Сүүлийн үеийн адууг 27 хоногоос хэтрүүлж уяж болохгүй

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

-Хурдан морийг сонгож авахдаа хүмүүс бүх талыг нь шинжиж сонгодог байж таарна. Та бол хамгийн түрүүнд юуг нь онцолж хардаг вэ?
-Би бол айлын адуунд ороод эхлээд морины толгойг л харна. Толгойноос тэр адууны уушиг бөөр, элэг гэхчилэн дотоод эрхтнээс авахуулаад их олон юмыг харж болно шүү дээ.
-Тухайлбал толгойноос нь уушгийг яаж харж болдог байна. Жаахан дэлгэрүүлж хэлэхгүй юу?
-Хоёр нүдний хоорондох зай хичнээн их, өргөн магнайтай байна хамрын савхан яс нь төдий чинээ өргөн байдаг. Түүнийгээ дагаад амьсгалах эрхтэн нь уужим байдаг. Амьсгалах эрхтэн уужим байна гэдэг хавирганы матаас сайн байж таарна.
-Тэгвэл нүднээс нь юуг уншиж болох вэ?
-Нүд бол элэгний газар шүү дээ. Элэг сайн бол нүд тунгалаг л байж таарна. Хөмсөг бол сэтгэлийг илэрхийлнэ. Нүдний дэлгэц том, зузаан хөмсөгтэй байх юм бол зориг зүрхтэй, сэтгэл агуу л байдаг. Духных нь зай бага нарийхан, нүд нь жоотойсон, нимгэхэн зовхитой адуу зүрх муутай байдаг. Харин өнөөх том нүд духтайнууд чинь баргийн тэнэг хүн буруу ажил хийхэд өөрөө зүтгэдэг байхгүй юу.
 
-Гурван овоо тэгш морь хурдан байдаг гэлцдэг. Гурван овоо гэж чухам аль хэсгийг нь хэлээд байна аа?
-Морины хөхлийг боодог толгойны овоо яс, хар сээрний залгаа, олон уулзахын залгаа энэ гурвын хоорондын зай нь тэнцүү байхыг тэгж хэлдэг. Үнэхээр гурван овоо тэгш морь хурдан байдаг нь үнэн.
-Хурданыг туурайгаар шинжиж мэдэж болно биз? Хурдан морь худалдаж авах гэж байгаа хүн туурайг сөхөж харж байгаа нь анзаарагддаг.
-Туурай бярны талыг илтгэдэг. Жаахан зузаан туурайтай, өсгий өндөртэй адуу бяртай байдаг. Тачирхаан богинохон хумстай бол сарвууны цуцалт тааруу талдаа. Адууны хумсыг гурав ангилж болно. Нэг хэсэг нь арынх нь их зузаан том бол гайгүй хурдтай, бүр хүнд тавагтай байвал тааруу. Хумсны хурдтай нь хулангийн туурай шиг гоё онгойсон, хурц шөвгөр үзүүртэй байдаг. Тийм адуу хөлийн хурдтай байдаг л даа.
-Хурдан адууны дэл сүүл ямар онцлогтой байдаг вэ?
-Хуучны хошин үгэнд “Дэлдэн чихтэй бөх түрүүлээд дэлдэгнэж байхыг харав уу, дэл сүүл ихтэй морь түрүүлчихээд сэгсэлзэж байхыг үзэв үү” гэж байдаг. Дэл сүүл нь тунсаг, жигдхэн зөөлөн гоё дэл сүүлтэй адуу хурдан даа.
-Энэ өөд газар гайгүй давхих адуу байна. Энэ уруу газар бол явахгүй ээ энэтэр гэж байхыг чинь би сонссон. Яаж мэдэхээрээ тэгж, ялгаж зааглаад байнаа?
-Адуу бол хийцээрээ давхидаг амьтан шүү дээ. Эмээлийн хавтаснаас хойш өндөр, шургуу цээжтэй бол өөд газар сайн давхина. Сэрвээ өндөртэй бол уруу газар явж өгөх жишээтэй.
-Тэгвэл цээж бөгс нь тэнцүүхэн адуу өөд уруугүй сайн давхих нь ээ дээ. Ер нь ямар адуу цуцаа багатай байдаг юм бэ?
-Давхиж байхдаа хөлөө хичнээн л доогуур тавьж, доогуур самралттай байна, төдий чинээ цуцаа бага байна гэсэн үг. Дал нь хичнээн налуу байна, төдий чинээ доогуур самралттай байна. Доогуур самарч давхиж байна гэдэг чинь өөртөө түвэг багатай л хөдөлж байна гэсэн үг.
-Шүд ам ямар байх нь хурдад бас нөлөөтэй биз?
-Нөлөө байнаа. Нэг тийм давчхан шавааралдсан ойрхон, жижигхэн шүдтэй адуу хурдалдаггүй. Саравгар, дэрэвгэрдүүхэн, өргөндүү шүдтэй нь зүгээр. Эрүү дутуу гэж байдаг шүү дээ. Энэ чинь дээд тал нь илүү, доод тал нь дутуу гэсэн үг. Эрүү тавиутай нь болохоороо зуулт нь тэнцүү байна. Шүдний зуулт гэдэг чинь энэ. Наадмын дараа уясан мориныхоо шүдийг үзэж байх гэмгүй.
-Хурдан морины өнгө зүс нэг их гялтайгаад байх сайн биш гэлцэх юм билээ?
-Сайн биш ээ. Морины уяа мултрах дутах хоёрт морины зүс гялтайдаг. Гялгар өнгийг дарж уралд гэдэг. Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална, агсарна.
-Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн үү?
-Үнэн 1994 онд улсад түрүүлсэн Батчулууны хээр морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд нь хурууны өндөг дарам хар мэнгэ урган, үүдэн шүдэндээ бараг тулсан байж билээ.
-Хурдан морины арьс ямар онцлогтой байдаг вэ?
-Хурдан тусмаа арьс нь нимгэхэн байдаг. Хичнээн элбэг дээлтэй юм шиг арьстай нь илүү сайн давхидаг. Зузаан арьстай, хүйтэн өндөрлөг газрын морьд бяр ихтэй, түүнээс хурд горьдолтгүй. Нимгэхэндүү арьстай моринд дор хаяж бариа байдаггүй. Барьчихаад явсангүй гэж ярьдаг даа. Арьс султай нь зүгээр.
-Хэнтий, Сүхбаатар  чигийн, ер нь зүүн талын адуу хурдан байдгийн нууц юу вэ?
-Байгаль орон, хүний оюун ухаан, хөдөлмөртэй холбоотой. Хужир устай, цагаан таруу газар ч амьтаны хөлийн хурдыг шалгана шүү дээ. Тавиу газар явж байгаа юм чинь, тэрэнтэй холбоотой. Арай дулаандуу, тавиу газрын малын арьс хөрс нь адаглаад нимгэн байна биз дээ. Нөгөөтэйгүүр хамгийн гол юм гэвэл Хар дэл жанжин бэйс Пүрэвжав ноёны бий болгосон хурданы чиглэлийн удам угшлын нутаг орон тэнд байна. Оюун ухаан, хүч хөдөлмөр зарж хурдныг бий болгодог болохоос энэ л хурдан юм гэнэлээ гэж дуулсан газраасаа нэг үрээ авчираад л тэр нь учир зүггүй түрүүлж, түмэн эх болоод ч байдаг юм бас биш шүү дээ. Монгол адуу бол уналга эдэлгээний зориулалттай, бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн юм биш шүү дээ. Шинжлэх ухаанчаар, бодлогоор хандаж, удам угшил бий болгосон болохоор Хэнтий, Сүхбаатар чигийн морьд ноёлж байгаа нь тэр.
-“Хас тав, хос тав” гэж ярьцгааж байх нь дуулддаг. Энэ юу гэсэн үг вэ?
-Хурдан морины сударт таван охин даагыг нэг эр дааганд өгнө. Гарсан эр төл нь “Хас тав” азарга болно. Охин төл нь “Хос тав” гүү болно гэж бичсэн байдаг юм. Одоо бараг ойлгохгүй. Юу гэсэн үг юм гэвэл өмнөх таван үеийг нь мэдсэн байх шаардлагатай. Тав гэдэг нь ердөө л энэ. Дээр үеийн улсууд “Хас тав”, “Хос тав” гэж судар хөтөлж, юмаа тэгж л мэддэг байсан байхгүй юу, бараг томъёо болгоод. Мориныхоо хэдэн үеийн түүхийг мэддэг байсан хэрэг.
-Морийг арслан, гөрөөс, хандгай, туулай, мэлхий шинжтэй гэхчилэн гадна төрх байдлаар ангилдаг. Таны хээр морь ямар шинжид хамаарах адуу байсан бэ?
-Хандгай язгуурт хамаарна. Тархи толгой, дал мундаа...гээд. Цоллуулаад зогсч байхад амыг нь ангалзаж байхыг нь харсан ч. Уруул ам нь дарвайчихаад, яг тулаад харахад нимгэн биш, мундаг. Духны яс, хамрын савхан яс эд нар чинь маягтай шүү дээ. Нэг өвгөн “Дулаандамдинжавын хонгор морь шиг л морь юм даа” гэж байсан. Би тэр морийг нь үзээгүй, ямар ч морь байсан юм.
           
МОРЬ БАРИХ УЯХ, СОЙХ
 
-Хүмүүс могой, бар гэхчилэн янз янзын өдөр морьдоо барьдаг байх. Та бол ямар барьдаг вэ?
-Нохой өдөр барьж, бар ?дөр тавьдаг. Морь, нохой, бар гурав ивээл юм.
-Мориныхоо уяаг гэрээсээ хаахна босгодог вэ?
-Үнс хогноос хол, салхиныхаа дээд талд, арай өндөрүү газар босгож, морьдоо уялдаг.
-Одоо уяачид хурдан морийг ер нь хэд хоногт уяж, сойлго юугий нь тааруулж байна вэ? Хуучин ч бол нэлээн урт хугацаанд уяж сойдог байсан байх.
-Угаасаа морийг сондгой тоон дээр барьж уядаг. Одоогийн морийг 27 хоногоос хэтрүүлж барьж болохгүй. Тэр хооронд уяагаа тааруулаад авах учиртай. Дээхнэ үед ногоо цагаа сайхан үед их насны морь 40 юмуу, 37-38 хоногтой уягддаг байсан. Одоо бол тэгж болохгүй ээ. Сайн л бол 27 хоног, түүнээс ч доош байхгүй бол болохгүй, 25, 21 гэхчилэн сондгой тоотой өдрүүдэд баривал зүгээр. Адууныхаа байр байдлаар 19, 17 хоногтой ч барьж болно шүү дээ.
-Уяа морьдоо өглөө хэр эрт барихав дээ? Өдөрт уяандаа төчнөөн цаг байх ёстой гэсэн ном байна уу?
-Эхнээс нь урт, өглөө зургаад барих ёстой гэж барьчихаад орой бүр нар жаргахаар тавьж болохгүй л дээ. Аажуухан, ес, аравын анзаанд, бага үд өнгөрөөгөөд барьчихаж болно. Бага багаар барих цагаа уртасгаад байх хэрэгтэй.
-Намайг багад, хурданы морь унаж байхад Морь баалгана гэж нэг их ажил болдог байсан юм даг. Өглөө барьчихаад л баалгаад, уяа тойруулаад байх нь хэр оновчтой вэ?
-Өглөө морьдоо барилчихаад бага хүүхэд мордуулаад, жаахан алхуулаад цагаа нэмсээр байхад адуу биеэ сайхан аваад явдаг. Уяандаа өөрсдөө номхроод хөл гар нь жигдрээд, ажил нь цөөрөөд, жигдрээд ирнэ. Тэгэлгүй учиргүй холоос, эхнээс нь баалгах буруу.
-Морины ажлыг учиргүй өглөө эрт хийгээд байдаггүй л болов уу? Яг хэдийд хийвэл зүгээр вэ?
-Яагаа ч үгүй барьж аваад ажлаа эхлэх юм бол болохгүй, хөлгүй болно.
-Уях морийг бариутаа хөлслөх нь зөв үү?
-Хөлслөж эхэлнэ. Гэхдээ хаваржингаа салхинд уягдчихсан юмнуудад шавар хөлс авах хэрэг огт байхгүй.
-Эхний шавар хөлсийг хэрхэн авах талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Морийг хатирч хөлслөх нь зүйтэй. Эхлээд хөлслөхдөө хатирч, ергөж авна. Энэ чинь сэвсийг нь задалж, гэдсийг нь хөдөлгөж байна гэсэн үг. Хэрвээ хар гүйхээр нь яваад ирэх юм бол хайлмал тос нь хөл рүүгээ орно гэж ярьдаг. Адуунаас цатгалан морь барьж унаад шууд цогиод явчихаж болдоггүй биз дээ. Сайхан ергөж, хоолыг нь шингээж байгаад цогиулдаг. Түүнтэй л адил байхгүй юу.
-Хөлслөхөд хамаг учир бий гэж ярьж байсныг чинь санаж байна. Хөлсийг нь амтгүй болгож уралдуулдаг ч гэж ярьдаг?
-Ногоо цагаатай сайхан цагт хөлслөх уяаны гол арга байж. Одоо цагийн морьдын уяа сойлго бол өөр болчихсон л доо. Одооны морины хөлсийг амтгүй болгочихвол тэжээлийн морьдтой уралдахгүй шүү дээ. Тэгэхлээр морины хөлсөнд хамаг учир бий.
-Их хөлслөх сайн уу?, муу юу?
-Учиргүй их хөлслөөд, хусаад байвал морь чинь очгүй, хурдгүй л болчихно доо.
-Морины хөлс, хөлсийг хусахад ч их учир бий гэж та ярьдаг. Нууц биш бол тэрийгээ жаахан дэлгэрүүлж ярина уу? Чухам ямар учир байна вэ?
-Тэр их учиртай. Морь эмээл тавих тоолонгоор мах нь нингэрдэгтэй адил хусуур хүргэх тоолон мах нь шуугдаж байдаг. Тийм учраас махыг нь учиргүй шуугаад байх хэрэг байх уу? Харин өөхийг багасгах хэрэгтэй. Ингэвэл цусны эргэлт сайжирч зүрхний ачаалал чөлөөтэй явагдана. Зах хязгаарын судсанд хүртэл хүрнэ. Морь онгойх, тэр хэрээр амьсгаадахгүй байх нь үүнтэй л холбоотой. Моринд хамгийн сүүлд үзүүр дээр нь хэрэг болох юм зүрхний ачаалал байдаг. Дээр үед морь барихад хөлсийг нь сайн хусаад бай гэдэг байсан. Яаж байгаа юм гэхээр махыг нь буулгаж багасгаж байна гэдэг. Шөнөдөө идсэн уусан нь өдрийнхөө ажилдаа таардаг, алдсан энергээ нөхчихдөг байлаа. Хуучны иддэг ургамал нь шимтэй сайн байж. Одоогийн эднийг бол овьёосоор л жаахан нөхөж байна шүү дээ. Үнэхээрийн нарийн монгол өвс ихтэй, таанатай газрын адуу цаанаа аргагүй л чөмөгтэй сайн байдаг.
-Гэдсийг нь учиргүй хусаад эхэлж болохгүй гэж өөрөө ярьдаг. Тэр ямар муу нөлөөтэй юм бэ?
-Анх хөлсөлж байгаа морийг гэдсийг нь чанга хусвал цорой нь татчихдаг.   Дорхноо хөлгүй болчихдог. Тэхээр суга нь тэнийдэггүй юм. Цоройгий нь учиргүй их татчих юм бол хөлөө авчихдаг. Хөл рүүгээ орчихно.
-Оч ихтэй, хөлийн хурдтай морийг яаж уявал дээр вэ?
-Очийг нь дарж уявал хөлдөө хал балгүй. Тааруухан нь хөлгүй болоод томууд нь үлдээд байгаа тал ажиглагддаг. Жаахан махтай шөлтэй нь тэжээлийнхээ бярыг даагаад байна. Очтой хурдтай морь чинь өөрийнхөө юмаар зөнгөөрөө яваад ирдэг. Энэрэлтийн хар морь гэхэд л бөгөтөр, матаас муутай адуу байлаа. Таргадуухан байлгаж уралдуулдаг байсан. Манай буурал морь жоохон очтой хурдтай байлгаад  байвал давхина. Их гал цогтой, дээгүүр самналттай морь байгаа юм. Жаахан амардуухан, ааль авхуулчих юм бол тэгсхийгээд явахаа больчихно. Харцаганы мах матаасгүй, махыг нь хөдөлгөхгүйхэн шиг аятайхан байлгавал зовлонгүй давхина.
-Очийг нь хадгалах хөлслөхтэй холбоотой гэж дээр хэлнэлээ, та?
-Тийм ээ. Очийг хадгалах хөлстэй холбоотой. Хөлсийг нь жаахан хэтрүүлээд давслаг амт нь суларчих юм бол очгүй, хурдгүй болчихно. Оч гэдэг чинь хурд л гэсэн үг шүү дээ.
-Хөөсөн хөлс гэж ярьж байгаа нь байдаг. Чухам ямар хөлсийг хэлээд байна?
-Уясан мориноос сүүл рүүгээ хоолны хөөсөн хөлс гардаг юм. Хөлс чинь явсаар хөөсөн хөлс болж байгаа юм. Зөвхөн ганцхан хоолны хор авах төдий хөлс үлддэг. Тэрийг л хөөсөн хөлс гэж байгаа юм. Тэрнээс нь цааш давуулж болохгүй.
-Зарим морийг уруу газар тарлаж байдаг. Тэр ямар учиртай вэ?
-Хурд орохгүй морийг муухан морьтой уруу газар давхиулах зүгээр. Наадам тулчихсан их насны морь, давхар уяаны морийг уруу газар давхиулбал сайн. Гэхдээ ойрхон 500 метр газар давхиулаад яг явах гэхээр нь татчих хэрэгтэй.
-Хөлсийг төд хоногийн тутамд авна гэсэн ном байна уу?
-Яг төд гэсэн юм байхгүй. Янз янз л даа. Жаахан тарган бол өдөр өнжихгүй хөлсөлсөн ч болно.
-Хөлсийг яаж авбал зохистой вэ?
-Зөөлөн авах хэрэгтэй. Хар гүйхээр нь яваад байвал ердөө тусгүй.
-Бага насны адууг учиргүй хөлслөөд байх шаардлага байдаг юм уу?
-Хөлслөх хэрэг гаралгүй яахав. Цөөхөн л авдаг юм.
-Уралдаад ирж байгаа зарим морины амнаас цагаан хөөс цахарч байгаа харагддаг. Уяа нь буруу болоод тэгж байна уу? Өөр юм байна уу?
-Цагаан хөөс цахарчихсан ирж байгаа морьд байдаг. Амьсгаа томтойнх. Морины уяа зөв эсэхийг мэдэхийн тулд амьсгааг нь шинжих хэрэгтэй. Давхиж ирсэн адуу хэдий амьсгаатай, уухичсан ч өвс рүү толгойгоо шаагаад дайрч байх юм бол сайн. Уяа нь аргагүй зөв болж байгаа нь тэр.
-Тэгж чадахгүй уухичаад байдаг морь байдаг шүү дээ.
-Амь алдах гэж байна хөөрхий, юун юм идэхтэй манатай болж байхгүй юу. Тэр амьтныг давхиулахаасаа өмнө ямар зовиур байна. Бүгдийг нь авчих ёстой шүү дээ. Тэрнийг л мэдэрч чадвал байгаа чингээрээ л давхина.  
-Дээр үеийн уяачид ёстой харандаа шиг болтол нь нарийсгаж уядаг байсан юм биш үү?
-Дээр үеийн уяа, одоогийн уяа хоёр өөр учраас тэгж ойлгож болохгүй. Дээхнэ үед морийг тал хомоол гартал нь нарийсгаж уяж байсан. Тэр чинь яаж байгаа юм гэхээр учиргүй таргалчих гээд байхаар нь тэгж байсан юм. Одоогийн энэ муусайнуудыг чинь тэгэх юм бол арваадхан хоноод л мултрах байлгүй.
-Яагаад тэр вэ?
-Дан усан юм идэж байгаа юм чинь тэхгүй яадгийн.
-Мориныхоо үндсэн тамиранд орохгүй л ажил хийх нь зөв гэж ойлгож болох уу? Бас л баалгахтай л холбож асууж байгаа ухаантай юм.
-Учиргүй их баалгаад байвал дотор эрхтэн, савыг нь агшаачихна. Ходоод умсыг нь агшаачихаад дээрээс нь хоолыг нь сойгоод байвал цаад үндсэн юм руугаа л орно гэсэн үг шүү дээ. Мориныхоо үндсэн тамиранд орохгүй л уях хэрэгтэй.
-Уяа нь тохирсон, зөв уяатай морь өөрийнхөө идэш хоолыг өөрөө тохируулаад байдаг тал байна уу?
-Морь хэдий хэмжээнд гэдэс чангарсан байна, тэр хэмжээгээрээ иддэг юм. Уяа нь тохирох, харих, давах гэхчилэн янз бүрийн юм бололгүй яг сайхан эвэн дээрээ байгаа адуу өөрөө идээд, амраад байдаг юм. Зөв уяатай морь идшээ өөрөө тохируулдаг гэсэн үг. Миний хувьд морь идэж байгаад унтвал болжээ гэж үздэг. Харин морио сэрсэн дор нь барьж уядаг. Харин шороо идэхээс онцгой сэргийлэх хэрэгтэй. Морь унтахгүй байвал уяа сойлго буруудсаных. Мултарсан морь цадахаа байдаг. Хөндүүр авсан морь идэхээ байдаг.
-Зарим улс сунгасан морийг услаад хэрэггүй гэж байгаа дуулддаг. Ангаж цангаад сүйд болдгүй юм болов уу?
-Хуучин цагийн улс тэгдэг л байсан юм. Би бол услаад тавьчихдаг. Яадаг ч үгүй. Өдрийнхөө алдсан шингэнг усаараа нөхөж авна шүү дээ. Харин амарсан хойно нь усалдаг юм. Тавьчихлаар өөрөө ханатлаа ууж таарна шүү дээ.
-Уяа моринд хужиртай ус уулгаж болох уу?
-Зарим улс хужирыг хорьж байгаа л байдгийм. Би бол хорилтгүй гэж боддог. Хэт хорихоор адуу хужирсаад шороо идээд замарсан юм болно.
-Ус унд, хужир шүүний тухайд тийм байдаг байж. Морины давхилыг яаж тогтоох талаар жаахан яриулмаар байна? Та “Сэтгэл оруулна” гэж яриад байдаг. Адуу бас сэтгэлийн амьтан уу?
-Давхилт тогтооно гэдэг чинь тарга тогтооно гэсэн үг шүү дээ. Их насны морь 25 км газар уралддаг. Газрын гуравны нэгт нь ажил хийж эхэлнэ гэж би нэлээн дээр ярьсан даа. Тэгж байж давхилт тогтоно. Өөрөөр хэлбэл найман км-ээс доош, долоон км-ээ? дээш зайд ажил хийх нь тохиромжтой. Ингэж гуравны нэгээр ахиулаад байх юм бол хувийн алдаа гарахгүй. Адуу чинь ярихгүй л болохоос хүн шиг амьтан. Их онгироо амьтан шүү дээ. Түүнийг нь бариад байх юм бол их урам орно. Урам орсон адуу урамтай шүү дээ. Ер нь бол адууг сэтгэл суулгаж уралдуулдаг юм.
-Сэтгэл суулгана, урам оруулна гэж яг яана гэсэн үг вэ?
-Даага шүдлэн, бага адууг бол дандаа өнгөрөөгөөд татаж байх хэрэгтэй. Энийг хүүхэддээ сайн захих хэрэгтэй юм. Хоцорч ирж байгаа адууг жаахан амыг нь татаж амралт хийлгээд тавьж өгөөд ухасхийлгээд байх хэрэгтэй. Мал чинь их ухаантай амьтан шүү дээ. Ус уулгаж байгаад дор нь уургалаад тавьчихаад бай. Тэгэхэд “Эзэн намайг унаж чадсангүй дээ” гэж урам орно, хөөрхий. Адуу өөрөө хийморьтой амьтан. Эр муухан хүнээр уургалуулж, уургы нь зүүлгээд тавьчихад хийморь нь сэргэж онгирч давхидаг.
-Хурдан морины хөхөл сүүлийг нь боодог бас үүнтэй холбоотой байх нь ээ?
-Ер нь тийм шүү дээ. Дэл сүүлийг нь бодоход бие нь чангараад сайхан болоод ирдэг юм. Сэтгэл нь хөглөгдөж байна гэсэн үг. Дэл сүүлийг нь боогоогүй адуу их амгалан. Хөнгөн сэтгэлтэй адууны дэл сүүлийг нь байнга боогоод байх онц биш.
- Мориныхоо сэтгэлийг уужуу тайван байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байх нь ээ дээ?
-Ерөөсөө л хүнтэй л адилхан юм байхгүй юу. Уяж байгаа мориныхоо сэтгэлд нь юм оруулаад амгалан тайван байлгаж байх юм бол амжилтанд хүрнэ. Амгалан тайван, идсэн уусан нь биенд нь зөв шингээд байх юм бол морь чинь тэр хэрээрээ л давхина гэсэн үг.
-Хавчиг долоон насанд нь морийг уралдуулдаггүйн учир юу вэ?
-Долоон нас гэдэг бол хүнээр юм бол жил нь орж байна гэсэн үг. Уралдуулахад доодуулдаа томдоод,  дээдүүлдээ багаддаг. Өнждөг насанд нь өнжөөд, сайхан бяр суулгаад найман насанд нь нийлүүлж уралдуулах гэмгүй. Ялангуяа долоон настай азарган адууг бол уралдуулах хэрэггүй. Ер нь долоон настай морь давхиа нь гарахгүй бол хойшид давхиж чадахгүй болчихдог юм. Зүрхгүй болчихож байна гэсэн үг.
-Говь зүгийнхэн бол эмээлтэй унуулдаг байхад хангай чигээд зайдан мордуулж байх жишээтэй. Сүүлийн үед спорт эмээл нэлээд тохдог болж. Аль нь илүү тохиромжтой вэ?
-Осолгүйгээ бодвол зайдан нь дээр. Салаад ойчсон ч амар. Хүүхдээ бодвол эмээлтэй нь дээр. Би бол спорт эмээл тохдог. Энэ нь монгол эмээлээс дээр. Монгол эмээлтэй хүүхдийн хөл нь мориныхоо суга руу шаагаад байдаг. Ингэхээр морь дал мөрөө хавччихдаг. Спорт эмээлтэй хүүхэд дөрөөгий нь богиносгоод өгчихвөл хөл нь дандаа атийж явдаг. Морины хөлөнд саадгүй.
-Түрүүнд давхил оруулах, тогтоох тал дээр ярьж байгаад жаахан дутуу орхичих шиг боллоо. Чухам ямар дэс дараатай үйлдлүүд хийж хурд ирийг нь оруулах талаар дэлгэрүүлж хэлнэ үү?
-Морио эргэх газар очихоор хүүхдээ буулгаад олмоо сайн чангалаад сэгсэлзээд байгаа морийг нэг хоёр хазуулаад ирэхээр сэтгэл нь сайхан тогтоод ирдэг. Хөдлүүтээ сайхан гэлдрээд 50 метр газар шогшуулаад, 20 метр газар давхиулаад, 35 дээр татчихаж байгаа юм. Морь ингэвэл хөнгөрөөд байна. Цааш нь газраа жаахан холтгоно. Ингэж ажиллахад давхил сайхан болчихно. 35-40-ийн хооронд бариулаад байхад болно. 41 болгоод ирвэл морь чинь амаа ангалзуулаад, хүүхдийн гар хөдлөхөөр ухасхийх гээд байдаг. Яг тэр үед нь татчихдаг юм. Тэгээд байхад урам ороод ахиж цаашаа явах сэтгэл нь хөдлөөд бяр нь амтагдаад байна. Тэрнийг дутааж болохгүй. Энийг бол харин ганцхан удаа л хийдэг юм.
-Одоо ч нэг жилд олон том уралдаан болдог болж. Ихэвчлэн л давхар уяатай уралдаж байна Давхар уяаны морьдыг яаж уядаг юм бэ?
-Давхар уяаны морийг нойр алдуулахгүй, хол гүйлгэхгүй, сайхан амралттай байлгах учиртай. Хөдөлгөлөө гэхэд унахгүйгээр хөтөлж болно. Өмнө нь юмаа үзчихсэн, давхиа хийчихсэн, гүйдгээ гүйчихсэн юм чинь. Тулгаж ганц сайн биеий нь авхуулаад давхиулахад болно. Ажлыг нь айхтар чангалахгүй байх хэрэгтэй. Услах, шар тос үмхүүлэх, гэдсийг нь цанхайлгахгүй, шөнө чөдөрлөөд тавихдаа гэдсийг нь баадагнаад хонох мэт хар хөлс авхуулахгүй жаахан засал хийнэ.
-Ер нь бол сайн хадгалаж, гамнаж домнох л чухал юм байна шүү дээ.
-Харин тийм. Сайн хадгалах хэрэгтэй. Гүйцэд биеийг нь авснаас хойш хурдтай бол хэвгийдүү газар сүүлийнхээ сунгааг хийж болдог. Хамгийн гол юм давхар уяан дээр анхаарах хэрэгтэй. Учиргүй их хөлслөөд сунгаж тарлаад байх юм бол морь чинь мажийж мэднэ шүү дээ.
-Давхар уяатай морины хорон хөлсийг авч болох уу?
-Болохгүй. Зөөлөн бага хөлслөөд, шөрмөсийг нь тавиулна.
-Та бол их насны моринд илүүтэй шимтдэг хүн. Сүүлийн арав гаран жилд таны үзэж байгаагаар “Энэ ч аргагүй л тасархай хурдан хүлгийн шинжтэй морь доо” гэж үнэлсэн морь хэний ямар хүлэг байв?
-Доржсүрэнгийн хээр, Сандуйсүрэнгийн хээр хоёр л байна даа. Доржсүрэнгийн хээр бол үнэхээр тасархай сайхан хүлэг. Тахийн цустай холимог, хээр морь шиг хурданы бүх шинж бүрдсэн адуу үнэхээр ховор.    
Дэлхийн Морьтон сэтгүүл

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.