“Алтант зээрд” галын уяач Б.Тэгшбүрэн: Би нутгийн адуугаараа л нааддаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

- Таныг аавынхаа авьяасыг өвлөн морь, бөх цоллодог, найр ахалдаг гэж нутгийнхан ярих юм билээ?
- Манай аав бөх, морь цоллож, найр наадам ахалдаг тал бүрийн авьяастай хүн байсан.  Тэрхүү авьяаснаас нь өвлөж уртын дуу дуулан найр ахалдаг юмаа.
- Найр ахлана гэдэг ловон хийнэ гэсэн үг үү?
- Найр ахлана гэдэг нь найрын бүх л дэг жаягийг сахиулна гэсэн үг. Найрыг эхлүүлж ерөөл хэлээд, дараагаар нь гурван дуу дуулж, жаргатал нь удирдана гэсэн үг л дээ. Манай нутагт
найрыг голдуу “Тэнгэрийн агаар” дуугаар эхлүүлж, “Жаргалтайн дэлгэр”  дуугаар жаргаадаг.
- Ямар наадмуудад морь, бөх цоллож байв?
- Томоохон наадмуудад бол үгүй ээ. Сум, баг, овооны наадамд  цоллож байсан.
-Хэзээнээс морь уях болсон юм бэ?
- Аав маань бас морь уядаг хүн байсан. 1990-ээд оны үед хул морио  сумандаа хоёр түрүүлгэж, нэг айрагдуулан, 1996 оны Төгрөг сумын ойд бас аман хүзүүдүүлж байсан юм. Багаасаа аавынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж уяаны дөр суусан болохоор 7-р ангиасаа эхлээд морь уях болсон доо.
- Анхны айраг түрүүгээ хэдэн онд хүртсэн бэ?
- 1993 онд хул морио сумынхаа наадамд гуравлуулан анхны айргаа хүртэж байлаа. Дараа жил нь хул морь маань түрүүлсэн. Одоогийн байдлаар сумын наадмаас зургаан айраг, түрүү хүртээд байна. Баг, овоо тахилга гэсэн жижиг наадмуудаас бол олон бий. Гол нь би дандаа нутгийн адуугаар нааддаг. 
- Унаган адуугаар наадна гэдэг уяачийн том бахархал шүү. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна