УРАЛДААНЫ ҮЕД ТОХИОЛДДОГ ЭМГЭГҮҮД

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 15 -нд

МАЛЫН ИХ ЭМЧ М.АДИЛБИШ ЗӨВЛӨЖ БАЙНА.
Наадмын морин уралдааны үеэр хурдан морьдод тохиолддог олон төрлийн эмгэгүүдээс шингэний дутагдал болон түүнээс үүсэлтэй бахардалт нь дийлэнх хувийг эзэлж байна. Мэргэжлийн үүднээс харахад бид ийм төрлийн эмгэгийг урьдчилан сэргийлэх, эмчилэх бололцоотой юм. Энэ зун урьд урьдынхаас илүү халуун байх төлөвтэй  байна. Тиймээс хурдан морь сонирхогчидод зориулан энгийн байдлаар ойлгоц өгөхийг энд хичээлээ.
 Ер нь ганц хурдны морь төдийгүй бүхий л мал амьтаны бие-махбодийн хэвийн үйл ажиллагааг тохируулахад тухайн амьтны биед хангалттай хэмжээний ус шаардагдаж байдаг. Тэгвэл уралдааны морьд шингэний дутагдалд орвол биед явагдаж байгаа олон төрлийн хэвийн үйл ажиллагаанууд хямарч улмаар биеийн дотоод хордлогод орж бахардалт үүсдэг. Ингэж шингэний дутагдалд орсон адуу түргэн хугацаанд бахардаж байгаагын учир нь бие махбодын бүхий л үйл ажиллагаа биеэр зогсолтгүй эргэлдэж буй цусны эргэлтээс хамаарч байдаг.
Адууны биеийн нийт  жингийн 70% хүртэл хувийг  шингэн эзэлж байдаг. Мэдээж хэрэг энэ нь зүгээр нэг энгийн ус биш олон төрлийн биологын найрлагатай уусмал хэлбэрээр биед агуулагдаж байдаг.  Тиймээс хэрэв биед шингэн дутагдвал зөвхөн бие дэх ус багаслаа гэж ойлгож болохгүй амьд биеийн үндсэн нэгж болох эсүүд, цаашилбал  эд, эрхтэн систем бүхэлдээ хямарч хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэн улмаар тэдгээр эсүүд гэмтэж,  эцэст нь үхдэг байна. Мал амьтан хоол тэжээлгүйгээр хэдэн долоо хоног амьдарч чадна. Харин усгүйгээр хэдхэн  хоногт л үхэлд хүрнэ. Өөрөөр хэлбэл амьд амьтны бие дэх бүхий л б?дисын солилцоо биед агуулагдаж байгаа шингэний тусламжтайгаар тасралтгүй явагдаж байдаг. Энэ үйл явц нь осмос даралтын зөрүүгээр эсийн дотор болон гадна талруу тасралтгүй эргэлдэж бие махбодид шаардлагатай шим тэжээлийн бодисыг эсрүү зөөвөрлөх ба бодис солилцооны эцсийн хортой бүтээгдэхүүнийг биеэс гадагшлуулж байдаг.
Цус нь шингэн хэсэг болон цусны эсүүдээс бүрдэнэ. Эрүүл мал амьтанд нийт цусны 1/3-ийг цусны эсүүд болон бусад нэгдлүүд эзэлдэг. Амьтны биед агуулагдаж байгаа нийт шингэний 10 орчим хувь нь л судас дотор буюу цусны шингэн хэсэг байдлаар агуулагдаж үлдсэн нь биеийн бусад хэсгүүдэд эд эсийн дотор буюу гадна талд тасралтгүй шилжин байрлана. Харин адуу уралдааны үед биеийн нийт шингэний дийлэнх хувийг хөлсөөр болон амьсгалаар гадагш алддаг ба энэ нийт алдагдал нь 8% буюу түүнээс дээш гарвал судас дотрын шингэний хэмжээнд нөлөөлж,  шингэн алдалт нэмэгдэх тусам зүрхний цохилт нэмэгдэж, эд эсийн доройтол буюу бахардалтанд орно. Ингэж өтгөрсөн цусыг амьтны зүрх шахаж биеэр зогсолтгүй тараахын тулд маш хүчтэй ажиллаж эхлэх ба улмаар шахаж чадахгүйд хүрдэг. Ингэж цус өтгөрсөнөөр хялгасан судсуудаар цус гүйхээ больж биеийн эсүүдэд хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдан эсүүд олон тоогоор үхэлд  хүрнэ. Мэдээж хэрэг эсүүд олон тоогоор үхэх нь үнэн хэрэгтээ тухайн амьтан үхэж байна гэсэн үг.
Хурдан морьдыг уралдахын өмнө нь усалснаар шингэн дутагдлаас үүдэлтэй олон эмгэгээс сэргийлэх боломжтой. Тийм учраас нэгэнт хол замд давхиж шингэн алдаж бахардсан адууны судсыг ханаж, хатган цус гаргах нь үнэндээ шинжлэх ухааны хувьд маш хортой үйлдэл юм. Харин үүний оронд давхиж ирсэн адууг цаг алдалгүй услаж, сэрүүцүүлснээр тухайн адууг бахардалтанд орж эмгэгшихээс сэргийлж чадна.
Энэ талаар бидний хийсэн цусны нарийн шинжилгээнд наадмаар уралдсан 160 орчим морьдыг хамруулсан ба  Монгол морьд уяа болон уралдааны онцлогоос болж наадмаар давхиж ирсэн адууны дийлэнхи хувь нь их бага хэмжээгээр шингэн алдалтанд орсон байдгыг нотолсон юм. Дашрамд дурьдахад бидэнтэй хамтран ажилласан барууны эрдэмтэд Монгол адууны тэсвэр хатуужлыг гайхан биширч байсан юм.
Малын эмч нарын дунд нэгэн хэлц үг байдаг. Тэр нь амьтны бөөр бол хамгийн мундаг эмчээс ч ухаантай гэж.
Амьтны бөөр нь цусанд байгаа элдэв хольцийг шүүж, биеийн усны хэмжээг тохируулж байдаг. Адуу шингэн алдсан үед бөөр уг амьтны бие дэх усыг нөөцлөх ба шээс маш өтгөн болдог. Хэрэв адуу их хэмжээтэйгээр шингэн алдвал биеийн нийт ус болон цусны даралтыг хэвийн байлгахын тулд бөөрний шээс үүсгэх үйл ажиллагаа зогсоно. Мөн бөөр нь биеийн давсны хэмжээг тохируулахад оролцдог. Шингэн алдалтын дүнд цус  ихээр өтгөрч улмаар бөөр хүндээр гэмтэж үхэлд хүрнэ. Ихээр шингэн алдсанаас цусны эргэлт өөрчлөгдөж  биеийн бусад эрхтнүүдээс илүүтэйгээр цус уураг тархи руу очиж юүлдэг. Ингэснээр тухайн адуу ойр орчноо мэдрэх чадваргүй болно. Эсээс ялгардаг хэрэггүй зүйлс гадагшлахаа больж хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдсаар эсүүд үхэлд хүрнэ. Эсийн дотор хорт бүтээгдэхүүнүүд хэт ихээр хуримтлагдсан үед шингэний эмчилгээ (амаар болон вен судсаар ) хийж шингэн нөхсөн байсан ч уг адуу үхэх боломжтой байдаг. Ийм учир адууг шингэн алдахаас сэргийлж уралдахаас нь өмнө болон уралдааны дараа услаж байх нь чухал юм. Хэрвээ ингэж сэргийлж чадаагүй бол нэн даруй зөв эмчилгээг дээрх эмгэгүүдээс сэргийлж хийх хэрэгтэй.
 
Биеийн булчин машины мотортой адил бөгөөд байнга шатахуунаар цэнэглэж байх хэрэгтэй байдаг. Булчин нь цусны эргэлтээс энергийг өөрийн эсүүддээ нөөцлөн авч байдаг. Уралдааны явцад адууны биеийн булчин маш их энерги зарцуулдаг ба энергийн задралын дүнд үүссэн хорт бүтээгдхүүнүүд цусны эргэлт рүү буцан орж биеэс гадагшилж байх ёстой. Гэтэл адуу шингэн алдсан үед булчингийн эсүүд энергийг хүлээн авч чадахгүй болох ба задралын эцсийн бүтээгдхүүнүүд эсээс гадагш зөөгдөхөө больдог.
Монгол адуу нэг дор 8-12 литр ус уух ба энэ  уусан ус нь уралдааны бус тайван үед 2 цагийн дотор шингэж дуусдаг. Тэгэхээр уралдааны өмнө морийг ханатал услах нь ямар нэгэн муу нөлөө огт үгүй юм.
Дээр өгүүлсэнээр хурдны морьдод өргөн тохиолддог олон төрлийн эмгэгүүдээс шингэн алдалтаас үүдэн бий болдог зарим нэгийг энгийн байдлаар дурьдлаа. Уяач хурдан морь сонирхогч та бүхэн шингэн алдалтаас үүдэн бий болж болох зарим эмгэгээс урьдчилан сэргийлэх бололцоотойг анхаарах нь зүйтэй юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна