ТОД МАНЛАЙ УЯАЧ Э.ЭРДЭНЭЧУЛУУН: ШАРГА АЗАРГАНЫХАА ҮР ТӨЛИЙГ ГАРГАЖ АВАХАД ИЛҮҮ АНХААРНА

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 27 -нд

Төрийнхөө  их баяр  наадамдаа зургаантаа түрүүлэн энэ цагийн амьд домог болсон алдарт шарга азарганы уяач Э.Эрдэнэчулуун Тод манлайг сэтгүүлийнхээ анхны хүндэт зочноор урилаа. Улс бүсийн наадамд 10 түрүүлж, дөрөв айрагдсан цуут хүлгийн уяачийг морь сонирхогч андахгүй учир нэмэлт тайлбаргүйгээр яриагаа хүргэж байна.

ШАРГА АЗАРГАНЫ БУЯНААР МОНГОЛ УЛСЫН ДӨРВӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГУРАВ НЬ МАНАЙ ГЭРТ ИРЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН

-“Тод  магнай” сэтгүүлийнхээ анхны дугаарын хүндэт зочноор төрийн их баяр наадамд зургаантаа түрүүлэн, Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ түүхийг тэрлэсэн алдарт шарга азарганы эзнийг урин оролцуулж байна.
-Баярлалаа. Юуны өмнө шандаст сайхан хүлгүүдийн алдар сууг олон түмэндээ хүргэхээр “Тод магнай” сэтгүүлийнхээ ханыг дугуйлж, тооноо өргөж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Одоогийн байдлаар шарга азарганы амжилтыг давтсан адуу Ардын хувьсгал ялснаас хойших төрийн наадмуудад байхгүй, тэрнээс өмнөх Даншиг наадамд ч байгаагүй. Үнэхээр шарга азарга маань гоц амжилт үзүүлчихээд байна. Энэ амжилт цаашдаа ч эвдэгдэхгүй байх. Төрийн баяр наадамд зургаа түрүүлж хоёр айрагдана гэдэг бол өндөр амжилт. Шарга азарганы амжилт дахиад давтагдахгүй байх аа. Ер нь энэ амжилтыг давтахад хэцүү. Гэхдээ энэ бол би өөрийнхөө зөнгөөр явж байгаад хийсэн амжилт биш шүү дээ. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, зовох цагтаа зовж, жаргах үе бишгүй байсан. Гэхдээ зовох цаг нь их байсан. Азаргаа эсэн мэнд байлгаж, сайн давхиулахын тулд маш их хөдөлмөр орж, олон шөнө нойр хоолгүй зүтгэсэн.
-Шандаст хүлгийн буянаар та ч гэсэн Монголын морины түүхэнд төрийн тэргүүнээсээ хамгийн олон удаа хүндэтгэл хүлээсэн уяач болж байгаа байх?
-Шарга азарганы буянаар Монгол улсын дөрвөн ерөнхийлөгчийн гурав нь манай гэрт ирж хүндэтгэл үзүүлсэн байдаг юм. Энэ бол бас нэг том бахархал юм даа. Би морь мал сонирхож, дурлаж уях болсоор 21 жил болж байна. Төрийн наадмын хамгийн анхны айргаа 1997 онд том шаргаараа авч байлаа. Тэр жил том шарга  маань даагандаа улсад тавлаж байсан юм.
-Төрийн наадмын манлай хүлгүүд Засаг төрийн зандан ширээ зэргээр цолтой байдаг. Харин шарга азаргад яагаад оноосон нэр байдаггүй юм бэ?
  -Миний өгсөн нэр бий л дээ. Хоёр ижил шарга адуу нэг эхээс төрөхөд томд нь том шарга, багад нь бага шарга нэр өгсөн. Энэ бол унаган цагт нь өгсөн нэр. Тэр унаган цагийн нэрээрээ өдий хүртэл явж байгаа. Уяачдын холбооноос нэр өгье гэсэн яриа байгаа юм билээ. Тэгэхээр алдар нэр өгөх байх. Цол гэвэл Дархан түмэн эх хэмээх морины хамгийн дээд цолтой.
-Шарга азарга энэ жил хэдтэй болж байгаа вэ?
-Энэ жил 12 настай.
- Уулзаж байсан зочдоос “шарга азарганы үр төл нь байдаг болов уу. Эрдэнэчулуунаас асуух юмсан” гээд сураглах хүн олон байдаг?
-Би моринд сайн дөр суугаагүй байхдаа ахыг нь эндүүлсэн шүү дээ. Тэр үеэс хойш нэг зүйлийг бодох болсон юм. Ер нь адууг  болж өгвөл аятайхан уях нь зүйтэй. Чадахгүй бол морь уяхын хэрэггүй юм байнаа гэж. Тэгээд Бага шаргаараа өндөр амжилт үзүүлье гэж зорилт тавьсан. Уралддаг азарга гэдэг чинь хэцүү шүү дээ. Их насны морь бол дан биеийг нь маллаад явдаг бол азарганы тухайд хураалгасан гүүг нь давхар маллах хэрэгтэй болдог. Азарганыхаа ороог эрт  гаргаж, наадамд уягдаад эхлэх үед гүүг нь заавал ялгах ажил гардаг. Гүүг нь ялгаж өөр азарганд хураалгачихдаг учраас шарга азарганы төл гэж жилд нэгээс хоёр төл л гардаг. Тэр нь голдуу охин төл байх жишээтэй. Гэхдээ гурав дөрвөн эр төл бий нь ч бий. Би сүүлийн үед даага, шүдлэн уяагүй болохоор хурдыг нь таньж амжаагүй л байна. Ер нь гайгүй адуунууд гарах шинжтэй юм билээ. Хойтонгоос үржил талд нь нэлээн анхааръя, болж өгвөл сайн азарганы сайн төл олныг гаргаж үлдээх юмсан гэсэн бодол байгаа.
-Угшил сайтай төлийг нь авч үлдэж чадвал Монгол морины хөгжилд ч хэрэгтэй байх?
-Тэгэлгүй яахав. Манайхны түүх домог байдаг шүү дээ. 1900 оны эхээр уралдаж байсан сайн азарганы төл одоо хүртэл тасраагүй яваа тухай түүх. Би тэр талаас нь бодоод хурдан адууны үр төл үеийн үед залгамжилж яваасай гэсэндээ ирэх жилээс шургуу ажиллая гэж байгаа.

-Үржилд нь анхаарна гэхээр уралдуулахгүй гэсэн үг биш биз дээ?
-Азарга адууг заавал тасартал нь уралдуулах хэрэг байхгүй. Ер нь уралдуулахаа болих байх. Үр төл дээр нь түлхүү анхааръя. Азарга адуу нас дээр гараад ирэхээр бие нь хүндэрдэг учраас өөрт нь зовлон хураахгүйгээр зохицуулъя гэж бодож байгаа.

-Энэ хүлгийг Эрдэнэчулууны гэхээсээ илүү ард түмний хурдан ажнай гэдэг болчихсон. Шарга азарга, та хоёрт үзүүлж байгаа ард түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл тэр байх л даа?
-Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм болгоны цаана л хариуцлага байдаг. Би гэхэд азарганыхаа өмнө хариуцлагатай байх ёстой гэж боддог.
-Энэ жилийн хувьд уяа сойлго дээр нь хэр ажилласан бэ?
-Ер нь би шаргаа жилийн дөрвөн улиралд маллаж явдаг. Энэ жил  өөрөө ч аятайхан байсан. Олон сайхан залуу  азарганууд уралдаж, өрсөлдөгчид ширүүн байлаа. Миний азарга уралдааны тактиктай. Бие хаа нь сайхан байгаа үедээ гараад тэр чигээрээ явдаг.
-Олон жил уягдсан морь өөрийгөө сойдог гэж ярьдаг. Шарга азарганд өөрийнхөө хоол ундыг тохируулж байгаа зүйл ажиглагддаг уу?
-Зун барьж аваад, уяа эхлэхэд адуу ухаантай амьтан учраас багцаагаа мэддэг байх. Сайн адуу тамиртай байгаа үедээ ажил хийхийн тоолонгоор биеэ засаад явчихдаг. Тэрнээс нэг их айхтар өөрийгөө сойгоод байх юм байхгүй л дээ.
-Унаач хүүхэд нь бас туршлагатай байдаг байх?
 -Энэ хүүхэд шарга азарганы зургаа дахь унаач хүүхэд. Зарим хүүхдүүд нь нэг хоёр жил унаад больж байсан ч бий.Энэ наадмаар унасан хүүхэд дүүгийн маань хүүхэд байгаа юм. Сүүлийн хоёр гурван жил унаж байгаа. Морь унах авьяастай юм билээ. Энэ жил гэхэд даага түрүүлгэчихлээ.
-Олон жил хамт байсан болохоор морь, хүн хоёр ижилсдэг гэдэг.  Шарга азаргатайгаа хүнээс илүү ойлголцдог болов уу гэж боддог юм?
-Бид хоёр унаган цагаасаа цуг байлаа. Хурдан төрсөн мал чинь өөрийгөө маллах чадвар өндөр. Бие организм нь ч өндөр байна. Миний хувьд азаргаа гундухан үед нь ч юмуу, бие хаа нь ядарсан  ч юмуу, сэргэлэн цовоо байгааг нь андахгүй. Өнөөдөр тийм байна, маргааш тийм байна гэдгийг гаднаас нь хараад мэднэ.
-Яагаад ч юм таны амьдрал гундуухан үед л шарга азарга их хурдлаад байгаа юм шиг санагддаг?
- Монголчууд “сайн юманд садаа мундахгүй” гэж ярьдаг. Хэл ам гэж аймаар л даа. Шарга азарга бид хоёр уралдаад амжилт гаргаж эхэлсэн цагаасаа янз янзаар хэлүүлсэн шүү дээ. Би ер нь хүн амьтантай маргалдаад явдаг хүн биш. Эцсийн эцэст ард түмэн хийсэн ажлаар нь үнэлнэ шүү дээ. Тийм учраас элдэв юм ярьдаг хүмүүсийг би тоодоггүй. Тэртээ тэргүй миний азарга үнэн худлыг нь ялгаад өгч байгаа юм. 
-Сүүлийн “Их хурд” уралдааны талаар яримаар байна. Тэр үед шарга азарга түрүүлчих байх гэсэн итгэл маш их байсан?
-Тэр жил тамир сайтай сайн байсан. Улсын наадамд тарган ирэн дээрээ уралдсан.
“Их хурд”-д явна гэсэн бодолтой байж байгаад улсын наадмын дараа нэг шөнө бэлчээрт байхдаа азаргатай ноцолдоод шарх авчихсан юм. Тэгээд ч Их хурд ойрхон байсан болохоор ажил хийж чадаагүй. Гэсэн ч урилгатай байсан учраас “Их хурд”-д очихоос аргагүй байсан. Тэгээд тэнд очоод аман хүзүүдсэн. Тухайн үед өөдтэй явахгүй байх гээд мориныхоо хүүхдэд “Явахгүй, таваас хойш ухраад ирвэл битгий явуулаарай, татчихаарай” гэж захисан. Манай хүүхэд их хашир хүүхэд. Тэгээд түрүү, аман хүзүү гээд яваад байсан болохоор явсаар байгаад ирсэн дээ.
-Ид үедээ эндсэн Том шаргыг одоо хэр нь уяачид дурсан ярьдаг. Залуу уяачдад сургамж ч болдог байх?
-Тэр жил Том шарга маань үнэхээр сайн байсан. Харин би  тэр үед одоогоо бодвол залуу үзсэн харсан юмаар бага, туршлага муутай байж. 2000 оны  Өвгөн ноёны наадамд шүү дээ. Наадам болсон газар таана, хөмүүлтэй нутаг байгаад, Том шарга маань гурван давхар уяатай очсон. Очоод удаагүй байтал талийгчийн маань бие нь муудаж сандаргаад үнэндээ үрээгээ ч анхаарч чадаагүй л дээ. 3-4 хоног  таана ихтэй газар орхиод явсан. Тэр нь нөлөөлсөн. Өглөө нь уралдчихаад, орой нь харанхуй болохын үед өнгөрсөн. Уяж байгаа моринд таана хурцдалгүй яахав дээ. Гэхдээ л хөөрхий таваар давхиж байгаад үзүүр дээрээ жаахан суугаад зургаад орж билээ. Харамсахгүй байхын аргагүй сайхан буян. Алдчихаад нэг хэсэг хүнд л байсан. Би шарга үрээгээ төрсөн нутагт нь  авчирч нутаглуулаад, бараг бүх юмыг нь авсан даа. Талийгч маань ч гэсэн мориндоо их хайртай хүн байсан болохоор сүүлээр нь хуур хийлгэж өгсөн. Харин толгой, хавирга сүврэг нь хөдөө гэрт байгаа.
-Танай галынхан шинэчлэгдсэн сурагтай байсан. Ямар хүмүүс Тод манлайгаар адуугаа уяулж байгаа вэ?
-Сэтгэл санаа нийлсэн гурав дөрвөн хүн байна. Шадар сайд Энхболд,  Сүхбаатар аймгийн Цэрэнбалтав гуай, Наранхүү, Тамир байна. Би олон хүний морь уядаггүй, морь уях чинь их хүнд ажил. Морь 20 гараад 30 хүрээд ирэхээрээ их ажилтай болдог. Тэрийг нэг уяач уяж дийлэхгүй. Нэг насны таван адуу байлаа гэхэд бүгдийг бөөндөж болохгүй. Бүгд өөр өөрийн гэсэн бие организмтай, өөр шинж чанартай. Тарган туранхай нь хүртэл өөр. Өглөөнөөс авахуулаад орой нар жаргатал ажиллана гэхэд 30 адууны ажлыг тус тусад нь хийнэ гэвэл  барахгүй. Энэ жил ах нь 30 гаруй морь уялаа.
-Ярилцлага маань үүгээр өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. 
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Дугаар №1

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна