ОРОСООГИЙН МЭНДБАЯР: БУЛГАН НУТГААС МИНЬ ТҮМЭНД ЦУУТАЙ АЖНАЙ ОЛОН ТӨРӨӨСЭЙ ХЭМЭЭН ЗАЛБИРЧ СУУНА

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 21 -нд

Монгол Улсын гавьяат жүжигчин, ард түмний хайртай дуучин Оросоо гуайн хүү Мэндбаяртай ярилцлаа. Тэрээр Булган нутгийн уугуул нэгэн. Ачуутын голын хөвөөнд тоглож өссөн, Жамсран өвөөгийндөө анх морь унаж сурсан зэрэг бага насныхаа гэрэлтэй дурсамжаар тэтгэгдэж явдаг нэгэн ажгуу. Адуунд язгуураасаа хайртай, хурдан моринд бүр нэг чин сэтгэлээ өгсөн нь дараах ярилцлагаас илт анзаарагдах биз ээ. Эл эрхмийн ханийг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Гаравсүрэнгийн Идэрмаа гэдгийг манайхан мэдэх юм аа. Ханийнхаа хүсэлт, өвөг эцгийнхээ гэрээсийг биелүүлэхээр Булган нутгийн адууны угшил, хурдан удмын хүлэг морьдын төлөө нойр хоолоо умартан зүтгэж яваа түүний яриаг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр хүргэж байна.
 
-Таны ус нутаг, уугуул гарал гэвэл юу байна. Адуу малын тоосонд даруулж, тэрхүү хийморлиг ертөнцөд хөл тавьсан үеэ дурсахгүй юу?
-Удам гарал гэвэл ерөөсөө л Булган хангайн хүн шүү дээ, би. Аав минь Архангайнх ч гэлээ долдугаар анги төгсөөд нутгаасаа гарсан байдаг. Архустын трактор компанийн курст суралцаж төгсөөд Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйд хуваарилагджээ. Тэр л ахуй цагтаа ижийтэй минь танилцаж гэр бүл болсноор Булганы харьяат болсон түүхтэй. Манай гэр бүлийн хүн мөн Булганых. Тэгэхээр би чинь яалт ч үгүй л анхдагчдын өлгий нутгийн хүн болж байгаа юм. Өссөн газар маань Булган аймгийн төв юм аа. Ачуутын зөөлөн урсгал, Зүүн түрүүний голын хөвөөг дагаж бага нас минь өнгөрсөн. Үндсэндээ эмээ өвөө дээрээ өссөн хэрэг. Таван настай байхдаа хүлгийн нуруун дээр анх мордсон доо.
-Та ингэхэд хурдны морь унаж байв уу?
-Хурдны моринд би багаасаа томдсон хүүхэд байгаа юм. Манай дүү Мэндсайхан бол унаж байсан. Найман ?ас хүрээд мэдээж хотод ирж сургууль соёлд орсон. Өвөө маань ч намайг дагаад хотод ирсэн юм. Жамсран гэж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул хүн байлаа. Бүр нарийн яривал Цагаан голын хүн л дээ. Залуудаа морь их уядаг, морьд нь ч сайхан давхидаг байсан юм билээ. Сум орон нутгийнхаа наадамд ажнай хүлгүүдээ айрагдуулж байснаа, мөн нутгийн залуустайгаа хэд хэдэн тууварт явж байснаа хуучилдаг байж билээ. За тэгээд өвөөгийн хурдан морины тухай, адуу малын тухай дурссан хуучийг нь сонсоод ханамгүй дээ. Өнөөдөр миний бие адуунд сэтгэл зүрхнээсээ хайртай байж, уяа морьдын салхин дунд хийморио сэргээж яваа минь Жамсран өвөөгийн маань буян гэж боддог.
-Таны үндсэн мэргэжил санхүүч юм байна. Мэдээж сургууль соёлын мөр хөөсөн хугацаанд адуу малаас холдсон байж таараа. Олонхи хүн сургууль соёл гээд морь малаас бүр хөндийрчих нь бий. Харин таны хувьд ахуй амьдралтайгаа золгож эхэлсэн цагаас эргээд адуун дээрээ иржээ. Адуунд бүр нэг язгуураасаа хайртай байж шүү?
-Тийм л учиртай юм аа. Санхүүгийн нарийн мэргэжил эзэмших гэж бүтэн зургаан жил ном эрдмийн мөр хөөсөн. Тэр хугацаанд адуу малаасаа холдсон нь тодорхой. Харин таны хэлсэнчлэн ажил амьдралын сэжүүрээс атгасан цагаасаа эхлээд тэр нэг язгуурын гэж хэлж болох уяа морьдын тоосонд даруулсан хүн дээ. Сургууль соёлын мөр хөөж явах үед өвөө минь хэдийнэ бурхны оронд очсон байлаа. Өвөөгөө өнгөрөхөд би нэг л зүйлийг бодож, өөртөө андгайлж байлаа.
-Тэр нь юу байсан бол. Сонирхож болох уу?
-Өвөөгийнхөө адууны удам угшлыг тасалчихгүй юмсан, адуу малын дэргэд, уяа морьдын хийморь дунд хүн шиг хүн явахсан гэх бодол л доо.  Уг бодол, сэтгэлгээгээр л ах нь өнөөдрийг хүртэл туучиж явна. Цаашдаа ч эрийн хийморь болсон адуу малынхаа дэргэд байж, амьдралын гүн ухааныг эгэл ард түмнээсээ мэдэрч, олон зуун жилийн түүхтэй монгол ёс уламжлалыг сахиж явах болно. Ерээд оны эхээр Булганаас өвөөгийнхөө цөөн тооны адууг хотод авчирч удам угшлыг нь сэлбэсэн. Одоогоор хоёр зуу шахам адуу болоод байна. Адуун дээрээ очих бүрт буурлын минь буян юм даа гэж бодогдоод сэтгэл тэнийгээд явчихдаг юм.
-Хурдан морь сойж эхэлсэн маань хэдэн оноос билээ?
-Мэдээж байнгын л адуу малд дуртай байсан болохоор хурдан морь уяхсан гэж эртнээс хорхойсч эхэлсэн. Ном эрдэм сурч мэргэжил эзэмших, ахуй амьдралаа эхлүүлэх гээд манаргаж явах үед хичнээн дур сонирхол байсан ч цаг зав болдоггүй байлаа.Харин ерээд оны сүүл үеэс уяа морины ажилд шуударсан. Ингээд хоёр мянган оноос төрийн наадамд анх морь сойж эхэлсэн. Төв аймгийн Баянцагаан сумын “жаал” Дорж гэж уясан хүлгүүд нь болж өгвөл айраг түрүү хүртчих гээд байдаг сум орон нутагтаа зартай уяачаар анх морьдоо уяулж байлаа. Дараа жил нь буюу хоёр мянга нэг онд мөн л Дорж гуайгаар морьдоо уяулж байсан. Тэр жил зургаан насны морь уяж байсан юм. А.Сүхбат аварга түрүүлж, Д.Онон манлайгийн аварга хээр магнайлж, Сэргэлэнгийнхний наадам болсон жил шүү дээ. Тухайн үед чинь Яармагийн дэнж, Буянт-Ухаад нааддаг байлаа. Түүхт наян жилийн ойгоор 800 гаруй их нас мордсон юм даг.
-Тэр олон хурдан ажнайн дунд таны ямар зүсмийн хүлэг тоосоо өргөж байсан бол?
-Увс аймгийн Баруунтуруун сумын гаралтай Жаргал гэж улсын аварга адуучны сүргээс авчирсан хар морь минь тоосоо өргөж байв. Мөн Хан Хэнтий нутгийн зартай уяач Уртын Дамдинжав гуайн адууны удмаас дотны нөхөр Ц.Баатар хоёул нэг нэг азарга адуу худалдан авч байлаа. Хан Хэнтий нутаг бол эрт дээр үеэсээ хурдан морины өлгий нутаг. Өвгөн ноён Хардэл Жанжин бэйс Пүрэвжав гэж ямар мундаг хүн байсан тухай бид түүхээс мэднэ. За тэгээд Хэнтийн Галшар бол аргагүй л нэг адууны нутаг даа. Тэр бүгдийг бодож найзынхаа хамт Хэнтийгээс азарга адуу авсан хэрэг. Уг адуунд нэг хонгор азарга ирсэн л дээ. Түүнийг наян жилийн түүхт ойгоор мөн сойсон. 
-Хан уулын ар, хатан Туулын хөвөөнд морь уралдуулах бүр цаашлаад айраг түрүү хүртэх аваас энэхэн хорвоо ертөнцөд хүн болж төрсний хэрэг бүтэх шиг болдог оо гэж алдартай уяачид хэлсэн байдаг. Түүн лүгээ адил ардын хувьсгалын түүхт наян жилийн ойгоор зургаан насны морь мордуулаад эхнээс нь хөлсийг нь хусаад зогсож байх бас л бахтай даа?
-Ээ хэлээд юүхэв. Одоогоос арав гаруй жилийн өмнө болж байна. Залуу ч байж дээ. Их л баярлаж хөөрч, азаргаа гучин хэдээр давхиад ирэхэд нь түрүү магнай болсон юм шиг Буянт-Ухаагийн буурал дэнжид багтаж ядаж байсан шүү. Уяачдын хэлдгээр морьд минь модтой сайхан давхисан. Ер нь тэгээд морь будлиангүй, хүүхэд эндэлгүй наадах шиг сайхан баяр хаана байх билээ.
-Баянцагааны “жаал” Дорж гуайгаар уяа морьдоо анх сойлгуулжээ. Дараа нь Монголын нэртэй уяачидтай гал болж наадаж байв уу. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?
-Дорж гуай хоёр жил уяаг минь ахалсан юм. Түүний дараа Завхан нутгийн уугуул Дуламсүрэн гэж уяачаар морьдоо уяулсан. Төрийн наадамд хүрэн азаргаа айрагдуулж, мөн үрээ морь ч айрагдуулж байсан сайхан уяачийн хүү Эрдэнээ гэж залуутай хоёр жил гаруй уяа нийлсэн. Хоёр мянга дөрөв, таван оноос Монгол Улсын манлай уяач Жанчив гуайгаар морьдоо сойлгуулсан. Жанчив гуайг моринд хайртай ард түмэн минь төрийн наадам болоод “Их хурд” зэрэг бүсийн томоохон уралдаануудад айраг түрүү алдаж байгаагүй буурал, хүрэн, хулан хээр ажнай хүлгүүдээр нь мэдэх билээ. Жанчив гуайг уяачид хавчиг азарганы уяаг сурмаг тааруулдаг гэж ярьдаг. Үнэхээр ч тийм. Жанчив манлайтай гал нийлж багагүй хэдэн жил наадаад байна аа.
-Хүлэг морио дээдэлдэг уяач хүнд өөрийг нь онцгой баярлуулсан ажнай гэж байдаг. Таны хувьд энэ тэндээс олон л сайхан адуу авсан нь мэдээж. Тэр дундаас бүр нэг сэтгэлд хадагдаж үлдсэн, хэд хэдэн наадмын салхийг танд амтлуулсан ажнай хүлэг гэвэл юу байна?
-За даа, сэтгэлд онцгой баяр төрүүлсэн сайхан ажнайг хэлж яаж барах билээ. Гэхдээ тэр дундаас онцлох хүлэг бас байна аа. Сүхбаатарын Түвшинширээгийн нэртэй уяач Жамбалшунуу гуайгаас хурдан хар морийг нь авч байлаа. Тухайн үед Шунуугийн хээр гэж зартай хүлэг уралдсан наадам бүртээ л цээжинд давхидаг байлаа шүү дээ. Ер нь айраг, түрүү алддаггүй байсныг манайхан мэднэ дээ. Миний авсан хар морь нутаг орондоо багагүй цуутай, хэд хэдэн наадамд түрүүлээд байсан юм. Хар морины хамт хоёр шүдлэн үрээ худалдаж авсан.
“Моринд язгуураасаа хайртай, сайхан хүүд хурдан хүлгүүдээ өглөө. Сэтгэл тэнүүн сайхан байна. Адууны минь буян та бүхэнд хурж явах болтугай” гээд Шунуу гуай  хязаалан насны шарга үрээг азарга тавиарай гэж бэлэглэсэн юм. Сүхбаатар нутгийн нэртэй уяачийн цулбуурдан барьсан шарга үрээ адуунд минь ирснээр үнэхээр ээлээ өгсөн. Олон ч сайхан төл өгсөн буянтай адуу. Өвгөн шарга азарга одоо хэр нь адуунд минь байна даа. Шунуу гуайгаас ирсэн хар морь маань нэг хэсэг сайхан давхисан. Ялангуяа өвлийн уралдаануудад өнгөлж байлаа. Яармагийн дэнжид тойруулгын уралдаан гэж болдог байхад бас л айрагдаж, түрүүлж байсан. Сүүлийн жилүүдэд улсын наадамд бас л дээгүүр хурдалж байгаа.
-Хар мориноос гадна хоёр үрээ авсан гэсэн. Тэд ч бас хурдан байсан болов уу?
-Өө тэгэлгүй яахав. Хоёр үрээний нэг хонгор үрээгээр нь азарга тавьсан юм. Өнөөдөр манай уяаны толгой хүлгүүдийн нэг л тэрхүү хонгор азарга болоод байна даа. Гар сайтай сайхан хүн. Миний бие галынхаа уяачдын  хамт зүүн зүг рүү наадамд явахдаа Жамбалшунуу гуайн уяагаар дандаа дайрч, буурал уяачид хүндэтгэл үзүүлдэг дээ.
-Олны дунд домог мэт яригддаг сайхан хүлгүүдийн тухай хэлж яаж барах билээ. Шийтэрийн зээрд, Санжаабүрэгийн цавьдар, Галын хүрэн, Сүрэнхорын хээр, Ханддоржийн хонгор халзан гээд цуутай ажнай хүлгүүд өнөөдөр домог болжээ. Сүүлийн үеийнхнээс Ононгийн хээр, Партизанын Доржсүрэнгийн хээр, Сэлэнгийн Ганбаатарын хүрэн халзан, Дундговийн Гомбо-Очирын саарал, Завханы Туяагийн халиун гээд шигмэл сайхан хүлгүүд нэг хэсэг ид хурдалж байлаа. Тантай уяа морьдын тухай ярьж буй учир ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн ажнай хүлгүүдийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь ээ?
-Хурдан хүлгүүд чинь уягдаад, уяа сойлго нь таараад, манайхны хэлдгээр живхэрсэн сайхан амьтан болоод ирэхээр ч тэр энэ гэж хэлэхийн аргагүй дээ. Уяа нь орсон хүлэг цаанаа л нэг хайр татам байдаг даа. Наадам дөхчисөн үед уяан дээр эргэцэх морьдыг харахуйд өөрийн эрхгүй л дуу алдмаар болдог. Таны нэрлэсэнчлэн домог болсон сайхан хүлгүүд цаг цагт л төрж морио дээдэлдэг монгол түмний харцыг булааж байсан. Тэр бүгдийн талаар ярина гэвэл барагдахгүй. Ер нь тэгээд сайхан хүлэг морины давхилыг харахад нүдний манан арилах шиг л болдог доо. Нэг хэсэг манай галынхан Д.Онон манлайгийн уяатай айл саахалт байлаа. “Дааган” Ганаа гэж олонд алдаршсан нэрт уяачтай ч мөн ойр дотно байв. Тухайн үед Д.Онон манлайн уяан дээр энэ цагийн зартай хүлгүүд бүгд уягддаг байсан. Өөрийнх нь аварга хээр бол үнэхээр нэг цаанаасаа төрсөн амьтан байсан шүү. Бурхнаас заяасан хүлэг л гэж тийм байдаг байх гэж бодохоор.  “Газрын урт морины олноос огтхон ч айдаггүй хүлэг байсан” гэж уяачид, морь сонирхогчид хэлдэг, үнэн л дээ. Миний бие “НИК”-ийн санхүү эрхэлсэн захирлын албыг хашиж байхад манай компанийн захирал С.Энэрэлтийн хар морь Онон манлайн уяанд уягддаг байв.
-С.Энэрэлтийн хар морь Хэнтийн Дэлгэрхааны наадамд хүүхэдгүй түрүүл? нэг шуугилж байсан даа?
-Тийм ээ. Гойд давхилтай адуу байлаа. Төрийн наадам, “Их хурд” гээд бүхий л томоохон уралдаанд айрагдаж байсан.
-Танай гэр бүлийн хүн Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Гаравсүрэнгийн Идэрмаа. Анхдагчдын өлгий Булган нутгийнхаа төлөө зүтгэж яваа дайчин бүсгүй. Таны хувьд гэр бүлийнхээ хүнийг, алтан тууртуудын хийморлиг ертөнцөд эргэлт буцалтгүй оруулсан Жамсран өвөөгөө, өөрийнхөө өсч төрсөн уул усаа бодсон ч яалт ч үгүй л Булган нутгийнхаа төлөө байх нь тодорхой. Гол нь адууны цусыг холдуулж, ажнай хүлгүүдийнхээ торгон жолоог ус нутгийнхаа зүгт залж байна уу?
-Таны хэлж байгаа үнэн л дээ. Миний бие аль ч талаас нь аваад үзсэн Булган нутгийн төлөө зүтгэхээс өөр гарцгүй нэгэн. Гэргий маань дэндүү шударга, дайчин, эрэмгий эмэгтэй. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж мэргэн үг бий. Ханийн маань аав, манай хадам чинь Гаравсүрэн дарга гэж Булганчууддаа хүндлэгдсэн буянтай буурал бий. Манай галынхан Ачуутын голынхоо ширэг зүлгэн дээр морьдоо сойчихоод Булган нутагтаа сүүлийн хэдэн жил наадаж байна даа. Хоёр мянга найман онд аймгийнхаа далан жилийн ойд зургаан насны морьд давхиулж байсан. Ажнай хүлгүүдээ айрагдчих болов уу хэмээн тэр олон хэлхгэр уяачдын дунд горьдож л суулаа. Ялангуяа соёолонгоо их харж байсан. Даанч долоод давхисан. Мөн азаргаа, дүүгийн Янзага зээрд азаргыг бас л айрагдана гэж таамаглаж байв. Гэвч арван хэдээр давхисан юм. Морь айраг, түрүү хүртэх нь гол биш. Ерөөс ус нутгийнхаа наадамд, Булганыхаа тэнгэр дор морьдоо уралдуулна гэдэг сайхан.
Адууны удам угшлыг сайжруулах зорилгоор, анхдагчдын өлгий нутгаас минь түмэнд цуутай сайхан хүлэг олон төрөөсэй гэх сэтгэл өвөрлөдгийн хувьд хурдан удмын адуу олныг аваачсан.
-Ямар суманд таны аваачсан хүлгүүд байна вэ?
-Ханийн маань төрсөн нутаг Хутаг-Өндөр сумын нутагт хурдан удмын, сайн угшлын азарга адуу бий. Гэргийн минь төрсөн дүү Гантулга адуугаа сайхан өсгөж, нэртэй уяач болж байгаа. Сүүлийн үед Гантулгын морьд л орон нутагтаа сайн давхиж байна даа. Тэр бол мэдээж миний аваачсан адууны угшлын хүлгүүд шүү дээ. Гантулгад азарга адуу өгөхөөс өмнө Хутаг-Өндөр суманд хурдан удмын хонгор халзан азарга аваачиж байлаа. Тэрхүү хонгор азарга сумынхаа болон аймгийн наадамд магнайлж Их хурд уралдаанд урилгаар оролцож байсныг Хутаг-Өндөрийнхөн сайн мэднэ ээ. Хонгор азарганы маань үр төл сум орон нутагтаа ид хурдалж байгааг дуулаад сэтгэлд баяр төрдөг шүү. Энэ мэт Булганыхаа адууны угшлыг сайжруулахын төлөө зүтгэж байна. Цаашид сум суманд хурдан удмын адуу аваачих бодолтой байгаа. Үүнд ханийн маань сэтгэл зүтгэл ч ихээхэн нөлөөлөх юм аа. Манай хүн чинь бас л адуу малтай ойр, айраг цагааны дэргэд өссөн. Моринд жигтэйхэн хайртай. Хурдан морь хамт дагах гэнэ. Машины цонхоор толгой цээжээ тэр чигээр нь гаргачихаад л гүүглээд байна шүү дээ. Бүсгүй хүн гэхэд морь малд тийм л чин сэтгэлээсээ сүсэг бишрэлтэй, хөдөөгийн борогхон амьдралд дэндүү хайртай хүн байгаа юм. Манай хүний надад аминчлан захидаг хүсэлт бол ус нутгийн маань уяачдад хурдан удмын адуу авчирч өг, адууны удам угшлыг сайжруул гэж тушаадаг хүн дээ.

 
Мэндбаяр ахтай ярилцаж суухуйд уяа морьдын дэргэд байгаа мэт таатайхан сэтгэгдэл төрж, гал цог бадраад ирэх шиг болсон доо. Жаахан бэл бэнчинтэй болсон нэг нь морь мал уядаг, өндөр үнээр худалдан авч бусдад гайхуулдаг жишиг сүүлийн үед тогтоод байгаа. Ер нь тэгээд мориор дамжуулж өөрийгөө олонд таниулдаг цаашлаад нэр алдарт хүрдэг явдал газар авах тал руугаа хандсан. Харин адуу малд бага балчраасаа хайртай, эцэг өвгөдийнхөө гэрээсийг биелүүлэхээр зүтгэж яваа эл эрхэм уяа морьдынхоо сувдан хөлс нь суларч буйг өөрийн биеэр мэдрээгүй хэрнээ манлай уяачийн тэмдэг энгэртээ хатгасан нөхдөөс үнэндээ анги байв шүү. Мэндбаяр ахын ус нутгийн олондоо бэлэглэсэн угшил сайт хүлэг морьдоос төрийн наадмын түрүү олон гарч, Булган хангайн нэр улс даяар мандах болтугай. Булган нутгийн уяачдаас тод манлай хэмээх эрхмүүд олон төрж, анхдагчдын өлгий нутагт унага бүхэн босоо тэнцэх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлээд энэхүү ярилцлагаа өндөрлөе.
 Норовын ГАНТУЛГА


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна