Монгол улсын харцага Г.Намсрайжав: Давсан хэрнээ С.Цэрэн аваргаас айгаад, тахимаа өгчихсөн

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Энэ удаагийн “Гарьд магнай”-н зочин маань Монголдоо хоёрхон байдаг бөхийн нэг. Ингээд хэлэхээр манай сонины байнгын уншигч та харцагуудын дотор тийм хүн хэнсэн билээ хэмэн ухаанаа уралдуулж суугаа байх. Монгол бөхөд удам юунаас ч илүү эрхэм байдаг. Удам залгах, шийрийг минь хатаах бөх хүү төрлөө хэмээн улаан нялзрай хөвгүүдээрээ бахархан цээж дэлдэх нь эртний ёсон. МУ-ын начин Ж.Гэлэг 1950 онд Дархан аварга Ш.Батсуурийг /улсад хоёр жил түрүүлээд байхад нь/ тавын даваанд өвдөг шороодуулж 29 настай улсын начин болж байжээ. Хачирхалтай нь түүний хүү энэ удаагийн маань зочин Г.Намсрайжав ч аавынхаа энэ амжилтыг давтаж 29 настайдаа улсын начин цолыг хүртжээ. Мөн түүний ах Г.Даваасамбуу нь улсын арслан Ж.Хайдаваар тав давж улсын начин цол хүртэж байсан. Ийнхүү цэг хүү, гурвуулл улсын цолонд хүрсэн нь Ж.Гэлэг начин, Д.Долгорсүрэн зааныхаас өөр байдаггүй. Тиймдээ ч Монголдоо хоёрхон хэмээн онцолсон нь энэ юм.


Таны бага насны талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Олон хүүхэдтэй айлын хүүхэд гэсэн. Мэдээж багадаа барилдаж ноцолддог байсан байх даа?
Би Увс аймгийн Ховд суманд Гэлэг начны зургаа дахь хүү болон мэдэлсэн юм. Уг нь эхээс 11-лээ л дээ. Аав маань аймагтаа гурав, сумандаа зургаан удаа түрүүлсэн улсын начин цолтой алдартай бөх байсан. Мөн ээжийн маань дүү Монтой гэж сайн бөх байсан. Тиймээс хоёр талаасаа бөхийн удамтай гэж хэлж болно. Манайх чинь найман хүүтэй байсны зургаа нь барилддаг байсан бөгөөд хоёр нь сумын заан, нэг нь сумын начин, хоёр нь улсын начин цолтой. Намайг бага байхад манай суманд аймгийн начин Балжинням гэж их том хүн байдаг байлаа. Нутгийнхан тэр хүнийг их бяртай, Баянмөнх аваргатай барилдсан, би ч дотроо энэ ах шиг бөх болох юмсан гэж тэр хүнээр бахархаж, битүүхэн мөрөөддөг байсан юм. Тэгээд мөрөөдөл маань биелсэн дээ. Би 9-р ангид  байхдаа хотод суурьших болж ах Г.Даваасамбуугаа даган улсын начин Д.Баатаржав багшийн секцэнд орж самбо, жудогоор хичээллэх болсон юм. Тэндээс л анх бөхийн гараагаа эхэлсэн дээ. Тэнд хоёр жил яваад аравдугаар ангиа төгсөөд хотоос хол пуужингин ангид цэргийн алба хаасан юм. Анги маань хамгаалалт чангатай байсан болохоор казармаасаа ч бараг гардаггүй, барилдаж ноцолдохын тухайд бол ярих ч юм байхгүй байсан. Цэргийн гурван жилийг шал дэмий өнгөрүүлсэндээ одоо харамсдаг.
Таныг цэрэгт байхдаа “Алдар” нийгэмлэгт орох гэтэл Увсынх гэдгээр чинь шалтаглаад аваагүй гэдэг Энэ ямар учиртай юм бэ?
 Тиймээ. Цэрэгт байхдаа Ах дүү армиудын тэмцээн гэж гурван сар гадуур бэлтгэл хийж байхад ?вгөнхүү багш буцаагаад ангид хүргэж өгөөд одоохондоо ангидаа байж бай, эргэж ирж авна гээд л явсан чинь ирээгүй. Яагаад ирээгүй учрыг сайн мэдээгүй л дээ. Харин хааяа хулгайгаар “Алдар” нийгэмлэг дээр ирж байгаад аваргад баригдаад буцдаг байж билээ. Гэхдээ яг Увс энэ тэр шатагласан гэж бодохгүй байна.
Анхны барилдаан хатуухан санагдаж байсан биз?
 1976 онд улсын баяр наадмын нэгний даваанд аймгийн арслан цахилгаан Мөнхөөг, хоёрын даваанд усын начин Нямжавыг даваад, гурвын даваанд Цэрэн аваргад унаж байлаа. Тэгэхэд би аравдугаар ангид байсан юм. Би чинь аваргуудаас Баянмөнх, Цэрэнтогтох, Хадбаатар, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар гээд эрт одоогийн бүх л аваргуудтай гар зөрүүлж, хаях үед нь хаяад, унах үед унаж л явсан хүн шүү. Бөх хүний хувьд мэдээж барилдаан болгон л хэцүү байдаг байсан. Ардын хувьсгалын 67 жилийн ойгоор долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад унаж, 29 настай улсын өсөх идэр начин цол хүртсэн маань л сэтгэлд их тод үлдсэн дээ.
Цэрэн аварга гэснээс 1980-аад оны үеэр байхаа. Таныг С.Цэрэн аваргыг унагахад унасанаар тооцсон гэдэг?
 Нэг тийм юм болсон шүү. 1982 оны баяр наадмаар дахиад С.Цэрэн аварга намайг гурвын даваанд амлаж авсан юм. Тэгэхэд би самбын хутгаагаар суугаа хутгасан чинь С.Цэрэн аварга давуулж гуядаад дороо хийчихсэн. Тухайн үед засуул “аварга давсан” гэсэн. Тэгээд ч тэр үедээ залуу бөх бөйсан болохоор учрыг нь ойлголгүй тэр чигт нь орхисон. С.Цэрэн аварга ч гэсэн “дараа ах нь тус болно” гэсэн ч бид хоёр дахиж барилдаа ч үгүй, тус ч болоогүй өнгөрсөн дөө. Аваргаас эмээгээд юу ч хэлж чадахгүй тахимаа өгч билээ. Гэсэн ч аав маань Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор Батпүрэв аваргыг давж, 1982 онд манай ах Даваасамбуу би 1988 тус тус начин болж байсан юм. Улсын хэмжээнд аав хүү гурван улсын цолтой яригддаг болохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм.
Тэгвэл удам сайтай гэр бүлээс залуу бөх бэлтгэгдэж байгаа болов уу
 Миний нэг хүү бий л дээ. Залуучуудын барилдаанд барилдаад л явж байгаа. Өөрөө их сонирхолтой юм шиг байна лээ. Яваандаа барилдах байх гэж бодож байгаа. Миний хувьд хүүдээ багаас нь бага сага юм зааж, гимнастикийн секцэнд хүртэл явуулж, уян хатан суулгаж өгсөн. Тэр нь ч их нөлөөлсөн байх. Үеийнхээ хүүхдүүдээс харьцангуй гайгүй юм шиг харагддаг юм. Цаашдаа болох байлгүй дээ.
Харцага маань сүүлийн үед юу хийж байгаа вэ. Энд тэндхийн барилдаануудад бараг үзэгдэхгүй юм. Зодог талаагүй биз дээ?
 Сая 800 жилийн ойгоор Дархан, Эрдэнэтийн наадамд гурав давсан. Улсын баяр наадмаар гурвын даваанд Сүхбаатар аймгийн арслан Мөнгөнбаатарыг амлаж аваад унасан. Ийм л гурван барилдаанд барилдах шив дээ. Уг нь бол зодог тайлаагүй. Гэхдээ тайлахад хэзээ л бол хэзээ бэлэн байгаа. Яахав энд тэнд барилдахад нэг хоёр давах л байх л даа. Тэгэхээр чинь залуучууд дороосоо хасагдаад барилдаж чадахгүй юм. Тиймэрхүү бодлоос болоод барилдаж чадахгүй байгаа. Манай хүү ч гэсэн “аав та барилдаж яах юм, таны оронд өөр залуу хүүхдүүд барилдаг” гээд намайг загнаад барилдуулдаггүй юм. Одоо чинь хааяа нэг болдог барилдаанд харьцангуй олон бөх ордог. Тиймээс барилдаан эхлэхээс хоёр цагийн өмнө шигшигдээд ордог болчихсон байна лээ. Гайгүйхэн цолтой, цөөхөн хүмүүсийг барилдуулдаг болсон учраас хөдөө аймгуудаас ямар нэгэн аргаар цол авч зааланд барилдах сонирхолтой хүмүүс олширсон байна шүү дээ. Хасагдаад байгаа залуучууд нь хүртэл яаж ийж байгаад цол авчихвал зааланд хасагдахгүй барилдана гэсэн ахар ойлголттой болчихсон байна. Тэгээд нэг аймаг руу очоод чадсан чадаагүй аймгийн начин цол авчихаад зааланд давж чадахгүй байх жишээтэй. Үүн дээр олон залуусыг яаж барилдуулах талаар Бөхийн холбоо тодорхой бодлого явуулмаар байна. Би энэ намраас Баянмөнх аваргын сургуульд үндэсний бөхийн багшаар ажиллаж, залуучуудад хичээл заагаад л, заримдаа өөрөө дунд нь орж барилдчихаад л явж байна даа. Ер нь бөх болох сонирхолтой хүүхдүүддээ хэлэхэд сонирхол байхын зэрэгцээ тэвчээртэй, хөдөлмөрч байж л бөх болно ш дээ.
Бөхийн холбоо ойрдоо нэлээд асуудалтай байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Ахмад бөхийн хувьд ямар бодолтой байгааг сонирхмоор байна?
Энэ бол цэвэр дээд удирдлагатай холбоотой. Удирдах хүмүүс нь хоорондоо албан тушаал , бөхийнхөө өргөөг булаацалдаад ийм асуудал гаргаж байгаа. Тэрнээс биш бөхчүүдэд ямар ч асуудал байхгүй. Бөхчүүд бол барилдаантай гээд зарлахаар ирж барилдчихаад явахаас холбооны бодлого, дотоод явдалд оролцдоггүй. Цэцийн гишүүд л бүх юмыг шийддэг гэсэн шүү дээ. Цэцийн гишүүдээ гүйцэд сонгож чаддаггүй, зарим нэг  зөв ярьдаг хүмүүсээ хасдаг, оронд нь өөрийнхөө үгнээс гарахгүй хүнээ тавьдаг будлиан байдаг юм шиг байна лээ. Одоогийн энэ удирдлага 16 жил боллоо ш дээ. Ганцхан Нямдорж байгаа биш, чадахгүй бол халж болно. Цаад хүн нь ч гэсэн ямар бурхнаас заагаад зурчихсан биш чадахгүй байж өөрийнхөө саналаар больчих хэрэгтэй байхгүй юу. Жишээ нь гэхэд л би анхны  цэцийн зөвлөлийн гишүүн. Нгэ мэдсэн чинь байхгүй гэсэн шалтгаанаар утсаар яриад таньдаг хүмүүсээ сонгочихсон байна лээ.
Саяхан Монгол бөхийн нэр хүндэд халгаатай “допинг”-ийн асуудлаар хэд хэдэн цол чимгийг хураах талаар яригдаад авсан?
  Энэ талаар сайн мэдэх юм алгаа. Би өөрөө өгөөгүй болохоор мэдэхгүй ш дээ. Өгсөн бол би өгсөн, тэд нар хэрэглэсэн гээд хэлмээр л байна. Тэгээд ч яг идэж ууж байгааг нь хараагүй болохоор ийм тийм гэж ярих хэрэггүй гэж бодож байна. Цол чимгийн тухайд анх удаа л ийм зүйл яригдаж байна. Энэ нь нэг талаар тэр хүмүүсийг улам хурцалж өгнө, эсвэл бүр доошоо орох хоёр замтай болгох байхдаа. Гэхдээ зарим нэг хүний хувьд хор шар хөдлөөд, барилдаан нь сайжирч, хурц болдог шүү дээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна