Армиас төрсөн Тод манлай

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 16 -нд

Армиар овоглосон Архангайн Хотонт сумын уугуул нэгэн бол МУ-ын Тод манлай уяач Ц. Аюуш билээ. Багаасаа л үеийнхнийхээ нэгэн адил хурдан морь унаж, баяр бахдал, зовлон жаргалыг нь амсаж явсан түүнийг хувь тавилан өөрийн эрхгүй хөтлөн адуунд орчихсон гэдэг. Тэдний ээж аав Хужирын гол, Цагаан сумаар нутаглах ба үхэр, хонины фермд сааль саадаг байжээ. Аюуш хүү ээжийнхээ дүү болох Содноо, Чимиддорж гэх хоёр ахынхаа уясан хурдан морьдыг унана. Бяцхан хүүгийн сэтгэлд тэр жилийн нэгэн наадам санаанаас нь огт гардаггүй байсан гэх. Долоон настай жаалхүү анх удаа сумын наадмын үзсэн нь энэ байлаа. Энд Содноо ахынх нь хээр морь түрүүлж, бас болоогүй Содноо ах барилдан түрүүлжээ. Тэнд л наадам гэж нар хүртэл инээсэн баярын амтыг мэдэрч, гуанзны хуушуурын гурил нь хүртэл гоё үнэртэй байдгийг анх мэдэрсэн дээ хэмээн хожмоо хүүхэд насныхаа тухай дурсамжиндаа өгүүлсэн байдаг юм.  Ийнхүү “дэлхийтэй танилцаж явсан” хүү сумынхаа дунд сургуулийг төгсөөд  1974 онд цэрэгт мордож Зүүнбаянгийн 149 дүгээр ангид хуваарилагдан очжээ. Тэнд радиолакацийн курст нэг жил суралцаад шууд офицер болж армитай ажил амьдралаа холбоод олон олон жилийн нүүрийг үзсэн байдаг юм.
 Аяа Алдарт анх Монгол улсын Тод манлай уяач Гарамжав гуайн туслах уяачаар шавь орсноор моринд илүү хорхойсох болжээ. Ингээд 1984 оноос эхлэн улсын их баяр наадамд хурдан морьдоо уралдуулж эхэлжээ. Анх их нас, даага хоёр сойж, алаг даага нь 15-аар ирэх нь тэр. Унаган адууны амжилтанд урамшсан Аюуш морь уях төрийн их хэрэгт уйгагүй шамдсаар найман жилийн дараа төрийн зарлигт наадмаас анхны хишгээ хүртэх нь тэр. Магнай тэнийн баярласан тэр наадам бол 1992 он буюу АХ-ын 71 жилийн ойн улсын наадам байлаа. Тэр жилийн наадмын өмнөхөн бусад адуугаа уралдуулаад ганц хээр морьтой ирээд  айрагдсан нь энэ асан аж. Аяагийн хээр морь тэр жил тасархай хурдан байжээ. Тухайн үед Доржсүрэнгийн хээр, Аюушийн хээр хоёрыг л хардаг, ярьдаг  жил байсан гэдэг. Хээр мориныхоо буянаар Аюуш уяач анх удаа төв цэнгэлдэхэд хөл тавьж үзэв. Төрийн асрын өмнө ажнай хүлгээ айргаар мялаалгаж, өөрийнхөө нэр цолыг анх удаа дуудуулав. Тэгэхдээ ардын армийн гэж цоллуулсангүй. Сэргэлэн сумаар цоллуулчихав. Гэтэл Сэргэлэнд Аюуш гэж уяач хэн байдаг билээ гэж сэтгүүлч, морь судлаач А.Баярмагнай сурвалжлан Ардын армийн офицер болохыг тогтоож “Улаан од” сонинд бичээдэхэж. Уг нь Аюуш армиараа цоллуулчихаар ажил тасалж морь уясан зэмэнд унаж магад гэж болгоомжилсон хэрэг байж л дээ.

 Ийнхүү наадмаас хойш долоо хоногийн дараа Жадамбаа генерал түүнийг дуудууллаа. “Авахуулж дээ” гэж бодсоор л яваад ортол харин ч эсрэгээрээ эргэдэг байгаа. Яамны удирдлага  түүнийг хүлээн авч “Чи одоо БХЯ-ны уяач болсон”-ыг дуулгажээ. Тэгээд ирэх жилээс морьдоо армийн нэр дээр уралдуул. 15 хоногийн цалинтай чөлөө олгоно. Яг л тамирчинтай адил бэлтгэлд гарч байна гэж бод гэх нь тэр. Ингэж л нар гийсэн нэгэн өдөр армийн албан ёсны уяач болж байжээ. Түүнээс хойшхи он жилүүд түүний хувьд  жинхэнэ оргил жилүүд байлаа. 2001 он гэхэд Аюуш уяач улс болон бүсийн наадмаас  дөрвөн түрүү,  27 айраг  хүртсэн байв. Зөвхөн  хязаалан шүдлэнгээр дөрвөн түрүү авч, “Гээдэн хээр”-ийг нэг зунд гурван том наадамд түрүүлгэсэн адтай уяач бол Аюуш агсан байлаа. “Ах нь адуугүйгээр нэг ч хонож нэг ч хонож чадахгүй, тиймдээ л өвлийн хүйтэн хаврын хавсаргыг хайхралгүй хөдөө хөхөрч, гадаа гандаж явахав. Тэгээд ч адуун дээрээ байж багачуулынхаа тарыг танина шүү дээ. Нөгөө  талаар би чинь уяач л болохоос армийн хошууч хүн. Цэргийн хүн даргын тушаалыг л биелүүлэх учиртай. Миний үүрэг бол  армийн морьдыг сайхан давхиулах” хэмээн жаргалтай нь  аргагүй инээх энэ эрхэм өдгөө холоо яваад багагүй хугацаа өнгөрчээ. Гэсэн үр хүүхдүүд, шавь нар нь түүний үргэлжлэл болон энэ цагийн түүхийг бичилцсээр л явна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна