МУ-ын Алдарт уяач Л.Алтангэрэл: Зээрд морь чинь айрагдлаа гэхээр золигнууд тоглож байна гээд тоогоогүй

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Аймагтаа гурав түрүүлсэн халтар азаргатай өвөөгийнхөө хурдан буянг таслаагүйдээ бахархаж, амьтан ах дүүст өгсөн морьд нь бүгд л хурдалж байгаа хэмээн бахдан өгүүлэх Архангай аймгийн Ихтамир сумын харьяат  МУ-ын Алдарт уяач Л.Алтангэрэлтэй яриа дэлгэн хууч хөөрлөө.
-Сайн байна уу? Их сургууль дүүргэсэн биологич хурдан морь сонирхох болсон нь өвөөтэй нь холбоотой юу? Таны өвөө Гомбо гуай нутаг орондоо нэртэй сайн уяач байсан гэдэг юм билээ?
- Миний өвөө хурдан морьд олонтой, морь их сайн уядаг хүн байсан. 40,50-иад оны үед аймгийнхаа наадмын  таван түрүүг нэг дор хүртэж байсан гэсэн. Намайг хурдан морь унахаар нутгийн хөгшчүүл өвөөгөө дуурайвал мундаг уяач болно доо гэж өхөөрддөг байсан. Тэр үгэнд урамшаад ч юм уу Жамъянсүрэн гэдэг хүний халтар морийг гэрийнхнээсээ нуугдан хулгайгаар унаж, 200 гаруй морьдоос 13-т давхиулж өвгөнийг уйлуулж байлаа. Бас болоогүй ээ өөрөө уясан гэж байгаа. Жамъянсүрэн гуай намайг баярлуулах гэж хуушуур ундаа хайж тэрүүгээр энүүгээр баахан явсан нь санаанаас ер гардаггүй юм. Өвөөг маань дурсдаг нутгийн хөгшчүүдийн үгэнд урамшиж, дээр нь өвөөгийнхөө үлдээсэн хурдан морьдыг харж хорхойссоор нэг л мдэхэд морь сонирхдог болчихсон байсан. Өвөөд маань гурав түрүүлсэн үнэхээр хурдан халтар азарга байсан, түүний эр төл болгон нь давхисан даа. Нэг жилийн наадамд гурван төл нь зэрэг айрагдаж байсан ч удаатай. Халтар азаргыг соёолон үрээ байхад нь худалдаж авсан гэдэг юм. Өвөө маань хурдан зээрд азаргатай байсан нь хангайд орчихоод /чононд бариулчихаад/ нутгийн нэг хөгшнөөс азарга адуу дээр нь буугаа өгч байж халтар үрээг өөрийн болгож байсан юм билээ.
- Нэг үрээ азарга адууны үнэ хүрсэн гэхээр хурд нь танигдчихсан адуу байж дээ. Хэдэн онд вэ?
-40, 50 оны үед гэсэн. Би хэдийгээр жаахан байсан ч манай адуу бусдаас өөр гэдгийг мэддэг байсан. Шар хээр, зээрд зүсмийн олон хурдан адуутай байж билээ. Өвөө маань намайг төрөхөөс  өмнө бурхан болж, аав, ээж хоёр маань сумын төв дээр төрийн алба хашиж байсан ч адууныхаа хурдыг таслаагүй. Өвөөгөөс адуу бэлгэнд аваагүй хүн манай нутагт цөөн, өгсөн болгон нь давхидаг гэж ярьдаг байсан. Манай өвөө сайн уяачаас гадна сайн лам хүн байсан. Хэдэн аймаг нийлсэн том хурал удирдаж, Хан-Өндөрийн хүрээг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Өвөөгийн адууны үр төл шар хээр морьд дөрөө тавиад л мордоход урд талынхаа хоёр хөл рүү толгойгоо шаагаад юу ч байсан торолгүй давхидаг байсан. Одоо тэгж хөдөлдөг адуу байхгүй дээ. Хэтэрхий хурднаас нь болоод унах хүн ч олддоггүй байж билээ.
- Морь уяхад биологчийн мэргэжил дөхүү биз?
- Би амьдралдаа гурван зүйлээр бахархаж явдаг. МУИС төгссөндөө, хөнгөн атлетик тэшүүрийн спортоор хичээллэн, их сургуулийн шигшээ багийн тамирчин байснаараа, мөн өвгөдөөс уламжилж ирсэн морь уях эрдэмд тодорхой хэмжээний амжилт гаргаж л яваадаа. Миний мэргэжил өвөөгийнхөө үйлийг үргэжлүүлж, уяач хэмээн дуудуулахад үнэхээр их нөлөөлдөг. Уяач хүн адууныхаа яс, үсийг нэг бүрчлэн мэддэг, жаахан өөрчлөлт ороход л мэдэрдэг байх ёстой. Энэ мэргэжлийн ачаар надад тэр талын авьяас бий. Хими биологиор элсэлтийн шалгалт өгсөн 200 гаруй хүүхдээс эхний тавд шалгарч анагаахын эмчилгээний ангиа авах гэж байтал одоо энэ их хуралд нэр дэвшиж байгаа Эрхэмбаяр ах маань биологичийн мэргэжил сонгуулж билээ. Тэр нь ч оносон байсан. Би чинь уг нь сургуулиа сайн төгсөж, “Азотоор үрждэг буурцагт ургамал” гэсэн сэдвээр дипломоо хамгаалж, магтуулж явлаа. Яагаад гэвэл энэ сэдэв Монголд байтугай дэлхийд дөнгөж судлагдаж эхэлж байсан юм. Түүнээс болоод биотехнологийн хүрээлэнгийн захирал нь намайг авна гэсээр ажилд авсан ч би хөдөө малаа бодоод нэг их удаан ажиллаж чадаагүй. Мөнгө хатуу байхад 700 төгрөгийн цалин авчихаад сонин гарчиглаж, ганц нэг ном уншдаг ажлаа 120 төгрөгийн цалинтай хонь төллүүлэх ажлаар сольчихож байсан хүн дээ би. Нөгөө 100 зусаг нь туранхай гэж тамтаггүй. Хургыг нь хөхүүлэх гэхээр хөхний толгойноос өөр юм баригддаггүй. Тэгэхдээ надад өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү тооц гэдгийг ойлгуулсан. Манай айлын хүн 150 зусагнаас 30 төл авч байхад би 100 зусагнаас 70 төл авч байсан юм. Төлчнөө болиод нэг хэсэг багшилж үзсэн. Дараа нь ганзагын наймаанд явсан. Тэгээд нэлээд сүүл рүүгээ морь уядаг болсон юм шүү дээ. Мориныхон дотроо залууд л тооцогдох байх.
-Гэхдээ л хориод жил болчихсон байна шүү дээ? Та чинь 90-ээд оны сүүлээс морь уясан байхаа?
- 1994 онд юм даа. Монгол улсын Алдарт ?яач Хүрэлбаатар гэж миний хуурай ах байдаг юм. Нэг удаа бид хоёр морь хамт уяж байгаад зүүн талын адуу их хурдан гэнэ үзэх үү гээд Хэрлэнгийн хойд талаар явж адуу үзсэн юм. Манай нутгийн адууны дэргэд хамаагүй том эрлийзчихсэн адуу байсан ? даа. Харсан чинь нэг л сонин бууж өгдөггүй. Хэрлэнгийнхээ урд руу гарсан чинь арай жижигрээд, Галшар тал руу дөхөөд их аятайхан болж байна. Тэгээд Өвгөн ноёнтой хамаатан тэндэхийн Харьтын мэргэн банди хувилгааны зээ хүү Жорвоо гэдэг өвгөнөөс нэг зэгэл үрээ авч, галшарын Аюурзанаас нэг хүрэн үрээ, цаашлаад хэдэн байдас авч, Жорвоо гуайн хоёр бандитай туусаар  Хэнтийн төв рүү ирсэн. Би яараад байдаг, нөгөө хоёр  сэрүү орохоор явна гээд айл хэссээр оройхон гарсан. Тэгээд шөнөжингөө хөөгөөд үүрээр Хэрлэнгийн хөвөөн дээр ирсэн. Цогио алдахгүй давхисаар ирсэн, талын адуу үнэхээр тамиртай байдаг юм билээ. Архангайд нутаг сэлгээд нэг хэсэг тамирдсан. Тэгдэг юм билээ. Уяа даахгүй, хөдөлгөхөөр хөлрөөд тамирдаад.... Тухайн үед юм мэддэггүй байж. Хүчлэх гэж байж буруудахаа дөхсөн шүү. Жорвоо гуайгаас авсан зэгэл үрээ тэр жилдээ хамраас нь нус гоожоод уралдаагүй. Дараа жил нь хязаалан үрээ сумандаа их хурдан байсан даа. Соёолонгийн жилээ уяа сойлго нь их сайхан таарч анх удаа аймгийн наадамд зэгэл үрээ аман хүзүүдэж байлаа. Хавчиг жилээ Тамирын хурдад уралдсан. Өмнө нь олигтой давхихгүй байснаа яг наадмын өдөр 11-р давхисан. Том наадмын адуу өөр байдаг юм билээ. Тэрнээс хойш аймагтаа хэд хэдэн удаа түрүүлж, айрагдсан.
-Улсын наадамд хэзээнээс уралдах болсон юм бэ?
- 2002 онд анх удаа улсын баяр наадамд уралдсан. Ханагар хээр үрээ маань Хүй долоон худагт болдог гурван сунгаанд бүгдэд нь түрүүлсэн. Анхны сунгаанд уралдах гэж байхад нь ийм жаахан амьтан ийм сайхан соёолонгуудтай уралдах л юм байх даа гэж эмээж байсан. Тэгсэн 3-4 км яваад шудраад ирсэн. Ямар сайндаа Даваахүү Тод манлай “ахынх нь Зандан хүрэнг санагдуулаад, сэтгэл хөөрөөд баахан дагачихлаа” гэж байхав.  Тийм сайхан байсан адууг юм мэддэггүйгээсээ болоод баллах шахсан.
- Яаж тэр вэ?
- Наймны Түргэний голын сунгаанд уралдах гэтэл тоос бужигнаад, идэш ус муутай хэцүү байсан л даа. Тэгээд Айдасын даваа орчимд буйдхан хэдүүлээ буучихаад байж байтал Нисэхийн хэдэн уяачид энд сунгана гэж байна. Тэгэхээр нь явдал суудалгүй газар нь аятайхан юм эндээ сунгачихъя гэж бодож байтал Дуламсүрэн Манлай “Чи хээр үрээнийхээ багцааг үзэх гэж байгаа бол Түргэний голын сунгаанд л оролцох хэрэгтэй” гэдэг юм байна. Бид Туулын хөвөөн дээр буучихаад адуугаа шороо идүүлснээ Дуяа манлайд хэлээгүйгээр хөлс авах гэтэл гэдэс нь жаахан дээшээ байна гээд болиулчихлаа. Орой нь нутгаас баахан улсууд ирээд нөгөө хэдтэйгээ гангар гунгар гэж суух зуур манай залуучууд ч бас зүгээр байгаагүй юм шиг байгаа юм. Ядаж байхад тэр шөнө бороотой байсныг хэлэх үү үүрээр 5-6 цагт барьсан нэг цүдийсэн юм зогсож байх нь тэр. Сунгаа 12 цагт эхлэх ёстой байсан. Цаг нь болчихоод байхад аваргууд цугладаггүй юм байна. Тэгэхээр нь дүүгээ явуулчихаад өөрөө багачуулаасаа хөлс авчихаад очтол соёолон гараад явчихаж. Сандрахдаа тэр их хоол идчихсэн адууг халаалгүй том хүүхэд мордуулаад явуулчихсан. Одоо ч баларлаа гээд араас нь давхитал далангийн хойд үзүүрээр шарга азаргатай хамт гараад ирдэг юм байна.
- Эрдэнэчулуун Тод манлайн бага шаргатай юу?
- Тийм. Нөгөө аварга чинь гараад ирлээ гэж хэлэв үү үгүй юу 100 метр орчим яваад нам суусан. Тэгэлгүй яахав дээ. Шороо идсэн адуу хөлрөхөөр хөлсийг нь түгжчихээд байдаг юм. Тэрнээс болоод хээр азарганы хөлд сэв суучихсан. Ирчихээд бөмбөгнөөд хоёр өдөр хавтгай хэвтсэн. Тухайн үед усаар шавшихаа ч мэддэггүй, маргааш нь босгож нэг сайн хөлслөсөн нь харин их аятайхан болсон. Төрийн наадамд хээр үрээгээ уралдуулах хоншоор дутлаа даа гэж бодож байсан ч адуугаа өрөвдөөд уралдуулаагүй. Төрийн наадмын даваа хатуу гэдгийг тэрнээс л ойлгосон доо. Наадам нэгээр дуусахгүй гэж өөрийгөө хатуужуулсан нь онож дараа жил нь би сайхан наадсан. Аймгийнхаа 80  жилд даага айрагдуулчихаад өвөөгийнхөө төрсөн нутаг Завханы 80 жилд очиж уралдсан. Сандуйжав гуайтай их ойрхон буусан л даа. Газраа харахаар дээр нь буумаар, яаж Тод манлай уяачийн тархин дээр буух вэ гэж бодоод доор нь буусан. Сандуйжав гуай “Дүү хэд уралдчихаад явж байна даа” гэж асуухаар нь  хоёр сумын ой, аймгийнхаа 80 жилд уралдчихаад гэтэл “Одоо бас уралдахаар ирж байгаа юм уу” гээд толгой сэгсэрч байсан. Тэгээд бодохоор би ер нь их уяа зөөлөнтэй хүн юм шиг байгаа юм. Цавьдар азаргаа гүйцэд уяж чаддаггүй юм байна гэдгээ тэндээс ойлгосон. Завханы 80 жилийн наадамд гурваар давхиад ирж байхад улам гоё болж ирсэн. Өөр наадам байсан бол уралдах л байсан байх.
- 2005 онд улсын наадмаас айраг хүртсэн шиг санагдаж байна?
- Аймагтаа олон айраг түрүү аваад ирэхээр хүмүүс нь уйдаад, надад ч гэсэн сонирхолгүй болоод ирдэг юм билээ. Тэгээд 2005 онд төрийн наадамд очиж уралдъя, тэр довон дээр л очоод хэвтчихвэл санаа амрах юм байна гэж бодогдсон. Ний нуугүй хэлэхэд зээрд морио айрагдана гэж бодоогүй. Архангай болон Завханы 80 жилд айрагддаг хээр дааганыхаа багцааг үзье л гэж бодсон юм.  Тухайн үед Дууяа ах бид хоёр зээрд морио элбэг 20 гаргаад давхина гэж бодож байсан. Гэтэл дөрөвт давхиад ирсэн. Зээрд морийг барианд орж ирэхэд нь би байгаагүй. Хоёр дүүгээ орхичихоод та хоёр зээрд морио барьж авна шүү гэчихээд би хээр үрээн дээрээ байсан юм.  Өмнөговийн Ханхонгорын Нэргүй гэдэг миний нэг хуурай ах байдаг юм. Цагаан хөтөл дээр зээрд морь 27-гоор давхиж, урагшаа зүтгэж явсан. Дөнгөж л зул задарч байсан үе л дээ. Тархины морьд хошуу татаад жаахан зайлах маягтай явж байсан. Тэгэхэд зээрд морь тонгойгоод урагшаа зүтгэж байсан, эргээд нэг харахад арав руу ороод явчих шиг харагдсан. Тухайн үедээ айрагдана гэж бодсон ч үгүй. Ахтайгаа зээрд морио учиргүй дээр гарч ирж дээ, будлиан хутгана даа гэсгээд сууж байтал “Аагий морио хусаач” гэж байна. “Наана чинь хусах хүн байгаа” гэтэл “Алтангэрэлээ морь чинь айрагдсан байна ш дээ” гэж байна. Золигнууд намайг явуулж байгаа байлгүй гэж бодоод байж байтал манай хоёр дүү “Аагий ах хаачихав, зээрд морь айрагдчихлаа” гэлээ. Тэгэнгүүт “ээ бурхан минь цаана чинь миний морь орчихсон юм байна шүү гээд“ Нэргүй ахыг машинаа асаагаарай, хаазаа өөдтэйхэн нэмнэ шүү” л гээд гараад давхичихсан. Очсон чинь цагдаа нар оруулдаггүй, “цаана чинь морь морь “гээд л зүтгэчихсэн.  Ойлгосон байх л даа, баярласандаа нөгөө уусан 100 гр ч гарчихлаа.  Маргааш нь стадионд цоллуулна, айрагдсан морьд хойно цуглаарай л гэж байна. Хамгийн сүүлд хязаалан мордсон. Хээр үрээгээ харчих санаатай байсан ч амжихгүй болохоор стадион явсан. Тэгэхдээ хүүдээ “наадах чинь айхтар сунгаа үзээгүй ажил дутуу шүү, миний хүү татаж уралдаарай. Дараа нь наадам байхгүй биш хамаагүй шахаж яахав” гэсэн нь буруудсан байна лээ. Морь ирсний дараа банди духаа алгадаад “Аагий ахаас болж байгаа юм эртхэн шахах байсан юм” гээд байсан гэсэн. Нээрэн ч морио цоллуулах гэж очиж байхад ганцхан бараан адуу дундуур нь туучаад явж байна гэсэн нь хээр хязаалан маань байсан юм билээ. Эртхэн шахсан бол ... гэж одоо ч бодогддог юм.
- Тэгээд хэдээр давхисан бэ?
- 14-өөр орсон. Миний хувьд сэтгэл хангалуун байсан, нуугаад яахав. Унаач хүүхэд маань л сэтгэл дундуур байсан юм шиг байгаа юм. 
- Төрийн наадамд морь айрагдуулаад төв цэнгэлдэхдээ цоллуулж байхад юу бодогдох юм?
- Стадионд ороод морио цоллуулж байхад 10 хоног тоосонд дарагдсаны ядаргаа тайлагдах шиг болсон. Аагий чи чихцэлдсэн 20 адууны хаагуур нь ороод ирэв ээ гэхэд нь би дуугүй л инээгээд байж байсан.  Цаана нь оочерлоод байж байна шүү. Улсын наадмын дэвжээ хатуу шүү гэдгийг санууллаа л гэж бодсон. Сайн адуу эзнээ хайж байдаг гэдэг. Зээрд морийг Дууяа ах маань санал болгосон юм. Гайгүй их морь үзүүлсэн. Би зээрд морио хараад л нүдэнд туссан. Үнэ ханшийг нь яриагүй аваад явсан. Нутагтаа аваачаад ганц нэг давхихаар нь “Дууяа ахаа бэлэг байгаа юм биз дээ” гэсэн чинь Дууяа ах “бэлэг” гэсэн. Би Дуламсүрэн Тод манлайг багшаа гэж боддог. Тэгэхээс ч өөр аргагүй. Сайн муу болгоноо байнга асууж зөвлөж байдаг юм.
- Монгол Улсын Алдарт уяач цолоо хэзээ авсан бэ?
- Их Монгол улс байгуулагдсны ойгоор Алдарт уяач цолоо авсан. Төрсөн нутаг усаа, аавынхаа нэрийг тэр олон хүний өмнө дуудуулж, цоллуулна гэдэг сайхан л юм билээ.
- Нутгийнхаа адууны угшлыг сайжруулахаар аймагтаа морин спорт уяачдын холбоо байгуулан дөрвөн жил тэргүүнээр нь ажилласан байхаа?
- Намайг тэргүүнээр нь сонгогдоход Архангай аймгийн морин спорт, уяачдын холбооны ажил нь тиймэрхүү байсан. Миний моринд ид орж байсан үе. Морины хорхойтой хэдэн залуу нийлж намайг тэргүүнээр нь тавьсан. Тэр  дөрвөн жил холбооны ажлыг сайхан авч явсан. Олон залуучуудыг моринд оруулсан. Морины үнэ цэнийг мэдрүүлсэн. Алдарт, Манлайгуудынхаа алдрыг тэмдэглэж бэсрэг наадам зохион байгуулсан. Жил бүр хийдэг тогтмол уралдаантай болсон. Аймгийнхаа бүх уяач алдартнуудыг тэмдэгтэй болгосон. Мөн ахмад уяачдынхаа алдрыг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Наадмаа зөв зохион байгуулж, жудагтай хийдэг болсон гээд яриад байвал багагүй ажил хийсэн. Намайг улируулан томилно гэж байсан ч би залуустаа боломж олгоод татгалзсан. Тухайн үед гэр бүлийн маань хүн өвчтэй байсан учраас хот бараадахаас өөр аргагүй болсон юм.  Хань маань бөөрний дутагдалд орж сандарч байсан  ч Говь-Алтай аймгийн Бигэр сумын элс сайн гээд тэр нутагт хоёр жил дараалан эмчлүүлсэн.  Сайн юм билээ. Одоо хэр барагийн юм ярихаа больсон. Бөөр нь дөнгөж өвдөж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Голь-Алтайн Бигэрийн элс үнэхээр сайн юм билээ.
- Гийнгоо дуутай наадам асуй. Архангайнхаа чимчигнэсэн айргийг хэр санаж байна даа?
- Манай нутаг айргаараа ч, архиараа ч алдартай. Монгол архи нь айрагнаасаа дутахааргүй нэр хүндтэй. Монгол архи нэрнэ гэдэг асар их хөдөлмөр шаарддаг. Гэхдээ түлш, ус нь гаднаа байдаг хангай газар учраас харьцангуй гайгүй л дээ. Манай Тамирын айраг нэг их тос даагаад байхгүй мөтлөө уруул чимчигнүүлсэн сэнгэнэсэн айраг байдаг юм. Айраг өвс ургамалаа дагадаг гэж үнэн шүү. Өдийд хүн болгон л айрагны мөрөөдөл болчихсон хоног өдөр тоолоод сууж байгаа байх. Би ч ялгаагүй.
Ярилцсанд баярлалаа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна