"Н.Түвшинбаяр аваргыг өвдөлттэй хөлөө бусдад үзүүлэхгүй гэсэндээ алхаад гарахад нь үнэхээр бахархаж байлаа"

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ Д.Баттулга Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, жүдо бөхийн төрлөөр Монгол Улсын найман удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан гавьяатан.

Мөн 1992 оны Барселоны зуны олимпод шагналт тавдугаар байранд шалгарч, Самбо бөхийн Дэлхийн аварга болж байсан юм. Түүнийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаанд анх удаа манай жүдочид олимпод оролцох 11 эрх авч байсан удаатай. Тиймдээ ч 2008 оны олимпийн наадамд гурван тамирчин нь шагналт байранд шалгарч, багаараа 205 орноос шагналт V байрт шалгарч Монголын жүдо бөхийн түүхэнд төдийгүй Монгол Улсын түүхэнд мөнхрөх үлдэх томоохон үйл явдал болсныг монгол түмэн мартаагүй.

Мөн 2009 онд анхны Дэлхийн аварга цолыг авчирч байсан билээ. МУГТ, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгатай ярилцлаа.

-Та Лондонгийн олимпод дасгалжуулагчаар яваад ирлээ. Жүдо бөх хэдийгээр алтан медаль аваагүй ч анхны хүрэл медалийг хүртсэн нь булган сүүлтэй байлаа. Сүүлийн үеийн олимпийг жүдогүйгээр төсөөлөхийн аргагүй болж дээ?
-Олимп үнэхээр сайхан боллоо. Ялангуяа олимпийн нээлт, хаалтыг үгээр тайлбарлахын аргагүй. Бид дөрвөн дасгалжуулагч, нэг япон зөвлөх багштайгаар оролцлоо. Тэмцээн мэдээж амар байгаагүй. Бид олимпод дөрвөн медаль горилж, нэгийг алдлаа гэхэд гурван медаль авна гэсэн тооцоотой явсан. Харамсалтай нь олимпийн дэвжээ хатуу учраас санасандаа хүртэл амжилт гаргаж чадсангүй. Шүүгч, өөрсдийн алдаанаас болоод янз бүрийн бэрхшээлүүд байсныг нуугаад яахав. Миний хувьд Бээжин, Лондонгийн олимпод дасгалжуулагчаар оролцсон. Олимпиуд ялгаатай байдаг юм байна. Учир нь Бээжин газар нутгийн хувьд ойрхон цагийн зөрүүгүй. Харин Англи цагийн зөрүүтэй, хоол хүнсний хувьд ч өөр. Үүнд зохицож бэлтгэлээ хангах тал дээр эхнээсээ сайн бодолцож арга хэмжээ авсан. Тухайн үед бороотой, чийгтэй байсанд ч түүнд мөн л зохицуулсан. Бид хамтын хүч, амжилт зорилгоо биелүүлэхийн төлөө дор бүрнээ хүчин зүтгэсэн. Энэ амжилтад манай Жүдо бөхийн холбоо, төр засаг, хувь хүмүүс, албан байгууллага жүдо бөхийг ойлгодог дэмждэг хүмүүсийн хүч дэм маш их нөлөөлсөн.

-Олимп бол олимп байдаг. Баяр бахдал, ялалтын амт, мэдрэмж, харуусал гуниг аль алиныг нь дагуулаад л...
-Тамирчид бүгд л олимпдоо бэлтгэдэг. Эх орныхоо нэрийг гаргах, тухайн улс тамирчдаа хэр бэлдэж вэ гэдгээ харуулахын тулд бүхий л зүйлээ шавхаж байгаа. Тэр хэмжээгээр олимп тун өрсөлдөөнтэй байлаа. Манай тамирчдын хувьд олимпдоо амжилт гаргахын тулд маш их бэлтгэл хийсэн, ар гэрээ ч орхисон. Тамирчид маань үүний хүчинд амжилт гаргалаа. Жишээ нь манай Түвшинбаяр аварга ялан дийлэхийн тулд ямар хүнд бэрхшээлийг даван туулж барилдсан бэ гэдгийг Монголын ард түмэн нүдээрээ харсан. Тамирчин хүнд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал байдаг. Тийм учраас Түвшинбаярын хувьд ер нь их сайн өөрийгөө бэлдэж сурсан хүн л дээ. Өөрийгөө том тэмцээнд уяж сойж сурсан нь үнэхээр харагдаж байна лээ. Тухайн үед яавал үр дүнтэй байх вэ гэдгийг харж яаж толгойгоо сийрэг
ажиллуулдаг болох нь ч тодорхой харагдсан. Манай тамирчид зорьсон мөрөөдөлдөө хүрэхийн тулд бэлтгэлээ сайн хангасан.

-Олимпийн медальтай тамирчдыг гадны орнууд маш өндөр хэмжээнд үнэлж, насан туршийнх нь амьдралын баталгааг хангаж өгдөг. Харин Монголын нөхцөлд энэ асуудал дутмаг. Мэдээж гадны орны хэмжээнд хүрэхгүй л дээ. Гэхдээ л жип машины үнэтэй дүйцэхүйц мөнгөөр үнэлж байгаа нь нууц биш шүү дээ?
-Спортын амжилт улс орны нүүр царай байдаг. Өөрөөр хэлбэл улс эрх орны эдийн засаг хичнээн сайжирч хөгжиж байна гэдэг нь спортын амжилтаас харагддаг. Энэ удаад ч гэсэн манай тамирчид эдийн засаг, спортод элэгтэй хүмүүсийн дэмжлэгээр амжилтанд хүрлээ. Саяын олимпод Бээжингийн олимптой адил хэмжээний хангамжтай байсан. Тэр дундаа сүүлийн гурван жил тамирчдын хангамж бүр ч сайжирсан. Харин бусад орнууд жигд эдийн засагтай, хүмүүсийн цалин өндөр учраас ар гэртээ санаа зовохгүйгээр анхаарлаа төвлөрүүлж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэтэл тийм хэмжээнд байж чаддаггүй. Дундаж цалин 200 гарантай авч байгаа тамирчид яаж хоол унд, хувцас хунараа зохицуулах юм бэ. Тийм учраас түүнийгээ зохицуулахын тулд өөр зүйлд санаархдаг. Энэ бүхнийг даван туулж байж тамирчид маань бэлтгэл сургуулилтаа сайн базаадаг.

Зарим орнууд цалингий нь хангалттай өгөөд явчихдаг. Тухайлбал Орос гэхэд л арван мянган долларын цалинтайгаар Лондонгийн олимпод оролцсон. Бас зарим орон медаль авсных нь дараа цалин нь нэмэгдэж эхэлдэг юм билээ. Харин Хятад мэтийн дектатуртай орнууд амжилт гаргатал нь зохион байгуулалттай байлгадаг. Харин медаль авсны дараа хангамжийг нь маш өндөр хэмжээнд тавьж эхэлдэг. Бүр зарим нь олимпоос медаль авсан тамирчдыг насаар нь тэтгэвэр тэтгэмжтэй болгох зэргээр орон бүхэн өөр зохицуулалттай байдаг юм билээ. Үүнийг зохицуулахын тулд бодлого хэрэгтэй. Манайд ийм бодлого байдаггүй. Нэг хэсэг хүмүүс сэтгэлийнхээ хөдөлгөөнөөр асуудалд хандах тал ч нэлээд ажиглагдах нь бий. Гэтэл бусад орнууд бодлогын хэмжээнд зохицуулаад улсаас, холбооноосоо ямар арга хэмжээ авбал зохилтой вэ, болж байна, үгүй юу гэдгийг хэдийнэ судлаад мэдчихсэн байдаг. Дээр нь сургалтын асуудал судалгаа шинжилгээн дээр тулгуурласан байх ёстой. Гэтэл энэ нь бидний хүссэн хэмжээнд хүрч чаддагүй. Гэхдээ зарим үед чадахгүй асуудал гарч болно шүү дээ.

Дасгалжуулагч бидний хувьд байгаа орчин нөхцөлдөө тохирч ажиллалаа гэж бодож байна. Мөн манай эмнэлгийн тал үнэхээр хоцрогдсон байна гэдгийг олж харлаа, Бээжингийн олимпийн үеэр ч энэ байдал ажиглагдаж байсан. Тэр дундаа энэ удаагийн олимпод үнэхээр хоцрогджээ гэдгийг илүүтэй олж харлаа.

-Та олимпод тамирчнаар, бас дасгалжуулагчаар оролцож байсан туршлагатай хүн?
-Би олимпод нэг удаа тамирчнаар, хоёр удаа дасгалжуулагчаар оролцож байна. 1992 онд Барселоны олимпод тамирчнаар оролцож, шагналт байранд орж байлаа. Тухайн үед хүнд бэртэлтэй байсан ч дараа нь 1996 оны олимпод яваад ирээч спонсорлоё гэсэн хүмүүс бишгүй байсан. Яагаад гэвэл би тэр үед Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчихсан оноо ч хүрсэн байсан. Нэг үгээр хэлбэл аатай байсан үе гэх үү дээ. Гэвч би 1994 онд зодгоо тайлсан. Хэрвээ би мөнгөнд дуртай байсан бол хоёр гурван компаниар даалгаад олимпод яваад ирэх боломж байлаа. Түүний дараа Малайзад хэдэн жил ажиллаад ирсэн. Мөн Японд мэргэжил дээшлүүлсэн. Ялангуяа Индонез, Сингапур зэрэг орнуудад ажиллаж нэлээд туршлага суусан гэж боддог.

-Дараа нь ч танд гаднаас ажиллах санал ирж байсан гэдэг?
-Манайхаас бөхийн төрлөөр дасгалжуулагч авч ажиллуулъя гэсэн санал ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө оронд Маралдэлгэр гэж Аварга биеийн тамирын дээд сургуульд багшилж байсан багшийг явуулсан.

-Жүдо бөхийн амжилтад Х.Баттулга гишүүний хувь нэмэр үлэмж их. Сая бас Бага олимпийг зохион байгууллаа?
-Энэ үнэн. Олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох бэлтгэл хийх тал дээр Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга мөнгө төгрөг санхүү, цаашилбал бэртэл гэмтлийн асуудлыг бүхэлд нь гүйцэлдүүлж байдаг. Энэ хүний хүчинд манай амжилт жилээс жилд өсч байгаа. Бас хөдөө орон нутагт спортыг хөгжүүлэх зорилгоор Баянхонгор аймагтаа Бага олимп зохион байгуулдаг юм. Энэ ажлыг нь манай холбоо дэмжиж оролцлоо. Хөдөөгийн ард түмэн ч гэсэн олимпод амжилт гаргасан хүмүүс ирлээ гэж их баяртай хүлээж авсан. Бараг Лондонгийн олимп хэмжээний нээлт боллоо шүү дээ. Тэгтлээ өргөн хүрээнд биш ч гэлээ сайхан болсон гэж бодож байгаа.

-Олимпоос медаль авсан хоёр тамирчиндаа хэзээ албан ёсоор хүндэтгэл үзүүлэх вэ?
-Холбооны зүгээс жижигхэн баяр хүргэлтээ хийчихсэн. Яваандаа албан ёсны хүндэтгэлээ үзүүлэх байх. Гэхдээ одоо манайхан бүтцээрээ цуглараагүй байна. Холбооны ерөнхийлөгч маань ч ажил ихтэй байгаа.

-Түвшинбаяр аваргад Монгол Улсын баатар цол олгох хэрэгтэй гэж ард түмэн үзэж байна. Таныхаар?
-Миний бодлоор Баатар цолыг нь өгчихөд буруудах зүйл байхгүй. Олимпийн алт, мөнгөн медаль авчихлаа. Ялангуяа саяын олимпод тамирчин хүн яаж сэтгэл зүйгээ авч явдаг юм гэсэн том сургалтыг харууллаа. Анхны хос медальтан боллоо. Олимп бол дайн л гэсэн үг шүү дээ. Энэ том наадамд амжилт үзүүлнэ гэдэг гайхамшиг.

-Аваргын хөлийн бэртэл гайгүй юу?
-Аварга одоо юуны өмнө хөлөө эмчлүүлнэ. Хавдрыг нь буулгах, цус алдалтууд дотор нь явагдчихсан байгаа. Тэгээд хагалгаа хийж болно гэсэн үед нь хагалгаа хийх байх. Алтын төлөө барилдах гэж байх үед нь эмч нар тариа хийвэл бүр мэдээ алдчихаж магадгүй гээд өвчин намдаах эм уулгасан. Холбоос тасраад хөл дээрээ тогтохгүй байгаа юм чинь мэдээгүй болгочих юм бол хөлгүй болж болзошгүй гээд чиг барьж боосон байгаа.

-Бусад орны тамирчид болон ялангуяа оросууд монголын аварга ийм бэртэлтэй барилдаж байна гэдгийг нь хараад юу гэж ярьцгааж байх юм?
-Түвшинбаяр аваргыг хүн болгон хараад үнэлсэн. Оросууд ч гэсэн мэдчихсэн. Зарим орны тамирчид өө энэ бэртчихсэн байна гэж байхад зарим нь наадах чинь худлаа шүү гээд байсан. Гэтэл манай хүн хөл нь хичнээн өвдөж байгаа ч гэсэн бусад тамирчдад үзүүлэхгүй гэж бодоод алхаад гарсан. Тэр үед бидэнд үнэхээр бахархалтай санагдаж байлаа. Ер нь манайхан шагналыг зарим хүндээ харамлаад, зарим хүнийг юу ч хийгээгүй байхад нь өгчихдөг. Гэтэл манайд гавьяатаа аваагүй олон багш нар байхад улсын аварга ч болж үзээгүй хүн гавьяат болчихсон байна шүү дээ. Тийм учраас тамирчдын ар талд зогсч байдаг багш нарт нүдээ олсон шагналыг нь олгож байх ёстой гэж бодож байна.

-Цагаанбаатарт хамгийн их найдлага тавьж байсан. Медаль авах тамирчдын тоонд ч байсан л байх?
-Тамирчин хүнд сахилга бат, өндөр ухамсар чухал байдаг. Түүнийг бүрэн хангасан нөхцөлд амжилт гардаг. Цагаанбаатарт бид ч итгэж, өөрөө ч гэсэн медальд хүрнэ гэсэн итгэлтэй байсан. Гэвч харамсалтай нь медальд хүрч чадсангүй. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, жингээ зөв хассан. Яарснаасаа болоод л алдчихлаа. Ер нь жүдогийн спорт өөрөө маш мундаг спорт. Жүдогийн спортыг боловсролын сургалтын систем гэж дүгнэдэг. Нэг үе хүмүүс жүдог тулалдааны хэмжээнд ойлгодог байсан. Гэтэл сүүлийн үед спорт биш, соёл биш, агуу том сургалтын систем болсон юм байна гэдгийг үе үеийн ахмад тамирчид, сүүлдээ тамирчид маань ойлгож эхэлж байгаа нь тун сайшаалтай санагддаг юм. Түүний хүчинд манай жүдо бөхийн холбоо хичээн зүтгэж энэхүү том сургалтыг бий болгох тал дээр санаачлагатай ажиллаж байгаа. Яахав зарим үед тамирчид алдаа гаргах үе байдаг. Тиймээс бид тамирчдадаа спортод яавал амжилт гаргах ёстой вэ гэдгийг байнга хэлж зөвлөж байдаг даа.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна