“Аравгар хээр” холбооны Тэргүүн, МУ-ын Манлай уяач Т.Энхбат: Морь хүнийг монгол ахуй соёлтой нь холбож өгдөг юм байна лээ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 10 -нд

Манай холбоо өнгөрсөн 10 жилд улсын хэмжээнд ажилласан
-Бүтэн жил яригдсан Аравгар хээрийн 10 жилийн ой хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Ойн арга хэмжээний бэлтгэл хэрхэн хангагдаж байна. Энэ талаар яриагаа эхэлье дээ?
-Ойн арга хэмжээ маань нэлээд өргөн цар хүрээтэй хоёр өдөр үргэлжилнэ. Монгол түмний “Морины их шүтээн” цогцолборт хүндэтгэл үзүүлэх ёслолоор арга хэмжээ маань эхэлж, Ганданпунцоглин хийдийн лам хуваргууд ном айлдан Дамдинянсан бурханд аравнай өргөнө. Үдээс хойшдоо баярын хурал, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн концерттой. Орой нь 400 хүний хүлээн авалт цайллага болно. Энэ бол эхний өдрийн арга хэмжээ. Хоёр дахь өдөр нь шинэхэн Алдартын цолны мялаалгатай давхцсан дээд гурван насны морьдын уралдаантай.  Түүнээс гадна ойдоо зориулж 10 жилийн түүх хүүрнэсэн сайхан ном гаргалаа. Мөн баримтат кино хийлгэсэн. Ингээд яриад байвал олныг хэлж болно доо. Ер нь ойгоо нэлээд өвөрмөц маягаар хийе гэж бодож байгаа. Морьдоо ?үртгүүлэх гээд ирэхэд л арван жилийн ойн дурсгалын зүйлс гардуулах жишээний.  Нэг ТББ-ын ой гэж хэлэхээргүй нүсэр болох байх. Өөрсдийгөө магтах нь хаашаа юм гэхдээ  Төв уяачын холбооны ой маань ч ийм том хэмжээнд зохион байгуулагдаж байгаагүй байх.
-Эхний товлосон хугацаа юунаас болоод өөрчлөгдчихөв?
-Шатрын аварга шалгаруулах улсын тэмцээн Өвөрхангай аймагт болсон юм. Төрийн ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Тиймээс ТББ-ын бид л зайгаа тавьж өгөхөөс аргагүй байлаа. /инээв/Бидний хүлээн авалтаа хийхээр төлөвлөсөн газарт болох байсан учраас бид зайгаа тавьж өгсөн. Саяын ярьсан хүндэтгэх шалтгааны улмаас хэдхэн хоног хойшлоход л хүмүүс яриад юунаас болоод яагаад хойшилчихов гээд л их олон залгаж ярьж байх жишээтэй. Бүр Сүхбаатар, Дорнод аймгуудаас хүртэл залгасан. Тэгэхээр Аравгар хээрийн ой олон хүнд хүлээлт үүсгэж байжээ гэж дүгнэж болохоор байгаа биз.
-Уригдсан зочидыг сонирхож болох уу?
-400 хүний хүлээн авалттай. Их хурлын гишүүдээс авахуулаад Төв холбооны 20 гаруй төлөөлөгч, МУ-ын Тод манлай, Манлай  уяачид, хурдан морины зүтгэлтнүүд гээд өргөн салбарын зочид хүрэлцэн ирэх байх.
-Ойн арга хэмжээний тухайд ийм байдаг байж. Тэгвэл өнгөрсөн арван жилийн хувьд Аравгар хээрчүүд чухам юу амжуулсан бэ?
-Их өргөн хүрээний асуулт байна. Таны энэ асуултанд нэг бүрчлэн хариулна гэвэл өнөөдөртөө бидний яриа дуусахгүй болох нь. Тиймээс бүлэгчилж ерөнхийд нь хариулах нь зүйтэй  байх. Тэгээд ч манай Аравгар хээр  холбооны хийж бүтээсэн бүхэн олон түмний нүдэн дээр ил байдаг шүү дээ.
-Морины их шүтээн, хурдан морины гарааны төхөөрөмж гээд л...?
-Тиймээ, бид өнгөрсөн хугацаанд гурван том зорилт дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт нь нутгийн адууны чанар чансааг сайжруулъя. Хоёрдугаарт нь холбооныхоо бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, ажлыг эрчимжүүлж дээд шатанд гаргая. Гуравдугаарт нь уяачдынхаа морь уях соёл, эрдмийг дээшлүүлье гэсэн. Энэ гурван зорилтынхоо хүрээнд ажлаа төлөвлөж шат дараатай хэрэгжүүлсэн. Өнөөдөр эргээд харахад энэхүү зорилтууд маань биелж, үр дүн нь олны өмнө харагдаж байна. Арав жил гэдэг нэг талаараа урт хугацаа юм шиг боловч юм хийж бүтээж байгаа хүнд богино хугацаа. Гэхдээ манай холбооныхон богино хугацаанд ихийг амжуулж чадсан. Жишээлбэл таны асуусан гарааны төхөөрөмж байна. Өнөөдөр монгол улсын бүх аймаг сумд хэвшүүлэн хэрэглэж буй энэхүү төхөөрөмжийг хамгийн анх Аравгар хээрчүүд санаачлан  туршиж байлаа. Та бүхэн санаж байгаа байх. 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор морь будилж, наадамчин олон сэтгэл гонсгор үлдсэн. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг салхинд хийсгэсэн энэхүү будлианыг таслан зогсоох талаар Аравгар хээр холбооны зүгээс санаачлага өрнүүлж дараа жилийн улсын наадмын  гарааны төхөөрөмжийг туршсан шүү дээ. Хүн болгон өнгөтэй өөдтэйгээ өмсөөд наадамлан, баярлаж, морио уралдуулж байхад манай хэд л халуун наранд хөлстэйгээ зууралдаад Хүй долоо худагт төрийн наадмыг будлиангүй болгох гээд зүтгэж байлаа. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад түүх юм шиг боловч тухайн үедээ шороотой хутгалдаж, хөлс нь урсчихсан явсан энэ хэдийгээ харахад үнэхээр өрөвдмөөр байсан. Ингэж Аравгар хээрийнхэн монголын хурдан морины хөгжлийн төлөө зүтгэж ирсэн.
-Нээрэн ч ногоон тор, хэдэн шонтой сайн зууралдсаны хүчинд тэр жилийн наадам дэлгэр сайхан болж, наадамчид сэтгэл хангалуун буцсан?
-Жилдээ ганц болдог монгол наадмаа үзэх гэж ирсэн тэр олон хүнийг сэтгэл хангалуун үлдээх гэж Аравгар хээрийнхэн тэгж л нойр хоолгүй зүтгэж байсан. Манай Үнэнбүрэн, талийгч Бат-Эрдэнэ нарын маань хичээл зүтгэл цаг нь болохоор үнэлэгдэх байлгүй дээ. Бид зөвхөн аймгийнхаа хэмжээнд сэтгэж, тэр хүрээнд баригдаж ажиллаагүй болохоор өнөөдөр Аравгар хээрийг мэддэггүй хүнгүй болсон  байна.
-Санал нэг байна. Гарааны төхөөрөмжийг хэвшүүлж, хагас тойрог замыг санаачлан Аравгар хээрчүүд морь будлиантахгүй байх бүхий л боломжийг хайж байсан?
-Уяачид, наадамчин олны хувьд морь будлиантана гэдэг хамгийн том асуудал л даа. Байдал даамжирвал морь уядаг хүнгүй, наадам үздэг үзэгчгүй болж нэг ёсондоо монгол наадам үгүй болох аюултай. Чухам тиймээс манай холбооныхон энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж Хятадаас ногоон тор оруулж ирэн, хуучин төмөр болон паластик  шон энэ тэрээр  гарааны төхөөрөмж хийхээс гадна хагас тойрог замыг төслийг санаачилсан. Өөрөөр хэлбэл морь будлиантах асуудалд цэг тавингаа үзэгчдэд гараанаас бариа хүртэл нь үзэх боломжийг олгож басхүү жил бүр хурдан морины уралдааныг зохион байгуулахад гаргадаг зардлыг багасгах зорилготой байсан. Бид бүр зураг төслөө гаргаад тодорхой түвшинд хэлэлцүүлээд бараг шийдэгдэх шатандаа орчихсон байсан. Тухайн үеийн баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Су.Батболд хүртэл ирж танилцаад засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон юм. Харамсалтай нь тэр хурал дээр дэмжлэг хүлээгээгүй уначихсан байсан.
-Юунаас болоод унасан байхав?
- Төр ийм их хэмжээний мөнгө гаргах боломжгүй хувийн хэвшлийнхэн та бүхэн өөрсдөө гаргаад хийвэл хий гэсэн утгатай хариу ирсэн.
-Тийм их гэж хэдий хэрийн төсөвтэй байсан юм бэ?
-600 сая төгрөгийн зардал гарахаар байсан юм.
-Нэг жилийн төсөв л юм байна шүү дээ?
-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ сүүлийн үед хагас тойрог замын асуудал яригдаж байгаа сураг байна. Хэрэгтэй зүйл байна, хэрэгжүүлбэл яасан юм бэ гэсэн хүмүүс олон байгаа дуулдана лээ. Уг нь ч  ажил хэрэг болгоход алдах юм байхгүй л дээ. Энэ мэтчилэн яриад байвал Аравгар хээрийнхэн олон зүйл дээр анхдагч байж, монголын хурдан морины хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Оруулсаар ч байх болно. Өнгөрсөн арван жилд бид хийж бүтээсэн зүйлтэй учраас юм яривал холбоогоо уяачдаа магтчих гээд байна шүү. /инээв/ Саяхандаа шинийн нэгний орой манай аймгийн нэвтрүүлэг МҮОНТ-ээр гарсан юм. Би ажилтай байсан болоод нэвтрүүлэгт нь бүрэн оролцож чадаагүй тэгээд харж суулаа л даа.  Тэгсэн манай аймгийн уяачид  хаана ч очоод уралдсан айж бэргэлгүй бардам уралдана гэж ярьж байна лээ. Өнгөрсөн арван жилд манай уяачид, адуу  ийм хэмжээнд хүртлээ  сайжирсан байна. Нэг үе манайхныг басдаг адуу нь давжаа гээд шоолдог байсан нь үнэн. Тэгвэл өнөөдөр манай захын уяач очоод л аль ч наадамд морио айрагдуулчихаад ирж байна. Энэ бол том амжилт. Тэр нэвтрүүлгийг үзээд үнэхээр  сайхан санагдсан шүү. Мэдээж энэ бүхэн зөвхөн холбооны тэргүүлэгчдийн гавьяа зүтгэл биш, Өвөрхангайнхан нэг цул болж ажилласны үр дүн. Жирийн уяачаас эхлээд тэргүүнээ хүртэл нутгийн адуугаа сайжруулья, уяаны арга барилаа сайжруулья гэсэн нэг зорилготой байсны үр дүн гэж хэлэх байна.
-Нээрэн ч хэдэн жилийн өмнө Тод манлайд гоочлуулж байсан өврийн хангайнхан өнгөрсөн жил төрийн наадмын хоёр түрүү, таван айргийг хүртэж бахтай сайхан наадсан?
-Сүүлийн хоёр жил дараалан манай нутгаас МУ-ын Алдарт уяачид төрлөө. Энэ буухиа цаашид ч гэсэн үргэлжилнэ гэж бодож байна.  Төрийн наадамд хоёр жил дараалан морь айрагдуулсан Ганзориг нарын шижигнэсэн сайхан залуучууд энэ буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол адууны гайхамшигт чанарыг дэлхий нийтэд таниулна гэдэг их том ажил
-Монгол түмний морины их шүтээн цогцолбор Аравгар хээрийн автортой томоохон бүтээлүүдийн нэг. Баянхонгор, Архангай гээд зарим нэг аймгууд өөрсдийн гэсэн шүтээн цогцолбортой болохоор төлөвлөж байгаа сураг дуулдана лээ?
-Монгол түмэн морио дээдэлж, түүгээр дамжсан агуу их өв соёлоо хойч  үедээ өвлүүлж байгаа нь сайшаалтай хэрэг. Монгол түмний морины их шүтээн бол асар том бүтээн байгуулалт. Хамгийн гол  нь монголчууд эвтэй байхдаа хүчтэй, эвлэбэл ихийг бүтээнэ гэдгийн илэрхийлэл болсон. Монгол улсын 21 аймаг, бараг бүх сумдын төлөөлөл морины их шүтээнд оролцсон байдаг юм. Өөрөөр хэлбэл морио дээдэлдэг монголчууд нам, шашин шүтлэг, үзэл бодол харгалзахгүйгээр энэхүү цогцолборын бүтээн байгуулалтан дээр нэгдэж чадсан. Чухам тиймээс монголчуудын очих дуртай, үзүүштэй газруудын нэг болсон  байна. Ялангуяа баруун тийшээ явж байгаа хүмүүс заавал тэрүүгээр дайрдаг болсон. Зүүн аймгийнхан хүртэл морины шүтээн дээр нэг очиж үзэх юмсан гэсэн хүсэлтээ нэг бус удаа хэлж байсан. Мөн зарим нэгний ярих нь манай томоохон уяачид олны нүд хариулж байгаад сэмхэн ирж мөргөөд буцдаг дуулдана лээ. /инээв/ Товчхондоо монгол түмний морины их шүтээн жинхэнэ утгаараа  мориныхны шүтээн болж чадсан.
-Морины шүтээнд хийморийн овоо босгох ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Шүтээнийхээ дөрвөн талд хийморийн овоо босгосон. Сар шинийн өмнөхөн 1000 метр хийморийн дарцаг гадаадад захиалж хийлгээд залсан. Одоо очиход дөрвөн талдаа хийморийн овоотой улам сүртэй болсон байгаа. Ер нь жил ирэх тусам улам бүр төгөлдөршиж байгаа даа манай морины шүтээн. Ингээд яриад байвал Аравгар хээрт хамаатай олон бүтээл, санал санаачлагыг хэлж болно. Бид даруухан болохоороо л хэлэхгүй байгаа болохоос биш. /инээв/
- Монгол морийг Геннист бүртгүүлсэн нь гавьяатнуудын нэг нь Аравгар хээрийнхэн. Даруу зандаа хөтлөгдөөд энэ тухайгаа ярихгүй байх юм биш биз?
-Уг нь энэ маш том амжилт. Сая ?а бүхэн харсан байх. Монголын үндэсний бөхийг Геннисийн номонд оруулах гэж ямар сүртэй арга хэмжээ болов. Төр хүртэл хөдөллөө ш дээ. Тэгсэн тийм том ажлыг Хэнтийхэнгээ нийлээдхоёр холбоо хамтраад аль эрт 2009 онд хийчихсэн. Дуулиан шуугиан тарьж хэн нэгнээс дэмжлэг авалгүйгээр, жил бүр зохион байгуулдаг ажлынхаа хүрээнд л хийчихлээ шүү дээ. Тэгэхээр мундаг байгаа биз. Монгол адуу 1000 километрийн замыг туулдаг агуу тэвчээртэй гэдгээрээ дэлхийн Геннисийн номонд бүртгэгдсэн. Энэ бүхэн бол манай гүйцэтгэх захирал Үнэнбүрэнгийн моринд хайртай махруу зүтгэлийн үр дүн. Монгол Дербид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томчууд оролцдогоороо онцлог. Норвегийн ерөнхий сайдаас эхлээд дэлхийн тэрбумтнууд хүртэл Монгол Дербид оролцож, монгол морины гайхамшгийг мэдэрсэн.  Монгол адууны энэ гайхамшигт чанарыг дэлхий нийтэд таниулна гэдэг их том ажил шүү дээ.
-Хошин шогийн номер болтлоо хурцадсан уяачдын малгай залааны стандартыг нэг мөр цэгцэлсэн аймгуудын нэг нь танайх. Жижиг юм шиг боловч уяачид мориныхны хувьд тулгамдсан асуудлуудын нэг нь яах аргагүй энэ байсан?
-Энэ стандартыг гаргаад эхлээд бид улсад тавьсан юм. Улсын цолтнууд нь ийм, аймгийн Алдартууд нь ийм, сумын  Алдарт нь ийм байя гээд. Харамсалтай нь үүнийг ажил хэрэг болгож  хэрэгжүүлээгүй. Тиймээс бид өөрсдөө хэрэгжүүлж нэгдсэн нэг стандарттай малгай, залаатай болсон. Одоо зарим аймгууд манай стандартаар малгай залаагаа хийж байх шиг байна. Уг нь улсын хэмжээнд нэгдсэн нэг стандарттай байвал зүгээр л байгаа юм. Арван жилийн ойн арга хэмжээнд бид бүх уяачдаа малгай, дээлтэйгээ ирээрэй гэсэн. Тэр үед энэ арга хэмжээ ямархан ач холбогдолтой байсан нь илүү тод томруун харагдах байх.
Энэ холбооны тэргүүнээр ажиллахдаа би үргэлж баяртай байдаг
-Түүх сөхөх сонин байдаг. Аравгар хээрийн тэргүүн болж байсан тэр үеийн  дурсамжаасаа хуваалцаач. Нэлээд хэдэн газраас санал тавьсан гэдэг. Яагаад чухам Аравгар хээрийг сонгосон юм бэ?
-Эхлээд надад ямар ч төсөөлөл байгаагүй. Ний нуугүй хэлэхэд сургууль соёл гээд морь гэдэг энэ том өв соёлоос хөндийрчихсөн байсан үе  л дээ.
-Тэр үед таны нэртэй морьд ид гайгүй давхиж байсан юм биш үү?
-Монгол хүний цусанд морь байдаг гэдэг  үнэн юм билээ. Нэг л мэдэхэд морь гэдэгтэй амьтантай холбогдчихсон байсан. Шинэ хүн ширүүн байдаг шүү дээ. Тэр утгаараа нэг хэсэг манай морьд дийлж уралдаж байлаа. Тэр үед одоог бодвол залуу бас ч омогшуу байж яг тийм үед л манай хэд санал тавьсан даа. Намайг сонгохдоо нэг нутаг усны дээр нь улс төрд оролцоогүй гэдгийг харгалзаж үзсэн гэсэн. Тэгээд манай эхнэрээ дамжуулж санал тавьсан юм. Тухайн үед нэлээд хэдэн газраас санал тавьж байсан ч нэгдүгээрт морины хоёрдугаарт манай нутгийн гэдэг нь илүүтэй ойр санагдаад саналыг нь хүлээж авсан. Морь монгол хүнийг яг тэр монголахуй,соёлтой нь холбож өгдөг юм байна лээ.Аав ээжий минь төрсөн уугуул нутаг ус юм бүхнээс эрхэм санагддаг яг тэр үедээ Аравгар хээртэйгээ холбогдсон доо.
-Эгзгийг нь тааруулж санал тавьжээ дээ?
-Тэгсээн. Эхлээд утсаар ярьсан юм. Тэгээд очиж үзье гээд ирсэн чинь төсөөлж байгаагүй их сүртэй угтаж авсан. Аймаг руу ордог гүүрэн дээр хорь гаруй жийп эгнээд зогсчихсон байсан нь одоо хэр санаанаас гардаггүй юм. Би тэгнэ чинээ төсөөлөөгүй байсан л даа. Хээр талд таваг идээ засчихсан холбооны залуучуудаа хараад “Хүмүүс надад ингэтлээ итгэл хүлээлгэж байхад ажиллаад үзье л” гэж бодсон.
-Тэгээд л хурлаа хийгээд тэргүүнээрээ сонгосон уу?
-Тэгсээн. Нэгэнт хамтран ажиллая гэсэн болохоор “хамгийн түрүүнд шийдэх ямар асуудал байна” гэсэн. Манай хэд “өөрийн гэсэн байртай болмоор байна” гээд миний зүгээс ч тэр манай тэргүүлэгчдийн зүгээс ч тэр тодорхой санхүүжилт гаргаж байрны асуудлаа шийдсэн. Манай холбоо магадгүй Монголын анхны өөрийн гэсэн байртай холбоо байх шүү. Тийм сайхан сэтгэл зүтгэл нийлсэн хамт олонтой байсан болохоор бидний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, улсын шилдэг холбоогоор гурван удаа  шалгарсан.
-Зохимжгүй асуулт байж мэднэ. Цаг үргэлж ажил нь буцалж байдаг Аравгар хээрийн холбооны сонгуульт ажилдаа шантрах үе гарч байв уу?
-
Аравгар хээрийн тэргүүний  ажлаасаа юу?
-Тийм
-Хэзээ ч үгүй. Нэг ч  удаа тийм бодол төрж байгаагүй Би энэ залуучуудтай холбогдсондоо олзуурхаж явдаг. Холбооны тэргүүнээр хэр удаан ажиллахыг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ холбооны тэргүүнээр ажиллахдаа би үргэлж баяртай байдаг. Харин ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зарим үед шантарч байсан. Нуугаад яахав. Яагаад гэхээр бидний ажиллаж байх тэр үед гол гол ажлууд хийгдсэн шүү дээ. Гарааны төхөөрөмжөөс эхлээд Молор эрдэнэ одон хүртэл.  Морины зүтгэлтнүүдэд олгодог дээд шагналтай болъё гээд Молор эрдэнэ одонг санаачилж загвар дизайныг нь гарган зургаан ширхгийг өөрийнхөө мөнгөөр хийлгэж байлаа. Одоо ихэнх нь эзнээ олсон юм шиг байна. Зарим нэгэн нь зориулсан эздэдээ очихгүй байна гэх шүүмжлэлийг хэлж л байна лээ. Би өгсөн шалгуурыг нь нарийн сайн судлаагүй болохоор хэлж мэдэхгүй юм.
-Ер нь ямар тохиолоор ММСУХ-ны  дэд тэргүүн болчихсон юм бэ? 
- ММСУХ-ны дөрөвдүгээр их хурлаар заалнаас нэр дэвшээд л сонгогдчихсон.  Уг нь манай дүү Тамир бид хоёр уяачийнхаа хувьд тэр хуралд оролцож байсан юм л даа. Тэгсэн заалнаас нэр дэвшүүлээд, тэнд байсан уяачид дэмжээд дэд тэргүүн болгосон. Нэгэнт мориныхон итгэл хүлээлгэж байхад тэр ажлыг хийхээс өөр аргагүй шүү дээ. Тэгээд дөрвөн жил ажилласан. Нэлээд ажлыг амжуулсан гэж боддог шүү.
-Одоо та чинь төв холбоонд ямар үүрэгтэй байна вэ?
-Уг нь тэргүүлэгч. Гэвч ажлын ачааллаас болоод үнэхээр оролцож амжихгүй байгаа. Ажлын шаардлагаар ихэвчлэн гадаадад байж тараад байх юм. Одоогийн удирдлагууд маань сайн ажиллаж байгаа байлгүй дээ.

Нэг жилийн наадмаас 11 айраг түрүү хүртэж, Алдарт уяачийн болзол хангасан
 -Хожимдсон асуулт байж мэдэх ч Энхбат гэдэг хүнийг юу моринд урвуулсан юм бэ? Нэг хэсэг ч эрчимтэй адуу цуглуулсан шүү?
-Миний найз МУ-ын Алдарт уяач Нямдаваа л намайг моринд оруулчихсан юм даа. Найз маань надад нэг морь бэлэглэсэн юм. Морио яаж давхихыг харах гээд найз нөхөд, гэр бүлийнхэн бүгдийг нь дагуулаад очдог юм байнаа.Анх удаа тийм том гал уяан дээр очиж байгаа нь тэр.  Тэгсэн байдаггүй ээ. Хоёр том онигоонд ордог байгаа.
-Яаж тэр вэ?
-Эхнийх нь түрүүлж ирсэн морийг өөрийнхтэйгээ андуураад. Хоёр дахь нь миний морь сүүлээр ирээд дагуулж очсон хүмүүсийнхээ өмнө хүндхэн байдалд орсон. Тэгээд л эр хүний цагаан хор хөдөлж хурдан адууны эрэлд гарсан даа.
-Дуламсүрэн Тод манлайтай явсан уу?
 -Үгүй ээ, эхлээд Билгээ гээд морь сайн таньдаг дүүтэйгээ явсан. Дуламсүрэн Тод манлайтай ч дараа нь явж байсан, манай гэр бүлийн хүн Тод манлайтай явж  бас хэдэн сайн адуу авчирсан. Билгээ бид хэд эхлээд Сүхбаатар, Сэлэнгээр явж адуу авсан нь сайн давхиж, урам сэргээн улам бүр моринд шимтэх шалтаг болсон байх.
-Голдуу хаанаас авч  байв?
- Сүхбаатар аймгаас л голдуу авсан даа. Манай адууны цөм тэр зүгийн адуу шүү. Цаг хугацаа хурдан юм даа. Тэр цагаас хойш бараг арван жил болсон байна.
-Адуу ч нэлээд өсөө биз?
- Голдуу хурдны чиглэлийн  20-иод азарга адуу бий. Адууны орон Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нутаглаад нэлээд хэдэн жил болж байна. Унага чөмөглөөд арай л өөр юмаа.
-Сайн адуу эзнээ хайж явдаг гэдэг. Зорьж авчирсан хурдан хүлгэд эзнийхээ магнайг тэнийтэл урамтай сайхан наадсан. Айраг түрүү бөөндсөн 2005 оны наадмуудыг эргэн  дурсвал?
-Тэр жил улс бүсийн наадмаас 11 айраг түрүү аван нэг жилийн дотор МУ-ын Алдарт уяачийн болзол хангаж байлаа. Ийм тохиолдол хэр олон байдгийг мэдэхгүй юм. Өөрөө Алдартын болзол хангаад зогсохгүй уяачдаа гурван айргаа нэмэрлэж Тод манлай уяач болгож байсан. Тэгээд Дуламсүрэн бид хоёр нэг өдөр цолоо авч адуугаар нөхөрлөсөн эр улсын жаргалыг хамтдаа амталж байлаа.
-Зарим нэгний насаараа уяад ч хүрдэггүй цолонд ганцхан жилийн дотор хүрнэ гэдэг бас л ховор хувь тохиол шүү?
-Нутгийн минь дэвжээ, өвөг дээдсийн минь буян заяа түшиж тэгж сайхан наадсан байх. Миний өвөө Шанхын баруу хүрээ хийдэд шавилан сууж байгаад 1937 онд баригдаад эргэж ирээгүй гэдэг юм. Хожим нь би өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэж баруун хүрээ хийдийг сэргээн засахад гол шүтээнийг гэр бүл, ах дүүс,найз нөхөд, ажлын газрынхны хамт бүтээж залсан. Тэрний маань буянг хишиг болов уу  гэж боддог.
Мөнгөн нүдэт маань огших гэдгийг анх мэдрүүлсэн
-Хамгийн их сэтгэлд хоногшиж урам хайрласан наадам аль нь байв?
-Урам хайрласан гэвэл Өвөрхангайн уралдаанууд байна. Ноён хээр маань аймгийн наадмаас л тодроод эхэлсэн шүү дээ. 2005 оны Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах  уралдаанд Наадмын хүрэн маань ижилгүй хол түрүүлж, урам сэргээж байлаа. Дараа нь Мөнгөн нүдэт маань улсад  дөрвөлж, төрийн наадмын анхны айргийг амсуулсан даа. Тэр жил 300 гаруй ?рээ мордсон юм. Улсын наадмын хишиг хүртсэн тэр наадам миний  амьдралын мартагдашгүй сайхан дурсамжуудын нэг. Манайх тэр жил Хүй долоон худгийн урд талын довцог дээр буучихсан. Соёолонгийн уралдааныг радиогоо? сонсоод сууж байлаа. Тэгсэн гарсан цагаасаа эхлээд хавтгайд орж иртлээ Нацагнямын хүрэн гээд зарлагдаад байсан үрээ миний Мөнгөн нүдэт болж таардаг юм. Шонгийн модноос наашаа Энхбатын хээр гээд л зарлагдаад эхэлсэн. Тэгсэн яахаа мэдэхээ байчихсан. Барьсан тавьснаа ч мэдэхгүй дэмий л сандраад. Баталгаатай айрагдахаар боллоо гэнгүүт манай хүн бид хоёр нэг машинд сууж аваад л хөлсний цэнхэр хашаа руу явсан. Тэрүүхэн хооронд цаг хугацаа дэндүү удаан санагдаж, хоёр биенийхээ гарыг атгачихаад “үнэн байгаа” гээд л  залбирч явсан. Уйлаад байгаа хэр нь нулимс гарахгүй. Огшино гэдгийг би тэгэхэд л анх мэдэрсэн дээ.
-Тэгвэл төв цэнгэлдэхэд морь цоллуулах гээд ороход ямархан мэдрэмж төрдөг вэ?
-Тэр үед харьцангуй тайвширчихсан. Догдлолоосоо илүү омогшил байдаг юм даа.
-Морь гэдэг сэтгэлээ өгсөн эзнээ харамгүй баярлуулдаг буянтай амьтан. Нутгийн зон олноосоо найман шарга морь бэлгэнд авсан нь адуутай холбоотой баярт агшнуудын нэг байсан байх?
-Тэгэлгүй яахав. Тэгнэ чинээ төсөөлөөгүй байсан болохоор гэнэтийн баярт агшнуудын нэг байсан. Бүрд сумынхан маань нутаг усныхаа нэр гаргаж, МУ-ын Манлай уяач цол хүртсэнийг мялаан тийнхүү найман шарга мориор сэтгэлийн бэлэг барьсан юм билээ. Сүргийнхээ сор болсон хүлгэдээ шилж зүсээр нь ижилсүүлчихсэн байхыг харах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдсан шүү. Би жил бүр Сант хайрханаа тахиж бэсрэг наадам хийдэг юм. Тэрэнд нутгийн олон талархалтай явдаг байх. Өсөж төрсөн нутгийн олны хүндлэл юутай ч зүйрлэшгүй эрхэм юм билээ. Миний амьдралын мартагдашгүй баярт агшнуудын нэг нь тэр байсан.
-Шарга морьдоо авчирсан уу?
-Намар орой байсан болохоор авчираагүй. Одоо энэ таван сард хайрханаа тахихдаа авчирна даа.
- Манлай цолны мялаалга тун өвөрмөц байжээ дээ?
-Харин тийм. Би 2008 онд Манлай уяач цолоо авсан. Таван жилийн дотор л  МУ-ын Манлай уяач гэдэг эрхэм сайхан цолонд хүрсэн юм билээ. Энэ маань морины хийморийг дааж хүндэтгэж явсны буян л байх.
-“Шандас” гал дараагийн цолтноо тосож авах гээд л хүлээж байна уу? Цолмон эгчийн хувьд  нэлээд дөхсөн байх шүү? 
-Монголын тоотой хэдэн эмэгтэй уяачийн нэг нь миний гэргий. Адуунд үнэхээр дуртай хүн байгаа юм. Одоогийн байдлаар Алдарт уяачийн болзолд их нас нэг, бага нас гурав дутуу байна. Чанарын тухайд бол 70, тооны хувьд 50 хувь нь биелчихсэн . Сүүлийн үед би ажил ихтэй манай хүн л адуугаа хариуцаж байна даа. Миний дүү Энхбаатар болон эхнэр Цолмон нар маань л “Шандас” галын ачааны хүндийг үүрч арын ажлыг зохицуулж байна даа.
-Ардчилал хүрэний эзэн уяа тусгаарласан уу?
-Тэгсээн,Тамир дүү маань зарим морьдоо авч уяа тусгаарласан.  Дүү маань Монголын хурдан угшлуудыг ихэнхийг нь цуглуулж чадсан.
-Сундуй Манлай танд адуугаа гэрээсэлж үлдээсэн гэж сонсож байсан юм байна?
-Тиймээ, тэр сайхан буянтай хөгшин надад итгэн хурдан буянгуудаа үлдээсэн байсан. Тэр дагуу нь бид тогтсон үнэ хөлсийн өгөөд адууг нь авсан. Харамсалтай нь сайн давхина гэсэн адууг нь давхиулж чадаагүй. Гэсэн хэдий ч адууных нь үр төл бий. Тэдгээрээс нь сайхан давхих байх гэж бодож байна.
Наадамын хүрэнтэйгээ тэгэхэд үнэхээр ярилцсан
-“Шандас” галын хурдан хүлгэд өвөрмөц сайхан нэртэй байдаг?
-За тэр чинь миний гол ажил шүү дээ. Нэг адуу аваад хэлбэр хийц, давхилыг нь харна. Тэгж байгаад л нэр өгнө дөө. Санаа дагаад ч тэрүү  адуу өөрийн гэсэн оноосон нэртэй болчихвол илүү амжилт гаргаад байх шиг санагддаг юм. Хээр морь гэж байхаар Ноён хээр ч гэдэг юмуу нэртэй болчихвол цаанаа л өөр. Ноён хээрийг жишээлбэл алхаа, гадаад байдлыг нь харж байгаад л өгчихсөн. Эзэнтэй нь ярьчихаад авах гээд Асгат сум руу явж байсан урдаас хөтөлгөө морьтой нэг залуу ирж байсан юм. Тэгсэн Билгээ маань “энэ бидний авах гэж байгаа морь мөн юм шиг байна. Нэг иймэрхүү уужуу тайван алхаатай хээр морь байх ёстой” гэсэн. Нээрэн харсан их уужуу алхаатай хүнээр бол ноён маягтай төсөөлөгдсөн. Нэг тийм пээдгэр маягийн алхаатай. /инээв/ Тэгээд л тэр  дор нь Ноён хээр гэдэг гээд нэрлэчихсэн. 
Наран шаргын тухайд Дуламсүрэн Тод манлай бид хэд ярьж байгаад өгсөн. Өглөө уяан дээрээ байхад нь харахад сор нь алтраад ямар гоё харагддаг гээч. Тэгээд тэрүүгээр нь Наран шарга гэж нэрийдсэн.  Наадмын хүрэнгийн тухайд зориулж өгөөгүй нэр байгаа юм. Жирийн үед хүний нүдэнд тусахааргүй байдаг хэрнээ наадам  дөхөхөөр л өнгө ороод жавхаажаад байдаг болохоор нь Наадмын хүрэн гэж нэрлэсэн юм. Ингээд яриад байвал нэртэй холбоотой олон  түүх ярьж болно. Ерөнхийдөө миний  хувьд мориндоо нэр өгчихвөл морьтойгоо нэг ижил түвшинд харьцаж байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор ийнхүү нэрэнд ач холбогдол өгч гэр бүлийн хүрээнд ярьж зөвшилцдөг. Энэ сэдэвтэй холбогдуулаад нэг сонин түүх яръя л даа. Амьтны сэтгэл зүйг судалдаг гээд нэг эмэгтэй надад “адуу хүнтэй ярьдаг юм шүү дээ” гэж хэлсэн. Тэр нь үнэн .Би түүнийг нь тодорхой хэмжээнд мэдэрсэн.
-Яаж тэр вэ?
-Би нэг удаа Наадмын хүрэнтэйгээ ярьж ойлголцсон юм. Говьшанхын хурдад Наадмын хүрэн долоолсон юм. Тэр орой нь бүрэнхий болчихсон манайх морьдоо тавиагүй, би сэтгэл жаахан тиймхэн уяагаа тойроод явж байлаа л даа. Айрагдчих магадлалтай адуу сугарчихаар нэг тиймхэн байдаг шүү дээ. Тэгээд уяагаа тойрч байтал Наадмын хүрэн нүдэнд нь нулимс цийлэгнэчихээд толгойгоо гудайлган намайг тойруулж хараад нүдээрээ яриад байх шиг байсан.. Өнөөдөр айрагдаж чадаагүйд уучлаарай гэсэн шиг. Тэр үед би адуу хүнтэй үнэхээр ярьдаг юм байна гэдгийг мэдэрч,
нулимс гарч байсан шүү
-Адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр анхаарч онгоцоор хүртэл зөөж ирж байсныг тань мэдэх юм байна?
-Эхэндээ монголынхоо аль л хурдтай гэсэн газруудаас адуу авсан. Сүхбаатарын Асгат, Халзан гээд. Яваандаа шинэ монгол адуу гаргаж авахад анхаарч цэвэр цусны адуу оруулж ирсэн. Анхны  хүмүүсийн нэг нь би байх. 2006 онд Казакстнаас зургаан адуу онгоцоор авчирч байлаа. Тэднээс одоо Титан нэртэй азарга маань байгаа. Титаны маань үр төлүүд их сайн давхиж байгаа.
-Шинэ монгол адуу буюу шинэ цагийн эрлийз адуунуудын тухайд таны бодлыг сонсмоор байна. Эрлийз монгол адууг ялгах шийдвэрийн тухайд юу хэлэхсэн бол?
-Энэ бол цаг үетэйгээ уялдсан зөв шийдвэр.Одооны энэ цаг үеийг шинэ цагийн адууг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлийн үе гэж үздэг. Хараахан нийтээрээ адуугаа сайжруулаагүй байгаа өнөө үед ингэж ялгаж уралдуулахаас аргагүй. Харин яваандаа нилэнхүйдээ адуугаа сайжруулаад ирэхээр хүссэн хүсээгүй хамтдаа уралддаг болно. Минийхээр одоо бол бэлтгэлийн үе. Товчхондоо ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд зөв ч, хөгжлөөсөө ухрахгүйн тулд яваандаа нийлж уралддаг болох хэрэгтэй.
-Моринд орсноор таны амьдралд гарсан өөрчлөлт гэвэл. Наад зах нь дээл өмсдөг болсон байх. Пиджак голдуу өмсдөг хүн дээл өмсөхдөө хэр түүртэж байв?
-Харин ч эсрэгээрээ шүү. Би дээл өмсөхдөө эрх чөлөөг илүүтэй мэдэрдэг. Монгол дээл биед эвтэйхэн их сайхан хувцас шүү дээ. Харин нэг гэм нь түрүүтэй гутлыг үргэлж тайлж өмсөх гээд жаахан тийм л байдаг юм. Доогуураа ботинктай дээл өмсөж болдог бол ер нь дээлээ тайлмааргүй санагддаг. /инээв/
-Морьтой холбогдсон хүн дээл хувцаснаас гадна эмээл хазаар, ташуур, хөөрөг гээд эдлэл хэрэглэлүүдийг зайлшгүй эдлэх болдог. Энхбат Манлай ямар сонголт хийсэн  нь бас сонин байна?
-Морь сонирхсон хүн аяндаа л монгол ахуй соёлтойгоо холбогдчихдог юм билээ. Баруун зүгийн буган ясан нэг сайхан эмээл байгаа. Сүхбат аваргаар дамжиж ирсэн юм. Мөн зүүн зүгийн алдарт  Дарьганга хийцийн мөнгөн баавартай бас нэг сайхан эмээл бий. Хөөрөгний тухайд Сайн ноён хан Намнансүрэнгийн барьж байсан ногоон сүүжин хөөргийг барьдаг.
-Морины хөгжилд сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулдаг хандивлагчдын нэг нь яах аргагүй та. Магадгүй тийм болохоор таны морьд санаа даган хурдалдаг байх? 
-Уралдаан ивээн тэтгэх, холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэх хоёр тусдаа ойлголт юм. Зарим хүмүүсийн төсөөлдөгчлөн аархаж баярхсандаа морины гэсэн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Харин түүнийгээ мориор дамжсан их соёлыг нийтэд түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог. Гэхдээ уралдаан гэхээсээ холбооныхоо үйл ажиллагааг дэмжих чиглэлд илүүтэй санхүүгийн дэмжлэг үзүүлдэг дээ.
-Амжилт гаргахын салшгүй нэг хэсэг болсон хурдан морь унаач хүүхдүүдээ урамшуулах тал дээр “Шандас” гал уяаныхан нэлээд анхаардаг юм шиг санагддаг шүү?
-Хүүхэд гэдэг аль ч талаас нь харсан анхаарахгүй байхын аргагүй. Амжилт алдар нэрээ бодсон ч тэр, хүүхэд гэдэг талаас нь харсан ч тэр. Өөрсдийгөө бодвол моринд томдсон хүүхдүүдээ аваад үлдмээр байвч ирээдүйг нь бодоод сургууль соёлд ороход нь дэмжихийг хичээдэг. Өнгөрсөн жил манай унаач хүүхдүүд Бээжинд аялаад ирсэн. Анх удаа л хурдан морь унаачид хилийн дээс алхаж, газар үзсэн нь тэр байх. Монголчууд ярьдаг шүү дээ. Хүүхэд баярлуулах хамгийн том буян гэж. Хүүхдийн цагаан цайлган инээд хөөрөөс илүү сайхан зүйл гэж юу байхав. Тэр утгаараа болж л өгвөл хүүхдүүдээ баярлуулахыг хичээдэг дээ.
-Ирсэн зочин буцдаг, орсон бороо арилдаг жамтай. Бидний яриа өндөрлөж байна. Урил?ыг маань хүлээн авч ярилцсанд танд баярлалаа. Сэтгүүлээр маань дамжуулж сэтгэлийн үгээ уламжилж болно.
 -Морь уях энэ их соёлыг хойч үедээ үлгэрлэн үлдээхэд хүн бүр хичээл зүтгэлтэй оролцоосой л гэж хүсэх байна даа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна