Пинто буюу Америкийн алаг морины үүлдэр

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Америкчууд алаг зүсмийн моринд дуртайгаараа алдартай. Тиймдээ  ч алаг зүсмийн морьдыг албан ёсоор соёлын өвийнхээ нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн улс Америкаас өөр байхгүй.Тэд алаг зүсмийн адуугаа пинто үүлдэр гэж тусад нь ялган үздэг.
Гэхдээ пинто нь үүлдэр биш харин зөвхөн онцгой зүсмийн нэршил төдий зүйл юм. Харин энэ тухай америк хүнд шууд хэлбэл гомдож мэднэ. Учир нь америкчууд алаг зүсмийн морьдын хадгалах, тоо толгойг нь бүртгэх, үржүүлэхэд маш чухал ач холбогдол өгдөг нөхдүүд. Тиймдээ алаг зүсмийн морьдоо пинто гэх  нэг үүлдэр гэж үздэг.
Пинто гэдэг нь испани хэлний “Pintado” буюу будагдсан гэсэн утгатай юм байна. Ийм өвөрмөц зүстэй адуу нь испани голдуу угшилтай байдаг байна. Сонирхуулахад алаг зүсмийн морь хаанаас анх гарч ирсэн тухай маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр л байдаг аж. Зарим судлаачид нь Ойрхи Дорнодыг алаг зүсмийн адууны эх орон гэж үздэг. Учир нь энэ нутгаас олдсон алаг адууны зураг нь манай  тооллын өмнөх 2 мянган жилийн настай. Харин өөр нэг хэсэг нь Ромын эзэнт улсын үед Евразийн уудам талаас оруулж ирсэн нүүдэлчдийн адуунаас гаралтай гэж үздэг байна. Гэхдээ ямар ч байлаа гэсэн Колумби Америкийг нээсний дараахан буюу 1519 онд Эрнандо Кортес цэргүүдийн хамтаар Америкт  буусан гэх бөгөөд үүнтэй зэрэгцэн алаг зүсмийн адуу энэ тивд иржээ.
Хойд Америкт буусан алаг зүсмийн адуу нь нутгийн индиан омгийнхонд ихэд таалагдсан бөгөөд тэд энэ адууг өөрсдийн аргаар гаршуулан сургаж, уналга ачлагадаа ашиглах болсон юм. Энэ тухай Монгол Германы хамтарсан “Газарчин” нэртэй киноноос та лав харсан бизээ. Индианчуудын адуун сүргээс тасарч зэрлэгшсэн адуу мустанг болдог. Яваандаа алаг зүсмин адуу Хойд Америкийн газар нутаг, цаг агаарын онцлогт дээд зэргээр дасан зохицож, Европоос оруулж ирсэн ямар ч цэвэр цусны үүлдрээс илүү гэдгээ харуулах болсон байна. Түүгээр зогсохгүй цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр алаг зүсмийн адуу нь шинэхэн бий болсон үндэстний соёлын өвийн салшгүй нэг хэсэг болон хувирсан байна.
Америкийн пинто үүлдэр нь алаг зүсмийн бүх л адууг нэгтгэдэг болохоор ямар нэгэн хатуу стандарт, чиг байдаггүй. Гэхдээ пинтог гадаад байдлаар нь хэд хэдэн хуваан ялгадаг юм. Үүнд:
•  Уналганы пинто буюу америкийн уналганы тенесси үүлдэр, хакней ба шотланд пони нарын алаг зүс
• Ангийн пинто буюу цэвэр цусны англи, валли пони ба гадаад шинжээрээ төстэй үүлдрүүдийн алаг зүс
• Зугаалгын пинто буюу араб, морган үүлдрийн алаг зүс
• Түгээмэл пинто буюу алаг зүс хамгийн хээр таардаг квартерхорс зэрэг үүлдрийн алаг зүст.
Үүний дээр пинтог сэрвээгээрээ 142 см, түүнээс өндөр адуу, сэрвээгээрээ 86-142 см хүртэл өндөртэй пони, сэрвээгээрээ 86 см-аас намхан давжаа адуу, сэрвээгээрээ 86-96 см давжаа Б гэж ялгадаг. Энэ бүхэн нь өөрийн гэсэн стандарттай.
АНУ ба Их Британид алаг адууг хилэн үндсэн зүсэмтэй буюу Piebald, бусад үндсэн зүсэмтэй буюу Skewbald гэж ялгадаг. Алаг толбоор нь мөн л хоёр хуваана. Тобиано буюу Tobiano, TO. Энэ нь толбоны хамгийн түгээмэл байрлал бөгөөд цагаан толбо нь бүх их биеэр тарсан байдгаас нэг толбо нь сээр нурууны шугамыг заавал огтолсон байдаг. Энэ алаг байдал нь тобиано нэртэй генээр үүсгэгддэг. Хөл нь гол төлөв том цагаан толботой байх нь  бий. Толгой нь ямагт үндсэн зүсмийн өнгөтэй байдаг ч цагаан зураастай байх нь цөөнгүй. Алаг хамгийн ихээр тархсан үед цагаан толбо бүх биеийг эзлээд толгой, гэдсийг нь хараар үлдээдэг.
Алаг зүсийг бий болгон хоёр дахь ген нь оверо (Overo, OVov). Ийм гентэй төрсөн нэг өндгөн эсийн унаганууд нь өнгөгүй ягаан арьстай, цагаан нүдтэй байдаг бөгөөд 48 цагийн дотор үхдэг. Харин өөр өндгөн эсийн унаганууд амьд гарч чаддаг. Толгой, гэдсийг нь хамарсан том цагаан толботой, гэхдээ нэг ч толбо нугасны шугамыг давдаггүй. Үндсэн зүсэм ба алагийн хооронд шилжилтийн буурал өнгө таарна. Оверогийн толгой дээр халцархай гэх мэт том цагаан тэмдэг байдгаараа тобианогоос ялгаатай бөгөөд хөлний алаг нь жижиг эсвэл бүхэлд нь эзэлсэн байдаг. Цагаан судал доорх арьс ягаан. Оверо морьдын нүдний өнгөнүүд өөр, эсвэл эвэрлэг нь хөх байх нь олонтаа.
Оверотой адууны алаг хээ нь хэд хэдэн үндсэн төрөл байдаг. Юуны өмнө фрейм оверо гэдэг төрөл. Ийм үед бөөр, хүзүүгээр үндсэн зүсэнд бүслэгдсэн цагаан толботой.
Гурав дахь  хэлбэрийн пинто нь сплэшэд уайт. Ийм үед сүүл нь бүхэлдээ, эсвэл хэсэгчлэн цагаан, гэдэсний хоёр хажуугаар том цагаан толботой.

Харин дөрөв дэх хэлбэрийн пинто нь сабино. Толгой дээрээ цагаан толботой. Энэ нь заримдаа толгойг бүхэлд нь эзэлсэн, хөлөндөө тэмдэгтэй, бууралдуу, бүх биеэр нь цацарсан мэт цагаан өнгөтэй.
Заримдаа оверо ба тобиано хоёр давхцаж бас болдог. Ийм хэлбэр маш ховор.
Пинтогийн нэг онцлог байдаг. Оверо гентэй хоёр адууны дундаас гарсан унага амьдрах чадвар тун бага байдаг. Мөн фрейм оверо гентэй эцэг эхийн дундаас гарсан унага мөн л төрөөд удалгүй үхдэг. Үүнээс гадна фрейм оверо ба товеро гентэй адууны дундаас гарсан унага мөн л амьдрах чадвар сул байх нь өнгөрсөн хугацаанд нотлогджээ.
Саяхныг хүртэл үүлдрийн стандартын номонд хэт том цагаан толбо байхыг удам бохирдсоных гэж үзээд бүртгэдэггүй байсан. Жишээлэхэд, алаг зүсмийн араб адууг бараг л хүчээр шахуу устгахаас наагуур юм болдог байжээ. Гэхдээ шинжлэх ухаан хөгжсний ачаар ДНХ-ийн шинжилгээ хийгээд араб үүлдрийн адуунд сабино зүсэм байх нь зүй ёсны хэрэг гэдгийг нотолсны дараагаар алаг зүсмийн морьдыг гадуурхахаа больсон байх юм.
Гэсэн хэдий ч ямар нэг байдлаар гадуурхахыг үзэж чаддаггүй америкчууд нь Будагт морьдын америкийн ассоциаци (The American Paint Horse Association, APHA), Америкийн пинтогийн ассоциаци (The Pinto Horse Association of America, PtHA) зэргийг байгуулж, алаг адууг бүртгэх удмын номыг хүртэл хөтлөх болсон юм.
Энд бас нэг анхаарууштай зүйл байдаг нь америкийн будагт адуу (Paint Horse) ба пинто хоёрын ялгаа юм. Зарим хүнд ийм ялгаа байж боломгүй мэт санагдаж болох ч АНУ-д энэ хоёрыг маш тодорхой ялгадаг. Тухайлбал, пинто гэдэг нь пони адууны /хүнд даацынхаас бусад/ дурын үүлдрийн алаг зүсмийн бүх л адууг хэлдэг. Харин Paint Horse гэж бүртгүүлэхийн тулд адуу нь эсвэл квартерхорс, эсвэл английн цэвэр цусны үүлдэр байх ёстой юм байна. Товчхондоо америкт байдаг дурын алаг адуу бол пинто болох нь. Харин хэр баргийн пинто нь Paint Horse буюу будагт адуу болдоггүй байна.
Өвөрмөц зүстэй болохоор пинто сонирхогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэднийг элдэв кино, шоу, үзэсгэлэн худалдаа, жуулчдад зориулсон тоглолт зэрэгт оролцуулах сонирхол маш их. Зүсээрээ шууд л олны харцыг булаадаг болохоор арга ч үгүй биз.
Манайд ч бас пинто гэж болохоор алаг морьд багагүй үнэд хүрдэг. Яагаав “Авгайдай хайртай бас мөнгөтэй хүн авдаг л морь” гэсээр байгаад алаг морио жанжин Сүхбаатарт “шахчихдаг” шүү дээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна