Хурдан морь цоллооч А.Ганзориг: Морь цоллоход аятайхан эмээл хазаартай, сайхан морь бэлдсэн байгаасай гэж хүсдэг

Сэтгүүлч
2023 оны 4-р сарын 19 -нд

Хурдан морь цоллооч, ерөөлч магтаалч Адъяагийн Ганзориг Зуунмод сумын Ланс 2-р багт аж төрдөг. 1953 оны хавар Цант хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр 1985 оноос хурдан хүлгүүдийн хийморь лундааг өргөн тэтгэж буй. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Алтангадас одон, АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль, МХЗЭТХ-ны Тэргүүний залуу малчин алтан медалиар тус тус шагнаж байжээ. 

-Ямар ажил мэргэжилтэй хүн хурдан морь цоллооч болсон юм бэ?
-Би 1965 оноос нэгдэлд үхэр, адуу маллаж, 1971 онд Тэргүүний малчин залуу алтан медалиар шагнагдаж, улсын зардлаар Улс Хувьсгалын 50 жилийн баяр наадам үзэж гуравдугаар тойрон аялал чуулга уулзалтанд оролцож байсан. Тэгээд 1978 оноос хойш 20 жил трактор барьж аймгийн Аварга тариаланч,  сумын хошой Аварга тариаланч болсон юм. Сүүлд ардчилсан хувьсгал гараад анхны багийн даргаар ажиллаж байлаа.  
-Морь цоллооч болоод хэр удаж байгаа вэ?

-1985 оноос Сэргэлэн сумандаа морь цоллож эхэлснээс хойш 30 хэдэн жил, аймаг, бүсийн наадамд морь цоллоод 10-аад жил өнгөрсөн байна. Сэргэлэн сумын шилдэг хурдан морь цоллооч, Батсүмбэр сумын ерөөлч магтаалч гэгдэж явна. Улсад хөдөлмөрлөхийн хажуугаар урлаг соёлын арга хэмжээнд чадлын хэрээр оролцдог, Монгол Улсын Тэргүүний авьяастан цол тэмдэгтэй хүн байгаа юм. 
-Хурдан морь цоллоход хэн нөлөөлсөн бэ?  
-Манай Сэргэлэн сум Санжаасүрэн, Тод манлай уяач Хэнмэдэх гэж хоёр улсын цоллоочтой сум. Энэ хоёр хүнд татагдаж цоллооч болох юмсан гэж хүсч, бүр залуу байхдаа эднийг дуурайж морь уяж ч явлаа. Би Санжаасүрэн гэдэг хүний шавь. Багш минь “Гаргуун сайхан цол гэж тусдаа байдаггүй, морин дээр гарангуут л морины чинь нүд, чих, дэл, сүүл цоллох үгийг чинь хэлээд өгнө. Бөхийн цол удаан уянгалуулж тайван хэлдэг бол морины цолыг давхил явдлынх нь ритмээр хурдан цоглог дуудах ёстой” хэлдэг байсан юм. Бэлэн цэцэн үгтэй, улсын наадмын морьдыг олон жил цоллосон мундаг хүн байлаа. 
-Багшийнхаа цоллох морио хараад л шууд зохиож дууддаг чадварыг хэр эзэмшсэн бэ?
-Дуурайх гэж оролдоно, гэхдээ багшийгаа яаж гүйцэх вэ дээ. Улсын цоллоочийн хэмжээнд арай хүрээгүй. Үндсэн цолон дээр тулгуурлаад тухайн газар нутаг, уул усны нэр оруулж өөрийнхөөрөө нэмж хасаад цоллоно.  Аймагтаа зургаан насны морьдыг баян ходоодтой нь ганцаараа цоллодог. 

-Таны дууддаг цол бусдаас юугаараа ялгаатай вэ? 
-Газар нутгийн нэрийг гаргахыг л боддог доо. Жишээлбэл Бор үзүүрээ тойроод ирдэг, Богд уулаа чиглээд ирдэг гээд л цолоо дуудаж эхэлдэг. Мөн Баян ходоодны цолыг “...Авто олон машин дундаас үргэж босгосоор, Арынхаа дааганд гүйцэгдээд...” гэж машинаас үргээд хоцорчихлоо гэсэн утга оруулж цоллодог. Морины цоллогоо, бөхийн цоллогоо дуу дуулахтай адилгүй, нэлээн хэцүү л дээ. Дуу шиг нэг өндөр, нэг нам дуулна гэж байхгүй дээгүүр эхэлсэн бол тэр чигээрээ л явна. Баян ходоодны цолыг дуудахаар улсууд өхөөрдөөд сонсох дуртай, дуусахад нь концерт үзсэн юм шиг алга ташиж байдаг.  
-Ямар хурдан хүлгийн алтан жолооноос нь олон удаа өргөж алдар цолыг нь дуудаж байв? 
-Ононгийн Аварга хээр морийг гурван удаа, Хэнмэдэх гуайн харыг хоёр удаа цоллосон юм байна. Мөн аймгийн тэгш ойд ирж уралдсан Хадбаасангийн Бат-Эрдэнийн жижиг хээр морь, Дамбын Хишгээгийн шарга морь, Даваахүү гуайн Магнай хишиг хонгор, хээр, хүрэн азаргыг нь цоллож л байлаа.  
-Багшаас уламжилсан энэ эрдмээ хичнээн хүнд хуваалцаж зааж сургасан бэ?  
-Ирэх жилээс олон шавь нар залуучуудыг нэмэх санаатай байгаа. Одоохондоо би ганцаараа л цоллож байна. Миний хоёр хүү цоллооч болсон. Төв аймагт холбооны ажил хийдэг Гантөгс гэж хүүгээ дагуулж цоллосоор байгаад улсын цоллооч болсон.  Ганбаатар гэж хүү маань сумандаа морь цоллож байгаа. 
-Ерөөл магтаал хэлүүлэхээр найр наадамд их уригддаг уу? 
-Намар болохоор айл амьтны гэр орны найр, хуримд уригдаж ерөөл магтаалаа хэлнэ. Энэ Авдар уул, Ээж хад гээд уул хангайг магтаж магтаал бичсэн. Тэрийгээ сумынхаа 90 жилийн ойн баяр наадмын нээлтэн дээр уншсан.  
-Танайхан дунд ийм бэлэн цэцэн үгтэй, мөр толгой холбодог цэцэн цэлмэг улс олон байв уу?

-Манай өвөө их сайхан дуулдаг, айлын найр эхлүүлдэг уртын дууч хүн байсан юм билээ. Би бол уртын дууг чадан ядан дуулна аа. Сэргэлэнд 2012 онд тайлан тоглолтоо гэр бүлийнхэнтэйгээ хийж, Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан гэдэг цол тэмдгээр шагнуулсан юм. Манай соёлын төв ахмад уран сайханчдаа жил болгон ээлжээр тайлан тоглолтыг нь хийлгүүлдэг.  
-Таны аав Адъяа гэж хүн ямар ямар хурдан хурц морьдтой байсан юм бэ? 

-Манай аав Дамдингийн Адъяа гэж Авдарбаянгийн тулгын чулууг тавилцаж, нэгдэлд нь олон жил адуу малласан адуучин хүн байв. Морь уяж Баянцагаандаа айрагтай сайхан наадчихдаг, Яармагт наадам хийж байхад улсад морьд нь сайхан бариатай, арван хэд хорин хэдэд л ирдэг. Галын Магалжий гэдэг хүний адууны Магалжий алаг гэж адууг соёолонд нь аймгийн наадамд айрагдуулж байсан юм. Сумандаа бол нэлээн айрагтай. Би ч гэсэн сүүлд 2-3 жил морь уясан боловч төвийн хүн болоод үргэлжлүүлж уяж чадаагүй.


-Та ямар морь уяж байсан бэ? 
-Ааваас ирсэн Магалжий алаг адууны удамтай адуунаасаа зургаан насны морьд уядаг л байлаа. Хараахан айраг түрүүгээр давхиулж чадаагүй. Манай улсын цоллооч болсон хүү маань морь уяж, соёолон азаргаа аймагт нэг тавлуулж, нэг аман хүзүүдүүлж байсан. Тэгээд албаны ажил хийгээд мориноос хөндийрчих шиг боллоо.  
-Морь цоллосон хаанахын ямар наадам хамгийн сайхан дурсамж болж сэтгэлд тань үлдсэн бэ? 

-Хүйн долоон худаг гэдэгт улсын цолчидтой цуг морь цоллох их сайхан байсан даа. Долоон жилийн өмнө Цэрэнчимэд Да ламын 140 жилийн ой, Зуунмод сумын 70 жилийн ойг хамтатган хийхэд тэнд улсын цоллооч Цэрэндаваа гэдэг хүнтэй зургаан насыг хувааж цоллосон. Бараг л улсад цоллочихлоо гэж бодоод баярлаж харьж байлаа.  Хэнтий аймагт “Ирээдүйн түмэн эх” гэж хавар болгон болдог 1000 долларын бооцоотой уралдаанд жил болгон уригдан очиж морь цоллодог. Тийм хурдтай газар намайг уриад, хүндэтгэлтэйгээр угтан авч морио цоллуулаад буцаагаад гаргаж өгч байсан нь их сайхан. Тэгээд гайгүй цоллочих юм сан гэж их хичээсэн.  
-Морь цоллож өглөө гээд танд хүндэтгэлтэй хандаж, бэлэг сэлт өгч байсан тохиолдол бий юү?

-Тийм юм байхгүй ээ. Дээр үед л морь мал өгдөг байсан гэдэг юм билээ. Бэлэг сэлт гэхээсээ илүү наадмын өнгө үзэмжээ бодсон ч морь цоллоход  аятайхан эмээл хазаартай, сайхан морь бэлдсэн байгаасай гэж хүсдэг. Машин унаатай давхиж очоод тааралдсан морио унаж цоллох болдог. Хэдэн жилийн өмнө Онон эд нар “Ах миний морь унаж цоллоорой, дараа жил танаар морио цоллуулна” гэж бэлгэшээгээд морио өгдөг байлаа.  Одоо тийм юм байхгүй болжээ. 
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

-За баярлалаа. Монгол хүн гэдэг чинь ерөөлөөр учирч ерөөлөөр амьдардаг. Амны бэлгэтэй үгээр бие биенээ урамшуулан баярлаж баясаж явдаг даа. Баярлалаа та нарт. 

-"Тод магнай" сэтгүүлийн тусгай дугаараас...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна