СТА жүжигчин Д.Гүрсэд: Үзэгчид алга ташихгүй бол амьдаараа үхдэг

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 27 -нд

Дэлгэцийн урлагт тухайн цагтаа олон сайхан дүрийг мөнхөлсөн энэ эрхэмтэй уулзах хүсэл тээсээр нэлээд удсаныг нуух юун. Миний мэдэх “Говийн зэрэглээ” киноны хоёрдугаар нисгэгч дүрээрээ байв. Ингээд олон зүйл нуршилгүйгээр уншигч таныг жүжигчинтэйгээ уулзуулъя.

- Сэлэнгийн театрын “завгүй” найруулагч хэзээ ирээд “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд дүр бүтээгээд амжчихав аа?
- Бидэнд энэ бүтээлийг хийхээс өөр зам байгаагүй. Ер нь Монголын ард түмэн бид л эзэн Чингисийнхээ тухай кино хийхгүй юм бол үр сад нь гэж хэлэх эрхгүй.
- Кино урлагаас хол хөндий болсон хойноо түүхэн кинонд тоглох хэр байв? Танд энэ саналыг анх хэн тавьсан бэ?
- Би бараг 10-аад жилийн турш кино урлагаасаа хөндийрөөд, өөр уран бүтээлийн системд орчихсон байсан учраас киноны санал ирэхээр учиргүй их баярласан. Бас өөрөө өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.  Яагаад гэвэл Гүрсэд гэж жүжигчин байдгийг санаж л яваа юм байна гэж бодоод нүднээс нулимс гарч билээ. Уран бүтээлч хүн дүрээ судлана, дүрдээ хувилна, ганцаараа ярина гээд их юм болноо.
- Урлагтай амьдралаа холбосон хүмүүсийн түүх их сонирхолтой байдаг. Харин таны хувьд урлагтай хэрхэн нэр холбогдсон талаараа сонирхуулаач?
- Нийгмийн шилжилтийн үеэр театр гэж бий болсон. Харин Монгол урлаг бол таван ханатай гэрийнхээ дотор бий болсон гэж би үздэг. Яагаад гэхээр бид гэртээ туйлаа хайлдаг, үлгэрээ ярьдаг, зүйр цэцэн үгээ хэлэлцдэг, хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх гэж оньсон тоглоомоор тоглуулдаг байсан. Тийм болохоор Монголын урлаг дэлхийд гайхагддаг. Монголчуд шиг гэрийн урлагтай, арвин баялаг түүх соёлтой ард түмэн хаа ч байхгүй. Бас бидний үед чинь хүүхдүүд номоор хүмүүждэг байлаа. “Парисын дарь эхийн сүм”-ээс эхлээд Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг орондоо орж, толгойгоо хөнжлөөрөө бүтээж аваад, гар чийдэнгээ асааж байгаад л уншдагсан.  Тэгээд уншсан номынхаа баатраар нэгнийгээ дууддаг байлаа. Намайг урлагт юу хөтлөв гэвэл дэлхийн алдартай ном зохиолуудаас гадна Монгол гэрийн урлаг.
- Таныг чухам ямар зохиолын хэн гэдэг баатартай адилтгадаг байсан бэ?
- Намайг манай найзууд “Морь унасан толгойгүй хүн гэдэг байсан.  Яагаад гэхээр би өөрөө моринд их дуртай. Тэгээд “би үхчихвэл морь унаад давхиж явна” гэж их ярьдаг байсан болохоор тэгж нэрлэсэн гэдэг.
- Урлагт ороод анхны бүтээсэн дүрийнхээ талаар яриач?
- Би 1969 оны цэрэг л дээ. Цэргийн албанд байхдаа гитардаад дуулчихдаг, шүлэг уншчихдаг дориун хүү байлаа. Цэргээс халагдаж ирээд Толгойтын 2-р цахилгаан станцад ажиллаж байсан чинь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, алдарт жүжигчин Латиф, нэрт алиалагч Д.Энхээ нар урлагийн үзлэг хийхээр ирэхдээ “Гүрээ чи кино драмын ангид шалгалт өг” гэж хэлж, урлагт уруу татсан юм. Тэгээд 1976 онд УБИС-ийн кино драмын ангид элсэлт өгч байхад 600 гаруй хүүхдээс тав нь шалгарч үлдсэн.  Одоогийн Гавъяат жүжигчин С.Сарантуяа, “Говийн зэрэглээ” киноны захирал Хашхүүгийн дүрд тоглодог Эрдэнэтогтох, түүний эхнэр Долгорсүрэн, Эрдэнэжав бид хэд багшийн сургуульд орж Ардын жүжигчин доктор, профессор Мөнхдорж гэдэг хүний гараар өлгийдүүлж төгссөн. Анх “Сэтгэлд харвасан туяа” гэж Нархажидын зохиолоор дипломын ажил хийгээд, хүүхэд залуучуудын театрт тавьсан. Түүнээс хойш “Саруул талын ерөөл”, “Говийн зэрэглээ”, Гэрлэж амжаагүй явна”, “Чин Ван Ханддорж”, “ Би нисэх дуртай”, “Газарчин”, “Мандухай цэцэн хатан” зэрэг 30 гаруй  кинонд дүр бүтээсэн. Нэг хэсэг “Хүүхэлдэйн театр”, МЗЭ-ийн хорооны үлгэрийн танхимын найруулагч, уран сайхны удирдагч, “Монгол кино үйлдвэр”-т орчуулгын группт жүжигчин, драмын театрт жүжигчин, найруулагч гээд хийгээгүй ажил байхгүй дээ.
- Та аль дүрдээ илүү хайртай вэ?
- Хүн төрүүлж өсгөсөн хүүхдүүдээ ялгаж харьцдаггүй шиг би бүх дүрдээ хайртай. Монголын кино үйлдвэрийн бурхад тэнгэрт харвасан одод ч гэлээ диваажинд уран бүтээлээ хийгээд л явж байгаа. Хүмүүс киноны цаана байгаа амьдралыг олж хардаггүй. Цаана нь киног найруулдаг найруулагч, оператор, хувцасны зураач, гэрэлтүүлэгч, монтажчин гээд л маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр орж байж бидний дүр гардаг.  Гэтэл зарим жүжигчин зөвхөн өөрийгөө л яриад байдаг нь надад таалагддаггүй.
- Жүжигчин хүн ямарч дүрд хувирч чаддаг байх хэрэгтэй гэдэг. Жишээлбэл таны хувьд нисгэгчийн дүрд хувирах хэр хэцүү байсан бэ?
- Би анх нисгэгчийн дүрд тоглохдоо их айж байсан. “Говийн зэрэглээ” кинонд тоглох гээд очиход УГЗ Доржпалам “Гүрээ чи нисэх онгоцон дээр долоо хоног дагалд” гэхэд нь хоёрдугаар нисгэгчийн суудал дээр суугаад, дадлага хийж эхлэхэд зүрх амаар гарах гээд л бас их хэцүү байсан шүү. “Гэрлэж амжаагүй явна” кинонд эксковаторчны дүрд тоглох гэж долоо хоног дагалдан жолооч хийсэн. Гал ачдаг хэсэгт “Шарын гол”-ын уурхайд нууцлаг гал байдгийг сөхөж үзсэн. Түүнийг сөхөхийн тулд Засгийн газраас зөвшөөрөл авч, гал командын бүх машинууд ирж билээ. Галтай нүүрс ачаад, эксковатороор өргөн, камазан дээр тавих тэр хэсгийн зургийг 8-12 цагийн хооронд авсан юмдаг.
- Хоёрдугаар нисгэгч алим өгөөд, авахгүй гэхээр нь дээрээс нь цацдаг хэсгийн зураг авалтын талаар яриач?
- Тэр хэсгийн зураг авалтыг “Мандухай цэцэн хатан” киног найруулсан Балжинням найруулагч хийж, Доржпалам найруулагч маань найруулагчаар ажилласан. Онгоцоор алимаа хаяж үзсэн чинь онгоцноос шидсэн алим газарт унахдаа бүгд бяцарчихсан. Тиймээс байлдааны путиктэй, 57 гэдэг машин дээр дөрвөн хүн зогсож байгаад алимаа шуудайн дээр тавьж байгаад яг онгоц Хашхүү, Номин хоёрын дээгүүр өнгөрөх үед машин дээрээс цацаж тэр зургийг авсан. Нэг ёсондоо онгоцны салхины урсгалаар алимаа хаясан.
- Уучлаарай хүн болгон энэ талаар ярьдаг. “Говийн зэрэглээ” киног хийж байсан хүмүүс сүнс гүйдэл муу зүйлтэй учирсан гэдэг. Энэ талаар тодруулаач, энэ үнэн үү?
- Уулзсан хүн бүхэн энэ талаар асуудаг юм. Бурханы оронд очсон уран бүтээлчдийнхээ нэрийг гаргаж байхаар ярихгүй байсан нь дээр биз дээ. Тэд маань бурханы орондоо амар амгалан уран бүтээлээ хийж байг. Ер нь “Говийн зэрэглээ” киноны талаар асууж амар тайван байлгахгүй байгаа хүмүүсийг хараад бухимдах сэтгэл төрдөг юм.
- “Чин Ван Ханддорж”, “Мандухай цэцэн хатан” гээд хоёр ч кинонд түүхэн дүрийг бүтээсэн байна?
- Тиймээ. “Чин Ван Ханддорж”, “Мандухай цэцэн хатан” гээд хоёр ч кинонд Баянмөнх жонон, Д.Нацагдорж зэрэг түүхэн хүмүүсийн  дүрд тоглосон.  Гэхдээ зөвхөн гадаад байдлаасаа биш, дотроос нь юу огшиж, омогшиж байв гэдги?г гаргаж тоглохыг хичээсэн. Чин ван Ханддорж гэдэг хүнийг чи ч би ч мэдэхгүй. Харин тэр хүнийг Монголын газар нутаг, тусгаар тогтнолын төлөө яаж тэмцэж байсныг түүхээс уншсан. Хүмүүс Баянмөнх жононг сайн хүн байж байгаад үхчихсэн л гэж ярьдаг.
- Тэгвэл сэтгэлийн хөөрөлтэй жүжигчин маань өөрийнхөө тоглосон уран бүтээлийг үзэж байхдаа хэр догдолдог вэ?
- Яг үнэндээ өөрийн тоглосон киногоо үзэгчидтэй хамт суугаад үзэж чаддаггүй. Киногоо үзээд суухад хоёр чих халуу оргиод, сэтгэл түгшээд байж суух газаргүй болдог юм. Нэг ёсондоо өөрийгөө дэлгэцээс хараад шоконд орж байгаа юмуу даа. Хүмүүс киноны нээлтийг баяр  гэж боддог бол жүжигчдийн хувьд шок байдаг. Харин биднийг мялаадаг ганц зүйл бол алга ташилт. Үзэгчид алга ташихгүй гараад явбал бид амьдаараа үхдэг.

- Үзэгчид жүжигчдийг дүрээр нь төсөөлдөг. Заримдаа түүгээр нь хүлээн авах нь ч бий. Танд тийм хандлага мэдрэгддэг үү?
- Нэг онигоо байдаг юм. Солонгост ажиллаж байгаа Монголчуудыг гадныхан танихын тулд “Хөөе” гэдэг гэнээ. Тэгэхээр монголчууд хэрэгт дуртай юм болохоор заавал эргэж хардаг гэсэн. Түүн шиг намайг хөөе Нацагаа, Энхээ, Нисгэгчээ гэж дуудахаар өөрийн эрхгүй эргэж хардаг.
- “Сэлэнгийн долгио” чуулгад яагаад ажиллахаар явсан юм бэ?
- Манай ангийг 26 хүүхэд төгсч байсан. Одоо ихэнх нь хөдөөгийн театр урлагийн байгууллагын дарга, найруулагч хийж байна. Ер нь манай ангийнхан л хөдөөгийн урлагийг авч явж байна гэвэл нэг их хол зөрөхгүй л байх. Одоо манай ангийнхнаас Гавьяат болсон хоёрхон хүн бий. Нэг нь МУГЖ С.Сарантуяа, нөгөө нь Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрын дарга Өсөрхаан хоёр. “Сэлэнгийн долгио” чуулгат очсон тухайд бол тус чуулгын дарга байсан Буян-Орших “Гүрээ ах манайд очиж нэг ажиллаж өгөөч” гэсэн хүсэлт тавиад, тэгээд тухайн үеийн Соёлын яамны сайд Н.Энхбаяр /ерөнхийлөгч асан/ -ын гарын үсэгтэй томилолтын хуудас өгч байсан. Тэгээд тэр сайхан орон нутагт арав гаруй жил амьдарлаа. Зургаан жил драмын театрт найруулагч хийж, дөрвөн жилийн өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Учир нь “Сэлэнгийн долгио” чуулгыг “Соёл мэдээллийн төв” гэсэн сайн дурын байгууллагад оруулсан. Энэ хооронд нь би ажиллаагүй, одоо ч ажиллахгүй. Гэхдээ тэр хугацаанд зүгээр суугаагүй ээ. Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулан “Дархалж өгсөн нутаг” гээд том шоу зохион байгуулсан.
- Тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн танд өдий болтол гавъяа шагнал өгөөгүйд гайхаж байна. Та үүнд эмзэглэдэг үү?
- Хүмүүс гүйж яваад өөрөө өөрийгөө тодорхойлуулж байгаад л Гавъяат авчихдаг юм билээ. Бид яахав хийх юмаа хийчихсэн хүмүүс болохоор санаа зовохгүй байна. Бид алдар цол авах гэж гүйхгүй. Би алдар цолны төлөө гүйсэн бол өнөөдөр бүтээсэн дүр минь амьгүй, уран бүтээл маань амжилт дагуулахгүй байсан. Хүмүүн заяаг олоод хүн шиг амьдраъя, хүн тус болъё гэж энэ орчлонд ирсэн болохоос гавъяа шагнал авъя гэж ирээгүй. Би эндээс явахдаа алдар цолоо авсандаа аваад орохгүй учраас надад гавъяа шагнал хэрэггүй, ард түмнийхээ зүрх сэтгэлд бүтээсэн дүрээрээ үлдэх болно.
- Ярилцсанд баярлалаа.


Ж.Оюунтүлхүүр

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.