Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор сум болон аймгийн алдарт уяач цолны болзлыг хангасан

Сэтгүүлч
2024 оны 1-р сарын 21 -нд

Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач Б.Баттөрийг уншигч та бүхэнтэйгээ уулзуулъя. Тэрээр 2016 оны намар "Тод магнай" сэтгүүлийнхэнтэй ийн хөөрөлдөж байжээ. 

-Таны хувьд хэдийнээс морь уяж эхэлсэн бэ. Морь уяж эхэлснээсээ хойш ямар амжилтуудыг гаргаад байна?
-Би 2010 оноос морь уясан. Таван жилийн дотор сум болон аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангасан. Ерөнхийдөө унаган биш авмал адуугаараа л амжилт гаргасан даа. Би сум, орон нутгийнхаа адууны удам угшлыг сайжруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Отгоннасан гуайн адуунаас 80 гаруй адуу авчирсан юм. Тэр адуунуудаараа л амжилт гаргасан. 
-Анх морь уяхаас илүү нутгийн адуугаа сайжруулъя гэсэн зорилготой байсан уу? 

-Нутгийн адууны чанар угсааг сайжруулъя, өөрийн адууг хурдны чиглэлээр өсгөж үржүүлье гэсэн бодолтой л адуу авчирч байсан.
-Отгоннасан Тод манлайн адуунаас сонгосон нь ямар учиртай юм бэ? Өвөрхангайн Хайрхандулаан сумын газар нутаг танайхтай ойролцоо болохоор уу?

-Газар нутгийн онцлог бол ижилхэн хатуу хөрстэй. 2010 онд Алтайн даншиг наадмаар морь сонирхож явахдаа Отгоннасан Тод манлайтай танилцаж байсан. Тэгээд тэр жилийн өвлөөс морь уяж эхэлсэн. Авчирсан адуунууд маань их сайн давхисан болохоор урам, зориг орж нэмж олон адуу авчирсан даа. 
-Анх Тод манлайгаас ямар удам угшилтай адуу авчирч байв?
-Анх Сүхбаатар аймгийн гаралтай их насны хээр морь авчирч уясан. Тэр морио найз Лхагвасүрэнд зарчихсан юм. Энэ хээр морь Тонхилд гурав түрүүлж, гурав айрагдсан. Бас нэг бор азаргыг шүдлэнд нь авчирч байсан. Тэр морь маань надад ирээд олон түрүүлж, айрагдсан. Ховд аймгийн баруун бүсийн наадам Цэцэг суманд болоход азарган насандаа түрүүлж, соёолондоо айрагдсан. Мөн Тонхил сумынхаа 90 жилийн ойд түрүүлснээс гадна өвөл, хаврын уралдаанд хязаалан наснаасаа хойш тасралтгүй зургаа түрүүлсэн. Бас зэргэлдээх Бугат, Дарив сумдад олон түрүүлж, аман хүзүүдэж, айрагдсан даа. Энэ морь маань нийт есөн түрүү, 10 гаруй айрагтай. Ховд аймгийн баруун бүсийн наадам Зэрэг суманд болоход би их насны морио бас түрүүлүүлж байлаа. Ингээд Алдарт уяач цолны болзлыг Ховд аймгийн баруун бүсийн хоёр түрүү, нэг айраг, сумдын тэгш ойн баярын айргаараа хангасан юм. 

-Сумдын тэгш ойгоос хэдэн түрүү, айраг авсан юм бэ?
-Отгоннасан Тод манлайн унаган морьдоос нэг хул морь авсан юм. Тэр морь гурван сумын 90 жилийн ойд айрагдсан. Тухайлбал, 2014 онд Говь-Алтайн баруун бүсийн наадам манай суманд зохион байгуулагдахад айрагдаж байсан. Би энэ хул үрээ, бор морь гээд гурван адууныхаа амжилтаар л аймгийн Алдартын болзлыг хангачихсан. Аймгийн чанартай наадмаас нийт гурван түрүү, зургаан айрагтай.  
-Хаврын болон сумын чанартай уралдаанд ордог уу?

-Бүсийн чанартай уралдаандаа орно. Миний хувьд хоёр жил морь уяад 10 түрүүгээ гүйцээж аваад сумын Алдарт уяачийн болзлыг хангасан. Сумын Алдарт уяачийг 10 түрүү, 20 айргаар авах ёстой юм. Энэ болзлыг хангасныхаа дараа жил аймгийн чанартай уралдаанаас гурван түрүү, зургаан айраг аваад аймгийн Алдартын болзлыг хангачихсан. Бор азарга сумынхаа баяр наадамд хязаалан, соёолон, хавчигтаа гурав түрүүлсэн. Мөн соёолондоо Ховдын баруун бүсийн хаврын уралдаанд айрагдсанаас гадна өнгөрсөн жил азарганы уралдаанд Ховдын баруун бүсэд түрүүлсэн. Бас нэг их насны ягаан морь уяж байсан. Тэр морь 2014 онд Ховд аймгийн Зэрэг сумын баруун бүсэд түрүүлж, мөн тус аймгийн Алтай сумын 90 жилийн ойд айрагдсан. Нөгөө хул морь даагандаа Тонхилд түрүүлж, шүдлэндээ 90 жилийн ойд аман хүзүүдэж, хязааландаа хол түрүүлж, соёолондоо Бугат сумын 90 жилийн ойд зургаад, Дарив сумын 90 жилийн ойд арван хоёроор орсон. Хул морь шүдлэндээ бол гурван сумын 90 жилийн ойд орж байсан. Алтай суманд айргийн гурав, Цэцэг суманд айргийн дөрөв, Тонхил суманд аман хүзүүнд хурдалж байлаа.
-Та богино хугацаанд өндөр амжилт үзүүлжээ. Мэдээж орон нутагт бэлчээрийн маллагаа давамгайлж байгаа байх. Тэгэхдээ нэмэлт тэжээлээр адуугаа тэжээж байгаа юу? 
-Би үндсэндээ Отгоннасан гуайн шавь учраас тэр хүний арга зааварчилгаагаар нь морио уядаг. Адуугаа тэжээдэг. Тэр дундаа өвөл, хаврын уяаг нь тэжээлээр болгодог. Морио өвөл арванхоёрдугаар сард сумын төв рүү оруулж ирээд дөрөв, таван сар хүртэл тэжээдэг. Өвөл морио тэжээхийн хажуугаар ажил хийдэг юм. 

-Танай суманд морь тэжээж байгаа хэр олон хүн байна?
-Залуус л голдуу морьдоо тэжээж байна. 
Бидний хэдэн уяачид чинь энэ, тэндхийн уралдаануудад очиж оролцдог. Зэргэлдээх Дарив, Цэцэг тэгээд Ховдын сумдаар явж морьдоо уралдуулдаг. Тэр бүрт хамт л явна шүү дээ. 
-Эхний хэдэн жил авмал адуугаар наадаж амжилт гаргасан хүмүүс алсдаа өөрийн унаган адууг уралдуулах бодолтой болдог. Та өөрийн адууны ул суурийг бүрдүүлэхийн тулд ямар удам угшилтай адуунууд авсан бэ? 
-Би өөрийнхөө адууг сайжруулахын тулд Сүхбаатар, Дорноговь, Дорнодоос адуу авсан. Тэгээд ихэвчлэн Отгоннасан гуайн зүүн талын сайн цустай адуунуудаас авч ирсэн. Азарга, гүү нийлсэн 100 гаруй адуутайгаас 50 орчим нь авмал юм. 
-Энд нутгийн адуугаар наадаж байгаа хүн байна уу? 

-Миний найз аймгийн Алдарт уяач Лхагвасүрэн унаган адуугаараа их сайхан наадаж байгаа. Өөрийнх нь хар үрээ аймгийн баруун бүсийн хаврын уралдаанд хязаалан,  соёолондоо айрагдаж байсан. 
-Хүнд зарсан, өгсөн морьд тань хэр амжилттай давхиж байгаа вэ? 
-2013 оны наадмаар их наснаас бусад бүх насны түрүү дандаа Отгоннасан гуайн угшилтай адуу. Сумын 90 жилийн ойн баяр наадмаар л гэхэд манай гал 11 айраг, түрүү авсан. Манай “Буган халиун” гал байгуулагдсанаас хойш сумын шилдэг галаар гурван жил дарааллан шалгарсан. Энэ галаас 2014 онд Ё.Лувсандорж, Ч.Лхагвасүрэн, Б.Баттөр нар аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн өнөр өтгөн, чансаа өндөр наадам гэвэл хэдэн оны, ямар баярыг хэлэх вэ?  
-2014 онд манай Тонхил сумын түүхт 90 жилийн ойд миний хавчиг азарга түрүүлж, шүдлэн үрээ минь аман хүзүүнд ирэхэд би их огшиж байлаа. Харин хамгийн өтгөн наадам гэвэл Увс аймгийн баруун бүсийн даншгийг хэлнэ. Тэнд хязаалан үрээ маань 34-өөр, даага арван дөрөвт давхисан. 

-Өөр Засгийн газрын тогтоолтой  бүсийн уралдаанд оролцоогүй юм уу?
-Өнгөрсөн жил л гарч уралдсан. Энэ жил явъя гэж бодож байтал Дарив, Бугат сумын 90 жилийн ойн баяр давхцаад унаа тэрэгний бололцоогүйгээс явж чадаагүй. Дараа нь Тод манлайн мялаалга наадамд очиж шүдлэн үрээгээ уралдуулахад есөөр давхисан. 
-Увсын адуу ямар санагдсан бэ?
-Увсын адуу их сайхан том, тавиу биетэй юм байна лээ. Үндсэндээ эрлийз цустай л адуунууд юмуу даа. Ер нь тэгээд хөдөөний мань мэт шиг уяачид энд, тэнд очоод уралдахад хамгийн зовлонтой нь өөрсдийн Монгол адуугаа цустай адуутай уралдуулах болчихоод байна. Монгол адуунууд нь хоорондоо уралдчихвал яасан юм бэ гэсэн бодол төрдөг. 
-Говь-Алтай аймагт ирээд уулзаж буй 106 дахь уяач та болж байна. Уулзсан уяачдын 90 орчим хувь удам дамжсан байх юм. Таны хувьд ямар түүхтэй вэ? 

-Манай аав айхтар алдар цолтой уяач байгаагүй. Гэхдээ морь уядаг, сонирхдог хүн байсан. Аав, ээжийн аль алиных нь талд сайн уяачид бий. Гэхдээ би цаг үеэ дагаж сонирхлын журмаар морь уясан. Морь сайн давхихаар урамшаад л үргэлжлүүлэн уяад.   
-Та Ховд, Увс аймагт наадаж байсан. Танд аль нутгийн наадам илүү сайн зохион байгуулалттай санагдсан бэ?
-Ховд, Говь-Алтайн наадам гайгүй. Харин Увсын наадам арай будилаантай юм байна лээ. Зарим нь явж байгаад буцаад нөгөө тийшээ уралдчихдаг. Шонгоо дагаад тойроод явах байтал шонгоо дагаад буцаад уралдаад урдуур нь орчихдог юм байна лээ.
-Сумын Шилдэг бизнесмен, Тэргүүний залуу алтан медаль хүртэж байсан юм байна. Энэ талаараа жаахан дэлгэрүүлээч?
-2002 оноос түүхий эд худалдан авч, зарж борлуулах бизнес эрхэлж байна. Тэгээд 2010 онд сумны Шилдэг бизнесмен, Тэргүүний залуу алтан медалиар зэрэг шагнуулсан. 
-Өнөөдөр Тонхил сумын уяачид ялангуяа ахмад уяачид цуглаж байгаад таныг албан тушаалд томилчих шиг боллоо. Ямар албан тушаалд томилогдчихов? 

-Манай хамт олон намайг өндрөөр үнэлж, итгэл хүлээлгэн уяачдын холбооны дэд тэргүүнээр сонголоо. Аймгийн иргэдийн хуралд нэр дэвшсэн хоёр залуу болоод бусад уяачидтайгаа хамтраад ажлаа хариуцлагатайгаар хийнэ гэдгээ уяачдадаа амласан. 
-Сумынхаа уяачдын холбооны нэрийг танилцуулаач?
-Манай сумын уяачдын холбоо “Сутайн бор” нэртэй.
-Шинэ албан тушаалд томилогдож буй хүнийхээ хувьд цаашид хийх ажлаа төлөвлөсөн л байх. Цаашид ямар ажлыг амжуулъя гэж бодож, төлөвлөж явна даа? 
 -Залуу уяачдыг дэмжин ажиллах бодолтой байгаа. Тухайлбал, тэдний аймаг, бүсийн уралдаанд гаргасан амжилтыг нь урамшуулах гэх мэт ажлыг хийхэд голлон анхаарна. Тэгээд уяачдаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулж гадагшаа гарч уралдуулъя гэсэн бодолтой байна. Мөн манай суманд сумын наадмын амжилтын архив гэж байхгүй. Тэрийг хийнэ гэсэн бодолтой байгаа.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Хурдан морины их ажилд нь амжилт хүсье. 

"Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна