Говь-Алтай аймгийн уяачдын холбооны тэргүүн Д. Гомбожав: Баян-Уулынхан ямагт анхдагч байдаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 20 -нд

-Алтайн хурдны өлгий болсон Баян-Уул сумынхаа уяачдын салбар холбооны үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?
-Бид энэ сумынхаа уяачдаар, хурдан хүлгүүдээр нь их бахархдаг юм. Баян-Уул сумын уяачдын салбар холбоо ажлын амжилт арвинтай. 2006 оноос хойш аймгийнхаа уяачдын холбооноос зохион байгуулсан хоёр шатлалт хаврын уралдаан, бүсийн болон шигшмэл морьдын ”Алтайн бахархал” уралдаануудад  зохион байгуулалттайгаар ирж оролцож байгаа. Оролцохын хэрээр аймгийн дэвжээнээс авч байгаа айраг түрүү амжилт нь нэмэгдэж, тэр хэрээр уяачдынх нь идэвх сайжирч байгаа. Баян-Уул сумын уяачдын холбоо 2006 оны аймгийн шилдэг холбоогоор шалгарч байсан. Олон зүйлийн анхдагч байж бусдыгаа хошуучилдаг энэ хамт олон анх удаа улсын наадамд зохион байгуулалттайгаар явж уралдсан. Энэ сумын уугуул залуу Ганболдын үрээ улсын наадамд айрагдсан. Түүнчлэн аймгийн төдийгүй улсын хэмжээнд уяачдын өргөөг санаачлан байгуулсан анхны сум шүү дээ. Энэ мэтчилэн Баян-Уулын амжилтыг яриад байвал олныг дурьдаж болно.
- За тэгвэл аймгийн уяачдын холбооны тухайд юу хэлэхсэн бол?
-Манай аймгийн морин спорт уяачдын холбоо 1996 онд байгуулагдсан. Энэ удаад бид хоёр дахь сонгуулиараа 25 тэргүүлэгчтэйгээр ажиллаж байна. 2006, 2010 онуудад баруун бүсийн даншиг наадмыг зохион байгуулсан. Мөн өнгөрсөн жил анх удаа аймгийнхаа шигшмэл хурдан морьдыг шалгарууллаа. Шигшмэл морьдын уралдаанд сүүлийн гурван жил сумын болоод аймаг бүсийн, “Алтайн хавар”, “Алтайн бахархал-2008” уралдаануудад айрагдаж түрүүлсэн 1000-гаад хурдан хүлэгт урилга хүргүүлсэн. “Алтайн шигшмэл хурд” уралдааны зургаан насанд 700-гаад хурдан хүлэг, 400-гаад уяач оролцсон. Уяачдын сэтгэлд хүрсэн уг наадам аймгийн оны шилдэг үйл явдлаар тодорсон. Энэ наадмыг УИХ-ын гишүүн Дашдорж, Энхбаяр нар аймгийн уяачдын холбоотой хамтран 100 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэсэн нь хурдан моринд сэтгэл зүрхээ зориулан цаг наргүй хөдөлмөрлөж байдаг уяачдад маань урам зориг нэмсэн хэрэг болсон юм.
- Байгуулагдснаас хойш ямар ямар томоохон ажлыг хийж гүйцэтгээд байна вэ?        
-Манай уяачдын холбоо Алтай нутгийнхаа унаган адуугаар улсын наадамд уралдах зорилготой. Тиймээс   холбооны гол ажил адууны үйлдвэр угсааг сайжруулах тал дээр хийгдэж байна. Үүний тулд сүүлийн 5-6 жил зүүн чигийн адуу түлхүү авчирч бүх хээлтүүлэгчийнхээ гуравны хоёрыг бүрдүүллээ. Үр дүн ч нааштай байна. Морьд хурдан байна, бие бялдрын хувьд ч өөрчлөгдөн том тавируун, хурдны шинжтэй унага бараг айл бүрт төрж байна. Ингэхээр бага насандаа унаган адуугаараа уралдах боломжтой болж байгаа юм. Морь нь сайн байхаар уяачид болон адуучид малчдын урам зориг нэмэгдэж, уяачдын холбоо тэр хэмжээгээр сайн ажиллах шаардлагатай болж байгаа юм. Бид энэ оноос  эхлээд тухайн онд уралдсан морьдыг чансаагаар нь эрэмбэлж, оны шилдэг шигшмэл хүлгүүдийг, шилдэг уяачдаа шалгаруулдаг болоод байгаа. Хэдийгээр 100 хувь болзол хангах уяачид гараагүй ч урамшуулах зорилгоор арван хэдэн хүнийг аймгийн алдартаар тодорхойлчихоод байна. Ер нь уяачдаа ч орхиж болохгүй шүү дээ. Энэ тал дээр уяачдын холбооны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Дүгэрцэрэнгийн Цогбаяр их хувь нэмэр оруулж яваа хүн.
-Энэ жил ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Малжуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өмнөх шигээ Дашдорж гишүүнтэйгээ үргэлжлүүлэн ажиллана. Бид бүх сумдын уяачдын холбоог гэртэй болгоно. Бас сум болгоноос арван уяачийг сонгож, зургаа зургаан сумыг гурван бүс болгоод 3-р сарын 5-наас гурван ээлж болгон 60 хүнийг Улаанбаатар хотод хоёр өдрийн сургалтанд хамруулж байна. Энэ сарын 25-д хүртэл үргэлжлэх сургалтын дараа зүүн зүгийн аймгууд руу явуулж морьдыг таниулж, сонгуулж, худалдаж авах гэх мэт практик дадлага хийнэ. Энд голдуу азарга, гүү гэх үржлийн адуу авна. Энэ ажлыг бүсчилэн манай уяачдын холбооны тэргүүлэгч Батбаяр, Батжаргал хоёр урд сумыг, дунд хоёр группийг  Авирмэд, Галбаатар нар хариуцаж байна.
-Их бүтээлч ажил болох нь дээ?
-Тийм шүү. Бид сайхан ажил болно гэж итгэл дүүрэн байгаа. Энэ жил хийх дараагийн ажил бол 6 сарын 1-нд бага гурван насны уралдааныг зохион байгуулах. Аймгийнхаа хойд бүсийн сумдын уралдааныг Баян-Уулд 8 сард, урд зүгийн сумдынхыг Дэлгэр суманд хийхээр болж байгаа. Манай тэргүүлэгчид нэг нэг сумыг хариуцсан. Эдгээр наадмыг аймгийн иргэдийн хурлын дарга, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч Эрдэнэбат, Мандал-Алтай группын захирал, уяачдын холбооны дэд тэргүүн Балдандорж гуай нар хариуцан ажиллана.
Энэ онд манай аймгийн түүхэнд хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт болох Тайширын усан цахилгаан станц ашиглалтанд орсонд зориулан томоохон уралдааныг зохион байгуулахаар бас төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын захирамжтай, аймгийн цол олгох томоохон уралдаан болох юм.
-Танай холбооны үйл ажиллагаа бусдаасаа ямар онцлогтой байдаг вэ?
-Аливаа уралдаан, наадмыг зохион байгуулна гэдэг тийм ч амар ажил биш шүү дээ. Шинийн 3-нд Алтайн хавар наадмын их гурван насны уралдааныг зохион байгуулаад 72 азарга, 86 их морь, 50 гаруй соёолон уралдаж өндөрлөлөө. Уралдаан их дэг журамтай сайхан болсон. Ер нь манайхан уралдааныг их дэгтэй хийдэг болохоор наадамчин олон сэтгэл өндөр буцдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Танай холбооны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Та бүхэнтэй холбоо тогтоож аймгийнхаа анхны тусгай дугаарыг хэвлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол морины өв соёлыг үр хойчдоо үлдээхэд чухал алхам болохуйц үйл явдал юм. Үүнийг санаачилсан аймгийн уяачдын тэргүүлэгчид, Баян-Уулын уяачдын холбооныхон, сумдын удирдлагуудад тэр дундаа Алтангэрэлд талархалаа илэрхийлье. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна