Д.Онон: Морины амыг татахад л аль нэг газраа хөндүүр сууж уу, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ

Тэлмэн
2014 оны 3-р сарын 31 -нд

Сэтгүүлийн маань зочны хойморт тухлах зүй ёсны эрхтэй нэгэн эрхмээс халширч дөлсөөр өнөөдрийг хүрсэндээ уншигчдаасаа хүлцэл өчье. Монголын хурдан морины хөгжилд үлэмж хувь нэмэр оруулан, олон арван шавь бэлтгэж өөрийн гэсэн хэв шинжит адууг цогцлоон бий болгосон Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон морин жилийн анхны зочноор уригдлаа. Сайн уяач, шаггүй адуучин гэдгээрээ монгол түмнээ хүндлэгдэн дээдлэгдсэн энэ эрхмийн амжилт, алдрын цувааг уншигчид хэлүүлтгүй мэдэх тул бид өөр өргөн сэдвүүдээр хууч дэлгэн хөөрөлдсөн юм. Ингээд Тод манлайн шимтэй яриаг таны өмнө дэлгэе.

МАНАЙ УЯАЧИД УНААЧ ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЦСЫГ ТОХИРУУЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНА
-Сүүлийн хоёр ч жил хаврын уралдаанууд дээр тодорхой хугацааны хориг тавигдлаа. Жаргал, зовлонг нь ойроос мэдэх хүн байна. Хаврын уралдаан хүүхэд, мориндоо тэгтлээ халгаатай юу?
-Улс төр л хийж байгаа хэрэг байх даа. Амьтанд таалагдах гэдэг юм уу, яадаг юм. Нэг юм яриад байдаг боллоо. Хүүхдийн аюулгүй байдал гэдгээр тайлбар хийх юм. Харин ч тэд ингэж ярьсаар байгаад бүр ч аюултай байдалд хүргээд байгаагаа ойлгож байгаа болов уу.
-Яаж ?
-Хойшлуулсаар байгаад хавар морь уралдаж болох зөв зохистой цагийг нь өнгөрөөчихдөг. Уяачид гэдэг чинь  малчин хүмүүс шүү дээ. Тэд байгаль дэлхий, цаг уур, малаа хамгийн ойроос мэднэ. Хэт хойшлуулчихаар хөлдүү газрын өнгө өдөртөө гэсээд шөнөдөө хөлдөөд зусаал морь унаж болохоо байдаг. Зусаал морь гэдэг чинь зунжингаа уначихсан улгүй болчихсон адууг хэлж байгаа юм. Тиймээс шинийн 10-дын дотор, цаашлаад 15-дын дотор уралдахад хүүхэд, моринд ямар нэг халгаагүй. Морин уралдаан эрчимжиж жилийн дөрвөн улирлын уяатай болоод удаж байна. Тэртээ тэргүй 12 дугаар сарын 20-д гаргаад л морины ажил эхэлж, хүүхдүүд унаж байгаа шүү дээ. Тэр үеэс л өдөр тутмын бэлтгэл хийж байгаа учраас хүмүүсийн яриад байгаа шиг даарч хөрөөд байхааргүй. Өөрсдөө дулаан машинтай, нимгэн хувцастай ирж морь мал үзэж даарчихаад морин дээр яваа хүүхдийг түүн шигээ санаад даарч байгаа гэж боддог. Адуу өөрөө асар их дулаан ялгаруулдаг учраас морь унаж яваа хүн даардаггүй. Тэр тусмаа уралдаж байгаа үед халууцна уу гэхээс даарна гэж байхгүй. Бас нэг талаараа манай уяачид унаач хүүхдийнхээ хувцсыг тохируулж мэдэхгүй байна.Сүүлийн үед морь мал уяж байгаа хүмүүст анхааруулж хэлэхээр зүйл бас харагдах юм. Хүүхдэдээ арзгар ултай гутал өмсгөхөөс эхлээд зөв хувцаслаж чадахгүй.
-Унаач хүүхдийн зохистой хувцаслалтын талаар зөвлөөч?
-Хүүхдийн гутал цулгуй ултай /буриад юм уу, эсгий/ байхаас гадна нэг размер том байх хэрэгтэй. Дөрөө холбоо болон жолоо угсаатай байх ёстой. Угсаа гэдэг чинь ямар учиртай юм гэхээр уралдааны үед янз бүрийн аваар осол боллоо гэхэд тасарч байхаар зүйлийг хэлж байгаа. Энэ нь унаж байгаа хүүхдийн жингээс хамаарах ёстой. Энэ мэтчилэнгийн энгийн зүйлийг ч сүүлийн үеийн улс мэдэхээ байсан юм билээ. Ерөөсөө морь малдаа тохиромжгүй хэрэглэл хэрэглэснээс болж л хүүхэд унаж бэртдэг шүү дээ.
-Эмээл ер нь хэр тохиромжтой вэ?
-Мань мэтийг бага байхад зайдан тохоштой л уралддаг байсан. Хар багаасаа тэгж морь унаад улсын хэлээд байгаа шиг бөөр нуруу муудчихсан юм алга л байна. Морь унаснаараа хүний эрүүл мэнд муудчихдаг гэвэл монголчууд бүгдээрээ болохоо байсан баймаар юм. Би гэхэд л өдий насалтлаа морь малаас салж үзээгүй л явна.
-Унаач  хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл тохиромжтой, тохиромжгүй гээд янз бүрээр ярьдаг. Тод манлай ямар бодолтой явдаг вэ?
-Өвөл бол хэрэглэх боломжгүй юм билээ. Нөгөө каскийг нь өмсчихөөр үстэй зөөлөн дулаан малгайгаа өмсч болохоо байчихдаг. Дулаан малгай өмсөхгүй бол ёстой чих нь хөлдөнө биз дээ. Тэгээд учиргүй хүндийг яана. Хүүхэд унахад тэр жинд нь татагдаад яг толгойгоороо шааж ойчихоор юм билээ. Би  ер нь дургүй л байдаг юм. Морины олон хүүхдэд шахаж мөнгө л олох гэсэн зарим нэг улсын бизнес байх даа, ний нуугүй хэлэхэд. Тэгээд үнэтэйг нь яана. Гадаадад пони адуу унаж байгаа хүүхдүүддээ хамгаалалтын хувцас гээд тэрийг өмсгөдөг юм билээ. Бодит өртөг нь 10-20 доллар байдаг байх. Гэтэл манайд 100-гаад мянган төгрөгийн үнэтэй. Хүмүүс морь уядаг улсыг бүгдийг нь боломжтой, аагаа багтааж ядсан улс байдаг гэж бодох болж. Гэтэл бодит амьдрал дээр тийм биш. Хүүхдийнхээ хувцас хунар, цай хоолныхоо мөнгөнөөс хугаслаад л портерт бензин хийгээд л морины төлөө зүтгэж байна шүү дээ. Чи Өлзийт хорооллоор лавхан яваад үзээрэй. Хүмүүсийн морь мал уяж байгаа хэдхэн цөөхөн гал байж байна. Бусад нь өөрийнхөө боломжоор нийлээд өвс тэжээлээ арай гэж авч байгаа уяачид бий. Мань нь ч гэсэн аагаа багтаасандаа ингээд явдаг юм биш. Үндэсний соёл уламжлал гэдгээрээ ингэж яваа юм. Тэгээд ч монгол хүнийг мориноос нь салгаж ойлгохын аргагүй шүү дээ.
-Хэнмэдэх Тод манлай унаач хүүхэд олдохоо болиод хээгээ алдсан болохоос биш дээр үед жил усыг нь харж байж ивээл бол унуулдаг байсан гэж байсан?
-Тэгэлгүй яахав. Хамгийн наад зах нь жил нь орсон хүүхдээр морь унуулахдаа засал хийлгэж, суудал нь өнцөгдсөн бол тэрийг засч байж мордуулдаг. Есөн настай хүүхдээр  морь унуулахаас цээрлэх гээд дэг ёс байна шүү дээ.
-Танай хоёр хүү хоёулаа морь унаж байсан уу?
-Хоёулаа уналгүй яахав. Батбилэг бол зургаан настайгаасаа эхэлж унаад долоотойдоо улсад айрагдаж байлаа. Болдоо болохоор бүр зургаатайдаа саарлыгаа унаад  улсад уралдаж байсан.
-Танай хоёр хэд хүртлээ унасан бэ?
-Болдоо нь арай олон жил унасан. Найман жил унасан юм.
-Одоо танай морьдыг ямар хүүхэд унаж байна?
-Манай Билгээгийн том нь унаж байна. Манайд морь нь байдаг ганц нэг хүмүүс унуулах хүүхдээ өөрсдөө олж ирдэг юм.
-Хүний хүүхдээр морь унуулах хэцүү юу?
-Өмнө нь ч гэсэн хүний хүүхдүүдээр унуулж л байсан. Манай морийг унаж байгаад сүүлдээ уяач болоод явж байгаа олон залуус байна. Зарим нэг нь уяачийн туслах хийж байна. Морь малтай ойр байснаар бүгдээрээ эрдэмтэн доктор болчихгүй ч амьдрах арга барилтай л болдог юм. Ер нь тэгээд хараад байхад моринд ойрхон байх улс сургууль соёлоор нэг их явах гэдэггүй юм билээ.
-Тэр ч ёстой тийм байх шүү.
-Ер нь тэгээд явсаар байгаад энэ янзаараа хүн болгон дээд боловсролтой болчихвол малаа маллах хүнгүй л болох байх. Одоо ч гэсэн мал мэддэг малчин ховор болж. Хөдөө хэдэн малтай суурин газар амьдардаг хүмүүс мал маллачих хүн олдохгүй байна гээд л шогшроод байх юм.
ӨВӨЛ ЭДЭЛСЭН МОРИНЫ ШАР УСНЫХ НЬ НҮХ ГЭМТДЭГГҮЙ
-Хаврын уралдаан мориндоо ч хал балтай гэлцэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Худлаа хэлж байгаа юм. Харин ч бүр эсрэгээрээ сайн байхгүй юу. Хавар унах морийг өвөл ес эхлэхээс авахуулаад зөөлөн, зөөлөн унаж цантуулсаар байгаад хорыг нь гаргадаг. Морины хор гарч байгааг яаж мэдэх вэ гэхээр эмээлийн хойд талын хавтсан дээр нарийн шороо босохгүй, тохомных нь хөлс биедээ тогтохгүй болоод ирдэг юм. Ингээд хорыг нь гаргачихсан морь хаврын хий хуй, салхи, нойтон цас, хавсарганд ямар ч гэм суудаггүй. Ялангуяа өвөл эдэлчихсэн морины шар усных нь нүх гэмтдэггүй байхгүй юу. Хавар хайлмагтсан цас, шар ус уучихлаа гэхэд усан жилбэ болно. Нэг бол хий цохино. Хий цохино гэдэг нь хүнээр бол хатгаа авахыг хэлж байгаа юм. Үгүй бол шар усных нь нүх гэмтэнэ. Шар усны нүх нь гэмтчихээр дулаан болохоор нээгдээд хүйтэн болохоор хаагдчихаад байдаг. Жишээлбэл, морь  хоолон дээрээ бие нь халуун цаашаа явж байхад хөлс нь гараад байдаг. Эргээд ухасхийхээр салхи цохиж цочроод шар усны нүх нь хаагдчихдаг. Ингэхээр хөлс нь гарч чадахаа байж байгаа юм. Энэ мэтчилэнгийн гэм суудаг  болохоор 11 дүгээр сарын 20-доос авахуулаад 12 дугаар сарын 20, нэгдүгээр сарын 20 хүртэл морийг зөөлөн сайхан унаж хорыг нь гаргаж байх хэрэгтэй. Хор нь гарсан адуу булган малгайны сор шиг үс нь сорлоод ирдэг юм.
-Энэ жил хаврын бүсийн гурван уралдаан болох тов нь гарсан. Тод манлай энэ өвөл олон адуу тэжээв үү?
-Өөрийнхөө голдуу морьдыг уялаа даа. Мэндбаяр, Билгээ хоёр яваад олж ирсэн ганц нэг юм бий байх. Эрдэнэбаяр гээд манай аймгийн залуу байдаг. Түүний азарга, манайд ирээд гурван жил болж байгаа юм. Гай тарьчихдаггүй, гавьяа ч байгуулчихдаггүй нэг адуу байна аа байна.
-Уяа нь эвлэрдэггүй юу?
-Хүн авчраад өгчихөөр цаашаа гэж хэлж чадахгүй юм. Анхнаас нь бааштай сургачихсан юм билээ. Уг нь адуу нь удам  сайтай, ирснээ бодвол овоо л болоод байна. Мөн Довдонбалжир гээд манай Баян сумын нэг залуу бий. Тэдний багачуул голдуу адуу, хоёр хүүхэд, нэг туслахтайгаа ирчихээд байгаа юм. Манай 40-өөд адуу байна даа.
-Бага адуунууд юм уу?
-Тийм. Багачуулаа сургаж, оролдох санаатай. Хүний юм уясаар байтал өөрийнхөө хэдийг эмнэг болгочихоод байх юм.
-Нэг үе ч ёстой л тийм байсан байх шүү?
-Сүүлийн үед өөрийнхөө хэдийг л оролдож байна даа. Энэ хэдэн адууг бий болгох гэж энэ насаа зориулсан. Манайд Хэнмэдэх гуайн адуу, Од гуайн адуу, Магалжав гуайн адуу гээд манай сумын бүх л давхидаг адууны угсаа бий. Багаасаа нутгийн хурдан буянгуудаас цуглуулсан. Тэр дэвсгэр дээр тойруулга адуу оруулаад бий болгосон адуунууд. Одоо л үржлийнх нь хувьд залж удирдаж болохоор болж байгаа юм.
НАМАЙГ ИД ҮЕД МИНИЙ ӨМНҮҮР БОСОО АДУУ ХОВОРХОН Л ГАРДАГ БАЙСАН
-Аварга хээрийн эзэн Дамбадаржаагийн Онон гэдэг нэрийг оюутан ахуйгаасаа л сонсож байлаа. Нуулгүй хэлэхэд миний мэдэх хамгийн анхны уяач бол Аварга хээрийн эзэн байсан байх. Тиймээс таны хурдан морьтой холбогдсон түүхийг цухас боловч сөхөн ярилцмаар байна.
-Бид 1958-59 оны улс. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж айл амьтны хэдэн малыг хураагаад авчихсан байсан үе л дээ. Айлууд чөдрийн ганц нэг морь, саалийн хэдэн үнээ, шөлний цөөн хоньтой л үлдсэн байсан байх. Тэр үед миний өвөг эцэг Баатар гэдэг хүн 200-300-гаад адуугаа туугаад нэгдэлд өмч нийлүүлж байсан гэдэг юм. Харин би 1992 онд Монгол улсад хамгийн олон адуу тоолуулж байлаа. Тэр үед өвөг эцгийн улааг нэхэж байсан Жангарай гэдэг өвгөн “Юм гэдэг учиртай байдаг юм байна. Баатарынх гэдэг айл “Ганц худагийн” нэгдэл гэж байгуулагдахад суурь шахуу адуугаа нийлүүлж байсан. Одоо тэгэхэд ач хүү нь хамгийн олон адуу тоолуулж байна. Буян нь буцаад ирж дээ” гэж байсан юм. Тухайн үед нас залуу болоод нарийн ширийнийг нь тооцож байсангүй.
-Таныг багаасаа адуу малд эрэмгий байсан гэлцэх юм билээ?
-Мэдээ орсон цагаасаа эхлээд адуу малаас холдсонгүй дээ. Би ер нь сургуульд явган явж үзээгүй хүн. Долдугаар анги төгстөлөө сургуулиар явахдаа дандаа л мориор хичээлдээ явдаг байсан. Энүүхэн аймгийн урд талын тавдугаар хорооноос хойшоо сургуульдаа очиход 2-3-хан км газар шүү дээ. Тэгэхэд л мориор явна. Би чинь айлын ганц эрэгтэй хүүхэд. Тэгээд ажаа намайг эрхлүүлээд өвөлжингөө морь тэжээгээд л унуулдагсан.
-Уяа морь унаж байсан уу?
-Ганц нэг удаа унаж уралдаж байсан. Манай ажаагийн хүргэн болох Дамдинжав гэдэг хүн морь мал уядаг. Тэдний хэдтэй манайхны хоёр, гурван айлын цөөн адууг нийлүүлээд азарга адуу болгож би хураадаг байсан юм. Батааг та нар мэдэх байлгүй дээ. Батаагийн өвөө нь уулын  амны цагдаа хийдэг Дэрэм гэж хүн байсан. Тэднийд манайхан морь малаа аваачиж уядаг. Урд Баян сумаас Шийтэр гуай яваад ирнэ. Бас Хэнмэдэх гуайн ах Шагдар гэж хүн байсан. Мань мэтийн дэргэд аргагүй мал мэддэг мундаг хүн байж билээ. Тийм сайхан хөгшчүүлийн дэргэд байж хууч яриаг нь сонсдог байлаа.
-Онон сайн уяачаас гадна шаггүй адуучин гэж хэлэх хүнтэй цөөн бус таарч байсан. Таныхаар сайн адуучин гэж  ямар хүнийг хэлэх вэ?
-Сайн адуучин гэдэг бол адуу малаа бүрэн бүтэн байлгадаг. Унасан, эдэлсэн, уяа аль нь ч тэр элдэв согоггүй, эрүүл саруул, зөв сайхан байлгадаг хүнийг л хэлнэ дээ. Би нэгдлийн адуучин байхдаа улсын 700-800 дээрээ тавиулууд нэмэгдсээр мянга гаруй адуу малладаг л байсан. Тавиулаа намар авчирч нийлүүлээд хавар авдаг. Хавар адуу мал нь тарган цатгалан, бүрэн мэнд, унаа морь нь нуруутай туруутай өгөхөөр муу адуучин гэхгүй биз дээ. /инээв/
-Мянган адуу гэдэг бас ч амаргүй байх  шүү?
-Албан, албан бус хамжаануудтайгаа нийлээд хоёр мянгаад адуу маллана шүү дээ. Нэг талаар нь бүтэн  мянгаад  адуу гэсэн үг. Нэг талаар нь явахад нэг өдөр болно. Дараа нь нөгөө талаар нь явахад ахиад нэг өдөр болдог л юм. Адууг ер нь намар, өвлийн заагаар байгаа нутагт нь эргэсгээд л маллавал зүгээр байдаг юм. Тэнгэр муухай болохоор хужир уруу хааяа дарчихаад бэлчээрээр нь зэрлэг малладаг байсан байхгүй юу. Тэгээд Цагаан сарын ар дээр газрын доод талын цас нимгэрээд ирэхээр тал талаас нь татаж цуглуулаад л доош дарна.  Гэхдээ өдөр бүр эргэж, адуугаа нэг бүрчлэн үзэж ханиад шуухинаа тусаж уу, үгүй юу гээд харна шүү дээ.
-Морь сайн уургалдаг байсан гэдэг. Эмнэг сургахдаа хэр байсан бэ?
-Нэгдэл нийгмийн үед чинь байсхийгээд л гадаадын зочид төлөөлөгчид ирнэ. Тэгээд ойрхон гээд манай аймаг, суманд голдуу хүлээж авдаг байсан юм. Тэрэнд бэлтгэ гээд адуу мал цуглуулж, эмнэг хангал уургалж, унаж үзүүлдэг байсан. Тийм хошин шог шиг юм болдог байсан юм, тухайн үед. Харин уургалахын тухайд адуунд эртэй, чадмаг, залуу байхдаа хаана, хэнийд зүтгэдэг хүзүүтэй адуу байна гэж сураглаж байгаад л уургалдаг байлаа. Ид үед миний өмнүүр босоо адуу ховорхон л гардаг байсан.
-Уургын морио сунгаанд түрүүлгэчихэж байсан удаатай. Хаана ч хүргэхээр хэдэн морь байнгын бэлэн байдалд байлгадаг байсан гэж ярихыг чинь сонсож байсан юм байна?
-Унаж байсан болгоноо уурганд сургачихдаг байхгүй юу. Зөв сайхан эдэлсэн морь хөл хөнгөн, ямар ч төвөггүй болгочихдог юм шүү дээ. Уургын морийг зуны цагт хий хуйг нь авах хэрэгтэй. Тэгэхгүй бол олом нь тогтдоггүй байхгүй юу. Хий хуйг нь авна гэдэг нь шар тос өгөөд үхрийн борцоор утахыг хэлж байгаа юм.
Адууны шүдээр гэмийг нь оношилж болдог
-Уяач хүн хурд ирлэхээс гадна сайн засалч байх ёстой гэдэг. Таныг энэ тал дээрээ гаргуун гэх юм билээ. Ханаж хатган засах эрдмийг хэнээс сурсан юм бэ?
-Манай Хэнмэдэх гуайн ах Шагдар гэж агуу сайн хатгаач, адуу мэддэг, ил цагаан үгтэй, хэнд ч хамаагүй харамгүй юмаа хэлдэг сайхан буурал байсан юм. Тэр хүнээс л морь хатгах талаар анхан шатны мэдлэгийг олж авсан. Сүүлд нь өөрөө нэгдлийн адуу хариулж байхдаа гүүний унаанд явсан багачуулаа хатгаж засдаг болсон.
-Гүүний унаа гэдэг нь...?
-Нэгдлийн адуучин байхад хавар дөрөвдүгээр сарын 10-даас 20-дын хооронд арван хэд хоног хөөвөр авна. Хөөвөр хялгасны ажлын дараа  дуусангуут нэгдлийнхээ гүүг бариулна. Суурь адууныхаа  унагалсан гүүний 60-70 хувийг нь бариулна. Ингэхээр 120-130-аад гүү бариулах болдог юм. Тэгээд 25, 25-аар нь гэж тооцоод тав юм уу, зургаан айлд хувааж гүүгээ бариулна. Тэр айлууддаа гүү хураахдаа унах бага адуу өгдөг байхгүй юу. Тэрийгээ намар гүүтэйгээ аваад, хөл гар, нуруу турууг нь эмнэж домнодог юм. Тэгэхдээ нэлээд юм сурсан шүү. Нэгдлийн олон адуу хариулна гэдэг чинь ер нь амар юм биш. Наад зах нь тоо толгой нь бүрэн, тарга тэвээрэг сайтай, эрүүл саруул байх ёстой. Түүнээс гадна нэгдлээс өгсөн төлөвлөгөө нормыг биелүүлэх учиртай.
-Тэр бэрх ажил байсан юм шиг ээ?
-Хөөвөр, саалийн ажлаас гадна зургадугаар сар хүрэнгүүт агт уяна гэдэг юм болно. Тэр нь 100 адуунд 10 адуу гэсэн жишгээр тооцож 700 адуунаас 70-80 адуу туугаад мах бэлтгэлд хүргэж өгнө. Хөөврийн төлөвлөгөө гэхэд нэг адуунаас 350 грамм гээд заачихсан. Нөгөөдөхөд чинь хүргэх гээд хавар бүдүүнээс нь эхлээд хяргана. Хаваржингаа ноцолдоно. Зарим үед төлөвлөгөө нормдоо хүрэхгүй. Тиймээс би хөөрхөн арга хэрэглэдэг байсан юм. Тэр үед арьс шир авдаггүй байлаа. Суман дээгүүрээ явж 50-60 адууны шир цуглуулаад нэг хүнд хөлсийг нь өгч байгаад зүйлүүлнэ. Зүйлнэ гэж мэдэх үү. Арьс ширнийх нь үсийг хусахыг хэлж байгаа юм. Сайхан гэсгээж үсийг нь хусч аваад шуудайлчихна. Тэгээд хавар хөөврийнхөө төлөвлөгөөнд өгнө шүү дээ. Төлөвлөгөөндөө хүрчихээр шүдлэнгээс доош насны адуугаа хяргахгүй. Тэгэхээр үхэл хорогдол гардаггүй байхгүй юу. Гэтэл улс хөөврийнхөө төлөвлөгөөг биелүүлэхийн тулд багачуулаа хяргаад хаврын нойтон шуурганд хорогдуулчихаад байдаг байсан.
-Шилдэг адуучдад олгодог Алтан унаганы эзэн болж явсан юм биш биз?
-Үгүй ээ, үгүй. Би яг л төлөвлөгөө нормд нь тулгаад л биелүүлдэг байсан.
-Адууны шүдийг хараад согогийг мэдэж болно гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Би ч хэлээд байгаа юм биш, сударт тэгж байдаг юм. Морины аль хөл гэмтэнэ, үүнийг шүдний гэмээр зас гэсэн байдаг. Эхэндээ би юу гэсэн үг юм бол доо гээд нэг их тоодоггүй байсан. Харин дараа нь гүүний унаанд яваад ирсэн доголон сэглэн багачуулаа намар засахдаа ажиглаад туршдаг болсон юм. Цээжээ авсан адуу дээд талын шүд нь бүгдээрээ эмтэрдэг бол хойшоо доголсон адуу доод шүд нь эмтэрсэн байх жишээтэй. Үүдэн хоёр шүд нь эмтэрсэн байх юм бол цээж шонтгор мөрнөөс дээш доголсон байна. Бүр тодруулбал, далныхаа араар доголсон байна гэсэн үг. Үүдэн хоёр шүднээс зах руугаа эмтэрсэн байвал шонтгор мөр, залаа руугаа гэмтсэн гэсэн үг. Манлай уяач “дааган” Ганаа бид хоёр арваад жил айл саахалт явсан улс. Цогоо гээд манай найз, бид гурвуулаа нэг үеийн адуучид. Нэг, нэг суурь адуутай. Зундаа тус тусдаа адуугаа маллаж байгаад өвөл болохоор нийлүүлчихнэ. Манай гурвын нийлсэн дөрвөн мянга гаруй адуу байдаг байлаа шүү дээ. Ганаа надаар баахан доголон сэглэн юмнуудаа хатгуулна гэхгүй юу. Тэгэхээр нь би “Чи барьж аваад уячихаарай” гэсэн чинь  20-иод юм уячихсан байна. Би тэгэхээр нь “Чи надад ингэж тэгж доголсон” гэж битгий хэлээрэй. Би шүдийг нь үзэж байгаад хаагуур доголсныг нь хэлнэ” гэлээ. Тэгээд урагшаа доголсныг нь ч яахав.Энэ ингэж доголсон байна гээд хатгалаа. Тоохгүй л байна. Тэгсэн чинь өөрийнхөө унадаг уургын хонгор морио хатгуулна гээд чөдөрлөчихөж. Үзсэн чинь доод талынх нь буруу талын голын шүдний зах нь эмтэрчихсэн байна.Тэгэхээр нь “Энэ хонгор морь чинь буруу хойшоо ондчоод доголоод байх болсон юм байна” гэсэн чинь “Яг тэгдэг юм, чи яаж мэдэв ээ” гээд сүйд болж билээ. /инээв/ 
-Ер нь хэдийд хатгавал зүгээр байдаг юм бэ?
-Дээшээ цусаа татаад авчихсан 11 дүгээр сарын эхээр л хатгах ёстой юм. Номон дээр газар хөлдөх, гэсэх хоёрын зааг дээр хатга гэсэн байдаг. Яг тухайн цэгээ олж хатгах юм бол хатгасан хутганы сорви эдгэхэд цаад өвчин нь мөн эдгэж байх ёстой. Түүнээс биш бүр улирчихсан, баларчихсан юмыг хатгаад эдгэнэ гэж байхгүй. Яг тухайн үед нь жаахан хөндүүртэй байхад нь тэрийг нь олж цэгэн дээр нь зүү тавьж байгаа юм шиг хатгах ёстой. Учиргүй цус гаргахдаа ч гол нь биш. Тэгэх юм бол хутганы сорви эдгэхэд нөгөө өвчин илааршина.
-Хоёр гурван жилийн дараа хатгуулаад гэж ярьдаг. Тэгэхээр тэр үр дүнгүй байх нь ээ?
-Тэр ёстой худлаа. Урхагшчихсан согогийг хатгаад эдгэхгүй. Би нэгдлийн адуу малласнаас хойш Хятадын мал эмнэлгийн онолын зөвлөмж, Өвөрмонголын мал аж ахуй, малжих, мал эмнэлгийн зөвлөмж гэсэн энэ номыг харж судалж байгаа юм /үзүүлэв/. Дунд тусгай мэргэжлийн сургуульд заах ёстой ном юм билээ л дээ. Үүнийг би гол болгодог. Практик чухал ч шинжлэх ухааны үндэстэй юм байхгүй бол хол явахгүй л дээ. Давхиад ирсэн морины амыг татахад л аль нэг газраа хөндүүр сууж уу, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ.Хөндүүртэй  эмзэглэж байгаа адуу бол амыг нь татахад толгой нь жаахан хажуу тийшээ болох юм уу, эсвэл гэдийдэг. Өөрөөр хэлбэл, тар сунгаа, уралдаан алинд ч хамаагүй давхиад ирсэн адууныхаа хөл рүү нь биш, толгой руу нь харж байх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс анзаарахгүй байж байгаад бүр хөл нь доголчихсон хойно мэддэг. Тэгээд хатгахаар ямар үр дүн байхав дээ.
-Уяа морьд илүүтэй бэртэл авах магадлалтай үе нь хэзээ вэ?
-Биеийнх нь амьдын жинд тохироогүй ажил хийснээс болоод морь доголдог. Эхлээд хөнгөн зөөлөн ажил хийж явсаар байгаад хөнгөрсөн хойно нь хурдны ажил хийх ёстой. Тэгэхгүй гэдэс нь ч хөнгөрөөгүй байхад нь давхил тар хийчихээр моринд хөндүүр сууж доголдог. Бас морины хөлсийг хатирч аваагүйгээс хөлгүй болдог талтай. Одоо хүмүүс морь хатируулахаа больж. Хатирч яваа морины сэвс задарч, хоол нь дундардаг сайн талтай. Түүний дараа цогиход суга нь гүйцэд тэнийдэг. Тэгэхээр ямар нэг хөндүүр суухгүй. Хоолтой адууг шууд цогиулчихаар суга нь гүйцэд тэнийхгүй хоёр шонтгор мөрөн дээрээ хамаг ачаалал нь ирж, хөлгүй болох эх үүсвэр нь тавигддаг. Хүмүүс тэгж цогиж байгаагаа зөөлөн явж байна гэж боддог. Ном сударт хүртэл хатирч яв гээд биччихсэн байдаг шүү дээ. Эхний тав, зургаан хөлсөн дээр дандаа хатирч авах ёстой. Тэгэх юм бол морь хөлгүй болохгүй.
-Тэгвэл уралдааны үед ямархуу согог суух магадлалтай вэ?
-Морио зөв эдэлж, зөв хөнгөрүүлсэн, дээр нь хуучин эмгэггүй л бол морь хөл гараа авах үндэслэлгүй юм. Гэхдээ бас бүх юм нь зөв байхад хөлөө авчихаад байдаг адуу бий.
-Жишээлбэл?
-Хөл гар, шөрмөс муутай, хөлөндөө халтай адуу байдаг. Жишээлбэл, дээгүүр самаргаатай, дал нь эгц, шонтгор мөр нь дор байрлалтай адуу бол хэзээд ч хөлөө авна. Ийм ясан хийцтэй адууг уралдуулаад дэмий. Харин шонтгор мөр нь дээшээ, далных нь үзүүр хойшоо, доогуур давхилтай адуу хэзээ ч хөлөө авдаггүй. Жишээлбэл, миний хээр морь зөв хийцтэй адуу байсан. Ямар ч уралдааны үед хэзээ ч дээгүүр самардаггүй. Эвхэж авчраад л тэрүүхэндээ зөөгөөд л тавьдаг. Хөлөө өргөж үзээгүй шахуу адуу шүү дээ.
ХОЛ ЗАМД УРАЛДАЖ БАЙГАА АДУУ АМЬДЫН ЖИНГИЙНХЭЭ 10 ХУВЬД ТОХИРОХ АЧААГ ҮҮРЭГ ЧАДВАРТАЙ
-Дээр үед тарган адуу уралдуулаад ямар нэг гэмтэл согог суулгадаггүй байсан. Харин одоо юм л бол бэртчих гээд байх юм гэж ярих хүн цөөнгүй байдаг. Дорноговийн хэд хэдэн уяач ингэж асууж байсан. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тэжээлгүй үеийн морийг холоос сайхан эдлээд, таргахан талд нь аятайхан уралдуулж болно. Ялангуяа Банди адуу бол зооных нь махыг барж хөдөлгөмөөргүй адуу. Дээхнэ үеийн уяачид нь түүнийгээ мэддэг байсан болохоор тэр хэв маягт тохируулж уядаг байж. Адуу болгон чинь өөр уяатай. Адуу болгон өөр хэлбэр хийцтэй. Цаг уур, хүрээлэн байгаа орчиндоо тохироод монгол адууны хэв шинж харилцан адилгүй шүү дээ.
-Ер нь адууг тарган уралдуулах ёстой юм уу, эсвэл сайн нимгэлж туранхай уралдуулах ёстой юм уу?
-Адуу болгон өөр уяатай учраас ерөнхийдөө бүр доош нь ортол нь сайн эдэлж, хат суулгаж байгаад, тэгээд дээш нь сөргөөж бярлуулж уралдуулвал сайн. Энгийн үгээр хэлбэл, жинг нь сайн хасаж байгаад буцаагаад хэвийн жинд нь хүргэнэ гэсэн үг. Түрүүн хүүхдийн тухай асуухад хэлдэг байж. Сая саналаа. Ер нь уралдаж байгаа адууны амьдын жингийнх нь 10 хувьд л таарсан ачаа үүрүүлэх учиртай. Тэгэхгүй бол түүнээс хэтрэхээр морь хөлгүй болдог юм. Ерөнхийдөө 20-иос дээш км уралдаж байгаа адуунд ачаа нь хүндэддэг. 15-аас дотогш уралдаж байгаа адуунд ачаа хүнддэж байгаа нь мэдэгддэггүй. Дэлхий нийтийн жишгийг харж байхад ойрын зайн уралдаанд ч гэсэн 56-58 кг жинтэй хүнээр л унуулдаг. Гэтэл тэр адуу чинь 560-600 кг жинтэй. Тэгсэн хэр нь тэд чинь хөл гараа авчихаад байдаг. Манай монгол адууг бодвол бүр хариугүй болчихсон мал л даа.
-Монгол адууны дундаж жинг бараг нэг нугалах юм байна шүү дээ?
-Харин тийм. Монгол адууны дундаж жин 320-380 кг. Түүний арван хувьд таарах ачаа үүрүүлнэ гэхээр хүүхэд унахаас өөр аргагүй болж байгаа юм. Хэрвээ хүүхдүүдээр унуулахгүй, эсвэл унах насыг дээшлүүлнэ гэж байгаа бол эхлээд монгол адуугаа томруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Эсвэл бүр морин уралдаан, наадам гэдэг юмаа хийхээ болих хэрэгтэй. Уг нь ч монгол адуу ийм давжаа жаахан байгаагүй. Хэд хэдэн шалтгаанаас болоод давжаарчихсан юм.
-Тэр нь юу байхав?
-За, эхнийх нь социализмын үеийн мах бэлтгэл байна. Сэрвээний өндөр заагаад аль сайн гэснийг нь аваад явчихдаг байсан.
-Сэрвээний өндөр нь хэд байх ёстой байсан юм бэ?
-135 сантиметртэй эрүүл адууг мал маханд  авна гэсэн заалттай. Оросууд өөрсдөө тийм стандарт тогтоогоод түүнд тохирсон адууг шилж гаргадаг байсан байхгүй юу. Сэрвээний өндөр нь 135 см адуунаас 125-135 кг мах гардаг юм гэнэ лээ. Тэгэхээр шүдлэн, хязаалан насны адуунууд нь явчихдаг. Жишээ нь, би гэхэд л нэгдлийн адуу маллаж байхдаа бүдүүн унагалдаг гүүнүүдээ өгөхийг бодохгүй. Аль болох багачуулаас нь сэрвээний өндөр нь таарч байвал даага ч болохноо өгөхийг бодно. Ингээд л сэрвээний өндөрт нь тохируулж том биетэйг нь ялгаж өгч явуулсаар байгаад дан жаахнууд нь үлдэхгүй юу. Дараа нь морин уралдаан идэвхжиж хүн болгон шахуу морь уядаг болсон. Тэгэнгүүт хүмүүс  багадаа хурдалдаг бие багатай адуугаар азарга тавьж эхэлсэн. Даага, шүдлэнгээсээ хурдлаад эхэлдэг адуу чинь ихэнх нь жижигхэн биетэй байдаг юм шүү дээ. Хүнээр бол Пүрэвбаатар шиг юмнууд байдаг байхгүй юу. Тэр нь багадаа их амжилт гаргадаг юм. Үндэсний бөх шиг юмнууд нь хэзээ ч бага насандаа амжилт гаргадаггүй. Бүдүүрсэн хойноо бяр сууж байж давхидаг. Үүнийг нь мэдэхгүй баахан жижиг давжаа биетэй үрээнүүдээр азарга тавьж, адуугаа давжааруулсан улс. Үүнээс болоод сайхан их насны морь гарахаа байчихаад байна. Дээхнэ үед монгол адуу намхан ч гэлээ зузаан. Унаад явахад дөрөө нь хоёр тийшээ тэлчихээд зузаан хувцастай хүн мордоход төвөгтэй л байдаг байсан. Одоо тийм адуу байхгүй. Миний ярьсан энэ хоёр дээр дараалсан зуд турхан нэмэрлээд монгол адуу пони үүлдэрт тооцогдохоор болоод байна. Дэлхий нийтийн жишгээр 145 сантиметрээс доош өндөртэй бүх адууг пони гэдэг шүү дээ. Уралдаан тэмцээн талаасаа биш, ахуй талаасаа ч харсан адуу нь том томруун болвол ядаж мах нь арвин байна биз дээ. Энэ тал дээр нь анхаармаар л байгаа юм.
ОДОО ЭРГЭЭД БОДОХОД ХАЛЗАН НЬ  ХЭЭРЭЭСЭЭ ИЛҮҮ АДУУ БАЙСАН
-Уяачийн гараагаа эхэлж, уяаны эрдэмд сургасан халзан морь одоо ч бий хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Одоо хэдтэй адуу вэ?
-Манай Батбилэгээс л нэг ах адуу шүү дээ. 33 хүргээд энэ хавар арай гэж нүдийг нь аниуллаа. 1981 оны унага байгаа юм. Бүр өтлөөд хэцүү байхаар нь энэ хавар унтуулдаг тариа олж унтуулсан.
-Эр хүн, их морь хоёрын дордохыг харах хэцүү гэдэг?
-Ёстой үнэн. Хэцүү юм билээ. Би өөрөө хүрч чадахгүй халшраад, Болдоо л тариаг нь хийж унтуулсан байх.
-Их хөгшрөхөөрөө шүдгүй болчихоод хоол хүнсээ шингээж чадахаа байдаг гэх юм билээ?
-Харин тийм байна лээ. Би шүдийг нь эмчлэх гээд Америкаас шүд хүртэл янзалдаг багаж аваад ирсэн чинь янзлах юм үлдээгүй байсан. Морь нь иртэй юм болоод их тэссэн байх. Хүүхдүүд хивэг, овъёосыг нь дэвтээгээд өгдөг байсан юм. Сүүлдээ ч хүүхэд шиг л арчилдаг болсон. Яс сайтай адуу юм болоод 26-27 хүртлээ бэлчээрээр яах ч үгүй л яваад байсан шүү.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Тэр хананд байгаа 1989 оны зураг. Өмнө нь соёолондоо улсад айрагдчихаад байсан морийг би долоотой аваад наймтайд нь анх өөрөө гардан уяж улсад айрагдуулаад байгаа нь тэр юм.
-Түүний өмнө уурганы морио түрүүлгэж байсан биз дээ?
-Тийм, 1988 онд Тогоруу халтар гээд уурганы эрлийз морийг Билгээ унаж сунгаанд түрүүлгэж  байсан. Унах гээд дурлаад болдоггүй. Тэгэхээр нь сүүлийг нь сүүлээр нь боож өгөөд явуулчихсан. Тэгсэн түрүүлээд ирсэн. Тэр үеийн манай энэ хавийн сунгаа гэдэг багахан наадмын дайтай л даа. Халтар морь эхлээд тэрэгний морь байгаад дараа нь уургынх болсон юм. Тэгэхдээ шар усны нүх нь гэмтчихсэн байсан шиг байгаа юм. Цаашаагаа явахдаа хөлрөөд, буцахдаа хөлс нь гардаггүй. Тэгээд хөлсөөрөө суучихдаг адуу байсан. Тэгээд олигтой амжилт гаргаагүй.
-Халзан морь наймтай улсад аман хүзүүдээд түүнээс хойш яаж давхисан юм бэ?
-1990 онд МНТ-ны 750 жилийн ойд очиж уралдсан. Тэгэхэд их нас будилж хоёр,  гурав ч дахиагүй юу. Халзан морь хоёр ч айрагдаад тооцогдоогүй. Харин хөлөө жаахан эвгүйтүүлчихээд ирсэн байсан болохоор 1991, 1992 онд өнжөөнгөө унаад байдаг байсан юм. Тэгж байгаад 1993 онд аймгийнхаа ойд уралдаж зургаалаад, 1994 онд улсын наадамд зургаалаад, түүнээс хойш бараг уралдаагүй. 1994 онд уг нь бараг айрагдсан л даа. Доржсүрэнгийн хээр морьтой холбож ирээд хошуу өлгөөд орчихсон. Гэсэн хэдий ч тэр үед миний саарал азарга айрагдчихсан байсан болохоор “адилхан морь уядаг улс байж” гээд хэл ам хийгээгүй. Дараа нь Доржсүрэн “Миний муу хөгшин хоншоортой шүү” гэж байсан. 1996 онд Өвөрхангайн Есөнзүйлийн даншиг наадам болсон шүү дээ. Тэнд уралдуулах гээд ачаад явж байсан чинь Пунцагаа “машин дээрээс унагачихлаа” гээд. Тэгэхээр нь муу морио өрөвдөөд тамлахаа больё гээд дахиж уралдуулаагүй ээ.
-Төрийн наадмын анхны айргийг амсуулсан халзан морь, Онон уяачийн нэрийн хуудас болсон Аварга хээрээс эхлээд  олон хурдан хүлгийн уяаг тааруулсан өнгөрсөн он жилүүдээ эргэн хараад хамгийн шилдгийг нь нэрлээч гэвэл?
-Одоо эргээд бодоход халзан нь  хээрээсээ илүү адуу байсан. Тэр үед би тааруухан уяач байгаад халзан мориныхоо шидийг гүйцэд гаргаж чадаагүй болохоос биш. Яг зэрэгцүүлээд цуг уралдах юм бол халзан нь илүү байсан байх гэж боддог шүү. Халзан морь чинь тойруулга цустай адуу шүү дээ. Ер нь гараад л тээр тэнд давхиж явдаг адуу байсан. Харин хээр морь бол агуу хурдан буян. Халх даяараа мэдэх юм чинь дээ. Аварга хээрийг хурдан болгоод давхиулъя гэхэд хурдан болдог, аажуухан болгоё гэхэд аажуухан болдог. Уяаны аясаар давхил нь гардаг адуу. Анх ирэхдээ хөлөндөө жаахан гэмтэй болчихсон байсан юм. Тэгээд ирсэн даруй нь хатгаж өнжөөгөөд уралдуулаагүй. Тэр нь ч болсон байна лээ. Хээр морь араас явж, газар таллаад ирэхээр цээжинд гардаг адуу. Тэгсэн хэр нь тар сунгаанд нэг их өнгөлдөггүй. Би хээр морио тойруулгын уралдаанд ч гэсэн уралдуулж байсан. Есөн километрт уралдаад түрүүлчихдэг л морь доо. Ер нь тэгээд хурдан адуу таарвал давхихаас биш, хурдан адуу таарахгүй бол хичнээн уядаг байгаад ч нэмэргүй юм шүү дээ. Хурдан сайхан буян таарч байж л уяач болж байгаа юм.
-Хээр морь тань хэд хүрсэн юм бэ?
-14 хүрсэн. Тэгэхэд би өөрөө дагаад явсан бол хээр морио үхүүлэхгүй байсан юм даа гэж одоо хэр нь бодогддог шүү. Сүхбаатарынхан намайг морь дагуулахгүй гээд миний машины түлхүүрийг булааж аваад, дугуйны хий гаргаад хаячихсан юм. Тэр өдөр их манантай бүүдгэр байсан. Ерөөсөө тэгдэггүй морь чинь мордохдоо  чичрээд нэг л эвгүй байсан юм. Би нутаг усаа үзээд тэгж байгаа юм болов уу гэж бодсон. Хүнээр бол стресс маягийн юм болсон уу. Хэл ам ч туссан уу, мэдэхгүй. Урьд өдөр нь ядахдаа хоёр бага адуу уралдаад хоёулаа түрүүлчихсэн байсан юм. Ер нь хэл ам гэдэг чинь айхтар шүү дээ. Сайн хүлэг эзнийхээ амийг хаадаг юм гэнэ лээ гэсэн яриагаар л жаал тайвширсан даа. Тэгэхгүй бол бас хэцүү юм билээ.
-Хамгийн  их сэтгэлд  хоногшсон наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох вэ?
-Өөрөө гардаж уяад хүүгээрээ унуулж, төрийн наадмын анхны айргаа авсан 1989 оны наадам. Миний сэтгэлд үлдсэн хамгийн сайхан дурсамжтай наадмын нэг тэр. Түүнээс хойш хүний өөрийн олон морь уяж 53-54 түрүү, 130 хэдэн айраг авсан. Яг миний өөрийнх болохоор 70-аад юм бий байх. Олон морь уяад ирэхээр амьтны хүүхэд, морь эсэн мэнд ирээсэй гээд байнга стресстэж байдаг. Хүний юм уях дурлаад байх ажил биш. -Нэгэн үе ч ёстой л даруулж байсан байх шүү?
-Хүн болгон  шахуу морь малаа уяулъя гээд хүрээд ирнэ. Хүрээд ирж байгаа хүнийг цаашаа гэх хэцүү. Их насны морь гэхэд л 10, бараг 20-иод шахууг уядаг байсан. Олон хүний олон хурдан буянг цуглуулаад уячихаар түрүүлж, айрагдалгүй яахав дээ. Би  гэлтгүй хэн ч гэсэн ялгаагүй, олон сайн адуу бөөгнүүлээд уявал давхиж л таарах байсан байх гэж боддог.
АДУУНЫХАА СЭТГЭЛ ЗҮЙГ Л МЭДЭРЧ ТАНЬЖ ЧАДВАЛ УЯЖ ЧАДНА
-Онон уяачийн гэрт тоглож өссөн морины хүүхдүүд энэ цагийн шилдэг уяачдаар нэрлэгдэж байна. Шавь нарынхаа амжилт гаргаж байгааг харах сайхан биз?
-Сайхан байлгүй яахав. Гэхдээ ойр байвал магтахаасаа илүү зэмлэж л байдаг хүн. Ихбаяр бол дөнгөж хэлд ороод л манайд ирсэн хүүхэд. Аав нь хилийн цэргийн заставын дарга гээд эмээ, өвөө дээрээ үлдээд, манайд өссөн. Батаа болохоор манай найзын хүүхэд. Батбилэг энэ хоёр нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Би Батбилэгийг тавдугаар ангиас нь сургуулиас гаргачихсан чинь Батаа бас дагаад гарчихсан. Ихбаяр ч адил. Сугар гээд манай дүү байдаг шүү дээ. Энэ дөрөв нэг айлын хүүхдүүд шиг л өссөн. Үр хүүхдээ сайн сайхан явахад баярладаггүй хүн гэж юу байхав. Эд нар ч гэсэн бас азтай. Халхын аль сайн гэсэн адуунууд дээр уяачийн дадал суусан. Би түрүүн хэлсэн шүү дээ. Сайн адуу таарахгүй бол сайн уяач болж чадахгүй гэж. Энэ хүүхдүүдэд сайн адуу уях боломж тохиосон. Адуу болгон өөр, өөр уяатай. Нэг адууны уяа жил бүр бас харилцан адилгүй байдаг. Ер нь морийг яг тэгж уяна гэсэн нарийн жор байхгүй. Эцсийн эцэст адууныхаа сэтгэл зүйг л мэдрэх хэрэгтэй байгаа юм. Сэтгэлийг нь таньж чадвал уяж чадна.
-Сэтгэлийг нь таних арга ухаанаасаа хуваалцаач?
-Ерөөсөө анх морь бариад ёслоход л адуу яаж уяхаа хэлээд өгдөг. Алхуулж, гишгүүлж байхад гэгэлзээд хөнгөхөндүү байх юм бол, за энийг чинь тусад нь ажил хийж, эхлээд сэтгэлийг нь дарах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Жаахан удаандуухан, аажуухан алхаатай байвал сэтгэлийг нь сэргээж уях юм байна гэдэг ч юм уу. Тэр уяачийн мэдрэмжээс хамаарна.
-Та хэдэн онд Алдарт уяач цол авсан бэ?
-2002 онд шууд Манлай уяач цол авсан байх. Дараа нь Тод манлай уяач, Гавьяат малчин болсон. Бас “Алтангадас”-аар шагнуулж байсан юмдаг.
-Би таныг ихэвчлэн энэ улаан дээлтэй чинь харсан байдаг юм. Дээлний өнгөнд ямар нэг учир байна уу? -Үгүй, яахав дээ. Олны хэл амыг мориноосоо холдуулж өөр дээрээ татаж байгаа ухаантай юм. Хэл ам зайлуулж байгаа гэх үү дээ. Хүмүүс дээлийг нь хараад “энэ нэг улаан дээлтэй юм байнга л явж байх” гэж бодно /инээв/. Хуучны улс улаан өнгийг хэл ам хаадаг гэдэг. Шийтэр гуай гэхэд л морио ид хурдалж байх үед худлаа согтуу хүн болоод хэвтчихдэг байсан гэдэг шүү дээ. Тэгж морин дээрээ биш, өөр дээрээ хэл ам татаж байхгүй юу.
-Үржил селекцийн тухайд гүүнд илүүтэй ач холбогдол өгдөг гэж сонссон. Ер нь Тод манлайн адуунд Халхын ямар ямар хурдан буян, удам угсаа чуулсан бэ?
-Гүү сайн байх ёстой. Сайн гүүн дээр бух харайсан ч юм гарна гэдэг юм. Онгирч байгаа юм биш. Ямар ч айлын адуунаас сайхан том товируун гүү авчраад манайхтай харьцуулахад хариугүй жаахан харагддаг юм. Манай адуунд морь шиг товируун гүү олон бий. Би халзан мориныхоо эхийг 20 настайд дөрвөн унагатай гүү, хоёр морь өгөөд авч байсан юм.
-20 настай гүүнээс хэдэн жилийн төл авахав?
-Над дээр ирээд тав унагалж, 27 хүрээд өнгөрсөн. Эхийнхээ гэдсэнд ирсэн Гүзээ зээрд гээд халзан морины дүү азарга байна. Түүний төл хурдан хамар цагаан азарга бий. Даага, шүдлэндээ айрагдаж, хязааландаа улсад түрүүлсэн. Цогтсайханы дүү Энхбаярын нэр дээр давхидаг байсан даа. Бас Алтан-Овоонд хол түрүүлсэн.
-Тав унагалсан гэсэн. Бусад нь яаж давхисан юм бэ?
-Ганц эр, бусад нь охин байсан юм. Би ирэнгүүт нь хөгшин саарал азаргандаа хураалгаж байгаад хоёр хул гүү, нэг зэгэл хонгор гүү, нэг зээрд гүү гээд дөрвөн төл авсан. Одоо тэдний төлүүд нь сайн давхиж байна.
-Та ер нь хаа, хаанаас гүү авсан бэ?
-Би дээр ярьсан шүү дээ. Нэгдлийн малын хажуугаар тавиулын адуу малладаг байсан гэж. Малыг нь хариулж өгсөн хүмүүс хавартаа нэг үрээ, даага өгнө. Адууг нь маллаж байсан юм болохоор би өөрөө харж байгаад арай гайгүй, тэгээд охиныг нь авдаг байсан. Жишээлбэл, Хишигээгийн шаргын ээжийнх нь ээж гэхэд Самдан гэдэг хүний адуу. Самдан гуай надаар адуугаа гурван жил харуулаад нэг ч хөлс өгдөггүй байхгүй юу. Самдан гуайн хурдан хүрэн халзан морийг соёолонд нь Бэгз гэдэг хүн уяад улсад аман хүзүүдүүлж байсан. Тэр хүрэн халзан морины эх нь тойруулга адуу. Хар үнэгт нядалгаанд ирээд байсан толботой хар хүрэн гүүг Самдан гуай солиод авчихгүй юу. Тэгээд түүнээс нь хүрэн халзан морь нь гарсан юм билээ. Хүрэн халзан морины  дүү сайхан шарга байдсыг би адууны хөлсөнд аваад, Дундговийн Содномпилийн хүрнүүдийн угсааны хүрэн азарганд хураалгаж Хишгээгийн шаргын ээж шарга гүү гарсан. Мөн Ганжуурын Сундуй гуай адуугаа дарж тоолуулсан нь илрээд Рагчаа дарга  30-аад адууг нь хурааж авсан юм. Тэр адуу нь манай суурьт ирээд тэр чигээрээ надад үлдсэн. Тэдний адуу гэдэг чинь хамгийн сайн адуу байхгүй юу. Улсад хамгийн олон төл нь айрагдсан Дааган Ганаагийн буурал азарга гэхэд л  адууны хөлсөнд ирсэн байдасны төл. Би буурал азаргыг Дааган Ганаад бэлгэнд өгч байсан юм.
-Маарын хээрийн угсааны адуу ч бий гэдэг байх аа?
-Бий бий, Маарын хээрт гүү тавьж байсан. Дараа нь түүний төл Чоногийн халтарт бас гүү тавьсан. Миний саарал азарга чинь Даш гээд хүний адууных. Манай адууны үндсэн дэвсгэр адууны маань гол цөм нь хоёр Сундуй гуай, Даш гуай, Маарын хээр, Магалжавын алагууд болдог.
-Түрүүн Содномпил гуайн хүрэн азарганы төл хүрэн азаргыг нэлээд үнэтэй авсан гэх шиг болдог юм?
-Тэгсээн. Содномпилийн хүрэн азарганы төлийг би нэлээдгүй үнэтэй худалдаж авсан. Ер нь сайн адуунд гар татаж байгаагүй ээ. Ханддорж гуайн адууны хонгор азаргыг азарга адуугаар авч байлаа. Бүдүүн 22 адуу, зургаан унагатай өгөөд. Тэр үед хоёр дахин азарга адуугаар адуу авлаа гээд миний адууг аймгийн прокурор ирж тоолж байж билээ. Азарга, азаргаар наймаалцаад байхаар нэгдлийн адуу хариулж байгаа хүнийг хардалгүй яахав дээ. Ер нь алсдаа сайн адуутай болъё гэдэг бодол надад аль эртнээс байсан. Гарамжав гуайтай саахалт бууж нэг жил морь уяад тойруулга адуу, эрлийз адуу аргагүй хурдан байдаг юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд Батчулуунаар зуучлуулж Сайнцог гуай дээр орж, учир байдлаа хэлээд нэг адууг гурваар тооцон наймаалцахаар болсон.
-33-ыг өгч 11 адуу авсан гэдэг билүү?
-Тэгсэн. Даваадорж гуай есөн  гүү, хоёр азарган үрээ ялган өгч байсан. Сугарын хул азарга, Батхүүгийн Соёмбо зээрд, Батсайханы Гуулин зээрд зэрэг бол тэр л тойруулга адууны угсаа яваад байгаа юм.
-Адууны үржил селекци, эрлийзжүүлгийн тухайд ямар бодолтой явдаг вэ. Өөрийнхөө туршлага дээр үндэслэн уншигчдад маань зөвлөгөө өгөөч?
-Үржил селекци хийх гэж байгаа бол цэвэр адуугаар л хийх хэрэгтэй. Тэгэхгүй англи будённый ч гэдэг юм уу, англи араб адуугаар чанар сайжруулна гэж байхгүй. Яагаад гэхээр тэр мал чинь өөрөө эрлийз. Аль руугаа ч хэлбийж болно шүү дээ. Ер нь дэлхий нийтэд ямар ч үүлдрийн адууг сайжруулахдаа Араб адууг ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх хурдны хэвшлийн адуунд араб цус орсон байгаа. Англи адуунд ч ялгаагүй. Тиймээс би цэвэр Араб адуугаар үржил хийхийг дэмждэг. Манайхан дор бүрнээ адуугаа сайжруулна гээд адуугаа бүр муутгаад байгаа тал ч ажиглагддаг. Ер нь үржил селекцийн тал дээр болгоомжтой, тооцоотой, няхуур хандах хэрэгтэй.
-Адууны чанар муудсаныг хурдлах чадвараас өөрөөр яаж мэдэх вэ?
-Адууны чанар муудаад ирэхээрээ андашгүй чихнийх нь холбоо сулраад, чих нь сул дэлдэг, дэлдэг болчихдог юм. Ер нь буруу эрлийзжүүлсэн адуу тийм болдог. Жишээ нь, Орос Болдын адуу эхлээд сайхан гозгор чихтэй байснаа сүүлдээ холбоо нь сулраад ирсэн. Тэгэхээр нь би “Таны адууны чих болохоо байсан байна шүү” гэсэн. “Харин тийм чангаруулна аа” гэж байсан. Ер нь эрлийзжүүлгийг зөв хийхгүй бол аюултай шүү. Адууны чанар сайжрахаараа чихнийх нь уг нь бүдүүрээд, бага боловч шовх үзүүртэй болдог юм. Муудахаараа чихнийх нь уг нь нарийсаад, чих нь урт болоод. Мөн цус ойртвол уруул ам нь мурийгаад  ирнэ. Ууц нь мурийж  жижгэрээд, арьс хөрс нь нимгэрч, үснийх нь ноолуурлаг чанар нь багасаад ирдэг юм. Зөв эрлийзжүүлсэн адууны зүс тосон гялгар металл өнгөтэй болоод үс нь ноолуурлаг ихтэй байдаг.
-Бидний ярилцлага нэлээд удаан үргэлжилж байна. Ингээд уншигчдаас ирсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Их л удаж байна шүү /инээв/.
Гэрэлтсансар: Өндөршилийн адуунаас авсан уу гэж асуугаарай. Гүр угшлын талаарх бодол?
-Үгүй. Харин тэр хүний тухай бишгүй дуулж байсан. Би ер нь гаднаас авсан адуугаар азарга тавьж байгаагүй. Хамгийн багаар бодоход гурав юм уу, дөрвөн үеийг мэдэх эх сайтай адуугаар азарга тавьдаг. Азарга тавихдаа эхийг нь сайн харах хэрэгтэй. Эх муутай юмаар азарга тавьчихвал уг муутын тугал муу гэдэг шиг л тэр айлын адууг тэр чигт нь баллаад хаячихдаг юм.
Баатарсүрэн Батсайхан: Адууг эрлийзжүүлэх нь хэр оновчтой вэ. Цаашид яаж эрлийзжүүлвэл дээр вэ. Тува адууг хараад байхад цус нь муудаад хэрэггүй юм болчихсон байх юм?
-Ер нь Тува, Оросын хилийн дагуух адуугаар битгий адуугаа үржүүл. Түүн шиг хэрэггүй юм байхгүй. Тэр хавийн адуу цусны байдаг юм уу, элдэв төрлийн өвчтэй байх нь элбэг. Оросоос адуу авах гэж байгаа бол улсын морин заводын, тарилга, туулгандаа хамрагдсан адууг авах хэрэгтэй.
Оросын морин заводоос адуу авахад үсрээд л 7-8 мянган долларт  багтаад ороод ирдэг юм. Хамгийн дээд тал нь найман мянган долларт багтана. Адууны бодит өртөг нь 3500 юм уу, 4000 доллар. Зардал 3000 орчим доллар болдог байх.
Нарангэрэл Баяраа: Адууг өвөл, зун уяхдаа хэзээ ч хольж болдоггүй тэжээлийн талаар дэлгэрэнгүй хариулт авмаар байна?
-Уг нь хивэг махлахад нь хэрэгтэй. Овъёос тамирт нь хэрэгтэй. Хойд талынхан улаан буудай өгдөг юм билээ. Ямартаа ч тэрийг зун л лав өгч болохгүй байх. Хольж болохгүй гэж юу байхав.
Түвшинжаргал Лхагва: Адууг хатгаж ханах тухай үнэхээр зөв мэдээлэл хэрэгтэй байна. Яг үнэндээ би төөрчихөөд байна. Зарим нь хатгах сайн, зарим нь хатгаж эмчилнэ гэж юу байдаг юм гэдэг. Энэ тухай бодитой мэдээлэл хэрэгтэй байна, ялангуяа хөлний гэмтлийн талаар?
-Ханаж хатгахыг мань мэт нь насаараа хийгээд ирсэн. Зүгээр болох нь зүгээр болоод л явдаг юм.
Хашэрдэнэ Жамсран: Хөлс муутай бага насны адууны хөлсийг яаж задлах вэ?
-Хөлс муутай бага адууг хөлсийг нь гаргах гэж байна гээд учиргүй нэмнэж хөлслөөд байх юм бол бүр хөлс нь цаашаа орно. Зөөлөн аргаар, дандаа салхиных нь уруу зөөлөн давхилаар л хөлрүүлэх хэрэгтэй. Хөлс багатай адуу турж өгдөггүй. Ерөнхийдөө морины хөлсийг багахан гаргадаг болгох, хөлсийг нь цааш нь хийж уралдах гэж байдаг юм. Хөлсийг нь жаахан цааш нь хийж тогтоож уралдах нь сайн. Тэгэхгүй бол учиргүй хөлс элбэгтэй  байх юм бол уралдах гээд цаашаа явж байхдаа л хоолоо гөвчихдөг. Тэгээд хоолны бяр нь дуусаад эргэж уралдаж байхдаа газрын гуравны хоёрт нь  жаахан яваад л, үлдсэн нэг хувьдаа хоолгүйгээсээ болоод суучих гээд байдаг.
Жамган Даваажаргал: Уядаг морь хатгаа авсан нь яаж илрэх вэ. Давхилд нөлөөлөх үү. Хууч хатгаатай байсан гэж үзвэл зуны уяанд нөлөөлөх үү. Яаж илрэх вэ?
-Морь хатгаа хэдийд яаж авах вэ гэхээр хор нь гараагүй морийг хаврын хий хуйтай хавсарганаар буруу эдэлснээс болж хатгаа авдаг. Бусад цагт адуу хэзээ ч хатгаа авна гэж байхгүй. Хатгаа авбал хий цохиод үс нь хөрзийгөөд л, хөлс нь гарахаа байчихдаг. Бие нь таагүй байгаа юм чинь мэдээж давхилд нь нөлөөлнө. Гэхдээ тэрийг чинь эдгээж болно.
-Яаж эдгээхэв?
-Зарим нэг шинжлэх ухааны үндэс ярьдаг хүмүүс сонсвол элэг нь хөшчих байх даа. Гэхдээ жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж. Бид ардын уламжлалт эмчилгээ, домоо бас үгүйсгэж болохгүй. Хийдсэн адуунд хүний хөлс хиртэй хувцсыг усанд дэвтээж байгаад тэр уснаас нь нэг шилийг цутгаж өгөөд нэмнээтэй жаал байлгаж байгаад зөөлөн хөлслөөд адуунд тавьчихад зүгээр болчихоод байдаг юм. Эсвэл халгай хадгалж авч явж байгаад зутан хийж өгч болно. Эдгээрийн алийг нь ч нэг л удаа хийнэ
Нада Хадаа: Жаахан ширүүхэн ажил хийхээр хоолоо идэхээ больчих юм. Хоёр жил болж байна, яаж засах вэ?
-Анхнаас нь өөхөн тамир нь бараагүй байхад хүчтэй ажил хийснээс ийм болчихдог. Хүнээр бол тэжээлдээ пологтоно гэсэн үг. Тэгэхээр өөхөн тамирыг нь барагдтал, бүр харштал нь эдэлж унах хэрэгтэй. Тэгж байж л зүгээр болно.
Баярсайхан Ундраа: Давхар уяатай, уралдлаа ч нимгэрэхгүй их насны адууг яах вэ?
-Яахаараа нимгэрдэггүй юм бол /инээв/. Тийм нимгэрдэггүй адуу гэж уг нь байхгүй дээ. Ажил нь дутуу, үндсэндээ нимгэрэх сайн ажил хийж чадахгүй байна л гэсэн үг. Адууг нимгэлэх амархан шүү дээ. Хүйтэн усаар хэд хоног сайхан цохиход л амархан нимгэрнэ.
-Нэгдүгээр үеийн эрлийз адууны уяаны онцлог юу вэ. Тарган уралдуулж болох уу?
-Адуу адууныхаа онцлогоос болно. Ер нь ямар ч адууг тарган уралдуулж болохгүй. Гэхдээ тарган гэдэг нь бас харьцангуй ойлголт. Мах дүүрэн мань мэтийн морийг харчихаад хүмүүс тарган байна гэдэг. Гэтэл тэр бол тарга биш. Дөрвөн мөч нь дүүрэн махтай, хавирга нь хэрийчихсэн адууг тарган гэж хэлж болохгүй. Дөрвөн мөч нь булчин сууж, дээд бие нь хөнгөрч байж адуу сая уралдаж амжилт гаргана. Хар ухаанаар хэлбэл, дөрвөн мөч нь дээд биеийнхээ жинд түүртэхээргүй болсон гэсэн үг. Бүх юм нь дөрвөн булчин руугаа ороод зоо харгана, гуя хас бүх юм нь махаар дүүрчихсэн адууг тарган гэдэггүй.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Морин жилийн хийморь өөдөө байг.
А.Тэлмэн

 


 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.