Дархан вангийн адуу

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 01 -нд

Хан адуу”-наас үүсэлтэй хурдны голомт Дайчин засгийн хошуунд 20 гаруй жил болоод зүүн, зүүн урд зүг рүүгээ буюу тэр цагийн Дархан вангийн хошуу руу шилжжээ. Дархан вангийн хошуу нь эдүгээ цагт тэр сум гэж хэлэхийн аргагүй жижиглэн хуваагдсан бөгөөд тухайлбал одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын хагас, Норовлин сум бүхлээрээ, Батноровын зүүн, Баян-Овоогийн баруун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумдын зарим нутгийг хамарч байжээ. Энэ хошууны ноён нь жанжин бэйс (сүүлдээ бэйл, ван) Намжилдондов.
 Тэрбээр Артсэд, Дашдондов нарын адил хурдан удмын адуу өсгөж үржүүлэх, уяж сойх ажилд ихээхэн цаг хүч зарж, зохих үр дүнд хүрч явсан, өөрийн нутаг хошууны нэрээр нэрлэгдсэн хурдан угшлын адууг буй болгож чадсан хүн юм.
 Дайчин засгийн морьд Даншгийн наадамд давамгайлж байсан цагийн сүүл үе буюу 1862 оны наадмын их морины уралдаанд Жанжин бэйс Намжилдондовын цагаан саарал морь аман хүзүүджээ. (Энэ уралдаанд Дайчин засаг Дашдондовын хар саарал морь түрүүлсэн нь түүний хамгийн сүүлчийн түрүү юм) Энэ наадмын соёолонгийн уралдаанд эдний сартай хар морь түрүүлж, цавьдар морь нь аман хүзүүлж, мөн хязаалангийн уралдаанд хээр алаг нь түрүүлж, хээр нь наймд хурдалжээ. Ийнхүү Жанжин бэйс Намжилдондовын морьд даншгийн наадамд Дайчин засаг Дашдондовын хурдан морьдын уламжлалыг шууд залган гарч иржээ. Ийм том наадмын хоёр түрүү, хоёр аман хүзүүг авна гэдэг бол Намжилдондовын адуун сүргийн чанар эрс сайжирсныг харуулж байна. Үүний учир шалтгааныг зэргэлдээ хошууны морьд өмнөх 20 гаруй жилд гаргуун хурдан байсантай шууд холбон тайлбарлахаас өөр аргагүй юм.
 1865 оны даншигт Намжилдондовын их насны бор морь, бор соёолон нь тус тус түрүүлж, хүрэн соёолон, хээр хязаалан нь тус тус гуравт хурдалжээ.
Ноён Намжилдондов 1862- 1893 оны хооронд Даншгийн наадмын хурдан морины уралдаанаас нийтдээ 10 түрүү, 14 айраг авсан нэрт сайн уяач байв. Гэвч энэ хүн мөн л Артсэд, Дашдондов нарын адил хурдан угшлын адууны үржлийн ажилд холыг харсан оновчтой бодлого явуулж чадаагүй. Тийм ч учраас Дайчин засгийн хошуунаас дамжиж ирсэн хурдан угшил эхний арав орчим жил хүчтэй тархаад намжсан байна. Үүний дараагийн 20-иод жилд морьд тасалдахгүй айрагдаж байсан нь тодорхой бодлогын үр дүн бус аяндаа үргэлжилсэн үржлийн ажлын үр дагавар юм. Энэ  нь зүсмийн онцлогоос ч илэрхий харагдаж байна. Түрүүчийн хоёр угшлын ид үед хурдалж байсан морьдын гуравны хоёр нь зүсмийн хувьд бүгээнд хамаарч байсан бол Намжилдондовын хурдан морьдын зүс бүгээн, бараан нь бараг тэнцүү байгаа юм. Харин энд хурдны голомт түрүүчийн хоёроосоо харьцангуй нэлээд тогтвортой тухайлбал жарны хагас буюу 30 орчим жил болсон байна.
ХIХ зууны 20-30-аад оны үед Дорнод Монголын тал нутаг буюу Хэрлэнгийн дунд урсгалын орчим “Хан адуу” хэмээх нэгэн бие даасан хурдан угшлын адуу ийнхүү үүсч, түүнээс дамжин салбарласан Дайчин засаг, Дархан ван хоёр сайн угшил үүссэн байна.
Эдгээр нь бие даасан хурдан удмын адуу болон өсөн үржиж чадсангүй зөвхөн угшлын хэмжээнд үлджээ. Гэвч цаашид Галшарын хурдан удмын адуу үүсэн бүрэлдэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна