Хакне

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

Янз бүрийн зорилгоор гаргаж авсан, бүрэлдэн тогтсон асар олон үүлдэр дотор шоунд зориулсан гэдэг бүлэг үүлдэр байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад морины шоу үзэх дуртай асар олон хүн байдаг болохоор тэдний хэрэгцээг хангах зорилготой өөрийн гэсэн уламжлал, дүрэмтэй одууд бүхий том бизнес бий болсон байдаг. Ийм үүлдрүүдийн доторх жинхэнэ од үүлдэр бол хакне юм.
Түүх
“Хакне” гэсэн үг нь дунд зууны үеийн франц хэлний норманд аялгуунаас англи хэлэнд иржээ. Томдуу биш биетэй, хөнгөн, тайван, тэсвэртэй, явдал зөөлөн морьдыг хакне гэж нэрлэдэг байж. Тиймээс тэр үед хакне анд яваа язгууртнуудаас эхлээд фермдээ ажиллаж байгаа тариачид хүртэл их өргөн хэрэглэгддэг байв. Угшил, угсаа гарвалын хувьд бол хакне нь хүлэг баатруудын дестерьерүүдийг яагаад ч гүйцэхгүй байжээ. Дестерьер гэдэг баруун гарын морь гэсэн утгатай бөгөөд хүлэг баатрууд тулааны үед унадаг цэвэр цусны үүлдрийн хүлгээ жирийн үед дэмий ядраахгүйн тулд  хакне мэтийн эгэл бор морьд унаад үнэтэй хүлгээ баруун гар талдаа хөтлөж явдаг байснаас ийм нэртэй болжээ.
Хакне эгэл бор үүлдэр гэдэг байсан ч дундад зууны үед нэлээд өндөр үнэлэгддэг байв. 15-р зууны үед хакне нь хаадын жүчээнд хүндтэй байр эзлэх болж, 17-р зууны үед морин цэрэгт өргөнөөр ашиглагдах болжээ. Ингэсээр 18-р зууны Англид хөнгөн тэрэгний үүлдэр гаргаж авах ажил явагдаж эхлэхэд хакнег суурь болгон сонгон авсан байна.
Гэхдээ хакне гэдэг нь анхандаа ямар нэг үүлдрийг заадаггүй зүгээр л хөлсний тэрэгний морь байлаа. 1878 онд английн тэрэгний хатирч морьд үүлдэр болж, угшлын бичигтэй болоход хакне гэсэн нэрийг сонгон авч шинэ үүлдэрт өгчээ. Хакне нь өмнөх хатирч морьдыг бодвол урд хөлөө их өндөрт өргөдөг, тэргэнд хөллөөд явахад үнэхээр үзэмжтэй харагддаг байснаараа нэлээд ялгаатай байлаа. 1885 оноос эхлэн хакнегийн шоу явагдах болж 20-р зууны эхэн үеэр хамгийн оргил цэгтээ хүрсэн юм.
Ердийн хакнегээс гадна пони-хакне гэсэн нэг салаа байдаг. 142 см-аас намхан хакнег ингэж нэрлэдэг. Ийм хакне АНУ-д хамгийн их тархсан байдаг бөгөөд нийт хакнегийн 95%-ийг эзэлдэг. Пони хакнег 19-р зууны сүүлийн хагас Кристофер Уилсон гэгч гарган авчээ. Энэ хүн хакнег фелл ба уэлсийн понитой эрлийзжүүлээд дараа нь инбриндинг буюу дотоод үржүүлэг хийн маш нягт шилэлт явуулах замаар давжаа хакнег гарган авсан байна.
Энэ үүлдэр нь АНУ-д ихэд моодонд орсон бөгөөд 19-р зууны сүүл үеэр бол чинээлэг амьдралтай хүмүүс тэргэндээ заавал хакне хөлөглөн гангардаг байв. Хакне үүлдэрт өөр үүлдрийн цус сэлгэхийг эрс хориглодог. Зөвхөн цэвэр англи үүлдрийг цусыг гүүгээр дамжуулан оруулж ирэхийг л зөвшөөрдөг. Ингэхдээ эрлийз гүүг заавал цэвэр хакне үүлдрийн азаргаар гишгүүлдэг байна. Ийм замаар хакне үүлдрийн онцгой содон хатирааг алдалгүй хадгалдаг.
Орчин үе
Машин гарч ирснээр гоёмсог явдалтай хакне байр сууриа алдсан нь мэдээж. Улмаар 20-р зууны 40-өөд он гэхэд үүлдэр устаж үгүй болдог дээрээ тулсан ч сайн дурынхны хичээл зүтгэлийн ачаар үлдсэн. Хакне адуу нь  шоу рингэнд тоглолт хийх замаар эздээ дампуурахаар аварч өөрийн гэсэн байр суурьтай болсон. Шоу л бол шоу болохоор орчин үед шилэлт хийхдээ шоунд гоё харагдах гэсэн голлох шалгуурыг удирдлага болгодог билээ.
Ийм шоунд хакнег нэг хүний тусгай тэргэнд хөллөн оруулдаг. Шүүгчид нь хатирааг нь голлон анхаардаг. Шоу уралдаан нь дотроо гүү, азарга, морь, давжаа хакне, сонирхогчид, мэргэжлинхэн гэх мэт нэлээд олон ангилалтай. Гаргадаг хурд нь ч янз бүр. Илүү сүрлэг бөгөөд илүү удаан хатирааг Америкийн мэргэжилтнүүд цэцэрлэгт хүрээлэнгийнх гэж нэрлэдэг. Учир нь 19-р зууны үеийн гангачуул ийм явдлаар цэцэрлэгт хүрээлэн дотуур явж нэгэндээ гайхуулдаг байсан аж.
Зүсний хувьд хакнегийн толгойн арьс нимгэн, хажуугаас гарахад хамар шулуун, эсвэл үл мэдэг товгортой, хүзүү урт, нэг их томгүй их биетэй, хөл нарийн. Өндөр нь 160 см орчим, дэл сүүл нь нэг их урт биш, өтгөнгүй, торгомсог. Зүс нь хээр, хилэн хар, улаан.
Үүлдрийн гол онцлог нь хатираа. Урд хөлийг туурайны үер нь нугалан цээж хүртэл өргөөд урагш нь хол шидэлж хатирдаг. Хакнег 4 настайгаас нь эхлэн тэргэнд хөллөдөг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна