Аймгийн Алдарт уяач Х.Нэхийт: Аймгийн бүсийн уралдаанд зургаан насны морь түрүүлгэснээрээ бахархдаг

Сэтгүүлч
2021 оны 6-р сарын 04 -нд

Ерөөлөөр учирсан хүлэг эзэн хоёрын хийморь асч түмнээ цэнгүүлдэг. Өөрөөр хэлбэл биенээ олсны баярын оч сацарч буй нь тэр. Сайхан хүлгийнхээ тухай сэтгэл догдлон ярих энэ эрхмийг Хургаагийн Нэхийт гэдэг. Мориныхон хурдан хонгорын эзэн гэдгээр нь эчнээ танина. Тэрээр 1971 оны өвөл айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Түүний морьтны соёлд оруулсан хувь нэмрийг үнэлж ММСУХ Эрдэнийн Очир, Уяачийн Алдар одонгоороо тус тус шагнасан байна. 

-Өмнөговь аймгийн Ханбогд сумаас төрийн зарлигт наадамд морь айрагдуулсан хуруу цөөхөн уяачдын нэг нь та. Уяачийн эрдэмд шамдсан нь хэзээнээс вэ?

-Ханбогд суманд төрийн зарлигт наадамд морь айрагдуулсан хүмүүс цөөнгүй бий. Ер нь сүүлийн жилүүдэд манай сумын уяачид улс, бүсийн уралдаануудад амжилттай оролцож байгаа. Өнгөрсөн жил гэхэд азарга айрагдууллаа.

-Саяхныг хүртэл Нэхийт, Амарбаясгалан гэсэн нэрс л Ханбогд сумыг төлөөлдөг байсан шүү дээ.

-Тиймээ, өнгөрсөн жил гурван уяач нэмэгдсэн. Би  бол тэмээчин айлын хүүхэд. Айлын том хүү. Аав минь нэг номхон морь авч өгөөд багаасаа морь малтай ойр өсгөсөн. Тэгээд 2005 оноос хурдан морь сонирхон уяхаар шийдээд аймгийн Алдарт уяач Энхсайхан ахыг зорин очиж уулзаж байлаа. Би Цогтцэций суманд дунд сургууль төгссөн учраас эчнээ танина л даа. Гэхдээ уяаны эрдмийн багшаа болгоё хэмээн зорьж очиж санал тавьж байсан юм. Анхнаасаа сайн уяач сонгон хамтарсан учраас өнөөдрийн хэмжээний амжилт гаргасан гэж боддог. Энхсайхан ах бол удам дамжсан уяач.

-Шавийн эрэм багшаас гэдэг. Анхны айргаа хэдэн онд амссан бэ?

-2006 онд сумынхаа наадамд даага түрүүлгэж, 2007 онд Энхсайхан ахаас авсан их насны морио аймагт айрагдуулж байлаа. Үүнээ гадна 2006 онд Таван толгойн уурхайн 40 жилийн ойд нэг үрээ айрагдсан. Тухайн үед би ажилтай очиж амжаагүй. Тэгээд “би очиж чадахаа болилоо та өөрийнхөө нэр дээр уралдуулчих” гэсэн юм. Тэр наадамд Өмнөговиос цөөхөн морь айрагдсаны нэг нь миний үрээ байсан.


-Авмал адуу юу?

-Энхсайхан ахын маань унаган үрээ. 2009 онд аймагт бас нэг үрээ айрагдсан. Тэр жил зуд болоод бид Дорноговь руу нүүж, 2010 онд буцаж ирсэн юм. Зун олон морь бариагүй ээ, оройхон ганц нэг морь барьсан.

-Хурдан морь сонирхогчид Нэхийт гэдэг хүнийг хонгор азаргаар нь эчнээ танина. Түмэнд таниулсан хурдан хүлгийнхээ талаар хуучлаач.

-Бүсийн уралдаанд айрагдсан хонгор азарга маань Дундговийн Өндөршилийн унаган адуу. Хурдан морь эзнээ эрж явдаг гэдэгчлэн надад ирэх гэж ирсэн буян байгаа юм. Миний нэг үрээг хүн шохоорхоод байхаар нь ах өгчихөж. Тэгээд надад “хүн гуйгаад байхаар нь өгчихлөө, би нэг эмнэг үрээ Өндөршилээс авсан. Чи тэрийг аваарай” гэсэн юм. Хойтон жил соёолон азарга сургаад тэр зунаа ганц нэг овооны наадамд уясан түрүүлсэн. 2010 онд долоон настай азарга ойр зуурт уяад олигтой давхиагүй. Тэгсэн ах “хонгор үрээгээ хүн амьтан асуувал зарчихгүй юу” гэсэн юм. Миний хувьд Өндөршилээс ирсэн учир зараад хэрэггүй гэсэн бодолтой байсан тул тэр яриа тэгсгээд өндөрлөсөн.

2011 онд манай аймгийн 80 жилийн ой, Говь шанхын хурд уралдаантай байсан тул 2010 оны өвөл хонгор азаргаа тэжээлд орууллаа. Шинэ найман настай азарга уяа засал нь ч сайхан таарч. Ингээд хавар аймгийн бүсийн уралдаанд мордуулсан түрүүлчихдэг юм. Тэр уяагаа хадгалаад  аймгийнхаа 80 жилд түрүүлээд, долоо хоногийн дараа болсон “Говь шанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, би анхны аймаг, улсын бүсийн түрүү, айраг авсан түүхтэй.

-2011 он аз өмийн жил байжээ.

-Тийм шүү.Тэр жилйинхээ амжилтаар бид хоёул аймгийн Алдарт уяачид болж, хонгор азарга маань аймгийн шилдэг азарга, уяач маань шилдэг уяачаар шалгарч байсан юм.

-2011 он бол та хоёрын хувьд төдийгүй Ханбогдчуудын хувьд нутаг орноосоо гарч уралдаж болох юм байна гэдэг урам зориг авсан жил байсан байх.

-Тэгэлгүй яах вэ, улсын бүсийн уралдаанаас түрүү, айраг хүртэнэ гэдэг хэн бүхний хүсээд хүрдэг зүйл биш. Гэвч боломжгүй гэсэн үг биш гэдгийг нутаг усныхан маань ойлгож, урам зориг авсан байх.


-Хонгор азарганыхаа удам угшлыг лавшруулж судлаа юу?

-Эзнийг нь  танина л даа, Дашжамц гээд залуу байдаг юм. 2006, 2007 оны үед  тэдний нутгаар өвс ногоо муудаад Цогтцэций рүү ирсэн. Нутаг ус ойр улс танилцана шүү дээ. Тэгээд тэднийг нутаг буцахаас өмнө наймаа хийж хонгор үрээг авсан нь тэр. Хонгор азарганы маань эцэг эх нь тэдний яг унаган адуу. Би олон жил хонгор азаргаа уяж чадаагүй. Ганц жил давхиад эндчихсэн юм. Тиймээс Дашжамцаас хонгор азаргатай удам нэгтэй адуу авъя гэсэн “ за яах вэ, гойд мундаг энэ байна гээд өгчихөөр юм надад байхгүй л байна” гэснээ сүүлд нэг үрээ бэлэглэсэн. Тэр нь одоо долоон настай азарга байна. Ер нь бол хонгор азарга Гүр угшлын адуу .

-Хонгор азарганы үр төлүүд хэр хурдалсан бэ?

-Хоёр л эр төл авсан. Хоёулангаар нь азарга тавьсан, уралдаж үзээгүй ээ.

-Аймгийн наадамд хонгор азаргаа түрүүлнэ гэсэн таамаг байв уу?

-Бараг битүү шахуу азарга. Хавар аймгийн бүсэд түрүүлсэн, дээр нь уяа сойлго нь аятайхан байсан учраас горьдож л байсан. Гэхдээ айрагдна гэсэн итгэл байгаагүй ээ.

-80 жилийн ойн уралдааныг дагаж үзсэн үү?

-Тэгсэн. Дундуур гараад, яваандаа зай нь холдсоор  холдсоор түрүүлсэн дээ. Ер нь морь дагахад их бага наадамд гэхгүй л догдолно шүү. /инээв/

-Ханбогд сумаас аймгийн наадамд азарга түрүүлгэсэн хүн өөр бий юу?

-Дээхнэ үеийн уяачдыг сайн мэдэхгүй юм. Миний мэдэхээр бол байхгүй. Би чинь аймгийн бүсийн уралдаанд зургаан насны морь түрүүлгэсэн хүн шүү дээ. Үүгээрээ бахархдаг.

-Бахархахаас яахав. Олон давтагдах амжилт биш. “Говь шанхын хурд-4” уралдааны азарга мордох өглөө та юу бодож байсан бэ?

-Аймгийн ойд түрүүлсэн учраас горьдлого байсан.

-Дараа нь ахиж уралдсан уу?

-Үгүй, хавар уралдаж түрүүлээд, зун нь хоёр уралдаад тэр жил ахиж уралдаагүй.

-Хонгор азаргыг хэзээ хулгайд алдсан юм бэ?

-Тэр өвөл тэжээлд оруулахаас өмнө алдсан. Цаснаар олон адуу уруудаад тэгээд л олдоогүй . Сураг тавьж байгаад Дундговийн Өлзийт рүү аваачаад үгүй хийсэн байсныг сүүлд олж мэдээд авсан хүнд нь хариуцлага тооцуулсан. 

-Нэг жил их хурдан байсан учраас олны хэл ам гэж айхтар юм даа гэж танд бодогдов уу?

-Тэгэлгүй яах вэ, бас улсын наадамд орох чансаа байвал байх л байсан.


-Хонгор азарганы тухайд тийм ч гэсэн та бусад зүйл дээр бол аз өмтэй байсан шүү дээ, тухайлбал морь сонирхож эхлээд л дараа жилээс нь айраг, түрүү хүртээд эхэлсэн.  Ер нь Энхсайхан ахаас хэдэн адуу авсан юм бэ?

-Хар даага, хүрэн азарга, хар үрээ, Бэрс хээр морь. Бүгд л сайн давхисан. Хар даага 2012 онд Ханбогд сумын наадамд түрүүлж, хүрэн азарга маань бага наадмуудад хэд хэд айрагдсан. Баясгалангийн /Нэргүйн Амарбаясгалан уяачийг хэлэв бололтой/ хүрэн морьтой нэг цустай адуу. Одоо хөгшин азарга бий.

-Энхсайхан Алдарт олон газраас хурд цуглуулсан уу?

-Аав нь алаг морьт Намхай гэж 1925 онд аймгийн 25 жилийн ойгоор алаг морио түрүүлгэж байсан. Эхнэрийнх нь тал болохоор Манлайн Лувсан-Иш гээд хурдан адуутай айл. Тэгэхээр хоёр талаас хурдтай айл л даа.

-Таны хар даага суманд түрүүлсэнээс хойш яаж давхисан бэ?

-Аймгийн хоёр бүсийн уралдаанд түрүүлсэн. 2012 онд улсын наадамд очоод эхний дөрөв таван морьтой явж байгаад 13-т орсон. Улсын наадмын дараа Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд очсон. Их борооны улмаас машин тэрэг суугаад хоёрхон хоногийн өмнө очсон. Сүхбаатар чинь их шумуултай газар байна лээ. Даагыг маань энд тэндгүй хазаад... Хоёр хоног амарсан болоод уралдсан. 300 гаруй даага мордоход өнгөний хэдтэй гарч ирээд.. Унаач хүүхэд маань тогтоол ус тойрч чадахгүй... Тэгсээр 13-д орсон. Даагандаа долоо уралдаад хөл нь жаахан эвгүйтчихсэн юм. Тэгээд соёолон хүртлээ өнжөөд, тэр жилээ нэг уралдаад  ахиж уралдаагүй. Сүүлд бас хулгайд алдчихсан.

-Бэрс хээрийнхээ талаар жаахан дэлгэрүүлээч.

-Аймгийн бүсийн уралдаанд хоёр айрагдаж, сум орон нутгийн бага сага наадмуудад олон түрүүлж, айрагдсан.

-Өөр таныг урам зоригоор тэтгэсэн ямар хурдан хүлгүүд байв.

-2011 оны наадмын дараа Энхсайхан ахаас гурван унагатай гүү авсан. Манай том хүү би заана  гээд. Тэгээд хүүгийнхээ заасан гурван унагатай гүүг авсан. Түүний нэг нь миний зэгэл азарга. Эхийгээ дагаж ирсэн унага. 2013 онд Өмнөговийн бүсэд сайн уралдсан. 2012 онд улсад аваачсан, 17 хавьцаа зарлагдаж байгаад  сууна лээ. Бороотой, өвс нойтон байсан сайн идэхгүй байсан юм. Тэр нөлөөлсөн байх.

-“Говь шанхын хурд-6” уралдаанд айрагддаг чинь...

-Хээр шүдлэн аман хүзүүнд хурдалсан. Манай уяаны морьд сайн давхисан.Ер нь манай уяач “Говь шанхын хурд” уралдаанаас айраг алддаггүй шүү.

-Шавийн эрдэм багшаас гэдэг. Их зүйл сурч байна уу?

-За тэгж худлаа яриад яах вэ, ажил төрөл гээд л нэг их хажууд нь байж чаддаггүй юм.

-Хамгийн тод дурсамж үлдээсэн наадам гэвэл...

-Мэдээж хонгор азарга маань хурдан байсан 2011 оны наадмуудыг  хэлнэ. Миний төдийгүй манай нутгийнхны бахархалт хүлэг тул дуу хийлгэж, мөнхлөх бодолтой явдаг.

-Шинэ цагийн монгол адууны талаарх бодлоо хуваалцаач.

-Том наадамд сайн уралдъя гэвэл шинэ цагийн монгол адуутай байх хэрэгтэй болж. Тиймээс сүүлийн үед шинэ цагийн адуутай болж байгаа. Эрлийз монгол гэх маргаан цэгцэрвэл уралдана даа.

-Морь уядаг болгон тийн хүсэн хүлээж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт тань амжилт хүсье.

-За баярлалаа, энэ завшааныг ашиглаад аймгийн Алдарт уяач Энхсайхан ахдаа баярлаж явдгаа илэрхийлье. 

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.