Францын морин спорт

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

55 сая гаруй хүн амтай Франц нь  Баруун Европын хамгийн том газар нутагтай улсад тооцогддог. Франц гэхээр Эйфелийн цамхаг, тансаг дарс төсөөлөгддөг байж болох  ч үүх түүх гадарладаг нэгний хувьд хүлэг сайн морь, хүчит баатруудын өлгий нутаг хэмээн эрхгүй санагдана. Хамгийн наад захын жишээ гэхэд домогт Баярд баатар байна. 15-р зуунд амьдарч байсан энэхүү алдартай хүлэг баатар нь нэгэн тулааны үеэр гүүрээр сэм нэвтрэх гэсэн дайснуудыг хаан гурав гурваараа жагсан дайрсан 200 хүний эсрэг амжилттай тулалдан нэмэлт хүч ирэхэд дайснуудаа бүгдийг нь үлдэн хөөсөн гэдэг. Францын ван энэ явдлыг сонсоод ихэд бахдан “Нэг морьтон зуун цэргийн хүчтэй” гэсэн уриаг бамбай дээрээ сийлж явахыг зөвшрөөсөн байдаг.  За энэ ч яахав. Гол сэдэв рүүгээ оръё. Францчууд 40 гаруй үүлдрийн адууг үржүүлдэг төдийгүй цэвэр цусны, гадны, ачлагын, пони хэмээн ерөнхийд нь дөрөв ангилдаг. 40 мянга гаруй хувийн болон төрийн мэдлийн адууны аж ахуй эрхлэгчид байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд цэвэр цусны адуу үржүүлэгчид нь холбоодоосоо тэтгэлэг авдаг аж. Мөн төр засаг нь зөвхөн морин тойруулгын уралдаанд тавьсан бооцооноос татвар хэлбэрээр жил болгон тэрбум еврогийн ашиг олдог бөгөөд үүнээсээ цэвэр францын гэж болох үүлдрүүдийг дэмжин тэтгэлэг тараадаг гэдэг.

Франц үүлдэр
 Франц сель, франц хатирч, камарг, арденн, першерон, болоньез, бретон, норманд коб зэрэг үүлдрүүд нь нутгийн уугуул цэвэр Франц адуунд тооцогдоно. Эдгээрийн заримаас нь товч танилцуулъя.
Франц хатирч адуу
Энэ үүлдрийг Францын Норманд нутагт 19-р зууны үед гарган авчээ. Шинэ үүлдэр гарган авахад Норманд адуу болон Английн Норфолк ба цэвэр цусны үүлдрүүдийг ашигласан байдаг. Улмаар 20-р зуун гэхэд өөрийн гэсэн онцлогтой шинэ үүлдэр бүрэлдэн тогтож, хүлээн зөвшөөрөгдсөн юм. Франц хатирч үүлдрийг бий болгохдоо тэсвэр хатуужлыг голлосон байдаг бол Америкт хатирч адуу гарган авахдаа  хурдыг голлон анхаарсан байдаг. Ийм ч болохоор Америкийн хатирч морьдын тойруулга нь элдэв өгсүүр, уруугүй, морийг хурдны чадвараа дээд зэргээр харуулах боломж олгосон тэгш байдаг бол Францын хатирч морьдын тойруулга нь өгсөж, уруудсан олон замтай морьдоос хурд төдийгүй тэсвэр шаарддаг аж. Үүнээс болоод хатирч морьдын жокей нарын уралдаанд баримталдаг тактик нь ч өөр. Америкийн хатирч морьдын жокей нар хамгийн дээд хурд гаргахаас өөр зүйлд анхаардаггүй бол европ жокей нар тойруулгын өгсүү, урууг хурд алдалгүй чадварлагаар давахын тулд тэс өөр тактик баримтлах хэрэгтэй болдог.Үүнтэй нь холбоотойгоо Европынг уралдаандууд нэгээс дээш тойрдог.
Өнөөдрийн байдлаар францын хатирч адуу нь Франц улсад хамгийн өргөн тархсан үүлдэр бөгөөд 7735 аж ахуйн нэгж энэ үүлдрийг үржүүлдэг. Гэхдээ тэдгээрээс 30 ба түүнээс дээш толгой малтай үүлдэр ердөө 100-хан байдаг аж.

Франц хатирч адуунуудын тогтоосон дээд амжилтын хувьд гэвэл 2000 онд Женераль Дю Поммо нэртэй цэвэр цусны Франц хахатирч адуу 2700 метрийг 1 минут 12 секундэд туулсан байдаг.

Франц сель
Энэ үүлдрийг 19-р зууны эхэн үеэр нутгийн Норманд үүлдрийг гүүг Англи ба Араб угшлын азаргаар хээлтүүлэх замаар гарган авч улмаар бие даасан даасан үүлдэр болгож дэлхийн хоёрдугаар дайны дараа бүртгүүлсэн байдаг юм. Франц сель нь харайх чадвар сайтайгаараа бусдаас онцлог бөгөөд тиймээс ч морин спорт, түүний дотор конкурт өргөнөөр ашиглагддаг. Улмаар конкурын дэлхийд алдартай жокей нар франц сель унан уралдахыг дээрд үзэх болсон байна.

Камарг
Энэ үүлдрийг францын мустангууд гэдэг. Камарг нэртэй нутагт л зөвхөн үржүүлдэг зөвхөн цайвар сааралдуу зүсмийнх байдаг онцлогтой. Монгол адуутай адилаар байгалийн нөхцөлд, бэлчээрийн аргаар хариулдаг, давуу чадвартай гэснийг шүүн азарга тавиад, бусад эр адууг нь агталдаг аж. Европчууд адууг бэлчээрийн аргаар маллахаа болиод удаж байгаа болохоор ийнхүү тэднийг зэрлэг, эсвэл хагас зэрлэг адуу, мустанг гэж нэрлэдэг.

Ачлагын үүлдэр
Хүнд ачлагын үүлдрийн морьд нь Францад тоо толгойгоороо хоёрдугаарт ордог. Эдгээрт нь арденн, болоньез, бретон, норманд ком зэрэг үүлдэр багтдаг. Арденн адуу нь олон зуун жилийн тэртээ Франц ба Бельгийн хил дээр байрладаг Арденний нурууны орчим ой ихтэй газар амьдардаг байсан адууны удам. Сэрвээгээрээ 150 см орчим өндөртэй, бараан голдуу зүсмийн адуу бөгөөд гол төлөв ачлага, махны чиглэлээр үржүүлдэг.

Францын Булонь мужид болохоор арденнуудыг араб, испани адуугаар сэлбэн илүү том биетэй, илүү хүнд ачаа даах чадвартай болоньз адууг гарган авчээ. Болоньезууд нь сэрвээгээрээ 165 см орчим бөгөөд ачлагад ашиглах зорилгоор үржүүлдэг.

Францын Бретон нутагт арденн, болоньез, першерон ба норфолкийн тэрэгний адуу зэрэг угшлын дундаас Бретоны үүлдрийг гарган авсан байдаг. Энэ үүлдэр нь бүр ч өндөр, лагс том биетэй, чадалтай бөгөөд бас ч гэж гайгүй сайн хатирч чаддаг онлцогтой. Бретон үүлдрийн адуу нь маш олон жилийн турш францын их буучдын үндсэн ачлагын морьд байсан юм. Машин техник ингэтлээ өндөр хөгжөөгүй байсан бол өнөөдрийг хүртэл хүнд их буу чирсэн хэвээр байх байсан биз.

Мөн 20-р зууны эхээр франц хатирч адуутай угшил нэгтэй байсан нормандын коб үүлдэр тусгаарласан байдаг. Улмаар нормандын коб үүлдрийн адууг араб цусаар сэлгэн першерон үүлдрийн ачлагын адуу гарган авсан байдаг. Першеронууд нь сэрвээгээрээ 170 см ба түүнээс өндөр, жин нь 1300 кг хүрдэг.

Францын морин тойруулгууд
Ийм олон домогт үүлдэртэй орныг морин тойруулгагүйгээр төсөөлөх аргагүй. Үнэхээр ч манайхаас хавьгүй бага газар нутагтай, зүйрлэхээргүй цөөн тоо толгой бүхий адуутай атлаа Францад өнөөдрийн байдлаар 250 морин тойруулга үйл ажиллагаа явуулж байна. Энэ олон морин тойруулгуудын дийлэнх нь хөдөө орон нутагт байдаг бол хамгийн нэртэй цөөн хэд нь нийслэл Парис хотын тойронд байрладаг. Жишээлэхэд Венсений морин тойруулга нь жилийн 152 өдөрт уралдаан явагддаг. Энэ морин тойруулга нь шилэн халхавч бүхий 50 хүний судаалтай, 2500 хүн багтах олон тооны кафе, зоогийн газартай. 10 метр тутам монитортой, тойруулгын төвдөө асар том дэлгэцтэй, уралдаанд оролцож байгаа морьд жокей зэргийг бичсэн, тайлбарласан тусгай сонин, гарын авлаг тогтмол гардаг гээд ер нь хурдан морь, уралдаан сонирхдог хүн дотор нь бараг гаралгүйгээр амьдраад байж болох бүх л нөхцөл бүрдсэн газар.

Лонгшамын морин тойруулга нь Францын хамгийн хуучных бөгөөд хамгийн олон хүн багтаадаг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө 120 мянга гаруй хүн чөлөөтэй багтдаг байжээ.

Саадтай уралдаан нь Отёй морин тойруулга дээр болдог бол Ангьен нэртэй морин тойруулгад хурдны морьдын ч тэр хатирч морьдын ч тэр уралдаан явагддаг.

Уралдааны бооцоо
Хурдын морины уралдаанд бооцоо тавихыг зөвшөөрсөн  “PMU” гэж нэрлэгддэг тусгай системийг нэвтрүүлснээр морин спорт нь нийгмийн бүх л давхаргыг хамардаг болсон ажээ. 1930 оноос хойш PMU систем нэвтэрсэн кафе, клуб, бааруудад буюу морин тойруулгаас өөр газар бооцоо тавихыг зөвшөөрсөн байна. Хамгийн гол нь ингэж төвлөрсөн хөрөнгөний тодорхой хэсгийг цэвэр цусны өөрөөр хэлбэл франц үүлдрүүдийг дэмжихэд зарцуулж байх ёстой бөгөөд PMU системийг Францын хатирч адууны холбоо хянаж байдаг. PMU-ийн жилийн орлогыг боо тавигчид, төр, Хурдан морины нийгэмлэг ба ялагчдын шагналын сан бүрдүүлэхэд зарцуулдаг.

Өөрөөр хэлбэл Францын хурдын морьдын ба хатирч морьдын уралдааныг тавигдсан бооцооноос авсан суутгалаар бүрдүүлдэг.  PMU нь мөн хурдны морьд үржүүлэгчдэд мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Жишээлэхэд, хурдны морь үржүүлэн өөрийн нэрээр уралдаанд оруулсан, эсвэл өөр хүнд худалдсан хүн нь энэхүү морины амьд байгаа хугацаанд Францад уралдаад оролцоод олсон мөнгөний 12,5%-ийг авдаг.

Холбоод
Үйл ажиллагаа, уралдаан зэргийг зохион байгуулж, уялдаа олбоо, нийгэмлэггүйгээр морин спортыг төсөөлөх аргагүй. Францын хамгийн хуучны ийм нийгэмлэг бол «Societe d’Encouragement» буюу “Цэвэр цусны үүлдэр үржүүлэгчдийг дэмжих нийгэмлэг” юм. Энэ байгууллага нь “Стипль-Чез” ба “Спортыг дэмжих нийгэмлэг” гэсэн хоёр байгууллагатай нэгдэсний дараа “Франц Галоп” гэж нэрлэгдэх болсон.  Харин хатирч морьдын нгийгэмлэг нь «La Societe du Cheval Francais» буюу Францын хатирч морьд үржүүлэгчдийн нийгэмлэг гэсэн нэртэй. Энэ нийгэмлэгийг Францдаа “Уралдааны нийгэмлэг” ч гэж нэрлэдэг.

Үзэсгэлэн худалдаа
Хурдны морьд үржүүлэгчдийн хувьд үзэсгэлэн худалдаа нь маш чухал үүрэгтэй. Өөрийн амжилтыг бусдад харуулахаас гадна бусдын амжилт, ололттой танилцан туршлага хуваалцах маш сайхан боломж болохоор арга ч үгүй байх. Францад жил болгон «La Societe du Cheval Francais» нэртэй маш том үзэсгэлэн явагддаг. Олон улсын зэрэглэлтэй энэ үзэсгэлэнд хэдэн мянган оролцогчид жил бүр ирж оролцдог. Өөр нэг алдартай үзэсгэлэн бол Дувиль хотно жил болгон явагддан шоу юм. Энд үзэсгэлэнгээс гадна цэвэр цусны адууны дуудлага худалдаа явагддаг.

Конкур
Манай сэтгүүлийн уншигчид морин спортын нэгэн төрөл болох конкурын талаар сайн мэдэж байгаа. Конкурыг хамгийн анх 19-р зууны дундуур Парис хотноо болсон олон улсын үзэсгэлэн дээр анх удаа морьды янз бүрийн саадын давах харайх уралдааныг конкур-иппик нэртэйгээр явуулсан байдаг. Түүнээс хойш францчуудын сэдсэн энэ төрөл нь дэлхий даяар тархан олон улсын морин спортын нэгэн төрөл болж өргөжсөн түүхтэй.

Их сургууль
Хурдны морь сонирхдог хүн болгоны мэддэг нэг хот бол Францын Сомюр хот. Энэ хотод Францын үндэсний адуу судлалын дээд сургууль байдаг. Энэ бол Европд төдийгүй дэлхийд хамгийн алдартай сургууль юм. Энэ их сургуульд онол, морь унах практик зэргийг шинжлэх ухааны үндэстэйгээр заадаг бөгөөд гурван жил сураад сургагч гэсэн зэргэллэтэйгээр төгсдөг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна