Д.Батдорж "Гарьд магнай"-д тоглохгүй гэснээсээ болж шоронд орохоо дөхсөн

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 14 -нд

“Гарьд магнай” кинонд гүдэсхэн, эр бяр нь тэгширсэн Монгол эрийн дүрийг бүтээн монголчуудын бахархал болон хүндлэгдэн, хайрлагдсаар яваа хүн бол Далайцэрэн буюу Д.Батдорж юм. Урлагийн ахархан авьяасаа зон олны сэтгэлээсээ арчиж чадахгүй болтол мөнхөлж чадсан энэ хүнд олон эрс атаархаж, олон хүүхнүүд сэтгэл алдарч явсан гэвэл хилсдэхгүй байх. Чингээд зогсохгүй тэр бүр хоёр ч кинонд дүрээ үлдээсэн байдаг. “Алдар” нийгэмлэгт цэрэгт байхад нь бүтээгдсэн “Гарьд магнай” киноны Далайцэрэн, туршлага дээрээ тулгуурласан “Ард Аюуш” киноны Довчингийн дүр гэсэн гүндүүгүй, цог хийморь төгс эрийн дүрийг бүтээсэн нь бий. Урлагийн авьяас, бөхийн мэдрэмж хоёрынхоо аль алиныг түүний өмнөөс харамсах хүн олон байдаг. Гэвч Далайцэрэн өөрийн натур зан болох тайван, амгалан байдлаа илүүтэй хүсэмжлэн хувиараа бизнес эрхлэх болсон гэдэг.
-Хүүхдүүд тань аавыгаа их дууриажээ. Та одоо хаана юу хийж байна?
-Манай охиныг ээжтэйгээ, хүүг аавтайгаа адилхан гэдэг юм. Ах нь тээвэр хийдэг болохоор ар гэрээ эхнэртээ даатгасан шигээ явж байна даа. Манайх гэдэг айл бусдаас ялгарах юмгүй дундаж жишгээр, ёстой нөгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л байж байна. Хөдөө гадаа гээд ер нь хаа ч явсан хүмүүс Далайцэрэн гээд сайхан хүлээж авдаг болохоор “Гарьд магнай” кинонд тоглосноо их аз завшаан гэж боддог.
-Яаж яваад “Гарьд магнай” кинонд тоглочихсон хэрэг вэ?
-1982 онд “Алдар” спорт хороонд шинэ цэрэг тамирчнаар очсон. Энэ үеэр найруулагч Ж.Бунтар, Б.Чимэддорж гуай нар “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрд тоглох хүн хайж яваад манай хороон дээр ирж улсын цолтойгоос эхлээд цолгүй 60 гаруй бөхчүүдээс шалгаруулж, эдгээрийн дотроос Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Эрдэнэбат, улсын начин Д.Дармаабазар бид дөрвийг авч кино үйлдвэр дээр авчран пробонд оруулсан юм. Нэг танхимд оруулаад тал талаас гэрэл тусгаж, бид дөрвийг зодог шуудаг өмгөөд инээлгэж уурлуулах гэх мэтээр олон янзааар шалгаж эхэлсэн. Тухайн үед кино үйлдвэрийн хүүхнүүд хараад зогсчихсон, бид хэдийн ичиж байгаа гэж жигтэйхэн.   
-Тийм ичимхий байсан гэхээр зураг авалтанд орно гэж хөглөсөн байх даа?
-Бэлтгэл дээр байж байтал хар машинтай хүмүүс ирээд хөнжил пүүгээ авахуулан Төв аймгийн Бүрэн сум руу авч явсан. Хамгийн эхлээд тэмээн жин тээдэг хэсгийн зургийг авах боллоо. Бүрэн сумынхан машин тэрэг, морь, явган, нүцгэн, ер нь л наадам үзэх гэж байгаа юм шиг бөөн хөл хөөрцөг болчихсон…Таван километр орчмоос л жингийн цуваа хөвөрдөг. “Нэхий нударгатай зайдан морьтой хүн авсан байна гэж Ядам гуай яаж мэдсэн юм бол” хэмээн Очир ахаасаа асуудаг хэсэг миний анхны жүжиглэлт байлаа. Энэ хэсэг дээр үнэхээр зовсон. Анхны болоод ч тэр үү, зөвхөн энэ өгүүлбэрийг хэлж чадахгүй бүтэн дөрөв хонож билээ. Тэгээд “Би чадахгүй юм байна” гэж хэлтэл авч хэлэлцээгүй. Зураг авалтанд явж байсан хүмүүс гурван гэрт байрлаж байсан юм. Дөрөв дэх өдрийн өглөө хажуу дахь гэрийнхээ хаяанд үгээ давтаад зогсч байтал найруулагч, бас бус хүмүүс “Энэ Батдорж тэнэг хүн юм аа. Өвлийн хүйтэнд ёстой тамлах байх аа” гэж байна. Би ч яваад орлоо. Тэгтэл Бунтар гуай “Чи авьяастай хүүхэд, харин үгээ л сайн цээжлээрэй” гээд хөөргөж байна. Тэгэхлээр “Та нар чинь сая л намайг тэнэг мангараар дуудаад, тоглож чадахгүй тамлана гээд байсан биз дээ, би болилоо” гэтэл “Тэгвэл чамайг улсын ажил алдагдуулсан гээд шоронд хийнэ” энэ тэр болоод явчихсан. Ингэхээр нь сүрдээд тоглохоор болсон доо. Миний мундагаас биш сайн жүжигчдийн дэмээр л энэ дүр амилсан. Дараа нь миний хайртай бүсгүйн дүрд тоглуулах хүнийг олох гэж байсхийгээд л “Эхнэр чинь ирлээ босоорой” гээд дуудна, гараад очихоор баахан хүүхнүүд шавчихсан нэг их ичдэг байж билээ. Тэгж тэгж 30-40 охидуудаас АУИС-ийн оюутан Уранчимэгийг сонгосон. Бид хоёрын анхны зураг авалт гол дээр мөс мөргөлдүүлдэг хэсэг байлаа. Уранчимэгийн дэргэд би чинь урьд нь ганц нэг зураг авалтад орчихсон бас ч дөр суучихсан, зарим нэг юмыг нь заана гээч. /инээв/        
-Бөх хүний дүр бүтээж байгаа болохоор бөхчүүдийн амьдралыг судлах хэрэгтэй болсон байх. Тэр үедээ аймгийн арслан болчихсон байсан уу?
-Өвлийн зураг авалтын дараа нутагтаа очиж хэд хоног амарсан. Тэгэхдээ аавынхаа яриаг их сонсоно. Аав маань аймгийн арслан Даваа гэж хүн байсан. Мөн авга ах улсын заан Д.Содномоороо бас бус зүйл яриулж, тухайн үеийн ном зохиолоос уншиж танилцаж байлаа. Ер нь нэлээд судалсан гэж хэлж болно шүү. Киноны эхэнд даваа өөд хоёр тэн ачаа үүрээд алхдаг хэсэгт ямар ч жүжиглэлт байгаагүй. Тэр хоёр ачаанд тус бүрд нь 80 кг нийлээд 160 кг элс хийчихсэн байсан болохоор үүрээд 150 м орчим алхахад яггүй хүч гарсан шүү. Харин хамгийн хүнд зураг авалт нь бяр ордог хэсэг. Очир ах намайг морин дээрээс хөтөлж давхидаг болон, халгайн дээр бэлтгэл хийдэг хэсгүүд байсан. Хэрвээ би уначихвал зураг авалт зогсчихно биз дээ. Тиймээс хичээх хэрэгтэй болсон. Бэлтгэл хийж буй бөхчүүдээс унаж түлэгдэх тохиолдол гарч сандрааж л байлаа. Цолны хувьд “Гарьд магнай” кинонд тоглосны дараахан 1985 онд Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон түүхтэй. 
-Бүтээсэн дүрүүд тань сайн болсон юм чинь жүжигчин болчихож болоогүй юм уу?
-Надаас сайн жүжигчид олон байхад би жүжигчин болоод яахав дээ. Тэгээд ч бөхөөс өөр дүр бүтээж чадах биш. Энэ хоёр дүрдээ л сэтгэл хангалуун явдаг. Түүнээс биш ганц хоёр дүр бүтээчихээд өөрийгөө жүжигчин болчихлоо гэж бодвол утгагүй биз дээ. Залуу байхад нэг их догдлоод байдаггүй байсан ч одоо үзэхэд залуу насандаа эргээд оччихсон юм шиг санагддаг. Ер нь намайг энэ кинонд тоглуулсан хүмүүст би баярлаж явдаг юм. Жирийн үзэгчийн суудлаас киногоо үзээд энэ хэсэгт нь ингэчихдэг байж гэсэн санаа төрөлгүй яахав. Юм болгон төгс байдаггүй шүү дээ. Жишээ нь Гомбо аваргын зодог шуудагийг авдаг тэр хэсэг дээр жаахан тонгойж хүндэтгэл үзүүлдэг байж гэж бодогддог. “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг харьцангуй бага будилж бүтээсэн гэж хэлж болно. Тийм болохоор ч тэр үү хүмүүс намайг Далайцэрэнгээр нь илүүтэй мэддэг. Уг нь энэ дүрд би биш бөх тайлбарлагч А.Ганбаатар тоглох ёстой байсан юм билээ. Тэгээд яагаад ч юм би тоглосон.   
-Зураг авалт хийсэн ч кинондоо үлдээгүй хэсэг байдаг уу?
-Нэлээд байдаг. Тухайлбал би Жигмэдийг мөрөөр нь хөөгөөд очихдоо их ядарч өлссөн маягтай уулздаг юм. Харин Жигмэд түүнийг маань мэдчихээд чанаж буй махнаасаа хутганы үзүүрт хатгаж өгөхдөө тэр чигээр нь дүрж аминд маань халдах гэдэг. Тэгэхэд нь би хутгатай махыг нь шүдээрээ зуучихаар Жигмэд хутгаа сугалж дийлэхгүй ишийг нь мулт татчихдаг тийм хэсэг байсан. Нэг ёсондоо бөх хүний шүдний чадлыг харуулах гэсэн юм л даа. Тэгээд хэзээ монголчууд үзүүрээр хатгасан махыг хүнд өгч байсан юм гээд хасчихсан. Мөн бөхчүүд сорилт хийх үедээ булчин махнуудыг шүдээрээ зулгааж иддэг хэсэг гэх мэт нэлээд хэдэн зургийг хассан.
-Кино зураг авалтын үед хөгтэй явдлууд бишгүй тохиолдож байсан биз дээ? Тэр үеэ дурсахгүй юу?
-Хөгийн инээдэмтэй юм их болно оо. Жигмэдийг бол үнэхээр цохьсон шүү. Бүр цаадахын чинь бөөр нь доргичихоод эмнэлэгт арваад хоног хэвтсэн. Уг нь би Жигмэдийг ганц цохиод л мажийлгачихдаг юм. Тэгсэн чинь Даншигийн заан хүн ганц удаа мунаар цохиход үхэх ёсгүй, хоёр удаа цохь гэдэг юм байна. Тэгээд л нэг хий цохиод, угсруулаад хоёр дахиа цохих гэтэл нөгөө муу Жигмэд чинь өмнөөс босон харайгаад нуруун дундуураа үнэнээсээ хусуулчихлаа. Тэгээд бөөн юм болж би 10 гаруй хоног зураг тасласан хэрэгт орж, ашгүй Жигмэд маань түргэн эмчилгээ авч эдгэсэн болохоор гайгүй өнгөрсөн. Бас нэг хөгийн юм боллоо. Зайдан морь унаад, том муна бариад л сүйх тэрэг хөөдөг хэсэг дээр миний урд жижиг Москвич дээр зураглаач зураг аваад л би тэр өмнө яваа сүйх тэрэг рүү байдаг анхаарлаа хандуулаад дээгүүр харчихсан давхиж явсан. Москвич нь эргээд би ойрхон явсан болохоор морьтойгоо нөгөө машин дээгүүр чинь харайж ойчоод мунараа нөгөө машиныг нь сайн цохиж аваад л онхолдоод өгсөн дөө.    
-Тэгвэл таны хувьд бөхөө хөөх боломж гараагүй хэрэг үү?
-Ид барилдах үедээ хүнд аваарт орж нуруундаа бэртэл авч залгуулаад шарласан. Тэгээд 1993 оноос хойш барилдаж, бэлтгэл хийхээ больсон.
-Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.