Монгол улсын эмэгтэй мэргэчүүл

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Эртнээс уламжлалтай сур харваа нь олон зууны туршид зөвхөн эрчүүдийн тэнхээ чадал, оюун ухаан цэц мэргэний наадам байсаар ирсэн заншилтай. Харин 1950-иад оны сүүлчээр бүсгүйчүүд сурын харваанд уянгалаг хоолойгоороо уухайн түрлэг нэмж, хурц хараа, онч мэргэн харваагаараа улсын баяр наадамд алдар нэрээ дуурсгаж эхэлсэн түүхтэй. 1958 оноос хойш /1962, 1963, 1966, 1977 онуудын үндсэн баримт одоогоор тодорхойгүй байгаа/ болсон улсын баяр наадмын 44 удаагийн харваанд Улаанбаатар хотын Оюунханд, Одням, Цэрэнбадам, Ж.Сэмбээ, Дорнод аймгийн Норжмаа, Хоролгарав, С.Долгормаа, Г.Дуламханд, Д.Бор-Охин, Т.Төмөрсүх, С.Насангэрэл, Х.Даваажаргал, Д.Цэцэг, Б.Бүтваан, Төв аймгийн С.Цэрэндулам, Б.Батжаргал, Сэлэнгийн Ж.Гүнтогтох, Ч.Мөнхцэцэг, С.Энхтунгалаг, Дорноговийн Л.Цэнгэл, Д.Түвшин, Говь-Алтайн Ж.Магнай, С.Гажид, Хөвсгөлийн Лхагвасүрэн, Архангайн Д.Оюунханд, нарын 24 харваач эмэгтэйчүүд магнайлж, улсын мэргэн цолыг хүртсэн байна. Наадамд түрүүлсэн 24 харваач эмэгтэйчүүдээс Дорнодын С.Долгормаа /1975, 1985 он/, Дорноговийн Л.Цэнгэл /1988, 1992 он/, Д.Түвшин / 1987, 1995он/, нар 2 удаа, Төв аймгийн С.Цэрэндулам /1968, 1971, 1976 он/, Дорнодын Д.Бор-Охин /1975,1979, 1987 он/ нар 3 удаа, Говь-Алтайн Ж.Магнай /1965, 1970, 1973, 1984 он/ 4 удаа, Дорнодын Х.Даваажаргал /1996, 2001, 2002, 2004, 2005 он/ 5 удаа, Сэлэнгийн Ч.Мөнхцэцэг /1982, 1985, 1993, 1994, 1997, 1999 он/ 6 удаа түрүүлжээ. Үндэсний сурын анхны гавьяат тамирчин, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг улсын наадамд 6 удаа түрүүлэн дээд амжилт тогтоож, арваад айрагдахдаа 1982 онд Дорнодын Цэндбазартай товхолж, анхны түрүүгээ авч байжээ. Тэрээр амжилтаараа харваач эмэгтэйчүүдийн дунд олон зүйлээрээ анхдагч болж чадсан удам дамжсан харваач юм. Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал 1996 онд улсын наадамд анх түрүүлснээс хойш арван жилийн дотор  5 түрүүлж, 36 сумнаас 35, 40 сумнаас 39 онож улсын дээд амжилтыг 2 удаа шинэчлэн тогтоож залуу харваачдад үлгэр дууриал болж байна. Говь-Алтай аймгийн уугуул гарамгай мэргэн Ж.Магнай агсан улсын наадамд 4 удаа түрүүлж, хэд хэд айрагдан олон арван эмэгтэйчүүдийг араасаа дагуулан харваач болгосон буянтай буурлуудын нэг байсныг мартах аргагүй. 1972 оны улсын наадмаар Г.Дуламханд улсын мэргэн, спортын мастер цолыг нэгэн зэрэг авсан байхад Ж. Гүнтогтох, Б.Батжаргал, С.Энхтунгалаг, Х.Даваажаргал нарт ч  тийм аз хийморь, хувь тавилан тохиосон байх ажээ. 1960-1970-аад оны үеийн харваачид болох улсын мэргэн Норжмаа, С.Цэрэндулам, Одням болон Хөдөлмөр нийгэмлэгийн Толя, Б.Гонгор, Алдар нийгэмлэгийн Цэрэнбүтэд, Удвал, Замчин спорт хорооны Норовсүрэн нарын олон сайхан ахмад харваачдаа дурсан санахад таатай байна. Хорвоогийн жамаар ахмадууд маань цөөрч байгаа ч улсын мэргэн С.Гажид, Б.Батжаргал, Д.Бор-Охин, С.Долгормаа зэрэг мэргэчүүл маань залуу харваачидтай  цэц  мэргээ уралдуулж байгаа нь бахархууштай. Үндэсний сурын түүхэн хөгжилд эмэгтэй харваачдын оруулж яваа хувь нэмрийг үнэлж баршгүй. Залуу харваач С.Баярмаа, Д.Эрдэнэтуяа, Д.Норжмаа, Р.Батмагнай, Д.Энхжаргал, Ж.Нямдаваа, өсвөрийн харваач Н.Өлзийханд, Г.Дөлгөөн, Ю.Тунгалаг нарын олон харваач эмэгтэйчүүд алдрын оргил өөд газар газрын харваачидтай сум уралдуулан баяр наадмын өнгө жавхааг нэмсээр явна. Яруу сайхан хоолой, ухаан намбалаг төрх, өнгө хосолсон дээл, малгайгаараа сурын талбайн чимэг болсон харваач эмэгтэйчүүдийн алдар цуу мөнхөд орших болтугай. 
                                                                                                                                 П.Гарамдорж

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна