Сэргээх иллэг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

Иллэг нь урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор зөөлөн эдэд механик үйлчлэл үзүүлэх арга юм. Энэ нь цусны эргэлтийг хурдасган, эдийн тэжээлийг нэмэгдүүлж, тунгалгийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Мөн булчингийн ядаргааг тайлж, хурдан сэргээх ба гэмтэл авах магадлалыг бууруулдаг сайн талтай юм.
Иллэгийн нөлөө нь хэдэн зүйлээс бүрдэнэ. Үүнд:
- Механик. Цус ба тунгалгийн эргэлт хурдсаж, хортой бодисын гадагшлалт түргэснэ.
- Рефлексийн түвшинд. Арьсны мэдрэгчид нөлөө үзүүлснээр төв мэдрэлийн системээс хариу өгч, хэсэг гарын булчин сулардаг.
- Сэргээх. Бодисын солилцоо ба эдийн тэжээл идэвхжинэ.
Иллэгийг өдөрт нэг, эсвэл түүнээс цөөн удаа хийдэг бөгөөд эмч шаардлагатай гэж үзвэл өдөрт хоёр удаа хийж болдог. Хэсэг газрын иллэг нь 10-15 минут үргэлжилдэг бол бүх биеийн иллэг нь 45 минут болдог юм.
Мөгөөрсөн хоолой ба яс нь арьсны доор шууд товойсон хэсгээс бусад бүх газруудад иллэг хийж болно.
Гарын гулгалтыг сайн болгохын тулд тальк, эсвэл тос, эмчилгээний түрхлэг зэргийг ашиглаж болно.
Иллэгийн үндсэн дүрэм
1. Иллэгийг булчинг суллан, өвдөлтийг намдаах зөөлөн илэлтээр эхлээд бүрэн тайвшруулж, булчинг нь сулласны дараа үрэх, нухлах зэрэг бусад аргуудыг хэрэглэдэг.
2. Гарын дарах хүчийг аажмаар нэмнэ.
3. Гарын шилжих хөдөлгөөн нь ямагт захаас төв рүү гэсэн чигт явна.
4. Иллэгийг идэвхгүй, өөрөөр хэлбэл зөөлөн илэлтээр дуусгана.
Иллэгийн үндсэн аргууд
Илэлт
Илэлт нь дараах төрөл зүйл байна. Үүнд:
- биеийн товгоргүй хэсгүүдийг алгаар илэх
- хоёр гарын хуруунуудыг зөрүүлэн алгаар илэх. Энэ аргыг дугуй, бөмбөлөг хэлбэртэй хэсэгт иллэг хийхдээ ашиглана.
- Нугалагч булчингийн шөрмөсөнд иллэг хийхдээ чимхэх маягаар илнэ. Шөрмөсний нэг талаас долоовор ба дунд хуруу, нөгөө талаас эрхий хуруугаар  чимхэлж хийх ёстой.
Илэлтийн чиглэл нь үндсэн том судаснуудын чигтэй таарч байх ёстой. Алгаа арьсанд нягт шахан тулгаж, хуруугаа завсаргүй нийлүүлнэ.Үсний дагуу хөдөлгөөнийг зөөлөн дарж эхлээд аажмаар дарах хүчийг нэмж буцах, үсний эсрэг хөдөлгөөнийг хүчлэлгүйгээр зөөлөн хийнэ.
Илэлтийг удаан, нэг хэмнэлтэйгээр хийнэ. Учир нь хурдан огцом хөдөлгөөн нь тунгалгийн урсгалд саад болдог. Илэлтийг дээр хориотой гэж дурдсанаас бусад бүх газар хийж болно.
Цохилох
Сарвууны ар тал, алганы хажуугаар  зангидсан нударганы хуруугаар ар араасаа дагасан огцом бөгөөд хэмнэлтэйгээр зөөлөн цохилно. Цохилохыг нь цавчих, алгадах, тогших гэж ангилна. Алгадах үед алгаа хумбагар болгох бөгөөд цохиход гарах дуу нь шуудай усанд шидэхэд гардаг дуутай адил байна.
Нухлах
Эдийг атган өргөж, дараа нь нухалж, эсвэл эд дээр огцом дарах хөдөлгөөн хийнэ. Нухлах нь дараах аргатай. Үүнд:
1.Гулууздах. Хоёр алгаа параллель болгоод алгаа эсрэг чигт хөдөлгөх замаар нухална.
2.Гулгуулах. Эрхий хуруу ба бусад хуруун завсар шөрмөс, булчинг зогсолтгүйгээр гулгуулан нухална. Резинэн хоолой шувтрахтай адил.
3.Шахах. Энэ аргыг гурван янзаар хийж болно.
Нэг талаас хоёр эрхий хуруу, нөгөө талаас бусад хуруу байхаар барина. Нэг гараа өөрөөсөө холдуулан татаад, нөгөө гараа өөр рүүгээ татна. Тэгээд гараа шилжүүлэн хөдөлгөлгүйгээр эсрэг чигт хөдөлгөнө. Үүний дараагаар гарыг булчин, эсвэл шөрмөсийг дагуулан дээш хөдөлгөөд өмнөх хөдөлгөөнүүдийг давтана.
Нэг гараар эдийн гүнээс өргөн татаад, нөгөө гараар хөөснөөс ус шахаж байгаа мэт өргөсөн эдийг базална.

Иллэг хийж байгаа булчинг татаж өргөх боломжгүй бол доорх яс руу нь алгаараа тулан шахаад шахсан гараараа тойрог хөдөлгөөн хийж илнэ. Ингэхдээ гар нь арьсыг даган шилжин хөдөлж байх ёстой. Мөн энэ хөдөлгөөнийг хурууны үеэр дарж хийж болно. Гурил зуурч байгаатай адилаар.
Үрэх
Арьс болон түүний доорх эдийг өөр өөр чиглэлд үрнэ. Илж байгаа гар арьсан дээгүүр бус харин арьс гарыг дагах шилжин хөдлөж байх ёстой. Үрэх аргаар өнгөн, эсвэл илүү гүнд байгаа эдэд иллэг хийж болно.  Хурууны өндгийг тодорхой газар тогтоогоод эдийн гүн рүү нэвтрэх гэж байгаа мэт эргэлт хөдөлгөөн хийнэ. Цэгэн үрэлт хийж байгаа үед зөвхөн долоовор хуруугаар ажиллаж болно.  Эргэлдэх хөдөлгөөний оронд булчингийн ширхгийн чигт хөндлөн хөдөлгөөн хийж болно. Нугалагч булчингийн шөрмөсөнд иллэг хийж байгаа үед хөлийг нугалсан байдалд дээд зэргээр суллаж өгөх хэрэгтэй.
Иллэгийг хялбар, үр нөлөөг нь сайн болгохын тулд резинэн бээлий, иллэгний сойз, дугуй, цахилгаан иллэг хийгч, чичрүүлэгч зэргийг ашиглаж болно. Гэхдээ элдэв төхөөрөмж ашиглах үед хүний гар ба адууны бие хоорондын холоо байхгүй болдог сул талтай.
Иллэгийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд иллэг дууссаны дараагаар нэмнээ зүүдэг.
Халаах, цочроох үйлчилгээтэй тос ашиглан иллэг хийсэн бол дууссаны дараа дааруулж болохгүй.
Иллэг хийх дараалал

Чихээ хулмайлган айж болгоомжилж байгаа бол гараа үнэрлүүлнэ, хүзүүг нь илнэ. Ингээд өөртөө дасгасны дараагаар 1-р зураг дээр харуулсанчлан бүх биеийг нь алгаараа илнэ. Эхлэхдээ алгаа чихний ард талд тавиад морийг гарнаас бултахаа байгаад толгойгоо бөхийлгөж эхлэх хүртэл хүлээнэ. Биеэ бүрэн сулласан үед нь иллэгээ эхэлнэ. Эхлээд зүүн талаас нь хүзүү, мөр, цээж, цээжний хайрцаг, нуруу, ар зоо, гуя гэсэн дарааллаар явна.  (Зураг. 2,3,4).

Дараа нь баруун талд нь мөн адил дарааллаар иллэг хийнэ. (Зураг 5,6,7). Гарын дарах хүчийг аажмаар нэмэгдүүлэхдээ хэт хөнгөн, итгэл муутай дарахаас зайлсхий. Ингэж илэлт хийсээр бүх булчин нь сулран зөөлөрсний дараа иллэгийн бусад аргуудыг ашиглаж эхэлнэ.

Иллэгийг дуусахдаа алгаараа бүх биеэн дээгүүр илж өгнө. Ингэхдээ гарын дарах хүчийг аажмаар багасгана. Биеийн ерөнхий иллэгийг тэмцээнээс өмнө ба хойно хийдэг.
Харин дараах тохиолдолд иллэг хийх хориотой гэж үздэг
- Биеийн хэвийн биш байрлал.
- Доголох
- Арьсны өвчин
- Тунгалгийн урсгалын саатал
- Зөөлөн эдийн идээт үрэвсэл
- Оношлогдоогүй эмгэг байдал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна