Германы морин спортын тухайд

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Германы хамгийн алдартай цэвэр цусны азарга Орофиногийн эцэг нь “Чингисхаан” нэртэй байжээ
Товч танилцуулга
ХБНГУ нь 357 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий Европын хамгийн том улсуудын нэг юм. Тус улсад 85 сая хүн амьдардаг бөгөөд үүнээс 870 мянга нь тогтмол морь унадаг гэсэн судалгаа байдаг байна. Ер нь адууны аж ахуйн хувьд дэлхийн тэргүүлэгч орнуудын нэгэнд зүй ёсоор багтдаг юм. Тийм ч учраас дэлхийн дээд зэрэглэлийн морины уралдаанд германы морин спортын тамирчдын гаргаж байгаа амжилт томоохон байрыг эзэлдэг. Мөн дээд зэргээр хөгжсөн адууны бизнес энд л байх ажээ.
Олон зуун жилийн туршлагаар мэдээж энэ бүхэн бий болсон. Герман адуу нь том биетэй, хүнд жинтэй. Энэ онцлог нь Дундад зууны үеэс буюу тэр үеийн дайн тулааны нөлөөгөөр бүрэлдэн тогтсон гэнэ. Тухайн үед хуяг дуулгатайгаа нийлээд 100 гаруй кг хүнд жин татах баатруудыг даах, үүгээр зогсохгүй тулаанд орох чадалтай морьд асар их хэрэгтэй байснаас үүдэн ийм лагс том биетэй морьд бий болсон ажээ. Цаг хугацааны эрхээр хурдан буу агсах болж ийм морьдын хэрэгцээ үгүй болсон ч германчууд уламжлалаа орхилгүйгээр олон зууны турш хуримтлуулсан туршлагаа ашиглан хөгжүүлсээр дэлхийн адуу үржүүлгийн оргилд нь гарч чадсан үндэстэн болсон юм.
Үржил селекци
Герман селекцийн уг чанарыг харуулсан олон олон жишээ байдаг. Дурдвал: хэдхэн жилийн өмнө Испаний Херест болсон Дэлхийн морин тоглолтонд германд төрж, сургагдсан 103 морьд гараанаас гарч 6 алт, 13 мөнгө, 13 хүрэл медалийн эзэд болж байсан юм. Энэ бол шинэ залуу тамирчид, нас залуу морьдыг бэлтгэн чансааг нь дээшлүүлэхэд чиглэсэн тэмцээний систем, адуу арилжааны маш зөв зохион байгуулалтын үр дүн гэж болно.
Германы адууны аж ахуй эрхлэгчид нь адууг спортын чадвар, амжилтаар нь шигшин селекцилэх санааг хамгийн анх гаргасан түүхтэй. Тухайн үедээ ингэж селекци хийх шийдвэр нь хатуу ширүүн бизнесийн ертөнцөд уначихалгүй байр сууриа олохын тулд хийсэн алхам байсан бол яваандаа өнөөдрийн их өндөрлөгт гарах гол түлхэц нь болж өгсөн байдаг байна. Германы адууны аж ахуй эрхлэгчид 20-р зууны эхний хагаст техникийн үсрэнгүй хөгжлөөс болоод адууны цаашдын үржүүлэг, селекци нэлээдгүй хүнд байдалд орно гэдгийг урьдчилан тооцож адууг ачлага, уналгаас өөр юунд хэрэглэж болох талаар нарийн судалгаа явуулжээ. Ингээд спортын чиглэлийн адууг үржүүлэх нь хамгийн ирээдүйтэй гэж үзсэн аж. Эндээс ачлаганд голдуу ашиглагддаг байсан олон тооны герман үүлдрүүдэд дахин селекци хийх хэрэгтэй болжээ. Энэ ажлыг явуулахдаа спортын чанарыг нь голчлон анхаарчээ.
Адууны аж ахуйд селекциэс гадна хийсэн маш амжилттай болсон маркетингийн бодлого бол морин спортын уралдаан тэмцээнийг хүн амын дунд сурталчлан таниулж, морин спортыг зөвхөн ихэс дээдэс үздэг байсныг халж, эгэл хүн болгоны сонирхох, хүндлэх ёстой спорт гэсэн байр сууринаас хандах болсон явдал юм. Энэ хандлага өнөөг хүртэл явсаар, германы адуу үржүүлгийн манлайллын суурь болсон хэвээр л байна.
Орчин үеийн германы адууны аж ахуй нь маш нарийн шалгууртай шигшилт, селекци дээр суурилсан хэвээр болохоор спортын өндөр дээд амжилт үзүүлсэн адуу л үүлдэр, цус хадгалах үржүүлэгт ордог. Спортын адууны төрөлх шинж чанар жилээс жилд боловсронгуй болж байгаагийн  гол үндэс бол селекци ба спорт хоёрын нягт хамтын ажиллагаа юм. Тийм ч болохоор адуу, тэдний үр удмыг спортын тэмцээн уралдаанд оролцуулсны үр дүн нь тухайн нэг үүлдэр тус бүрийн холбоодын ажилд асар их нөлөөлдөг газар Германаас өөр байхгүй гэж болно.
Үүлдрийн онцлогийг  алдалгүй удам залгуулан ашиглах боломжтой гэж үзсэн залуу азаргануудын урьдчилсан сонголт буюу керунг нь селекци буюу шигшилт хийхэд онцгой байр суурь эзэлнэ. Керунгэд ороогүй нэг ч адууг үржүүлгэд оруулдаггүй. Керунг нь малын эмчийн үзлэг, гадаад хэлбэрийн үнэлгээ, хатуу гадаргуу дээрх явдал, хөтлөн алхах үеийн хөдөлгөөн, зогсолт, үсрэлтийн чанар зэргийн үнэлгээ юм. Энэхүү туршилтын үр дүнгээр тухайн азарга үржүүлэгт орох эсэхийг үүлдэр тус бүрийн холбоод шийддэг байна. Харин энэ шалгуураар тэнцээгүй бол шууд агталдаг ажээ.
Үүлдрийн холбоод
Германы адууны аж ахуйн өөр нэг онцлог бол энэ чиглэлээр аж ахуй эрхлэгчдийн орон нутгийн байгууллагууд буюу үүлдрийн холбоод юм. Адууны аж ахуй эрхлэх ийм онцлог өөр хаана ч байдаггүй. Үүлдрийн холбоод нь Германы засаг захиргааны нэг нэгж дээр аж ахуй эрхэлдэг хүмүүсийг нэгтгэдэг. Манайхаар бол аймаг болгон өөрийн холбоотой байна гэсэн үг гэхээр.
Өөрийн нутгийн нэрээр нэрлэгдсэн ийм холбоод нь германы эрлийз үүлдрүүдийн нэрийг өгсөн байдаг. Харин нутгийнхаа нэрээр нэрлэгдээгүй цорын ганц эрлийз үүлдэр бол Тракенен үүлдрийн холбоо юм. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Тракенений нутаг нь дайны төлөөсөнд өөр улсын мэдэлд очжээ.
Тракенений эрлийз үүлдрээс бусад нь хоорондоо байнга цус сэлгэж байдаг болохоор үүлдрийн нэр нь тухайн нэртэй адууг үржүүлдэг бүс нутгийг заадаг гэж болно. Олон зууны түүхтэй ийм эрлийз үүлдрүүдийг нэрлэвэл ганноверийн, ольденбургийн, голштины, вестфалийн, мекленбургийн, бранденбург гэх мэт байна. Германы зарим нутагт адууны аж ахуйг 20-р зууны 60-аад оноос л эрхэлж эхэлсэн байдаг ч хуучны эрлийз үүлдрүүдийн “нөөц бололцоог”  ашиглаад Бавар, Баден Вюртемберг, Гессен, Райнланд зэрэг бусад нутгууд өөрийн гэсэн эрлийз үүлдэртэй болж чадсан байна.
Германы морин спортын холбоо нь 1972 онд шинэ тогтоол гаргажээ. Энд 1973 оны 1-р сараас хойш хилийн чанад руу гаргасан адууг 4 дэх үеийн угшил хүртэл гарал нь батлагдаж,  цэвэр цусны англи, араб, англи ба араб, тракенен, голштин, ганновер, вестафаль үүлдрийн цус 75% -аас багагүй байгаа тохиолдолд герман уналгын үүлдрийн төлөөлөгч гэж бичиг баримтандаа тэмдэглэж болно гэсэн байдаг.
Төрийн ба хувийн адууны аж ахуйнууд
Нарийн төлөвлөгөөт, уян хатан адууны аж ахуйг бүрэлдэн тогтоход төрийн мэдлийн жүчээ, адууны үүлдэр хадгалах заводууд Германд маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Германд адууны аж ахуйнууд татварын ямар нэг хөнгөлөлт эдэлдэггүй. Гэхдээ төр нь тухайн орон нутгийн төсвөөс санхүүжиж байдаг адууны аж ахуй, жүчээг ажиллуулдаг юм. Ингэснээр хувийн аж ахуй нь санхүүгийн бэрхшээлийн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоолоо гэхэд дараа нь дахиад ажиллахаар бол цэвэр цусны адууг улсын аж ахуйгаас авах боломжтой юм байна. 
Хувийн адууны аж ахуйны хамгийн тод жишээ бол Ханноверийн морин завод юм. Энэ завод нь Ханноверийн үүлдрийн холбоонд ордог. Барилга байгууламжийн бүтцийн хэд хэдэн тусдаа хэсгээс бүрдэнэ. Бэлтгэлийн төв нь дуудлага худалдаа явуулах индэртэй, сургуулилтын төв талбай, ажлын хоёр талбай, уралдааны тойрог, мал эмнэлэг, захиргааны төвөөс тогтдог. Эдгээрээс захиргааны төв нь энэ аж ахуйн гол тархи нь гэж болно. Энд орчин үеийн компьютерийн технологийг ашиглан эх, эцгийнх нь спортын амжилт дээр дүн шинжилгээг төвөггүй хийх агаад бүр төрөөгүй байгаа унаганы ирээдүйн спортын амжилтыг нь загварчилан гаргачихдаг байна.
Ханноверийн адууны аж ахуй нь жилдээ найман удаа дуудлага худалдаа явуулдгаас хамгийн том нь дөрөвдүгээр сард болдог. Дуудлага худалдаагаар таваас дээш насны морьдыг худалддаг юм. Энэ эрхийг зөвхөн Ханноверийн холбооны гишүүд л эдэлдэг. Адууг зарсан бас худалдаж авсан хүнээс тус бүр  6% татвар авна. Дуудлага худалдаанд оролцсон гишүүдээс авдаг энэхүү татвар нь холбооны үндсэн орлого болдог байна. Нэгэнт л холбооны гишүүдээс өөр хүн дуудлага худалдаанд оролцохгүй болохоор зарах гэж байгаа адууны тухай бүх л мэдээлэл, видео бичлэг бүхий дэлгэрэнгүй материалыг урьдчилан тараасан байдаг болохоор худалдаа эхлэхээс хэд хоногийн өмнө сонгосон адуугаа “амьд”-аар нь харж, унаж  үзэж ч болдог байна. Тиймээс “чанаргүй”  адууг дуудлага худалдаагаар өндөр үнээр аваад “шатна” гэсэн ойлголт байдаггүй.
Тракенен үүлдэр
Дэлхийн адууны аж ахуйд германы оруулсан хувь нэмрийн тухай дурдах бол заавал Тракенений үүлдрийн тухай оруулдаг байна. Тракенен нь өдгөө хүртэл цусыг нь цэврээр авч яваа Германы цорын ганц эрлийз үүлдэр юм. Яагаад эрлийз үүлдрийн тухай хүүрнэж байж цусны цэвэр байдал гэж байгаа юм бэ гэхээр үүлдрийн цусыг сэлгэхдээ зөвхөн цэвэр цусны англи ба араб үүлдрийн азарга гүүг ашигладаг гэнэ. Тракенен эрлийз үүлдрийн аж ахуйг 1732 онд Пруссийн хаан Фридрих үндэслэсэн. Тиймдээ ч германы хамгийн ууган үүлдэр болж байгаа юм. Харамсалтай нь Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр герман ялагдсанаар энэ үүлдрийн аж ахуй байсан газар нутаг нь Зөвлөлтийн мэдэлд шилжиж, олон зуун цэвэр тракенен адууг хойд хөрш рүү зөөжээ. Улмаар Орост очсон тракенен адуу нь яваандаа орос тракенен нэр авчээ. Түүгээр зогсохгүй энэ нэрээрээ морин спортод чамлахааргүй сайн амжилт үзүүлэх болсон түүхтэй.
Одоогоор тракенен үүлдрийн 5000 гаруй гүү байдаг гэсэн тооцоо бий.
Тэрэгний морьд
Германд шар айрагны баяр гэх мэт том шоу, үндэсний баярын үеэр хүнд даацын тэрэгний нүсэр том морьд явж харагддаг. Гэхдээ эдгээр морьдын аж ахуй цэвэр утгаараа германд байдаггүй гэж үздэг юм байна. Шалтгаан нь тун энгийн. 19-р зууны сүүл үе,  20-р зууны эхээр аж үйлдвэрлэл хөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүнд даацын морьдын хэрэгцээ асар ихээр нэмэгджээ. Улмаар 1930-аад он гэхэд  германы нийт адууны тоо толгойн 60% нь хүнд даацын адуу болсон байв. Гэвч хөдөө аж ахуй нь  эрчимтэй механикжиж, тээврийн хэрэгслийн хүчин чадал, найдвартай байдал нэмэгдэхийн хэрээр энэ үүлдрийн морьдын хэрэгцээ улам бүр багассаар өнөөдөр бүрэн устсан гэж байгаа юм.
Одоо байгаа хүнд даацын үүлдрийн тоо толгойн 50% нь өмнөд германы хүнд даацын үүлдэрт ноогдож байна. Эдгээр нь цагаан дэл сүүлтэй, цайвар шаравтар зүсмийн морьд юм. Хойд Рейн Вестфальд рейний хүнд даацын үүлдэр гэсэн эртний герман үүлдрийн адуу цөөн тоогоор хадгалагдан үлджээ. Энэ үүлдэр нь хуучин сэрвээгээрээ 170 см өндөр, их лагс том биетэй байсан ч арден үүлдэртэй эрлийзжүүлсний дараа арай бие жижигтэй болж рейн вестфаль үүлдэр болсон байна.
Германд зохиогддог уралдаан
Баруунд хурдан морины уралдаанд зөвхөн цэвэр цусны англи, араб үүлдрийн морьд оролцохыг зөвшөөрдөг. Тийм болохоор германы хурдан морины уралдаан нь цар хэмжээгээрээ Их Британи, АНУ, Японы хурдан морины аж ахуйгаас хавьгүй бага. Германд 21 том, 34 жижиг морин тойруулга байдаг бөгөөд жилдээ 300 орчим уралдаан явагддаг.  Хурдан морины аж ахуйг 6000 орчим хүн мэргэжлийн түвшинд эрхэлдэг. Гамбург хотноо явагддаг Дербийг Германы хамгийн том уралдаан гэж тооцдог.
Английн цэвэр цусны үүлдрийн азаргануудыг нутгийн эрлийз үүлдрийн цусыг сэлгэх зорилгоор 18-р зууны сүүлээс германд оруулж ирэх болсон байна. Улмаар 19-р зууны эхээр Мекленбургийн нутаг дээр ах дүү фон Биль нар нь английн цэвэр цусны үүлдрийн анхны аж  ахуйг байгуулж, 1822 онд анхны уралдааныг зохион байгуулж байсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө германд цэвэр цусны англи 900 гүү байсан бол дайны дараа тал хүрэхтэй үгүйтэй нь л үлдсэн байжээ. Харин одоо 2500 тоо толгой байгаа гэсэн судалгаа байна.
Дашрамд сонирхуулахад Германы хамгийн алдартай цэвэр цусны азаргуудын нэг болох Орофиногийн эцэг нь Чингисхаан гэсэн нэртэй байжээ. Орофино нь олон уралдаанд түрүүлж нийтдээ нэг сая гаруй маркийн шагнал хожиж байжээ.
Хатирч морьдын уралдаан
Цэвэр цусны хурдан морины уралдаан гэдэг хэзээнээсээ язгууртан, баячуулын сонирхлыг татсаар ирсэн. Харин хатирч морьдын уралдаан нь эгэл олны зугаа болон хөгжжээ. Анх 1847 онд Мюнхен хотноо болсон шар айрагны баяраар үүлдэр хамааралгүйгээр оролцож болох хатирч морьдын уралдааныг зохион явуулжээ. Үүнээс хойш Орловын болон Америк хатирч морьдыг олноор импортлон оруулж ирэх болсон байна. Эндээс хатирч морьдын уралдаан ард олны анхаарлыг илүү ихээр татах болжээ. Одоогоор германы хатирч морьдын угшлын тухай номонд 35 мянга гаруй адуу бүртгэлтэй байгаагийн талаас илүү нь германд төрсөн бол 40% нь америкийн Стандартбред үүлдрийнх, 5% нь Фран хатирч морьд байх ажээ.
Өнөөдөр Германд хатирч морьдын уралдаан явагддаг 13 том, 40 гаруй тосгоны морин тойруулга ажиллаж байна. Тус улсын нутаг дээр явагддаг хатирч морьдын хамгийн том уралдаан нь Мариендорфын морин тойруулга дээр явагддаг Германы Дерби юм.
Германы морин спортын холбоо
Энэ улсын морин спортын холбоо дэлхийн хамгийн том морин спортын байгууллагын нэг  юм. Энэ холбоонд хувь хүн ч, клуб ч аль аль нь гишүүнээр элсэж болно. Варендорф хотод байрладаг тус холбооны төв нь үндэсний аварга шалгаруулах болон холбооны ерөнхий ажлыг удирддаг. Харин өдөр тутмын ярвигтай ажил нь орон нутгийн салбаруудад оногддог ажээ.
Холбоо нь гишүүдийн татвар болон төрийн дэмжлэгээр санхүүждэг. Төрийн санхүүжилт нь холбооны тухай жил гаргасан амжилтаас хамааран өөрчлөгддөг. Германы морин спортын холбоо нь өөрийн гишүүдийнхээ тэмцээн, уралдаанд оролцох боломжийг хангахаас гадна тухайн нэг морь, эсвэл тамирчны талаарх шаардлагатай бүх мэдээллийг нь гаргаж өгдөг. Шаардлагатай мэдээллийг хүслээ гэхэд хагас цагийн дараа бэлэн болгосон байдаг байна.
Уралдаан тэмцээний системийг маш нарийн бодлоготойгоор тохируулсан байдаг учир тухайн морь, эсвэл тамирчин нь өөрийн чансаанд тохирсон уралдаанд оролцох, улмаар туршлага суухын хэрээр шат ахисан тэмцээнд оролцож болох бүх боломжоор хангагдана. Жишээлэхэд, жижигхэн тосгоны морин тойруулга дээр конкурын уралдаанд анх оролцож эхлээд шат ахисаар тодорхой хугацааны дараа улсын хэмжээний уралдаанд оролцдог болох нь байна.
Цаашлаад залуу тамирчдад зориулсан стилийн цуврал уралдаан гэж зохион байгуулагддаг. Энэ уралдаанд морьдын хурд, саадыг давж байгаа эв дүйг харна гэхээсээ илүүтэй суудал, морийг удирдах чадвар гэхчилэн тамирчны стилийг нь голчилдог аж.
Тамирчдыг үнэлэх өөрийн гэсэн ангилал германд бий. Манайхаар бол алт, мөнгө, хүрэл медалийн ангилал гэж болохоор юм. Тухайн тэмдгийг авахын тулд тусгай шалгалт өгч, эсвэл тэмцээнд шаардлагатай хэмжээний оноог  авсан байх ёстой. Жишээлэхэд, залуу тамирчдын хүрэл тэмдгийг авахын тулд эмээл дээрээ зөв суудаг, 100 см өндөр саадан дээгүүр харайж чаддагаа харуулахад л хангалттай. Мөнгөн тэмдгийг авахын тулд 120 см өндөртэй саад бүхий замыг туулж, эсвэл морь сургалтын бага шагналын хэмжээний хөтөлбөрийг харуулах ёстой байдаг байна.
Германы морин спортын холбоо нь үүлдэр угшлын гэрчилгээ олгох, цэвэр цусны тоо толгойд үнэлгээ өгөх зэрэг ажлыг хянаж, хариуцдаг. Мөн жил бүр нас бага морьдын стилийг үнэлэх уралдааныг зохион байгуулдаг. Энэ тэмцээнд маршрутын дагуу явж байгаа морины хөдөлгөөн, явдал хэр зөв, үзэмжтэй байгаагаар нь оноо өгдөг байна. Ийм тэмцээний шүүгчдээр адууны аж ахуй эрхлэдэг болон мал эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай комисс ажилладаг.  Тэмцээнээс хамгийн шилдгээр тодорсон адууг Варендорфод болдог залуу морьдын уралдааны шигшээд оролцох эрхээр шагнана. Ингэснээр залуу адуунд хэт их ачаалал ирэхээс сэргийлнэ. Нөгөө талаас адуунд байгаа нөөц бололцоог дараагийн тэмцээнд харуулахыг зорьдог байна.
Үүнээс гадна Германы морин спортын холбоо болон түүний орон нутгийн салбаруудын үзүүлэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энд хувийн морин үзүүлэнгийн талбай түрээслэж аваад морин спортын дэлхийн аварга тамирчныг урьдаг. Ингэснээр холбооны гишүүд нь дэлхийн аваргуудтай хамт бэлтгэл хийх хосгүй боломжоор хангагддаг байна.
Иймдээ германы морин спортын тамирчид нь Олимпийн тоглолт, Европын аварга шалгаруулахаас 171 алт, 136 мөнгө, 135 хүрэл медалийн эзэд болсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Энэ мэтээр олныг дурдаж болох ажээ. Ямартаа ч моринд хайртай, морин спортыг дээдэлдэг хүмүүсийн заавал очих ёстой газрын нэг бол Герман улс гэдэг нь гарцаагүй юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна