Олон улсын морин тойруулгын стандарт

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд их хурдацтай хөгжиж байгаа. Үүнийг дагаад европ маягаар, дэлхийн жишигт нийцсэн морин тойруулга барих тухай асуудал ч сөхөгдөх нь гарцаагүй. Монголчуудын төдийгүй гадаадынхны нүдийг хужирлах уралдаан зохион байгуулахын тулд дэлхийн стандартын дагуу морин тойруулга барих хэрэгтэй. Иймд уншигч танд морин тойруулгуудын нийтлэг стандартыг товч танилцуулж байна.
Орчин үеийн морин тойруулга нь хатирч болон уралдааны морьдын уралдааныг зохион байгуулж, явуулахад зориулагдсан цогц байгууламж байдаг. Үүнээс гадна морин тойруулга дээр үүлдэр сайтай морьдын үзэсгэлэн худалдаа явагддаг. Морин тойруулгыг оросууд ипподром, англичууд нippodrome racecourse гэдэг.
 
Зорицлалтын хувьд морин тойруулгыг дараах байдлаар ангилдаг 

  - Зөвхөн уралдааны морьдын
  - Зөвхөн хатирч морьдын
  - Хосолсон

Уралдааны морин тойруулга

Уралдааны морьдын тойрог нь 1600 метрээс багагүй урттай, 15 метрээс багагүй өргөнтэй, барианы хэсгийн шулуун нь 400 метрээс багагүй байх ёстой. Дашрамд сонирхуулахад дербигийн уралдааны зам нь 1,5 миль буюу  2414 метр урттай байдаг.
Уралдааны зам нь зүлэгтэй, эсвэл элсэн байж болох ба 500 метрийн урттай хэсгүүдэд хуваадаг. Түүнчлэн хэсэг тус бүрийг морьд хэрхэн туулж байгааг шүүгчдийн комисс бүртгэн авдаг байна. Ингэж 500 метрийн урттай хэсэг болгон хуваах нь уяач болон жокейд морины хүчийг бариа хүртэл зөв зохицуулах таатай боломж бүрдүүлж өгдөг. Харин манай хойд хөршид уралдааны замыг 400 метрийн урттай хэсгүүд болгон хуваадаг.

Хатирч морьдын тойруулга

Хатирч морьдын тойруулга нь 15 метрээс багагүй өргөнтэй, 80 метрээс багагүй урттай, барианы шулуун нь 250 метрээс багагүй урттай байна. Хатирч морьдын уралдааны зам нь гантигийн үйрмэг, шороо, асбестийн үйрмэг, бороотой үед ч нордоггүй тусгай бүрхүүл гэх мэт төрөл бүрийн гадаргатай байдаг. Зарим морин тойруулгат үндсэн замтай зэрэгцүүлэн төрөл бүрийн гадаргатай халаалтын туслах замуудыг байрлуулсан нь бий.
Морин тойруулгын эргэлтийн хэсэг дээр төвөөс зугтах хүчний нөлөөг давж гарахын тулд морьдын хурд мэдэгдэхүйц саардаг. Энэ нөлөөг аль болох багасгахын тулд эргэлттэй хэсгийг тойруулгын төв рүү 10-12 хэм налуулдаг аж. Үүнээс гадна уралдааны замын дотор дээр дурдсан 400-500 метрийн урттай хэсгүүдийн гараа бүрийг тэмдэглэх тэмдэглэгээнүүд бий. Зарим нэг томоохон морин тойруулгуудад тойрог дотор стипл чейз буюу саадтай уралдаанд зориулан замыг нь тусгайлан засдаг.
Үзэгчдийн суудал нь уралдааны барианы хэсгийн дагуу байрладаг бөгөөд  шүүгчийн өндөрлөг барианы баганы эсрэг талд байрлана. Үзэгчдийн суудлын ойролцоо морьдыг эмээллэх, хатирч морьдын уралдааны үед морьдыг тэргэнд хөллөх тусгай газрыг байгуулдаг. Мөн энд жокей нарыг жинлэх гэх мэт уралдааны бэлтгэл хангах  техник үзлэгийн байр ч бий.
Морин тойруулгат эсвэл түүнээс холгүй газар жүчээ, мал эмнэлэг, карантиний байр, дарханы газар, арын албаныхны  байр байдаг. Орчин үеийн морин  тойруулгууд нь уралдааны видео бичлэг хийх, хатирч морьдын явдлыг хяналтын систем, фото бариа, харилцан мөрий тавих автомат систем, автомат гараа, үзэгчдэд мэдээлэл өгөх электрон дэлгэц зэрэг уралдааны талаарх бүх л төрлийн шаардлагатай мэдээллээр хангахад зориулагдсан техник хэрэгслүүдээр бүрэн хангагдсан.
Товчхондоо бол морин тойруулга нь дээрх стандартад нийцсэн байх ёстой. Харин асар их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг, саятнууд, сайд ноёдууд уулздаг газар болсон морин тойруулгыг стандартад нийцсэнээс гадуур яаж зохион байгуулахыг зөвхөн эзэн нь мэдэх хэрэг.

Манай хойд хөршийн бүх морин тойруулгууд нь зөв эллипс буюу зууван хэмжээтэй байдаг бол баруунд тойруулга цэвэр бэлгэдлийн шинжтэй учраас хэлбэр нь тун өвөрмөц. Үүний нэг жишээ нь Английн морин тойруулгууд юм. Ньюмаркетийн морин тойруулгын уралдааны зам нь 2 ба ¼ милийн урттай   байх ба баруун талруугаа эргэн барианы шулуун руу оруулдаг ганцхан эргэлттэй. Ийм зам нь алхаа урт, бие томтой морьдод давуу талтай. Бараг шахуу шулуун учраас гараан дээр тойргийн төвд ойрхон байр эзэлсэн үү үгүй юу гэдэг нь чухал биш. Эргэлтийн дараах барианы шулуун нь илүү хурц өнцгөөр эргэсэн өөр нэг салаатай. Ньюмаркетийн өвсөн зам нь гараанаас эхлээд уруудсаар яваад эргэлтийн өмнө огцом өгсөж, дараа нь долгиолсоор яваад ахин уруудаад барианы өмнөх сүүлийн фарлонг /1 фарлонг-201 метр/ хүрээд дээшилж эхэлдэг болохоор энэ хэсэгт морьд гол төлөв гишгэдэл алддаг.
Ер нь морин тойруулгын замын гадаргуу нь уралдааны үр дүнд ихээхэн нөлөөлдөг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Жишээлбэл Эпсомын ипподром буюу морин тойруулга юм. Энэ морин тойруулга дээр Английн улирлын гол уралдаан Дерби болон гурван настай гүүний Окс нэртэй  зартай уралдаанууд явагддаг. Эпсомын морин тойруулгын зам нь U хэлбэртэй бөгөөд урт нь 1,5 миль. 2 ба 1/4 милийн уралдаан болоход хашлагаар хашиж тусгаарлаагүй дотоод зам?г ашигладаг бөгөөд энэ замыг Метрополитэн Курс гэдэг. Дашрамд сонирхуулахад морин тойруулгын замын эргэлт, нугачаа болгон өөр өөрийн нэртэй байдаг. Ингээд 2, эсвэл ¼ милийн замд уралдах болоход морьд гарааны баганын дэргэдээс эсрэг тийшээгээ гараад, Тоттенхэмийн эргэлтийн өмнө баруун тийш дотоод зам руу эргээд 8, эсвэл ½ фарлонгийн тэмдэглэгээний орчим үндсэн зам руу ороод барианд ордог. Дербийн үед уралдаан нь нуман хэлбэртэй замаар явагддаг бөгөөд замын эхний 800 метр нь мэдэгдэхүйц өгсүүр, дараа нь 400 метр орчим тэгш явна. Дараа нь Тоттенхемийн эргэлт хүрч, цаашлаад сүүлийн 200 метр хүртэл уруудаад дахин огцом өгсүүр болно. Энэ замын барианы шулуун нь 4 фарлонг буюу 800 метр байдаг.1200 ба 1400 метрийн уралдаанд морьд тусгай салаа зам дээрээс гардаг бол 1000 метрийн уралдаанд шулуун зам дээрээс гардаг байна. Эпсомын богино зайнд морьд уруу зам дээр уралддаг учраас үзүүлэлт сайтай байдаг. Ерөнхийдөө дунд зэргийн биетэй, жолоо сайн мэдэрдэг морьд давуу талтай гэж ойлгож болно. Харин уртын зайн уралдаан морьдын хүч, тэсвэрийг жинхэнэ шалгадаг. 2400 метрийн уралдааны үед гараанаас эхлэн өгсдөг бөгөөд чадалтай морьд л энэ хэсгийг тэргүүлдэг. Харин урууддаг хоёр дахь хэсгийн зам жолоо сайн мэдэрдэг дунд зэргийн биетэй адуунд ээлтэй. Алхаа томтой, чац ихтэй морьдод уруу замын эргэлт тийм ч хялбар бус байдаг нь анзаарагддаг. Тэгэхээр Эпсомын Дербид нэлээд чадварлаг хүлэг л түрүүлдэг нь ойлгомжтой болж байгаа биз. Олон жилийн дундажийг харахад ялагчид сайн үүлдэр, угшилтай шилдгүүд байдаг нь үүний давхар нотолгоо болно.
Английн гурвалсан цомын гурав дахь уралдаан явагддаг Донкастерийн морин тойруулга нь 3000 метрийн урттай, дусал хэлбэртэй. Барианаас 1,5 милийн зайтай бөгөөд бага зэрэг  өгсүүрийг эс тооцвол тэгш гадаргуутай. Эргэлтийн радиус их учир чац ихтэй, алхаа томтой, зай сайн барьж чаддаг морьдод тун тохиромжтой зам юм. Дашрамд сонирхуулахад Англид тогтмол ажиллагаатай 40 гаруй морин тойруулга байдаг  аж. Европын бусад орнуудын морин тойруулгууд  Английнхаас арай тэгш гадаргуутай. Тойрог нь илүү зөв хэлбэртэй байдаг. Мөн уралдааныг үзэхэд тохиромжтойг бодолцон гараа нь барианы талаас бага зэрэг өндөр байх жишээтэй. Харин Америкийн морин тойруулгууд нь гадаргуу, тойргийн хувьд Европынхтай төстэй ч богино болон дундын зайны уралдаан илүүтэй зохиогддог учраас гарааны хурданд анхаарал тавьдаг. Замын хучилтын хувьд байнга услан тэгшилж байдаг элсэн зам олон байдаг ч өвсөн замтай ч бий. Америкийн морин тойруулгуудын дийлэнх нь жокей клубууд, эсвэл хурдны морь үржүүлэгчдийн холбооны мэдэлд байдаг. Морин тойруулгын удирдлага нь нэг ерөнхийлөгч, эсвэл хоёр дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер, нягтлан, нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Харин Европын улс орнуудад хурдан морины уралдаантай ямар ч хамаагүй үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд тойруулгыг эзэмшдэг. Азийн улсуудад Европ маягийн морин уралдаан хөгжөөд удаагүй ч асар хурдацтай өсөж буй. Ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Гонконг, Сингапур зэрэг улсын уралдааны шагналын сан асар өндөр байдаг болохоор Европ, Америк, Австралийн морин тойруулгуудад ялагч болсон морьд, жокей нар ирж оролцох болсон байна. Улмаар сүүлийн үед хийгдсэн болохоор Азийн морин тойруулгууд нь техник тоноглолын хувьд хамгийн сүүлийн үеийнх байдаг. Японы бүх морин тойруулгууд нь өвсөн ба элсэн хучилттай замтайгаас гадна саадтай уралдааны замтай. Токиогийн морин тойруулгын зүлгэн замын урт нь 2100 метр, өргөн нь 36 метр. Элсэн хучилттай зам нь дотор талдаа байрладаг бөгөөд арай богино буюу 1900 метр урттай, 27 метр өргөнтэй байдаг. Киото, Накаяма, Ханьшин зэрэг хотуудын морин тойруулгууд бүгд дээр дурдсанчлан стандарттай бөгөөд гурван шатлалтай үзэгчдийн индэртэй. Сөүлийн морин тойруулга гэхэд мөн л хоёр замтай  олон давхарга бүхий зохиомол хучилттай байдаг. Тэрхүү хучилтынх нь дээд тал нь элс, дун хэсэгтээ элс, давстай хольсон гантигийн үйрмэг, голын буталсан хайрга, доод хэсэгтээ хөрс оржээ. Хөрсөнд нь ус зайлуулах хоолой, сувгийг байрлуулсан байдаг. Азийн бүх морин тойруулгууд улсын мэдлийнх байдаг ч Европ, Америкийнхаас дутахааргүй ашигтай ажилладаг гэдэг. Дээр Англид 40 морин тойруулга байдаг тухай хэлсэн. Тэгвэл Францад 250 морин тойруулга ажиллаж байдаг. Тэдний дийлэнх нь захын мужуудад байдаг. Манайхаар бол хөдөө гэсэн үг. Харин хамгийн зартай том морин тойруулгууд нь Парис хотыг тойрон байрладаг. Жишээ болгоод Парисын ойролцоох Венсений ойд баригдсан хатирч морьдын уралдааны тойруулгын талаарх товч сонирхуулъя. Энэ морин тойруулгад жил болгон 152 өдөрт нь уралдаан явагддаг. 50 мянган хүний багтаамжтай шиллэсэн индэртэй. Нийтдээ 2500 хүний багтаамжтай кафе, зоогийн газрууд, 10 минут тутамд уралдааны талаарх мэдээлэл гарч байдаг том дэлгэцтэй, тэдгээрийн хамгийн том нь уралдааны замын төвд байрладаг байна.  Хурдан морины уралдаанд зориулсан таамаг, рейтинг зэргийг гаргасан хэвлэл их хэмжээгээр зарагддаг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна