Аймгийн Алдарт уяач Д.Баянбат: Манайхан малч удмынхаа нэр хүндийг үе дамжин өндөрт өргөж яваа улс


Гурван үеэрээ төрийн наадамд азарга түрүүлгэсэн бахархалт түүхийн эзэн аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбат өнөөдрийн зочин хойморт саатаж байна. Эрхэм та бүхэн таалан болгооно уу?
-Дээдсийнхээ магнайг тэнийлгэн дэлгэр сайхан наадсан хийморилог эрхэмтэй уулзах таатай байна. Мөнхийн Данзанням, түүний үр сад Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэх их хувьтай байжээ. Таны хэлсэнчлэн энэ их хувь зохиол, нэр төрийг өргөж явах өндөр үүрэг оногдож буй бололтой? -Адуун сүргийн манлай олон сайхан хурдан азарга манай гэр бүлд заяаж, бид түүгээр нь үе дамжин наадан, монгол түмнээ цэнгүүлж байгаа нь бахархалтай. Төрийнхөө их баяр наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн анхны айлаар тодорч байгаа нь сайшаалтай ч түмэн олныхоо хайр хүндэтгэлийг дааж явах эрхэм үүрэг надад оногдож буй юм. Ажаа маань морь уралдуулна гэдэг лусаас хурмаст тэнгэрээ тахиж буй тахил. Тийм ч учраас аль болохоор морио сайн уяж, хурдлуулах хэрэгтэй гэж ярьдаг байсан юм. Манайхан хурмаст тэнгэртээ өргөх тэрхүү тахилаа сайн өргөлөө гэж бодож байна.
-Өвөөгийнхөө уясан морийг унадаг байсан бяцхан хүү өнөөдөр төрийн наадамд азарга түрүүлгээд зогсч байна. Яг энэ агшинд юу бодогдох юм бэ?
-Зургаан настай жаахан хүү анх хөлөө сураар даруулуулчихаад өвөөгийнхөө уясан хонгор морийг Майн баярын уралдаанд унаж байлаа. Хонгор морь их хурдан адуу байгаад гараад л ганцаараа зугтчихаж билээ. Тухайн үед тугтай манлайлагчийн машин газарчилдаггүй байсан уу. Багахан уралдаан болохоор яваагүй юм уу, ямартай ч би буруу замаар явчихсан байсан. Нэг эргээд харсан, бусад морьд уралдах ёстой замаараа явж байхаар нь хойноос нь очиж нийлээд гуравт орж байлаа. Тэр цагаас хойш төрийн наадамд дөрвөн жил хурдан морь унаж уралдсан. Хэдий бага байсан ч би өвөөгөө жинхэнэ адууны хүн байсан гэж боддог юм. Ямар сайндаа гаансаа хугалчихаад уурлаагүй хэр нь адуу дугтарч байгаа хүнийг хараад зандарч байхав. Адуу руу муухай ч хардаггүй. Шөнө болгон “хүүе хаая” гээд адуу зүүдэлдэг товчхондоо адуун төрөлтэй хүн байсан. Тийм ч учраас үр хүүхэд бидэнд тэрхүү буян заяа нь ирж ийнхүү сайхан наадаж байна гэж боддог доо.
-Хүнд удам, адуунд угшил чухал хэмээдэг нь оргүй үг биш бололтой?
-Тэгэлгүй яахав. Би морь унаж байхдаа түрүүлгэж үзээгүй ч дөрвөн удаа айрагдуулсан. 1984 онд аавынхаа уясан Солонго цавьдар азаргыг унаж дөрөвт давхиулж байлаа. Тэр жил манай арав гаруй морь айрагдаж, түрүүлж би зээрд халзан хязаалангаа аман хүзүүдүүлж, шүдлэнгээ дөрвөөр давхиулж гурван айраг авч байлаа.
-Бас чиг шаггүй унаач явжээ дээ?
-Хүүхэд морь унах дуртай байна гэдэг амжилтын үндэс шүү. Дурлаж унасан хүүхдийн морь айрагдана уу гэхээс дургүй, зугтаад байгаа хүүхэд айрагдуулах байтугай адуугаа жигшээнэ. Бидний үед унаач хүүхдийн хөдөлмөр харьцангуй хүнд урамшуулал одоогийнхоос бага байсан ч бүгд л морь унах дуртай, айрагдуулчих юмсан гэсэн чин эрмэлзэлтэй байсан. Сүүлийн үед хүүхдээр морь унуулах эсэх тухай асуудал яригдах болж. Би уяачийн гэрт төрж өссөн, унаач явсан хүний хувьд үүнийг дэмждэггүй. Морин уралдаан гэдэг монгол үндэсний том соёлын нэг. Хүүхэд морь унаснаар тэрхүү соёлд багаасаа суралцаж, үндэс угсаагаа эрхэмлэх, өв уламжлалаа дээдлэхэд суралцана. Өөрөөр хэлбэл, хурдан морь гэдэг хүүхдийг багаас нь монгол ахуйтай нь ойр өсгөж байгаа хүмүүжлийн бас нэг хэлбэр юм. Мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Энэ бол нийгэм цаг үеэс урган гарч буй зайлшгүй шаардлага. Уяачид маань ч гэсэн үүнийг ухамсарлан анхаарал хандуулж байна. Энэ жил төрийн наадамд хонгор азаргыг маань Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Галсандоржийн Сүлдбаяр гэдэг найман настай хүү унаж түрүүллээ. Манай унаач хүүхэд хонгор азаргыг хязааланд нь мөн унаж улсад аман хүзүүдүүлж, төвийн бүсийн наадамд түрүүлгэж байсан. Одоогоор улс, бүсийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан амжилттай байна.
Адуутай харьцах анхан шатны хичээл морины хөлс буулгахаас эхэлдэг
-Голомт залгах хүний ганц хүү байх нэг хэрэг. Зуун дамнасан их амжилтын эзэн Баатар уяачийн залгамж байх том хэрэг. Тод манлай хүүгээ хэзээнээс уяаны эрдэмд шамдуулах болсон бэ?
-Миний өндөр өвөг Галтын Мөнх 10 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал. Өвөг маань Төв аймгийн Баянцагаан сумын хоёрдугаар багаар нутаглаж байсан юм билээ. Нутгийн хөгшид өндөр өвгийг маань малч удмын сайхан буурал байсан хэмээн дурсдаг юм. Өндөр өвөг маань тухайн үедээ нэгдлийн мал малладаг, мал сүргээ өсгөж мянган толгойд хүргэснээр 1945 онд Сайн малчдын зөвлөгөөнд оролцоод Маршал Чойбалсангаас Улсын сайн малчин цол хүртэж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн чимэглэл, мөнгөн хуц, эрээн майхнаар шагнагдаж байсан юм билээ. Өндөр өвөг минь өнөр бүлийн тэргүүн, олон малтай байсан болохоор морь уях заваар төдийлөн бага байсан ч олон бор, хонгор зүсмийн адуутай аймаг, сумандаа шаггүй уяач гэгдэж явсан гэдэг юм.
-Өндөр өвгийг тань залгамжлан уяа эвлүүлсэн нь таны өвөө юу?
-Үр хүүхдүүд нь малчин удмаа залгамжлан мал маллаж, морь уян том хүү болох миний өвөө Данзанням анхны Алдарт уяачдын нэгээр тодорсон байдаг юм. Мөн Өвөөгийн дүү Мөнхийн Даш МУ-ын Хөдөлмөрийн баатар хоньчин болж байлаа. Ийнхүү манайхан малч удмынхаа нэр хүндийг үе дамжин өндөрт өргөж яваа улс. Би ийм агуу дээдсээрээ цаг үргэлж бахархаж явдаг юм.
-Төрийн наадамд азарга түрүүлгэсэн гурав дахь үеийн уяач хэдий үеэс морь уях эрдэмд шамдах болсон бэ?
-Миний хувьд сүүлийн 10 жил л яг тулж ажиллаж байна даа. Түүнээс өмнө заваараа аавдаа тусалдаг байлаа. Морь уях гэдэг мэдрэмжийн асуудал. Тиймээс хичээл зааж байгаа юм шиг нэг бүрчлэн хэлэх боломжгүй. Ажаа анх ааваар морины хөлс буулгуулдаг байсан шиг аав ч гэсэн надаар хөлс буулгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, адуутайгаа харьцах анхан шатны хичээл юм уу даа. Ер нь манай аав чинь хэр барагтай дуугараад байдаггүй хүн. Олон юм ярихгүй үйлдлээрээ л үлгэрлэнэ. Морь уях гэдэг насаараа суралцдаг мэргэжил. Арван жил боллоо гээд бүгдийг мэддэг чаддаг болчихож байгаа юм биш. Үргэлж л асууж зөвлөх юм гарна. Ер нь бол аавын зөвлөгөө 70 хувь, миний ажил 30 хувь нөлөөтэй. Манайхан ер нь морийг их зөөлөн уядаг улс. Ажаа маань адуу зандрах байтугай муухай ч харж үзээгүй. Аав ч ялгаагүй морьтой маш зөөлөн харьцдаг. Би мөн түүнийг нь дуурайн адуутай аль болох зөөлөн харьцахыг хичээдэг. Аль болох адуугаа мэдэрч чагнахыг хичээнэ. Тэгж байж л ямар ажил хийхээ мэднэ шүү дээ.
Нэг үе жаахан огшиж ирээд тайвширсан
-Тэгвэл уралдааны өглөө Наран хонгор азаргаа чагнаад юуг мэдэрсэн бэ?
-Шөнө нь азаргаа манаж хоночихоод өглөө ирэхэд аав маань мэргэлээд л сууж байсан. Гэхдээ надад ямар нэг юм хэлээгүй. Харин би азаргаа хараад хязааландаа аман хүзүүдсэн үеийнх шигээ нарны туяанд солонгорч байхыг нь ажигласан.Тэгээд өнөөдөр биднийг баярлуулах нь баярлуулах байхаа гэж бодож байлаа.
-Хөлсний хашаанд тэгтлээ догдолсон шинжгүй орж ирэхийг тань хараад сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байжээ хэмээн таамагласан?
-Миний хонгор азарга уягдсан цагаасаа хойш төрийн наадам, бүсийн уралдаанд арваас хойш давхиж үзээгүй адуу байгаа юм. Тэр утгаараа адуундаа итгэж байлаа. Дээр нь газар тавих тусам цуцдаггүй чанартай учраас түүнд нь найдаж байсан. Би уралдааныг нь машинтай дагаж харсан л даа. Азарга маань хол сайхан түрүүлж, түмэн олноо баясгалаа. Нэг үе жаахан огшиж ирээд тайвширсаан./инээв/
-Магадгүй аавынхаа энэ олон жилийн зовлон жаргалыг ясандаа тултал мэдэрсэн байх?
-Тийм шүү. Миний аав монгол төрийн наадамд хамгийн олон удаа азарга түрүүлгэсэн хүн. Дээд нас тэр дундаа азарга түрүүлгэнэ гэдэг арай л ондоо мэдрэмж байдаг юм билээ.
-Гэргийн тань хэлэх нь Тод манлай азарганы уралдааныг үзэж төвдөхгүй гарч ороод л байсан гэх юм билээ?
-Амаргүй байсан байлгүй дээ. Гэрт байсан аав байтугай дагаж явсан би хүртэл арай ч эрт гараад ирэв үү, татаж явмаар ч юм уу гээд нэг л тогтохгүй байлаа шүү дээ. Гэхдээ нэгэнт уралдааны замд гарсан морийг унаж яваа хүүхдийн авхаалж самбаанд л найдахаас өөр аргагүй юм даа. Ер нь монгол наадам, морин уралдаан гэдэг хүүхэд оролцож байгаагаараа хамгийн цэвэр өрсөлдөөн юм даа.
-Монгол наадмын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн хүүдээ Тод манлай урам хайрлаж, магтаалыг үгээр мялаасан л байлгүй?
-Манай аав ер нь хайр дотроо хүн шүү дээ. Хэр барагтай бол ил гаргаж хэлэхгүй. 2012 онд төрийн наадамд миний хязаалан аман хүзүүдэхэд “төрийнхөө наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан айл боллоо доо, миний хүү” гэж л хэлсэн. Тэгж л нэг удаа магтсан даа. Миний хувьд аавынхаа Хөдөлмөрийн баатар цолыг нь азарга түрүүлгэж мялаасандаа баяртай байгаа. Аавын хувьд үүн шиг том мялаалга үгүй биз.
Би ээжийгээ өв соёлоо хадгалахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн гэж боддог
-Тэгвэл ижий тань хүүгээ хэрхэн урамшуулсан бол?
-Ижий минь үнсээд эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөсөн дөө.
-Дан ганц амжилт алдар цалгисан он жилүүд байгаагүй шүү дээ. Би хувьдаа ээжийг тань хүндэтгэж явдаг. Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн гэх бахархалт амжилтын эзэд болоход ээжийн тань хичээл зүтгэл их байсан байх шүү?
-Тэгэлгүй яахав. Миний ээж Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Жигжидсүрэнгийн Сандагдулам гэж хүн бий. Аав, ээж хоёр маань нэг нутаг усны улс байгаа юм. Өнөөдөр бид өдий зэрэгтэй яваад ээжийн маань хичээл зүтгэл үнэхээр их байсан. Зовлон бэрхшээл тохиолдсон тэр он жилүүдэд ээж минь сэтгэлийн хаттай байж аавыг дэмжээгүй бол өнөөдрийн амжилтыг үзүүлж чадахгүй байсан байх. Ер нь би ээжийгээ мориор дамжсан үндэсний өв соёлыг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн гэж боддог. Уяачийн ар гэрийг дааж явна гэдэг амаргүй ажил шүү. Хүний өөрийн олон хүүхдийн хоол ундыг бэлтгэхээс эхлээд юу эс мундахав. Миний гэргий ч ялгаагүй арын албыг маань бүрэн хариуцдаг сайн бүсгүй бий. Миний ханийг Сосорбарамын Баярцэцэг гэдэг. Монгол түмэн хадам аавыг маань андахгүй биз ээ. Мөн л монгол түмнээ цэнгүүлж уран мэхийг уралдуулж явсан улсын арслан хүн шүү дээ. Манайх хоёр охинтой.Энэ жилийн төрийн наадамд дөрөвт давхидаг хязаалан бага охины маань нэртэй Салхин сарт гэдэг адуу байгаа юм.
-Тэгээд л төв цэнгэлдэхэд аавтайгаа хамт орж үрээгээ цоллуулжээ дээ?
-Тиймээ. Аавтайгаа хамт явж үрээгээ цоллуулсан.
-Наран хонгорын эзэн ХААИС-д докторантурт суралцаж байгаа гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Би 2005 онд ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ докторантурт суралцаж, хурдан морины гадаад бие галбир, биохимийн зарим үзүүлэлтийн чиглэлээр судалгааны ажил хийж байна.
-Ер нь морин уралдаан эрчимжиж байгаа энэ үед шинжлэх ухааны үндэстэй онолын мэдлэг чухал үүрэгтэй биз?
-Сүүлийн үед уяачид маань үржил селекцийн тал дээр ихэд анхаарч монгол адууны хурдыг нэмэгдүүлэх тал дээр нь түлхүү анхаарч байна шүү дээ. Миний хувьд цаашдаа монгол адууг хэрхэн хөгжүүлж болохыг үржлийн онол талаас нь судалж байна. Энэ чиглэлээрээ судалгаа хийдэг мэргэжлийн төрийн бус байгууллага дээр түшиглэн Эрдмийн зөвлөлийг байгуулж бодлогын хувьд хамтарч ажиллах нь зөв зүйтэй гэж боддог.
-Эрдмийн зөвлөл байгуулах санааг тань талархан дэмжиж байна. Хязаалан аман хүзүүдүүлсэн жилээ аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Одоогийн байдлаар улс, бүсийн наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-2003 оны хаврын бүсийн Дүнжингарав уралдаанд анх хөх цавьдар азарга маань аман хүзүүдэж байлаа. Түүнээс хойш улс, бүсийн наадмаас нийт гурван түрүү, дөрвөн айраг хүртээд байна. Наран хонгор маань 2012 онд улсад аман хүзүүдээд, төвийн бүсэд түрүүлсэн. Өнөө жил хонгор азарга түрүүлж, хязаалан айрагдлаа. Улсын наадмын дараа Дундговь аймгийн төвийн бүсэд очиж Наран хонгор азарга мөн түрүүлж наадамчин олноо баясган гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн амжилттай байна. Ажаагийнхаа энэ олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болгож өгсөн удамт хурдан хүлгүүдээр цаашид ч гэсэн сайхан наадах байхаа гэж бодож байна.
-Түрүү азарганы амжилтаа хадгалж үлдсэн “Ажнай” галынхандаа дахин баяр хүргэж, хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явахыг хүсье?
-Тэгсээн. Морин жилийн босгон дээр манай “Ажнай” галын хоёр ах маань МУ-ын Тод манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртэж баяр нэмсэн. Манай “Ажнай” гал дээр сүүлийн гурван жил төрийн тэргүүн маань зочилж байна. Бат-Эрдэнэ ахын маань Улс халзан азарга гурван жил дараалан түрүүлсэн бол өнөө жил миний хонгор азарга буухиаг нь үргэлжлүүллээ. Түрүү азарганы амжилтаа хадгалж чадсандаа би их баяртай байгаа. Манай “Ажнай” галын бас нэг азарга таваар давхисан. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа ахын маань даага айрагдлаа. “Ажнай” галын маань сурын баг алтан медаль хүртсэн бол бөх маань шөвгийн дөрөвт үлдлээ. Манайхан эрийн гурван наадмаараа тэгш сайхан наадаж байна аа.
-Баяр бахдал дүүрэн наадмууд олон байх болтугай.Аавынхаа цолонд хүрч адуунд хайртай монгол түмнээ баясгаарай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №56



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
Сэтгэгдэл бичигдээгүй байна