Хахууль болчих гээд байна

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Аливаа улс орны түүхийн хамт суут хүмүүсийн нэр мөнхөрдөг гэх боловч чин үнэндээ суу билигтнийхээ нэрээр эх орон нь алдаршдаг бөлгөө. Тийнхүү эх орноо алдаршуулсан хүмүүсийн нэг нь монголын алдарт хатагтай, зохиолч бидний их ахайтан гэж хүндэлдэг Сономын Удвал гуай билээ. Тэрбээр Монголын түүхэнд дуудах нэртэй, дуурсах гавьяатай төдийгүй улсынхаа нэрийг дэлхий дахинд алдаршуулсан цөөн хүний нэг юм. Удвал гуай олон жил нам улсын өндөр алба хашихдаа хамгийн олон хүнийг хамаардаг Монголын эмэгтэйчүүд, Үйлдвэрчиний эвлэл гэх мэт хамгийн адармаатай хороог олон жил толгойлж ард түмний дунд гойд их нэрийг олсон хүн байлаа. Монгол орны хаана ч, хэнтэй ч уулзсан Удвал гуайг хүн бүхэн мэдэж, олонх нь таньж, нэрийг нь дуудаад нүүрэнд нь инээд баясал гэрэлтдэг байлаа. Ер нь тэр үед манай эмэгтэйчүүд дотроос Удвал гуай Цогзолмаа гуай хоёр бүхний танил, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байсан шиг санагддаг юм. Тээр жил далан найман оны үед Баян-Өлгий Дэлүүн суманд нэг саалийн фермд очоод айлд орж цай уух зуур гэрийн эзэгтэй хижээл авгай “Удвал гуайн бие сайн болов уу” гэж асуусан чинь түүнтэй ам уралдан өвгөн нь “Цогзолмаа хаана юу хийж байна, урлагтаа юу?” гэсэнд эр хотлоороо хөхрөлдөж билээ. Эхнэр нөхөр хоёр хүндэтгэн хайрладаг 2 хүнээ сурагласан нь нэг их инээд хүрмээр юм байгаагүй ч гэсэн өвгөний Цооцоог сурагласан нь хөгжөөх шиг болж билээ. Ийнхүү олонд нэртэй энэ хоёр хүнтэй хоёулантай нь нэг байгууллагад ажиллаж “Нэг тогооноос хоол халбагадаж идсэн” билээ. Энэ удаад Удвал гуайн тухай хэдэн үг хэлсүгэй. Би жаран онд “Утга зохиол ” сонины хэвлэлийн хянагч болсноос хойш зохиолчдын хороогоор орж гардаг болж билээ. Тэгэхэд уран бүтээлчдийн холбоо байгуулагдаад зохиолчдын хороо тэнд хамтарсан байлаа. Аймгийн намын хорооны дарга байсан Г.Сумъяа гэдэг хүн холбооны дарга болчихоод, зохиолчид “Сумъяа новш минь хороо юугий минь эргүүлж өгнө үү” гэж дуулж байсан цаг. Төдөлгүй зохиолчдын хороо тэндээс салж биеэ даасан газар болов. Удвал гуай даргаар ирэв. Энэ нь 1961 оны үед байсан уу, амжилчдын хурал хийхээр цугласан чинь  Удвал гуай сууж байсан юмдаг. Сонины өрөөнд Бааст гуай “Манай даргаар Удвал ирэх сурагтай гээд тэр том хүн, манай энэ жаахан газар ирэх болов уу даа. Тэр бид хоёр чинь хэзээний найз улс. Одоо түүнийг чинь даргаа даргаа гэх ч хэцүү. Юу гэдэг ч юм билээ Хэрэв ирвэл манайх ч маш сайн даргатай болж гялайх нь тэр” гэж суусан нь ёсоор болжээ. Би даргад ажил төрлөөр байтугай шинэ сонин өгөх гэж ч өрөөнд нь бараг орж байгаагүй. 1963 онд үеийнхэнтэйгээ дарвиад, их санаа санаж, Горькийн сургуульд явъя гэж өргөдөл барьж нэг давхиж орсон удаа бий. Дарга “Тэр сургуульд чинь бараг зохиолч болчихсон шүү. Чамд зөвлөхөд ажлаа сайн хий. Энэ жил бид өөр хүн явуулахаар болсон гэж шууд хэлсэн нь тэрхэндээ эвгүй байсан ч сүүлд бодоход шулуухан шударга байсан нь сайхан байж билээ. Хоёр ч ном хэвлүүлчихсэн Дарь. Нацагдоржийн сургуульд явуулахаар сонгож авсан нь их л оносон мэт байлаа. Удвал гуайг их егөөддөг гэж ярьцгаадагсан. Зохиолчид хоорондоо  “Дарга ёж бараалхаж байна уу” гэцгээх энүүхэнд. Геологийн яамны урд хэсэгт зохиолчдын хороо орсноос хойхно ажилчдын хурал хийж байхад Явуухулан нэг санал тавилаа. Тэр “Энэ яамны гадаа үүдэнд байсан үхэр шиг том болор чулуу алга болчихсон чинь бидний дээр тавьчихсан гэнэ. Түүнийг юу гэж бодож байна вэ даргаа” гэсэнд Удвал гуай инээмсэглээд “Аа тэгж үү, тэр чинь нэг өдөр энэ том зохиолчдын толгой дээр ойчвол сүйдэлнэ шүү дээ. Тэгэхээр миний толгойн халз болгочих гэж хэлье” гэв. Явуугийн царай улсгээд суучихав. Энэ үед манай дарга нар Удвал, Чимид гуай Түдэв эрхлэгч гадааад орноор их явдаг цаг байж. Удвал дарга, Ливанд болсон Ази, Африкийн зохиолчдын хуралд оролцоод ирснийхээ дараахан Хорооны номын санд ороод ирэв. Чойндон гуай, Өвгөөдэй Дамдинсүрэн гуай бас хэн ч байлаа хэдэн хүн байсан л юмдаг. Дарга хурлын сонин, гаргасан шийдвэрээс товчхон ярьж эхэлснээ Зөвлөлтийн зохиолчдын төлөөлөгчдийн тухай ярив.
-    Зөвлөлтөөс К.Яшин, М.Турсун заде гээд ахмадаас гадна Е.Евтушенко
Ю.Рытхэу гээд олон л залуу зохиолч оролцлоо. Залуучууд нь англи, франц хэлтэй энд тэнд явж юм үзчихсэн мөн ч чадвартай байнаа. Манайхан хэзээ тийм болно доо гэж ярив. Тэгтэл манайхны нэг нь Чукотийн зохиолч Рытхэуг сонирхоотохлоо.Удвал гуай инээмсэглээд,
- Тэр ч их авьяастай чадалтай залуу юмаа. Би нэг багшийн тухай туужийг уншсан сайн бичдэг юм байна лээ. Харин тэр хурлын үеэр надтай харилцахын хувьд бол өглөөгүүр Удвал гуай, Удвал даргаа гээд сүрхий л байдаг юм. Оройхон хэрд ч би түүнд зүгээр л нэг эмэгтэй хүн харагддаг юм билээ. Сайхан хүүхэн ч гэх шиг гэтэл Чойндон гуай нүдээ шоохойлгон инээмсэглээд, тэрхэндээ “Манай дарга сайхан хүүхэн биш юм гэж үү дээ” хэмээн зөөлөвтөр хэллээ. Тэгсэн чинь  дарга дуулчихжээ.
- Чойндон бугайдаа л тийм юм байх даа. Одоо намайг сайхан хөөрхөн байсан гэвэл хэн үнэмших вэ дээ. Харин залуу байсан юм шүү гэвэл эрх биш итгэх байгаа даа гэж билээ. Нэрт зохиолч төрийн шагналт Удвал гуай уран зохиолын бүх төрлөөр туурвиж “Цэрэн хаачив” “Бумбат эрдэнэ” зэрэг жүжгийн зохиол бичиж улсын театрын тайзнаа тавиулж үзэгчдийн дунд нэр  алдар олсон хүн билээ. 1980 оны үед соёлын яаманд “Эмээг хулгайлсан нь” жүжгийн зохиол бариад “Энийг үзээд болж өгвөл тавих зөвшөөрөл олгоно уу гэж явна” гэсээр орж ирэв. Зохиолын урьд нь Чимэд гуай уншаад санал хэлж байсныг мэдэх учраас “Тэгье, Та хаана тавиулах санаатай вэ” гэсэнд Удвал гуай жаахан бодлогошрох маяг үзүүлэн харав. Тэгснээ
- Уг нь Өмнөговийн театр та нарыг зөвшөөрөл авбал ч авъя гэж байгаа юм. Танайх л мэднэ шүү дээ гээд нүдээрээ инээмсэглэв. Би жүжигт нь зөвшөөрөл өгөхөөр болоод өөрийг нь театртай холбоо барихыг зөвлөсөнд дуртай нь аргагүй зөвшөөрөөд гараад явав. Бидний тохиролцсон ёсоор хамаг юм бүтэж Өмнөговийн театр Удвал гуайн “Эмээг хулгайлсан нь” жүжгийг найруулан тавьсан  мэдээ ирэв. Мөд нээлт хийх бололтой. Нэг өдөр Буянт-Ухаагийн нисэхийн буудалд явж байсан Удвал гуай буудлын гадаа зогсож байна. Өмнөговь явж шинэ жүжгийнхээ нээлтэнд оролцох гэж байгаа гэнэ. Их бага албаныхан толгой дохимоглоод л дотогш ороод байна. Энэ үед Удвал гуай ганцхан УИХ-ын депатутын тэмдэгтэй үлдсэн цаг. Урьд нь Удвал гуайн сургаар тосон гүйдэг байсан буудлынхнаас хүн үзэгдсэнгүй.
- Удвал гуай та дээшээ гарч депатутын өрөөнд орооч. Онгоц мөдгүй гэнээ гэсэн жаахан эргэлзсэн маягтай,
- Харин ээ гээд инээмсэглэхэд нь шууд аваад дээш өгсөв. Бид хоёрыг депатутын өрөөнд дөхөн очиход үйлчлэгч эмэгтэй ялдам инээмсэглээд Удвал гуайг сугадан авав. Тэгээд юу болсныг бүү мэд тэгсгээд мартагнажээ. Нэг өдөр зохиолчдын хорооноос яаруухан гарч явтал Удвал гуай Тарва гуай хоёр ирж явна. Тэдэнтэй мэндлээд зөрөх гэтэл Удвал гуай намайг зогсоогоод “Байз гэм чи, жаахан хүлээ” гээд цүнхээ уудлав. Гайхшран байтал олон юмнаас шилж байгаа янзтай, үзэж үзэж гар эсгэм арван төгрөг гаргаад ирэв. Түүнээ чимхэн өргөж харуулаад,
- За чамд их баярласаан. Өмнөговийнхон жүжгийг минь сайхан тавилаа. Олон хүн үзлээ, сайхан байлаа гээд ялдамхан инээмсэглэснээ, нөгөө мөнгөө надад өгөөд, би илүү өгмөөр байна. Даанч хахууль болчих гээд байх юм гэж алиалангуутаа, Тарва ч харж байна гэж егөөдөж амжив. Эл арван төгрөгөөр энэ эрхэм хүн миний хоёр өдрийн үдийн хоолыг дааж байгаа боловч Удвал гуайг ганц удаа атугай ч баярлуулаад, хөдөлмөрийн нь шим , шинэ бүтээлийн нь хишгээс хүртсэн нь надад мөнгөнөөсөө илүү үнэ цэнэтэй зүйл мэт дуурсагдсаар явдаг юмаа.
Зохиогч :
Х.Зандраабайдий

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна