М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу тэр хэрээр шагнадаг юм билээ

Сэтгүүлч
2024 оны 1-р сарын 02 -нд

Төв аймгийн Заамар сумын төвийн IV багийн харьяат Миеэсүрэнгийн Энхтайванг уншигч танаа танилцуулж байна. Тэрээр 1967 онд Заамар сумын эмнэлэгт төрсөн. ХХААЯ-ны болон Засгийн газрын Хүндэт жуух бичиг, ХХАА-н Тэргүүний ажилтан, Худалдаа аж үйлдвэрлэлийн Тэргүүний ажилтан, Төв аймгийн Хүндэт тэмдэг, Мянгат малчин цол тэмдгээр тус тус шагнагдан АХ-ын 80, 90, ММСУХ-ны 20, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, “Алтангадас” одонгоор энгэрээ мялаажээ. Мөн 2015 сумын Шилдэг уяачаар шалгарч байсан юм.

-Танайхан хурдан морины уяа сойлго тааруулж байгаа вэ? 
-Миний аав Чунагийн Миеэсүрэн насаараа мал малласан хүн. Өвөө Сангидоо гэж хүн байгаад аавыг багад бурхан болж, ах Чунаг нь өсгөсөн юм билээ. Тэгээд ахаараа овоглосон гэдэг. Аав цэргээс ирээд л морь уяхсан болов уу. Хуучин цагт чинь нэгдэл нийгмийн ажил төрлөө голлон хийнэ үү гэхээс морь мал уяад явах зав тун бага. Тэгээд ч адууны тоо нь хязгаартай байлаа шүү дээ. Гэсэн ч аав маань ажлаа зохицуулаад наадам алгасалгүй явна. Бид морийг нь унадаг. Гэхдээ би биерхүү хүүхэд байсан болохоор олон жил унаагүй ээ. Манай дүү Мөнхдоржийн үед морьд маань сайн давхисан. 
- Аав тань ямар, ямар хурдан морьдтой байсан бэ? 
-Аав минь алсын бодолтой адуугаа сайжруулж  байжээ гэж одоо боддог юм. Азаргаа шилж сонгож байж тавина. Тэгэхдээ голдуу хүрэн азарга л тавьдаг. Гүү өөрийн нь хамар цагаан хээр морины дүү бэлбэсэн хүрэн, халзан хоёр байдас байдаг. 2016 онд Тод манлай уяач Сандуйжав гуай манай адуугаар ирчихээд “Ямар сайхан адуу бэлдсэн хүн бэ” гэж дуу алдсан шүү. Тэгээд 16 хүрсэн хөгшин морийг маань “Ах нь нэг жил аваад, азаа үзээдэхье” гээд авч явсан. Дараа нь сонсохнээ Налайхын сунгаануудад хурдан байж, өнгөний адуутай уралддаг байсан  гэсэн. Гэхдээ ижлээсээ гарч үзээгүй хөгшин амьтан хоол унднаас гараад, нутгийн зүг гунигтай харж зогсохыг нь удаан тэвчихгүй нь гэхээр нь би хойтон жил авчирсан. Аавын уясан морьдоос буурал, зээрд, хамар цагаан хээр морьд, жижиг хул азарга сайн давхисан. Сүүлд Жамаа гэж хөгшний адуунаас хүрэн азарганы төл Мэнгэт хүрэн азарга авч, намайг цэргээс ирэхэд азарга тавьж өгч байлаа. Бас дүүд Баасан ахын Зандан хүрэнгийн угшилтай хүрэн азаргыг авч өгсөн. Энэ хоёр азарганы төлүүд сайн хурдалсан л даа. Түүнчлэн Их салхин цустай сайхан том ухаа азаргаар цус сэлбэсэн. 
-Их салхин гэхээр Тойруулга адуу болох нь ээ? 

-Жаргалантын Их салхин гээд ухаа азарга байсан юм билээ. Өөрөөр хэлбэл морин тойруулгын угшилтай. 
Тэрний төл Мөлүү чихтэй хүрэн азарганд Хоргой Батсүх гуай Тожингийн борын төрсөн дүү зээрд халзан байдсыг 350 төгрөгөөр худалдаж авч тавьсан юм билээ. Ингээд гарсан төл нь манай ухаа азарга юм. Өөрөө ч, гарсан төлүүд нь ч сайн давхисан. Манай адуу чинь их өсгөлүүн. Түүнээсээ болоод зарим газар эрлийз гэж хасагдчих гээд байдаг гэмтэй. 
-Хоёр гүүнээс нь олон хурдан буян төрсөн үү?
-Эгчийн нэртэй зээрд халзан гүүнээс ойр хавийн сумдаар олон айрагдаж, түрүүлсэн хамар цагаан хээр морь гарсан. Цагдаагийн ажилчдын баярын бэсрэг наадамд 300 гаруй мориноос түрүүлсэн. Манай адууны удам судрыг харахаар яалт ч үгүй тэр хоёр гүүний эхтэй. Гэхдээ би анх цус холдуулж л байвал сайн гэж холтгосон нь алдаа болсон байна лээ. 
   Тэрнээс гадна аавд сайхан алаг азарга, хар ногоон үрээ байсан. Хэнтийгээс хонгор азарга авсан нь өөрөө ч, төлүүд нь ч хурдалсан. Миний хонгор морины эцэг л дээ. Жаргалант цусыг зүүн талын адуутай манай аав л анх хольсон юм. Тэр нь ухаа, хонгор, Лхагваагийн хонгор гээд л азарганууд байна.  
-Саяын бүсэд орсон уу?

-Тийм ээ. Тэрийг чинь ах нь дааганд нь бэлэглэсэн юм. Манай унаган адуу л даа. Эх нь одоо бий. Эцэг нь хонгор азарганы төл байхгүй юу. Жирийн малчин хүн зүүн талын адууг, Жаргаланттай холиод селекцийн ажил хийсэн байгаа юм. Яах аргагүй л энэ талд их ач холбогдол өгдөг хүн байсан байгаа биз. 
-Хэрвээ аавын тань амжилтыг одоогийнхоор дүгнэвэл ямархан эрэмбэтэй уяач явсан бол оо?
-Аав маань таван хүүхдээ өмсөж зүүх, идэх уухаар дутаахгүйн тулд их ажилладаг байлаа. Тэр үеийн нийгэм ч ямар байлаа. Энэ мэт шалтгаанаас болоод тэр болгон улс бүсэд явж чаддаггүй байсан биз ээ. Улсын наадамд ганц нэг л явсан болов уу. АХ-ын 80 жилийн ойгоор нэг очсон санагдаж байна. Тэгэхэд шүдлэн үрээ 19, хонгор азарга 10 хэдэд  явсаар сууж 29-өөр орсон. Харин сумын баяр наадмын амжилтыг нь нарийн тоолж байсангүй. Энд содон амжилтаас нь хэлэхэд өөр наадамд яваад ирэхэд урд өдөр нь  шүдлэн давхичихсан байж таарсан. Тэгсэн дараа өдөр нь шүдлэнгээ хязааланд тавиад түрүүлгэсэн юм даг. Угтаалын наадамд аман хүзүүдсэн Лхагваа ахын алаг соёолон аман хүзүүдээд, манай шүдлэн үрээ түрүүлсэн. Тэгэхээр адууны “авьяас” бас өөр байсан байгаа юм шүү.
     Манай аав жилийн дөрвөн улиралд морио өөрөө л эдэлдэг. Эмгэг олбол өөрөө хатгана, бас өөрөө л уургална. Адуу доголуулж үзээгүй хүн дээ. Унасан морь нь алхаагүй байна гэж байхгүй, хатирахгүй байна гэж байхгүй. Өөрөө адуугаа хачин сайхан унаж эдэлнэ. Морины дэл сайхан засна, эмээл, хазаар элдвийн хэрэглэлээ өөрөө их гоёмсог хийнэ. Ямар гарын уртай гээч. Бас их дуу цөөтэй. Хаа нэг юм ярьвал өнөөх нь адууны тухай л байна. Гэхдээ өөрийнхөө морийг магтахгүй. Ядаж миний тийм адуу их хурдан шүү ч гэхгүй. 
-Ямар мал маллаж байсан юм бэ?
-Үхэр голдуу л малласан. 
-Аавын тань бий болгосон адуунаас хэр тарсан байдаг вэ?

-Лхагваа ахын хонгор азарга бол аавын адууных. Хамар цагаан хээр морийг сүүлд Сандуйжав гэж хүн аваад олон түрүүлгэсэн. Хамар цагаан хээр морь бол төрсөн адуу л даа. Ер нь манай Заамар дээр үеэсээ адуу сайтай. Тойрсон сумдын наадмаас Заамарын морьд зургаан түрүүг нь хүртэл авч байсан удаатай. Би багадаа аавдаа туслаад Орхонтуулын наадамд хамт явсан юм. Тэгэхэд Заамарынхан таван түрүүг нь авч, бөх нь очоод түрүүлээд ирж байлаа. 
          Аавын адуунаас бэлгэнд өгч, тарсан нь ч их бий. Нямхүү гэж уралдаанч хүүдээ өгсөн үрээ сумын наадамд аман хүзүүлчихээд, начны ойгоор хавчиг морь түрүүлсэн. Бас аав хуурай ах Говь-Алтайн Чукад зээрд битүү морь өгсөн нь хойтон жил нь сумандаа айрагдсан. Ари гэж Баяннуурын дүүдээ даага бэлэглэсэн нь бас хурдан байна. Сүүлд эрлийзтэй уралдаад дийлээд байна, шүдлэнг хязаалантай уралдуулаад гурваар давхилаа гэж дуулдсан. Булганы Цогоо гэж залууд нэг даага өгсөн нь шүдлэнгээсээ хойш тэр хавьдаа гүйцэгдэхгүй байна. Энэчлэн аавын бий болгосон адуунаас энд тэнд давхиад л байгааг сонсох сайхан даа. 
-Та ээж ааваас тавуулаа гэсэн. Хөвгүүд нь морь уяж байна уу?

-Бид тавын хоёр нь хүү. Одоогоор би л уяж байна. Дүү дуртай ч яг моринд орчихоогүй байна. 
-Та хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн юм бэ? 
-Манайх Бор Булангаар хэдэн малтайгаа нутаглана. Бид чинь өөр өөрийн амьдралаа хөөгөөд тусдаа амьдарна л даа. Аав маань уях морьдоо нимгэлж бэлдчихээд хүнээр хэл дуулгана. Эсхүл өөрөө мотоцикльтой давхиж ирнэ. Сүүлдээ ч аав ээж хоёр маань нас ахиад, нэг насны олон морьд уяж чадахаа байсан. Ганц нэгийг л уяна. Тэр нь сайхан давхина. Өөрөөр хэлбэл нэг наадамд соёолон түрүүлж байхад нөгөө нь айрагдаж байх жишээний. Нэг удаа аав хэдэн хүүхдүүддээ мал адуугаа хувааж өгчихөөд “Одоо аав нь дийлэхээ болилоо” гэж байсан. Тэгээд том хүүд маань нэг хүрэн морь өгсөн нь наадам болгонд айраг түрүүгээр давхисан. Эхнэр бид хоёр ч урамшаад, би морь уяж эхэлсэн. Тэр чинь 2005 он юм байна. Түүнээс хоёр жилийн дараа хөөрхий аав минь бурхны орныг зорьж билээ. 
-Түүнээс хойш таны нэрийг гарган хурдалсан хүлгүүдээ танилцуулаач?
-Цагаан ташаат байна. Манай унаган адуу л даа. Аав Доржсүрэн гэдэг хүнээс бага дөрвөн насандаа түрүүлж, азарга болсон хойноо ч олон айрагдаж, түрүүлсэн хурдан халзан азаргыг авч, өөрийн адууны халзан гүүгээ тавиад ухаа гүү төрсөн. Энэ том ухаа гүүнээс ерөөсөө охин унага гараагүй. Дан эр унага төрж, бүгд хурдалсны нэг нь Цагаан ташаат байна. Цагаан ташаат сумандаа түрүүлж байхад төлүүдээс нь өөр газар айрагдана. Даанч аав, ээж минь хүн бүлгүйгээс зэрэг уяж чадахгүй байлаа. Нэг жил аав Цагаан ташаатаа их тарган бариад “Миний хүү уямаар байна” гэсэн. Нөгөө хоёр цагаан ташаат нь давхиад л байгаа болохоор би тарганыг нь нэг их тоосонгүй. Тэр жил Сөгнөгөрийн бүсийн уралдаан болж, цөөхөн хоног уясан найман настай тарган морь маань наймаар давхидаг байгаа. Дараа нь олон жил өнжөөж 16-тай хөгшин морь болсон байхад нь уяж, 17-той сумандаа их хол түрүүлгэж, 20–той айрагдуулсан. 20 наснаасаа хойш азарга шиг гүү хураагаад байдаг болсон. Дэлийг нь авсан аваагүй өөрөө их азаргасдаг морь байлаа. Хэлбэрийн хувьд Доржсүрэнгийн хээртэй төстэй. Сэрвээ мундаа их өндөртэй. Хөөрхий 25 хүрээд өнгөрсөн. Хэрвээ соёолонгоос нь залгаад тасралтгүй уясан бол баллах байсан юм. Цагаан ташаат хоёр км газар шогшиход л туурга нэвт хөлөрнө, бэлэн хөлстэй. Уях юм бол барьсан цагаас хөөлт гэж байдаггүй. Би ч тарган талдаа уядаг учраас хоолыг нь сайн өгчихнө. Үүнээс болоод хөндүүр ордог байсан уу идэхдээ тааруу болчихдог байсан. Цагаан ташаатын хоёр дүүгээр нь азарга тавьсан. Нэгийг нь дүүгийнхээ хүүхдийн үсний найраар бэлэглэж, төлүүд нь мөн л хурдалсан. Одоо надад цагаан ташаат нэг азарга бий. Түвдэн манлайн “Морин эрдэнэ” галынхны наадамд цагаан ташаат хүрэн азарганы төл даага, шүдлэн хоёрыг манай дүүгийн хүүхэд уяад очихгүй юу. Тэнд даага аман хүзүүдээд, шүдлэн үрээ нь түрүүлсэн. 

-Цагаан ташаат хүрэн, зээрдийг залгаж ямар морь хурдалсан бэ?
-Дараа нь бэлэвсэн зээрд морь, том ухаа хурдалсан. Бэлэвсэн зээрд нь өвлийн уралдаанд айрагдаж түрүүлээд, Лүн сумын наадмын дараагаар нэг ой болоход цагаан ташаат дөрөвлөж, бэлэвсэн зээрд түрүүлсэн. Угтаалд бас түрүүлсэн. Цээлийн ойгоор дутуу уяатай аваачаад, газрын тэг дунд хүрэхэд ам нь ангайлттай хол тасраад. Тэгсэн золигнууд чинь хоёр, гурван морь амдуулж тавиад, зээрд гуравласан. Сүүлдээ ч хөөрхий больсоон. Цагаан ташаатын төрсөн дүү өөр нэг зээрд халзан морь байлаа. Тар сунгаанд Мөнхтөрийн аварга хээрээс километр гаран тасарч ирнэ. Гараад 2,3 км явахад ам нь татаатай ч тасраад л яваад өгнө. Даанч миний муугаас хөлгүй болчихсон. Аавыгаа амьд ахуйд уяаны талаар нь сурч чадаагүй хоцорсны л буруу байхгүй юу. Аав бол гайгүй давхих адуунуудаа бүдүүрсэн хойно уядаг. Бага адуугаа алсдаа давхина гээд уяхгүй. Хязаалан, соёолонгоос хойш л уядаг байлаа. Үгүй мөн тайван хүн байсан шүү. 
-Таныг морь уяж эхлэхэд аав нь зааж, зөвлөсөн л байх даа?

-Морь уяад хоёр жил болоход өдөр болгон уяан дээр ирнэ. Эхний жил зааж зөвлөж байснаа дараа жилээс нь “Өөрөө л мэд” гээд орхино. Морь ч гайгүй давхиад эхэлсэн болохоор олон юм ярих нь илүүц гэж бодсон биз. Би яг наадмын өмнө сүүл хөхөлийг нь боочихоод аавыг дуудаж, асууна аа. “Сайхан болж” гэж урам хайрлана. Хүн чинь хайртай хүмүүсээ хэзээ нэгэнтээ явахыг мэдэх ч тоох биш дээ. Бурхан болсны нь дараа жил юм байна. Өнөө л зуршлаараа дэл, сүүлээ боочихоод дотор эвгүй хэсэг суулаа. Тэгээд нутгийн өвгөн Даш гуай дээр очоод “Та нэг сан тавиад өгөөч” гэсэн юм. Цагтаа намын хороон дарга явсан, боловсролтой хүн л дээ. Би их хүндэлдэг юм. Тэгсэн “Ах нь арц уугиулаад өгье” гээд ихээ хуучны хир болсон илгэн уутнаас арц гаргаад уугиулж билээ. Их гоё санагдсаан. Уутнаас нь жоохон арц аваад морьдоо ариулчихлаа. Тэр наадмаар цагаан ташаатын хамгийн бага дүү түрүүлсэн. Цагаан ташаат их насанд 17-той бас түрүүлсэн. Харин хязаалан шүдлэн хоёроо алдаад давхиулж чадаагүй.  
-Энэ зурган дээр гурван үрээ тань дараагаар оржээ. Гэрэл зураг түүх өгүүлнэ ээ гэж энэ дээ, тийм ээ?
- Энэ чинь 2012 онд юм байна. Гуравласан хүрэн нь бол таг битүү, эмнэг үрээ. Хавар соёолон үрээ азарга тавих санаатай байтал хүн авна гэснээ чимээгүй болчихлоо. Тэгэхээр нь засчихсан юм. Тэгээд ижил морьдыг нь бариад уясан. Ингээд тэр жил хүрэн морь түрүүлээд, хонгор  морь аман хүзүүлж, хүрэн нь гуравласан.
-Хонгор морь таны нэрийг олонтоо гаргасан бололтой? Хаана, хаана уралдуулж, ямар амжилт гаргаж байв? 
-Дааганд нь уяагүй. Эх нь унагалсан ч унага нь эндчихээд, даага эхийгээ хөхчихсөн. Аягүй догшин, дийлддэггүй болохоор эхний жил уяагүй. Тэгээд өвөл нь уях санаатай оруулж ирээд байхад Лхагваа ах ирэхээр нь бэлэглэчихсэн юм. Энэ ахдаа би сэтгэлийн өртэй болохоор нэг баярлуулахсан гэж бодоод л явсан юм. Тэгсэн тэр өдөр ийм завшаан таардаг байгаа. Тэгээд адуунд иртэй дүүгийнхээ хүүхдээр унуулаад шүдлэн үрээ сургалаа. Сар гаруй хугацаанд адуунд унахад огт эцээгүй. Хүүхдэд мэдүүлнэ гэж байхгүй, дугтраад л гарна шүү дээ. Том хүн унавал дандаа булгина. Тэгэхдээ цагаан, зөндөө хүн унагасан ч нэг нь ч бэртээгүй. Дараа жил нь хязаалан үрээ тарган уяад, суманд мордуулсан аман хүзүүлчихээд, Санжаадамбын зааны наадамд наймаар орсон. Соёолондоо их олон уралдсан ч түрүүлээгүй. Ганцаараа орж ирээд үргэнэ. Эсхүл жаахан далим гарвал хадуураад явчихдаг. Гэсэн ч Орхонтуулд очиж нэг аман хүзүүлээд, Лүнд гуравлаад, хэд хэдэн газарт айрагдсан. Түвшинбаяр аваргын наадамд хойноос гарч суугаад, “Макс”-ын 20 жилийн ойд айрагдсан. Хойтон жил нь хавчиг морь Лүнд болсон хангай хайрханы тахилга наадмаар ам нь татаатай нэлээд хол түрүүлж, хүрэн морь маань гуравласан. Ингэж хонгор морио түрүүлгээд, байны аягыг нь дээшээ харсан сав гэж их бэлгэшээж билээ. Тэгээд сумынхаа ойд уралдуулахаар хэрэндээ бэлдэж байтал Бандихүү “Дашинчилэнд мотоциклийн байтай уралдаан болно. Явъя” гэж утасдлаа. “Ах нь барахгүй” гэсэн чинь “Би аваад явъя” гэхээр өгөөд явуулчихсан. Удаа ч үгүй байтал Баасан ах ирээд “Морьд чинь хаачсан бэ” гэхээр нь  өгөөд явуулснаа хэлбэл загнаж байна. Араас нь яв чи гэнэ. Тэгэхээр нь нэг жижиг тэрэгтэй араас нь гараад очлоо. Морьд уралдаад ирчихсэн, хонгор морь айрагдчихаж. Хүрэн морь 20 хэдээр давхисан байна. Тэрний дараа уралдуулалгүй байгаад 2013 онд сумынхаа ойд очиж, хонгор морь түрүүлсэн. Газрын дунд руу орчихсон байхад орж ирэхгүй байсан атлаа гэв гэнэтхэн юм хатгасан мэт гарч ирээд хамаад, хамаад давхичихсан. Би өөрөө дагаж явсан юм. Гарч ирэхгүй болохоор нь хүүхэд нь уначихаж гэж бодоод эмээгээд эргэж давхиад тархины морин дээр ирсэн тасарчихсан явдаг байгаа. Адуу чинь хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө тэр хэрээр шагнадаг юм билээ. 
-Тийм шүү. Ингээд 2013 онд сумынхаа 90 жилийн ойд түрүүлчихлээ. Дараа нь яасан бэ?

-2013 онд хавчиг морь түрүүлгэсэн. Манай энэ хавь алтны уурхай ихтэй болохоор бай шагнал өндөр уралдаан их болно л доо. Гэхдээ аав маань нас өгсүүлж хамаагүй уралдуулж болохгүй. Дийлэхгүй ард нь явсан ч туурайн чимээ гэдэг морины зүрх сэтгэлд нөлөөлдөг гэж ярьдаг байлаа. Тэгээд долоотой уралдуулаагүй. Наймтайд нь миний л уяаны алдаа байх, мундаагаараа жаахан нэвчээд ахиад уяагүй ээ. Естэйд нь бас бэлдээд байдаг. Мах нь бууж өгөхгүй болохоор нь бас давхиулаагүй. 10-тайд нь хүйт оров уу үгүй юу 10 сараас оруулаад, өвөлжин эдлээд, нэг ч уралдуулаагүй. Лхагваа ахын Толин гэж зээрд халзан, хонгор морь хоёрыг хар маханд нь тултал өвөлжин эдэлсэн. Тэгээд нэг сайхан ногоонд гаргаад энэ зун л хоёуланг нь үзнэ дээ гэж бодсон хоёр хонуулаад арьсан толгойтой болгоод цус хураад уралдуулаагүй. Ингээд ерөөсөө өөдтэй уралдаагүй юм. Их дураараа морь л доо. Омголон ч гэж жигтэйхэн мөртлөө намайг чөдөр бариад очиход хялайж зогсоод чөдөрлүүлчихнэ. Уут бариад очвол ирнэ. Тэрнээс биш уургатай дөхвөл ирэх ч үгүй. 
-Төрийн зарлигтай наадамд морь айрагдуулж, аавынхаа болоод нутаг усныхаа нэрийг дуурсгасан баярт жилийнхээ наадмын дурсамжаас хуваалцаач?
-Өвөл дөрвөн даага би сургуулсан юм. Бор даагаа арай өндөр 75 см-тай болохоор долларт бүртгүүлчихээд байлаа. Тэгсэн Сүхээ дүү халтар даагатай жишиж харснаа “Хэврэг юм байна. Өндөр, хөл гар нь нарийхан. Жаахан нимгэлэхгүй бол болохгүй” гэж зөвлөв. Өнөө халтар нь их бадриун даага байсан юм. Жишээд үзвэл бор нь дийлэх нь дийлдэг ч халтар нь газар холдохоор арай илүү нь анзаарагдлаа. Тэгэхээр нь бороо болиод, халтар даагаа долларт давхиулсан. Дөнгөж зарлагдаад 1,2-хон км яваад таг зогсчихсон. Бидний л уяаны алдаа байсан байх. Тэндээс ирээд өөрийнхөө хэмжээнд зээрд даагатайгаа хоёуланг нь уялаа. Дахиад ч хоёр гурван даага байснаас нэгийг нь Сандуйжав ахдаа, нөгөөг нь хүргэндээ бэлгэнд өгчихсөн. Борыгоо хавар нь тавьчихсан. Ингээд зээрд, халтар хоёроо уялаа. Эндхийн нэг галын таван жилийн ойн уралдаан болж, тавиад үзсэн халтар даага сайхан түрүүллээ. Сумынхаа наадамд бас түрүүлж, зээрд нь гуравласан. Тэгсэн манай ах, дүү “Улсад яваач” гэнэ. Улс тэгээд байхаар бодож үзлээ. Улсад багцааг нь үзмээр ч юм шиг санагдаад зориг шулуудан гарсан. Яг бодож байснаар сайхан давхиж, хээр азарганыхаа анхны төл халтар даагаа аман хүзүүдүүлж билээ. Наадмаас ирээд хоёр даагаа тавьчихсан байтал “Бүсэд яваач” гэдэг санал ирсэн. Тэнд сайхан түрүүлсэн. Газрын тэх дунд өнгөрөөд ирэхэд миний зээрд даага араас яваад туулаад аман хүзүүн дээр гараад ирлээ. Халтар нь бас их хол яваад байхаар хүн чинь давраад хоёулаа орчихоосой ухааны юм бодогдсоныг яана. Тэр он жилүүдэд мөн ч одтой наадсан л даа. Уяачдын холбооны 20 жилийн ойгоор бас очоод халтар даага тасарч яваад түнтийтэл хөөгөөд яг ойчих гэхээр нь замаас нь татуулсан. Дараа нь сургуулийнхаа ойд уралдуулахаар амжаад ирсэн. Манай сургуулийн захирал асан Тойв гуай “Энхтайваны халтар даага гэж сайхан буян байна. Тэрийг л харах гэж ирлээ” гэж ярьсан юм билээ. Би ч нэрэлхүү хүн дээ. Эгчийн ангийн залуу “Эрлийз юм яалаа гэж давхиулдаг юм” гэхээр нь “Илүү юмаар хүн дээрэлхэх гэж байгаа биш” гээд мордуулаагүй. Тэрнээс сумынхаа сургуулийн ойд уралдуулах сан гэж зорин зорин очсон юм. 

-Халтар даага шүдлэндээ яаж уралдсан юм бэ?
-Шүдлэн үрээ уяагүй. Хязааланд нь цөөхөн хэд хоног уяад улсын наадам аваад очсон. Ноднин чинь баахан хасаад 170 гаруй үрээ мордлоо шүү дээ. Цагаан хөтөл давахад аман хүзүү, гурав дээр явснаа суугаад 51-ээр ирсэн. Ирээд дөрвөн мөч нь татаад, эгээтэй л залчихаагүй шүү. Тэгээд айгаад бушуухан хэдэн гүүтэйгээ тавьчихсан. 
-“Булганхангай”-д айрагддаг зээрд чинь яасан бэ?

-Тэр улсын наадамд ирээд Цагаан хөтөлийн наахнатай жалганд хүүхэд нь уначихсан. Энэ жил уяна даа. 
-Хээр азарганы анхны төлийг улсад айрагдуулжээ. Хээр азаргаа хэзээ авч байсан юм бэ?
-“Торгоны зам”-ын Гантөмөр бол миний хуурай ах байгаа юм. Нэг удаа ах дээр очоод цай, хоол болж суугаад “Дүү нь эрлийз адуутай болмоор байна” гэсэн “Ахынхаа англи хээр азаргыг ав” гэнэ. “Үнийг нь би яаж дийлэх вэ” гэтэл бэлэглэчихье гэдэг байгаа. Балмагдаад “Баярлалаа”-гаас цаашгүй л нэг өдөртөө явсан. Түүнээс хэсэг хугацааны дараа ах утасдлаа. “Хээр азаргаа аваач” гэнэ. Би авна аа гэчихээд тариа хураагаад мартчихаж. Тэгсэн Ганаа ах дахиад залгаснаа “Азаргаа аваач ээ. Би тэжээлд оруулаагүй байгаа. Наад муу амьтан чинь үхлээ. Чамайг авахгүй бол авъя гэсэн хүмүүсийн нэгэнд өглөө шүү” гэлээ. Би  ч хотод байж таараад, нэг дүү хүүгээ явууллаа. “Ганаа ахын адуунаас хээр азаргыг аваадах. Тэгээд хашаандаа аваачаад, нэмнээд сайхан хооллож байгаарай” гэсэн юм. Орой нь гэртээ ирээд “Нэг эрлийз азаргатай болж байгаа” гэж бага хүүдээ хэлсэн “Тэгээд та яагаад айлын хашаанд байлгаад байгаа юм. Одоо очиж авъя” гэж байна. Хоёулаа шөнө болсон хойно өнөөхөө авахаар гарлаа. Очсон нэмнээгүй бүүр цантчихсан зогсоно. Өөрийн нь хул морь нь яах вэ тэжээл идчихсэн монгол адуу болохоор тамир авчихаж. Нөгөө муу эрлийз азаргыг маань зөндөө хазчихаж. Хүү маань ч аваад явна л гэлээ. Жамъянгийн буруу ч юу байх вэ. Ажил хийсэн морио ганц нэмнээгээрээ нэмнэчихгүй юу. Тэгээд авчраад, бага хүү тэжээгээд төв дээр авчирч онд оруулсан. Манай хоёр хүү моринд их дуртай. 
- Төлүүд нь ...?
-Миний халтар азарга,  бас зээрд байна.  Тав, зургаан даага, шүдлэн байна. Сайхан сургачихсан, одоо бэлдээд л байна. Бага амьтдын үе мөч нь жаахан хэврэг байх юм уу гэж боддог. Гадныхан дааганд нь уядаггүй бололтой юм билээ. Аав ч бас тэгдэг байсан. Азарга тавихаар тав зургаан ч адуу байна. Азарга тавиад байвал сум орныхоо адууг нь сайжруулахад нэмэртэй л гэж бодох юм. . 
-Та улс, улсын бүсийн наадмын амжилттай, бас сум орондоо сайхан нааддаг юм байна. Яагаад цолоо аваагүй юм бэ?
-Ахыг нь уяачдын холбооны тэргүүн байхад сумын цолоо аваагүй 60, 70 настай уяач зөндөө байлаа. Тэднээс 32-т сумын Алдарт цолыг нь олгуулсан. Тэдний хажууд юундаа ч яарах билээ. Уг нь сумын алдартын болзлыг бол хангачихсан. Тэглээ гээд өөрийгөө тодорхойлоод, сумын Засаг даргад явуулахаар зохимжгүй санагдаад аваагүй. Манай гэр бүлийн хүн сумын Засаг дарга байгаа юм.  
- Бусад аймгууд бол аймгийн статустай сумдын бүсийн наадмыг тооцдог. Улсын наадамд морь айрагдуулбал шууд аймгийн Алдарт цол өгдөг. Танай аймгийн болзол арай өөр юм аа?
- Би жаахан хэнхэгдүү, нэрэлхүү, бас тэгээд зарчимч хүн дээ. Өөрөө л улсын наадам, улсын бүсийн наадмаас айрагтай гээд аймгийн цол авчихвал хуулиа биелүүлээгүй хэрэг болно. Би биелүүлэхгүй бол хэн биелүүлэх вэ.Яах вэ цаг хугацаа явахад болох биз дээ.. 
-Та Заамар сумын МСУХ-ны хэд дэх тэргүүн юм бэ?
-Би гурав дахь тэргүүн. Анхны тэргүүн Цогтсайхан гэж хүн байлаа. Дээхнэ үед тамга тэмдэг гэж албан ёсны юм байхгүй. Морин спортын төлөө гэсэн сэтгэлтэй болохоороо зүтгэж, сум орныхоо уяачдыг нэгтгээд, жилийнх нь амжилтаар шилдгүүдээ шалгаруулаад медаль, энгэрийн туузыг өгчихдөг байсан шиг байгаа юм. Түүний дараа сумын Засаг дарга асан Араах тэргүүн болж, би дэд тэргүүнээр ажилласан. Тэргүүн морь их сайн мэдэхгүй ээ. Аливаа юм үе үеэрээ л байдаг. Настай хүн тавьчихаад өөрсдөө ард нь суугаад байж болохгүй шүү дээ. Араах дарга дөрвөн жил ажиллаад, би албыг нь залгаж авсан. Өнөөдөр  морин спортыг дагаад аливаа асуудал их нарийн болсон. Уралдаанч хүүхдийн эрх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх гээд л. Гол нь уяачдын холбоо хүсэлт гаргадаг, гэр бүлийн хүн маань батламжилдаг байхаар шийдвэр нь манай гэр бүлийн юм шиг болчихоод байна. Тиймээс ах нь болиод залуу сайхан хүмүүст ажлаа өгсөн.

-Холбооны тэргүүнээр ажиллахдаа ямар, ямар ажлыг амжуулсан бэ? 
-Миний барьдаг зарчим бол олонхын саналыг шийдвэр гэж үздэг. Манай МСУХ-ны тэргүүлэгч  11 хүн байдаг. Тэргүүлэгчидтэйгээ хийх ажлаа яриад шийдвэрээ гаргаж, нэгдсэн хуралдаанаараа оруулаад батлуулдаг байсан. Тиймдээ моринд элэгтэй олны санал санаачлага, зөвлөгөөнөөс олон сайхан ажлын ард гарч байлаа. Ямар ч хүйтэн цасан шуургатайд МСУХ-ны тэргүүлэгчид машиндаа чихээд цан хүүрэг савсуулаад л ороод ирнэ. Тэр нь ахад нь ямар их урам өгнө гээч. Намайг тэргүүнээр ажилласан тэр хугацаанд уралдаанч хүүхдийн хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж заншсан. Хоёрт морь будилна гэдэг асуудал байхгүй болсон. Бид хоёр ч төхөөрөмжтэй болсон. Гуравдугаарт туг, лого, тамга тэмдэг, санхүү данстай болж хэрэгтэй техник тоног төхөөрөмжөөр хангагдсан. Сумын МСУХ-ноос гадна гал болгон маань майхан асартай болсон. Ер нь байрнаас бусад асуудлаа шийдсэн. Нэг жил манай нутгийн зөвлөл мотоциклийн байтай уралдаан зохион байгуулсан юм. Тэгсэн ах нь гурван мотоциклийнх нь эзэн болчихоод сэтгэл их өвдөж билээ. Хавар нь “Ирээдүйн түмэн эх” гэж дааганы уралдаан зохион байгуулаад нөгөө шагналын нэг мотоциклиороо түрүү даагыг байлж байж санаа амарсан. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сэтгүүлийн уламжлал ёсоор таны сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжийг энэ хэсэгтээ хуваалцмаар байна?
-2008 онд 17 настай хөгшин цагаан ташаатаа сумандаа хол түрүүлгэсэн тэр наадам сэтгэлд нэг л ойр байдаг юм. Манай энд отроор ирсэн Төв аймгийн Баянжаргалан хавийн хүний хондлой дээрээ үстэй жижигхэн зээрд морь сунгаа болгонд түрүүлээд байдаг байлаа. Тэгсэн яг наадмаар тэр морь аман хүзүүлж, миний цагаан ташаат түрүүлсэн. Дараа нь аман хүзүүлсэн морины эзэн залуу, хуурай ах Зоригоотой маань цагаан ташаатыг ирж харчихаад “Өө ийм адуу юм чинь түрүүлэхгүй яадаг юм. Энэтэй юу ярих вэ” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод хурдан адууг танагтай байхаас нь үзэж, давхиулах ёстой байжээ гэж бодсон юм. 17-той хөгшин амьтан жаахан яваад гараад ирсэн. Араас нь морь гүйцэж ирээгүй, тэр чигээрээ явсаар улам холдоод, тасархай  түрүүлсэн. Тэр наадмаар хадам аавын маань уйлчихсан зураг түүх өгүүлэн үлдэж дээ.
-Ийм баяр бахдалт наадмууд олон байх болтугай. Төрийн зарлигтай наадмууддаа хийморьтой сайхан наадаж, нутаг орон, өвөг дээдсийнхээ нэрийг өндөрт өргөн төрийн авшигтай уяач болоорой.

-Тэр сайхан ерөөл бат сайхан орших болтугай.

"Тод магнай" сэтгүүлийн Заамар сумын тусгай дугаараас...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна