Н.Цэрэндулам: Хүү нь бөх болсон

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 27 -нд

-Сэтгэлийг тань эмзэглүүлж байгаад уучлаарай. Гэхдээ бөхдөө хайртай монголчууд таны хань, таны хүүг өнөө хэр дурссаар байдаг?
-Тиймээ, бөх хүн наадмаар нас барна гэдэг чинь хамгийн аймшигтай. Наадмаар барилдана гээд бэлтгэлд явсан хүнийг байхгүй болчихсон гэдгийг сонсоод тэнгэр нураад ирэх шиг л болсон. Уг нь усанд загас шиг л шумбадаг байсан юм. Хүн тэгээд ер нь ус, галыг эрдэж болдоггүй гэдэг үнэн юм даа. Дэлгэр мөрнийхөө хөвөөнд бэлтгэл хийж байгаад халуун байсан учраас хөлсөө дарах гээд хоёр дахь удаагаа усанд ороод живсэн байгаа юм. Уг нь Булганаас 20 литр айраг захиж авчруулаад, идээ засч, вааранд хийгээд сууж байхад ийм зүйл боллоо гэхээр нь ерөөсөө итгэхгүй байсан. /уйлав/ Миний хүү чинь аавыгаа улсын баяр наадамд түрүүлж ирсэн орой төрсөн юм. Тэгээд баяраар төрсөн болохоор нь бид бэлгэшээж Баяраа гэдэг нэрийг өгсөн. Харин миний хүүг заан болоод ирсэн орой нь хүү Төмөрмагнай нь төрсөн юм.
- Хүүгийн тань осолдсон газар өмнө нь ч бас хүн өөд болж байсан гэдэг юм билээ?
- Харин тийм гэсэн. Бид ч хэзээ хойно л дуулсан л даа. Ер нь тэнд жилийн жилд хүн өөд болдог юм гэнэ билээ. Тэр газар нь хуучин бирвааз явдаг байсан болохоор том том нүхнүүд үлдснийг хүмүүс мэдэхгүй их осолддог байсан гэсэн. Одоо тэгээд энэ муухай юм үүгээр л дуусаасай гэж эгч бодох юм даа. Хойч үеийнхэндээ дохио болгон захиж, хүний алтан амь дахин бүү үрэгдээсэй гэсэндээ тэр газарт хүүгийн маань дурсгалын самбарыг босгосон байна лээ, найз нөхөд нь.
- Улс нийгэмдээ данстай, уран сайхан барилдаантай Гарьд хүүгийнхээ талаар гэгээн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Уйлган голынхоо дэнж дээр тугал бяруугаа хариулж, загас жараахай хөөж, мод түлээгээ бэлдэж л бага насаа өнгөрөөсөн хүү дээ. Миний хүү шулуун шударга, их наргианч нэгэн байсан. Хөгшин ээжийн хүмүүжлээр өссөн учраас манай хүүхдүүдээс хамгийн дуулгавартай, хүмүүжилтэй нь Баяраа. Хүнтэй бүтэн үг сольдог, ёс төр мэддэг, эмээгийн школоор хүмүүжсэн эмээгийнхээ амин сүнс нь байсан юм. Дамдин бид хоёр эгч ах хоёр нь юм шиг л байсан даа. Эмээгээ Дарь бабушка гэж дууддаг байж билээ. /уйлав/ Багадаа их эрх хүүхэд байсан. Ямар сайндаа л нэгдүгээр ангид орсон жилээ унтаж байгаад хичээлээсээ хожигдох болохоороо эмээдээ эрхлээд үлдчихдэг байсан. Их хөгжилтэй, ер үргэлж л хүмүүсийг инээлгэж явна. Тэр талаар онигоочин, цэргийн начин А.Тэгшээ “Арслангийн дайтай гарьд минь” гэж сонины нэг дүүрэн дурсамж бичсэн байсан. Ааваасаа их айж, эмээдэг хүү байсан. Нэг удаа аав нь уурлаад алгадаад авсан чинь хүү “аав минь алгадмаар байвал алгад, зодмоор байвал зод, би сууж л байя” гэсэн нь аав нь “золиг чинь ер тоохгүй, бөөс хазсан чинээ байна” гээд инээгээд уур нь гарчихаж билээ. Уг нь аав нь циркийн жүжигчин болгоё гэхэд эмээ нь дургүйцээд болиулчихсан юм.
- Нээрэн Баяраа Гарьдыг түүх сайн мэддэг гэж үе тэнгийн бөхчүүд нь ам булаалдан дурсах юм билээ?
- Тэр талаараа манай Баяраа гаргууд. Ном их уншина, уран зохиол түүх сайн мэднэ. Бөхчүүдийнхээ дунд ч нэртэй. Хэрвээ тэмцээн болвол түүхээр Баяраа, дуугаар Эрхэмбаяр хоёроо тавьчихад тэргүүн байрыг аваад л гарна гэж ярьдаг байсан. Хүү маань цэрэгт байхдаа уул ус, нутаг орноо санахдаа “Хөвсгөл” найраглалыг цээжилж, хаа явсан газраа уншдаг байж билээ. Өсөж төрсөн уул усаа магтан дуулж, уншиж яваад л тэр нутаг орондоо шингэсэндээ хөөрхий. Далай ээжийн уснаас уусан
Дамдин зааныг хүүхэд байхад
Дархад бөөгийн хэнгэрэг дэлдсэн
Удган Долгорыг амьд байхад
Далай хошуу даншиг наадамд
Толгой тавин барилдсан
Шагдар Дамдин насан эцэслэвч
Ардын наадмын цээжийг тэвэрсэн
Аварга Дамдин Хөвсгөлийнх өө
Нуруу мэдэн төрсөн Халхын өндөр Гонгор
Нутгаа олж байрласан Даян дээрхийн агуй
Дэлтэй цэнхэр нь дэлээрээ гайхуулж
Дэлгэр мөрөн нь усаараа гайхуулж.... гээд үргэлжилдэг. Хүүгээ өөд болсных нь дараа санаж бэтгэрээд шүлэг хүртэл бичиж үзлээ.
- Аварга аавынхаа адил зодог шуудгаар гангарсан хүүгээ барилдахыг нь хараад таны сэтгэл их хөдөлдөг байсан биз?
- Миний хүү 16 нас хүртлээ эмээ дээрээ өссөн болохоор аавынхаа нутгийн дэнж дээр тэр хавийн хүүхдүүдтэй барилдаж өссөн. Харин 18 настай байхдаа Хөвсгөлийн идэрчүүдийн барилдаанд барилдаж түрүүлэн, бөх болох гараагаа эхэлсэн юм. Цэргийн карентинд байхдаа барилдаж байгаад “Алдар” нийгэмлэгт шилэгдэж ороод, Гавъяат дасгалжуулагч Магсар, Өвгөнхүү нарын гарын шавь болсон. Тэгээд сайн багш нарын ачаар дэлхийн оюутан залуусын хүрэл медальтай чөлөөтийн сайн тамирчин байсан. Хүүгийн маань хүү Төрмагнай бас барилдана. Яг л аав шигээ гонойсон хөөрхөн бөх болсон байсан шүү. /уйлав/
- Хань ижил, үр хүүхэд нь сайн уу? Тантай холбоотой байж, ирж очиж золгодог уу? Хүүгийнхээ ганц хүүг ирээсэй гэж хардаг байлгүй.
- Манай Алимаа сайн бэр. Мэдээж эхнэр нөхөр болсон хойно муудах сайдахыг алийг тэр гэхэв. Хүмүүс намайг бэртэйгээ их таарамж муутай байдаг гэж худал ярьдаг юм билээ. Бид одооноос л жаахан холдож байна. Хүүгийнхээ хүүг ирээсэй гэж харалгүй яахав. Үхсэнээс үлдсэн ганц хүн тэр болохоор ирээд уулзаад, хоноод яваасай л гэж боддог. Төрмагнай, охины хүү хоёр нэг сургуульд явдаг болохоор тэд өдөр бүр ирж мэнд усаа мэдээд явдаг гэсэн.
- Та хүүгийн тань дурсгалд зориулж осолдсон газар нь хөшөө босгосон гэж та ярьсан. Үүнээс гадна Хөвсгөлчүүд гурван аваргынхаа хөшөөг босгосон гэсэн?
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уйлган голоос төрөн гарсан Цэвээнравдан, Д.Дамдин, Бээжин гурван аваргынхаа дурсгалд зориулж, аймгийн бөхийн өргөөний үүдэнд хөшөөг нь босголоо. Эргэн тойрных нь талбайг цэцэрлэгжүүлж, ард нь ёсөн хөлт цагаан туг байрлуулсан. Хөшөөний нээлтийн үеэр Хөвсгөл аймагт ажлаар явж байсан ерөнхий сайд асан С.Баяр алтадсан үзгээ хөш?өнд өргөсөн. “Гурван аварга” сангийн тэргүүнээр Хүрэлбаатар заан ажиллаж байгаа. Миний хань улсдаа хийж бүтээсэн юмтай хүн болохоор бахархаж л суулаа. Улсын цирк болоод үндэсний бөхөд давтагдашгүй амжилт гаргасан хүн бол миний хань.
- Ярилцсанд баярлалаа
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна