Моринд гэр бүлээрээ “дурлагсад”

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 08 -нд

 

Сар шинийн өмнөхөн Тод манлай болсон Их хурлын эрхэм гишүүн Г.Батхүүгийн хөвгүүд морины хоббитой нөхдүүд. Тод манлай нэг охин, хоёр хүүтэй бөгөөд хүүхдүүд нь багаасаа хурдан морины дэргэд өссөн болохоор зав л гарвал салхинд гарангаа адуун дээрээ очицгоох гэж яарцгаана. Гадаадад сурдаг болохоор амралт таараагүй наадмын үеэр Г.Батхүү гишүүний утас амардаггүй гэх. Учир нь моринд хоббитой хөвгүүд нь минут тутамд цаг үеийн мэдээллийг эх сурвалжаас нь авахаар утас цохьж, гишүүн ч газар дээрээс нь “сурвалжлага” хийдэг гэж байгаа. Харин энэ удаагийн “Дүнжингаравын хурд 2012” наадамд Тод манлай том хүүгийн хамтаар наадамлалаа.

Шинэ цолтны аав Пүрэв гуай ч бас уралдаан алгасдаггүй хурдан морины үнэнч “фенүүдийн” нэг. Тэрээр хүү “АПУ” ХК-ийн П.Батсайхан захирлын хамтаар Төв аймгийг зорьсон нь энэ ажээ. Ер нь гэр бүлийн нэг гишүүн моринд орсон л бол бусад нь уруу татагдаж орхидог гэлцдэг.

Дараагийн “моринд дурлагсад”-ын нэг бол Мон-Ураны Б.Наранхүүгийн ээж байлаа. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрдэг хэмээн хүүхдүүддээ захьж, сургадаг энэ буурай гавьяаныхаа амралтанд гарсан ч морины уралдааныг бол алгасна гэж бараг үгүй гэсэн. Тэр тусмаа луу жилийн анхны наадам Б.Наранхүү хүүгийнх нь хувьд өмтэй сайхан эхэлж байгаад ээжийн хувьд ихэд бэлгэшээн буй сэтгэгдлээсээ энд хуваалцана билээ.

“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ мөн л сар шинийн босгон дээр Монгол улсын манлай уяач болсон шинэ цолтнуудын нэг. Тэрээр энэ удаад ээж Т.Цэрмаагийн хамтаар саатжээ. Удмын хурдан морины тоосонд хийморь сүлдээ даатгасан улс, эднийхэн. Түүний аав Х.Төмөржаа нутаг орондоо нэртэй, цуутай уяач байсан гэдэг. Тиймдээ ч Цэрмаагийн бага нас хурдан морины нуруун дээр өнгөрч улмаар ажил амьдралынх нь салшгүй хэсэг болсоор өдийг хүрчээ.

“Макс”-ийнхан тэр чигээрээ морины хоббитой улс. Үндэснийхээ дээл хувцсаар гангарч, эртний хаад ноёдыг санагдуулам орчныг бүрдүүлэн баярладаг Максийнхан энэ удаад ч тэр заншлаа мартсангүй. Цэрэнжигмэд захирлын ээж, аав уяач удамтай улс. Аав А.Дагвадорж нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Харин ээж З.Цэрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээлийнх. Дагвадорж гуайн аавын аав морь сайн уядаг нутаг орондоо нэртэй нэгэн байсан бол эхнэрийнх нь аав ч ялгаагүй морь уядаг, хоёр хурдан ногоон морьтой байж. Тэр хоёр нь Ар, Өвөрхангайн олон ч наадамд түрүүлж, даншиг наадмуудын айргийг алддаггүй байсан гэлцдэг. Тиймдээ удмын уяачид даа гэж Максийн ах дүүс ярих дуртай. Ээж Цэрэн, Ганбаатар тод манлайгийн мисс гэргий Уянгалянхуа гээд л тэдний гэр бүлийн “моринд дурладаг” гишүүд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ажээ.

“Торгоны зам”-ын Ц.Гантөмөр гэх хэзээний моринд хорхойтой нэгэн. Тэрээр Дүнжингаравын хурдаар охин Долгормаа, зээ Юм-Агийн хамтаар наадамласан юм. Ямартаа ч барууны диплом өвөртөлсөн эмч бүсгүйг морь хэдийнэ урвуулж орхисон бололтой. Юм-Агь охин ч цоллуулахаар ирсэн нас насны айргийн морьдын дэргэд ажралгүй ганцаараа хээвнэг ажин зогсох нь цаанаа л эгдүүтэй.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна