Сумын Алдарт уяач Р.Мөнхсүх: Аавын ажнай хүрэнгийн төлүүд улсад нэртэй цуутай хүлгүүд бий

Сэтгүүлч
2021 оны 10-р сарын 04 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын олноо “Чанга” хэмээн алдаршсан Рэнцэнгийн дөрөв дэх хүү Р.Мөнхсүхийг уншигч танаа уулзуулж байна. 1966 оны зун Сүүл шанд хэмээх газар мэндэлсэн тэрээр 1999 онд Мянгат малчнаар тодорч байжээ.  

-Чанга Рэнцэн хэмээх нэртэй уяачийн залгамж халаа болсон таны хувьд хэдий үеэс морь мал уясан бэ?
-Аавыгаа амьд сэрүүн байхаас, 1990 оноос уяж эхэлсэн юм байна.
-Мэдээж аавынхаа бий болгосон хүрэн азарганы удам угшлаар наадаж байгаа биз дээ? 
 
-Тэгэлгүй яах вэ. Аавынхаа бий болгосон энэ удамт адууг хадгалж, бас нэрийг нь гаргахыг зорихдоо зөвхөн өөртөө үлдээлгүй өрөөл бусдад өгөөд хурдлахыг нь харах сайхан байдаг юм. Би аавын хүрэн азарганы төл Ажнай хүрэнгийн үр төлүүдээр наадаж байна. Ажнай хүрэнд би манай сумын зүүн бригадын Баярсайхан ахаас надад хувьчлалаар ирсэн сартай хүрэн гүүг хураалгаад дөрвөн эр төл гарсан юм. Хамгийн анхны төл нь надад хурдалсан хүрэн азарга. Дараагийнх нь Сандуйжавт бэлгэнд өгдөг хүрэн азарга. Удаах төл нь Дуламжав гэж дүүд маань очсон. Дөрөв дэх нь Дагвадоржийн Шөвгөр хүрэнгийн эцгийн эцэг байгаа юм. Энэ дөрвөөс ганцхан Дуламжавт очсон нь л хурдлаагүй.
-Тод манлай Сандуйжав гуайд очоод яаж давхисан юм бэ? 
-2004 оны намар манай хүүхдийн даахинаар Сандуйжав манайд ирдэг юм. Тод манлай уяач гэрт орж ирж байхад нь бэлгэшээгээд бэлэглэсэн. Би хэдийгээр ийм сайн адуутай ч олигтой уяж сойж нэр алдрыг нь гаргаж чадахгүй байна. Аавын минь нэр, адууны минь угшлыг гаргаж яваарай гээд Ажнай хүрэнгийн төл соёолон хүрэн азаргаа өгсөн. Надад Планет-5 мотоцикль өгөөд “Ийм морь уяж чадахгүй бол улсын цолыг буцааж өгнө өө” гэж Сандуйжав надад амласан юм шүү. Тэр өвөл нь бооцоот уралдаанд зургаагаар оруулчихаад М.Энхболдыг хотын дарга байхад нь бэлэглэж хоёр өрөө байр авсан юм билээ. Энхболдын нэр дээр “Их хурд”-ын урилга авч очиж уралдаад есөөр орсноос хойш сураг нь дуулдаагүй. Хөл нь суларсан юм байлгүй. Энхболд чинь Баян сумын хүн гэсэн. Хүрэнгийн төлүүд нь  гайгүй сайн давхиж байгаа гэж нутаг орныхон нь хэлж байна лээ. 


-Өөр хэн хэнд Рэнцэнгийн хүрний угшлууд очиж хурдалж байна вэ?  

-“Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн бага хүрэн морь бол Ажнай хүрний төл болох миний мойног хөлтэй хүрэн азарганы төл байгаа юм. Манай дүү Мөнхбатаас шүдлэнд нь Халзан сумын хүмүүс ирж аваад, аймгийн наадамд соёолон морь хол түрүүлэхэд нь Бат-Эрдэнэ 25 саяар авсан юм байна билээ. Нэг хэсэг би адуунаасаа хөндийрч байсан үе болохоор бага хүрэнгийн эх нь ямар гүү байсныг мэдэхгүй. Гол нь хүмүүс аавын минь нэр, адууны минь угшлыг үнэн зөвөөр нь хэлж байвал болоо. Зандан хүрэн ч бас манай аавын хүрэнгийн угшилтай адуу. 
-Максын Цэрэнжигмэдийн Зандан хүрэнд аль талаас нь хүрэн азарга ордог юм бэ?

-Эх талаасаа хүрэн азарганы удам ордог. Ажнай хүрэнгийн бие төл байгаа юм. Манай сумын Сүхээ өвгөний ах алтан Мажиг гэж наймаачин өвгөн байсан. Тэр өвгөн наймаа хийж дүүгийндээ ирэхэд нь Планет-5 мотоцклийн нугасны хоёр шаарик, олгой хаймер, аккумлятор гурваас дааган хүрэн байдсаа сольж байлаа. Тэр хүрэн байдсыг хамаатан есөн хуруу Сүхбаатарын хүрэн азарганд хураалгаад гарсан төл нь Зандан хүрэн гэж сонссон. Зандан хүрэнг Сүхээгийн хүү Батжаргал өвлийн уралдаанд хоёр түрүүлгээд манай сумын мянгат Баяраа ах авч хойш нь гаргасан юм билээ. Асгат саарал энэ хэд ойролцоо нэг үед шахуу гарсан байх. 
-Ажнай хүрэн, хувьчлалд ирсэн сартай гүү хоёрын бага эр төл нь Шөвгөр зээрдийн эцэг гэсэн байх аа?

-Энэ хоёроос гарсан хүрэн азарганы төлийн төл байгаа юм. Манай сумын хар Дугар гэж найзыгаа аав “Нүд чинь таньдаг юм бол хараад ав” гээд долоон хүрэн, нэг хар найман эр дааганаас сонгуулсан. Дугар гуай өөрөө мэдэхгүй болохоороо манай адууг мэддэг үеэлийг маань мотоциклиор сундалж ирээд “Энэ толин сартай хүрэн гүү эх нь, энэ нөгөө хурдан хүрэнгийн чинь дүү даага” гэж заалгаад авчихсан. 1998 онд хүрэн даага авсан юм. 1999 онд шүдлэн үрээ Цагаанбулагт овоонд оруулж хашраачихаад “Танай адууг яаж уях вэ, хүү минь ээ” гэж надаас асуухад нь “Тань шиг хацрыг нь хонхойлгоод, хавиргыг нь хэрзийлгээд байвал давхих байлгүй” гэсэн юм. Тэгээд хойтон жил нь хязаалан адуу таргалуулаад зургадугаар сарын 1-нд энд түрүүлгээд хурдалж эхлээд, Дорнодын бүсийн уралдаанд азарганд дөрөвлөсөн. Тэрнээс гарсан төл Шөвгөр хүрэнгийн эцэг мөн Дорнодын бүсэд дөрөвлөөд, Шөвгөр хүрэн өөрөө хязааландаа бас Дорнодын бүсэд дөрөвлөсөн сонин амжилттай.  Манай Ажнай хүрэн, толин сартай хүрэн гүү хоёроос гарсан дөрвөн азарганы Дуламжав ахын хүрэн л хурдлаагүй бусад нь бүгд хурдалсан. Гэхдээ Дуламжав ахын хүрэнгийн төлүүд нь хурдалж байгаа. Ер нь манай аавын хүрэн азарганы төлүүд ихэнх нь хар хүрэн зүстэй байдаг. Барагтай зүсээ алддаггүй юм.  
-Зүс, хэлбэр алдагдахгүй байна гэдэг чинь сайн ген хадгалагдаж байгаагийнх гэдэг биз дээ? 

-Тийм байх аа. Ер нь тэгээд энд тэнд уралдаан болохоор аавын адууны удам хурдалж байна уу гээд телевиз, радиогоор нүд, чих тавьдаг, гаргасан адууныхаа араас сураг ажиг сонсдог болчихдог юм байна. Сая аймагт хүрэн халзан хязаалан түрүүлэхэд эзэн нь болох УИХ-ын гишүүн Батзандангийн ахынх нь хүү Баттөр гэж залуу “Миний өвөөгийн Ембүү хар азарганы төл” гэж байна билээ. Тэр яах аргагүй миний Мойног хүрэн азарганы төл. 2014 онд миний хүрэн азаргыг авч таван гүү тавьсан, би гурван гүүгээ тавьсан юм. Миний одоо уяж байгаа хязаалантай нэг жилийн унаганууд. Тэгэхэд л надад худал хэлээд байсан. Тэр хар азарга нь Сугар гуайнд зөнөөд гүү хураахгүй болчихсон явж байсан байхгүй юу. Адууны угшил худал хэлэх ямар шаардлага байна вэ? Үүнд нь л би залуучуудад жаахан гутардаг юм. 
-Адууны угшил худал хэлэх хамгийн том нүгэлд тооцогддог гэж ахмад уяачид хэлдэг юм билээ?

-Уг нь хуучны буурлуудын тийм үгтэй л юмсан. Үнэн юм үнэнээрээ байсан нь дээр. Нас ахихаар аавын минь нэр, адууны минь угшил яригдах нь уу гээд хараад байдаг болчихдог юм байна. 
-Энэ сумын баяр наадам болоход Рэнцэнгийн хүрэнгийн удмын хичнээн адуу мордож байх юм бэ?  

-Тэрийг бол мэдэхгүй юм аа. Ах нь тэгж худал хэлж үзээгүй. Иймэрхүү юмыг Батхолбоо мэдэж байж магадгүй. Холбоогийн ээжийнх нь ах Дондог гэж айхтар ойтой, морь маланд дуртай хүн байсан юм.  
-Одоо танд хүрэн азарганы хэд дэх үеийн төл байгаа вэ?
-Онгон бригадын нэг хүнээс зээрд азарга авч Ажнай хүрэнгийн дөрөв, таван охин төлийг хураалгаад сайн морьд гарсан. Аймгийн өмнөд бүсэд 17-гоор ордог хүрэн морь, тэрний өмнө хүрэн зээрд морь гээд хэд хэдэн сайхан морьд байлаа. Яг адуу хурдан байсан тэр үед нь би энд байж, уяж сойж чадаагүй. 2008 оны шуурганаар манай дүү алдаж эндүүлсэн юм билээ. Одоо надад Мойног хүрэн азарганы маань төл хоёр хавчиг азарга байгаа. Сая уядаг хүрэн хязаалан байна. Бас хадамдаа өгсөн наймтай сартай өсгий цагаан хээр азарга бий. Тэр сунгалтанд гайгүй байгаад сумын наадамд зарлуулж байгаад суучихна лээ. Төвийн хүн болохоор хоол нь ихдэж, шороо идсэнийг мэдээгүй байна билээ.  


-Таны уяж байсан морьдоос олон удаа амжилт үзүүлж сайн давхисан, нэр усыг тань гаргасан ямар адуу байна вэ?
-Аавын хүрэн азарганы төл Ажнай хүрэнгийн төл хүрэн азаргаа би гурав түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлсэн. Намайг олон түмэнтэй танилцуулж, морины энэ салбарт миний нэрийг гаргасан адуу байгаа юм. 1999 оны өвөл Шарав гуай аймгийн Алдарт уяач цолоо мялааж морь уралдуулахад очиж хол түрүүлгэж байлаа. Тэр өвлийн уралдаанд уяж очоод орой нь тарлаагүй юм. Тэгтэл Адуу нийгэмлэгийн дарга Адъяа надаас “Яагаад хүрэн азаргаа тарласангүй вэ” гэж асууж байна. “Аав минь надад хэлсэн юм аа. Айраг яаж исдэг вэ тэрэн шиг морь хурдан байвал онгирч яв гэж захисан. Дүү нь өнөөдөр хүрэн азаргаа гүйдэл нь ирсэн, уяа нь ханасан л гэж бодож байгаа ш дээ. Маргааш Бөөрийн төв Бурантагийг тас хөтлүүлнэ ээ. Залгадаг адуу байвал та залгуулчихаарай” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь маргааш нь миний хүрэн азарга хол түрүүлж, араас нь Адъяа даргын хоёр азарга дараагаараа орж байсан. Ер нь тэгээд сайн адуу гэдэг өөрөө өөрийгөө ирлэдэг юм байна лээ. Мэдээж хүний хөдөлмөр оролгүй яах вэ. Гэхдээ тасархай төрсөн хурдан буян гэдэг бол онгойлт нээлтийг нь зөв зохицуулчихвал өөрөө уяа сойлго, идэш уушаа зохицуулж чаддаг юм. Байгаа байдал нь адгуус боловч, хэлэхгүй ч гэсэн уяачдаа юм зааж өгч байгаа юм шүү  дээ.  
-Та сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүүтэй вэ?

-Сумын наадмын 10 гаруй айраг, түрүү бий. Үүнээс хоёр нь түрүүг нь хүрэн азарга маань авчирсан.  Хүрэн азарга 1999 оны өвөл Шарав гуайн Алдарт уяачийг тэмдэглэх наадамд түрүүлээд, “Жавхлант шарга”, Жигжиджав сайдын уралдаанд хол түрүүлсэн. 2003 онд бас өвлийн уралдаанд түрүүлсэн. Дорнодын 60 жил, бүсийн уралдаанд түрүүлж яваад хүмүүсийн доор ирж суугаад зургаалсан юм. 
Манай адууны онцлог бол нэлээд тамиртай хурдалдаг. Сүүлийн үед байгальд амин дэмтэй ургамал хомсодсон юм уу, мал тарга тэвээрэг авах нь сэтгэлд хүрэхгүй л болчихлоо. Энэ байдал уяанд бас нөлөөлж байна.  
-Адуугаа тэжээхгүй байна уу?

-Тэжээхгүй тэжээхгүй. Саяхнаас л жаахан юм өгч эхэлж байгаа. Би ер нь тэжээл, эрлийз адууг сайшаадаггүй хүн. Одоо болтол адуундаа эрлийз адуу оруулж үзээгүй л байна.  
-Яалт ч үгүй цаг үе нь тэжээдэг, цус орсон адуу хурдалдаг болчихоод байна. Магадгүй танай хүүхдүүд энэ тал дээр амжилт олох байх л даа?
-Ах нь гурван хүү, нэг охинтой.  Том хүү л одоо уях байх. Дараагийн хүү бол сургууль соёлд сураад гадаад гарсан. Дараагийн хоёр нь оюутан. 
-Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе?

-1998 онд аавыгаа хэвтэрт байхад сумын наадамд зургаан насны морь хоёр, хоёроор нь давхар уячихсан байлаа. Морьдыг чинь харъя гэхээр нь аавыг хувцаслаж гаргаад амбаарын өмнө суулгаад үзүүллээ. “За миний хүү морь чинь хурдан байна” гэхээр нь “Аав аа, миний хүрэн азарга ч их хурдан байгаа” гэлээ. Тэгээд намайг түшиж явж морьдоо тойроход нөгөө хусуур сойз хүргүүлдэггүй, хүн дөхүүлдэггүй даага, шүдлэнгүүд хөдлөх ч үгүй байсныг би одоо болтол гайхдаг. Тойрчихоод аав “Миний хүү биеэ зовоож хэрэггүй. Бага адуунуудынхаа хазаарыг мултлаад тавьчих. Азаргаа нэгэнт уясан юм чинь уралдуулна биз, 30 хэдээс хойш харж бай. Харин хүрэн морийг сумынхаа талбайг нэг бүтэн, нэг хагас тойруулаад бариан дээр очиход цээжний сувдан хөлс асгаад, хөх мах нь чичрээд зогсох байх.  Тэгэхэд нь миний хүү юм бол нэг юм хэлээрэй” гэсэн. “Юу гэж хэлэх вэ, аав аа” гэсэн чинь “Миний хүрэн морины сүүлэнд уячих адуу байна уу, сүүдэртэйгээ урд нь нэхээд гаргая гэж хэл” гэж байгаа юм. Бас л аймаар гашуун үг хэлж байгаа юм шүү.  
-Тэгээд аавын тань хэлсэн ёсчилон биелсэн үү?

-Аавынхаа хэлснээр бага адуунуудаа тавиад, азарга, морь хоёроо хөтлөөд сумынхаа наадамд очсон. Миний азарга 33 бил үү, 35-аар орж, хүрэн морь сураггүй түрүүлж байсан. Уясан морио яаж давхихыг мэдэж хэлж чадна гэдэг уяач хүний бас нэг эрдэм юм билээ. Тэгэхэд ааваараа үнэхээр их бахархаж билээ.  
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Алтан овооны тахилга наадамдаа одтой сайхан наадаарай. 
-Та бүхэнд бас баярлалаа. Нутгийн маань цуутай хурдан хүлгүүд, сайхан буурлуудын түүхийг сэргээж үр хүүхдүүдээс нь ярилцлага авч байгаад баярлалаа. 

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.70.72

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply
  • 66.181.181.242

    Миний өвөө үнэхээр мундаг уяач байсан Хурдан хүрэнгүүдийг унаж өссөн би азтай

    Reply