МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү: Монгол наадам гэдэг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн том наадгай
Төрийн их уяач- Д.Даваахүү
20-р зууны манлай уяач аавынхаа мянгат малчин алдрыг угааж мэндэлсэн хүү нь юм. 1950 оны бар жилд М.Данзанням гуай мянгат малчин цолыг хүртсэн бөгөөд сар шинийн өмнөхөн ирээдүйн Тод манлай хүү нь мэндэлжээ. Уяач эцгийн ууган хүү таван настайгаасаа л хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах болж. 1955 оны Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд ганзгаараа даруулсан бяцхан бор хүү гарааны зурхай хөдөлсөн нь Д.Даваахүү байлаа. Анхны наадамдаа их насны морь гуравт дахиулан айрагдуулж, “шаггүй эр юм” хэмээн хөгшчүүдэд өхөөрдүүлж байснаа тэрээр одоо ч дурсан ярих дуртай. Нэгэн үе М.Данзанням гуайн адуу 400-д хүрч хүн бүл дутагдах болсон тул хүүгээ дөрөвдүгээр ангиас нь сургуулиас гаргаж, цэрэгт явтал нь туслахаар дагуулжээ. Хүний сурсан эрдэм хаана ч хэрэг нь гардаг хойно. Цэрэгт байхдаа морь уяж бас ч үгүй дөрөвт дахиулан айрагдуулж байсан гэдэг.
1977 оны зун айлчилсан зочид анагаахад орохоор санаархаж байсан Д.Даваахүүгийн амьдралыг өөрчилж нэг мөсөн морьтой холбож орхисон юм. Өөрөөр хэлбэл М.Данзанням гуай өөрт нь ирсэн “морин тойруулгын уяачаар ажиллана уу” гэсэн хүсэлтээс татгалзаж, оронд нь хүүгээ явуулахаар болжээ. Ингэж 20-р зууны Манлай уяачийн зам шулуудсан юм. 1977 оны намар ажлаа авсан Д.Даваахүү дараа жилийнх нь улсын баяр наадамд зургаан насны 12 хүлэг сойж, нэг түрүү хоёр айраг хүртэх нь тэр. Түүний уясан Зандан хүрэн морь нь түрүүлж, хээр морь соёолон хоёр нь аман хүзүүнд хурдалж өөр бусад дөрвөн адуу 10-ын дотор давхижээ. Өөрөөр хэлбэл уясан хүлгэдийнх нь 50-иас дээш хувь нь амжилт үзүүлэв. Ийнхүү амжилтаар дүүрэн эхэлсэн гараа нь 1980 оны наадмаар оргилдоо хүрсэн бөгөөд тэр жил Д.Даваахүү дээд гурван насыг түрүүлгэж монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон юм. Түүнээс хойш Д.Даваахүү уяачийн нэр дээр цоллогдсон хурдан хүлгэдийн тоо санаанаас хальж, олон олон шинэ амжилт түүнд харъяалагдах болсон.
Сүүлийн 30 гаруй жил хурдан хүлгийн хийморьт сүслэн яваа Д.Даваахүү МУ-ын Тод манлай уяач, Гавьяат малчин гээд уяачийн авч болох бүх л шагналын эзэн болж 20-р зууны Манлай уяачаар нэрлэгдсэн билээ.
Хадаа аваргыг командалж явсан цэргийн заан
Тод манлайг шаггүй бөх байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Багаасаа адуу малтай ноцолдож бие нь задарсан бор хүү 1968 онд цэрэгт татагдаж, байлдааны гавьяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030 дугаар ангид алба хаах болжээ. Удалгүй шинэ цэргийн крантины барилдаанд 700 цэргээс үзүүрлэж наадмаар ангиа төлөөлөн зодоглох эрхтэй болов. Тэр наадамдаа шөвгөрч, улмаар “Алдар” нийгэмлэгт шилжин ирж нэгэн цагт Монгол наадмын торгон дэвжээг эзэгнэж, ард түний хүндлэл хүлээж явсан Хадаа аваргын тасгийн дарга нь болжээ. Аварга бөхийн холбогдолтой мэддэг чаддаг мэхээ даргадаа зааж, харин тасгийн дарга нь түүнд анхны зодог шуудаг, өмсгөлийг нь урласан гэдэг. Хадаа аваргаас гадна улсын заан Амартүвшин, улсын начин Цэрэнчимэд болон Сумъяа, Нансал, Пүрэвсүрэн, Нанжид, Тогоо нарын аймгийн арслангууд, МУГТ О.Энхтайван /чөлөөт бөхийн/ гэх мэт бөхчүүдтэй ана мана үзэлцэж, цэргийн заан цолтойгор халагджээ. Түүнээс хойш аймгийнхаа спартакиадад гурван удаа түрүүлж, 1973 онд аймгийн арслан цолыг хүртсэн байна. Улсын цолны болзол угтсан залуухан арслан амжилттай сайхан барилдаж 1972 оны нэгдүгээр сард Хөдөлмөр нийгэмлэгт болсон нэг барилдаан дээр ёстой шуугиулж билээ хэмээн тэр үеийн бөхчүүд ярьдаг. Шөвгийн дөрөвт улсын арслан Мөнгөн, улсын начин Сэрээтэр, Шижээ, аймгийн арслан Д.Даваахүү нар үлдэж шатарчилж барилдсаар Тод манлай түрүүлсэн удаатай. Хоршоололд болсон бас нэг томоохон барилдаанд Цэрэндаш начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан хэмээдэг. Улсын наадамд ганц удаа зодоглосон бөгөөд АХ-ын 55 жилийн ойн их баяр наадмын гурвын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат Баатаржавтай барилдаж, багагүй будлиантсаны эцэст Баатаржавын талд шийдэгдсэн. Энэхүү барилдааны талаар одоо хэр нь “уг нь Даваахүү давсан юм шүү дээ”гэх яриа хөвөрч байдаг. Түүнээс гадна энэ цагийн Тод манлай Д.Даваахүү Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдааны Дундговь,Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Дарханы аваргаар тодорч, Төв аймагт болсон барилдаанд Ж.Мөнхбат аваргатай хоёр ч удаа үзүүр түрүүнд үлдсэн удаатай. Ийнхүү их аваргатай үзүүр түрүүнд үлдэж явсан түүнийг үеийнхэн нь улсын начны энтэй бөх хэмээдэг байсан гэдэг.
Сайн бөхөөс гадна тэрээр бас шаггүй харваач байсан гэдэг. Нэг хэсэг шагайн харваагаар хичээллэж халхын цуут харваачидтай цэц булаалдаж явсан нь Тод манлайн сайхан дурсамжуудын нэг.
- Сэтгүүлийн маань нэрэмжит “Төрийн их уяач” шагналын эзэн болсон танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Хурдан морины энэ их соёлыг дэлгэрүүлж яваа та бүхэнд ч гэсэн хувийн зүгээс талархал илэрхийлье. Хойч үеийн залуус маань шинийг санаачилж морины тухай ийм сайхан сэтгүүл гаргаж байгаад хувьдаа баярлаж явдаг. Үндэсний тусгаар тогтнолын баталгаа болсон энэ том соёлдоо монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ хандах учиртай гэж боддог.
-Моринд хайртай олон зуун уншигч энэхүү “Төрийн их уяач” шагналыг танд өгөх ёстой хэмээн дэмжсэн байсан?
-Та бүхэн шалгаруулалтынхаа журамд төрийн наадамд морь айрагдуулсан байдлыг илүүтэй анхаарна гэсэн байсан. Төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулснаараа одоохондоо надаас илүү гарах хүн байхгүй. Би монгол төрийн наадмаас 20 гаруй түрүү авсан байдаг юм. Харин бүсийн наадам гэвэл надаас олон түрүүтэй хүмүүс бий бий.
-“Төрийн их уяач” шагналын анхдагч болсон шиг уяачид хамаарах олон шагналын дээж танд очсон байдаг?
-Тиймээ, хурдан тууртын буянаар хүний зэрэгтэй явж алдар нэрийг бишгүй дууллаа. 1980 оны төрийн их баяр наадамд дээд гурван нас түрүүлгээд 12 сарын 10 хэдэнд билээ үндэсний морин уралдааны спортын мастер цолыг авч байлаа. Уяачдаас хамгийн анхныхыг нь би авсан байдаг юм. Дараа нь 1988 онд МУ-ын Алдарт уяач цолны эхнийхийг өгнө гэхэд татгалзсан юм.
-Яагаад?
-Тухайн үед амжилтаараа би илүү байсан ч нас залуу дөнгөж 38-тай байсан болохоор санаа зовоод татгалзаж, ес дэхийг нь авсан. Мориныхонд эрэмбэ дараа , эх зах гэдэг юм байх ёстой гэдэг үүднээс ахмадууддаа зам тавьж өгсөн хэрэг л дээ. Яагаад гэхээр тэр хүмүүс намайг төрөөгүй байхад морь түрүүлгэж байсан адууны төлөө төрсөн эрчүүд. Тиймээс надад ес дэхийг нь өгсөн. Арав дахь нь Түвдэн болж. Ямар ч байсан бид хоёр хамгийн залуугаар тодорч байсан юмдаг. Хэдийгээр өөрөө авчихсан ч гэсэн насаараа морин төлөө зүтгээд хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй буурлуудаа бодохоор дуугүй байж чадалгүй уяачдын холбооны хурал дээр “Алдарт уяач цолыг АХ-ын баяр наадам эхэлснээс хойшхи бүх уралдсан морины цувааг харж байгаад болзол биелүүлсэн хүмүүст нь нөхөж олгоё” гэсэн саналыг тавьсан. Эхэндээ боломжгүй гэж байсан ч яваандаа биднийхээр шийдэхээр болж, олон хүний магнайг тэнийлгэсэн дээ. Гавьяа шагнал гэдэг нүдээ олбол хүнд их урам хайрладаг юм билээ.
-Анхны Алдартаас татгалзсан ч Манлайн №1 дугаартай үнэмлэх танд хадгалагдаж байдаг байхаа?
- Тиймээ, 1996 онд Манлай уяач цолоо авсан. Тэр үед дээдсүүд маань ихэнх нь явчихсан байсан. Гэхдээ би өөрөө авчихлаа гээд уужраагүй. Тэр цолыг авах ёстой байсан Өвгөн ноён Пүрэвжав нарын хөдөлмөрийг үнэлэх ёстой гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байж, 10, 20 жилийн хойно 12 хүнд МУ-ын Манлай уяач цолыг нөхөн цолыг олгохоор болж, Мөнгөн судрыг гардуулж байлаа. Гэхдээ гарцаагүй өгөх ёстой Хэнтий аймгийн Буянт сумын уугуул Нарангийн Халтар гэдэг хүн л үлдсэн.1930 хэдэн онд улсын наадамд даага, азарга түрүүлгэж, 4-5 морь айрагдуулж байсан хүн. Мөн Хэнтий аймагтаа олон морь түрүүлгэсэн. Ер нь зүүн аймагт Халтар гуай шиг морь хурдлуулсан хүн байхгүй.
-Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг буурлуудын сайхан сургаал бий?
-Хэлээд юу гэхэв. Бидний өвөг дээдэс мундаг ухаантай агуу хүмүүс байж. Өөрийн хэрэг бүтлээ гээд ханачихалгүй өрөөлийн төлөө сэтгэл зөвтэй явахыг багаас сургаж байж. Миний ажаа ч гэсэн надад тэгж л зааж сургаж ирсэн. Бурхан болсон уяачдынхаа хийж бүтээснийг үнэлүүлэхээр олон жил уйгагүй зүтгэсний хүчинд цолыг нь нөхөн олгуулчихаад сууж байхад адуутай ноцолдсоны хэрэг бүтэх шиг санагдаж билээ.
-Ажаагийнхаа захиасыг дагаж алдар цолыг нөхөж олгох асуудлыг тууштай хөөцөлджээ дээ?
-Тиймээ. Миний алдар цолыг тоочих гол биш. Хамгийн гол нь тэр үеэс уяачдын хөдөлмөр үнэлэгддэг болсон гэдгийг л би хэлээд байгаа юм. Хамгийн анх 1990 онд уяачдыг төрийн одон медальд тодорхойлж байлаа. Намайг Хөдөлмөрийн баатараар, Гарамжав, Түвдэн Манлай нарыг Гавьяат дасгалжуулагчаар тодорхойлсон юм. Тэгсэн Гарамжав гуай бид хоёрыг Сүхбаатарын одонгоор шагнахаар болоод надад 1921 дугаартай үнэмлэхтэй нь таарч АХ ялсан жилтэй таарлаа.Булган сүүлтэй байх нь дээ гэж бэлгэшээж байсан нь биеллээ олсон. /инээв/ Гарамжав Манлайд 1922 дугаартай үнэмлэх өгч байсан санагдана. Түвдэн маань Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байлаа.
-Зууны манлай уяач цолыг хаанаас өгсөн юм бэ?
-ММСУХ-ноос өгсөн юм. Богд Гэгээнтний уяач хөх Дондог надаас амжилтаараа илүү байсан ч тал нь 19-р зуун руу орчихоод 20-р зуун гэхээр би илүү болчихоод тэгээд надад энэ эрхэм хүндтэй цолыг өгсөн юм. Их том цол шүү дээ. Зуун жил ийнхүү ганцаараа дуудуулна гэхээр их үнэ хүндтэй байгаа биз. Тиймээс битүүхэн эмээгээд амжилтаа нэг бүрчлэн тоолсон. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан А.Баярмагнайгаар ч гэсэн нэг бүрчлэн тоолуулсан. Тэгсэн гарцаагүй авахаар юм билээ. Тэгээд 1999 оны 12-р сард тухайн үеийн Ерөнхий сайд Амаржаргалаас гардан авч байлаа. Д.Бат-Эрдэнэ дүү маань хувиасаа Пажеро жийп машин бэлэглэж байлаа шүү дээ. Би Тод манлай, Гавьяат малчин гэхээсээ илүүтэй Зууны манлайгаараа цолуулах дуртай. Миний адил ийм сайхан нэр хүндтэй цолоор бөхийн төрөлд Х.Баянмөнх, сурын төрөлд миний амидаа Эрдэнэтийн Даваахүү шагнуулсан. Амидаа маань 40 сумнаас 40 онодог гэнэ лээ. 50 сумтай бол 50 ононо. Дайн байлдааны үед байсан бол 40 сумаар 40 дайсан хөнөөнө гэсэн үг шүү дээ. /инээв/
Морь таних, шинжих, уях гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философи бий
-Монгол уяачийн хүрч болох ноён оргилыг эзэгнэсэн Зууны манлай уяачийн мөн чанар, баяр бахдал юундаа байдгийг хэлж өгөөч?
-Монголын хурдан морь гэдэг олон зуун жилийн түүхтэй. Морь таних, шинжих, уях гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философиуд байдаг. Морь уяж хурдлуулахаас гадна хурдан адуу бий болгоно гэдэг олон арван жилийн нүсэр хөдөлмөр. Тэр их нүсэр хөдөлмөрийн үр шим болсон монгол наадам гэдэг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн том наадгай. Хурдан морь дагасан хүн ам тосдож, өрх гэрээрээ баян амьдрах ёстой юм гэнэ лээ. Тиймээс монголчууд бол их буян заяат ард түмэн. Гадаадад язгууртан ихэс дээдэс нь морь уяж байхад монголд хүн болгон морь уядаг. Тэгэхээр бидний амны хишиг их байгаа биз.
-Хөдөөгийн нэгэн хөх уяач тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн том наадгайгаар наадагч гэдгийг дуулах таатай байна.
-Үүнийгээ дагаад уяачийн ёс жудаг гэдэг юмыг их сайн сахих учиртай. Сүүлийн үеийн залуучууд монгол морио сайжруулах гэж гадаад, дотоодоос адуу хүртэл зөөж байна. Хаа сайгүй адууныхаа цусыг сайжруулах хөдөлгөөн өрнөж байна. Үүнийг дагаад уяачийн ёс зүй гэдэг юм зарим нэг талаараа алдагдаад байх шиг. Удам угшил нь тодорхойгүй эрлийз том адуунууд авчирч зарж байгаа нь намайг эмзэглүүлдэг. Яагаад гэвэл удамгүй морь гэж байхгүй. Нэг л муу цус орох юм бол тэр тал нь дийлж татаад байдаг. Тэгэхээр авч байгаа нь ч тэр өгч байгаа нь ч тэр. Энэ дээр их бодолтой байх хэрэгтэй л дээ. Бидний өвөг дээдэс адууны угшил худлаа хэлэх хамгийн том нүгэл гэж сургасаар ирсэн. Ажаа маань ч гэсэн надад тэгж захиж байсан. Хүн арван жил чиний адуунаас хурд хүлээнэ шүү гэж . Хүний нас хэд билээ. Арван жил гэдэг ямархан урт хугацаа билээ. Ингээд бодохоор хөгшчүүл их айхтар үг хэлж байж. Явахгүй байсан ч хамаагүй жинхэнэ үнэн удмыг нь хэлээд өг. Энэ тийм адуу гээд худал үнэн тамга дараад өгвөл чамд муу шүү гэж ажаа маань захиж байсан. Тэрийг л одооны залууст хэлмээр санагдах юм.
-Гашуун боловч үнэн үг байна.
-Малчин хүний дээд эрдэм уяачийн ур чадвар байдаг гэж дээр үеийн хөгшчүүл ярьдаг байсан даа. Малыг өсгөх амархан, харин хурдан адуу гаргаж авна гэдэг хэцүү гэж. Тэр их хэцүү хөдөлмөрийг гүйцэлдүүлж буй уяачдын хөдөлмөр нэгэн үе үнэлэгддэггүй байлаа. ММСУХ байгуулагдсанаар тэрхүү хөдөлмөрийг үнэлүүлж, нийгэм дэх уяачдын байр суурийг дээшлүүлсэн. Гэхдээ сүүлийн үед шагнал урамшуулалын асуудал арай хавтайгайраад байна уу гэж бодогдох болсон шүү. Би өөрөө авчихаад бусдад өгөхөөс харамлаад байгаа юм биш. Гол нь авсандаа ч тэр өгсөндөө ч тэр үнэ хүндтэй байгаасай гэж боддог.Дөрвөн аймаг нийлсэн бүсийн наадам төрийн наадмаас тэс өөр юм байгаа юм л даа уг нь. Гэхдээ хууль нь тийм болохоор яах ч аргагүй байдаг байх л даа. Энэ жил морь уяад дараа жил улсын цол авчихаж байх жишээтэй. За яахав болзол нь биелээд авчихаж болно. Түүний дараа цолоо хамгаалах гэж чухал юм бий. Түүний төлөө авах үеийнхээсээ илүү хичээх хэрэгтэй. Онгирч байгаа юм биш. Би өөрийгөө олны итгэл хүлээлгэж өгсөн алдар цолыг хамгаалсан гэж боддог. 30 жил завсаргүй морь айрагдуулсан гэсэн байсан. Тэр худлаа юм билээ. Би 29 жил завсаргүй морь оруулсан юм билээ. Тэгэхдээ зургаан жил дараалан төрийн наадамд азарга, гурван жил дараалан их нас түрүүлгэсэн байдаг юм. Нэг жилийн наадмын 30 айраг түрүүний 11-ийг нь хүртэж аархаж, дээлэндээ багтахгүй явсан үе надад бий.
-Тод манлайн уяанаас төрийн наадамд 15 азарга түрүүлсэн байдаг. Азарганы уяанд юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?
-Төрийн наадамд манай уяанаас 13, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд хоёр азарга түрүүлсэн байдаг юм. Азарга арчилгаа маллагаа ихтэй мал. Би танд азаргыг тэгж уяна гэж хэлээд тэр дагуу хүмүүс уяна гэж байхгүй. Яагаад гэхээр уяачийн хөдөлмөрийн хамгийн гол онцлог бол адууныхаа дэргэд байж мэдрэх. Хэдий чинээ адуугаа мэдэрч байна. Төдий чинээ сайн уяна. Түүнээс бус сургаар уяна гэж байхгүй. Манай залуучууд тэрэн дээр алдаад байх шиг санагддаг. Зөвхөн нэг морин дээр гэхэд л залуу, идэр, ахимаг насандаа өөр өөр уяа шаарддаг. Энэ бүхнийг тооцож уях хэрэгтэй.
-“Төрийн их уяач” цолыг хүртэхдээ бид өөрөө сайн уяхаас гадна өрөөлийг уяаны эрдэм ухаанд сургасан байдлыг харгалзаж үзсэн?
-1996 онд МУ-ын Алдарт уяач Г.Баттөмөр, Буяндэлгэр, Д.Дагвадорж, одоогийн Тод манлай уяач Г.Батхүү, Манлай уяач Б.Эрдэнэгэрэл нарын санаа сэтгэл нийлсэн бидний хэдэн нөхөд “Манлайн эх” гэдэг гал уяаг анх байгуулж байлаа. Морины төлөө гэсэн чин сэтгэлтэй аавын хөвгүүд цугларсан болохоор бидний ажил үйлс бүтэмжтэй байж нэгэн үе манай гал их өтгөрсөн. Надтай ойр байж уяаны арга барилд суралцан улсын цолонд хүрсэн уяачид цөөнгүй бий. Тод манлай уяач Г.Батхүү, Д.Мөнхбат байна. Мөнхбат бол бүр миний морийг унаж байсан хүүхэд. Их мэдрэмжтэй илүү дутуу зангүй их сайн залуу даа. Мөн Манлай уяач Г.Батчулуун, Ц.Цэнгэл, Д.Бат-Эрдэнэ, Алдарт уяач Д.Дагвадорж нарын олон залуучууд бий. Биднийг бага залууд нутгийн буурлууд мэддэг чаддагаа сэтгэл харамгүй хэлж өгдөг байсан. Би ч гэсэн чаддаг мэддэг юм байвал хэлээд өгье л гэж боддог.
-Сүхбаатарын адуу хурдан гээд хошуурах болж. Халхын хурд тэнд байна уу?
- Сүхбаатарын адуу яагаад хурдан байна гэхээр тэр их өндөр өвсөнд чөмөг алдахгүй орж байна. Зуд боллоо гээд тэгж олноороо үхэхгүй байгаа биз дээ. Дээр нь гүүгээ барихгүй болохоор унага өсгөлүүн байдаг. Ийм ийм шалтгаанаас болоод Сүхбаатарын адуу хурдан байгаа нь үнэн. Гэхдээ Хэнтий аймгаас илүү гэж би хэлэхгүй ээ. Булагны эх бол Хэнтий шүү дээ. Тэгээд ч хурд тодорхой үечлэлтэй байдаг. 19 –р зуун гэхэд Бишрэлт вангийн хошууны Минжүүр гүн 6-7 алдуу даншигт айрагдуулсан байдаг бол бас нэг хэсэг Өвгөн ноён Пүрэвжавын адуу дийлдэхээ байсан. Энэ мэтчилэн зөв бодлого баримтлахгүй бол нүүгээд л байна.
-Адууны уяа байнга өөрчлөгдөн хувьсаж байна. Таны үед ер нь хэд сунгадаг байсан юм бэ?
-Дээр үеэс гурав сунгадаг байсан. Манай эцгийн үед дөрөв давхиулчихаад дутаалаа л гэцгээдэгсэн. Тэр үед тэжээл гэж мэдэхгүй. Саам л өгвөл өгнө. Адуунаасаа болоод 2-3 өнжөөтэй дөрөв сунгачихдаг байсан. Одоог бодвол хүмүүс дэгтэй байж. Энэ жил адуу тийм байна. Төд сунгана гэхэд тэрийг л дагадаг байж. Харин миний үед гурав өнжиж сунгадаг гурав сунгадаг болсон доо.
Халхын хурдны цөм нутаг яахын аргагүй Баянцагаан сум
-Монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан хуруу дарам цөөн бүлийн нэг нь танайх?
-Тиймээ, миний хүү Д.Баянбатын хязаалан үрээ хэдхэн хоногийн өмнө төрийн их баяр наадамд аман хүзүүнд хурдалж, манайхан монгол төрийн наадамд гурван үеэрээ хурдан хүлгэдээ хурдлуулсан айл боллоо. Түүнээс гадна манайхан гурван үеэрээ шагнагдсан малчид байгаа юм. Миний өвөг эцэг Г.Мөнх гэдэг хүн намайг гардаг 1959 онд улсын сайн малчин болж, Маршал Чойбалсангаас мянгат малчны тэмдэг, зандан хувингийн хамт авч байсан гэдэг. Өвөө маант морь сайн уядаг. Сумынхаа наадмаас арав гаруй айраг түрүү авсан гэдэг юм. 1954 онд хээр морь нь сумандаа айрагдсан. 1966 онд зээрд азарга Баянцагааны наадамд таваар давхисан. Харин миний аав М.Данзанням сумынхаа аварга малчнаар шалгарч байсан. Мөн МУ-ын Манлай уяач цолтой. Аавын төрсөн дүү МУ-ын Хөдөлмөрийн баатар М.Даш гэж хүн байсан. Би МУ-ын Гавьяат малчин цолоор шагнагдаж байсан. Ингэхээр манайхан үе дамжсан сайн малчид байгаа биз.
- Тантай уулзах сургаар Төв аймгийн тэр дундаа Баянцагааны адууны талаар асуугаарай гэх даалгаврыг нэгэн уяач өгсөн юм.
-Баянцагаан сум эртнээсээ хурдтай. Уяачид нь эрдэм чадалтай хэмээн гайхагдаж ирсэн нутаг. Дээхэн үед Галшар сумынхан улсын наадамд ирэхдээ Баянцагааныхантай л уралдана гэсэн тооцоотой ирдэг байсан гэдэг юм. Арга ч үгүй байж дээ. Мөрийн Гомбодорж, Нэрэнжимээ, Дулааны Дамдинжав, Батбуян, зайсан Тэрбиш, Д.Баяр, Жамсран, С.Банзрагч, Д.Ганжуур, Д.Дашням нарын дор бүрнээ хурдан угшилтай мундаг уяачид байлаа шүү дээ. Би Баянцагаан сумаас улсын наадамд 10 гаруй азарга, 50-иад морь түрүүлж, 200 гаруй морь айрагдсан гэж сонсож байсан. Үнэн байх. Халхын хурдны цөм нутаг яахын аргагүй Баянцагаан сум.
- Нэгэн үе халхын наадмыг эзэгнэж явсан Баянцагаанчууд одоо яагаад тэгтлээ их дуулдаггүй юм бэ? Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
-Хурд гэдэг юмыг байнга тордож байхгүй бол устчих гээд байдаг эд. Баянцагааныхан тэгж бодож алдацгаасан улс даа. Миний адуу хурдан гээд бусдын адууг тоохгүй байсаар ийм байдалд хүрсэн гэж би боддог. Түүний оронд бодлоготой үржил хийж байсан бол өнөөдөр Баянцагааны адууны урд гишгэх мал олдохгүй байсан. Ямарсайндаа би тойруулгад байхдаа Алдарт уяач Даатамга гуайн хул азарганы нэг охин төлийг нь аваад, оронд нь нэг охин төл өгөх саналыг хүртэл тавьж байхав.
-Таны өвөг эцэг Мөнх гуайг олон адуутай, бас ч гэж хурд таньж цуглуулдаг байсан гэдэг юм билээ?
-Миний өвөө адуунд дуртай, ан гөрөөнд шаггүй хүн байсан гэдэг. Эхэндээ ч сүрхий олон адуутай байгаагүй юм гэсээн. Яваандаа өөрийнхөө хөдөлмөрөөр 300 гаруй адуутай болж баяжсан юм билээ. Тэгсэн бичин жилийн айхтар зуд болж, аав адууг нь алдаад 40 гаруйхан үлдсэн гэдэг юм. Түүний дараа нагац ах Борын Галт гэдэг хүн Хэнтий аймгийн Галшар сумын Монхор Халтар, Гожигдой Лувсанцэнд гэдэг хүмүүсээс хэдэн адуу авсан. Бичин жилийн намар нагац ах маань манай аавыг дагуулж очиж танилцуулаад өөрөө Лувсанцэнд гуайн хурдан халиун морийг нь хатгаж өгч л дээ. Тэгсэн Лувсанцэнд гуай "За хө хойтон жил хүрч ирээрэй" гэсэн юм билээ. Хойтон жил нь аавыг дагуулаад дахин очиход халиун морь нь сумандаа түрүүлчихсэн байж. Тэгсэн Лувсанцэнд гуайн ээж "хүүд адуу бэлэглэ" гээд тэр дагуу охин зээрд даага бэлэглэсэн юм билээ. Тэгэхдээ “Дамар хонгорын минь төл юм шүү, битгий даага өглөө гэж голоорой " гэсэн гэдэг. Нээрэн ч зээрд гүүнээс гарсан болгон хурдан байсан гэдэг юм билээ.
Тэр үед хэд хэдэн адуу авсны дотор бор шүдлэн үрээ байсан бөгөөд Лувсанцэнд гуай “Хүү минь малгайгаа л ар руугаа өмсөж яваарай” гэхэд нь аав минь учрыг нь ойлгохгүй. Морио сайн турааж байгаарай гэж байгаа юм байна гэж бодсон гэдэг. Тэгсэн хурдан морь өглөө шүү, даруулгатай байгаарай гэсэн шг байж л дээ. Лувсанцэнд гуайн хэлсэнчлэн бор азарга нь 1950 оны улсын баяр наадамд айрагдсан. Харамсалтай нь аав нэг сургаалийг нь дагаагүйгээс болоод хөлгүй болгочихсон юм.
-Ямар сургаал?
- Манай адуу найман насандаа эмзэг байдаг юм. Тэр үед хичээгээрэй” гэснийг нь мартаж уяад, хөлийг нь доголгочихсон. Гэхдээ олон сайхан хурдан төл өгсөн. Энэ мэтчилэн буянтай дээдсийнхээ үлдээсэн хурдуудаар олон жил сайхан наадлаа даа.
Манай ажаа адууны толгой газар хүргэдэггүй хүн байсан
-Дээдсийнхээ уяаны арга барилын талаар дурсаач. Тэр үед адууг яаж уядаг байсан юм бэ?
-Манай ажаа адуунд их хайртай хүн байсан. Адуу агтлах гээд унагахад толгойн доор нь хормойгоо дэвсдэг тийм л хүн. Адуу муулдаггүй. Тэрийг мэддэг юмуу адуу өшиглөнө гэж байхгүй. Хойноос нь очоод бөгсийг нь илээд л гартаа оруулчихдагсан. Зуны эхэн сарын шинийн наймны гүү барьсан бар өдрийн бар цагт төрсөн аавыг маань адууны хийморьтой явах нь гэж бэлгээшээж байсан гэдэг юм. Морийг их сайхан уяна. Морь мэддэг хүн гэж байдаггүй. Мэдэхийг оролдож яваа хүнийг уяач гэнэ, хувилгаан хүн л морь уяна гэдэгсэн. Арай сийрэг, ухаан суусан байсан бол ажаа минь олон сайхан юм ярьдагсан. Даан ч бага байсан болоод тогтоогоогүй юм. Манай ажаа морины хөл жаахан муутгасан байх. Гэхдээ алаагүй, унагаагүй. Тэр үеийн хөгшчүүл адуу эндүүлсэн хүнд их дургүй байдаг байсан.
-Та хэдэн настайгаасаа аавыгаа дагаж морь малны ажилд туслах болсон юм бэ?
-Би анх 1956 онд зургаан настайдаа Дундговийн Цагаандэлгэр сумын наадамд ганзгаар даруулуулаад морь унаж байлаа. Тэр үеэс л ажаагаа дагасан даа. Тэр наадамд миний унасан зээрд морь гурвалж, сумандаа зургаалж байсан. Арай унтчихаагүй ирсэн юм шиг байна лээ. /инээв/ Манай нутагт Мөнгөний Лувсандоржийн хар морь /Улсын 30 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн/ ирж уралдсан юм. Манай зээрд морь хавчиг байсан болохоор аав маань энэ хар морьтой л зодолдуулж уралдуулж болохгүй гэж захиад, газрын дунд хүртэл надыг гаргаж өгөөд хүлээгээд зогсож байсан юм. Би ч дөнгөж гарангуут л хар морьтой зодолдуулаад авлаа. Тэгсэн аав минь тосож ирээд, цулбуурдаж аваад дөрвөн морины ард оруулаад тавьсан чинь би тэр чигээрээ зургаалсан шүү. /инээв/
-Бас ч үгүй сахилгагүй нэгэн байжээ дээ. Ажаагаасаа зэм дуулна биз?
-Дуулахаар барах уу байнга л загнуулна. Хүүхэд байсан болохоор заримдаа гомддогсон. Одоо эргээд бодоход намайг л юм сургах гэж тэгдэг байсан юм билээ хөөрхий. Нэгдэл нийгэм, хүний өөрийн нийлсэн 500 гаруй адуу услах ч яггүй ажил шүү. Ёстой нөгөө шөрмөсөө таттал ховоо татна даа. Тэр тухайгаа хожим нь нутгийн буурал Дорнойн Сундуй гуайд ярьтал тэрний чинь хариу хүүхэн, өнөөдөр ингэж яваа чинь гэж билээ.
-Уурыг нь хүргэн бухимдуулах өдөр байхад магнай тэнийлгэн баярлуулах өдөр илүү олон байсан байх?
-Манай өвөг эцгийг хоёр хүү нь нэг жил их баярлуулсан байх гэж би боддог. 1966 оны наадамд Даш ахын халиун азарга улсын наадамд очиж таваар давхиад, ажаагийн уясан морьд Баянцагаан сумын наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртсэн юм. Нэг хүүгийнх нь морь төрийн наадамд айрагдаад, нөгөөгийнх нь адуу сумын наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртэхээр уяач аав нь баярлахгүй яахав. Ийм үед аав эжий битгий хэл ард олноороо баярлана шүү дээ. Тэр үед л манай ажаа, ах хоёр аавынхаа ачийг жаахан ч гэсэн хариулсан болов уу. Бас нэгэн түүх яръя л даа. Намайг 17-той байхад хаврын нэг өдөр өвгөн аав маань манайд ирсэн юм. Манайх 10 гаруй тэмээтэй, баруун урд хөндийн зүүн бууцанд нутаглаж байсан санагдана. Манайд хэд хонохдоо надад их юм яринаа. Учраа мэдэхгүй би ярьж мэдэхгүй, сонсож мэдэхгүй дэмий л дүр эсгэнэ. Тэгсэн нэг удаа “чи тэмээнд яв” гэж байна. Тэмээ нь манайхаас 40-өөд километрийн зайтай байгаа дуулдана. Хаврын хахирган цаг шүү дээ. Миний хүү зөөлөн яваад туугаад ирээрэй гэж байна. За л гэлээ. Тэгээд юу гэж зөөлөн авчирахав. Шөнө ширүүн хөөж авчраад ойролцоо орхичихлоо. Тэгсэн маргааш нь өвөө тэмээгээ хаана орхисон бэ гэж байна. Нарийн ухаа дээр орхисон гэлээ. Өвөө дурандчихаад тэндээ л байна гэж байна. Тэгсэн харин хээлтэй ингийг ширүүн хөөснөөс болоод шөнө ботголчихсон байсан. /инээв/
-Өвөөгөөсөө банга хүртсэн үү?
-Үгүй. Миний хүү сайн тууж дээ. Хоёр ингэ ботголчихож гээд инээж билээ. Би болохоор ширүүн туугаагүй гээд л гүрийгээд байдаг. /инээв/ Ер нь манай өвөө хүүхэд загнадаггүй хүн байсан юм. Аавыг намайг зэмлэхээр өмөөрнө.Намайг хүн гэж тоон их тоож юм ярина. Дээр үеийн хөгшчүүл айхтар хүмүүс байж дээ. Би 1968 оны намар цэрэгт явсан юм. Тэгэхэд өвөө маань гаргаж өгөөд хоёр хацрыг маань үнссэн. Уг нь нэгийг нь үлдээгээд ирэхээр нь үнсэнэ гэдэг шүү дээ. Гэтэл тэгэлгүй хоёуланг нь үнсээд “Миний хүү архи л уухгүй байх юмсан. Чи бусдаар яах ч үгүй дээ. Өөрийгөө сайн хамгаалж яваарай. Бусдаар чи яах ч үгүй. Уг нь хүнд буруу юм хийхээргүй бүлээн царайтай хүндээ” гэж билээ. Тэр үед би бас сагсуураад архи амсанаа. Тэрийг мэддэг байсан юм байлгүй. Хоёулаа нүдэндээ нулимстай салаад ахиж уулзаагүй дээ. Тэр жилийнхээ сүүлээр өвөө маань бурхан болсон юм.
Хоёр дахиа дайлахдаа л адуу гуйдаг юм
-Морин тойруулгын хурдан хүлгэд таныг алдар цолонд хүрэхэд ихээхэн жин дарсан байх?
-Тэгэлгүй яахав. Би чинь нэг үе төрийн уяач явлаа шүү дээ. Морин тойруулгын адуу чинь төрийн хөрөнгө байсан. Түүнийг маллаж, уяж байгаа хүн чинь төрийн уяач л биз дээ. Одоогоор бол Элбэгдоржийн юмуу ,Энхболдын уяач байх нь ээ дээ.
-Таны мэдэхийн тойруулга угшилтай адуу хаагуур хаагуур тарсан бэ?
-Би 205 адуу хүлээж аваад арваад жилийн дотор 650 болгоод хүлээлгэж өгсөн. Миний үед гарсан адуу бий. Өмнөговь аймагт 7-8, Дорноговь аймагт 10-аад, Сэлэнгэ аймагт хоёр адуу өгсөн. Түүнээс гадна Баянцогтын Аръяадагва гэдэг хүн шүдлэн хээр үрээ авсан. Содов гэж улаан хонгор үрээ авсан. Бүгд төмсөгтэй үрээнүүд байсан. Тэр үед ажаа маань “төрийн сайхан адуу алдаж хэрэгт оров. Хүү минь гишгэсэн мөрөө эргэж харах цаг болсон шүү” гэж билээ. Тухайн миний уясан болгон ордог. Уулзсан хүн болгон дайлж цайлъя гэдэг байсан. Би ч бас буцахгүй. Сүүлдээ аргыг нь олдог болсон. /инээв/
-Яаж тэр вэ?
- Нэг дайлуулаад хоёр дахиа урихаар очдоггүй байсан юм.
-Яагаад?
-Хоёр дахь удаадаа адуу гуйдаг юм. Тэгэхээр нь очихгүй шүү дээ. Зовлонтой л доо. Гүү тавъя гэнэ. За гэх хэцүү үгүй гэх хэцүү. Тэрнээс нь болоод хүн урихаар очихоо больсон. Ж.Гүррагчааг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн сайд хийж байхад нэг гүү Цавьдар халзан азарганд хураалгаад хонгор халзан азарга гарсан юм. Гарамжав гуай Тогоруу халтар азарганд нэг гүү тавиад Тогоруу хээр гэж нэг азарга гарсан. Хээр азарганы үр төл Гарамжав гуайн хүүхдүүдийг улсын цолонд хүргэсэн дээ. Тойруулгын энэ мэт олон сайхан хурдан буянгаар наадах ховорхон хувь надад тохиосон юм. Зандан хүрэн сайн хүлэг ч хурдаараа Янзаган зээрд нь илүү. Хязаалан, соёолон, их морь улсад гурав түрүүлсэн морь шүү дээ. Тогоруу халтар, Цавьдар халзан, Алтангадас гэсэн гурван сайн азарга байлаа. Тэдний хамгийн хурдан нь Алтангадасыг байсан гэж боддог шүү. Тогоруу халтар бол их барьцтай, даацтай адуу байж билээ. Би ажлаа өөрийн шавь Г.Батчулуунд өгсөн шүү дээ. Батчулуун Цавьдар халзан, Алтангадас зэрэг хэд хэдэн адуу Ононд өгсөн юм билээ. Ононгийн адуу угаас дэвсгэр сайтай байсан дээр нь тойруулга адуу нэмэгдээд улам сайжирсан.
Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсанд баярлалаа. Нийт уншигчдынхаа өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.5.206.78