“Соёмбот хүлэг” галын уяач М.Энхсайхан: Сүүлийн жилүүдэд тасраад байсан нутгийн хурдын буухиаг цавьдар үрээ маань залгууллаа

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд


-Хязаалан айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Төрийн наадамд морь айрагдуулсан хүн баяртай байлгүй яахав. Сэтгэл өндөр их баяртай байна. Миний ах Төмөрхуяг гэж хүн бий. Миний дүү Энхбат бас моринд дуртай. Хурдан моринд дуртай ах дүүстэйгээ хамтраад “Соёмбот хүлэг” нэртэй гал байгуулж, тамга тэмдгээ авсан. Монголчууд эрт дээр үеэсээ соёмбыг дээдэлсээр ирснийг бодолцон галаа нэрлэсэн хэрэг л дээ. Манай галд бид гурваас гадна Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Базаррагчаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Алтанхуяг нарын залуус бий. Манай гал энэ жил 13 уралдаж, 9 айраг түрүү хүртээд байна.
-“Соёмбот хүлэг”-ийнхэн үнэхээр одтой наадаж байгаа юм байна. Цавьдар хязаалангийн амжилт төрийн наадмын анхны хишиг үү?
-Улсын наадам гэдэг утгаараа анхных ч Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмын тухайд гэвэл гурав дахь. Дүнжингаравын хурд -2011 бүсийн уралдаанд миний хээр соёолон  гурвалж, “Нүүрэнтэйн хурд-2011” бүсийн уралдаанд Энхбатын маань их морь дөрөвт хурдалсан.  Тэгэхээр цавьдар хязаалангийн амжилт төрийн наадмын гурав дахь айраг болж таарч байгаа биз.
 -Ах дүүс бултаар моринд дуртай байгаа нь дээдэстэй нь холбоотой юу?
 -Тэгж хэлж болноо. Манай ээжийн аав Батбаяр гэж хүн байсан. Тэр хүний эцэг Улцан Гэлэг гэж нутаг орондоо нэртэй морь мал уядаг, хатгадаг айхтар хөгшин байсан гэдэг. Өвөө маань морь мал уядаг байсан учраас ээж маань багадаа хурдан морь унадаг байсан. Өдгөө 80 гарсан сайхан хөгшин бий. Нас дээр гарсан ч морь маланд их дуртай. Бидний амжилтаар бахархаж суудаг.
 -Хязаалангийнхаа угшил гарвал, өмнөх амжилтын талаар манай уншигчдад ярьж өгөөч?
 -“АПУ” компанийн ерөнхий технологич Аваасүрэн  ахын маань төрсөн дүү Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд байдаг юм. Аваасүрэн ах маань дүүгийнхээ адуунаас хоёр даага сонгон манай хүүд бэлэглэсний нэг нь энэ цавьдар хязаалан маань байгаа юм. Сургаагүй их эмнэг ороо даага байсан учраас тэр жил нь уралдуулж чадаагүй. Шүдлэндээ Төв аймгийн наадамд 27-д давхиж, харин энэ жил Морьтхангайн наадамд аман хүзүүдээд, Багахангайд болсон хязаалангийн уралдаанд түрүүлсэн юм.
 -Тэгээд л улсын наадамд ирж уралдахаар шийдсэн хэрэг үү?
-Үгүй ээ. Уг нь бид аймагтаа л наадна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Цавьдар үрээ маань аймгийн сунгаанд өнгөлөөд, тэгээд ч адууны ханиад гарсан учраас олон тасраад яахав гээд улсын наадмаа зорьсон доо.
 -Адууны наймаа хэр хийж  байна  вэ?
-Адууныхаа цусыг сайжруулах үүднээс ганц нэг наймаа хийж л байна. Хамгийн анх 2000 онд Аваасүрэн ах маань нэг шүдлэн үрээ бэлэглэсэн юм. Тэр үрээ маань нэг удаа сумын наадамд зургаалсан. Одоо бол бүдүүн азарга болсон. 2004 оноос хойш моринд нэлээд идэвхтэй орсон. Үр дүн нь энэ жилээс л гарч байна даа.
-Зууны Манлайтай нэлээд ойр байдаг дуулдсан. Уяаны талаар заавар зөвлөгөө авдаг л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Нэг нутаг усных гэдгээрээ их ойр дотно явдаг. Бид чинь Төв аймгийн Баянцагаан сумын хүмүүс шүү дээ. Манай сум хэзээнээсээ хурдтай.  Нэг хэсэг гоц дийлж уралддаг байснаа сүүлийн жилүүдэд тасраад байсан юм. Харин энэ жил цавьдар үрээ маань тэрхүү буухиаг үргэлжлүүлж байна.
-Цавьдар үрээндээ ямар нэр хайрласан бэ? Хурдан хүлгэдийн ихэнх нь оноосон нэртэй байдаг?
-Ах маань “Хөх цавьдар” гэдэг  нэр өгсөн байна лаа. Дээхэн үед мундаг хурдалж байсан нэг азарга байсан юм билээ. Түүн шиг хурдан байхыг бэлгэдэн тийнхүү нэрлэсэн гэсэн.
-“Дүнжингаравын хурд”-д гуравт хурдалсан хээр соёолонгийнхоо талаар яриач?
-Хээр  соёолон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Шар Дугарсүрэн гэж хүний унаган адуу. 2008 онд даагандаа Алтан-Овооны даншиг наадамд дөрөвт хурдалсаных нь дараа намар нь очиж авсан юм.
-Бүсийн наадамд айрагдсан үрээ чамгүй үнэтэй байсан биз?
-10 сая төгрөгөөр л авч байсан. Ер нь урагшаа хөлтэй ганц адуу авъя гэж зорилготой байсан болохоор үнэ мөнгөнд нь нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Ирсэн жилээ шүдлэн үрээ улсад 17-д давхиж, хойтон жил нь хязааландаа Төв аймгийн наадамд тавлаад, энэ хавар Сэргэлэнгийн хурдад түрүүлж, Дүнжингаравт гуравласан. Улсын наадамд ханиаднаас болоод уралдуулаагүй.
-Хурдан хүлгэдийн чинь хийморь өргөж явах болтугай. 

"Тод магнай" сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна