Финляндын адууны аж ахуйг хөгжүүлэхэд Зөвлөлтийн тэргүүн асан Хрущев гол үүрэг гүйцэтгэсэн

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 11 -нд

Өөрсдийнх нэршлээр Suomen Tasavalta нь 337 км.кв бүхий талбай нутагтай Европын хамгийн хойд хэсэгт оршдог улсуудын нэг юм. Богино атлаа сэрүүн зунтай, урт бас цастай өвөлтэй болохоор Европ маягаар адуу үржүүлж арчилна гэдэг бэрхшээлтэй гэж үздэг ч 5 сая хүн амтай энэ улс 60 гаруй мянган адуутай.
Хамгийн түгээмэл үүлдэр нь финлянд адуу бөгөөд 25 мянга орчим тоо толгой бий. Эрлийз хатирч үүлдэр мөн ойролцоо тоотой. Харин үлдсэн нь пони, уналгын адуу ордог байна.
1990-ээд он хүртэл Европ, Америкаас адуу нэлээд эрчимтэй импортлож байсан ч эдийн засгийн хямралын дараагаар бараг оруулж ирэхээ больсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд Европын холбооны дэмжлэгтэйгээр импорт эргэн сэргэж байгаа аж.
Адууны бүртгэлийн холбоо
Финляндын адууны тоо толгойг бүртгэн тоолдог төрийн байгууллагыг Suomen Hippos гэдэг. Энэ байгууллага нь морин тойруулгын бизнес гэхчилэн хурдны морьдын уралдаантай холбоотой асуудлуудыг хариуцдаг.
Suomen Hippos нь дараах үүлдрийн адууны удмын бичгийг хөтлөн бүртгэх ажлыг хийдэг. Үүнд: цэвэр цусны ( араб, англи цэвэр цусны, араб англи үүлдэр), финлянд эрлийз (finish warmblood), финлянд универсал үүлдэр, эрлийз хатирч үүлдэр, исланд үүлдэр, норвеги адуу.
Финляндын цаг агаараас болоод цэвэр цусны адууг үржүүлэхэд тохиромж муутай учраас бараг үржүүлдэггүй, голчлон цус сэлгэх, сайжруулах зорилгоор импортоор оруулж ирдэг.
Финляндын морин спортын холбоо нь хүүхдийн спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьдаг. Тиймдээ ч Финляндад дартмунд пони, исланд адуу, вельш пони, нью форест пони, русс пони, шетлендийн пони зэрэг хүүхэд унаж зугаалахад тохиромжтой бие жижигтэй пони адуу түгээмэл юм.
Финлянд адуу
Финлянд адуу нь цорын ганц үндэсний үүлдэр юм. Нарийн арчилгаа шаарддаггүй, тэсвэртэй энэ адууны удмын номыг нь 1907 оноос хойш хөтлөх болжээ. Харин 1971 оноос эхлэн ашиглаж байгаа онцлогоор нь финлянд хатирч, финланд уналгын, финлянд давжаа ба бусад гэсэн дөрвөн бүлэгт хуваах болжээ.
Финлянд адууны дийлэнхийг хатирч морьдын уралдаанд ашигладаг. Энэ улсад 20 мянга орчим финлянд хатирч морьд байдаг. Хурдны хувьд америк хатирч адууг гүйцэхгүй ч нутгийн морин тойруулга дээр уралдааныг нь үзэх сонирхолтой хүмүүсийн тоо буурдаггүй. Үндэснийхээ үүлдрийг тэжээж байгаа бизнесменүүдийг төрөөс нь чамлахааргүй мөнгөн тусламжаар дэмждэг байна.
Финлянд уналгын адууг спортод мөн л идэвхтэй ашигладаг. Тухайлбал 130 см хүртэлх өндөртэй адууны конкур, драйвингэд амжилттай оролцдог. Дунд зэргийн спорт адууны өндөр сэрвээгээрээ 156 см байдаг бол, 148 см хүртэл өндөртэй финлянд адуугаар ихэвчлэн хүүхдийн спортын төрөлд л оролцдог.
Морин тойруулга
Финляндад 44 морин тойруулга байдаг. Үүнээс хамгийн том нь болох Вермо морин тойруулга нь Хельсинкид орших бөгөөд жилдээ 60 гаруй уралдаан явагддаг. Бүсийн чанартай 19 морин тойруулганд жилдээ 560 уралдаан болдог. Бусад нь орон нутгийн чанартай. Морин тойруулгууд дээр дийлэнхдээ финлянд хатирч морьдын уралдаан болдог.
Финляндын хатирч морьдын хамгийн том уралдаан болох Финляндын цом нь Европын их тойргийн цувралд багтдаг бөгөөд Вермо морин тойруулга дээр явагддаг. Харин 4 настай эрлийз хатирч морьдын Финляндын их Дерби Тампер хотноо байдаг тус улсын хоёр дахь том морин тойруулга дээр жил болгоны намар болдог юм. Мөн энэ морин тойруулгат финляндын хатирч морьдын хамгийн том шагналтай уралдаан болох Критериум ч явагддаг. Харин зөвхөн финлянд хатирч морь ордог хаалттай уралдаан болон Вангийн уралдаан нь Лахти морин тойруулга дээр явагдана. Энэ уралдааныг үзэж сонирхохоор жил болгон 50 мянга гаруй жуулчид цугладаг. Эдгээр уралдаанд бооцоо тавигчдын дийлэнх нь залуучууд байдаг гэж байгаа. Түүнээс гадна гэр бүлээрээ уралдаан үзэх нь их түгээмэл. Энэ тохиолдолд уралдааны гарааны туршид хүүхдүүдийг нь морин тойруулгын дэргэдэх тусгай өрөөнд  асрагч багш нар халамжилдаг ажээ. Бас уралдаан тарахад халамцуу хүмүүсийг тусгайлан автобусаар очих газарт нь хүргэнэ гээд л үзэгчдийн тав тухыг ч марталгүй зохицуулсан байдаг болохоор гадныхан их цугладаг байна.
Адуучдын сургууль
Мэргэжлийн адуучин, адууны дасгалжуулагчийг өндөр түвшинд тусгайлан бэлтгэдэг сургуулиуд тийм ч олон биш. Ийм сургуультай цөөн хэдэн орны нэг нь Финлянд юм. Финляндын Юпаи нэртэй газар үйл ажиллагаа явуулдаг адууны коллеж нь дэлхийд алдартай. Энэ сургуулийг адууны арчилгаа, уналгын мэргэжилтнээр төгсөж диплом авсан хүмүүс дэлхийн хамгийн шилдэг морин спортын төвүүдэд ажилладагаараа нэртэй юм.
Юпаигийн адууны коллеж нь 1931 онд нээгдсэн юм. Анх армийн хэрэгцээний жүчээнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор адуучид бэлтгэж байжээ. Дэргэдээ цус сэлгэх адууны жүчээтэй байв. Харин 1972 оноос эхлэн уналгын сургуульд чөлөөтэй элсэлт авах болсон байна.
Одоогоор Юпаигийн адууны коллеж нь хоёр манеж, таван жүчээ, уралдааны болон бэлтгэлийн тойруулга, гурван төрөлтийн зам бүхий цогцолбор болжээ. Суралцагч бүрт суралцах хугацаанд нэг адуу хариуцуулж өгдөг. Тэгээд суралцах явцад оюутан нь өөрийн хариуцаж авсан адууг арчилж тэжээн, тоног сэлт зэргийг нь засаж байх ёстой. Хичээл өглөө 7 цагаас өмнө жүчээнд ирснээр эхэлж орой 18 цагт дуусна. Сургалт дууссаны дараа үзсэн хичээлүүдээс гадна хариуцаж авсан адуугаар нь багш нар үнэлэлтээ өгнө. Дадлагын үеэр оюутан коллежтэй гэрээ байгуулсан өөрийн хүссэн европын дурын жүчээнд очиж ажиллах боломжтой. Хичээл нь зөвхөн англи ба фин хэл дээр явагддаг.
Хачирхалтай  баримт
Финляндын адууны аж ахуйг шинэ өндөрлөгт гарахад хуучин Зөвлөлтийн тэргүүн асан Хрущев гол үүрэг гүйцэтгэсэн тухай хачирхалтай баримт бий. 1959 онд Хрущев нь Финляндад айлчлахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Урхо Кекконенд орлов үүлдрийн хоёр гүү бэлэглэжээ. Тэр үеийн Финляндын хуулиар гадаадаас эрлийз үүлдрийн гүү оруулж ирэхийг хатуу хориглодог байв. Гэтэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг Зөвлөлтийн тэргүүний бэлгийг авахгүй буцаана гэдэг таагүй үр дагаварт хүргэж мэдэх учраас хуулиа яаралтай өөрчлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр америк ба франц хатирч морьдыг хилийн чанадаас импортлон оруулж ирэх боломжтой болж, хатирч морьдын уралдаан ч илүү үзүүштэй, сонирхолтой болсон нь хөгжлийн нэг хуудсыг нээсэн хэрэг болжээ.
Хатирч морьдын тэрэгний үйлдвэр
Хатирч морьдын уралдааны тэрэгний дэлхийн хамгийн том үйлдвэр Финляндад бий. Энэ үйлдвэрийн тэргийг Франц, Герман, Америк, Орос гээд хатирч морьдын тэрэгний уралдаан зохион явуулдаг улс болгон худалдан авч байдаг. Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн томд тооцогдох энэ үйлдвэр нь дунд зэргийг засварын газрын дайтай том, ердөө 19 ажилладаг юм байна. Эзэн Тимом Лейво нь зохион бүтээгч мэргэжилтэй ч 1975 онд болсон эдийн засгийн хямралын үеэр ажилгүй болсон бөгөөд амь зуухын эрхэнд таньдаг уралдаанчийнхаа тэргийг засахаар авсан нь хэдэн жилийн дараа морин уралдааны тэрэгний бүтэцийг үндсээр нь өөрчилсөн том үйлдвэрлэгч, зохион бүтээгч болгож орхижээ.. Одоо энэ үйлдвэрт 1200 еврогийн үнэтэй бэлтгэлийн тэрэгнээс эхлээд 8000 еврогийн үнэтэй уралдааных хүртэл 12 нэр төрлийн тэрэг үйлдвэрлэдэг. Тэрэгний үйлдвэрийн жилийн эргэлт нь 2 сая евро.
Цаг агаарын таагүй нөхцөлтэй ч төрийн анхаарал тавьж, олон нийтийн дунд сурталчлан таниулж чадвал заавал англи, араб цэвэр цусны хурдан морь гэлтгүйгээр зөвхөн нутгийн уугуул үүлдэр дээр суурилсан ихээхэн ашигтай адууны аж ахуйг эрхэлж болдог гэдгийн том жишээ нь Финлянд болж таарч байгаа юм. Эрх чөлөөтэй үе ирсэн болохоор уншигч эрхмүүд энэ орноор айлчлах болвол адууны аж ахуй, спорттой нь танилцан сэтгэгдлээ манай сэтгүүлээр сайтаар дамжуулан хуваалцана бизээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна