Монгол адууны онцлог

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 13 -нд

Монгол адууны 30.5 хувь нь тадл хээрт, 19.3 хувь нь өндөр ууланд, 17.3 хувь нь ойт хээрт, 18.9 хувь нь говьд, 14 хувь нь их нуурын хотгорт байдаг бөгөөд  нийт тоо толгой нь олон жилийн туршид 2-3 сая орчимд хэлбэлзсээр иржээ.  Монгол адуу биологи, экологи, этологийн болон аж ахуйн олон өвөрсөц шинжийг хадгалсан байх бөгөөд эдгээрийн зарим нь дэлхийн бусад үүлдрийн адуунд илэрлэггүй буюу өнөө үед устаж алга болсон байна. Монгол адуу нь үрсэн төлсөх, эхсэх, ижилсэн сүрэглэх, нутгаа санагалзах, бэлчээр нутгаа сонгон нутагшин зохицох, нутгаадаа гүйх, цаг агаарын өөрчлөлтийг мэдэрч нөмрөх аюулаас дайжих, азарга тодорхой тооны гүү хураах, өөрийн охин төл, гүүг сүргээс хасах, унаган эздээ таних гээд олон араншинг үзүүлдэг. Намар богинохон хугацаанд тарга хүчээ гүйцээж, хурсан өөхөө өвөл хаврын тарчиг цагт хэмнэлттэй бардаг онцлогтой. Дэлхийн олон эрдэмтэд монгол адууны ойт хээр, заримдаг цөл, хуурай тал хээрийн бэлчээрт зохицон амьдрах  хосгүй чадвартайд үнэ цэнэ нь оршино гэж үзсэн байдаг. Мөн монгол гүүний харьцангуй их сүүтэй гэдэг бөгөөд амьдын жингийн 100  кг тутамд 3 кг саам ногдож байгаа юм. Амьдын жин нас гүйцсэн үед 230-400 кг хүртэл хэлбэлзэх бөгөөд дунджаар азарга 363, гүү 344 кг жинтэй байна. Монгол адууны махны чанар, үзүүлэлт бусад төрөлжсөн үүлдрээс дутахааргүй юм. Их насны морины алс хол давхих хурд, тэсвэр, тэвчээр үнэмлэхүй хэмжээний үзүүлэлтүүд үлгэр, домог , үнэн байдлаар өнөөг хүрсэн. Монгол мориор хоногт 150-500км зайг туулж, хэдэн хоног өл тааруулан явдаг. Галшар, Тэсийн гол, Дархад, мянгад, Шанхайн хэц, Сан бээс, Барга, Үзэмчин,Баянцагаан, Заамар, Орлой гэх мэт олон омог байдаг бөгөөд  эдгээрийн дотор алдартай уяачдын адууны хэдэн зуун удам угшил, тал, говь, хангай уулын болон буржгар үст хэвшлийн адуу хүртэл багтаж байдаг юм байна. Монголчууд эрт дээр үеэсээ адууныхаа үүлдэр, угсааг гойд анхааран шилж, сонгон сайжруулж, сорьж байсан. Тэр үед Араб, Персээс азарга авчирч эрлийзжүүлдэг байсныг  Хүннүгийн сурвалж,  хадны сүг зурагт тэмдэглэн, шинж билгийг таних, уяж засах, өвчнийг анагаах судар ном олныг зохион нууцлан нандигнаж, үеэс үед дамжуулж байсан түүхтэй. 

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.