АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРДЭНЭБААТАР: ХӨДӨЛМӨР, ХӨРӨНГӨӨ ЗАРЖ БАЙГАА УЧРААС ҮР ШИМИЙГ НЬ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

Сэтгүүлч
2022 оны 10-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн  Онгон сумын Шар бүрд хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Должингийн Эрдэнэбаатар 1970 оны 1 сарын 28-нд Онгон сумын хүн эмнэлэгт айлын гурав дах хүүхэд болон төржээ. Тэрээр 2001 оны сумын Тэргүүн уяач, 2008 оны сумын Алдарт уяач, 2018 оны сумын Сайн малчин бөгөөд АХ-ын 90, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар тус, тус шагнагджээ. 

-Сум, орон нутгийнхаа түүхт ойгоор уяач хүн нутгийн дэвжээгээ хамгаалах том үүрэгтэй байдаг. Та 2015 онд буюу сумынхаа түүхт 90 жилийн ойгоор нутгийн хүүгийн үүргээ сайн биелүүлжээ. Тэр бахархалт наадмын дурсамжаар тань ярилцлагаа эхэлье? 
-Түүхт ойгоор орон нутаг, удирдлагууд наадмын өнгө төрх, бүтээн байгуулалт гээд л анхаардаг бол бөх, сур, мориныхон дэвжээгээ алдахгүй гэж нааддаг. Онгон сумынхаа түүхт 90 жилийн ойгоор одтой сайхан наадсан. Өвөлжин, хаваржин зүтгэснийх азарган соёолонгоо айргийн дөрвөөр, шүдлэнгээ мөн л айргийн дөрвөөр давхиулсандаа баяртай байдаг. Тэр жил бага наадмуудад ганц нэг даага уяж байгаад ойгоор тэр хоёрыгоо л мордуулсан. Зургаан сард соёолонгийн уралдаан болоход азарган соёолонгоо тонгойлгоод тавьчихсан. Өвөлжин тэжээсэн болохоор сайхан тамиртай байлаа. Тэгээд 90 жилийнхээ ойд уралдъя гээд ахиж мордуулаагүй. Соёолон тэр хаврын уралдаанд тавласан юм. Шүдлэн нь зургадугаар сарын 8-ны алдад нэг уралдаанд долоолсон. Асгатад 90 жилийн сорилго бооцоотой, медальтай том уралдаан болно гээд. Арай өмнө хийсэн шүү дээ. Ухаан нь манайхнаар бол бага сунгааны үеэр 90 жилийн сорилго уралдааныг хийсэн юм. Тэнд соёолон, шүдлэн хоёроо аваачиж, 120 соёолон мордоход таваар давхиулж, 130 гаруй шүдлэн явахад дөрөвлөсөн. Гайгүй байгаа юм байна гээд ойдоо сойж, хоёр айраг хүртсэн дээ. 
-Өнөө жил Онгон сумын түүхт 95 жилийн ой тохиож байна. Сумынхаа ойд хэрхэн бэлтгэж байна вэ?
-Энэ жил азарга, үрээ хоёр тавина гэж бодоод бэлдэж байна. Азарга нь өнгөрсөн зун аймагт айрагдсан. Үрээ нь битүү. Одоо ч нэг үеэ бодвол өөрөө санаан зоргоороо уяа эвлүүлж чадахгүй л болж байна. Санаа байна уу гэхээс сачий хүрэхгүй болоод байна шүү. Нэг хэсэг адуугаа өөрөө уначихдаг, амар байсан. Би чинь их хөнгөн. 


-50 нас гэдэг чинь унахаар юм биш үү. 
- Тэгэхдээ л хэцүү. Үрээ, даага чинь эвгүй шүү дээ. Азаргаа бол өөрөө унана. 
-Өмнөх ойнуудад ямар амжилт үзүүлж байв?
-2005 онд нэг их насны морь аман хүзүүдүүлсэн. 2010 онд олигтой давхиагүй. Зарим жил ган гачигтай ч байх юм. Хүн болгон л морь уяж байна. 
-Тэр ч тийм шүү.
-Нэг үеэ бодвол бараг мэргэжлийн түвшинд очлоо. Намайг анх цагаан өвсний морь уяж байхад иймгүй л байсан. Бид чинь наадам дөхөөд зургадугаар сарын 20-доор л морьдоо барина. Одоо чинь жилийн дөрвөн улиралд гадаанаа байлгаж байна шүү дээ. 
-Та хэдий үеэс морь уях төрийн их хэргийг эхлэв ээ. Цуваа харахад 2000 оноос хойш айраг алдаагүй байна шүү? 
-1988 оноос эхэлж морь уялаа. Аравдугаар анги төгсөөд л илгээлтээр гарсан. Илгээлтийн малчинд 300 төгрөг өгдөг. Намайг багад “бүдүүн” Жааваа буюу Жамбал ах морь уядаг. Гэхдээ айрагдуулаагүй. Гэвч шантрахгүй жил бүр л 5, 6 адуу уяна. Намайг илгээлтээр очиход “Ямар ч байсан чамайг иртэл энэ морьдыг авч явлаа. Одоо чи цааш нь үргэлжлүүл” гэсэн. 1997 онд Баяндэлгэр уулын их тахилгад их насны морь айргийн гуравт, дараа нь Баяндэлгэрийн наадамд зургаалсан нь миний анхны амжилт юм. Түүнээс хойш 2-3 жил завсарлаад, 2000 оноос хойш морьд давхиж эхэлсэн.
-Баяндэлгэрт нэлээн наадсан байна. Таны нутагладаг газар ойрхон юм уу?
-Манайх арай хойшоо байдаг. Нэг үе хил залгаа, арай ойрхон болонгуут тулгуухан шиг гарч, хөтөлж очоод уралдчихдаг байлаа. 2000 онд Баяндэлгэр сумын наадамд азарга аман хүзүү, хязаалан түрүү, их нас айрагт, дааганууд зургаа, долоогоор, бас нэг хязаалан есөөр тус, тус давхиулсан амжилтаараа 2001 оны Шилдэг уяач болсон доо. Тэр жил Буяндэлгэр гуай сумын Алдарт болж, Ээлт хошуунд шинийн 13-нд их насны морь уралдуулсан юм. Тэнд миний хээр морь гуравласан. Цэгмид гуай сумын Алдартаа мялааж зургадугаар сарын 1-нд Онгонд 108 даага уралдуулахад миний хээр гуравласан.Түүнээс гурав хоногийн дараа Үндэсний ардчилсан намын ой Наран суманд болоход би тэр даагаа мордуулахад 110 дааганаас тавласан. Зургадугаар сарын 11-нд нь Шар бүрдний дунд давхилд хязаалан уралдаж, хээр үрээ гуравласан. Мөн сарын 13-нд Баяндэлгэрийн Дорждэрэм аймгийн Алдартаа мялааж хязаалан уралдуулахад мөн тавласан. Баяндэлгэрийн ард Өгөөмөр гэж уулыг тахиад зургаан нас уралдахад хязаалан аман хүзүү, азарга айргийн дөрөв, их нас айргийн дөрөв, нэг даага түрүү, бас нэг даага айргийн гурваар давхиулж байлаа. Тэр жил олон наадаж, мордсон болгондоо айрагдаж байлаа. 


-Эдгээр морьдынхоо удмыг нь танилцуулаач.
-Хээр азаргыг 1995 онд Баяндэлгэрийн наадамд даагандаа аман хүзүүдчихээд байхад нь тэндхийн Дэглийцэцэг гэж өвгөнөөс авсан юм. Түүнээс хойш 2000 онд Баяндэлгэрт дахин аман хүзүүдүүлсэн. Надад ирээд даагандаа зургаалж, дараа жил нь шүдлэн айрагдсан. Хязааландаа долоо, соёолондоо наймаар давхисан. Бусад бага наадмуудаар 4-5 айрагдсаан. Их нас нь миний Том хээр морь. Энэ бол Халзангийн Дашдорж гэж өвгөний адуу юм. Манай багийн, бид бол Шоовоо гэж дуудах ч нэр нь Бибиш гэдэг хүнээр дамжиж надад ирсэн адуу. Ирээд их сайн давхисаан, хөөрхий. Долоо, найм айрагдсан морь. Хязаалан түрүүлдэг хээр нь Халзангийн адуу. Эх тал нь Энэбишийн Ууганаагийн адуу юм гэнэ билээ. Азарга тал нь манайхны Дашдоржийн Чулуунбаатарын хар халзан азарга. Ер нь Онгуу гэдэг хүнээс Баяндэлгэрийн Дорждэрэм гуай аваад, тэр өвгөнөөс надад ирсэн юм. Аваад явж байхад нь тэр өвгөнөөс худалдаж авсан. Зургаагаар давхисан даага нь миний өөрөө давхиагүй хээр азарганых. Эцэг азарга нь Гомбын Дорж гэдэг хүний хээр азарга. Төл хээр азаргыг манайд өгсөн юм. 2001 онд Баяндэлгэрт эргэж очиж дөрөвлөсөн юм, шүдлэндээ. 2002 онд соёолон Онгонд аман хүзүүдсэн. Түүнээс гадна овоо тахилга, бооцоотой зэрэг орон нутгийн чанартай уралдаанд 4-5 айрагдсаан. Нийтдээ найм айрагдсан байдаг. Энэ хээр азарганы эр төл нь давхиагүй, охин төлүүдийнх нь төлүүд давхиж байна. Тухайлбал, 2002 онд ягаан хязаалан айргийн тав, зэгэл шүдлэн айргийн дөрөвт хурдалсан.
-2000 онд Баяндэлгэрт хязаалан түрүүлгэсэн гэсэн. Ямар удам угшилтай вэ. Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Ууганаагийн адууны эхтэй хээр хязаалан л даа. 2000 онд түрүүлээд, 2001 онд соёолон дахиж очиж түрүүлсэн. Тэгээд сумын 80 жилийн ойгоор Онгонд аман хүзүүдсэн, их насны морь болоод. Бусад наадмуудаар овоо хэд айрагдсаан. Ер нь гурав түрүүлж, зургаа айрагдсан морь. Халзанд овооны тахилгад соёолондоо айрагдсан даа. Баяндэлгэрийн Хонгор багт бас нэг уралдаан болоход гуравласан.
-2003 онд Онгон сумын наадамд хязаалан айргийн тав, шүдлэн айргийн дөрвөөр давхижээ. Энэ ямар угшилтай адуунууд вэ?
-Хоёулаа Гомбын Дорж гэдэг хүний хээр азарганы угшилтай. Жааваа ах Халзангийн Гунгаа гуайгаас халиун азарганых нь төл халиун азарга аваад хоёр, гурван гүү тавьсан. Онгонборын буган азарга гээд аймагт хоёр, суманд нэг удаа аман хүзүүдсэн Халзангийн адуу байлаа. Түүний төл хар үрээгээр манайх азарга тавьж, Гунгаа гуайн халиуны охин төлүүдийг хураалгасан. Тэднээс гарсан охин төлүүдийг Баяндэлгэрийн Дэглийцэцэг гэдэг өвгөнөөс авсан хээр азаргандаа хураалгалаа. Гарсан охин төлүүдийг Мөнххааны төлөөлөгч байсан Эрдэнэбаатараас авсан бор азарганд хураалгаснаар энэ хоёр бор адуу гарсан түүхтэй. 


-Хоёр бор адууны амжилтыг он дарааллан хөөн яривал? 
- Том бор нь даагандаа Баяндэлгэр сумын наадамд зургаалж, овооны тахилгад аман хүзүүдсэн. Шүдлэн суманд сул аман хүзүүдээд, хязааландаа 2014 онд Баяндэлгэрт зургаалсан. Соёолондоо зургаан сард болсон уралдаанд айргийн тав, Асгатын 90 жилийн сорилгод мөн айрагдаад улсын бүсэд 25-аар ирсэн. Түүнээс хойш уягдаагүй. Бага бор нь даагандаа Халзанд 13-аар, шүдлэндээ бага уралдаанд долоо, Асгатын 90 жилийн сорилгод айргийн дөрөв, Баяндэлгэрийн сорилго наадамд мөн айргийн дөрөв, Онгоныхоо 90 жилийн ойд айргийн дөрвөөр тус тус хурдалсан даа. Дараа нь улсын бүсэд 25-аар давхисан. Хойтон жил нь Баяндэлгэр сумын наадамд түрүүлсэн. Хавчиг азарга өнжөөд, өнгөрсөн зун долоотой азарга аймагт гурваар айрагдсан даа. Шүдлэндээ айрагдсан миний зэгэл азарганы охин төлийг сумын Алдарт уяач Өвөөгийн Ганбаагийн буган азарганд тавьж буган соёолон гарсан юм. Өнгөрсөн зуны аймгийн хойд бүсийн уралдаан, “Жавхлант шарга”-д тус, тус айрагдаж, аймагт буган соёолон түрүүлсэн. Бага насандаа уягдаагүй юм. 
-Та сумын чанартай наадмын хэдэн түрүү, айрагтай вэ? 
-Гурван түрүү, 10 хэдэн айраг байдаг юм. 
-Аймгийн чанартай уралдаанд мөн наадсан байна.
-Сумын 80, 90 жилийн ой чинь аймагт тооцогдоно. Тэгээд өнгөрсөн жилийн “Жавхлант шарга”-ын айраг, аймгийн түрүү, азарга айрагдуулсан нь орно. Мөнххаанд болсон аймгийн хойд бүсийн уралдаанд буган соёолон гуравлуулж, “Жавхлант шарга”-д айргийн дөрөвт хурдлаад аймагт түрүүлсэн. Тэгээд Дорнодын Галт гэдэг залуу өнгөрсөн жил давхисных нь дараа надаас авсан.
-Аймгийн чанартай уралдаанд гурваар хурдалсан адуу ямар үнэ ханштай байх вэ? 

-Хоёулаа танилцаад, ярьж хөөрөөд л өгсөн. Айхтар өндөр үнэтэй өгөөгүй. Би сэтгэл хангалуун үлдсэн. Морин соёолон хүнд очоод давхибал миний л нэр гарна. Одоогоор уралдаагүй байна. 
-Хулгана жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач цол хүртжээ. Таны амжилт тогтмол өсөж явсан байна шүү дээ? 
-Тийм ээ. Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач Моондойн Ганболд дүүтэйгээ хамтарч морь уясан. Хэдэн жилийн өмнөөс л “Та хүрээд ирээч” гээд, би ч мал ахуйтай болохоор зав чөлөө болохгүй байсан. Тэгээд ер нь явж уралдъя, уяа сойлго ч өөрчлөгдсөн байна гэж бодсон доо. Тэгээд хойшоо гарч сайхан наадсан. Арай өөр юм билээ. Дүүгээс ч овоо юм сурч мэдлээ. Нэлээн юм заалгасан. Уяа сойлгын ажил гэдэг суралцаж дуусдаггүй эд юм шив дээ. 
-Эрдэнэбаатар ах хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүхэдтэй. Ганц хүүтэй. Хүү маань 15 настай. Мориноос хасагдчихаад л байж байна даа. 
-Таны уясан морьдыг унаж байсан хүүхдүүдээс хамгийн овсгоотой, адтай, сэтгэлд хүртэл унадаг нь хэн байв? 
-Гурван хүү л голтой унаж байсан юм даа. Манай ахын хүү Мөнх-Эрдэнэ 2008 он хүртэл уналаа. Түүнээс хойш базын хүү Энхманлай хэсэг сайн давхиулсан. Өнгөрсөн жилийн хувьд манай Содоогийн хүү Давааням унасан. Давааням өөрөө морь унана гээд л гүйгээд ирсэн. Мөнххаанд морио унуулснаас хойш дандаа унаж байна. Аав ээж нь ч юм хэлэхгүй, өөрөө дуртай. 


-Тэгэхдээ сайн л давхиулж. Өнгөрсөн жил аймгийн чанартай уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртэж.

-Харин тийм. Хүүхэд дуртай болохоор морь урагшлаад байхгүй юу. Хүүхэд дургүй байвал унаж тусахаас эхлээд ер нь асуудалтай шүү дээ. Хүний өөрийн гэлтгүй хүүхэд дуртай байх нь л хамгийн чухал даа. 
-Наадмаас наадмын хооронд уяач хүн суралцдаг гэлцэх юм. Олон жил айраг хүлээж, хөдөлмөрлөн байж уяаны аргаа олсон хүний хувьд шинэ залуу уяачдад юу захимаар байна. Залуу насанд тань сургамж үлдээсэн наадам хэзээ тохиосон бол? 
-Хоногийн хоолон дээр алдчих гээд байдаг юм даа. Одоо ч жилийн дөрвөн улиралд тэжээдэг болж. Энэ ч зөв байх. Зарим залуучуудыг харж байхад тэжээж байгаад гаргачих юм. Миний морь тэнхэрчихсэн гээд хэд хоног анхаарал сулрахад л алдаа орж байна. Хамгийн наад зах нь хужир шүү дутуу бол шороо долоохоос эхлээд алийг тэр гэх вэ. Уяаны морь чинь эмзэг шүү дээ. Нэгэнт тэжээж хөдөлмөр, хөрөнгөө зарж байгаа учраас үр шимээ үзэх л хэрэгтэй. Өөрийн санаанд хүртэл явах ёстой. Түүнээс заавал айраг, түрүү авахдаа гол нь биш. Санаандаа хүртэл тэжээж, хүүхэд унаж тусахгүй уралдаад ирэх шиг сайхан зүйл хаа байх вэ. Олон жил хөдөлмөр, хөрөнгөө зарж байж амжилтад хүрнэ. 
-Сайхан ярилцсан танд баярлалаа. Уясан хүлэг тань хурдан байж, улсын наадамд тоос өргөх болтугай. 

-Ерөөл бат оршиг ээ. 

"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас...

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.63.67

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply