Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа манайхнаас их өөр юм

Сэтгүүлч
2022 оны 4-р сарын 25 -нд

Асгатын залуу уяачдын төлөөлөл болсон нэгэн бол Жаргалант IV багийн харьяат, сумын Алдарт уяач Нямсүрэнгийн Бат-Эрдэнэ байлаа. МЗХ-ны Тэргүүний залуу Алтан медаль, ММСУХ-ны Уяачийн алдар одонт тэрээр 12-той жаахан хүү байхаасаа уяаны эрдэмд шимтэх болсон гэнэ. Багш өвөө, адуучин аавын хүү багадаа уралдаанч нэгэн явсан гэх бөгөөд “Айхтар амжилт гаргаж байгаагүй ээ” гээд олныг ярьсангүй. Харин цааш нь “Сүүлийн жилүүдэд гар нийлсэн мундаг залуустай хамтраад их юм сурч байна” гэх нь үүндээ олзуурхаж байгаа нь илт. Тэрээр бас “Их уулын хурд” галынхаа тэргүүнээр ажилладаг бөгөөд залуус  “Галаасаа улсын цолтон төрүүлнэ. Санаж явбал бүтнэ гэдэг дээ” гэж зорьж буй ажлаасаа сонирхуулсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танайхан хэдэн үеэрээ хурдан хүлгийн уяа эвлүүлж байна вэ?
-Манай өвөө Бадамдорж сургууль байгуулагдах үеийн анхны багш нарын нэг. Ажлынхаа хажуугаар морь уяж, сайн давхиулж байсан гэдэг юм билээ. Харин аав бол адуучин хүн байлаа. Тэр утгаараа би ухаан орохын л адуутай нөхөрлөсөн хүн.  Аавынхаа уясан ганц нэг морийг унадаг ч айхтар амжилт гаргаж байгаагүй ээ. Айлын ганц хүү болохоор танхи өссөн л дөө. Тэгээд муу аавыгаа бурхан болсноос хойш морь уяж эхэлсэн. Тэгэхэд би 12-той хүүхэд явлаа. Моринд дуртай болохоор амжилт гаргахгүй ч зүтгээд л явлаа. Харин сүүлийн үед морь уядаг мундаг залуустай гар нийлээд их юм сурч байна. Үүний хүчинд  долоон жил айраг түрүү алдсангүй ээ.
-Та хэд нэг гал гэсэн үг үү? 
-2011 онд байгуулагдсан “Их уулын хурд” гэж гал бий. Жил бүр хавартаа уралдаан зохион байгуулдаг. Гэхдээ энэ жил уралдсангүй. Хориод гишүүнтэй галынхан маань одтой наадаж байгаа шүү. Аймгийн Алдарт уяач Цагаанхүү, Жүндэрийн Батболд гэж бий. Цагаанхүү маань 2013 онд азарга зүүн бүсэд аман хүзүүдүүлээд, даага оруулж, аймагт түрүүлгэлээ. Батболд ноднин зүүн бүсэд даага тавлууллаа. Өмнө нь Дорноговийн бүсэд азарга таваар оруулсан амжилттай. Үүнээс гадна галд маань сумын Алдарт уяач зургаа, долоон хүн байна. Дээр нь моринд дуртай үе тэнгийн залуус нэмэгдэнэ. Миний хувьд галынхаа тэргүүнээр ажилладаг. 
-Танай гал нийтдээ сумын баяр наадамд хичнээн айраг түрүүтэй болж байна даа? 

-Жилдээ хоосон лав хоцрохгүй шүү. 
-Галын ахлагчийн хувьд цаашид зорьж байгаа зүйл нь юу байна бэ?

-Найз нөхдөөрөө нийлээд байгуулсан юм чинь нийлээд амжилтанд хүрнэ ээ л гэж зорьж байна. Одоохондоо улсад очиж наадсан хүн алга. Тэгэхээр дов үзэж, туршлага судлан наадах зорилготой. Галаасаа улсын цолтон төрүүлнэ. Санаж явбал бүтнэ гэдэг дээ. 
-Таны хувьд анхны айргаа хэзээ авч байв. Сайхан дурсамж үлдсэн байх даа? 
-Морь уяж эхлээд олон жилийн дараа анхны айргаа авч байлаа. Аймгийн Алдарт уяач Лутбаяр гэж хүний хүү Ганбаатар гэж бий. Манай хүргэн ах л даа. Тэр надад хүрэн даага бэлэглэж, тэрийгээ шүдлэнд нь Онгонд аваачиж тавлуулсан. Бас л их баярлаж байсан шүү. Түүнээс хойш дажгүй сайхан наадаж байна. Би ч голдуу их морь уядаг хүн. Үүнээс ухаа халзан морио сум, аймагт тус, тус оруулсан. Анх наймтай битүү морь Сүхбаатар сумын Олонтүмэн гэж ах хүүгээс авч байсан юм. Аав нь Мажиг гэж хурдтай хүн байсан гэдэг. Дээд гарал нь Асгатын улс л даа. Ингэж 2014 оны өвөл аваад жаахан тэжээж байгаад сумандаа дөрөвлүүлж, аймагт таваар оруулсан. Тэгээд Ховдын Загджавын Мэндсайхан гэж хүнд 2015 оны өвөл зарсан. Түүнд очоод онцгой амжилт гаргаагүй  л байх аа даа. Манлай уяач Мөнхбатаа гуай уядаг байсан. Бас нэг хар морь Их уулын тахилга, уяачдын наадамд  аман хүзүүдээд, “Жавхлант шарга”-д зургаалсан. Манай ахын морь байгаа юм. Би долоотойгоос нь уядаг байлаа. Сүхбаатар гэж хүний Ембүү хээр азарганы төл байна. Энэ жил ах маань өөрөө уяад түрүүлгэлээ. 
-Өөр ямар морь уяж байна?
-Өөр бас хул, хонгор морьд  байна. Аймгийн Алдарт уяач Жамбалжамц гэж хүний ах дүү хурдан хээр азарганууд байлаа. Тэрний нэг хээр азарганы төлийн төл хонгор морийг би багаас нь уясан. Шүдлэн уяад, хязаалан их хурдан байгаад хоёр наадамд орсон. Соёолон үрээ сумын наадамд наймаар давхиж, хавчиг жилээ өнжөөд, энэ жил долоотой. Байнд ороод л байдаг юм. Одоо бас нэг хээр морь бий. Төв аймгийн Мөнгөнморьт, Баянжаргалан, Архуст тэгээд Налайхад мөн л нэг нэг орчихоод байгаа юм. Хонгор морь Баянцагаан уулын тахилга наадамд тавлаад, Балдан гуайн Алтангадасын мялаалгад орсон. 
-Яагаад их морь уядаг юм бэ?

-Сонирхол гэх юм уу. Гарын ая даана. Уяхад арай дөхөм. Олон жил уралдуулна гээд өөрөө өөр. 
-Улсын наадамдаа оролцож байна уу?
-Явж байгаагүй ээ. Одоохондоо ойр зууртаа л наадаж байна. Мөнчигрөөрөө л зүтгээд явна. Сүүлийн үед Архустын  Жамьянсүрэн гэж залуутай хамжиж уяад, суралцаад л явна. Төв халхын уяа манайхнаас их өөр юм. Бид хуучнаараа хөлслөнө тарлана, хөлслөнө тарлана гээд уралдуулдаг. Төв аймгийнхан чинь давхил энэ тэр хийдэг юм байна. Яах вэ өөрийн хэмжээнд сураад, төвийн уяагаар уяж эхэлсэн. Ядаргаа зүдэргээ багатай л юм. 
-Айраг түрүүний тоо хэд болж байна даа?

-10 гараад явж байна. 2015 онд сумын Алдарт уяач болсон. Түүний өмнө жил их сайхан наадсан л даа. 2014 онд их морь аймаг, сумандаа оруулсан. 
-Адууны наймаа их хийж байна уу?
-Айхтар олон байхгүй ээ. “Туушин”-гийн Зоригт гуайн ихэнх морьдыг авахад нь хамт явсан. Одоо давхиад байгаа хул морь, хар азарга гээд л. Тэдний бөх Гарьд Ганбаатараар дамжуулж танилцаж байсан юм. Зоригт гуайтай танилцаад хамтдаа явж, Эрдэнэцагааны Байгальхүүгийн хар азаргыг  хязааланд нь авсан. Тэд дам сурагтай ирсэн л дээ. Дараа нь Төв аймгийн 90 жилд орсон хонгор морийг би нутгийнхаа Баттайван гэж залуугаас худалдаж авч Зоригт гуайд өгсөн. Энэ хонгор морь манай аймгийн Алдарт уяач Бор-Ухнай гуайн адууны угшилтай, битүү морь байлаа. Ахад очоод Төв аймгийн 90 жилээр хөтөлсөөр яваад дөрөвлөсөн. Энэчлэн хүссэн олон хүнд зуучийн ажил хийжээ. Дундговь, Говь-Алтай, Хөвсгөл рүү гаргалаа. Сумандаа айрагдсан шүдлэнг хязааланд нь Хөвсгөл рүү зарсан. Булган руу хонгор халзан үрээ гаргасан нь хоёр жил дараалан түрүүлсэн сураг гарч байна билээ. 
-Өөрийнхөө хувьд адуу хэр цуглуулсан бэ?
-Аавын маань адуу Сүх-Очир гуайн адууны угшилтай. Түүний  бүдүүн хүрэн азарга манайд байсан юм. Харин сүүлийн үед аймгийн Алдарт уяач Лутбаяр гэж хүний адууны угшлын хүрэн азаргатай болсон. Төлүүд нь аятайхан давхиад байгаа шүү. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүлийн Асгат сумын тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна