Бельги улсад түлж тамгалахыг хориглодог

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

Адууг тамгалах нь түүнийг  уналга, ачлаганд сургасан цагаас эхлэн үүссэн бизээ. Монголд гэхэд л 4000 гаруй төрлийн тамга байдаг гэлцдэг. Адууг тамгалах хэр хэдэн арга байдаг байна.

Тамгыг улайсгасан хэвээр түлж гаргах аргыг эртнээс хэрэглэж ирсэн байдаг. Гэтэл цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр энэ уламжлалт аргад хандах хандлага ч зарим оронд өөрчлөгджээ. Түлж сорвижуулах нь амьтныг тамлах нэг арга гэж үзэх үзэл газар авч эхэлсэн болохоор зарим оронд энэ аргыг хориглох болжээ. Жишээлэхэд, Бельги улсад адууны угшил хадгалах ба спортод түлэх байдлаар тамгалахыг хориглосон байдаг бол Холландад 2002 онд энэ аргаар тамгалахыг 5 жилийн хугацаатай түр хорьж байжээ. За Германд мөн л халуун тамгалалтыг хориглох талаар яригдаж байсан байна.
Халуун тамгалалтыг амьтан тамладаг хэрцгий арга гэж үзэх болсноор хүйтнээр хөлдөөж тамгалах арга гарчээ. Үүний тулд тамгыг шингэн азот, эсвэл хуурай мөс ба спиртийн холимогтой саванд дүрэн 1-2 минут болоод шууд арьсанд нь наан 40-45 секунд хайрдаг. Ингэж тамгалснаас хагас жилийн дараа  буурал үс ургадаг байна. Учир нь хүйтнээр хайрах үед үсний өнгө оруулдаг эсүүд үхэждэг. Ийм тамга улирлаас үл хамааран ямар ч хол зайнаас ялгаж харах боломжтой байдаг гэнэ. Гэхдээ цайвар, саарал зүсмийн морьдыг ийм аргаар тамгалах боломжгүй.
Харин жүчээний маллагаатай цэвэр цусны адууг шивээслэж тамгалдаг байна. Үүний тулд адууны доод уруулын салст бүрхүүл дээр тусгай шивээсийн зүүгээр тамга тавьдаг. Эхлээд шивээс хийх газраа спиртээр арчиж ариутгаад, тусгай холимог будгийг түрхдэг. Тусгай шивээсийн зүү доод уруулын салст бүрхэвчийг цоолоход будаг нь цоолсон газраар нэвтрэн ордог байна. Үүний дараа цоолсон хэсгийг будгаар ахин арчдаг. Энэ арга дөхөм бөгөөд цаг их авдаггүй, адууг зовоодоггүй гэж үздэг.
Тэгвэл сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор тусгай чип арьсан доор нь суулгах замаар адууны эзэн, үүлдэр, нас, зэргийг тэмдэглэх, GPS систем ашиглан байрлалыг тогтмол хянах гэсэн өвөрмөц тамгыг өргөнөөр хэрэглэх болсон. 2002 оноос эхлэн Европын холбооны нутаг дэвсгэр дээр бичил чипийг заавал хэрэглэх ёстой болсон. Гэхдээ арьсан доор суулгасан чипийг хүсвэл хүн сугалж аваад өөрийг суулгаж мэднэ, за бас чипийг унших төхөөрөмжгүй газар хэний, юун морь болохыг мэдэх аргагүй хэмээн шүүмжлэл олонтаа гардаг.
Баруунд гуян дээр тамгалахыг адууны үзэмжийг балласан хуучирсан арга, зарж борлуулахад үнэ бууруулдаг гэж үзээд хүзүүн дээр, дэлээр далдлагдсан газар тамгалдаг байна. Өдгөө хүн хүртэл бар кодтой болсон цаг болохоор баруунд тамга нь улсын код, морин заводын код, төрсөн он, тухайн адууны дэс дугаарыг заасан цувраа тоо болж хувирсан ажээ. Америкт гэхэд л уралдаан эхлэхээс өмнө адууны угшил, тамганы кодыг бичсэн тусгай хуванцар тэмдгийг цагдаад очин бүртгүүлэх ба тус хуванцар тэмдэг дээрх код ба адууны хүзүүн дээрх тамгын код хоёрыг харьцуулж шалгаад зөрвөл уралдаанд оролцуулдаггүй.
Баруунд хэрэглэгддэг зарим тамганаас сонирхуулахад:
Тухайн үүлдрийн угшлыг хадгалах холбоод ийм тамга хэрэглэн тухайн адууг уг үүлдэрт тавигддаг бүх шаардлагад нийцсэн гэдгийг баталгаажуулдаг.
/Зүүн баганаас дээрээс доош/
1-р багана: Америкийн эрлийз үүлдэр, Аппалуз, Бельгийн спорт, Вюртемберг, Гафлингер, Кватерхорс, Мекленбург, Саксон, Фриз зэрэг үүлдэр
2-р багана: Америкийн спорт пони үүлдэр, Австралийн эрлийз, Берлин-Бранденбург, Дани, Гессен, Голланд эрлийз, Шинэ Зеландын эрлийз, Тракенен, Шведийн эрлийз үүлдрүүд
3-р багана:  Англи -араб, Баварын эрлийз, Британий эрлийз, Ганновер, Голштин, Голланд эрлийз, Ольденбург, Финлянд эрлийз үүлдрүүд
4-р багана: Цэвэр цусны биш араб үүлдэр, Бельги, Вестфаль, Германы уналгын, Ирландын спорт, Липпицийн үүлдэр,  Перугийн пасо, Франц уналгын, Поло үүлдрүүд
Доор байгаа хоёр урт нүд /зүүнээс баруун тийш/: Цангерсхайде морин завод, Цвайбрюкен морин завод,
Дашрамд сонирхуулахад тамгалдаггүй цорын ганц үүлдэр байдаг. Тэр бол англи цэвэр цусны адуу. Тусгайлан хурдан морины уралдаанд зориулан бий болгосон хурц ширүүн авиртай, эмзэг, арчилгаа, эмчилгээ өндөр зардал шаарддаг болохоор энэ үүлдрийн адууг тамгалах  зэргээр цочроох, шархлуулахгүй байх нь дээр гэж үздэг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна