МУГЖ Н.Дагийранз: Төрийнхөө хайр ивээлийг хангалттай хүртсэн

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

-Кино урлагт хөл тавьсан үеийн дурсамжаас яриагаа эхэлье. Юу таныг кино урлагт оруулсан юм бэ?
Дундговь аймгийн “Хоёрдугаар таван жил” нэгдэлд хоньчин байлаа. 1959 онд аймгийн соёлын ордноос найруулагч ирж намын төв конторт кинонд тоглох хүн шалгаж байна гэхээр нь давхиад очлоо. Сарын дараа аймгаас дуудаад “та тэнцсэн хүрээд” гэхээр нь намынхаа даргад учраа хэлсэн чинь “яв яв малыг чинь өөр хүнд шилжүүлэхээс” гэсэн. Ингэж л анх аймгийнхаа клубт туслах жүжигчин болж байлаа. Тухайн үед сонсгол хэллэг хараа шалгаж авдаг, би ”Алтан намар”-г дуулж аврагдаж байлаа./ инээв/ .
Хоньчин залуу өөрийгөө ингээд л урлагийн хүн болчихно чинээ төсөөлөөгүй биз?
Тэгэлгүй яахав тэнцэнэ гэж ёстой бодоогүй. 1959 онд аймгийнхаа залуучуудыг төлөөлж, залуучууд оюутны анхдугаар их наадамд оролцсон нь хамгийн анх удаа тайзан дээр гарч байгаа нь тэр. Анх удаагаа олны хөлийн газар явж байгааг хэлэх үү хөлс гараад тайзан дээр гарахдаа сандарсан гэдэг чинь. Хүмүүсийн захиасыг санаад “хий” гэснийг нь хийгээд байсан чинь нэг мэдсэн чинь “алтан медалийн эзнээр Дагийранз шалгарлаа” гээд миний нэрийг дууддаг байгаа. Нэрээ сонсоод баярласан гэдэг жигтэйхэн.
-Тэгвэл дэлгэцэнд дүр бүтээсэн нь хэзээ вэ?
Анх аймгийнхаа театрт “Дэнлүүний баяр” жүжгийн сохор Ямамотагийн дүрд тоглосон. Тэгээд аймгийнхаа театрт нэг хэсэг байж байгаад “Монгол кино” үйлдвэрт орох хүсэлтэй байгаагаа Равдан, Чимэд-Осор гуай нарт хэлсэн нь болсон шүү. Тэд маань надад их тус болсон. 1963 онд 33 настайдаа Октьябрын баярын үеэр  ирж  “Монгол кино” үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж байлаа. 1964 онд “Тус биш ус” кинонд тоглож, дараа нь “Талын цуурай”, “Үер”, “Тэмцэл”, “Уул усны үр сад” гээд олон кинонд тоглосон доо. Эргээд бодоход жижиг том нийлсэн 30 гаруй бүтээсэн байна билээ.
-Та чинь бас кинонд дуу оруулдаг байсан байхаа?
-Харин кинонд дуу оруулахын тухайд Оросын “Бүхэлдээ хүний төлөө” гэдэг өргөн хэмжээни кинонд анх удаа дуу оруулсан.  Эхний үед дуу оруулсан киногоо тоолдог л байлаа.Сүүлдээ тоогоо алдсан. Манай талийгаач Элбэгсайхан, Цэнд-Аюуш нарын дуу оруулсан кино 300 гарчихсан байх. Харин минийх эд нарын хэмжээнд хүрэхгүй ч ойролцоогоор сард 10 гаруй кинонд л дуу оруулдаг байсан. Заримдаа хүн байхгүй бол хоёр хүний дуу оруулна шүү дээ. Дээхэн үед кинонд дуу оруулах гэж бөөн юм болдог байсан. Одоо харин амархан болчихсон байна лээ.
-Бага байхдаа “Уул усны үр сад”-ын Жунайгаас жигтэйхэн айдаг байж билээ. Одоо хэр нь тэр дүр санаанаас гардаггүй?
-1980 оны  кино шүү дээ. Энэ дүрээр маань хүмүүс намайг илүүтэй мэддэг юм шиг санагддаг. Жүжигчин хүн дүрээрээ танигдана гэдэг тэр дүр сайн болсны илрэл. Найруулагч  маань “чи ерөөсөө баян Жунайн дүрд тогло” гэхээр нь би “туранхай жижигхэн биетэй над шиг хүнд баян хүний дүр зохихгүй байх ” гэсэн чинь “чамаас өөр хүн тоглож чадахгүй” гэсэн. Тэгээд л тоглосон доо. Зөөлөн юм шиг мөртлөө ширүүн. Ширүүн юмуу гэхээр жаахан мангардуу өвгөний дүр шүү дээ. Тэгээд ч баян Жунайн гадаад дүр төрх, надтай төстэй талдаа. Яагаав нөгөө “чи нойтон сормуустай амьтан гаргадаггүй. Хормойн бузартай эм” гэж хэлдэг ш дээ. Энэ үгийг хэлэх надад үнэхээр хэцүү байсан. Зохиол дээр  тэгж байсан болохоор зөрөх эрх байгаагүй л дээ.
-Аль дүрдээ илүү хайртай вэ?
-Би тоглосон кино болгоныхоо дүр бүрт хайртай. Тэр олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн дүрийг “муухай” гэж хэлэх эрх надад байхгүй. Тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр, тэр дүрүүдийн хүчээр би төр засгийнхаа хайр ивээлийг бишгүйдээ хүртсэн. Хөдөлмөрийн хүндэт медаль, СТА, хөдөлмөрийн улаан тугийн одон, Засгийн газрын хүндэт жуух, МУГЖ гээд авах ёстой болгоныг нь авсан. МУГЖ цолыг хүртчихээд итгэж чадахгүй байсан үе ч надад бий. Дүүгийнхээ хонийг хариулаад явж байтал бэлчээр дээр УАЗ-469 машинтай хүмүүс ирээд “та МУГЖ болсон байна. Баяр хүргэе” гэхээр нь “Муу моньднууд тоглож байна даа” л гэж бодож байсан. Тэгээд цаашаа хэд алхаад гэр лүүгээ хартал машинтай хүмүүс ирчихсэн. Хөл хөөрцөг болчихож. Тэгээд л итгэж билээ.
-Сүүлийн үеийн монгол киноны талаар сайнаасаа саар нь давамгайлах болж. Та харин ямар бодолтой явдаг вэ?
-Айл чинь нэг асаасан гал голомтоо тийм ч амархан унтраачихдаггүй байх. Түүний адил л нэг их дүрэлзэж асаад байгаа юм алга. Бас бүр унтарчихаагүй. Цог шиг юм байж л байна. Гэхдээ энэ цогийг манай залуучууд дөлтэй болтол нь асаах хэрэгтэй байгаа юм. Энэ олон арван сургууль байгаа ч чанартай ховор байгаа юм шиг санагддагаа нуугаад яахав. Төр засаг маань анхааралдаа авч, монгол кино үйлдвэртээ халамж тавих цаг нь болсон юм шиг санагддаг шүү. Энэ байгууллага хэдэн арван жил олон мянган хүнийг хоол ундтай нь залгуулж яваа буянтай газар. Шууд ингээд эргэж харалгүй орхичихож болохгүй байхаа.  Би л гэхэд энэ байгууллагын нөмөр нөөлгөнд насаараа явж байгаа хүн. Над шиг олон хүн байгаа гэдгийг ухаарч бодох хэрэгтэй байгаа юм.
Ярилцсанд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна