юм.Тэр хээр гүүнээс гарсан төлөөс нь гурав нь мал болсон юм гэнэ лээ. Анхных нь жигтэйхэн догшин, булгиад дийлддэггүй бор морь байсныг сүүлд малийнд өгчихсөн юм гэнэ лээ. Дараагийнх нь хүрэн морь. Гурав дахь нь Минжин бор гэж улсад зургаалж байсан азарга. Түүний үр төлүүд нь одоо ч бидэнд бий. 2012 онд байхаа, би Дүнжингаравт бор морь гуравт оруулсан шүү дээ. Тэр бол Минжин борын удмын гүүнээс гарсан адуу байгаа юм.
-Хүрэн морины эцэг нь ямар азарга байсан гэдэг вэ?
-Яг Донойдоо өвгөний адууны хүрэн бор азарга гэнэ лээ. Манай ээжийн төрсөн дүү Намсрай гэж хүн бий. Одоо 80 гарсан хөгшин байна. Тэр ах маань 12-13 настай хүүхэд байхдаа адуу маланд явалцдаг байж л дээ. Тэгээд тэр ах маань хүрэн морийг хүрэн борын төл байх гэдэг юм.Сая хэлдэг Дүнжингаравт айрагддаг бор чинь нарийн яриад дээшээ хөөвөл мөн л хүрэн морьтой нэг цусны адуу болно.
-Соёолонгоосоо эхэлж уягдсан гэдэг. Бага насанд уяж болохооргүй байсан юм байх даа?
-Манай тэр хавьд цэргийн тэмээ хариулдаг байсныг би муухан мэддэг юм. Тэр үед манай аав хоршоо дарга байлуу, ямар ч байсан суманд нэг ажил хашдаг, манайх төвд ойрхон нутагладаг байсан. Нэг хавар тэмээ хариулж байсан улсаар хүрэн үрээгээ шүдлэнд нь сургуулчихгүй юу. Тэгсэн нөгөөдүүл чинь хэтрүүлээд, ээж бид хоёр үнээний сүүгээр угжиж тэнхрүүлж байсныг би мартдаггүй юм. Дараа жил нь хязааланд нь хатангир гээд уяагүй. Соёолон жил нь тамир муутай байсан ч уяад аймгийн 30 жилийн ойд уралдуулж, би унаж байлаа. Их ч олон морь мордсон. Аав “за наадах чинь тамир муутай байгаа шүү.Их сайн татаж уралдаарай” гэж захиад мордуулахад, би ч их татсан.Тэгсэн явах гээд болдоггүй. Хожуудуу амыг нь тавьчихсан чинь аравт орж байсан юм. Тэгээд хавчиг, долоотойд нь өнжөөгөөд, найман настай морь анх суманд түрүүлж байлаа. Тэр үед манай суманд сайн морьд олон байлаа. Аав маань “бага морь шүү, чи сайн татаж уралдаарай” гээд захиж байсныг санадаг юм.Гэлэгжамцын хулгар хээр, Чойдог гуайн цагаан морь гээд манай суманд тогтмол түрүүлж, айрагддаг аварга адуунууд. Тэд нартай хамаагүй уралдуулж болохгүй. Ар дээр нь татаж яваарай гэсэн аавын захиасыг санаад амыг нь татахаар гар зулгараад болохгүй. Арга буюу газрын дунд өнгөрөөгөөд тавьчихсан чинь түрүүлчихэж байсан юм.
-Төрийн түмэн эхээр тодорсон 1956 оны баяр наадмыг тодхон санаж буй биз?
-Би сумынхаа бүх хүүхдийг командалж явсан юм. АХ-ын 35 жилийн ой гэдгээрээ олон газрын уяачид ирсэн. Морьд ч их олон мордож байсан. Сүхбаатар, Хэнтий аймгийнхан тэр тусмаа Галшар сумынхан ирчихсэн. Тэр үед ид хурдан байсан Цэгмидийн Бөгөн хул, Монхор Халтарын Одон улаан гээд мундаг азарганууд ирчихсэн. Минжүүр гээд Цэгмид гуайн хүү бий л дээ. Надтай чацуу юм. Тэр бид хоёр азарга дутуу эргэсэн тухай ярихаар яг таардаг юм. Баярмагнай ч бас морь унаж явсан л гэдэг юм билээ. Гэхдээ биднээс арай багахан байсан байх.Тэр жил азарга будилж, түрүүч нь Түргэний гол орж байхад сүүлийнх нь мөргөцөг байсны тэнд явж байсан. Тэгээд түрүүч нь дунд хэрээс эргээд уралдчихсан даа. Би сүүл хэрд явж байсан.Дараа нь сонсохноо Одон, Бөгөн хоёрыг гурав, дөрвөөр орлоо гэж байсан.
-Их насны морь хэр өтгөн мордсон бэ?
-850 хүргээд тоог нь алдчихлаа гэж ярьж байсан. Азарга будилсан гээд таван хүүхдийг нэг том хүнээр тавиулж, аавын дүү нар бүгд л морь гаргаж байсан юмдаг. Баруун хойноосоо салхитай байсан болохоор аав “салхин талд нь эргэнэ шүү” гэж захиад би ч хүрэн морио хөтлөөд салхин талд нь эргүүлсэн. Одоо санахнээ тэр амаар нэг адуу болж, гурав, дөрөв хошуурч гараад нийлэхийг захаас нь харахад гол нь овойгоод ирэх шиг санагдаж байж билээ. Хүрэн морь ч тархинд яваад өгсөн. Хожим нь манай ах нар “Айдасын даваан дээр хонь хариулсан өвгөнтэй уулзаад “за ямар морьд түрүүлж гарав” гэсэн. Толин сартай хүрэн морь түрүүлээд гарсан. Тэр ч бараг түрүүлчихээ байлгүй” гэж байсан гэдэг. Морь мэддэг л хүн байсан юм байлгүй. Дараа жил нь бас ирж уралдаад аман хүзүүдсэн. Тэгэхэд морь жаахан будилсан юмаа. Түрүүчийн морьд Айдасын давааны энгэрийн доогуур явчихгүй юу.Уг нь дээгүүр явдаг юм. Тэгсэн дөрвөн морь жалганаас гарч ирээд нийлсэн гэж байгаа. Үлдчихсэн байсан юм байгаа биз.Би хараагүй л дээ. Хүмүүс л тэгж ярьдаг юм. Тэгээд тэр жил хүрэн морь аман хүзүүдээд, дараа нь хоёр жил дараалан түрүүлсэн. Аман хүзүүддэг жил нь аав нутагтаа ирчихээд мориндоо ажил хийгээд байсан. Хэнтийд нэг наадам болох нь гэсэн сураг гарсан юм билээ л дээ. Тэр үед наадам ховор, хүрэн морь жилдээ ганцхан уралддаг байсан юм. Манайд нэг сайн хээр морь байлаа. Хүрэн морины ажлыг түүгээр хийнэ.Сүүлд нь тэр хээр морийг Тогтох гэдэг хүн аваад Хэнтийн Дэлгэрхаанд айрагдуулаад л байсан. Намайг хээр морио хайрлахгүй дуу өгч, гууглаад хүрэн мориндоо ойртоод бай гэнэ. Тэгээд нэг удаа 5-6 км газраас давхиулсан байх.Хээр морь хүрч ирээд байдаг, манай дүү нэлээд чадал орчихсон хүүхэд байсан хэр нь хүрэн морио явуулдаггүй. Би араас нь “чи наадахаа хөдөлгөөч” гээд загнаад байдаг. Тэгтэл “болохгүй байна, нулимс гоожоод ойччих гээд байна” гэж байсан юмдаг.Тэгж л хөдөлж байсан юм билээ. Аав араас ирээд “олигтой явуулахгүй яасан юм” гээд томоор нь намайг загнахгүй юу. Тэгэхээр нь хэлсэн дуугараагүй.Тэгж л хурдалдаг байж.
-Тэгээд нөгөө уралдаан нь болсон уу?
-Тэр наадам болоогүй ээ.
-Тэр үеийн уяачид эдэлгээг голчилдог байсан гэлцдэг. Аав тань хүрэн морио яаж уядаг байсан бэ?
-Ялгаагүй. Эдэлгээгээр нь л уяна.Тэр үед тэжээл энэ тэр гэж байсангүй. Одоотой адил эрлийз морь ч гэж байсангүй.Намар хяруу унасан буюу сэрүүн орсон хойно гаднаа уяж тосон таргыг барагдуулдаг байсан. Харин газар хөлдсөн хойно эхний цаснаар цантаана. Манайхан бол хор гаргана гэдэг юм. Энгийнээр тайлбарлавал эмээлээд ойр зуур унана гэсэн үг. Эхлээд барьж унаад адуугаа нэг тойроод тавьсан бол дараа нь арай ахиу газар яваад тавих жишээтэй. Энэ мэтчилэн моринд зүдэргээгүй ойр ойрхон унаад байхаар үс нь чийгтээд налаад ирдэг юм. Тэр үед хор нь гарчээ хэмээн ярьдаг юм. Харин уяаны тухайд манай аав тарган уядаг хүн байсан. Ямар сайндаа зарим нэг нь “зураа нь гараагүй морь авчраад түрүүлгэчихлээ” гэж ярьдаг байсан юм гэнэ лээ.Харин хавар эрт ногоо хөөж, ногоотой газар нутаглана.Тэгэхдээ борогтой ногоо буюу ноднин жилийн өнжсөн өвстэй ногоог идүүлнэ.Одоогоор бол маслотой талх юмуу даа. Тэр нь өөхөн тарга авахуулахгүй, махан тарга суулгаж байгаа хэрэг гэдэг байсан. Нэг их өвстэй жилийн хавар манайх Сайн Хөөтөд ганц гэр шахуу байлаа. Тэгсэн чинь түймэр гараад сүйдчих дөхсөн. Хаа очиж адуу чинь сөрөөд гарчихдаг юм билээ. Муу аав минь “хүрэн морь минь их сүүлтэй адуу. Шатсан байх” гээд санаа нь зовоод унтаж чадаагүй. Ах нар ч галын сургаар суман дээрээс давхиад ирчихсэн. Тэгээд л өглөө эрт үүрээр явцгаасан чинь адуу нь зүв зүгээр байсан гэнэ лээ. Тэгж муу аавын минь санаа амарч билээ.
-Хүрэн морь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-15 хүртлээ.1960 оны улсын баяр наадмаар түрүүлж ирж эндчихсэн шүү дээ. Тэр жил түрүүлдэг Цэндийн зээрд морьтой хоёулаа ханилж ирээд, морь бариачаас км хэртэй зайтай тэрүүхэн дор уначихсан байсныг нь би олсон. Манай аав морь мал дагана гэж байдаггүй. Тэр үед машин ч цөөхөн, дагуулдаг ч үгүй. Морь малтай улс л тосдог байлаа.Тэгсэн тэр жил аавын танил Цэвээндорж гэдэг хүн гурван дугуйтай мотоцикль аваад аавыг суулгаад Айдасын даваан дээр тосож харсан юм билээ. Айдасын даваан дээр хүрэн морь түрүүлээд гараад ирэхээр нь аав “за за, хоёулаа морь хөөсөн хэрэгт орно.Аягүй бол нөгөө Гал чинь морио хөөлөө гэнэ” гээд Нисэхийн цаагуур яваад ирэхгүй юу. Тэгэхэд би овоо том болчихсон мориныхоо хөлсийг хусах гээд хүлээж байсан юм. Эхний таван морь орчихлоо. Хүрэн морь байдаггүй. Тэгэхээр амдаад давхитал Дарга толгой өнгөрөөд ойччихсон байсан. Яваад очсон хүүхэд нь уйлаад зогсож байж билээ. Тэгээд яахав тэргүүнийг нь аваад л явсан. Одоо манай бага дүү Шагдарынд бий дээ. Тэр үед аавд минь хүнд л байсан байх. Гэхдээ эгээ нулимс унагаагүй ээ. Дараагийнхаа морийг мордуулах уу, яахав гээд эргэлзэж байгаад үрээнүүдээ мордуулсан.
-Нээрэн тэр жил чинь азарга, хязаалан, шүдлэн айрагдуулсан байдаг билүү?
-Тиймээ.Манай аав ер нь голдуу тав зургаан насны морь уядаг байсан юм. Тэр жил хээр азарга гурвалж, бор хязаалан дөрвөлж, бор шүдлэн тавласан. Эхлээд азарга уралдаж, хээрийгээ айрагдуулчихаад, хүрэн морио мордуулахгүй юу.Тэгсэн тийм явдал болоод.Хязаалан, шүдлэн их сайн байдаг. Мордуулах уу яахав гэж байгаад явуулсан юм. Тэр хээр азарга дүүгийн нэртэй адуу байлаа. Соёолондоо 1956 онд аман хүзүүдэж байсан.
-Улсын наадамд уу?
-Тиймээ.1956 онд улс хувьсгалын 35 жилийн ойгоор хүрэн морь түрүүлж, хээр азарга аман хүзүүдсэн.Дараа жил нь 1957 онд хээр азарга түрүүлж, хүрэн морь аман хүзүүдэж байлаа. Энэ хээр азарга чинь улсын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан адуу шүү.
-Танай л унаган адуу юу?
-Хүрэн морьтой нэг угшилтай.Манай аав ер нь энд тэндээс адуу мал авдаггүй хүн байсан. Авах бол ганц нэг гүү л авна.Хэнтий аймгийн Дархан сумаас ганц нэг гүү авч байсныг санаж байна. Дэлгэрхаанаас ч бас авч байсан байхаа. Түүнээс азарга ерөөсөө авдаггүй хүн байсан. Харин би 1990-ээд оны эхэн үед энд тэндээс сайн давхисан азарга нэлээдийг цуглуулсан шүү. Тэгээд нутгийнхаа өвгөчүүлд “танай аав азарга авдаггүй хүн байсан.Өөрийнхөө адууг уя, гүүгээ л сэлбэхгүй юу” гээд загнуулж байлаа. Тухайн үед тоогоогүй. Одоо бодож байхнээ үнэн юм билээ. Дээр ярьсан 1960 онд айрагдсан хоёр бор үрээ Хүзүү бор, Толгой бор гэж хоёр мундаг сайхан их насны морьд болсон. Нэгийг нь хурдан хүрэн азаргатай байсан Пад гэж хүний хүү Цэдэв гэж хүн авсан. Цэдэв гуай ааваасаа хойш 30 хэдэн жил морь айрагдуулсангүй. Хоёр бор мориныхоо нэгийг өгчих гэж гуйсаар байгаад Толгой борыг нь авсан юм. Тэгээд дараа жил улсад айрагдуулчихаад “таны буянаар улсын наадамд морь айрагдууллаа” гээд баярласнаа илэрхийлэхээр ирж байсныг би санаж байна. Энэ түүхийг их олон хүн мэднэ ээ. Сэргэлэнгийнхэн бол тэр аяараа мэднэ.Ер нь манай аав чинь их өрөвчхөн сэтгэлтэй, морь уядаг хүнийг их дэмждэг байсан.Ний нуугүй хэлэхэд тухайн үед би бор морийг өгөхөд дургүй л байсан.Тэгсэн аав “удмаараа морь уяж байгаа улс байгаа юм” гээд өгчихөж билээ. Нээрэн л одоо Пад гуайн хүүхдүүд үе дамжин морь уяж, төрийн наадамд олон үеэрээ морь айрагдуулж байна даа.
-Тэр үеийн мундаг уяачдын амтат хуучийг бишгүй сонсоо байлгүй. Санаанд үлдсэнээс нь хуваалцаач?
-Манайхан чинь гүү их барина, айраг их ууна.Намар гүүгээ бариад л айраг уугаад, морио яриад сууцгаана шүү дээ. Улс ч их ирнэ. Иххэтийн Онгой Адилбиш гэж хүн байсан даа.Тэр хүн манайд их ирнэ.Би багахан байсан ч санадаг юм.Сумын дарга ч байсан юм уу 67 гэдэг тэрэгтэй ирж хоноод шөнөжин морь ярьж байгаад явдагсан. Зүүн талаас болохоор Баянмөнхийн бор Шарав гэж хүн их ирнэ.Галшараас болохоор Артын мэргэн Бандид гэдэг өвгөн ирдэг байсан. Нэг жил манайхантай хамт наадамд ирж байсан байх шүү.Бас хонгор морьтын Цэнд гэж хүн их ирнэ. Яагаав хүрэн морь унадаг жил зээрд морь нь түрүүлдэг хүн. Лувсанчойндон гэж Пунцагбалжирын өвөө бас ирнэ. За тэгээд “Дулаан” Дамдинжав гээд тэр үеийн мундаг уяачид бүгд л ирдэг байсан даа. Хонгор морьтын Цэндийн зээрд морь 1954 онд долоон настайдаа улсын наадамд түрүүлсэн юм. Тэр намар нь манайх Шар худагт нутаглаж байтал Цэнд гуай ирж хоёр ч хоносон байх. Айраг уугаад л морь яриад суугаад байна.Орой унтахын алдад нөгөө хоёр чинь хоёр мориороо уралдах юм ярьж байна аа.Тэр жил манай хүрэн морь суманд их хол түрүүлчихээд байсан юм. Түүнийг нь дуулчихаад би дотроо “морь унах нь” гээд л баярлаж байлаа. Хүмүүст хэлэхгүй байж байгаад Тэрэгтийн талд байдаг Малх уулын орчим уралдах юм боллоо. Одоогийн Говьсүмбэр аймаг манай сум хоёрын дунд байгаа уул л даа. Би ч өглөө босоод хэзээ уралдах бол гээд баярлаад хүлээгээд байдаг.Тэгсэн чинь ярианы өнгө нь больчихсон янзтай байнаа. Яагаад больчихов гээд хамт айраг ууж байсан нутгийн улс асуутал “Цэнд буцсан” л гэж байна. Яасан гэсэн, миний морь долоон настай, чиний морь найман настай гээд буцсан гэж. Ер нь Цэнд гуай айхтар бултагнасан хүн байж билээ. Саяхан Цэнд гуайн зээрд моринд зориулаад нэг дуу гарчээ. Тэгэхдээ “Цэндийн хүрэн” гэж яриад байгаа юм. Хүрэн морь биш шүү дээ, цавьдар зээрд юм байсан юм. Би нүдээрээ харсан хүн. Настай улс бол гайхаж л байгаа байх. Түүхийг тэгж гуйвуулж болохгүй л юм байгаа юм.
-Баяр наадмын цуваанаа бол Цэндийн зээрдээрээ бичээстэй байдаг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Зээрд морь байсан юм чинь.
-Гал гуай МУ-ын анхны арван Манлай уяачийн нэг гэгддэг байхаа?
-Тиймээ. Манай аав чинь 1979 онд 69 настайдаа өнгөрсөн. Манлай уяач цолыг нь бүр хожуу нөхөж олгосон. Анхны арван Манлайн нэг.Одоо тэмдэг, мөнгөн судар нь манай дүү Шагдарынд бий. Гал голомтоо сахиж үлдсэн нь бага дүү маань байгаа юм.
-Бор адуут Донойдоон үр сад Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан бахдам амжилтын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Миний өвөг эцэг Донойдоо 1933 он буюу АХ-ын 12 жилийн ойн баяр наадмаар хээр шүдлэн түрүүлгэж, бор шүдлэн гуравт давхиулж байсан юм гэнэ лээ.Тэр тухай нь баяр наадмын цуваанд ч бий. Харин миний эцэг Гал 1956 оны улсын наадамд хүрэн морио түрүүлгэж, хээр азарга аман хүзүүдүүлэн төрийн наадмын анхны хишгээ хүртсэн байдаг. Миний хувьд анх 1967 онд саарал азаргаа гуравлуулж, 2001 онд хүрэн хязаалангаа айрагдуулж Монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан анхны гэр бүл болж байлаа. Түүнээс долоон жилийн дараа миний дүү Хэнчбишийн хүү Мөнхбаясгалан төрийн наадамд Бүлтэн халтар морио айрагдуулж, манайхан дөрвөн үеэрээ морь айрагдуулсан анхны айл болсон. Мөнхбаясгалангийн ээж Хэнчбиш миний яг дараагийн дүү. Эмэгтэйчүүдээсээ бол том нь юм. Би дээр ярьсан шүү дээ. Аавын ээж Боржигон хошууны ноёны хамаатан Цэнджав гэж хүн байсан гэж. Тэр хөгшин ер нь айхтар хүн байж. Тэгээд манай дүүг төрөхөд Гэлэгсамдан гэж хүүхдийндээ үрчлүүлсэн байгаа юм. Тэднийх хүүхэдгүй айл байж л дээ. Мөнхбаясгалан бол тэр хөгшний голомтны хүүхэд. Өвгөний бурхан тахил ч бий.
-Бүлтэн халтарыг авахад таныг хамт явсан гэдэг юм билээ?
-Тэр ийм юм болсон юм. 2000 онд шиг санагдаж байна. Наадмын өмнөхөн Мөнхбаясгалан манай уяагаар ирлээ. Тэгэхээр нь би “Донойдоо өвгөний удам судрын нэр сүрийг гаргах гэж би л ганцаараа зүтгэх юм. Та нарт ч гэсэн хамаатай шүү” гэж хэлсэн юм. Тэр үг бас нэгийг бодогдуулсан байх. Дараа жилээс нь эхлээд Мөнхбаясгалангийн морь түрүүлж, айрагдаад эхэлсэн. Гэхдээ улсын наадамд орохгүй л байсан юм. Тэгж байгаад 2008 оны хавар Мөнхбаясгалан, Дуламсүрэн бид гурав Сүхбаатар аймгаар явж, Эрдэнэцагааны бараг айл болгоны адуугаар орсон байх. Тэгж байгаад Бүлтэн халтарыг авсан юм. Би өөрөө өмнө нь улс, бүсийн наадамд морь айрагдуулж л байсан. Гэхдээ тэр жил халтар морийг айрагдахад илүү их баярласан. Муу аав минь харж байгаа байх даа, Донойдоо өвөө минь баярлах нь гарцаагүй гэж бодохоор үнэхээр сайхан юм билээ. Одоо манайхан дунд морь мал уядаг залуучууд олон байна. Гиннесийн амжилтанд бүртгүүлэх уралдаанд их морь айрагдуулсан Саранхүү чинь манайхны хүн. Ер нь манайхны эрчүүл цөмөөрөө л морь маланд дуртай. Дээдчүүлийн буян байдаг биз. Морьд нь ч сайн давхих юм.
-Танай хүүхдүүд морь сонирхож уях уу?
-Харин манай хүүхдүүд л уяхгүй байгаа юм. /инээв/Би ч сайн уяач биш. Гэхдээ би аавынхаа захиасыг биелүүлж, бор адууных нь голомтыг таслаагүй л явна. Би үүгээрээ бахархаж явдаг юм. Манай аав л ярьдаг байсан нэгэн сонин түүхийг ярья л даа. Жамсран хиагийн үед манайхны адуу их хурдан байж л дээ. Тэгснээ гэнэт морьд нь давхихаа байсан юм гэнэ. Учрыг лавлахаар зүүн Чойрын хамба лам дээр очтол “та нар хурдан адуугаараа араатан хөөж алсан юм байна. Тэгээд араатны хараал хүрчихэж” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд тэрнээс хойш манайхан ан ав хийхээ байсан гэнэ лээ” гэж аав маань ярьдаг байсан юм.
-Тэр цээрийг хатуу сахидаг байжээ дээ?
-Тийм. Яагаад тэрийг ярих болсон бэ гэхээр нэг ийм явдал болсон юм. Би оюутан байхдаа нутгийнхаа заан Бизъяа гэж найзтайгаа мотоцикльтой очоод зээр хөөж гурван ч ооно унагаагатахлаа.Тэр үед одоогийнхтой адил зээр л байвал хядахгүй л дээ. Ооныг нь л ална. Тэгээд хоёрыг нь Дархан сумаас наахна хадлан хадаж байсан хүмүүсийн хоолонд өгөөд нэгийг нь ачаад гэртээ ирэхгүй юу. Намар орой сэрүүн орчихсон байсан цаг л даа. Манайд настай хоёр гурван улс айраг уугаад байж байна. Ороод чимээгүй л айраг ууж, хоол идчихээд унтчихлаа. Өглөө нь ээж надад “аав чинь чамайг зодох гээд байх шиг байна” гэж байна. “Яагаад” гэтэл “чамайг ан хийсэн байна гээд мэдчихсэн” гэдэг байгаа. Хүний ээж хүүгээ өмөөрч байгаа юм байлгүй дээ хөөрхий. Тэгтэл найз маань сандраад сүйд. Бодож байгаад “түргэн явъя” гэж шийдлээ. Тэгсэн аав маань “Жамсран хиагаас хойш манайхан ан хийгээгүй. Чиний үед л ан хийх нь дээ” гээд тэр түүхийг ярьж өгсөн юм. Түүнээс хойш би ан ав хийгээгүй. Хүүхдэдээ ч хэлдэг.
-Нарийн яривал дөрвөн үеэр ч хязгаарлагдахааргүй л юм байна?
-Жамсран хиа, Дамдин хиа, Нэрюү, Донойдоо өвгөн,тэгээд манай аав гэхээр би зургаа дахь үеийн уяач болж байгаа биз. Мөнхбаясгалан бол бүр долоо дахийн уяач болж байгаа юм. Бидний мэдэхээс шүү дээ.
-Хаврын бүсийн анхны уралдаанд түрүүлдэг хүрэн морийг тань аргагүй хурдан ажнай байсан гэлцдэг юм билээ. Ямархан тохиолоор тэр хүрэн морийг авсан юм бэ?
-Аргагүй хурдан буян даа. Говьсүмбэр аймгийн адуу байгаа юм. Авсан жилээ тэр том уралдаанд түрүүлж сая төгрөгөөр шагнуулж байлаа. Бас Хэнтий аймгаас авсан сайхан хээр морь байсан. Үнэхээр ховорхон заяах хурдан ажнай. Ононгийн Аварга хээрийг л дийлдэг байсан адуу даа.Дээдсийн буян дагаж надад хоёр сайн их насны морь заяасан ч хэргийг нь гаргаж чадаагүй. Өнгөрсөн юмны талаар өөр олон юм яриад яахав.
-ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг тань морь сонирхогчид андахгүй.20 жилийн тэртээх тэрхүү түүхэн үйл хэргийг дурсаач?
-Бүр эхнээс нь ярья л даа. Хамгийн анх Төв аймагт “Монгол адуу” нийгэмлэгийн салбар байгуулагдаж, тэр үеийн аймгийн дарга байсан Гомбожав гуай тэргүүн нь болдог юм. Сүүлд Их хурлын дэд даргаар ажиллаж байсан даа. Уг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн байгаа юм. Багаасаа морь мал унаж байсан сэтгэлтэй хүн учраас дэмжээд Төв аймагт “Монгол адуу” нийгэмлэгийн салбарыг байгуулж байлаа. Би анхны гишүүдийнх нь нэг. Үнэмлэх нь ч надад бий. Тэгээд овоо ажиллах нь гэж байтал Гомбожав гуай хот руу шилжээд, Даваа орлогчоор нь ажиллаж гэр барьж, музей байгуултал тэр нь шатчихсан юм. Юунаас болсон юм бүү мэд.Түүнээс хойш “Монгол адуу” нийгэмлэгийн ажил нэг л явахаа байсан. Уг нь хөдөөгийн ард түмэн маш их дэмжиж, манай дүү нар хүртэл зөндөө адуу бэлэглэсэн. Ер нь айл болгон шахуу нэг адуу бэлэглээд 400 гаруй адуутай болчихсон байсан юм. Тэрийгээ Сэргэлэн суманд хүнээр маллуулж л байсан. Дараа нь юу болсон юм бол бүү мэд. Бид шиг яс цусны адууны төлөө гэсэн сэтгэлтэй улс болж өгвөл цааш нь хөгжүүлэх юмсан, арай өөр болгох юмсан гэж бодно.Тэр ч утгаараа зарим нэг бодлогыг нь шүүмжилнэ. Тэгсэн нэг өдөр Даваа Мэндээ /одоогийн Төв аймгийн ИТХ-ын дарга/ бид хоёрыг дуудаж аваачаад “та хоёрыг хэлтсийн дарга болголоо” гэдэг юм. Хоёр, гурвуулхнаа сууж байгаад л тиймэрхүү шийд гаргачихаж байгаа юм. Тухайн үедээ ч яахав “за” л гэлээ.Гэсэн хэдий ч нэг л болохгүй бүтэхгүй талдаа болоод байгаа нь мэдэгдээд байсан л даа. Тэр үед би Америктай хамтарсан жижигхэн ноолуурын үйлдвэр байгуулаад орлогч даргаар ажиллаж байсан. Амьдрал ахуй ч овоо гайгүй болчихсон байсан үе л дээ. Даваахүү, Баярмагнай нарын мориныхон ирж хааяа хууч хөөрнө. Сүүлдээ “Монгол адуу нийгэмлэг” нэг биш боллоо гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг болохгүй юу. Би бас гадаад дотоод яваад ганц нэг үзэж харснаа тэдэнд ярина. Тэгээд нэг удаа Даваахүү бид хоёр миний ажлын өрөөнд ярьж суугаад “ер нь нэг юм байгуулахыг бодъё” гэсэн шийдвэрт хүрэхгүй юу. Тэгэхээр нь би тэргүүнээр нь Баярмагнайг тавья гэсэн бодолтой ч, бас гурван хүн шууд байгуулчихаж болохгүй шүү дээ. Дүрмээ бичнэ, их хурал хийнэ. Тэгж байж жинхэнэ төрийн бус хүчинтэй байгууллага болох ёстой. Бас олныг хамруулах хэрэгтэй. Энэ мэтийг бодоод их ярьсан л даа. Бараг жил шахуу бид яриад л явдаг байсан юм. Ярихаараа манай гэрт юм уу, ажил дээр цуглана. Даваахүү бид хоёр манайд ярьж байгаад “ерөөсөө тэргүүнээр нь Магнайг тавья” гэсэн шийд гаргаад шөнө Магнайг дуудлаа. Тэгэхэд Магнай чинь “Улаан-Од” сонины эрхлэгч байсан юм. 23 цагийн үед ирсэн үү, 24 цагийн үед ирсэн үү. Магнай ороод ирлээ. Даваахүү бид хоёр бас жаахан юм уучихсан байсан.Тэгээд гурвуулаа яаж байгуулах тухай шөнөжин ярилаа л даа. Магнай байгуулахыг зөвшөөрсөн хэр нь ерөнхийлөгч ч юм уу, холбооны дарга болохыг зөвшөөрдөггүй. Нэгдүгээрт ажилтай. Хоёрдугаарт, би Гомбожав гуайд холбоог нь жаахан дээш нь татаж өгнө гээд амлачихсан гээд болдоггүй. Намайг бол гэхээр нь “би ерөөсөө ч нэгдүгээр хүн болох дургүй. Тэгээд ч гадны улстай хамтраад үйлдвэр байгуулчихсан. Тэгэхээр ажлыг нь цалгардуулна” гээд үнэнээ хэллээ. Түүнээс хойш манайд хоёр, гурван ч удаа цуглаж ярьцгаалаа. Тэгсэн нэг өдөр Даваахүү утасдаад”Энд нэг сайхан залуу байна.Тантай танилцуулъя” гэж байна. “Тэг, тэг” л гэлээ. Ажил тараад ирсэн чинь харин Пунцагбалжирыг дагуулаад ороод ирдэг байгаа.
-Та өмнө нь таньдаг байсан юмуу?
-Хүүхэд байхаас нь мэдэх юм чинь. Тэр битгий хэл, Пунцагбалжирыг би Ноосны нэгдлийн намын хорооны дарга байхдаа Германд ТМС-д явуулж өгч байсан юм байхгүй юу. Түүнийгээ төгсөлгүй хаяж ирчихээд надтай уулзахгүй нэг хэсэг яваад байсан байхгүй юу./инээв/ Намайг хараад Баттөмөр ахаа болоод архи дарс бариад сүйд боллоо. Даваахүүгээс дуулчихсан юм шиг байна лээ, жигтэйхэн ирлээ л дээ. Тэгээд яахав, гурвуулаа жаал ярилаа. Тэгээд ерөөсөө холбоо байгуулъя эрч хүчтэй залуу хүнээр нь Пунцагбалжираар даргалуулъя болоод. Тэр үед Пунцагаа ч бас мотоциклийн наймаа хийгээд овоо хөрөнгөтэй болчихсон байсан л даа. Одоо ингээд ажилдаа оръё, голыг нь та зангид гээд. Би ч тэр хоёрыг бодвол олон жил албан ажил хийгээд арай туршлагатай болчихсон байсан шиг байгаа юм. Тэгээд л хуралдаа бэлдэхээр болтол Пунцагаа, “Баттөмөр ах аа, танай адуун дээр ёстой төртэй очно” гэдэг юм байна. “Өө, тэгье” л гэлээ. Тэгээд хоёр сард билүү, нэг сард билүү, манай Шагдарынх руу явлаа даа. Отрын жижигхэн дөрвөн ханатай гэрт их олон хүн цугласан шүү. Даваахүү, Баярмагнай, Пунцагбалжир, би, одоо Америкт морь уяад байгаа Ганбат хүртэл ирчихсэн байсан. Пунцагбалжирын найз нь ч гэл үү компанийнх нь ч хүн гэл үү. Тэр үед бол морь мал уядаггүй байсан л даа. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Алдарт уяач Загдын Хүрэлбаатар ч байсан. Аймагтаа зургаа дараалж түрүүлсэн хурдан бор азаргатай хүн шүү дээ.Бас Өвөрхангайн Бүргэдээ гэж самбо бөхөөр барилддаг нөхөр Пунцагааг дагаж ирсэн. Гэр дүүрэн улс байсан. Зарим нэгийг нь одоо санахгүй байнаа. Ямар ч байсан манай дүү Шагдар, хүргэн Чимэд-Очир нар байсан. Тэр муу жижигхэн гэрт чинь 20-иод хүн цуглачихсан яриад л суугаагаараа л хоноцгоож билээ./инээв/
-Бүгд л холбоо байгуулахаар ирж байгаа улс уу?
-Үгүй үгүй. Холбоо байгуулах улс нь Пунцагаа, Даваахүү, Баярмагнай, Хүрлээ орвол орох юм. Бид тав л байсан. Хууль зүйн яаманд бүртгүүлэх энэ тэрийг нь бол би мэдээгүй ээ. Манай хоёр л явуулсан юм шиг байгаа юм. Тэнд нэг шийдсэн асуудал бол “Пунцагааг ерөнхийлөгчөөр тавих” тухай юм. Бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргахыг Баярмагнай бид хоёрт хариуцуулж, их хурал хийх, холбоо байгуулах бэлтгэлийг хангаж байлаа. 5-р сарын 24-нд анхны их хурал хуралдаж, аймаг аймгаас ирсэн 200-гаад төлөөлөгчид хуралдаж билээ.
-Бүх аймгийн төлөөлөл хамрагдаж чадсан уу?
-Чадаагүй ээ. Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийнхан голдуу ирсэн. Хөдөөнөөс ирсэн төлөөлөгчдөө “Нэгдэлчин” зочид буудалд байрлуулж байсан юм. Зардал нь нэлээдгүй юм гарсан байх. Буяндэлгэр бид хоёр нэг нэг сая төгрөг гаргаад үлдсэнийг нь Пунцагаа гаргасан байх.Бас болоогүй ээ холбоогоо нэр хүндтэй болгох үүднээс Дархан аварга Мөнхбат, Баянмөнх нарыг урьж хуралд суулгаж байгаа юм. Тэр нь миний санаа л даа. Тэгээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Пунцагааг ерөнхийлөгчөөр, Баярмагнайг хариуцлагатай нарийн бичгийн даргаар тавьсан.Ер нь Пунцагаа богино хугацаанд ажиллахдаа маш их зүйл хийсэн шүү. Харамсалтай нь дэндүү залуудаа явчихсан даа хөөрхий. Пунцагаа л Очирбат Ерөнхийлөгч дээр орж хөөцөлдөж байж Гарамжав гуай, Түвдэн, Даваахүү гуравт одон өгүүлсэн шүү дээ. Сүхбаатарын одонгоор Гарамжав гуай, Даваахүү хоёрыг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Түвдэнг шагнасан шүү дээ. Тэгж анх уяачид төрийн одон медаль хүртэж байлаа.
-Хорин жилийн дараах өндөрлөгөөс харахад та бүхний санаж бодож байсан зүйлийн хэдэн хувь нь биеллээ олсон байна вэ?
-Анх энэ холбоог байгуулахдаа бидний тавьж байсан зорилт үндсэндээ биелсэн.Сүүлийн хэдэн жилд надад ганцхан бахархах зүйл байдаг юм. Тэр нь гадаад харилцааны тухайд үнэхээр сайхан боллоо.Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элслээ. Дэлхийн морин уралдааны холбоонд бүртгэлтэй боллоо. Дээр нь нэмээд дэлхийн дээд амжилтанд бүртгүүллээ. 11125 хүн нэг дор цуглаж жагсана гэдэг үнэхээр түүхэн амжилт шүү. Чингис хааны үед бол жагсаж байсан байх. Энүүхэндээ гэж хэлэхэд дотроо их санаа зовж байсан. Би чинь Уяачдын холбооны тэргүүлэгч ухаантай шүү дээ. Хүн цуглахгүй болох вий. Цаг үеэ зөв олов уу гэх мэтчилэн. Юу эсийг бодох билээ.Тэгтэл харин бүр 4249 морь уралдлаа. Миний л мэдэхийн энэ хорвоод ийм олон морь уралдсан түүх байхгүй. Бидний өвөг дээдэс ч тийм олон морь уралдаж байсан гэж ярьж байгаагүй. Энэ бол үнэхээрийн бахархууштай сайхан зүйл. Үүнийг хийсэн холбооны ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд,нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, тэргүүлэгч Мэндбаярын Мөнхбаясгалан, Цагаанбандийн Баянжаргал, Яндагийн Болдбаатар, Лхамжавын Цагаандалай нарын олон хүнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Би хувьдаа тэднийг гавьяа байгуулсан гэж бодож байгаа. Монголын төр ч гэсэн үүнийг ямар нэгэн байдлаар үнэлэх ёстой. Моринд нам улс төрийн ялгаа гаргаж болохгүй шүү. Үүнийг хэлье гэж бодож байсан юм.
-Саналыг тань уламжлах болноо. ММСУХ-г үүсгэн байгуулагчийн хувьд, ахмад уяачийн хувьд цаашдаа юун дээр анхаарч, ямар ажлыг хийгээсэй гэж боддог вэ?
-Энэ холбоонд амжилт ололт ч байх юм, анхаармаар зүйлүүд ч бас бий. Эхлээд нэг хэсэг их сайхан явж байсан. Сүүлдээ баахан эрлийз адуу орж ирлээ. Монголын нийт уяачдын чинь 98-99 хувь нь хөдөө орон нутагт бий. Хотод буюу Өлзийт орчмоор 2-3 хувь нь л бий байх. Тэгэхээр хуулиараа гишүүнчлэлтэй ММСУХ маань гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Цөөн хэдхэн хүн гаднаас хурдны чиглэлийн адуу оруулж ирээд төрийн болон бүсийн наадмын айраг түрүүг нь түүчихээр олон түмэн дургүйцэж байна шүү дээ. Үүн дээр би сэтгэл дундуур явдаг. Одоо хөдөөгийн уяачид улсын наадамдаа ирж уралдах дургүй боллоо шүү дээ. “Очоод ч яахав дээ эрлийзүүд нь түрүүлнэ биз” гээд. Энэ байдал даамжирвал монгол наадмын үнэ цэнэ алдагдана. Холбооны удирдлагууд ч үүнийг ойлгоод тусад нь уралдуулж эхэлсэн. Энэ бол зөв шийдвэр. Гэтэл сүүлийн үед сэрвээний өндрийг нь нэмээд ахиад холиод уралдуулчихлаа шүү дээ. Үндэсний морин уралдааныг монгол адуутай нь авч үлдье гэж байгаа бол энэхүү гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Чингис хааны болон бага хаадын үед монголчууд Европ, Дундад Азийг тэр чигт нь эзэлж байсан. Тэр үед мэдээж Араб, Англи адуу орж ирсэн л байж таараа. Гэхдээ Монголын байгаль цаг уурын хатуу шалгуурыг давж бидний үед ирсэн нь монгол адуу. Хойшдоо ч монгол адуу л байх болно. Би өөрийнхөө амьдрал дээр үзсэн жишээгээ хэлье л дээ. Надад тойруулга угшилтай адуу байсан л даа. 2000 оны зуднаар хамгийн түрүүнд тэд л үхсэн, монгол адуу байж л байгаа юм. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр монгол адууг монголоор нь байлгаж, наадамдаа уралдуул. Харин эрлийз буюу цэвэр адуугаа олон улсын жишигт нийцсэн тэр хэлбэрээр нь уралдуул гэх гээд байна. Ингэж байж л монгол өв соёлоо, монгол адуугаа хамгаалж авч үлдэж чадна.
-Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх арга юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Яг онож хэллээ.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй хуучилсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, танай гэр бүлийнхнийг өнө мөнх ивээж явах болтугай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Би ер нь барагтай бол ингэж ярьдаггүй хүн байгаа юм. Тод магнай сэтгүүлд гээд их чөлөөтэй ярилаа. Түүхийг үнэнээр хэлж үлдээх хэрэгтэй л дээ.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна