ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.СЭРГЭЛЭН: “МОНГОЛ УЯАЧ 3000” ЗӨВЛӨГӨӨН 17 АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДААД БАЙНА

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 18 -нд

“Монгол уяач-3000” зөвлөгөөн хэд дэх аймагтаа зохион байгуулагдаад байгаа вэ? Зөвлөгөөний гол зорилгыг сонирхмоор байна?
ММСУХ 2011 оныг салбар холбоодоо хөгжүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан салбар холбоодынхоо үйл ажиллагаатай биечлэн танилцангаа төв холбооны бодлого, үйл ажиллагааг сурталчилж, монголын морин спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хөдөөгийн уяачидтайгаа санал солилцох зорилгоор “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар 17 аймгийн уяачидтай уулзалдаж, халуун дулаан яриа өрнүүлээд байна. Ер нь энэ зөвлөгөөн бол хурал биш харин уяачид, морины зүтгэлтнүүд, салбар хороодын дарга, тэргүүлэгчид санал солилцох нөхөрсөг уулзалт юм.
-“Монгол уяач-3000” гэсэн нэр анхаарал татаж байсан л даа. Яагаад заавал 3000 гэж?
-Бидний хойч үе 3000 онд ч гэсэн монгол наадмаа хийж, монгол морио уралдуулж байгаасай гэсэн  бэлгэдлээс үүдэлтэй нэр байгаа юм. Өнөөдрийн бидний морь уяж хурдлуулж байгаа гол зорилго ч гэсэн тэр шүү дээ. Айраг түрүү хүртэн алдар цолонд хүрэхээсээ илүүтэй монгол наадамдаа оролцож буйгаараа бахархдаг. Тэр бахархлыг дэврээж, монгол наадам маань мянган жилийн дараа ч уламжлал, ёс заншлаа дагасан энэ хэвээрээ байгаасай гэсэн бэлгэдэл байгаа юм. 
-Нэлээд хэдэн аймгаар явчихсан юм байна. Орон нутгийн уяачид ямархуу бодол саналтай байх юм?
-Тухайн аймагт морин спортын хөгжил ямар түвшинд байна вэ гэдгээс хамаарч уяачдын үзэл бодол, санал санаачлага харилцан адилгүй байна. Мэдээлэл сайтай аймгуудын уяачдын асууж  байгаа асуулт цаанаа л өөр байгаа бол хангалттай мэдээлэлгүй аймгуудын уяачид асууж сурах зүйл багатай байх жишээний.
Эцсийн дүндээ ММСУХ гэдэг бол төрийн бус байгууллага. Энэ байгууллагыг авч явах хүмүүс итгэлтэй, идэвх санаачлагатай байх ёстой нь анзаарагдаж байна л даа. Морины төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг тийм л хүмүүс энэ байгууллагыг авч явж чадна. Ийм удирдлагуудтай уяачдын холбооны ажил жигдэрчихсэн байхад наадам зохион байгуулах төдийхнөөр дүгнэдэг удирдлагатай  холбооны ажил муу байх жишээтэй. Тиймээс цаашид орон нутгийн салбар холбоодын удирдлагуудын сонгон шалгаруулалтанд ач холбогдол өгөх хэрэгтэй нь харагдаж байна. Бидэнд ярьж хэлж байгаа нь сайхан ч яг бодит хөрсөн дээр нь ирэ?д харахаар байдал эсрэгээрээ байна.
-Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэгчлэн...?
-Харин тийм. Гэсэн хэдий ч сүүлийн үед манай салбар холбоодын үйл ажиллагаа харьцангуй идэвхижиж байгаа. Салбар холбоодтойгоо бодлогын түвшинд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уяачдын болон удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж арга зүйн зөвлөмжөөр хангасан. Энэ бүхний маань үр дүн бас харагдаж байнаа.
-ММСУХ-ны “генсек” ойрын үед  нэлээд завгүй байх нь ээ дээ?
-ММСУХ-ны ажил гэдэг дан ганц ерөнхий нарийн бичгийн даргын ч юм уу тэргүүлэгч гишүүдийн ажил биш. Харин монголын нийт уяачдын ажил байх ёстой. Тиймээс Монголын уяачид бүгдээрээ нийлж, нэгдэж хүчтэй ажиллаж байж л энэ холбоо хөгжиж дэвжинэ. 2012 оныг бид уяачдын ёс зүйн жил  болгон зарласан. Энэ хүрээнд нэлээд ажил хийгдэх байх.

-ММСУХ-ны энэ удаагийн удирдлагууд гадаад харилцаагаа бэхжүүлэх тал дээр багагүй ажил хийсэн. Энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-ММСУХ 2009 онд Азийн морин спортын холбоонд гишүүнээр элссэн. Энэ холбоо Ази, Номхон далайн орнуудын хэмжээнд морин уралдааны бодлогыг барьдаг байгууллага. Азийн 27 улс, болон Катар, Арабын нэгдсэн Эмират, Австрали тивийн улс орнуудын гишүүнчлэлтэй. Хамгийн сүүлд гэхэд л манай хоёр хөрш элсэхээр өргөдлөө өгчихсөн байгаа.
-Азийн морин уралдааны холбооны дэд Ерөнхийлөгчийн монгол дахь айлчлалын үр дүн юу байсан бол?
-Бид Азийн морин уралдааны холбооны удирдах зөвлөлд орох хүсэлтээ тавьсны дагуу манай улсын морин спортын хөгжилд судалгаа хийж, Монголд гурав хоног зочилсон. Нэг ёсны шалгалт хийсэн гэх үү дээ.
-Тэрхүү шалгалтанд Монгол улс ямар дүн авсан бол?
-ММСУХ-ны ажил сайн байна. Бодлого чиглэл, үйл ажиллагаа чинь зөв явж байна гэсэн дүгнэлтийг хийсэн байсан. Мөн бидэнд олон чухал чухал зөвлөмжүүдийг өгсөн. Холбооны зүгээс тэр дагуу ажиллаж байгаа.
-Азийн морин уралдааны холбооноос ямар зөвлөмж өгсөн юм бэ?
-Хамгийн эхнийх нь Олон улсын морин уралдааны холбооны дүрмийн дагуу нэлээд хэдэн зүйлийг хийчихээд түүнийгээ холбоонд тайлагнах. Ингэхийн тулд вэб сайтаа англи хэл дээр болгох саналыг дэвшүүлсэн. Та бүхэн мэдэж байгаа ММСУХ тухайн жилийн хамгийн өндөр чансаатай уяач, унаач, морьдыг шалгаруулдаг. Энэ шалгаруулалт бол олон улсын морин холбооны дүрмийн хүрээнд хийгддэг. Би Олон улсын морин уралдааны холбооны дүрмийг уншиж судлаж байж, тэдний үйл ажиллагааны хүрээнд энэ ажлыг хийсэн юм. Миний хувийн бодол монголын морийг хөгжүүлье гэвэл зөвхөн энэ тойрогтоо, энэ тогоон дотроо эргэлдээд байх биш. Дэлхийн жишгийг дагаж, тэр хэмжээнд Монгол морио таниулах ёстой гэж үздэг. Монгол уяач, монгол адуу ямар гайхамшигтай юм бэ гэдгийг дэлхий хэмжээнд таниулах ёстой. Ингэхийн тулд нэн түрүүнд хийх ажил бол Монгол адуугаа паспортжуулах.
-Сайхан санаа байна. Харин яаж ажил хэрэг болгох вэ?
-Үнэмшилгүй сонсогдож магадгүй. Гэхдээ монгол адуу дэлхийн адууны үүлдэрт бүртгэлгүй байдаг юм шүү дээ. Бүртгүүлэхийн тулд бичиг баримтыг нь цэгцлээд Азийн морин холбоо, Олон улсын морин холбоонд хандчихсан байж байгаа. Монгол адуугаа бүртгүүлсний дараа бид олон улсын хэмжээний морины бодлогод идэвхитэй оролцох зорилготой байгаа. Ази тивийн хэмжээнд хурдан морины уралдаан яаж явагдах ёстой юм, ямар дүрмээр зохион байгуулагдвал зохимжтой юм гэхчилэн. Үүнийгээ хэлэхийн тулд л Азийн морин уралдааны удирдах зөвлөлд орох хүсэлтээ илэрхийлсэн юм. ММСУХ гадаад харилцааны чиглэлээр хийсэн өөр нэгэн ажил бол 2011 оны 11 сарын 15-нд Францын Парис хотноо болсон Олон улсын морин уралдааны холбооны ерөнхий ассамблейд ажиглагч орноор оролцсон. Энэ ассамблейд 27 орны 1000 гаруй морины зүтгэлтнүүд оролцсон гэхээр цар хүрээ нь ойлгогдох байх. Бид энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргатай нь уулзаж, Олон улсын морин уралдааны холбооны гишүүн  болох хүсэлтээ албан ёсоор гардуулсан. Холбооны удирдлагууд бидний саналыг нааштайгаар хүлээж аваад Монгол улсыг гишүүн орон болгоход дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан 2013 оны 3 эсвэл 4-р сар болох юм билээ. Тэр хуралдаанаараа манай талын хүсэлтийг авч хэлэлцэхээ мэдэгдсэн. Хурлын албан ёсны урилга нь ч ирсэн. Ер нь бид тэр үеэр батламжаа гардаж авах юм. Гэсэн хэдий ч бид одооноос ОУМУХ-ноос  хэрэгжүүлж буй бүх төрлийн албан ёсны үйл ажиллагаа, дүрэм журамд хамаарч өөрсдийн саналаа тусгаж байгаа.
-Азийн морин уралдааны холбоо, олон улсын морин спортын холбоонд гишүүнээр элссэний давуу тал юу байх бол?
-Дэлхийн морины бодлогод оролцох боломж бололцоо нэмэгдэж, түүгээр дамжуулан Монгол орноо сурталчлах юм. Түүнчлэн олон улсын томоохон хэмжээний сургалтуудад суралцах боломжтой болж байгаа юм. Жишээлбэл бид унаач хүүхдүүдээ гадаадад мэргэжлийн жокей болгон бэлтгэх ажлыг эхлүүлчихсэн. Таван хүүхэд Шинэ Зеланд улсад суралцахаар болсон. Цаашид хүүхдийнхээ тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Энэ нь моринд томдсон унаач хүүхдүүдийн цаашдын ирээдүйг баталгаатай болгож байгаа хэрэг юм. Тэд маань 2000-3000 долларын цалинтай, уралдсан уралдаанаасаа 15-20%-ийн шагнал авдаг. Ази тивийн хэмжээнд зохиогдож буй морин уралдаануудад оролцох боломжтой болох юм. Мөн хурдан удмын адууг албан ёсоор импортлон оруулж ирэх боломжтой болж байгаа юм.
-Манай бизнесменүүд гаднаас оруулж ирдэг болсоор нэлээд хэдэн жил болж байгаа шүү дээ?
-Хувь хүний шугамаар хөөцөлдөхөөр нэлээд үнэтэй тусдаг. Харин Азийн морин холбооны шугамаар бол гишүүн орнуудаасаа шууд Монголд оруулах боломжтой болж байгаа юм. Тэгээд ч үүлдэр угсаа гаргасан амжилт зэрэг нь үнэн зөв байх жишээтэй. Холбоонд элссэний өөр нэгэн давуу тал нь мэргэжилтнүүдийн сургалт. Азийн морин холбоо 2012 онд гурван том сургалтыг зохион байгуулна. Хурдан морины уралдааны нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, уралдааны зохион байгуулалтыг дээшлүүлэх болон морины эрүүл мэнд, өвчний оношлогооны талаарх тэрхүү сургалтуудад бид хүмүүсээ оролцуулж болно. Тэгэхдээ ямар нэг үнэ төлбөргүй.  Энэ мэтчилэн яриад байвал давуу тал олон бий. Эдгээрээс гадна бидний хамгийн том эрх ашиг бол морьтон Монголын дуу хоолой олон улсын хэмжээнд хүрдэг болох.  Энэ бол монголын морин спортын хувьд том дэвшил болох юм.
-Уяач залуусаа ажлын байраар хангах тухай чих дэлсэж байсан. Тэр талаараа тодруулаач?
-Тиймээ бид туслах уяачдаа морин спорт өндөр хөгжсөн орнуудад туршлага судлангаа 1000-1500 долларын цалинтай ажилд орох боломжийг олгоно. Энэ асуудал удахгүй ажил хэрэг болох байх аа.
-Тэгвэл унаач хүүхдүүд хэзээнээс сургалтандаа явах боломжтой болох вэ?
-Энэ төслийг ажил хэрэг болгоход нэг том хүндрэлтэй зүйл байна. Тэр бол хэлний мэдлэг. Хөдөө морь мал дээр ажиллах хүмүүс хаана ч англи хэл сурах билээ дээ. Ямартаа ч Шинэ Зеланд явах таван хүүхдийнхээ хэлний түвшинг сайжруулах тал дээр анхаарч байна. Азийн морин холбооноос манайхны англи хэлний түвшинг бас шалгана гэсэн. Тэгэхээр цааш цаашдаа энэ талаар бодлого баримтлах хэрэгтэй болж байгаа юм.
-Уяачдад англи хэл заана гэсэн үг үү?
-Хэлний мэдлэгийг Монголд олгох уу? Эсвэл холбооны бусад улс орнуудад орчинд нь сургах уу гэдэг дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй  байгаа. Холбооны гишүүн орнуудаас хүмүүсээ сургаж болно гэсэн хариу ирсэн. 
-ММСУХ-ны удирдлагууд нэлээд олон оронд айлчилж туршлага судалсан байх. Явсан хүнээс үг дуул гэдэг. Монгол хөрсөнд нэвтрүүлчихмээр юуг олж харав?
-Азийн холбооны гишүүн болсны дараа бусад гишүүн орнууд урилга илгээж бид Австрали, Герман, Хонконг, Япон зэрэг улсуудад айлчилсан. Монголын хурдан морины  уралдааны гурав дахь чиглэл болсон морин тойруулгын уралдааныг хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр анхаарал хандуулж, явсан газруудынхаа туршлагыг хуваалцаж явлаа. Хэрхэн морин тойруулгатай болох вэ? гэдгээс эхлээд тойруулгат ажиллах боловсон хүчин, адууг хэрхэн бэлтгэх зэрэг судалгаануудыг хийсэн. Ер нь явсан газар бүртээ нэг ажил амжуулж, нэг ч гэсэн юм мэдэхийг эрмэлзэж буй.  Жишээлбэл Гонконгт айлчлахдаа унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийн талаар судалж, түүний үр дүнд 2012  оны наадмаар бүх хүүхдүүд хамгаалалтын хэрэгсэлтэй уралдсан шүү дээ. Японд гэхэд л морин тойруулгын асуудал болон цэвэр цусны адууг Монголд оруулах талаар хэлэлцээр хийж, нааштай хариу сонссон.
-Морин тойруулгатай болох асуудал мөн ч олон жил яригдаж байна даа?
-Морин тойруулгатай болоод уралдаан хийхийн тулд эхлээд морьдоо, мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд мөн бэлтгэгдэх ажлууд цөөнгүй бий. Эдгээрийг шат дараатай хэрэгжүүлэх ёстой. Ямартаа ч ММСУХ-ноос Монгол улсаа морин тойруулгатай болгохоор төлөвлөж ажлаа эхлүүлээд байгаа. Ази болон олон улсын морин уралдааны холбооноос дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Их том ажил учраас юу юугүй 1-2 жилийн дотор хийчих?э гэж хэлэхэд хэцүү байна. Гэсэн хэдий ч аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Эрлийз монгол адууг ялгаж уралдуулах шийдвэрийн талаар ярилцах нь зүйтэй байх. Нийтийн эрх ашгийн үүднээс ялгах нь зүйтэй ч хөрөнгө хөдөлмөрөө зарцуулсан нөгөө хэсгийн талаар бас бодолцох ёстой юм шиг санагддаг?
-Өөртэй чинь санал нэг байна. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх ёстой. Ер нь  эрлийз адууны чиглэлээр олон ажил хийх шаардлагатай байгаа юм. Хамгийн эхний ээлжинд үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй болгох шаардлагатай байна. Ингэхийн тулд эхлээд  Монголынхоо эрдэмтэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхгүй олон улсын хэмжээнд гэхээр хүндэрчихээд байгаа юм. Яагаад гэхээр Англи, Араб адууг Монгол адуутай эрлийзжүүлнэ гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цэвэр цусны адууны цусыг хольж юу ч биш болгож болохгүй. Харин цэврээр нь байлгаж байгаад дэлхийн хэмжээнд уралдах ёстой гэсэн зөвлөгөөг өгч байгаа. Ийм учраас холбооны зүгээс эхлээд уяачдаа дэмжээд эрлийз адууны тусгай уралдаантай болгосон. Тэгээд яваандаа сайн судалж байгаад олон улсын хэмжээнд аятайхан ойлгуулахыг бодъё. Болж өгвөл эрлийз адуугаа цаашид хөгжүүлээд явчих юмсан гэсэн бодлого барьж байгаа. Гэхдээ байдал яагаа ч билээ. Өнөөдөртөө эрлийз адуунууд хурдан боловч амьдрах чадвар нь тааруу байна. Жишээлбэл энэ талыг нь яаж сайжруулах юм гээд асуудал их байна л даа. Эдгээрийг шат дараатай шийдтэл ямар ч байсан эрлийз адуунд тохирсон дүрэм, уралдаантай болъё гэсэн бодлого баримталж байгаа.   
-7-р сарын 13-ны уралдааныг хэлж байна уу?
-Үгүй ээ, Наадам болон уралдаан гэдэг бол өөр шүү дээ. Эрлийз морьдын тусдаа уралдааныг ММСУХ-ноос зохион байгуулдаг болъё. ММСУХ-ны Ерөнхийлөгч нэрэмжит цомын тэмцээн ч байж болно. Аймаг аймагтаа уралдчихаад, тэндээсээ шалгарсан нь улсад ирж уралддаг байх жишээний. Товчхондоо наадам гэхээсээ илүүтэй спортын чиглэл рүү нь хандуулсан уралдаан байх юм.
-Улсын баяр наадмаар эрлийзүүдийг ялгахдаа 7-р сарын 11, 12-ндоо уралдуулж болохгүй юу. Төрийн наадам албан ёсоор хааснаас хойш уралдахаар үнэ цэнэ муутай байна гэсэн саналыг нэг бус уяач тавьж байсан л даа. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Бидэнд ч гэсэн иймэрхүү санал ирдэг.
-Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийн асуудал ерөнхийдөө шийдэгдсэн ч энэ нь 100 хувь аюулгүй болчихлоо гэсэн үг бас биш. Хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах талаар ММСУХ-ны зүгээс  ямар бодлого баримталж байгаа вэ?
-Унаач хүүхдийн асуудал бол ММСУХ-ны бодлогын тэргүүлэх чиглэл. Манай хурдан морины уралдааны онцлог нь хүүхэд унадаг шүү дээ. Тэгэхээр бид хүүхдээ хамгаалах ёстой. Бидний хойч ирээдүй болсон тэдэндээ үндэснийхээ спортоор аюулгүй хичээллэх боломжийг олгох ёстой.
Аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд хамгийн эхлээд морин уралдааны замыг сайжруулах ёстой. Уралдааны зам нь засагдсан, халтиргаа гулгаагүй, ус шалбааг, энхэл донхолгүй өөрөөр хэлбэл ямар нэгэн бартаагүй байх ёстой. Зам сайн байвал уралдааны явцад хүүхдэд элдэв саад бэрхшээл аюул тохиолдох нь бага байдаг нь ажиглагддаг. Хоёрдугаарт уралдааны зохион байгуулалтын асуудал байна. Уралдаан дэг журамтай, эмх замбараатай зохион байгуулагдах ёстой. Уралдааны зохион байгуулалтад цагдаа, хүн болон мал эмнэлэг, хүүхдийн байгууллагыг заавал оролцуулж мэргэжлийн багаар комисс бүрдүүлэх ёстой. Энэ мэт шаардлагыг хангаж байж уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг авна. Дээрх нөхцлийг бүрдүүлээгүй хэнбугайд ч зөвшөөрөл олгохгүй байхыг салбар холбоодын удирдлагуудад хатуу сануулсан байгаа. Зөвхөн уяачдын холбооны тэргүүнүүд биш орон нутгийн удирдлагуудад ч сануулга хүргүүлсэн. Ер нь бол хүүхэд унаж бэртэх асуудал ММСУХ-ны  зохион байгуулсан томоохон уралдаанд ерөөсөө гардаггүй. Харин уралдааны бэлтгэл муутай хувь хүмүүсийн буюу манай малчид өөр хоорондоо, саахалт хот айлаараа найз нөхдөөрөө зөвшөөрөлгүй зохион байгуулсан уралдаануудын үеэр гардаг. Үүнд манайхны хэнэггүй зан ихээр нөлөөлж байгаа.
-Сануулах төдий биш зохион байгуулсан бол хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх ёстой юм шиг санагддаг. ММСУХ-нд тийм эрх зүйн боломж нөхцөд бий юу?
-Тийм хууль эрх зүйн орчин байхгүй. Зөвшөөрөлгүй уралдаан хийгээд унаач хүүхдийг гэмтэл бэртэл, эрсдэлд оруулбал хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн  заалтыг оруулж өгөх талаар бид санаачлага гаргаад байгаа. Уг нь уяачид маань ёс зүйтэй байвал үүнийг шийдвэрлэж болно шүү дээ. ММСУХ бол төрийн бус байгууллага. Монгол улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй.  Моринд дуртай хэдэн хүмүүс нийлж байгаад  хоорондоо уралдчихаад байгаа юм. Аймаг, сумдад ажиллаж байгаа холбооны гишүүд маань сэтгэлээрээ морины төлөө гэж ажилладаг. Ний нуугүй хэлэхэд тийм хүмүүстэй хариуцлагын асуудал ярихад бас хүндрэлтэй байдаг юм. Хэрэв бид төрийн байгууллага байгаад, цалин мөнгө өгдөг байсан  бол хариуцлага ярьж шаардах эрхтэй байхсан. Гэхдээ бид ингэж бодохгүй аль болохоор хариуцлагатай, ёс зүйтэй байхыг сануулж, уриалдаг.
-Хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлэх урамшуулах тал дээр ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-Унаач хүүхдийнхээ хөдөлмөрийг үнэлэх талаар олон ажил хийж байгааг маань та бүрэн мэдэж байгаа. Хурдан морь унаач хүүхдүүддээ бид спортын цол зэрэг олгодог болсон. Тэднийгээ өндөр шалгуураар чансаалдаг, эрэмбэлдэг болсон. Одоогийн байдлаар Монгол улс нэг спортын мастер, найман дэд мастертай болсон байна. Дараа жилээс бас мастеруудын тоо нэмэгдэх байх. Түүнчлэн унаач хүүхдүүдийнхээ ээжийг алдаршуулах талаар цөөнгүй ажил хийж байгаа. Удахгүй унаач хүүхдүүдийнхээ ээжүүдийг урьж нэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэ 4 сард хурдан морь унаач хүүхдүүдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ зөвлөгөөний дараа Монголын хурдан морь унаач хүүхдүүдийн зөвлөл байгуулагдах юм. Хүүхдүүд маань өөрсдөө эрхээ хамгаалдаг, өөрсдийн дүрэм журамтай болж зөвлөлөөрөө дамжуулан үзэл бодлоо хуваалцдаг болох юм. Хурдан морь унаач хүүхдүүд бол үндэснийхээ спортоор хичээллэж байгаа тамирчид юм. Монголын хамгийн цовоо сэргэлэн, жавхаалаг, чадвартай, ухаалаг хүүхдүүд бол хурдан морь унаачид гэдэгт би итгэлтэй байна. ММСУХ-ны зүгээс хурдан морь унаач хүүхдүүдийнхээ шагналыг тусад нь шууд гар дээр нь олгож байгаа. Морины бай шагналын 20%-ийг шууд дугтуйнд хийгээд унаач хүүхдэд нь өгдөг.
-Унаач хүүхдүүд бүх уралдаан дээр 100% даатгалд хамрагдаж байгаа юу?
-Нуугаад яахав бүрэн хамрагдаж чадахгүй байгаа. ММСУХ-оос зохион байгуулж буй улс, бүсийн болон томоохон уралдаануудад хурдан морь унаач хүүхдүүд 100 хувь даатгалд хамрагддаг. Харин хөдөө орон нутагт болж буй жижиг уралдаануудад манайхан хүүхдээ даатгуулахгүй байгаа зүйл ажиглагддаг. Яваандаа жигдрэх байх аа. Манай холбооны даатгалд нэг удаа даатгуулахад бүтэн жилийн хугацаанд хүчинтэй үйлчилнэ. Жилийнхээ хугацаанд бүх уралдаануудад даатгалынхаа гэрчилгээг үзүүлээд аливаа эрсдэлээс бүрэн даатгагдах эрхтэй байдаг.
-“Дүнжингаравын хурд” уралдааны үеэр даатгачихаж байна уу?
-Тиймээ. Тухайн жилийн хамгийн анхны бүсийн уралдаан шүү дээ. Тэрхүү даатгалаар уралдаанаас бусад үед буюу жишээлбэл дугуй унаж байгаад гэмтэх юмуу, индүүнд гараа түлэх зэрэг аливаа  гэнэтийн ослын үед үйлчилгээ авах эрхтэй.

.-Хөдөө орон нутгаар явж байхад хамгийн их асуудаг асуулт бол алдар цол олгох тухай журам. Жишээлбэл сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр морины эзэн л цол авахаас уяач боломжгүй болчихсон нь маргаан эргэлзээ төрүүлдэг бололтой.
-Улсын цол бол болзол биелүүлж авдаг спортын цол. Үе үеийн морин спорт уяачдын холбоо, үе үеийн уяачид үүнийг л ярьдаг байсан. Харьцангуй сүүлийн үед намжаад байгаа юм. Үндэсний их баяр наадам болон бүсийн уралдаанд хэний нэр дээр морио бүртгүүлсэн байна. Тэр хүнд улсын цол олгоно гээд хуулинд заачихсан  учраас бид яаж ч чадахгүй шүү дээ. Олон уяачид өөрийн чинь хэлснийг хэлдэг ч бид хуулиа дагаж мөрдөх ёстой шүү дээ. Нэг үеэ бодвол манай уяачид хөдөлмөрөө сайн үнэлүүлдэг болсон. Морины эзнээсээ цалин хөлс урамшууллаа авна. Дээр нь юугаар ч үнэлшгүй нэр төр байна шүү дээ.
Уясан уяачид цолыг нь өгдөг болъё гэхээр тэр адууг худалдан авах, бүтэн жилийн турш арчлах, уяачид цалин хөлс өгч  уяулах гээд цаг зав хөрөнгө мөнгө сэтгэл зүрхээ өгсөн эзнийг нь яахав гэдэг асуудал гарч ирнэ. Тэд ч гэсэн уяач шүү дээ. Өдөр тутам оролцохгүй ч өвс, тэжээл, хашаа хороо, эм бэлдмэл, уяач, унаач, адуунд туслах уяач гээд тухайн адуунд хэрэгтэй бүхнийг бэлтгэж сэтгэл зүрхээ зориулж байгаа хүнийг уяач гэхгүй өөр юу гэхэв.
-Мөн орон нутгийн уяачид сүүлийн үеийн уяаны арга барил бусад цаг үеийн үйл явдлаар мэдээлэлтэй байхыг хүсдэг юм билээ. Энэ тал дээр холбоо юу хийх вэ?
-Бид уяачдынхаа дунд сургалт семинар зохион байгуулна. Энэ бол манай төлөвлөгөөт ажлын нэг. Гэхдээ Улаанбаатар хотод уу, аль эсвэл орон нутагт бүсчилсэн байдлаар хийх үү гэдгээ ярьж байгаа. Нийслэлд гэхээр унааны зардал, байр хоол гээд хүндрэлтэй асуудал цөөнгүй. Салбар холбоодоосоо санал авч байгаад аймгийн төв дээр нь цуглуулж,  алдартай уяачдаар газар дээр нь сургалт хийлгэе гэсэн байр суурь нь давамгайлж байх шиг байна. Гэхдээ Улаанбаатар хотод ч гэсэн сургалт, семинар зохион байгуулна л даа.
-Хаа байсан холоос зориод очсон байхад амласан бай шагналаа өгөхгүй байхаас эхлээд уяачдын эрх зөрчигддөг. Тэр тохиолдолд хаана хандах ёстой вэ?
-Уг нь бол манайд хандах ёстой. Гэвч морийг тойрсон асуудал их өргөн хүрээтэй. Харин ММСУХ-ны өдөр тутмын үйл ажиллагаанд гуравхан хүн л оролцдог. Тэр хүмүүс тэр болгонд хүрч үйлчилнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй. Гэсэн хэдий ч бид аль болох уяачдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр боломжит арга хэмжээг авдаг. Үнэхээр эрх нь зөрчигдөөд асуудал гарвал бидэнд мэдэгдэх хэрэгтэй л дээ. Үүнийг цэгцлэхийн төлөө ажиллаж байна.
-Монгол улсын нийт уяачдыг бүртгэлтэй болно гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Уяачдыг бүртгэх ажил Монгол улсын 21 аймаг 365 суманд өрнөөд байна. Салбар холбоодын үйл ажиллагаанаас шалтгаалж ажлын явц харилцан адилгүй байгаа ч 2012 онд багтаан дуусгах юм.
Уяачдаа бүртгэснээр МУ-ын хэмжээнд нийт хэдэн уяачтай юм. Тэдгээрийн дийлэнх нь хаана ямар ажил эрхэлдэг юм байна гэх мэтчилэнгийн судалгаатай болох юм.
-Уяачдаа бүртгэлжүүлэх ажил ийм байдалтай байгаа юм байна. Монгол адууны стандартыг өөрчлөх цаг нь болсон гэсэн таны үгийг тодруулмаар байна?
-Монгол адууны стандартыг нэлээд дээр үед гаргасан байдаг юм. Тэр нь орчин үеийн нөхцөл шаардлагад тохироо болиод удаж байна. Жишээлбэл одоо байгаа адууны хэмжээ батлагдсан Монгол адууны стандартаас өөр байна. Хамгийн наад зах нь өндөр.
-Эрлийз биш монгол даага уу?
-Тиймээ, би өөрийнхөө амьдрал дээр байгаа жишээнээс ярьж байна л даа. Миний тэр даага цэвэр монгол. Би өөрөө дааганыхаа удам угшлыг мэднэ шүү дээ. Тэгтэл батлагдсан стандартаас хамаагүй өндөр байна. Тиймээс бид адуу судалдаг байгууллагууд, мал эмнэлэг, ХААИС, гэх мэтчилэн энэ чиглэлийн эрдэмтэн мэргэдтэйгээ уулзаж монгол адууны стандартыг шинжлэх хүсэлт гаргасан. Дэлхийн адууны үүлдэрт Монгол адууг бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд стандартаа батлах ёстой. Монгол адууны хөл нь ийм урттай, биеийн өндөр төд, сэрвээний өндөр төд гэхчилэн.

 -Монголын морин спортын хөгжлийг дан ганц уралдаанаар хэмждэг хандлага тогтчихлоо. Гэтэл мориор дамжсан үндэсний өв соёлын маш том ухагдахуун бий шүү дээ?
-Монголын морины соёл, үндэсний хурдан морьдын уралдаан гэдэг бол өөрөө Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улс оршин тогтнож байгаагийн том баталгаа юм. Хэдэн дуртай хүмүүс наадам хийгээд яваад байгаа асуудал огтхон ч биш. Монгол улс гэж тусгаар оршдог өөрийн гэсэн соёл, түүх, ёс заншилтай, дэг жаягтай орон юм шүү гэдгийг дэлхий нийтэд тодоор харуулж буй зүйл бол Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдаан. Тэгэхээр монголын уяачид бид үндэсний их соёл болсон хурдан морины уралдааныг зөвхөн морь уралдуулах биш үндэсний их соёл, зан заншлынх нь хэмжээнд цогцоор нь уламжуулан хойч үедээ үлдээх ёстой. Уяачдын өмссөн дээл хувцаснаас эхлээд хэт хутга, хөөрөг, гаанс гээд цөм үндэсний соёлын салшгүй хэсгүүд. Уяачид л Хүй долоон худагт монгол гэрээ барьж, хэд хоног монгол ахуйгаар гадна дотныхныг амьсгалуулж байна шүү дээ. Наадмын гурван хоногт Хүй долоон худагт нүүдэлчдийн соёлын гайхамшгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг уяачид. Монголчууд юунд амьдарч, ямар хоол иддэг байсан юм. Хоолоо ямар аяганд хийдэг байсан гээд л дор бүрнээ үндэсний соёлын асар том сурталчилгаа болж байна. Тиймээс би уяачдаа үндэсний уламжлалыг тээн яваа, уламжлал соёлыг хадгалж үлдэх, хойч үедээ өвлүүлэх, дэлхий нийтэд таниулах томоохон  үүрэг хүлээж яваа  хүмүүс гэж ойлгодог.  Энэ бол соёлын хэмжээнд оруулж буй хувь нэмэр бол нийгмийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Уяачид үндэсний томоохон хөрөнгө оруулагчид болж чадсан. Сүхбаатар аймгийн нэг малчнаас хурдан удмын адууг багадаа 10 сая төгрөгөөр худалдан авч байна. Тэр нь нөгөө малчинд оруулж буй хөрөнгө оруулалт. Үүнээс гадна морь уяулж хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Мөн гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын томоохон  худалдан авагчид уяачид л байдаг. Ингэж монголын уяачид олон төрлийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хөрөнгө оруулалт хийн, амьдрах эх үүсвэр нь болж байна. Ингэж монголын төрөөс нэг ч төгрөг авахгүй мөртлөө өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олон хүнийг амьдралын эх үүсвэртэй залгуулж, нийгэмдээ хөрөнгө оруулж байна. Бид морь гэхээсээ илүү Монгол гэдэг бүх юмыг, морийг тойрсон бүхнийг дэмжиж, авч үлдэхийн төлөө чармайж байна. Бид Монгол залуучуудаа морь уядаг болоосой, дандаа костюм өмсөөд явдаг хүн битгий болоосой. Монгол дэг жаягаа мэддэг, ахас ихэсээ хүндэлдэг болоосой, ялж ялагдахын ухааныг мэддэг болоосой, ялагдаж сураасай, ялсныгаа дэмжиж сураасай, хамтарч нийлж, нэгдэж сураасай хэмээн хүсч үлгэрлэхийг хичээж байна. Шинэ залуу уяачид морь уях гээд ирэхээр тугаа буруу тойрдог, шоорттой гүйдэг, морио таньдаггүй гээд шүүмжилдэг. Монголоо гэсэн жаахан сэтгэл гаргаад ирж байгаа тэр залууг ёс мэдэхгүй, жудаггүй гэж гоочилж байхаар харин дэмжээнд Монгол хүн болгоод авъя л даа. ММСУХ-ны бас нэг гол зорилго бол шинэ залуу үеэ үндэснийхээ уламжлал соёлыг мэддэг, хүндэлдэг, биширдэг хүн болгоход анхаарах явдал юм.
-ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга хувьдаа цаг зав гаргаж чадаж байна уу гэж асуумаар санагдчихлаа. Хувийн бизнес чинь дажгүй юу?
-Дажгүй ээ, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн болохоор миний багахан оролцоотой, манай хамт олон ажлаа аваад явчихдаг юм. ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг би томилогдож аваагүй. ММСУХ-ны хурлаас сонгогдож авсан. Олон хүн итгэл хүлээлгэсэн учраас аль болох сайн ажиллахсан гэсэн бодолтой хичээж хувийн ажлаа хойш нь тавьж явна даа. Би өөрөө тамирчин хүн, дээрээс нь моринд дуртай уяач хүн. Тиймээс Монголынхоо морин спортын хөгжлийг, бодлогыг нь цэгцэлж, бодлогыг нь тодорхойлж, олон улсын хэмжээнд гаргачих юмсан. Үндэсний соёлоо хадгалж хамгаалж авч явах юмсан гэсэн чин сэтгэлтэй. Хүн хийсэн ажлаасаа урамших сайхан л байдаг юм байна. Ажил маань урагштай хийсэн нь хүний нүдэн дээр ил болохоор магтаалын үг цөөнгүй дуулнаа. Түүндээ урамшаад л зүтгээд байна. /инээв/ Ажлынхаа цагийн тавин хувийг уяачидтай уулзаж, санал бодлыг сонсоход зориулдаг. Миний өрөө хөл тасарна гэж байхгүй дээ. Уулзалтынхаа заваар бичиг цаастайгаа зууралдана. Надад аав, ээж, өвөө эмээгээс уламжилж ирсэн нэг чанар байдаг. Нэг ажлыг хийнэ гэж зорьвол тэрийгээ дуустал нь хийхийг хичээдэг. Спорт ч миний тэр занг хөгжүүлсэн байх.
-Та чинь ингэхэд спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Волейбол, хөнгөн атлетикээр хичээллэдэг байсан. Би моринд зүгээр нэг санаандгүй давхиад орчихсон хүн биш. Хүүхэд байхаасаа л моринд дуртай, морь унадаг байсан. Цаг хугацааны  эрхээр надад хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, морин спорттой ойртож, үндэсний хурдан морины уралдаантай амьдрал хувь заяагаа холбох завшаан тохиосон нь энэ юм. Монголын хийморилог эрчүүдийг бодлогоор зангидаж, энэ холбооны ажлыг хийж байгаадаа бахархаж явдаг. Эндээсээ хийморь минь сэргэж, сэтгэлийн том таашаал авдаг.
-Аливаад өөрийнхөөрөө ханддаг бие даасан хувь хүмүүстэй ажиллах хүндрэлтэй юу?
-Харьцангуй гайгүй шүү. Зөв юм хийгээд, шударга юм ярьж явахад бэрхшээл харьцангуй бага гардаг юм байна. Өмнөх ажлын туршлагуудаас би багаар ажиллах чадварт суралцсан. Дээрээс нь би бизнесмен хүн, бизнесмен хүн ямар ч хүнтэй зохицож ажил хэргээ явуулж чаддаг,  уян хатан байж чаддаг, буулт хийж чаддаг, ялж ялагдаж сурсан байдаг, ялагдлын дараа ялалт ирнэ гэдгийг мэдэрчихсэн байдаг. Тийм болохоор надад бол тийм төвөгтэй зүйл гардаггүй ээ. Зөв шаардлага тавьж байгаа хүнтэй шөргөөлцөлдөх хүн гардаггүй юм байна лээ дээ.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй яриа өрнүүлсэнд баярлалаа. Монгол морь, Монгол уяачийн ур чадвар дэлхийн хэмжээнд хүрч үнэлэгдэх болтугай гэсэн ерөөлөөр яриагаа өндөрлөе. Дараагийн удаа хувь хүний чинь тухайд тавтай ярилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.
-Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. 3000 онд Монгол уяачид хурдан морио уяж байгаасай, Монгол морьд маань 3000 онд уралдаж, хурдалж байгаасай, Монгол наадам 3000 онд яг энэ байгаа жаягаараа болж байгаасай хэмээн ерөөл өргөе.
-За баярлалаа танд.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна