Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ганцхан миний даага айрагдаж байлаа

Сэтгүүлч
2023 оны 2-р сарын 12 -нд

Увс аймгийн Хяргас сумын харъяат, аймгийн Алдарт уяач Ж.Лхагвын  2015 онд "Тод магнай" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Лхагваа Алдарт багадаа хурдан морь унадаг байв уу?
-Миний нагац ах дархан Зунгарав гэж уяач явлаа. Би ахынхаа уясан морьдыг унаж хурдлуулна. Нэг удаа ах гурван настай хүрэн морь өмч болгон зүсэлж өгдөг юм. Ингээд өнөө морийг ах уяж, би унаж тавтайд нь сумандаа түрүүлгэлээ. Дараа нь бид хамтдаа аймагт хөтөлж авчраад, айргаар орсон ч барианы газар хүн байхгүйгээс дахин уралдуулсан. Тэгээд 70 морь мордож айргийн дөрвөөр ирсэн. Одоо бодохнээ би 13, 14  настай хүүхэд л морь унаж байсан шиг байгаа юм. Тэр наадамд Тэсийн Лхүндэвийн морь түрүүлж, Ховдын Дэлгэр “үзүүр” булаалдаж байсан түүхтэй. Уралдаан ч цөөхөн байж дээ. Айрагдсан моринд дүнсэн тамхи өгдөг байсан үе. Унаач хүүхдэд шагналгүй ээ, хөөрхий. Ийнхүү аймагт “данстай” хүрэн мориныхоо дараа нэг хэсэг халиун морь унаж уралддаг байгаад унаачаас хасагдсан. 
-Хэзээнээс уяаны эрдэмд шимтэх болов?
-Дээхнэ морь уяна гэдэг хориотой байлаа шүү дээ. Би чинь 17 настай артелийн гишүүн болсон хүн. Суманд гар үйлдвэрийн артель гэж байгуулагдахад анхны мужааны курст хоёр сар суралцаж, мэргэжлээрээ ажиллаж аварга ажилчин, аймгийн гар үйлдвэрлэлийн холбооны хурлын гишүүн болж явлаа. Дараа нь артелиэс гарч, Баруунтуруун сумын сангийн аж ахуйд слесарь, Шаамарын сургалтын төвийн жолоочийн курсийг төгссөн. Ингээд Баруунтуруундаа ирээд тээврийн жолооч хийж байгаад Хяргас сумын эмнэлгийн жолооч болсон түүхтэй. Энд ажиллаж байхдаа морь уях санаатай шон татаж эхэлтэл ажил тасалж, морь уях гэлээ гээд шонг маань авахуулж байсан удаа бий. Тэгсэн ч морио уясаар л байсан юм. Улмаар аймгийн 70 жилийн ойн баярын урилгаар хоёр морьтой очоод, хээр морио нь 10-т, хүрэн морио хүүхэдгүй 30-н хэдээр оруулж байлаа. Картын барааны тэр үед байны шагналд цай, даалимба авчихаад үнэхээр их баярлаж билээ. Түүнээс хойш аймгийн баяр наадамд алгасалгүй морио давхиулж, барианд оруулсаар ирсэн. 


-Аймаг, сумын хичнээн айраг, түрүү байна вэ?
-Сүүлд аймагт Балжаа аваргын ойгоор нэг айраг авсан юм. Харин сумын баяр наадмаас айраг түрүүний тоогоо алдсан. Аймгийн наадамд 10-т ирж байсан хээр морио суманд хязаалан, соёолонд нь түрүүлгэж, их насанд нь нэг айрагдуулаад хулгайд алдчихсан. Аймагт 30-н хэдэд ирсэн хүрэн морио сумандаа хоёр гурав айрагдуулсан. Сумын гурван багийн уралдаанд хүрэн даага, хүрэн соёолон, хар морио түрүүлгэн төлгөөр байлуулж явсан сайхан түүх бий. Энэ дээр овоо тахилга, сургуулийн ойн гэхчилэн жижиг наадмуудын амжилт бас нэмэгдэнэ. Би чинь том наадамд оруулаагүй болохоос, амжилт тасарч байгаагүй. Ямартаа ч олон жил морь уяж, айраг түрүүнд хурдлуулж байсныг маань үнэлэн аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. 
-Хаанахын ямар удам угшилтай адуугаар наадаж байв?

-Би Баруунтурууны салбадай Самбуу гэж хүнээс нэг хээр азарга авч байлаа. Энэ азарганыхаа үр төлөөр одоо ч сайхан наадаж байна. Хээр азаргыг энд ирэхэд өс санасан уу далыг нь хуга цохисон харамсалтай хэрэг болсон юм. Тэгээд би өөрийг нь уялгүй, төлүүдийг нь уяж хурдлуулдаг байлаа. Төлүүдээс нь сумандаа түрүүлж, айрагдсан нь олон бий. Өнөө жил их насны нэг морь, даага, шүдлэн гурав байна. Өөрөө арай л барахгүй байх. Хүнд хөлс шанг нь өгч  байгаад уяулна даа. 
-Дурсах тоолонд баяр бахдал төрүүлсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?

-Балжаа аваргын баяр их сайхан болсон шүү. Бас Хяргас сумын ойд даага айрагдуулж байснаа дурсамжит наадмуудын нэгээр онцолно. Тэгэхэд манай сумаас ганцхан миний даага айрагдсан юм. Бусад айраг түрүүгээ өөр сумынханд алдчихаж билээ. Энэ даага түрүүний ярьсан Баруунтуруунаас авдаг хээр азарганы төл байгаа юм. 
Сүүлийн үед залуучууд морь сайн уяж байна. Мориныхоо удам угшлыг сайжруулахад ч их анхаардаг болж. Эдний насан дээр байсан бол ч их юм хийх байлаа. Би ноднин 80 нас хүрсэн. Энэ ойгоороо бэсрэг наадам хийж, хүү, охин, хүргэн бэр, ач зээ нийлсэн 80-уулаа тэмдэглэлээ. 
-Та морь уяхаасаа илүү машин тэрэг засахдаа гаргуун явжээ, янз нь?
-Магадгүй ээ. Слесарь хийж байхдаа Баруунтурууны төмрийн хог дээр хаягдсан 2, 3 машиныг засаж босгож байлаа. Шаамарын сургуульд сурч байхдаа 51 машиныг засаж, сургуульдаа өгөөд шагнуулж явлаа. Цагаанхайрханд ч миний босгосон машин бий. Харин тэтгэвэрт гараад малчин болж, малаа хоёр, гурав дахин мянгад хүргэлээ. 


-Та анх мужаан болж байсан гэсэн. Мөн нагац ах тань дархан хүн байж. Танайхан удмаараа гарын дүйтэй хүмүүс үү?
-Тиймээ. Манай удамд төмрөөр юм хийдэг дархан хүмүүс бий. Эднийхээ заавар зөвлөгөөгөөр анх мужаан болж байлаа шүү дээ. Энэ суманд миний хийсэн юм зөндөө л байна. Би одоо ч гэрийн мод хийдэг. 
-Энд тэнд явж байхдаа өөрийнхөө хийсэн юмтай таарах уу?
-Тааралгүй яахав. Нэг удаа Улаанбаатараас гинжит трактор авч, Ховдод буусан юм. Тэгэхдээ өөрийнхөө хийж өгсөн хаалгаар айлаа таньж очиж байлаа шүү дээ. Түүнчлэн уралдаанууд дээр миний эмээлийг тохсон улстай их таарна. Ноднин 80 насныхаа ойгоо тэмдэглэхдээ хоёр эмээл хийж, их нас, соёолонг байллаа. Өөрийнхөө чаддаг зүйлээр бусдад бэлэг барих дуртай. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай. 

Увс аймгийн "Тод магнай" тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна