МУ-ын Манлай уяач Ч.Улаан: Аав маань үе дамжин ирсэн гурван нүдтэй загасан тамгаа өгсөн

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 02 -нд

Бүрэн эрх нь дуусгавар болж буй энэ удаагийн парламентын  архаг  уяачдын нэг нь Сангийн сайд асан, МУ-ын Манлай  уяач  Ч.Улаан. Хурдны өлгий Сүхбаатар нутгийнхны итгэлийг  хүлээсэн тэрээр сонгогчдынхоо санал бодлыг сонсож явсаар нэг л мэдэхэд мориор өвчилчихсөн байсан гэнэ. Наадам ойртохоор нойр хоолоо мартаад уяанаасаа холдож чаддаггүй энэ эрхэмтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Таныг нутгийн адууг сайжруулахад багагүй зүйл хийсэн хэмээн Сүхбаатарчууд ярьдаг юм билээ?
Нутаг орныхоо хурдыг сайжруулах зорилгоор Сүхбаатар, Асгат, Баруун-Урт сумд руу цэвэр цусны Тува, Барга гурван ч азарга явуулсан. Түүнээс гадна нэлээд хэдэн жилийн өмнө нэг өвөрмөц туршилтыг Монголд анх удаа хийж байлаа.

-Нууц биш бол тэр тухайгаа дэлгэрүүлээч?

-Францаас гүн хөлдөөсөн үр авчирч Монгол гүүндээ суулган үр төлийг нь гаргаж авсан. Монголд өөр и?м туршилт хийлээ гэж сонсогдоогүй. Ийм аргаар хэд хэдэн төл авсан. Энэ арга технологио бид зохих журмын дагуу баталгаажуулаад гэрчилгээ авчихсан байгаа. Цаашдаа Монголчууд өндөр үнээр адуу импортлох биш харин тэр алдартай хурдтай хүлгүүдийн үрийг  Монголдоо төрүүлж, орчинд нь дасгах явдал юм. Манай уяаны хэсэг нөхдүүд санаагаа нэгтгэж энэ талаар нэлээд юм хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Үнэхээр сонин туршилт байна. Франц адууны төл хэрхэн бойжиж байна. Манай нутагт идээшиж байх юм уу?
Энд төрсөн юм чинь дасалгүй яахав. Гаднаас авчирсан адууны хажууд хамаагүй өөр л дөө. Эцэг нь Европын хурдны болон харайлтын олон удаагийн аварга болж байсан алдартай азарга л даа. Тиймээс бид хоёр ширхэг хөлдөөсөн үр авчирч туршилт хийсэн маань амжилттай боллоо.
Гүү нь аль зүгийнх вэ? Хээлээ тээхэд ямар нэг хүндрэл гарсан уу?
Энэ бол шинжлэх ухааны томоохон  туршилт учраас бид бие дааж хийгээгүй Францын хөдөө аж ахуй мэргэжилтнүүдтэй хамтарч Монголоосоо боловсон хүчин бэлдсэний дараа сая хэрэгжүүлсэн юм. МУ-ын Гавьяат малчин, Тод манлай уяач Г.Сандуйжав, малын эмч Хүдэрчулуун нар явж туршлага солилцсон л доо. Хөлдөөсөн үрийн нэгийг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын гүүнд суулгаж, эр унага, нөгөөг нь Сүхбаатар аймгийн Дарьгангын гүүнд суулгаж охин унаган гаргаж авсан. Төрсний дараах өсөлт бойжилт нь монгол унаганаас хамаагүй хурдан юм билээ.
Гадны хурдан адуу чамгүй өндөр үнэтэй байдаг. Харин хөлдөөсөн үр ямар үнэтэй байдаг вэ? Жишээ нь дээрх хоёр үр хэдий хэрийн үнэтэй вэ?
Дээрх хоёр үрийн тухайд бол ШУ-ын туршилтанд зориулж бэлэглэсэн. Түүнээс биш үр мэдээж тодорхой хэмжээний үнэтэй. Гэхдээ амьд морийг яаж гүйцэхэв. Ойролцоогоор 4000-5000 долларт сайн азарганы хөлдөөсөн үр олдохоор юм байна билээ.
Та бүхний туршилтын үр дүнг мэдэрсэн хүмүүс хөлдөөсөн үр авчруулах талаар санал тавьж байх юм уу?
Одоогоор нэг их захиалга ирээгүй байна. Бид ийм боломж байгааг нотолчихлоо. Одоо үүнийг бизнес тал дээр нь хөгжүүлэхийг анхаарч байна. Ингэхийн тулд хамгийн түрүүн лабораторитай болж, дараа нь азарганы үрийн сонголтыг хийх бололцоотой болгох ёстой. Хаанахын ямар азарганы ямар үр төлийг хэн сонирхож байна тэр дагуу нь захиалга өгөөд үрийг нь авчрах жишээтэй.
Ингэхэд хэзээнээс моринд ингэтлээ хорхойсох болсон бэ?
Морь малтай ойртсон зууралдсан гэвэл их олон жилийн өмнөх юм ярина л даа. Хүүхэд байхдаа "Хөдөлмөр" зусланд амарч эмнэг сурган, морь унаж, гүү саадаг байсан. Бидний үед чинь тийм байлаа шүү дээ. 10-р ангиа төгсөн төгстлөө тэнд ажилласан. Тэр үеэс л адуу малтай харьцаж, сайхныг нь мэдэрсэн байх. Улсад морь уясан гэвэл 2003 онд анх удаа төрийнхөө наадамд өөрийн нэртэй морь уралдуулж байсан.  Тэр жилдээ сайхан наадаж, Архангай, Завхан аймгийн 80 жилээс хоёр айраг авсан. Дараа жил нь улсын наадмаас түрүү хүртэж, “Их хурд”, “Алтан-Овоо”-ны наадамд сайхан наадаж байсан даа. Өнөөдөр улс бүсийн наадмаас олон л айраг түрүү авсан байна. Уяач хүн наадмыг жижиг том гэж ялгадаггүй байх хэрэгтэй гэж хувьдаа боддог учраас бололцооныхоо хэрээр нааддаг.
Ч.Улааны хэмээн цоллуулдаг олон сайхан хурдан буян бий. Ажиглаад байхад голдуу нутгийнхаа адуугаар нааддаг юмаа даа?
Дээр хэлсэн. Хобби гэдгээсээ илүүтэй нутаг орны хурдаа олонд таниулах, сайжруулах нь миний зорилго гэж. Монгол адуу, тэр дундаа нутгийнхаа адуугаар уралдах дуртай. Би хурд сайжруулах зорилгоор л ганц нэг цэвэр цусны адуу авдаг болохоос биш уралдуулдаггүй. Манай нутагт морь ярьдаггүй, морь мэдэхгүй хүн цөөхөн. Миний моринд орсон шалтгаан үүнтэй холбоотой. Сүхбаатар аймгаасаа олон  удаа УИХ-д сонгогдлоо. Тойрогтоо очоод сонгогчидтойгоо ярихаар өөрийн эрхгүй морь ярих хэрэгтэй болдог. Тэгсээр байгаад нэг мэдэхэд моринд хорхойсож, ёстой нөгөө мориор өвчилчихсөн. Хүмүүс мориор өвчилсөн гэхээр эгдүүцэх биш харин аятайхан санагддаг. Морь ярьсаар байгаад хэзээний ах дүүс шиг болчихсон байдаг юм. Ямар сайндаа Алтан-Овооны тахилга наадамд Мөнх-Эрдэнэ Арслан, Тод манлай уяач Г.Сандуйжав нар очиж л дээ. Арслан ирлээ, улсын том цолтой бөх ирлээ гээд нутгийнхан ихэд бэлгэшээж байсан ч Сандуйжав гуайтай ах дүү шиг л халуун яриа өрнүүлсэн байна гэдэг. Манай нутгийнхан ийм л моринд дуртай хүмүүс. Нэг удаа би нутагтаа очоод явж байтал замд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүтэйгээ явж байгаад гараа өргөсөн. Замдаа ярьж байхнээ хүү нь морь унадаг болоод явчихлаа. Тэгэхээр нь “Чи намайг таних уу” гэсэн “Үгүй” гэж байна. Тэгвэл “Аварга зээрд мэдэх үү” гэтэл “Аан Улааны юу” гэсэн. /удтал инээв/ Тэгэхээр морь гэдэг энэ хийморилог амьтантай хувь заяагаа холбож, мориор өвчилж, байгаадаа харамсдаггүй. Морь гэдэг амьтан эзнийхээ хийморийг өргөж явдаг юм билээ. Нээрэн ч морьтой нөхөрлөснөөс хойш миний ажил төрөл өөдрөг бүтэмжтэй байгаа. Ч.Улаан гэдэг хүний нэрийг гаргаж байгаа энэ олон сайхан хурдан буянгуудын маань ихэнх нь нутгийн ахан дүүс, найз нөхдийн сайхан сэтгэл шингэсэн бэлэгнийх.
Гэхдээ таныг үнэхээр хурдан моринд үнэ хайрладаггүй гэдэг юм билээ?
Аль аль нь бий. Олонд алдартай Бүжинхонгор маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Чулуунбаатар гэдэг хүний адуу. Манай эхнэрийн хамаатан байгаа юм. Зүүн бүсийн наадамд айрагдсан хонгор соёолонг бол би дааганд нь худалдаж авсан. Тэгэхдээ энэ бас их учиртай Хонгор соёолонгоо худалдаж авсан нь их сонин түүхтэй. Миний өвөг эцэг, өвөг эцгийн аавд гээд бүгд л үе дамжин морь уяж ирсэн хүмүүс байсан юм билээ. Энэ уламжлал аав дээр маань ирээд тасарсан байсныг би залгуулж 2003 онд Бүжинхонгор маань улс бүсийн наадамд сайхан давхиад би ч моринд нэлээд эрчимтэй орж байх үед аав маань өөрийнхөө багш дээр очиж асуусан байдаг юм. “Хүү маань морь уяж байна. Их хурдтай болох янзтай. Хурдыг нь тогтоож өгнө үү” гэж. Гэтэл багш нь “Танайд хурд тогтооноо. Гэхдээ Бүжинхонгортойгоо ижил  зүсмийн хурдан адуу нутгаасаа авчирч ижилсүүл” гэж хэлсэн. Тэр дагуу нь судалж байтал Асгат сумын наадамд хул хонгор зүсмийн даага түрүүлсэн байсан. Тэгээд өөрөө зорьж очоод худалдаж авсан. Тэр үед аав маань надад үе дамжин ирсэн гурван нүдтэй загасан тамгаа өгч билээ.
Хурд тогтоох даагаа ямархуу ханшаар авсан бэ?
Тэр үедээ л багагүй үнэтэйд тооцогдож байсан юмдаг. Их морины үнэ өгч байж авсан. Тэр үед их насны морь УАЗ-469 мшины үнэтэй байсан. МУ-ын Манлай уяач Гарамжав гуай өөрийн дурдатгалдаа “Морь уяж байгаа хүн их насны нэг сайн адуу худалдаж авах хэрэгтэй байдаг юм” гэж хэлсэн байдаг юм. Үүнийг би их учиртай үг гэж боддог. Аварга зээрд маань үүнийг баталж байна шүү дээ. Сумандаа хоёр түрүүлчихээд байхад нь худалдаж авч байсан юм. Аавын маань холын хамаатны хүнээс авсан болохоор нэг их өндөр үнэ өгөөгүй.
Өөрийн унаган адуугаар уралдах нь уяач  хүний бахархал байдаг. Унаган адуу хэр хурдан байна даа?
Өөрийн унаган адуугаар уралдах гэдэг бол уяач хүний эрхэм хүсэл юм даа. Зөвхөн унаган адуугаар уралдаж баясах биш өөрийн гэсэн угшилтай болох эхлэл нь өөрийн адуунаас бага адуу хурдлах байдаг гэж ахмадууд маань ярьдаг шүү дээ. Ширээтийн цагаан, Дүүдэнгийн хар, Хүүхэн Шүүлэнгийн хээр гэх мэтчилэн эздээрээ овоглогдсон хурдан угшлууд олон бий. Ийм бодол өвөртлөж явдагаа нуухгүй ээ. Дарьганга суманд Точин адуу гэж алдартай угшил бий. Сайн ажиглавал хулангийн хольцтой үүлдэр гэж ярьдаг. Дэл сүүл шингэн, туурай цомцгор, зан ааш эрэмгий дээр нь хурдан.

Мориныхоо байг бусадтай хуваалцдаг уу?
Хуваалцалгүй яахав. Нэг наадмаас хоёр жийп авчихаад  нэгийг нь унаад, нөгөөг нь орон нутагтаа наадам зохион байгуулаад байнд өгчихсөн. Олны юмыг олонтой нь хувааж байх хэрэгтэй. Зарим хүмүүс хурд гаргахгүй гээд адуугаа худалдах дургүй байдаг. Харин миний хувьд тэгж боддоггүй. Олон нийтэд тарж хүлээн зөвшөөрөгдөж байж угшил болдог учраас аль болох олон түмэнтэйгээ хуваалцахыг эрмэлздэг. Тэр утгаараа найз нөхдөдөө морь их бэлэглэнэ шүү. Заримд нь хоёр гурваар нь ч өгнө. Сайн уралддаг азаргаа ч бэлэглэж байсан удаатай.  Гавьяат холбоочин Баттөрт /Мобикомын захирал байсан/ хурдан азаргаа бэлэглэсэн. Сайн санааны үзүүрт тос гэгчээр бэлэглэсэн морьд маань сайхан давхидаг шүү.
Морь уяж байгаа үед хэл ам татлахаас эхлээд олон зүйлийг цээрлэх хэрэгтэй болдог. Гэтэл таны ажил хүний ам дагуулаад байх эрхгүй шүү дээ?
Морь уях төрийн ажил хоёрыг эсрэгцүүлээд байж болохгүй л дээ. Ажил төрлийн шаардлагаар хатуу ширүүн үг хэлэх, өндөр нам дуугарах нь морь малны уяанд хамаарахгүй гэж боддог. Харин өөр санаа агуулан элдвээр хэлж, гүтгэх нь нэг их таатай биш. Ийм зүйл бишгүйдээ л гарч байсан. Ийм үед эмзэглэдэгээ.
Наадмын өдрүүдэд морины уяанаасаа салдаггүй. Ер нь наадмаас хэд хоногийн өмнө уяан дээрээ очдог вэ?
6 сарын эхээр морьдоо бариад эхэлчихдэг. Харин наадмын өмнөх 20-25 хоног бол уяач хүний хувьд хамгийн хариуцлагатай үе. Нойр хоолоо мартан ажиллах хэрэгтэй болдог. Би аливаа юмыг өөрийн гараар хийж байж санаа амардаг муу зантай хүн байгаа юм. Тиймдээ ч наадам дөхөөд ирэхээр уяанаас холдоно гэж байхгүй дээ. Би стадионд бөх үздэггүй. Морь уралдаж дууссаны дараа морь цоллох үед л сүүлийн хэдэн давааг үздэг. Уяач хүн зургаан насны морь айрагдлаа гээд анхаарлааа сарниулчихвал дараагийн морьдын хоолыг тааруулж чадахгүй шүү дээ. 
Уулзсан уяачид маань их сүсэг бишрэлтэй. Ямар нэг бурхны оронд хурдан морины эд зүйлээ дээдлэн шүтэх нь цөөнгүй таарч байсан. Таны хувьд хэр сүсэгтэй хүн бэ?
Манай хадам тал их сүрэг бишрэлтэй хүмүүс байсан учраас манайх өөрийн гэсэн бурхан тахилтай. Гэхдээ өөрийн чинь хэлдгээр манай бурхан тахилд морь их чухал байр суурь эзэлдэг. Сүхбаатарчуудын төдийгүй Монголчуудын шүтээн болсон Алтан-Овооны чулуунаас гадна морины хэмээх Дамдинянсан гэрийн маань хойморт залардаг. Нэг сонин зүйл хэлэхэд манайх таван ам бүлтэй. Түүнээс гурав нь морь жилтэй. Хоёр том охин бид гурав морь жилтэй. Тэр утгаараа ч юмуу охид маань моринд их хорхойтой. Сургуульд байхдаа хүний машинд дайгдаад морь үзэх гээд явчихдаг байсан. Ялангуяа миний дунд охин моринд их дуртай. Бүжин хонгор чинь миний охины морь байгаа юм. Охиныг Бүжинлхам гэдэг. Уг нь Бүжингийн хонгор гэдэг байснаа яваандаа Бүжин хонгор болчихсон юм шүү дээ. Бүжин хонгорт зориулсан дууг Батбаяр дуулсан. FM-ийн хитэд ороод явдаг их сайхан дуу болсон.
Таны хадам эцэг төрд үнэлэгдсэн дархан хүн байсан гэдэг. Тэр утгаараа нүд унагасан нарийн хийцтэй эмээл хазаараар гангардаг уу?
Манай хадам эцэг Балдан-Осор нутагтаа төдийгүй улсдаа нэртэй дархан хүн байсан. 1944 онд Засгийн газрын урилгаар уригдан ирж 10 жил төрийн дархан хийж байсан юм билээ.  Сталины 70 насны ойд зориулан Монголын Засгийн газраас бэлэглэх 70 лангийн цэвэр мөнгөн баярын бичиг гээд түүхэн ховор ховор бүтээлүүдийг хийсэн байдаг юм. Тэгээд 1954 оноос Гандан хийдэд мөн 10 жил дархнаар ажиллаж байсан. Эрдэнзуугийн алтан ганжир оройг хийсэн алдартай хүн. Харамсалтай нь биднийг гэрлэхээс өмнө бурхан болсон учраас надад ямар нэг зүйл үлдээгүй л дээ. Ер нь загасчны морь усгүй гэгчээр дархан хүн бусдад хийж өгдөг болохоос биш өөртөө үр хүүхдэдээ зориулж бүтээх нь цөөн байдаг байх. Эхнэрт маань нэг аяга л байдаг юм. Гэхдээ юм гэдэг их сонин. Манай хадам аав иж бүрэн дөрвөн эмээл хийж байсан юм билээ. Тэрний гурвыг нь төр засгийн захиалгаар. Гэтэл эртний эдлэлийн дэлгүүрээс нэг эмээлийг нь олж авсан. Манайхан бүгдээрээ очиж үзсэн. Он цагийн саалтанд өрөөсөн дөрөө энэ тэр нь алаг болчихсон байсан ч яах аргагүй хийц нь мөн байна лээ. Тэгээд бид ярилцаж байгаад худалдаж авсан. Засаж сэлбээд өөрөө хэрэглэх бодолтой байгаа. Түүнээс биш би нэг эртний эд цуглуулаад, бусад шиг үнэтэй хөөрөг, хэт хутга гээд гангараад байдаггүй л дээ.
Гэхдээ та дээлэндээ нэлээд анхаарал хандуулдаг юм шиг санагддаг шүү?
Аварга зээрд маань анх удаа улсад түрүүлээд цоллуулахад нь шаргал өнгийн дээл хийж өмсөж байсан. Тэр дээлэндээ их хайртай. Одоо хэр нь өмсөх дуртай байдаг юм. Зээрд морины уяачдын наадмын байнд ирсэн улаан хүрэн торгоор мөн бэлгэшээгээд дээл хийсэн. Бас өмсөх дуртай. Драмын театрт оёдолчин байсан Лхагваа гэж хүнээр дээлээ оёулдаг. Манай галынхан бараг бүгд энэ хүнээр оёулдаг.
Ярилцсанд баярлалаа

А.Тэлмэн


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 139.5.219.60

    Энэ ямар бузрын шунал вэ? Улсын нэрээр хөдөөсөн үр үнэгүй хусна. Бэлгэнд авна. Хамаатанаасаа хямд авна. Лам багшаар аргалуулна. Лам багшид л мөнгө төлдөг бололтой.

    Reply