Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хамгийн бахдалтай нь

Сэтгүүлч
2023 оны 3-р сарын 06 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Г.Лхагва-Очирын ярилцлагыг уншигч та бүхэндээ дуулгая.

-Аав, ээж болгон л үр хүүхдэдээ ажил мэргэжлээ өвлүүлэхийг хүсдэг. Харин уяач хүний хүүхэд зөнгөөрөө уяач болчихдог юм шиг ээ. Тиймээс ярилцлагаа таны хамгийн бахдалт наадмын дурсамжаар эхэлье?
-Манай сумын 90 жилийн ой 2013 онд тохиосон юм. Тэр жил миний уясан морьд дундуур ороотой сайхан л давхисан. Хэдийгээр айрагдаж, түрүүлээгүй ч сумынхаа түүхэн ойд морь хүүхэд мэнд сайхан наадсандаа баяртай явдаг. Гэхдээ тийм үед өөрөөрөө гэхээсээ илүүтэй ааваараа л их бахархдаг юм билээ. Учир нь, миний аав насаараа мал маллаж, хурдан морь уяж, сумын баяр наадмаас олон айраг, түрүү хүртсэн хүн. Зээрд мориороо сайхан наадаж байсан уяач явлаа. 
-Унаган адуу нь уу?
-Тийм. Намайг цэрэгт байхад соёолонд нь уяж, түрүүлгэсэн юм гэдэг. Зээрд морь даагандаа Дэлгэрхааны бригадын наадамд гуравлаад, есдүгээр сарын 1-ний уралдаанд түрүүлж байсан. Шүдлэндээ болохоор сумын баяр наадамд айрагдаж, хязааландаа аман хүзүүдсэн. Тэгээд хавчигт нь өнжөөгөөд бүдүүрсэн хойно нь уях гэсэн ч хөл нь муудаад чадаагүй юм. Мөн аавын нэртэй хар даага сумын баяр наадамд их хол түрүүлсэн. 
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Наймуулаа. Манай нэг ах бас моринд их дуртай хүн байсан. Даанч бурхан болчихсон. 
-Танайхан ер нь энэ хавиараа л нутагладаг уу?
Тийм. Манай өвөлжөө Бүдүүний энгэрт, хаваржаа Улаан худагт байдаг юм. Харин зундаа Улаан худагийн хойд болон Эрдэнийн хойд дээгүүр л зусдаг. 
-Таны уяачийн замнал бусдын нэгэн адилаар хурдан морь унахаас эхэлсэн үү?

-Тийм ээ. Аавыгаа амьд сэрүүн байхад гурван насны морь унаж, даага түрүүлгэн, хязаалан таваар давхиулж, соёолон дөрөвлүүлж байлаа. Тэгээд 13 наснаасаа хурдан мориноос хасагдсан. Түүнээс хойш Хэнтий аймгийн Баянмөнх суманд цэргийн алба хааж, 1986 онд халагдаж ирээд бага насны адуу уяж, тахилга наадамд цоохор даагаа гурваар давхиулан анхны айргаа хүртэж байлаа. Түүний дараа есдүгээр сарын 1-ний уралдаанд хоёр даага уясны нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Хамгийн сүүлд 2015 онд сумынхаа баяр наадамд ахынхаа хул халзан хязаалан үрээг уяж, айргийн таваар давхиулсан юм байна. 

-Хэдэн онд “Мянгат малчин” болсон юм бэ?
-2016 онд. 
-Уяач хүний хувьд адуун сүрэгтээ гол анхаарлаа хандуулдаг байлгүй. Адууныхаа удам угшлыг санасандаа хүртэл сайжруулж чадсан уу?
-Ахаасаа нэг саарал азарга авсаныгаа одоо ч уяж байна. Мөн Сүхбаатар аймгийн Амбага гэдэг хүнээс авсан үрээ сумын 90 жилийн ойн наадмаар 100 гаруй хязаалан уралдахад 30-н хэдээр давхисан. Бас нэг бор азарга худалдаж аваад, хоёр жил болж байна. Одоогоор ид шидийг нь үзээгүй л байна. 
-Удахгүй үзэх биз ээ. Дараагийн үеийн залгамж халаа болсон залуучууд бэлтгэгдэж байна уу?
Би гурван хүүхэдтэй. Хоёр охин маань оюутан. Том хүү маань ноднин сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Хүү маань л залгамжилж уях байх даа. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. 

Төв аймгийн тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна