Сумын Алдарт уяач Д.БАТ-ЭРДЭНЭ: Их монгол улс байгуулагдсаны 800 жилд оролцсон нь уяач миний хамгийн сайхан наадам
Асгатын хийморилог уяачийн “буухиаг” сумын Алдарт уяач Д.Бат-Эрдэнэ үргэлжлүүлж байна. Өөрийнх нь ярьснаар “Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг гэдэг дээ. Би чинь одоо тугалчин болсон” гэсээр мар мар инээх Алдарт хурдан хүлгийн дэл сүүл шуугаад 20 орчим жилийн нүүрийг үзэж буй аж. Энэ хугацаанд одтой наадаж ирсэн тэрээр малын эмч мэргэжилтэй нэгэн. Залуу цагтаа Дорнодын техникумыг төгсөж, малын бага эмч, Бактер шинжилгээний лабораторид шинжлэгч бага эмч, Халзан сумын нэгдлийн орлогчоор ажиллаж явсан бол өдгөө удам залгах уяач хүүгийнхээ зөвлөгч багш болсон гэнэ. Ингээд оршлоо хойш тавьж түүнтэй ярилцсанаа хуваалцаж байна.
-Уяа эвлүүлсэн он жилүүдэд урам хайрласан хурдан хурц хүлгэдийнхээ амжилтаас ярилцъя. Хурдан хонгороосоо эхлэх үү?
-Тэгье тэгье. Миний хонгор азарга чинь эх талаасаа Махбуриадын улааны угшилтай улаан гүүнээс гарсан. Тодруулбал, Махбуриадын улааны төл болох улаан азарга манай сумын Онгоо Ганбаатарт байгаад түүнээс гарсан нь улаан бор ч сүүлдээ цагаан болчихсон гүү байгаа юм. Эцэг нь болох Ганбаатарын улаан нь шүдлэндээ суманд аман хүзүүдэж, хязаалан дөрөвлөөд ахиж уягдаагүй. Энэ улаан азарганы төлүүдээс Далхаасүрэнгийн хүрэн азарга, түүний төлүүд хурдан байна. Бас Батын Лхамсүрэнгийн харыг хэлнэ. Товчхондоо манай суманд Батын Лхамсүрэнгийн хар, Махбуриадын улаан, Рэнцэнгийн хүрэнгийн цус орсон адуунууд давхиад байна. Харин эцэг талдаа болохоор аймгийн Алдарт уяач, Бадиагийн Бадиа хонгорын удамтай. Бандиа бол Дундговийн хүн байх шүү. Түүний ах Баасанжав гэж нефть хангамжинд олон жил болсон манай нутгийн хүргэн хөгшин байдаг. Одоо энэ Бадиа Өлзийт хороололд амьдардаг юм. Өөрөөр хэлбэл, Онгуу Манлайн адуу чинь Бадиа адуунууд байгаа юм. Хонгор азарга Сүхбаатар сумын, аймгийн арслан Зоригтбаатарын аав Бүрнээ гэдэг хүнд байгаад би 1997 онд отроор явахдаа азарга тавина гэж хонгор шүдлэн авч байлаа.
-Азарга тавина гээд уяагүй юм аа даа?
-Тийм ээ, уяагүй. Нэг л удаа хязааланд нь Бөөрийн төв гэдэгт Алтан овоонд түрүүлдэг Буд гишүүний Тахилт хартай сунгахад их хурдан байсан ч хүч нь дуусчихсан. Тэгээд л уралдуулаагүй юм. Харин төлүүд нь сайн давхисан. Тухайлбал, Махбуриадын улаан гүүнээс гардаг чинь анхны төл нь байна.
-Хонгор азарганы дааган цагаасаа гаргасан амжилтаас ярьж өгөөч?
-Даагандаа жижигхээн биетэй амьтан байж билээ. Тэр жилдээ уяагүй ээ сургаад л тавьчихсан. Харин 2008 оны хавар манай энд чинь айхтар шуурга болдог юм. Адуутай хүн хүртэл алга болсон харамсалтай хэрэг гарч байлаа. Тэгэхэд Түмэнгийн адуунууд манайхан руу ирээд, зарим нь хил дээр баригдаж, нөгөө нь давчихсан. Гуу жалганд дарагдаж үхсэн адуу ч олон байсан. Харин хонгор шүдлэн шуурганд яваад гүү хураагаад ирэх нь тэр. Шүдлэн үрээ шүү дээ. Ингээд л би азарга тавьчихсан.
-Тэр жил шүдлэндээ сумандаа түрүүлсэн гэсэн үү. 2008 он гэхээр Алтан овооны тахилгатай жил, тийм ээ?
-Тийм ээ, сумандаа түрүүлсэн. Давхар уяагаар Алтан овооны тахилгад мордуулаад 15-д ирсэн. Хөөрхий, жаахан тамирдуу байсан юм аа. Дараа жил нь хязаалан жижиг наадмуудад олон орсон. Сүхбаатар суманд Дэлгэр овоо буюу морины овооны наадамд Онгуу Манлайн хонгор түрүүлж, минийх аман хүзүүдсэн. Онгон сумын наадмаар хязаалан тавласан. Түүний дараа суманд болсон нэг уралдаанд гуравласан. Харин соёолон уяагүй. Азаргатай ноцолдоод хамар, амаа уруулчихсан юм. Харин хавчиг азарга суманд аман хүзүүдсэн. Залгаад Хэнтий бүсэд очиж наадсан. Сумандаа Жүндэрийн улаан, Б.Цагаанхүүгийн Зөгий хээр гэж суманд олон түрүүлсэн азаргатай тус тус сунгахад түрүүлсэн болохоор найдаж байлаа. Гэтэл тэр жил азаргыг арай хол буюу 23км-ээс тавьдаг юм. Уг нь 16км газар явахад миний хонгор чинь эхний зургаад яваад, 19км болоход 10 руу ороод ирсэн. Тэгэнгүүт нь татчихсан. Тамир нь дуусч байхгүй юу, хөөрхий. Наймтай азарга хавар “Жавхлант шарга”-д уяад Зөгий хээр 15-аар, минийх 14-т давхисан. Тэрнээс хойш хөлгүй болсон. Гэхдээ нэг их хазгаргүй ээ, гүүгээ хураагаад л явж байна.
-Шөрмөсний гэмтэл үү?
-Шөрмөсний гэмтэл. Хүн харахад мэдэгдэхгүй л дээ. Харин надад уяхад жаахан тиймхэн санагдаад байдаг юм. Тэрнээс хөөрхий адуугаа гүйцэнэ л дээ. Гэхдээ зовоогоод яах вэ.
-Төлүүд нь яаж давхисан бэ?
-Ноднин нэг хонгор шүдлэн суманд 11-ээр орсон. Өөр ганц нэг төл байгаа ч уяж амжихгүй юм. Ингэхэд хонгор азарганы эцэг хонгор азарганы төлүүд сайн давхисан шүү. Тухайлбал, Завханы ИТХ-ын асан Отгонбаатарын Оонон хээр байна. Шүдлэндээ Хөвсгөлийн 80 жилээр Магнай халиун аман хүзүүдээд, Оонон хээр түрүүлж байлаа. Тэгээд Дүнжингаравт наймаар ороод хөлгүй болсон. Сумын хаврын нэг уралдаанд түрүүлгээд Отгонбаатар авч байсан юм. Өөр Оонон хээрээс гадна Дархан руу өсгий цагаан хонгор адуу гаргасан. Тэндээ олон түрүүлсэн гэнэ лээ.
-Хэнд өгсөн юм бол оо?
-Өнөө айхтар шуурганы жил шүү дээ. Хагас дутуу адуунуудаа олчихоод байсан хонгор адууг чинь авъя гээд ирсэн. Өгөөд л явуулсан. Тэр үедээ нэр усыг нь мэддэг л байлаа. Гэхдээ одоо санахгүй байх чинь ээ.
-Ингэхэд та хурдан морь уяад хэд дэх жилийнхээ нүүрийг үзэж байна вэ?
-Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг гэдэг дээ. Би чинь одоо тугалчин болсон байна. /сур. инээв/ Дорнодын техникумыг төгсөж ирээд, цэрэгт явж халагдаад, 1978 оноос эндээ малын бага эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 1986 оноос аймгийн Бактер шинжилгээний лабораторид шинжлэгч бага эмч, 1988 оноос Халзан сумын нэгдлийн орлогчоор ажиллаж явлаа. Харин морь уяж эхэлсэн нь 1991 он. Өөрөөр хэлбэл Асгатад ирээд л хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон. Анх чинь Лхамсүрэнгийн харын угшилтай хээр мориор уяаны ажлаа эхлүүлж, сумандаа шүдлэн гуравлуулан, хязаалан дөрвөөр давхиулсан. Энэ хээр бүдүүн морь болоод сумын наадамд нэг наймаар орж, ахиад уяагүй юм. Энд нэмэхэд, одоо ч бурхан болсон доо. Доржнамжим гэж ах маань Батын Лхамсүрэнгийн угшилтай адуутай байгаад тэрнээсээ шүдлэн үрээ надад өгсөн юм. Энэ хээрийнхээ дараа хонгор адуугаар наадсан. Хонгор азарга, аймгийн Алдарт уяач Балдангийн адууны хүрэн халзан гүүнээс гарсан хонгор даагыг уяад суманд аман хүзүүдүүлсэн. Тэгээд төрийн сангийн дарга байсан Даваасүрэнд зарчихсан. Сонсохнээ Сандуйжав Манлай уяа сойлгыг нь тааруулаад, бүсэд нэг, өөр наадмуудад хоёр, гурав орсон байна лээ. Гэхдээ аль бүсийг нь мэдэхгүй байна. Дараа нь 2006 онд Баяндэлгэрийн гэзэг Бааяа гэдгээс Махбуриадын адууны эхтэй гэсэн даага худалдаж авлаа. Тэр жил жаахан гандуу байсан ч даагаа уяж сумандаа түрүүлгэчихлээ. Овоо ч үнэтэй авсан юм. Гандуухан жил байгаад эх нь ч бас ядруухан, хөөрхий. Тэжээл гэж бараг мэдэхгүй байхад гүүний сүү өгч даагаа тэнхрүүлэн түрүүлгэсэн нь тэр. Улмаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилд аваад явлаа. Тэгээд 34-өөр ороод ирсэн уралдаанч хүү маань уйлаад л байх юм. “Юу болов” гэвэл цэцийн гишүүн Цогтоо “Чи яасан дүүрсэн хүн бэ. Хүүхэддээ таван цаас атгуулаад явуулахгүй” гэлээ. Би яаж мэдэх вэ. Тэгсэн цэрэг бариад үлдчихсэн байсан байгаа юм. Хэрвээ таван цаас өгсөн бол түрүүлээд тавьчихдаг байсан юм уу даа. Ингээд үлдээчихсэн байхад нь Улаан сайд очиж тавиулаад, 30 гаргаж ирсэн. Уг нь сумандаа түрүүлчихээр нь итгэл төгс улсыг зорьсоныг яана. Хотод очоод даагаа сунгах гэсэн хань олддоггүй ээ. Нөгөө улс чинь түрүүнд нь уралдаад сунгачихаж. Тэгээд суманд гурваар орсон манайхны Батсүх гэдгийн шүдлэнтэй сунгачихсан өнөөхөө холоо хаяад ирсэн. Би ямартаа ч 800 жилд айрагдах нь юу юм. 10-т ороод ирэх байх гэж бодож байсан л даа. Гэхдээ яах вэ. Одоо эргээд бодоход сайхан л санагддаг юм.
Улсын наадамд уясан морио мордуулах чинь их гоё юм билээ. Сүүлд нь энэ даагаа манай сумын Сүрэнээгээр дамжуулаад Говь-Алтай аймагт Дүүбаатар гэдэгт өгсөн. Түүнд очоод соёолон Ховдын даншигт тавласан.
-Одоо бол сумандаа л наадаж байна уу?
-Хаа нэг бүсэд явчихаад, бусдаар эндээ л нааддаг. Зарим нь уяа нь ханадаггүй бололтой. Уг нь сунгаанаар хурдан байх ч яг уралдахаараа санасанд хүрэхгүй юм. Би ч одоо уяаны ажил гардан хийхгүй байна. Хүү хийдэг. Залуу хүн болохоор алдаад байна уу. Минийхээр эдэлгээ л дутаад байх шиг. Манай хүү чинь жин ихтэй болохоор яаж эдлэх вэ. Хөнгөрүүлж чадахгүй байна. Одоо цагт өвлийн хөнгөрүүлэлт, уяа маллагаа хурдан морины хувьд их чухал зүйл шүү дээ.
-Танайханд өөр уяач байна уу?
-Олон хүн байхгүй ээ. Би чинь эцэг эхээс 12-уулаа. Эндээс төрсөн ах Доржнамжим маань морь уядаг байсан ч бурхан болсон. Харин дүү нараас аймгийн Алдарт уяач Нямцогт гэж бий. Бас миний хүү сумын Алдарт уяач цолтой.
-Тэгвэл аав хүү хоёр энэ жил яаж наадав?
-Азаргаа уясан ч дундуур давхилаа. Тэр хажуу дахь уяатай хээр үрээ 15,16-аар ирсэн. /сур.уяа тийш заав/ Алтан овооны наадамд азаргатай явна даа. Гэхдээ уралдаанч хүүхэд олдохгүй юм. Одоо энэ дугуй унаад байгаа охин байна аа даа. Энэ охин унаж уралдаанд оролцдог юм. Адуу айхтар аа. Охин юм болохоор нь тэр үү элэг бариад хадуурчихаад байхыг яана. Тэгээд ч моринд ээлж гэж байдаг бололтой. Энэ удаад нэг л дургүйлхээд байх юм.
-Та ярианы эхэнд “Яаж ханаж хатгадагийг Асгатынхан мэднэ ээ” гэж цухасхан дурдаад өнгөрсөн дөө. Жаахан дэлгэрүүлэх үү?
-Энд Нямжав гэж хатгадаг хүн бий. Түүний аав Даарий гэж өвгөн надад энэ талаар их юм зааж, хэлж өгдөг байлаа. Би багш гэж хүндэтгэдэг. Номын дууг нь сонссон юм болохоор “гадарлана” л даа. Зүрхний ховдлоос артер, венийн хоёр судас явж байхад нэгийг нь доороос нь, нөгөөг эргээд дээрээс нь хатгаад байвал нэг судас хатгаж байна гэсэн үг. Даарий гуай бол хар ухаанаар өрөөлдөж хатгана шүү гээд байдаг. Эмнэлгийн хэлээр бол нэг хатгахдаа артер, ахиж хатгахдаа венийн судсыг нь хатга гэж хэлэх гээд байхгүй юу. Нөгөө талаас удам судраа хөөвөл манайханд сайн хатгаач байсан. Тодруулбал, ээжийн маань аав маажиг Өнөгөө гэж байсан юм билээ. Тэгж байтал морио хатгуулсан нь зүгээр болчихлоо гэсээр ам дамжсаар олны хөл тасрахгүй болсон. Гэхдээ хөгшин бид хоёр намар дунд сургуулийн хичээл орохоор хүүхдийнхээ хоёрыг аваад аймаг барааддаг юм. Тэгээд хавар, намартаа “Ах энэ морийг үзээдэхээч” гээд зориод ирдэг л юм. Уг нь ч манай сум чинь олон сайн хатгаачтай. Даарий гуайн дүү Аюуш гуай гэж байлаа. Одоо Улаанаагийн аав Дугарсүрэн, Ооёо, Бат-Эрдэнэ, Нямжав нарын улс бий.
-Ажиглаж байхад юунаас үүдээд оёг суугаад байна вэ?
-Ихэнх нь буруу уяанаас суудаг. Тарган адууг алсаас ажил хийхгүй тулгаж хийгээд, урд хөлний сөхрөлт байхгүй болсноос хойд хөлийн шөрмөс суудаг л байхгүй юу.
-Талархлаа илэрхийлэх хүн олон байдаг болов уу?
-Олон бий. Би 1990 онд анх морь хатгасан хүн. Халзан сумын Жамсран гэж онжав маань “Миний хонгор азарга хойд тал руугаа доголоод аймагт долоо наймаас дээш гардаггүй. Чамаар л хатгуулбал аймагт орчихмоор санагдаад байх юм. Чи номын дууг нь сонссон хүн байна даа” гээд ирлээ. Тэгэхэд би нэгдлийн орлогч хийж байлаа. Хүн зориод ирж байхад яаж буцаах билээ. Тэгээд хатгалаа. Улмаар тэр зунаа аймагт тавлачихдаг юм. Түүнээс хойш л шуугичихсан. /сур. инээв/ Дараа нь Ууганаагийн аав Энэбиш гуайн халиун морь хөлгүй боллоо. Үзвэл шөрмөсөө бол зохиогүй ч хавантай байна. Би хуян хөхийг нь самнаж, дээр нь мэддэгээ хийгээд зун нь Халзан суманд түрүүлсэн. Түүнээс хойш хоёр, гурав ч түрүүллээ. Хамгийн сүүлд л гэхэд Баяндэлгэрийн Рэнцэнгийн Мягмарын Тожин азаргыг ярьж болох юм. Өнгөрсөн жил бүсийн уралдаанд гурваар орохоос нь өмнө хавар “Туж азарга хөлгүй болчихлоо, ирж хатгаач” гэж аймгийн Алдарт уяач хамар Ганбаяр гэж хүнийг явуулсан байсан. Тэгээд би Баяндэлгэрт очиж үзээд, хатгаж өгсөн. Дараа нь 2017 онд аймгийн бүсэд гуравлаж, энэ жилийн Дүнжингаравын түрүүг хүртсэн дээ. Бас Магнай халиуныг ноднин улсад түрүүлдэг жилийн хавар нь “Танаар л хатгуулъя” гээд эзэн нь болох Мөнх-Эрдэнэ гэж залуу ирсэн. Намайг аваачиж хатгуулаад, тэр зунаа улсын наадамд түрүүллээ. Гэхдээ ингээд би өөрийгөө яриад байх нь дэмий юм биш үү дээ. Ер нь бусдаас асуусан нь дээр байх аа.
-Хүү нь бас хатгах уу?
-Хатгаж байна аа. Өчигдөр суман дээр явж байсан “Хүү чинь ирсэн үү. Морь хойд хөл доголоод болдоггүй” гэж байна лээ.
Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна