Адууны араншин

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 05 -нд

Сүрэг дэх араншин ♦ Адуун сургийн хөгжил ♦ Төрөлх мэдрэмж Дохиог мэдрэх ♦ Итгэл төрүүлэх арга
Адуу бол тодорхой нийгэмшсэн амьтан юм. Зэрлэг адуу азарга хэд хэдэн гүүнээс бүрдэх сүрэг буюу цөөн бүлгээр амьдарч иржээ. Тэжээмэл адуу хүртэл ийм хэв маягаар амьдрахыг эрмэлздэг. Бүх адуу өөрийн төрлийн төлөөлөгчтэй хамт байх хэрэгцээг мэдэрдэг ба хэрвээ тэд бэлчээр, жүчээндээ бусдаасаа тусгай ганцаар байвал уйтгарлаж эхэлдэг байна.
 ХАРИЛЦАХ
Адуу янз бүрээр янцгаадаг. Азарга ороо нь орсон гүүнд гүнзгий, уртаар янцгааж дохио өгдөг бол хөөрөлд орсон үедээ чангаар янцгаана. Заримдаа морьд ч тийм чангаар янцгаах нь бий. Ойртох тусам дуу нь зөөлөн, намдуу болж харилцан ойлголцдог байна. Дуу авиа адууны харилцааны гол хэрэглүүр юм. Адуу сүргээсээ буюу жүчээнийхээ морьдоос тасрах, аюул тулгарч байгааг мэдрэх буюу ганцаардвал янцгааж дохио өгөх ба түүнд бас тийн хариулна. Морьд уулзах үедээ янцгаан мэндчилдэг. Гүү унагаа бас янцгааж дуудна. Морьд анх бие биеэ харж байгаа бол үнэрлэх буюу түлхэлцдэг. Нэг сүргийн адуу морьд болон азарга үе үе нөхөрсгөөр тоглон тангаралцах зэргээр тэмцэлддэг. Унагатай гүү сүрэгт танихгүй морь орж ирвэл чангаар янцгаана. Удаан нөхөрлөсөн морьд бие биеэ гадаад байдал болон үнэрээр нь таньдаг байна. Үнэр адууны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх ба ялангуяа гүүний ороо орох үед азарга гүүг үнэрээр нь таньж мэддэг аж. Шүргэлцэх нь адууны харилцаанд чухал үүрэгтэй ба сүргийн гишүүд хамраараа шүргэлцэн мэндчилнэ. Удаан нөхөрлөсөн морьд шүргэлцэх буюу маажилцан харилцаагаа илэрхийлдэг. Сэрвээнийхээ орчимд харилцан маажилцаж байгаа нь тэд нөхөрлөж байгаагийн тэмдэг.
ХАРИЛЦАН ЗАХИРАХ
 Байгалийн нөхцөлд амьдарч байгаа адуун сүрэгт өмнөх үе нь дараа үеийнхнээ захирах ёс байдаг. Харин гэрийн тэжээмэл адуу түүхээс өмнөх үеийн харилцан захирах систем тогтоохыг эрмэлздэг аж. Сүргийн тэргүүн хазах, тангарах, болон чихээ өргөх, шүдээ хавирах зэргээр бусдыгаа айлган сүрэг дотор өөрийнхөө тэргүүлэх байр суурийг тогтооно. Залуу азарганууд цаг өнгөрөөхийн тулд тоглож наадаж байна. Тэд бие биедээ гэмтэл учруулах нь ховор. Гэхдээ бэлчээрт байгаа адуу тангаралцах үедээ бие биеэ гэмтээхгүй байх үүднээс тэднийг тахлах шаардлагагүй.
ТӨРӨЛХ МЭДРЭМЖ
Гэрийн тэжээмэл адуунд тавигдах :аардлага нь адууны төрөлх мэдрэмжтэй зохицож байх нь зүйтэй. Адууны аюулгүй байдлыг хангаж, итгэлийг нь хүлээхийн тулд хоол тэжээл, хөдөлгөөн, нийгмийн харилцааных нь хэрэгцээг хангаж байх ёстой.
ЗУГТАХ
Гэрийн тэжээмэл амьтан ч гэлээ адуу аюул гарвал зугтаж ерийгөө хамгаалдаг. Гэнэтийн дуу чимээ, үл таних зүйл, унасан хүн нь ойчих, эмээл нь мултрах ззрэгт адуу төрөлх мэдрэмжээрээ зугтан зайлна. Тэрээр тургих, гэнэт эргэх зэргээр айдсаа илэрхийлдэг. Айдаст автсан адуу чичирч эхэлдэг.
ХӨРВӨӨХ БА ГАЗАР ЦАВЧЛАХ
Адуу биеэ үрж маажин таашаал авах, үсээ цэвэрлэх зорилгоор азар өнхөрч хөрвөөдөг. Шавар, элс буюу цасан дээр үе үе удаан хугацаагаар хөрвөөж байвал адууны эрүүл, мэдрэмж сайн байгаагийн шинж. Адуу хөлөөрөө газар чавчилж байгаа бол хөөрөх буюу яарсны тэмдэг. Жишээ нь, адуу уяандаа удсан эсвэл тэжээлээ хүлээж байхдаа ийм байдал үзүүлнэ.
 ТАНГАРАХ
Хойноос нь довтлоход биеэ хамгаалах зорилгоор бүх адуу тангардаг. Харилцан тэмцэлдэж байгаа морьд урд хойд хөлөөрөө ээлжлэн тангарна. Уурсаж догширсон адуу өөр морьд руу бөгсөөрөө түрж, тангардаг. Заримдаа эмзэг газарт нь хүрэх буюу түлхэхэд тангарч хариу үйлдэл хийнэ.
ХАЗАХ
Зэрлэг адуу сүрэг дэх байр сууриа батлах буюу догширсон үедээ бусдыгаа хазах авир гаргадаг.тэжээмэл адуунд ийм байдал гаргуулж болохгүй. Заримдаа адуу хүний буруу харьцааны улмаас юм уу өвчин зовиураа илэрхийлэх гэж хаздаг. Ихэнхдээ хэт мэдрэмтгий морьд ингэж хазах үлдэл хийдэг боловч үүнийг муу зуршил гэж үзэх хэрэггүй, засаж залруулах хэрэгтэй. Номхон морь хэзээ ч хаздаггүй.Нөхөрлөсөн морьд эсрэг талаасаа харилцан бие биеийнхээ арьсыг самнаж тусалдаг. Ингэхдээ шүдээрээ сэрвээ хондлойг үрж, маажих боловч хаздаггүй.
АМАРХАН ЦОЧИРДОГ МОРЬ
Сүрэгтээ байгаа морь ааш араншин нь догширч эхэлбэл нуруугаа хотойлгон тойрон давхиж, бусад адууг тангаран өдөөж тайван байдлыг алдагдуулна. Догширсон адуу хүзүүгээ босгож, толгойгоо өргөх ба хамар самсаа нь томорно. Зарим адуу толгойгоо хаялан, хамраа хуйхарч, туурайгаа товшлох ба сүүлээ дээш өргөн сүргээ тойрон давхиж бүх сүргийг тавгүйтүүлдэг.
МУУ АРАНШИН
Аймхай, дуулгаваргүй байх, нуруугаа хотойлгох, хойд хөл дээрээ босох, тангарах зэрэг нь уналгын морины хувьд байж болшгүй араншин юм. Аймхай байна гэдэг нь морь тэмцээний үед сааданд дөхөж очоод шалтгаантай ба шалтгаангүйгээр тойрч гарах буюу хажуу тийш зайлна гэсэн үг. Хэрвээ морь харайхаас зайлсхийж хойд хөл дээрээ босох буюу ухарч байвал дуулгаваргүй байгааг илтгэнэ. Адуу заримдаа хөдөлгөөн дутагдах эсвэл тоглож наадахаараа нуруугаа хотойлгодог. Зарим морь хүзүүгээ сунган, тангарах буюу давхиж байгаад огцом зогсож унасан хүн унагахыг оролддог. Энэхүү муу араншинг даруйхан зогсоохгүй бол муу зуршил болон хувирч болзошгүй. Хойд хөл дээрээ босох нь морины айдас, түгшүүрийг илэрхийлэх ба унасан хүний хувьд ч аюултай үйлдэл юм. Залуу морьд тэмцэлдэн тоглохдоо хойд хөл дээрээ босдог. Унаж байгаа морь хойд хэл дээрээ босох нь аюултай бөгөөд тэнцвэрээ алдаж, унасан хүн дээрээ унаж болзошгүй. Жолоодлогогүй болсон морь бүрэн сандралд орж, хандсан зүгтээ давхих ба амгай, жолоогоо ч хайхардаггүй.
ХҮНД ХАНДАХ ХАНДЛАГА
Эрт дээр үеэс хүн адууг дайн, ажил хөдөлмөр, амралт зугаалгадаа тал бүрээр ашиглаж ирсэн. Үүний улмаас адууны биеийн болон оюун ухааны шинж чанар нь бараг өөрчлөгдөлгүй өдийг хүрчээ. Адуу маш мэдрэг амьтан. Уйтгарт автсан адуу үүнийгээ хөдөлгөөн удааширах, сонирхол буурах, хоолонд дургүй болох, чих толгойгоо унжуулах, нүд нь гунигтай болох зэргээр илэрхийлнэ. Эзэн хүн морио сэргээж, харилцахын тулд дээрх шинж тэмдгийг мэдэж байх ёстой. Адуу чанга дуу авианд мэдрэг ханддаг тул эзнийх нь дуу хоолой харилцааны чухал хэрэглүүр болдог. Хүний чанга, ууртай дуунаас адуу айх буюу эсвэл захирагдахаа больдог бол зөөлөн аядуу дуугарвал тайвширна. Сургаж буй хүнээ хүндэтгэн эмээдэг морь ташуурын дуу эсвэл магтаал зэргийг дор нь хүлээн авна. «Зогс», «Арагшаа», «Хатираад» зэрэг үгийг адуу сайн ойлгодог. Адууны чих нь арагшаа налсан бол Намайг тайван орхиоч», залхчихаад байна» гэсэн  илэрхийлдэг бол, чихээ урагш сойтоолгосон тохиолдолд энэ чинь юу вэ?», «Би үүнийг сонирхож байна» гэх утгыг илтгэнэ. Адууны нүд зохих байдлаар түүний сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Хагас аньсан сүүмгэр нүд өвчин, ядрал, сэтгэл санаа муу байгаагийн шинж. Адууг бүрэн "ойлгож, харилцан итгэлцсэн, олон талтай, гүн хүндэтгэлтэй харилцаа тогтоохын тулд түүний хөдөлгөөн юу илэрхийлж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.
Сүрэг дэх араншин
Дадал зуршил  Сүрэг дэх сэтгэлзуй  Таршуулахад бий болсон хууль
Адуу ба пони амьд байгальд тэжээлийн хэрэгцээ, газрын гадаргууны онцлог зэргээс хамааран тоо нь өөрчлөгдөж байдаг бүлэг буюу сүргээр амьдардаг. Адуу бэлчээрийн амьтан учраас ус, тэжээл хайн байнга хөдөлгөөнд оршдог. Араатан амьтнаас зугтаж амиа хамгаалдаг амьтны хувьд мэдрэхүйн эрхтнүүд нь маш өндөр хөгжилтэй. Иймээс аюул тулгарвал маш сэргэгээр мэдэрч зугтахад бэлэн байна. Адууны энэхүү сонор сэргэг байдал нь түүнийг амархан цочирдог, орчиндоо мэдрэг ханддаг болгожээ. Хүйтэн цусны буюу хүнд жинтэй адуу цэвэр цусны буюу араб, испан үүлдэрийн адууг бодвол илүү тайван, зугатаах мэдрэмж нь арай бага хөгжсөн байна.
СҮРЭГЛЭХ МЭДРЭМЖ
Сүрэглэх мэдрэмж адуунд гүнзгий шингэсэн байдаг. Тэд сүргээрээ байхдаа илүү итгэлтэй, хамгаалагдсан байгаагаа мэдэрдэг аж. Хэрвээ нэг морийг сүргээс нь салгавал хамгаалалтгүй болж байгаагаа мэдэрч, жүчээнээс маш дургүй гарна. Өмнө нь хэзээ ч сүрэг дотор байгаагүй адууг сүрэгт нийлүүлбэл сүрэглэх мэдрэмж нь хурдан сэргэж бусад адуутай нийлэхдээ баяртай байдаг. Морьд өөрийн биологийн төрлийн төлөөлөгчидтэй дуртайяа нийлж, зугтах мэдрэмждээ хөтлөгддөг ба үүнийг морины уралдаанд ашигладаг. Жишээ нь, морьд хэсэг бүлгээрээ бол ганцаараа байгаагаас хамаагүй амархан саадыг даван харайдаг байна. Түүнчлэн залуу морьдын өмнө илүү туршлагатай морь харайлтыг гүйцэтгэхэд сүрэглэх мэдрэмжийг ашигладаг. Адуу өөрөө гэрээ олдог аж. Ихэнх морьдын хувьд жүчээ сүргийг бүрэн орлож чадна. Жүчээ морины хувьд аюулгүй орчин, хоол тэжээл, зарим үед бусад адуутай хамт байх газар болно.
СҮРЭГТ ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ
Адуу сүрэг дотроо эзлэх байр сууриараа хатуу тогтсон шатлалтай байдаг. Сүрэглэн амьдарч, үр төлөө үлдээх хүчтэй мэдрэмждээ хөтлөгдөн сүргийн удирдагчаа сонгодог байна. Ихэнх тохиолдолд сүргийн удирдагч нь хашир туршлагатай гүү байх ба тэрээр азарганд ч байр азарганд ч байр суурийг нь тогтоож өгнө. Энэхүү шатлал нь сүргийн гишүүн бүрийн хэрэгжүүлэх ёстой балар эртнээс тогтсон дэг журмаар тодорхойлогдоно. Адуу бол найрсаг эвтэй амьтад учир зөвхөн гүү ба тэжээлээс болж зөрчил үүсдэг. Бэлчээрт өвс ургамал хангалттай элбэг бол адуу цөөн бүлгээр бэлчиж, удаан хугацаагаар амарч завсарладаг. Хэрвээ адуу өдөрт хоёроос гурван удаа идээшлэхэд өвс ургамал хангалтгүй бол сүрэг доторхи байр суурийн шатлал илрэн гарч хүчтэй нь бэлчээрийн ихэнхийг эзэлж, аймхай сул дорой нь хоосон хоцорно.
БАЙГАЛААС ТОГТСОН БҮЛ
Амьд байгальд адуу гол төлөв бүлээр амьдардаг. Гүү бие гүйцэж эхэлж байгаа азарга үрээг бүлээс хөөх ба залуу  байдаснууд эхийнхээ дэргэд үлддэг. Хэрвээ сүрэгт хоёр гурван настай азарга үрээ гүү хөөж эхэлбэл нас гүйцсэн хүчтэй азарга хөөж холдуулна. Харин гүүнүүд хоорондоо өрсөлдөх нь ховор байдаг. Гүүний ороо орох цаг хоёр удаа тохиолддог учир бүл доторхи амьдрал амгалан тайван үргэлжилнэ. Унагатайгаа байгаа гүүний хамгаалах мэдрэмж нь хүчтэй хөгжсөн байдаг. Унага нь хэт холдож байгааг мэдвэл дуудаж буцаах ба шаардлагатай үед унагаа шүд, туурайгаараа хамгаалдаг. Гүү сайн эх болдог юм.
ХУВИЙН ОНЦЛОГ
Сүрэг тайван, цочмог, номхон, догшин, мэдрэмтгий, «хэнэггүй» гэх мэт янз бүрийн адуунаас бүрдэнэ. Туршлагатай үржүүлэгч адууны зан араншингийн онцлогийг нарийн судалж, биеийн болон сэтгэл зүйн шинж чанаруудыг хоршуулан илүү сайн чанарын адуу гарган авахыг эрмэлздэг.
ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АДУУ
Адууг тэжээмэл болгон маллахад зарим нэг сөрөг талууд бий. Туурай нь амархан элэгддэг учраас түүнийг арчлах хэрэгтэй болно. Бага талбайтай бэлчээр халдвар хурдан тараадаг учир адууны цагаан хорхойг цэвэрлэх ажлыг байнга хийж байх нь чухал. Жүчээний адууг тэжээхэд нарийн нямбай ажиллагаа, туршлага шаардагдана.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна